info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-19

Дугаар 70

Улаанбаатар хот

 

       Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

     болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, холбогдох шүүгч Т.Э, өргөдөл гаргагч Д.А, нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар Д.А-гийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн О.Номуулины илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2024/0071 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:

“ ... Нэг. ... шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1630 дугаар захирамжаар яллагдагч Г.Н нарт холбогдох эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийг харьяаллын дагуу ... шүүхэд шилжүүлж, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар захирамжаар хэргийг шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Э-ыг томилсон,

...  шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101 дүгээр захирамжаар Г.Н нарт холбогдох эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан,

... шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 165 дугаар захирамжаар яллагдагч Г.Н нарыг шүүхэд шилжүүлсэн,

... шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлтийг хэсэгчлэн хангаж, шинжээч томилох тухай” 220 дугаар захирамжаар шүүгдэгч Г.Н-ийн өмгөөлөгч Д.А-гийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, Г.Н нарт холбогдох эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийн 1, 3, 6, 26, 27 дугаар хавтаст хэрэгт шинжилгээ хийлгэхээр ... Шүүх шинжилгээний хэлтэст даалгасныг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/357 дугаар албан бичгээр хүргүүлсэн ... Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 31/171 дүгээр албан бичгээр “Тус хэлтэст ирүүлсэн Бичиг, баримт судлалын шинжилгээ нь өндөр нарийвчлалтай техник хэрэгсэл болон мэргэшсэн шинжээчээр шинжилгээ хийлгэх шаардлагатай тул Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бичиг, баримт судлалын лабораторид хандана уу” гэж хариу өгсөн.

Шүүгч  Т.Э-ын  2023  оны  12  дугаар  сарын  11-ний  өдрийн 02/360 дугаар албан бичгээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бичиг, баримт судлалын лабораторид эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийн 1, 3, 6, 26, 27 дугаар хавтаст хэрэгт шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13/8226 дугаар албан бичгээр “...6 дугаар хавтаст хэргийн 63, 64 дүгээр хуудсанд авагдсан, 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан “С-гаас авсан мөнгө тооцоо” гэсэн шинжлэх баримтуудыг хуулбар хувиар ирүүлсэн, мөн Г.Н, ЧГХ нарын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй...” гэх үндэслэлээр нэн даруй ирүүлэхийг мэдэгдсэн, Ерөнхий шүүгч Н.А-ын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/05 дугаар албан бичгээр “...С-гаас авсан мөнгө тооцоо гэсэн баримтууд хэрэгт эх хувиараа авагдаагүй, ЧГХ-гийн гарын үсгийн чөлөөт загвар нь 1 дүгээр хавтаст хэргийн 100-109 дүгээр хуудсанд, Г.Н-ийн гарын үсгийн чөлөөт загвар нь 27 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудсанд авагдсан” талаар Шүүх шинжилгээний ерөнхий газарт мэдэгдсэн, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13/8474 дүгээр албан бичгээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн шинжилгээ хийхээс татгалзаж, ирүүлсэн баримтыг буцаасан үйл баримт тогтоогдсон.

