info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-19

Дугаар 69

Улаанбаатар хот

 Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хэргийн оролцогч болох шүүгч Д.М, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2024/0075 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... 1. Өргөдөлд дурдсан “...улсын Нассим Хилл хотхон ... тоот 179 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, ... улсын ... хотод байршилтай Кларавик гудамж 3, 2 давхарт ... тоот 10785, 194 м.кв талбайтай орон сууцыг захиран зарцуулахгүй байх ... арга хэмжээг авхуулах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. Уг хүсэлтийг  шийдвэрлэхгүй байснаас хариуцагч Т.Г маргаан бүхий үл хөдлөхүүдийг 2022 оны 06 дугаар сард бусдад худалдан борлуулж, өөр бусад хөрөнгийг бусдад шилжүүлсэн, ...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаагүй...” гэх гомдлын тухайд:

Х.Я  анх гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “...улсын Нассим Хилл хотхон ... тоот 179 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, ... улсын ... хотод байршилтай Кларавик гудамж 3, 2 давхарт ... тоот 10785, 194 м.кв талбайтай орон сууц  гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч тул тухайн орон сууцны зах зээлийн үнээс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 19.667.000.000 төгрөг гаргуулах”-аар шаардаж, улмаар хариуцагчийн эд хөрөнгө, мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох, дээрх эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байхыг Т.Г-д даалгах, ... уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан гэрээ болон Т.Г-н нэр дээр бүртгэлтэй байгаа талаарх баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлтүүдийг гаргажээ. 

Шүүх энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг  хариуцагчид 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гардуулж, хариу тайлбар гаргах хугацааг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоосон, үүнтэй холбоотойгоор 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан хойшлогдсон байна.

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлж, нэр бүхий 11 хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, мөн шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба  мөн өдрийн шүүгчийн 4405 дугаар захирамжаар шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн ба нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулахыг шүүгчийн туслахад даалгажээ.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 1/01537,  2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/03202 дугаар албан тоотоор шүүгчийн захирамжийг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, хуульд заасан журмын дагуу ажиллагааг гүйцэтгэж, дүгнэлтээ ирүүлэхийг даалгасан, шинжээч дүгнэлтээ 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн. 

Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18804 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, мөн өдрийн 18805 дугаар захирамжаар хариуцагч Д.Г-н нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх зэргээр захиран зарцуулахыг хориглосон байна.

Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэх учиртай.

Иргэний хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих ба хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргаж байгаа бол тухайн эд хөрөнгө гэр бүлийн хамтран өмчлөх дундын  эд хөрөнгө гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэв маргаан бүхий эд хөрөнгө байгаа эсэх, түүнийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй тохиолдолд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах боломжгүй юм. 

Иймд шүүгч нэхэмжлэгчийн зарим хүсэлтийг тухайлбал, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, нэр бүхий хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн, эд хөрөнгийг битүүмжлэх, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг 19.667.000.000 төгрөгийн хэмжээнд зогсоох хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо “...”К” ХХК, “К” ХХК, “К” ХХК, “К” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Г” ХХК, “А” ХХК зэрэг хуулийн этгээдүүдийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг зогсоох, эд хөрөнгийн талаарх лавлагаа гаргуулах, эд хөрөнгө гэрлэгчдийн дундын эд хөрөнгө гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар одоогоор тогтоогдоогүй, гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндөж болзошгүйн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасанд нийцэхгүй ...” гэж дүгнэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан нэр бүхий эд хөрөнгүүд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь тогтоогдоогүй тохиолдолд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ авах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг шүүх ямар хугацаанд шийдвэрлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулаагүй тул шүүгч энэ талаарх хүсэлтийг шийдвэрлэхдээ хуулийн ил тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.         

Харин шүүгчийн дээрх болон 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 194 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр “...улсын Нассим Хилл хотхон ... тоот 179 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, ... улсын ... хотод байршилтай Кларавик гудамж 3, 2 давхарт ... тоот 10785, 194 м.кв талбай бүхий  орон сууцыг өмчлөх, эзэмших эрхийн үндэслэл болсон гэрээ хэлцлийг, түүнийг бусдад хэрхэн хэдээр худалдсан талаарх баримтыг шаардлага хангуулан ирүүлэхийг хариуцагчид даалгасан” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасантай нийцжээ. 

Хариуцагч уг захирамжид заасан баримтыг гаргаж өгөөгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн, тус газраас ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1109 тоот албан бичигт  “...Т.Г-д  нотлох баримтыг ирүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд нотлох баримт байхгүй гэсэн тайлбар ирүүлсэн”,  2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 194 тоот бичигт  “... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад дээрх нотлох баримт олдоогүй” гэсэн хариу ирүүлжээ. Үүнээс үзвэл  нэхэмжлэгчийн нотлох баримт  гаргуулах хүсэлтийг  шүүгч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд хариуцагчид уг баримт байхгүйд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

Улмаар нэхэмжлэгч тал 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дээрх нөхцөл байдлыг дурдан ..., ... -ын хуулийн фирмүүдээс дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ, хэлцлийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 8043 дугаар захирамжаар хангаж, хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг Улсын Дээд шүүхээр дамжуулан гүйцэтгэхээр шийдвэрлэж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Гэвч нэхэмжлэгч тал уг хүсэлтээсээ татгалзаж буйгаа 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд мэдэгдсэн, шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2900 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэнд хариуцагчийн өмгөөлөгч Б.М-д гомдол гаргасан, ...-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гардуулахаар шүүгчийн туслах П.М 2024 оны 03 дугаар сарын 26, 4 дүгээр сарын 19, 5 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн 99113699 дугаар руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан, тэрээр энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна.

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3-т заасан арга хэмжээг урьдчилан авхуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 10373 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Т.Г-д шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн, тэрээр мөн өдөр М.М-д нэхэмжлэл гардан авах эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, эвлэрч буйгаа мэдэгджээ. 

2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлт гаргасан тул шүүгчийн мөн өдрийн 11648 захирамжаар татгалзлыг Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.             

Нэхэмжлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагаатай  холбогдуулан шүүгч “...шүүгчийн туслах Ц.Ц өөрийн 95093136 дугаараас хариуцагчийн дугаарт залган нэхэмжлэлийн хувь гардан авах талаар удаа дараа мэдэгдсэн гэж тайлбарласан,   хариуцагч нь өмгөөлөгч Б.М-г ирүүлсэн боловч тэрээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эрхгүй байсан, ...гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Х.Я нь хилийн чандад нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасныг хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн, ...хариуцагчийг өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ирүүлэхийг мэдэгдэж, шүүгчийн туслах Ц.Ц удаа дараа мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, ... 2023 оны 2 дугаар сараас 5 дугаар сарын хооронд миний туслахаар 3 хүн солигдон ажиллах, мөн өөр шүүгчийн туслах нөхөн ажиллах зэрэг нөхцөл байдал үүссэнээс болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тууштай, цаг алдалгүй гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлж байсан” гэсэн тайлбар гаргажээ.

Шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ц “... 2023 оны 04 сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Д.М шүүгчийн туслахаар ажиллаж байсан, ... шүүгчийн даалгаснаар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулахаар өөрийн утаснаас хариуцагч Т.Г-н 99.....-тэй дугаар луу залгаж дуудсан, ...очно гэсэн боловч ирээгүй, өмгөөлөгч н.М ирсэн боловч нэхэмжлэл гардаж авах итгэмжлэл байхгүй байсан тул өгөөгүй, ...дахин дуудахад хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байхад ажиллагаа явууллаа гэсэн, ...хэргийг сэргээхээр гардуулах болсон...” гэж мэдүүлсэн.

Сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцааснаас хойш холбогдох шүүгчийн хүсэлтээр өмгөөлөгч Б.М-г гэрчээр асуухад “...хариуцагч Т.Г-той  2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж энэ үеэс эхлэн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагийн хувьд миний зүгээс тухайн хэргийн процессын талаар тодорхой туслалцааг хариуцагчид үзүүлж байсан. Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгч хэзээ гаргасан гэдгийг, мөн хэдийд мэдсэн гэдгээ би сайн санахгүй байна. Хэргийн материалтай танилцсан баримт байгаа тэр огноогоор тодорхойлогдох байх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээс өмнө энэхүү шаардлагыг миний хувьд гардаж аваагүй. Жилийн өмнө болсон асуудлыг сайн санахгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авах талаар Т.Г-д зөвлөгөө өгч байсан. Хэрэг түдгэлзүүлэхээс өмнө шүүхээс нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авах талаар ярьж байсан. Хугацааг нарийн санахгүй байна. миний хувьд итгэмжлэл байхгүй учраас нэхэмжлэлийг гардаж авах эрхгүй, энэ байдлаа шүүгчийн туслахад хэлж байсан. Хэрэг түдгэлзүүлэх үед хариуцагч гадаадад байсан байж магадгүй, яг тэр үед байсан байгаагүйг мэдэхгүй байна. 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр М.М-д олгосон итгэмжлэлийн дагуу нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авсан, хариу тайлбараа өгсөн байгаа. Ер нь бол зохигчид энэ хэргийн талаар эвлэрэн хэлэлцсэн байгаа, гэхдээ шүүгчээс татгалзах хүсэлт гарсан учраас уг асуудлыг шийдвэрлэх хүртэл эвлэрлийг батлаагүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаад бухимдалтай, үүндээ шүүхийг буруутгаад байх шиг байна. Ялангуяа 2023 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаагүй өдий хүрсэн гэх асуудлаар шүүгчийг буруутгаж байгааг шүүх хуралдаан дээр сонссон. Энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн тохиолдолд шүүхээс тодорхой төрлийн төрлийн ажиллагаа хийх хууль зүйн боломжгүй гэж хувьдаа үзэж байна. Түдгэлзсэн байхад нэхэмжлэлийн хувийг гардаж ав гэхэд нь хариуцагч талын хуульчид шаардлагагүй, процессын хувьд боломжгүй гэж үзээд авхуулаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргэснээс хойш хариуцагч Монгол улсад сар гаруй хугацаанд байгаагүй. Ирсэн даруйд итгэмжлэл олгож, нэхэмжлэлийг гардан авч, хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгсөн. Энэ асуудлаар шүүхийг буруутгах үндэслэл харагдахгүй байна. Нэхэмжлэгч талаас шүүгчийг хариуцагч талд үйлчилж байна гэж харддаг. ... шүүгчийг хариуцагч тал танихгүй, гэхдээ өмөөрөх ч шалтгаан байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэх, сэргээх асуудал нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрлэгдсэн. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг эсэргүүцсэн байр суурьтай байсан. Ийм учраас түдгэлзүүлсэн захирамжид гомдол гаргаж байсан” гэж мэдүүлжээ.

Түүнчлэн  тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Ц.Ц-н ... дугаараас хариуцагчийн ... дугаарт залгасан эсэх талаарх баримтыг шаардсан, техникийн нөхцөл байдлаас энэхүү баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар “М” ХХК 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигт дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.-т зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулах ба энэ хугацаа нэмэгдүүлсэн шаардлагад мөн хамаарна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т зааснаар шүүгчийн туслах нь хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд шүүгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасан. 

Хэргийн оролцогч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй ба шүүгчийн туслах нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах зорилгоор хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т  зааснаар утсаар дуудсан боловч ирээгүй, өмгөөлөгч нь  нэхэмжлэл гардан авах эрхгүй байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

2023 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид хуульд заасан хугацаанд гардуулаагүй боловч энэхүү зорилгоор түүнийг дуудан ирүүлэх ажиллагааг шүүхийн зүгээс явуулж байсан нь тогтоогдож байна.

Харин тодорхой шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа хийгдэх боломжгүй болсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах ажиллагаа хийгдсэн байна.

