info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-05-29

Дугаар 61

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 болгох тухай

            Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

 

Тус хуралдаанаар “Д” ХХК-ийн өргөдлөөр, Г дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Од холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2024/0057 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:

“ ... Нэг. Шүүгч 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд  гуравдагч этгээд нарт хууль зүйн зөвлөгөө өгч, давуу байдал бий болгосон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Тус хэргийг хэлэлцсэн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Т, хариуцагч “А Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд гуравдагч этгээд, гуравдагч этгээд М.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч “Х Н” ХХК болон гуравдагч этгээд Т.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч “А Х” ХХК-ийн өмгөөлөгч Ч.А нар оролцож, нэхэмжлэгч талын гаргасан шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлтийг хангаж, хариуцагч талын гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, гуравдагч этгээд Т.О, Д.Г нарын бие даасан шаардлагыг хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг гардуулах, түүнд тайлбар өгөх зэрэг ажиллагааг явуулахаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Дээрх шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргаж, даргалагчаас бие даасан шаардлагын үр дагаврыг хэрхэн тодорхойлж буй талаар тодруулж, шаардлагадаа нэмж бичихийг сануулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н бичгээр гаргасан хүсэлтдээ нэмж “Улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаартай хөрөнгийг нэхэмжлэгч “Д” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэж бичсэн болох нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын бичгээр гаргасан хүсэлт, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Тодруулбал, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн “20240123-094702516.mp4” нэртэй бичлэгийн 0:05:46-0:05:52 минутад, Даргалагчаас: Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулаад үр дагавар нь юу вэ, барьцаа хөрөнгөөс чөлөөлөх юм уу гэхэд

0:05:52-0:06:01 минутад, Гуравдагч этгээд Т.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н: Тийн барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх, зөв, зөв. Үр дагавар нь тийм. Хамгийн гол нь 2 үндэслэл дурдаад байгаа. Шаардлагынхаа хүрээнд гэж хариулсан байна.

0:24:00-0:24:24 минутад, Даргалагчаас: “Наад бие даасан шаардлага дээр үр дагавар бичсэн зүйл алга, хоёулаа, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулаад яахын гол нь, ялгаа байхгүй таных ч гэсэн тийм байна, наад бүх бие даасан шаардлагаа гараараа бич, үр дагаврыг нь, ер нь юу хүсээд байгаа юм” гэхэд,

0:24:25-0:29:26 минутад, гуравдагч этгээд Т.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н цаасан дээр юм бичиж байгаа нь харагдаж байх бөгөөд 0:29:27-0:29:37 минутад, цаасыг нарийн бичгийн даргад буцаан өгч, нарийн бичгийн дарга даргалагчид өгч байгаа нь бичигджээ.

Энэ талаар шүүгч О.О тайлбартаа “...Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаас гарах үр дагаврыг шийдвэрлэх учиртай, гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн “үндэслэлээ” нэхэмжлэлийн “шаардлага” гэж тодорхойлсон байсан тул дээр дурдсан 02 тоот зөвлөмжид зааснаар шүүх “тодорхой болгох арга хэмжээ”-г авсан. Нөгөө талаас “процесс хэмнэлттэй байх зарчим”-ын үүднээс тэр даруйд нь тодруулж өгөхийг шаардсан. Энэ нь нэг талд үйлчилсэн, зөвлөгөө өгсөн, эсхүл бусдад давуу байдал олгосон үйлдэл огт биш.” гэж тайлбарласан байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар зөвлөмжид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүх нь дараах ажиллагааг уялдаа холбоотой, харилцан шүтэлцэлтэй, шат дараалан явуулснаар эрх зүйн маргааныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар хянан шийдвэрлэх үндсэн нөхцөл бүрдэхийг анхаарах шаардлагатай. Үүнд: 1. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл ойлгомжтой томьёологдсон эсэхийг тогтоох, эсхүл тодорхой болгох арга хэмжээ авна, 2. Нэхэмжлэлд тусгагдсан үндэслэл, түүний үндсэн дээр гаргасан шаардлагын талаар маргаан байгаа эсэхийг тогтооно, 3.Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тогтоож, маргаантай хэсгийг нь илрүүлнэ, 4.Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон эсэхийг шалгана, 5.Иргэний хэргийн маргааны зүйлийг тодорхойлж, талуудын мэтгэлцээнийг чиглүүлнэ, 6.Хэргийн талаарх талуудын байр суурийг тодорхой болгоно, 7.Маргаантай харилцааг зохицуулж буй хуулийг, хуулийн зүйл, заалтыг оновчтой сонгоно, 8.Сонгосон хуулийн зохицуулалтыг эрх зүйн тухайн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэнэ гэж, 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолд  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах чиг үүрэгтэй. Гагцхүү диспозитив зарчим шүүхийн энэ чиг үүргийг хязгаарлаж байдаг. Шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулахад Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалтыг хэрэглэдэг бөгөөд уг зохицуулалтыг зарчмын хүрээнд зөв ойлгож нэг мөр хэрэглэх нь шүүхийн практикт ач холбогдолтой. Түүнчлэн энэ заалтыг нэг мөр тайлбарлаж хэрэглэх нь хэргийн оролцогчийн нотлох үүргээ хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангах, нөгөө талаар шүүхийн чиглүүлэх үүрэг, эрх хэмжээг тодорхой болгож, шүүхийн идэвхгүй байдлыг арилган хэргийн оролцогч, өмгөөлөгчийн зүгээс шүүгчийг үндэслэлгүй хардах явдлыг багасгана гэж тус тус тайлбарлажээ.

Ийнхүү шүүгч О.О нь шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргасантай нь холбогдуулан гарах үр дагаврыг тодруулж, энэ талаар хүсэлтдээ бичихийг сануулсан нь бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл болохгүй бөгөөд шүүгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг өөрчлүүлсэн, юу бичихийг зааж өгсөн, буруу бичсэн зүйлийг залруулж бичүүлсэн гэх өргөдөлд дурдсан үйлдэл гараагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгч шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагын үндэслэл, үр дагаврыг тодорхой болгох арга хэмжээ авсан нь сахилгын зөрчилд тооцогдохгүй. Энэ нь талуудын маргаантай зүйлийг тодруулах, холбогдох хуулийг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай холбоотой юм.

Хоёр. Шүүгч захирамжийн үндэслэлээ танилцуулахдаа хариуцагч талд хууль зүйн зөвлөгөө өгч, давуу байдал бий болгосон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

“А Х 01-23.mp3” нэртэй бичлэгийн 0:00:19-0:00:44 минутад, хариуцагчийн гаргасан 69.1.5-д заасан арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтийг хангахгүй орхилоо. 69 өөрөө нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байхыг шаардана. Танай учирсан хохирол мөнгө гаргуулах шаардлага байгаа тохиолдолд би 69.1.5 хөрөнгийг өг гэж хэлэх ямар ч боломжгүй. Удаа дараа хэлээд байгаа. Энэ шаардлагаа зөв тодорхойлоод ороод ирвэл өөр асуудал болно” гэж хэлсэн болох нь бичигдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.” гэж заасны дагуу шүүгч хариуцагчийн гаргасан мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах хүсэлтийг хангахгүй орхисон үндэслэлээ тайлбарласан нь хариуцагч талд хууль зүйн зөвлөгөө өгсөн, давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болохгүй.

Гурав. Шүүгч 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд “санхүүгийн түрээсийн зүйл нь танай өмчлөлд байгаа, заавал шүүхээс шийдвэр гарахыг хүлээхгүйгээр худалдан борлуулах эрх нь байгаа, ингэж удаан маргалдах юм бол сүүлд нь их хэмжээний хохирол үүснэ” гэж хэлж шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр сууриа илэрхийлсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 0:18:35-0:19:00 минутад, Даргалагчаас: Нэхэмжлэгч нараа хуулийн дагуу бид нар өмчлөгч учир эрхээ хэрэгжүүлээд авсан гэж байгаа бол шүүхээр маргаан шийдвэрлүүлэх ямар хэрэг байна вэ. Хариуцагч шүүх шийдээгүй байхад буцаагаад түрээсийн зүйлээ авсан гэж маргаж байна. Манайх буцаан авах эрхтэй тэр эрхийн дагуу авч байна гэж тайлбарлаж байгаа гэхэд

0:19:01-0:19:37 минутад, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э: Шүүгчийн ингэж асуух зөв. Санхүүгийн түрээсийн харилцаа өөрөө онцлогтой. Манай Д ХХК нь Хөгжлийн банкны охин компани буюу санхүүгийн байгууллага. Хэрэгжүүлж байгаа төсөл дээр ямар байдлаар оролцсон гэхээр тухайн техникийн санхүүгийн түрээсийн гэрээний харилцаагаар худалдаж аваад хамтраад нэг ёсондоо худалдах, худалдан авах гэрээ гурван талтай байгуулагдсан гэхэд