Дээрхээс үзвэл шүүгч Т.Э нь шүүгдэгч Г.Н-ийн өмгөөлөгч Д.А-гийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаж шинжилгээ хийлгэхээр холбогдох баримтыг аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст хүргүүлсэн ч тус газар нь мэргэшсэн шинжээчээр шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хариу өгсөн тул ... шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлтийг хэсэгчлэн хангаж, шинжээч томилох тухай” 220 дугаар захирамжид заасан ажиллагааг хийлгүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг, 1 богц бүхий хавтаст хэргүүдийн хамт Шүүх шинжилгээний ерөнхий газарт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шуудангаар хүргүүлсэн нь шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтэр, “Монгол Шуудан” ХК-иар 6,1 кг жинтэй 1 богц илгээмж илгээсэн баримт зэргээр нотлогдож байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний объектын бүрэн бүтэн байдал, чанар, нууцлалыг бүрэн хангаж, зориулалтын уут, дугтуй, хайрцаг, тусгайлан бэлтгэсэн сав зэрэгт тус тусад нь стандарт, журмын дагуу битүүмжилж, шинжилгээ хийлгэх шийдвэрийн хамт энэ хуульд өөрөөр заагаагүй бол шинжилгээний байгууллагад шууд хүргүүлнэ”, 13.2-т “Шинжилгээний объектыг шинжилгээнд хүргүүлэх хүртэл хугацаанд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд, шинжилгээний байгууллага хүлээн авч шинжээчид хүлээлгэн өгөх, шинжилгээ хийсний дараа шинжээчээс хүлээн авч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд буцаан хүргүүлэх хүртэлх хугацаанд бүртгэл, мэдээллийн ажилтан, үзлэг, шинжилгээ хийх явцад шинжээч зохих журмын дагуу хадгалж, бүрэн бүтэн байдлыг хариуцна” гэж заасан бөгөөд шүүгч шинжилгээ хийлгүүлэх баримтыг Шүүх шинжилгээний ерөнхий газарт зохих журмаар хүргүүлсэн байх тул шүүгчийг дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.  

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн     4-д “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, 36.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдааныг нээлттэй явуулсан бол шүүх хуралдаан даргалагч энэ хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4-т заасан асуудал тус бүрээр шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоно”, 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана”, 4-д “Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж заасан.

Шүүгдэгч Г.Н нарт холбогдох эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүгч Т.Э нь шийтгэх тогтоолыг хаана хэзээ гаргаж байгаа, шүүх хуралдаанд хэн хэн оролцсон болохыг тус тус нэрлэж, шүүгдэгч нарыг ямар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа,  ямар ял оноож байгаа зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4-т заасан асуудал тус бүрээр хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хангасан 15 заалт бүхий тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо нийт 6 хуудас цаас харж байх ба тухайн харж буй цаасан дээр шийтгэх тогтоолыг урьдчилаад шивж бэлдсэн эсэх нь  харагдахгүй байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд 15 заалт бүхий шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийг уншихдаа 6 хуудас цаас харсныг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүйн зэрэгцээ энэ нь зайлшгүй байх ёстой шүүгчийн үйлдэл гэж үзнэ.

Гурав. Өргөдөлд “2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16.00 цагаас 17.00 цаг орчмын үед 10 минутын завсарлагын үеэр шүүх хурлаас гарч ирэхэд жижүүр цагдаа цахимд шийтгэх тогтоол байршуулах шүүхийн баримтад гарын үсэг зуруулна гэхээр нь үзэхэд ялтны өмгөөлөгч гэж бичсэн байсан тул гэм буруугийн хурлын шийдвэр гараагүй байхад яахаараа ялтан гэж бичдэг юм бэ, шүүгдэгчийн өмгөөлөгч гэж засвал гарын үсэг зурна гэхэд жижүүр цагдаа нар асууя гээд үлдсэн байдаг болно. Гадаа гарч агаар амьсгалчхаад ороод ирэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч гэж засахгүй гэнэ, ялтны өмгөөлөгч гэж бичнэ гэж байна гэж хэлсэнд ихэд гайхаж, тэгвэл би зурахгүй гэж хэлээд гарын үсэг зураагүй” гэжээ.

Энэ талаар гэрч Б.Ч /шүүгчийн туслах/ “Эрүүгийн хариуцлагын хурал дуусаад завсарлах үед санагдаж байна, би баримтаа аваад бүх хүмүүсээрээ тойроод зуруулж явсан. Зарим хүмүүс нь орж гараад явж байсан болохоор шүүхийн үүдэнд цагдаа суудаг ширээн дээр зуруулж байсан. Их олон оролцогчтой байсан болохоор орж гарсан хүмүүсээр зуруулаад, би ч өрөөндөө орж гарч ажлаа хийгээд л явсан. Энэ хэрэг их олон оролцогчтой болохоор хүснэгтийг нэмж би өөрөө гаргасан юмаа. Ялтны өмгөөлөгч гэхэд олон өмгөөлөгч байсан болохоор...”, гэрч Б.Б “Хурал завсарласан байл уу, дуусчихсан байл уу оролцогч нар хурлын танхимаас гарч ирэхэд шүүгчийн туслах гарын үсэг зуруулаад яваад байсан Нэлээн олон хүн байсан. Өмгөөлөгч нар л гэхэд 17 билүү 11 байсан. Шүүхийн цагдаа яг хурлын заалны үүдэнд суудаг. Туслах нэг цаас барьчихсан манай ширээн дээр хүмүүсээр гарын үсэг зуруулж байсан” гэж мэдүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.13 дугаар зүйлийн 3.13.5-д “Шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулах талаар хуралдаанд оролцогчид танилцуулж Баримт №13-т гарын үсгийг тайллын хамт зуруулж, хэрэв цахимаар илгээсэн бол Баримт №13-т тэмдэглэж, хэрэгт хавсаргана” гэж заасан бөгөөд шүүх хуралдаан дуусахаас өмнө уг баримтад гарын үсэг зуруулж байгаа нь зохимжгүй ч шүүгчийн туслахын үйл ажиллагаатай холбоотойгоор шүүгчийг буруутгах боломжгүй.

Мөн Баримт №13 нь “ялтны өмгөөлөгч” гэсэн сонголтоор батлагдсан, тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ялтны өмгөөлөгчөөр 8 өмгөөлөгч оролцсоны улмаас шүүгчийн туслах “ялтны өмгөөлөгч” гэх сонголттой хүснэгтийг нэмсэн  байх тул дээрх өргөдөлд дурдсан үйл баримт шүүгчтэй холбоогүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргавгэжээ.

Шүүгч Т.Э тайлбартаа:

”... шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1630 дугаартай захирамжаар Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн ххххххххххххххх дугаартай  хэргийг харьяаллын дагуу ... шүүхэд шилжүүлж, уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд явагдсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 53 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулахыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн тухай” баримтыг баталсан. Уг баримтын хэргийн оролцогч нарын нэрс хэсэгт “улсын яллагч, ялтан, ялтны хууль ёсны төлөөлөгч, ялтны өмгөөлөгч, ...” гэх байдлаар бичсэн байдаг бөгөөд батлагдсан баримтын хэргийн оролцогч нарын нэрсийг өөрчлөх эрх байхгүй. Харин тухайн хэрэг хэдэн оролцогчтойгоос хамааран хүснэгтийн тоог нэмдэг.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.13.5. дахь заалтад “Шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулах талаар хуралдаанд оролцогчид танилцуулж Баримт №13-т гарын үсгийг тайллын хамт зуруулж, хэрэв цахимаар илгээсэн бол Баримт №13-т тэмдэглэж, хэрэгт хавсаргана.” гэж заасны дагуу шүүгчийн туслах Б.Ч нь хэргийн оролцогчдоор гарын үсэг зуруулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.”, уг зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно.” гэж тус тус заасан. Шүүгч Т.Э миний бие нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, шүүгдэгч Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана.” гэж заасан.

Шүүгч Т.Э миний бие нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт заасан журмын дагуу зөвлөлдөх тасалгаанд талуудын мэтгэлцээн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж шийдвэрээ гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон болно.

Мөн шүүгч Т.Э миний бие нь шүүгдэгч Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүхээс гарах шийдвэрийн талаар саналаа урьдчилан илэрхийлээгүй, шүүхийн шийдвэрийг урьдчилсан байдлаар бэлдээгүй болно.

... шүүхийн шүүх хуралдааны танхимд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутаас эхэлсэн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Н-ийн өмгөөлөгч Д.А-гаас “26 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч ЧГХ-гийн гарын үсэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 100-109 дүгээр талуудад байгаа гарын үсгийн чөлөөт загвартай тохирох, мөн 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дэх талд байх “С-гаас авсан мөнгөний тооцоо” гэх нэртэй баримттай Г.Н-ийн гарын үсэг тохирох эсэх, 6 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр талд байгаа Хятад бичвэр дээрх гарын үсэг нь хохирогч ЧГХ-гийн гарын үсэгтэй тохирох эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах. Мөн ... шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах, ... аймгийн Цагдаагийн хэлтсээс 2021 оны 03 дугаар сарын 15-аас 3 дугаар сарын 27-ны хугацаанд Г.Н-оос шуудангаар ирүүлсэн гомдлуудыг хуулбарлан авч нотлох баримтаар хэрэгт хавсаргах, Төрийн банкнаас А.Г 400 000 ам доллар зээлсэн Оросын Холбооны Улсын иргэн Р А Х-ын 241202103208 дугаартай долларын дансны хуулгыг гаргуулах, Оросын Холбооны Улсын иргэн Р А Х-ыг гэрчээр асууж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан. Шүүхээс өмгөөлөгч Д.Агаас гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангаж Ү аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст шинжилгээ хийлгүүлэхээр эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийн 1, 3, 6. 26, 27 дугаар хавтаст хэргийг хүргүүлсэн.

Ийнхүү өмгөөлөгч Д.А-гийн хүсэлтийг хэсэгчлэн хангасантай холбоотой шүүгдэгч Г.Н-оос гарын үсгийн чөлөөт загварыг авч хэргийн хамт хүргүүлсэн. Гэтэл ... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 31/171 дугаартай “Тус хэлтэст ирүүлсэн Бичиг баримт, судлалын шинжилгээ нь өндөр нарийвчлалтай техник хэрэгсэл болон мэргэшсэн шинжээчээр шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон тул Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бичиг баримт, судлалын лабораторид хүргүүлнэ үү” гэх агуулга бүхий албан бичгийг тус шүүхэд хэргийн хамт буцаан хүргүүлсэн. Тус шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/360 дугаартай албан бичгээр эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийн 1, 3, 6, 26, 27 дугаар хавтаст хэрэгт шинжилгээ хийлгүүлэхээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Бичиг, баримт судлалын лабораторид хүргүүлсэн.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13/8226 дугаартай албан бичигт “Таны 2023/ШЗ/220 дугаартай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлтийг хэсэгчлэн хангаж, шинжээч томилох тухай” захирамжийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шинжилгээнд ирүүлсэн баримтуудтай танилцахад 6 дугаар хавтаст хэргийн 63, 64 дүгээр хуудсанд авагдсан, 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан “С-гаас авсан мөнгө тооцоо” гэсэн шинжлэх баримтууд нь хуулбар хувиар ирүүлсэн, мөн Г.Н, ЧГХ нарын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дээрх баримтуудыг эх хувиар, тоон шаардлага хангахуйц байдлаар нэн даруй ирүүлнэ үү” гэж дурдсантай танилцаад тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/05 дугаартай албан бичигт “С-гаас авсан мөнгө тооцоо” гэх баримт нь хэрэгт эх хувиараа авагдаагүй байсан, харин хохирогч ЧГХ-гийн гарын үсгийн чөлөөт загварыг ... дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Т 1 дүгээр хавтаст хэргийн 100-109 дүгээр хуудсанд бэхжүүлсэн байсан, мөн шүүгдэгч н.Н-ын гарын үсгийн чөлөөт загвар 27 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудсанд авагдсан байсан тул энэ талаар тухайн албан бичигт товч дурдаад Шүүх шинжилгээний Ерөнхий газарт хүргүүлсэн. Ийнхүү уг албан бичгийг эхлээд Шүүх шинжилгээний ерөнхий газрын цахим хаяг руу ... шүүхийн тамгын газрын цахим хаягаар явуулж, дараа нь уг албан бичгийн эх хувийг шуудангаар явуулсан болно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт 'Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний объектын бүрэн бүтэн байдал, чанар, нууцлалыг бүрэн хангаж, зориулалтын уут, дугтуй, хайрцаг, тусгайлан бэлтгэсэн сав зэрэгт тус тусад нь стандарт, журмын дагуу битүүмжилж, шинжилгээ хийлгэх шийдвэрийн хамт энэ хуульд өөрөөр заагаагүй бол шинжилгээний байгууллагад шууд хүргүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт 'Шинжилгээний объектыг шинжилгээнд хүргүүлэх хүртэл хугацаанд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд, шинжилгээний байгууллага хүлээн авч шинжээчид хүлээлгэн өгөх, шинжилгээ хийсний дараа шинжээчээс хүлээн авч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд буцаан хүргүүлэх хүртэлх хугацаанд бүртгэл, мэдээллийн ажилтан, үзлэг, шинжилгээ хийх явцад шинжээч зохих журмын дагуу хадгалж, бүрэн бүтэн байдлыг хариуцна.” гэж тус тус заасан ба энэхүү заалтын дагуу өмгөөлөгч Д.А-гийн хүсэлтэд дурдагдсан шинжилгээний объект болох эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийн 1, 3, 6, 26, 27 дугаар хавтаст хэргийг Шүүх шинжилгээний ерөнхий газар луу явуулж, буцаан авсан. Шүүгч Э миний зүгээс Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй болно.

Шүүгч Т.Э миний бие нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн заалтыг зөрчөөгүй. Түүнчлэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж зөвхөн хуульд захирагдаж шийдвэрлэсэн болно.

Иймд ... шүүхийн шүүгч Т.Э надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүн, Д.А-гийн өргөдлөөр ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгаж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

1. Өргөдөлд “... шүүх хуралдааны ... завсарлагын үеэр ... шийтгэх тогтоол байршуулах шүүхийн баримтад гарын үсэг зуруулсан ...” гэж дурдсан ба шүүгчийн туслах Б.Ч-ын гэрчээр өгсөн[1] “ ... хурал дуусаад завсарлах үед зуруулсан. ... шүүхийн шийдвэр гарсны дараа зуруулах ёстой ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн өгсөн[2] “... хурал завсарласан байл уу, дуусчихсан байл уу оролцогч нар хурлын танхимаас гарч ирэхэд шүүгчийн туслах нэг цаас барьчихсан ... манай ширээн дээр хүмүүсээр зуруулж байсан ...” гэх мэдүүлгээр шүүх хуралдаан дуусахаас өмнө оролцогч нараар баримт №13-т гарын үсэг зуруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 53 дугаар тогтоолоор[3] “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар”-ыг батлахдаа Баримт №13-ын[4] “хэргийн оролцогчийн нэр” гэсэн хэсэгт “... ялтан, ялтны өмгөөлөгч ...” гэх нэрээр баталжээ.

“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын[5] 3.13.5-д “шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах талаар хуралдаанд оролцогчид танилцуулж баримт №13-т гарын үсгийг ... зуруулж, ... тэмдэглэж, хэрэгт хавсаргана” гэсэн нь шүүгчийн туслахын албан үүрэгт хамаарч байна.

Иймд илтгэгч гишүүний “... шүүх хуралдаан дуусахаас өмнө уг баримтад гарын үсэг зуруулж байгаа нь зохимжгүй ч шүүгчийн туслахын үйл ажиллагаатай холбоотойгоор шүүгчийг буруутгах боломжгүй ...” гэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/220 дугаар захирамжаар[6] шүүгдэгч Г.Н-ийн өмгөөлөгч Д.А-гийн “... 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дэх тал, ... 6 дугаар хавтаст хэргийн 63-64 дэх талд ... гарын үсгийн шинжээч томилуулах ...” хүсэлтийг хангаж шийдвэрлэж, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/357 дугаар албан тоотоор шинжилгээ хийхэд шаардлагатай 1, 3, 6, 26, 27 дугаар хавтаст хэргийг шүүгчийн захирамжийн хамт ... аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст хүргүүлжээ.

... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 31/171 дүгээр албан тоотоор[7] “... өндөр нарийвчилсан техник хэрэгсэл болон мэргэшсэн шинжээчээр шинжилгээ хийлгэх шаардлагатай тул Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бичиг баримт, судлалын лабораторид хүргүүлнэ үү” гэх хариуг шүүхэд ирүүлжээ.

Үүний дагуу анхан шатны шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/360 дугаар албан бичгийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын бичиг, баримт судлалын лабораторид 1, 3, 6, 26, 27 дугаартай хавтаст хэргийг шүүгчийн захирамжийн хамт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэлийн 841 дүгээрт[8] “... 1 богц, “Монгол Шуудан” ХК-ийн дардас дарагдсан...”, мөн илгээмж илгээсэн баримтад[9] “...илгээмж 6кг ...” гэж тэмдэглэгдсэн байгаагаар нотлогдож байх тул энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13/8226 дугаар албан бичгээр “... 6 дугаар хавтаст хэргийн 63, 64 дүгээр хуудсанд авагдсан, 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан “С-гаас авсан мөнгө тооцоо” гэсэн шинжлэх баримтуудыг хуулбар хувиар ирүүлсэн, мөн Г.Н, ЧГХ нарын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй ..., баримтуудыг эх хувиар, тоон шаардлага хангахуйц байдлаар нэн даруй ирүүлнэ үү ...” гэжээ.

Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/05 дугаар “... С-гаас авсан мөнгө тооцоо гэсэн баримтууд хэрэгт эх хувиараа авагдаагүй, ЧГХ-гийн гарын үсгийн чөлөөт загвар нь 1 дүгээр хавтаст хэргийн 100-109 дүгээр хуудсанд, Г.Нийн гарын үсгийн чөлөөт загвар нь 27 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудсанд авагдсан ...” гэсэн утгатай албан тоотыг[10] ү_tg@shuukh.mn нэртэй цахим шуудангаас Шүүх шинжилгээний ерөнхий газрын info@nfa.gov.mn гэх цахим шууданд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11:44 минутад илгээсэн[11] болох нь мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгээр гаргуулан авсан холбогдох баримтаар тогтоогдож байна[12].

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13/8474 дугаар албан бичгээр “... баримтууд нь эрүүгийн ... хэрэгт эх хувиар авагдаагүй ..., нэмэлтээр ЧГХ, Г.Н нарын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй ...” гэх үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

Шүүхийн үйл ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирсэн, явсан баримт бичгийг цахимаар илгээх болон хүлээн авах /эх хувийг баталгаат шуудангаар илгээх болон хүлээн авна/ нь нээлттэй бөгөөд “... шүүгч шинжилгээ хийлгүүлэх баримтыг Шүүх шинжилгээний ерөнхий газарт зохих журмаар хүргүүлсэн байх тул шүүгчийг дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй ...” гэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

Мөн хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн эрх хэмжээнд хамаарах тул “... дахин шинжээч томилуулах хүсэлт гаргахад хангаж шийдвэрлээгүй...” гэх өргөдөл үндэслэлгүй.

3. Шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дуу-дүрсний mainfeed_dual_768 нэртэй бичлэгийг нягтлан үзэхэд, даргалагч 0:02:43-0:11:21 дэх хором хүртэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн утгыг уншиж танилцуулсан нь бичигдсэн бөгөөд энэхүү бичлэгт даргалагч шүүгч харагдахгүй байна.

Харин presentation-1 нэртэй бичлэг нь дүрс хэвийн, дуугүй бичигдсэн байх бөгөөд даргалагч шүүгчийн тогтоох хэсэг танилцуулж байгаа дүрсээс харвал цаасан дээр тэмдэглэсэн зүйлийг харан уншиж байх боловч “шивж бэлтгэсэн цаас” гэдгийг тогтоох боломжгүй байна.

Иймд, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

Дээрхийг нэгтгэвэл, өргөдөлд дурдсанчлан шүүгч Т.Э нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2024/0071 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ                               Ц.ДАВХАРБАЯР

                   ГИШҮҮН                                      Г.ЦАГААНЦООЖ

                                                                          Д.ЭРДЭНЭЧУЛУУН