МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-03
Дугаар 97
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, холбогдох шүүгч Ц.Э-, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Ц.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...шүүгч хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж захирамж гаргасан байх бөгөөд шийдвэрлэсэн хэргийн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх, үүнтэй холбоотойгоор шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй, ...өргөдөлд дурдсан үйл баримтуудад Шүүгчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хамаарахгүй, 55-р зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Г.Г- өргөдөлдөө “...Би ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан, Сум дундын ... дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 34 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэрт мөнгөн дүн тавиагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас буцаасан тул хүсэлт гаргаад захирамжийг хүчингүй болгож дахин шийдвэрлэсэн. Ц.Э- шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлд байхгүй “Э” ХХК-д галчийн орон тоонд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй байна. мөн уг захирамжийг хүчингүй болгох хүсэлт өгөхөд хангахгүй байгаа нь цаанаа ашиг сонирхолтой нь илт. Иймд шалгаж, гомдлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч тайлбартаа “... аймгийн ... сумын ЗДТГ нь гар ажиллагаатай ердийн халаалттай байрнаас цахилгаан халаалттай байранд шилжин орж галч нарын орон тоогоо цалингийн сангийн хамт “Э” ХХК-д шилжүүлэн ажиллуулж тухайн компани нь сумын төсөвт газруудыг дулаанаар хангаж төсөвт газрын бүх галч нар шилжин ажилласан байдаг. Энэ нөхцөл байдалд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрэн хэлэлцсэн. Энэ нь бусдын эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлаагүй, ямар нэгэн бусдын нөлөөгүй, сайн дурын үндсэн дээр хийгдсэн байсан, би хараат бусаар шийдвэрээ гаргасан” гэжээ.
Г.Г- нь ... аймгийн ... сумын ЗДТГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж 2015.01.29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан, Сум дундын ... дугаар шүүхийн шүүгч Ц.Э- 2015.01.30-ний өдрийн 34 дүгээр захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Г.Г-ийн өмгөөлөгч дээрх захирамжийг хүчингүй болгох хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2017.06.13-ний өдрийн ... дугаар захирамжаар 2015.01.30-ний өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь өргөдөл гаргагч болон холбогдох шүүгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явагдсан, ... сумын ЗДТГ-т галчийн орон тоо байхгүй болсон тул тус сумын “Э” ХХК-д нэхэмжлэгч Г.Г-ийг галчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,500,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохирч 2017.11.27-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүгчийн 2017.11.27-ны өдрийн ... дугаар захирамжаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Г.Г- 2021.04.14-ний өдөр өргөдөл гаргахдаа Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө болсон үйл баримтын талаар гомдол гаргажээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ, 2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчийн хооронд 2015.01.29-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд Г.Г- нэхэмжлэлээсээ татгалзсан боловч эвлэрч буй үндэслэлээ тодорхой дурдаагүй байхад шүүгч зохигчийн эвлэрлийг баталсан нь учир дутагдалтай боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар уг захирамжийг хүчингүй болгожээ. Энэ нь шүүгчийн мэргэжил, ур чадвартай холбоотой тул сахилгын зөрчилд хамаарахгүй.
2017.11.27-ны өдөр талууд эвлэрч буй үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлж, Эвлэрлийн гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулж, гарын үсгээ зурсан, шүүгч захирамжаар эвлэрлийг баталсан байх ба үүнийг ёс зүйн зөрчил гэж үзэх үндэслэлгүй.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн шүүгч Ц.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН