info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-18

Дугаар 67

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн  Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарийг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2024/0065 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон саналдаа: “... Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Э П П” ХХК-иас “Г М” ХХК-д холбогдуулан гаргасан “гэрээний үүрэгт 832,422,850 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... анхан шатны шүүхийн шүүгч О.Ч хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн .../ШЗ2020/13717 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хамтран хариуцагч татах  хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .../ШЗ2021/01515 дугаар захирамжаар хангаж, тус иргэний хэрэгт хамтран хариуцагчаар О.Т, Я.Б нарыг хамтран хариуцагчаар татсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч О.Ч нь жирэмсний амралтаа авах болсонтой холбогдуулан шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн .../ЗТ2021/01036 дугаар тогтоолоор тус хэрэг шүүгч Ц.О-т хуваарилагдсан бөгөөд  2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн .../ШШ2021/02616 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна. ... давж  заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 243 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Я.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч-ээс хяналтын журмаар гомдол гаргасныг шүүгч Ц.О-ийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн .../ШЗ2022/05873 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Улмаар нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн .../ШЗ2022/18496 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн .../ГХ2022/01731 дүгээр гүйцэтгэх хуудсыг олгожээ. Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “... Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн .../ГХ2022/01731 дүгээр гүйцэтгэх хуудаст шүүгч Я.Б-ийг төлбөр төлөгч гэж дурдахаас гадна, Я.Б-ээс 626,271,700 төгрөгийг гаргуулна гэж тусгасан, ... Энэхүү гүйцэтгэх хуудсыг алдаатай бичсэнээс улбаалан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Я.Б-ийн өмчлөлийн бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ба цаашид битүүмжлэх, хураан авах ажиллагаа явуулах болно гэдгээ мэдэгдсэнээр түүний барьцаалаагүй, бусад хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь зөрчсөн, ... гүйцэтгэх хуудас илт үндэслэлгүй буюу шүүхийн шийдвэрээс өөр агуулгаар бичигдэж, улмаар төлбөр төлөгч бус хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй ...” гэжээ. Хариуцагч Я.Б-ээс дээрх үндэслэлээр гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2024/00317 дугаар захирамжаар хангахгүй орхисон байна. Үүнийг эс зөвшөөрч Я.Б-ээс гомдол гаргасныг шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .../ШТ2024/00049 дүгээр тогтоолоор хангаж, шүүгчийн  .../ШЗ2024/00317 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. Тус тогтоолын дагуу шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2024/03438 дугаар захирамжаар өмнө нь олгосон .../ГХ2022/01731 дүгээр гүйцэтгэх хуудсаа хүчингүй болгож, дахин шинээр .../ГХ2024/00315 дугаар гүйцэтгэх хуудсыг бичиж олгосон байна. Үүнээс үзэхэд, хариуцагч Я.Б нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн .../ГХ2022/01731 дүгээр гүйцэтгэх хуудасны хууль зүйн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянуулж, хүчингүй болгосон байна. Харин “... шүүхийн шийдвэрээр хариуцагч “Г М” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа Я.Б-ийн 359 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар тодорхой заасан атлаа шүүхийн гүйцэтгэх хуудсыг дахин олгохдоо Я.Б-ийг мөн л төлбөр төлөгч хэмээн алдаатай хэвээр дахин тусгаж зориуд нэхэмжлэгч “Э П П” ХХК-д давуу байдал бий болгосон гэх эргэлзээг баталж байна ...” гэж дурджээ. Шалгах ажиллагааны хүрээнд, ... анхан шатны шүүхийн “Э П П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Г М” ХХК, О.Т, Я.Б нарт холбогдох иргэний хэрэгт үзлэг хийхэд шүүгч Ц.О нь нэхэмжлэгч талд давуу байдал олгосон, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Тодруулбал, иргэн Я.Б нь тус иргэний хэрэгт хариуцагчаар татагдан оролцсон ба “Э П П” ХХК нь хариуцагч “Г М” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр УБ2019/05 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Я.Б-тэй 2019/08 дугаартай барьцааны гэрээ байгуулсныг анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн. Улмаар хариуцагч “Г М” ХХК-иас 626,271,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, харин “Г М” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Я.Б-ийн өмчлөлийн ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн .../ГХ2024/00315 дугаар гүйцэтгэх хуудсаар: “Төлбөр төлөгч: ... тоотод байрлах, “Г М” ХХК-аас 1.626,271,700 төгрөгийг гаргуулж, Төлбөр төлөгч: ..... дүүрэг, 6 дугаар хороо, бага тойруу, ..... дугаар байр, ..... тоотод оршин суух Ч.Б-ээс 1.Хариуцагч “Г М” ХХК нь 593,610,000 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Я.Б-ийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж ...” гэж бичиж олгожээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “20.1.Гүйцэтгэх баримт бичиг дараах шаардлагыг хангасан байна: ... 20.1.9.гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч-хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, эсхүл төлбөр авагч-хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн хэсэг.”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж заасан. Дээрх хуулийн заалтаас үзэхэд, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд гүйцэтгэх хуудаст барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг тусгах эсэх талаар нарийвчлан тусгаагүй байх ба хариуцагч Я.Б-ийн хувьд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр “Э П П” ХХК болон “Г М” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зөвшөөрсөн, иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээж оролцсон этгээд тул түүнийг гүйцэтгэх хуудаст төлбөр төлөгчөөр бичсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Мөн гүйцэтгэх хуудаст шүүхийн шийдвэрийн агуулгыг аливаа хэлбэрээр гуйвуулсан, өөрчлөн бичсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тодорхой заасан тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байна. Харин өргөдөлд дурдсан “... Я.Б төлбөр төлөх үүргээ зөвхөн ... байрлах 359 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан байхад бусад 5 үл хөдлөх эд хөрөнгийн хамт нийт 6 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн ...” гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2-т “Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараах үйл ажиллагаа хамаарна: ... 44.2.14.төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх;”, 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж зааснаар шийдвэрлэхээр байна. Өргөдөлд хавсаргасан баримтуудад дээрх хуульд заасан журмын дагуу өргөдөл гаргагчаас гомдлоо гарган шийдвэрлүүлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан “... шүүхэд гомдол гаргаж болно ...” гэх зохицуулалт нь гүйцэтгэх хуудасны агуулгатай холбогдуулж гомдол гаргах бус харин захиргааны байгууллагаас гаргасан актын үндэслэл нь хуульд нийцсэн эсэхийг хянуулахаар шүүхэд хандахаар байгааг дурдах нь зүйтэй. Иймд, өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ... анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Ц.О тайлбартаа: “...Миний бие “Э П П” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г М” ХХК, Я.Б, О.Т нарт холбогдох, гэрээний үүрэгт 832,422,850 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна. М.А-ын Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн заалтыг зөрчсөн гэх тайлбарт; Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн .../ШШ2021/02616 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Г М” ХХК-иас 626,271,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э П П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206,151,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г М” ХХК нь 593,610,000 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Я.Б-ийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай ...” гэж тус тус тогтоон шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг ... давж заалдах шатны шүүх хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Шүүгч гүйцэтгэх хуудсыг олгохдоо анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэсэн агуулга, үг, өгүүлбэрийг ямар нэгэн байдлаар өөрчлөлгүйгээр тэр хэвээр нь бичиж олгосон байна. Гүйцэтгэх хуудас 2 дахь заалтаараа "... Хариуцагч “Г М” ХХК нь 593,610,000 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Я.Б-ийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж ...” гэж бичигдэн олгогдсон байна. Эндээс үзвэл Я.Б-ийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлэхээр шүүх шийдвэрлэсэн тул Я.Б нь төлбөр төлөгч болно. Энэ агуулгаараа Я.Б гүйцэтгэх хуудаст төлбөр төлөгчөөр бичигдэнэ. Түүнчлэн гүйцэтгэх хуудаст 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2616 дугаар шийдвэр, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 243 дугаар магадлалыг үндэслэн 1731 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байна. Уг гүйцэтгэх хуудаст шийдвэр, магадлалын огноо, дугаар авагдсан, хуулбар нь гүйцэтгэх хуудастай хамт шийдвэр гүйцэтгэгчид хүргэгдсэн байх тул шийдвэр, магадлал, гүйцэтгэх хуудастай танилцан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэгч явуулна. Гүйцэтгэх хуудаст төлбөр төлөгч нарыг дараалан цувруулан бичиж, биелүүлэх үүргийг мөн цувруулан дараалан бичиж олгосон байна. Уг гүйцэтгэх хуудас шүүхийн практикт өргөн бичигдэж олгогдож байгаа гүйцэтгэх хуудас болно. Өөрөөр хэлбэл Банк болон банк бусын маргаанд түгээмэл бичигддэг гүйцэтгэх хуудас болохыг дурдвал зохино. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9-т “гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч-хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, эсхүл төлбөр авагч-хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн хэсэг” гэх заалтаар хуулийн этгээдийг буюу “Г М” ХХК төлбөр төлөгч гэж ойлгохоор. Я.Б-ээс төлбөр гаргуулахаар тусгаагүй шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудаст буруу бичигдсэн гэх тайлбар гомдлыг гаргажээ. Гүйцэтгэх хуудаст хариуцагч “Г М” ХХК нь 593,610,000 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Я.Б-ийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэхээр гүйцэтгэх хуудаст бичигдсэнээр Я.Б нь уг үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгийн үүргийг биелүүлэх төлбөр төлөгч юм. Тиймээс Я.Б төлбөр төлөгч биш гэх гомдол үндэслэлгүй байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн заалтыг шүүгч миний бие зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн М.А-аас “...шүүгч Ц.О нь удаа дараа алдаатай гүйцэтгэх хуудас бичиж, нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон, шүүхийн шийдвэрт тусгаагүй эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөл бүрдүүлсэн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

... анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар “Э П П” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г М” ХХК, Я.Б, О.Т нарт холбогдох гэрээний үүрэгт 832,422,850 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, .../ШШ2021/02616 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. /сахилгын хэргийн 43-53/

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Г М” ХХК-иас 626,271,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э П П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206,151,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г М” ХХК нь 593,610,000 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Я.Б-ийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг ... давж  заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 243 дугаар магадлалаар хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /сахилгын хэргийн 54-62/

Нэг. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр олгосон гүйцэтгэх хуудасны тухайд,

Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн .../ШЗ2022/18496 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-т заасныг үндэслэн хангаж, .../ГХ2022/01731 дүгээр гүйцэтгэх хуудсыг олгожээ. /сахилгын хэргийн 66/

Хариуцагч Я.Б-ээс тус гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2024/00317 дугаар шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж, уг захирамжид Я.Б-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан байна.

Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .../ШТ2024/00049 дүгээр тогтоолоор “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн .../ГХ2022/01731 дүгээр гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч “Г М” ХХК, төлбөр төлөгч Я.Б нараас 1.626.271.700 төгрөг гаргуулж гэж алдаатай бичсэн, шүүхийн шийдвэрээс өөрөөр бичигдсэн гэх гомдол үндэслэлтэй” гэж дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3-т заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ. /сахилгын хэргийн 72-73/

Улмаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2024/03438 дугаар шүүгчийн захирамжаар анх олгосон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн .../ГХ2022/01731 дүгээр гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, гүйцэтгэх хуудсыг зөвтгөж дахин шинээр олгохоор шийдвэрлэжээ. /сахилгын хэргийн 74-75/

Дээрхээс үзвэл, хариуцагч Я.Б нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн шүүгчийн захирамжийг хуульд заасан журмын дагуу хянуулж, шүүхийн тогтоолыг үндэслэн шүүгч өөрийн гаргасан гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосон байна. Иймд шүүгч гүйцэтгэх хуудсыг буруу гаргаж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон, хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.

Хоёр. Дахин олгосон гүйцэтгэх хуудасны тухайд,

 Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн .../ГХ2024/00315 дугаар гүйцэтгэх хуудсаар: Төлбөр төлөгч “Г М” ХХК-аас 1.626,271,700 төгрөгийг гаргуулж, төлбөр төлөгч Ч.Б-ээс хариуцагч “Г М” ХХК нь 593,610,000 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Я.Б-ийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж төлбөр авагч “Э П П” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт төлбөр төлөгч гэдэг нь  төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Гүйцэтгэх баримт бичиг дараах шаардлагыг хангасан байна, 20.1.9-т гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч-хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, эсхүл төлбөр авагч-хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн хэсэг” гэж заасан.

Сахилгын хэрэгт цугласан баримтаар, тус иргэний хэрэгт Я.Б нь хариуцагчаар оролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрт түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байх тул гүйцэтгэх хуудаст төлбөр төлөгч гэж бичсэнийг буруутгахгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

Тус гүйцэтгэх хуудаст шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг үг, үсгийн зөрүүгүйгээр бичсэн байх ба шийдвэрийн агуулгыг өөрчилсөн, өөр байдлаар гүйцэтгүүлэхээр заасан зүйл бичигдээгүй байна.

            Мөн өргөдөлд, шийдвэрт заасан хөрөнгөөс гадна бусад 5 үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх нөхцөл байдал бүрдсэн талаар дурдсан байх ба энэ нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбоотой ажиллагаа юм.

            Өргөдөл гаргагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрх нь нээлттэй юм. 

Өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2024/0065 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, М.А-ын өргөдлөөр ... анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч  болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ                              С.ЭНХТӨР

            ГИШҮҮД                                     Ц.ДАВХАРБАЯР

                                                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН