info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-11

Дугаар 66

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

      Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Н нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Өмгөөлөгч Б.О нь ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Т-д холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн Б.Сугар хүлээн авч хянаад, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ГЗҮ/2024/...3 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ГС/2024/...0 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “...хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б.Ц-аас О.Т-д холбогдуулан өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгч Г.Т 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2024/...9 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хариуцагч талд 3 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан байна.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн .../ЗТ2024/...10 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах тухай” тогтоолоор дээрх маргаан бүхий иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс  30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч Г.Т-ын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн .../ШЗ2024/....4 дүгээр “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарлаж, товлогдсон хугацаанд хэргийг хянан хэлэлцэж, .../ШШ2024/...9 дүгээр шүүхийн шийдвэр бичгээр албажиж гарсан нь .../2024/...4/и дугаартай иргэний хэрэгт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг талууд гардаж аваагүй байна.  

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд холбогдох шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргаж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шүүхийн шийдвэр гарсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 30 хоногоор сунгасан болох нь баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг зохицуулсан байх бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулсан байх бөгөөд дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Тодруулбал, холбогдох хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс бус иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш тоолох тухай тодорхой заасан байх бөгөөд Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан 5 дугаар сарын 01-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрээгүй байсан байна.

Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтыг нэгтгэн дүгнэхэд холбогдох шүүгч Г.Т сахилгын зөрчил гаргаагүй байна. Иймд ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Т-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Г.Т тайлбартаа: “ ... дараах тайлбарыг гаргаж байна.

1. "... хэрэг хянан шийдвэрлэх үндсэн 60 хоногийн хугацаа өнгөрсөн байтал ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж, хохироож байна...” гэх гомдлын хүрээнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн хугацаа өнгөрөөгүй.

Шүүхийн сахилгын хороонд өмгөөлөгч Б.О-ийн зүгээс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан байна.

Тодруулбал, шүүх иргэн О.Т-д холбогдуулан гаргасан иргэн Б.Ц-ын нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй байжээ.

Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д зааснаар өмгөөлөгч нь "захиргааны байгууллага, албан тушаалтан, мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах" эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх" зарчмыг баримтална.

Өмгөөлөгч Б.О нь гомдолдоо "... 60 хоногийн хугацаа өнгөрсөн байтал..." гэж илт үндэслэлгүй факт дурдсаныг шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандсан гэж үзэх боломжгүй, зориуд шүүгчийг буруутгах, түүнд хариуцлага ногдуулахад чиглэсэн, мэргэжлийн бус үйлдэл гаргаж байна гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д "хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох" гэж заажээ.

Тодруулбал, хуульд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 3 урьдчилсан нөхцөлийг тодорхойлж, аль нэг нь бүрдсэн тохиолдолд шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргана. Үүнд:

1. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн;

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан 60 хоногийн хугацаа дууссан;

3. Шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдол.

Иймд ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн .../Ш32024/...34 дүгээр "Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай" захирамжаар Б.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Т-д холбогдох орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д нийцсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өмгөөлөгч Б.О-ийн "хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн" гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 208 дугаар тогтоолоор баталсан "Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны ажлын зохист ачаалал"-ыг тогтоосон.

... хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар иргэний 2.280 хэрэг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгч Г.Т миний хувьд дээрх хугацаанд иргэний 217 хэрэг хянан шийдвэрлэсэн нь шийдвэрлэсэн хэргийн тоогоор тус шүүхийн бусад шүүгчтэй харьцуулахад 5 дугаарт, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 110 байгаа нь бусад шүүгчтэй харьцуулахад 2 дугаарт байна.

Дээрх тоон үзүүлэлтээс харвал шүүгчийг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг санаатай хэтрүүлж сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй, бодит нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлэхэд хүргэж байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч, өмгөөлөгч Б.О нь “шүүгч Г.Т-д холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хуульд заасан хугацааг өнгөрөөсөн; хариуцагч нэ     хэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргаж, зохигчид эвлэрсэн боловч шүүгч гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж магадгүй гэж үзэн хэргийг шийдэхгүй орхигдуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.26-д заасныг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1-2 тал/

Илтгэгч гишүүн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ГЗҮ/2024/...3 дугаар захирамжаар “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргаж, зохигчид эвлэрсэн боловч шүүгч гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж магадгүй гэж үзэн хэргийг шийдэхгүй орхигдуулсан” гэх үндэслэлд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан” гэх үндэслэлд сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан байна.

Өргөдөл гаргагч өмгөөлөгч Б.О нь гишүүний ГЗҮ/2024/...3 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан үндэслэлд гомдол гаргахгүй гэсэн болох нь шалгах ажиллагаа хариуцсан референт М.М-ийн түүнтэй утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /с.х-ийн 19 тал/

Илтгэгч гишүүн саналдаа “холбогдох хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс бус иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш тоолох тухай тодорхой заасан байх бөгөөд Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан 5 дугаар сарын 01-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрээгүй байсан байна. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтыг нэгтгэн дүгнэхэд холбогдох шүүгч Г.Т сахилгын зөрчил гаргаагүй байна” гэжээ. /с.х-ийн 21-24 тал/

          Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч О.Т-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг ...хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргахад холбогдох хууль журмын дагуу шүүгч Г.Т-д хуваарилагдан, шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2024/...9 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. /с.х-ийн 15 тал/

          Дээрх захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасантай нийцжээ.

          Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч О.Т-д 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа”, 67.1.2-т “нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах”, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна” гэж заасан хугацааг баримталсан байна. /с.х-ийн 14 тал/

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

            Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2024/...9 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэснээр эхэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан 60 хоногийн хугацаа 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дуусах байсныг шүүгч 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах тухай асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнд илтгэн хэлэлцүүлж, мөн өдрийн .../ЗТ2024/...10 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дах хэсэгт заасны дагуу 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 30 /гуч/ хоногоор сунгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дуусах байсан байна.

          Гэхдээ шүүгч Г.Т өргөдөлд дурдсан иргэний хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд .../ШШ2024/...9 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлээгүй байна. /с.х-ийн 17-18 тал/

          Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагч “шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг зөрчсөн гэж үзэн сахилгын хариуцлага тооцож өгнө үү” гэж өргөдөлдөө дурдсан боловч шүүгч Г.Т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар 30 хоногоор сунгасан нь хуульд нийцэж байх тул түүнийг  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. /с.х-ийн 15 тал/

          Илтгэгч гишүүн саналдаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж бүрэлдэхүүн үзлээ.

          Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан.

          Энэхүү зохицуулалт нь шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргахаар заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэх хугацаанд хамаарна.

          Өөрөөр хэлбэл шүүгч Г.Т 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд гаргасан шүүхийн шийдвэрийг 60 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлэх, эсхүл бусад шүүхийн шийдвэрүүдийг удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдлыг ойлгоно.

          Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Г.Т нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.26-д заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ГС/2024/...0 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Т-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН

               ГИШҮҮН                             Д.МЯГМАРЦЭРЭН

                                                       О.НОМУУЛИН