0:19:37-0:19:59 минутад, Даргалагчаас: Тэрийг ойлгож байгаа. Өмчлөл нь танай дээр байгааг ойлгож байгаа. Шүүх шийдээгүй байхад үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа хөрөнгийг нь хурааж авчхаад хадгалж байна гэж тайлбарлаад байна гэхэд

0:20:00-0:20:34 минутад, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э: Хариуцагчийн хүсэлттэй холбоотой асуудал нь өмчлөх эрхийн асуудал яригдаж байна. Манай өмчлөлд байгаа зүйлийг санхүүгийн түрээсийн тухай хууль болон гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй болохоор нь түр буцаагаад авсан. Тэрнээс хөрөнгийг ямар нэг байдлаар өөр өмчлөх эрхийн бусад эрхийг хэрэгжүүлээд ямар нэгэн этгээдэд ашиглуулсан болон өөрсдөө ашигласан зүйл байхгүй гэв.

0:20:35-0:20:43 минутад, Даргалагчаас: Танайх эзэмшил ашиглалтыг хариуцагчид шилжүүлсэн үү. Шүүх шийдээгүй байхад эзэмшил, ашиглалтыг буцаагаад авч байна гэдэг нь шүүхээс гадна хэрэгжүүлчихлээ гэж хариуцагч хэлж байна гэхэд

0:20:44-0:21:36 минутад, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э: Харин тийн, Шүүхээс гадуур хэрэгжүүлэх эрхийн хүрээнд хуулиар бидэнд байгаа, буцаагаад авчих. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо А Х ХХК-аас санхүүгийн түрээсийн гэрээний дагуу нийт төлөх байсан үндсэн төлбөр, хүү, алданги нэхэж байгаа. Үүнийг хэрвээ А Х ХХК төлөхгүй бол бид түрээсийн зүйл болон нэмэлт барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулъя гэж байгаа. Нөгөө талаараа манайх яагаад буцааж авч байгаа гэхээр төлбөрөө төлөхгүй байж түрээсийн зүйлийг ашиглаад, элэгдэл, хорогдол гаргаад, эвдрэл гарвал техникийн үнэ буурахаар гол төлбөр буюу үүргийн гүйцэтгэл хангуулах зүйлийн үнэ цэнэ нь унаж байгаа санхүүгийн эрсдэл байна гэж хэлсэн болох нь бичигджээ.

Ийнхүү даргалагчаас хариуцагчийн хэлсэн тайлбартай нь холбогдуулан нэхэмжлэгчээс тодруулж асуулт асуусан нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд шүүх хуралдааныг удирдан явуулж, хэргийн оролцогчоос асуулт асууж, тодруулсан байна.

Мөн “А Х 01-23.mp3” нэртэй бичлэгийн 0:01:15-0:01:22 минутад, Даргалагчаас шүүгчийн захирамжийн агуулга танилцуулахдаа “...нэхэмжлэгчээ би тайлбарласан. Хуульд заасан эрхээ ямар хүрээ хязгаарт хэрэгжүүлэх үү гэдгээ бодолцоорой. Ингэж явж байгаад энэ маргаан хэрэв удвал ямар хэмжээний хохирол цаана нь яригдах уу.” гэж хэлсэн болох нь бичигджээ.

Хэдийгээр шүүгч дээрх шүүх хуралдаанд хэргийн шийдвэрлэлттэй холбоотой өөрийн байр суурийг илэрхийлсэн тайлбарыг хэлээгүй байх боловч хэргийн оролцогчид өөрийн байр суурийг илэрхийлсэн гэх сэтгэгдэл төрүүлжээ. Иймд шүүгч О.О нь цаашид шүүх хуралдаан даргалахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, хөндлөнгийн байр сууринаас төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийж ажиллавал зохино.