Иймд шүүгчийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж буруутгах нь учир дутагдалтай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-т “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгч нэхэмжлэлд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, үүнтэй холбоотой ажиллагаа явуулсан ба 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12589 дүгээр захирамжаар хэргийг шүүх хуралдааныг хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарласан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэж заасан, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13224 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хэргийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шилжүүлсэн.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тул шүүгч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00390 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаан товлон зарласан байна.

Гэвч дээр дурдсанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн, мөн шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах зэрэг хүсэлтийг удаа дараа гаргасан, эдгээр хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 удаа түдгэлзүүлсэн, хэргийн оролцогч шүүгчийн захирамжид  гомдол гаргасан, уг гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх, мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх зэрэг ажиллагаа хийгдэж байгаагаас  тухайн иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, шүүх хуульд заасан тодорхой ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байна. Тухайн иргэний хэрэг хуульд заасан хугацаанд  шийдвэрлэгдээгүй байгаад шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... шүүхийн шүүгч Д.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний ГС/2024/0075 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хуралдаанаар хэлэлцэж, үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн дүгнэн тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Иргэн Х.Я Т.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2021/11271 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, мөн өдөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид тус тус гардуулсан байна.

            2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэн, тус нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулахыг шүүгчийн туслахад даалган, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэлх хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага шүүхэд гаргасныг хуульд заасан хугацаанд хариуцагчид гардуулаагүй боловч, холбогдох ажиллагааг явуулж байсан болох нь гэрчийн мэдүүлэг, хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай баримт, утсаар ярьсан тэмдэглэл зэрэг сахилгын хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагчийн олгосон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, эвлэрч буйгаа бичгээр мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т зааснаар хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүргийг шүүгчийн туслах хэрэгжүүлдэг бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах зорилгоор хариуцагчийг удаа дараа дуудсан боловч ирээгүй байна.

            Хуульд заасан үндэслэлээр тодруулбал нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа хийгдэх боломжгүй болсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах ажиллагаа хийгдсэн байна.

            Дээрхээс үзэхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид хуульд заасан хугацаанд гардуулаагүй үйл баримттай холбогдуулан нэр бүхий шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж буруутгах нь учир дутагдалтай хэмээн илтгэгч гишүүн үзсэн нь үндэслэл бүхий байна.

  1. Хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргаж байгаа бол тухайн эд хөрөнгө гэр бүлийн хамтран өмчлөх дундын  эд хөрөнгө гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба маргаан бүхий эд хөрөнгө байгаа эсэх, түүнийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх  үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй тохиолдолд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах боломжгүй юм. 

Иймд шүүгч нэхэмжлэгчийн зарим хүсэлтийг тухайлбал, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, нэр бүхий хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн, эд хөрөнгийг битүүмжлэх, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг 19.667.000.000 төгрөгийн хэмжээнд зогсоох хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо “...”К” ХХК, “К” ХХК, “К” ХХК, “К” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Г” ХХК, “А” ХХК зэрэг хуулийн этгээдүүдийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг зогсоох, эд хөрөнгийн талаарх лавлагаа гаргуулах, эд хөрөнгө гэрлэгчдийн дундын эд хөрөнгө гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар одоогоор тогтоогдоогүй, гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндөж болзошгүйн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасанд нийцэхгүй ...” гэж дүгнэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан нэр бүхий эд хөрөнгүүд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь тогтоогдоогүй тохиолдолд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ авах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь хуульд нийцсэн байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн, мөн шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах зэрэг хүсэлтийг удаа дараа гаргасан, эдгээр хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 удаа түдгэлзүүлсэн, хэргийн оролцогчоос шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх, шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шийдвэрлэх зэрэг ажиллагаа хийгдэж байгаагаас улбаалан тухайн иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд дээрх үйл баримтаас дүгнэн үзэхэд холбогдох шүүгч болох ... шүүхийн шүүгч Д.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Д.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

               ДАРГАЛАГЧ                               Б.СУГАР

                            ГИШҮҮН                                    Д.АРИУНТУЯА

                                                                                      Д.МЯГМАРЦЭРЭН