Шүүгч О.О нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Д” ХХК-ийн өргөдлөөр шүүгч О.Од холбогдуулан илтгэгч гишүүн нь сахилгын хэрэг үүсгэн, шалгаж, сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

“Д” ХХК-ийн нэхэмжлэлээр, “А Х” ХХК-д холбогдуулан шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/хххххдүгээр захирамжаар, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд, нэхэмжлэгч талаас “... өмнөх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж өгнө үү ...”, хариуцагч талаас “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу тээврийн хэрэгслүүдийг чөлөөлж, эзэмших ашиглах боломжийг олгож, хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү ...”, гуравдагч этгээдээс “... бие даасан шаардлагыг гаргаж байна. ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгаж өгнө үү ...” гэсэн хүсэлтүүд гаргаж, түүнийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гарган, тус шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь бичлэгийн “... 0:24:00-0:24:24 минутад, Даргалагчаас: “Наад бие даасан шаардлага дээр үр дагавар бичсэн зүйл алга, хоёулаа, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулаад яахын гол нь, ялгаа байхгүй таных ч гэсэн тийм байна, наад бүх бие даасан шаардлагаа гараараа бич, үр дагаврыг нь, ер нь юу хүсээд байгаа юм” гэхэд, 0:24:25-0:29:26 минутад, гуравдагч этгээд Т.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н цаасан дээр юм бичиж байгаа нь харагдаж байх бөгөөд 0:29:27-0:29:37 минутад, цаасыг нарийн бичгийн даргад буцаан өгч, нарийн бичгийн дарга даргалагчид өгч байгаа нь ...” тусгагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд зохигч нь гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй бөгөөд харин шүүх хуралдаан даргалагч нь хэргийн оролцогчид эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах арга хэмжээг авдаг.

Иймд шүүгч гуравдагч этгээдийг бие даасан шаардлагын үндэслэлээ тодруул гэж хэлснийг илтгэгч гишүүн “... шүүгч О.О нь шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргасантай нь холбогдуулан гарах үр дагаврыг тодруулж, энэ талаар хүсэлтдээ бичихийг сануулсан нь бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл болохгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

2. Хариуцагч “А Х” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах тухай хүсэлтийг гаргажээ.

Тус хүсэлтийг шийдвэрлэсэн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/02040 дүгээр шүүгчийн захирамжийн үндэслэлээ бичлэгийн “... 00:19-0:00:44 минутад, хариуцагчийн гаргасан 69.1.5-д заасан арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтийг хангахгүй орхилоо. 69 өөрөө нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байхыг шаардана. Танай учирсан хохирол мөнгө гаргуулах шаардлага байгаа тохиолдолд би 69.1.5 хөрөнгийг өг гэж хэлэх ямар ч боломжгүй. Удаа дараа хэлээд байгаа. Энэ шаардлагаа зөв тодорхойлоод ороод ирвэл өөр асуудал болно ...” гэж тайлбарлажээ.

Сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлийг харьцуулан үзэхэд утга, агуулгын зөрүүгүй бичигдсэн байсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.” гэж зааснаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаагүй үндэслэлийн талаар тайлбарласан шүүгчийг хариуцагч талд хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

3. Шүүгч 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/02040 дүгээр захирамжийн үндэслэл тайлбарлах явцдаа, “... нэхэмжлэгчээ би сая тайлбарласан. Хуульд заасан эрхээ ямар хүрээ, хязгаарт хэрэгжүүлэх үү гэдгээ бодолцоорой. Ингэж явж байгаад энэ маргаан хэрэв удвал ямар хэмжээний хохирол цаана нь яригдах уу ...” гэж хэлсэн болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагджээ.

Бичлэгийг нягталж үзвэл, “sequence01_1.mp4” нэртэй 1 минут 33 секундийн бичлэгт оролцогчид суудлаасаа босож, даргалагчаас захирамжийн агуулга танилцуулж байгаа мэт харагдах боловч бичлэг дуугүй, мөн дүрс нь гацах зэргээр техникийн шаардлага хангагдаагүй бичигдсэн байсан болно.

Харин “А Х 01-23.mp3” нэртэй 2 минут 45 секундийн бичлэг нь дээрх дүрсний бичлэгийн дууны бичлэг байх бөгөөд үүнд шүүгч нь захирамжийн үндэслэлээ тайлбарлахдаа дээрхийг хэлсэн нь тогтоогдох ба хэрэг, маргаан хянан шийдвэрлэгдэхгүй удсанаас үүдэн хожим үүсэх үр дагаврыг талуудад хэлсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсхүл хэрэгсэхгүй болгох талаарх байр сууриа илэрхийлсэн гэж үзэхгүй.

Илтгэгч гишүүний “... хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй ...” гэсэн нь үндэслэлтэй.

Дээрхийг нэгтгэвэл, шүүгч О.О нь өргөдөлд дурдсанчлан хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2024/0057 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Г дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Од холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

       ДАРГАЛАГЧ                                   Ц.ДАВХАРБАЯР

               ГИШҮҮН                                      Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                   О.НОМУУЛИН