info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-20

Дугаар 75

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн  Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2024/0074 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтаас үзэхэд тус сахилгын хэргийн оролцогч ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М нь 2023 онд 2217 зөрчлийн хэрэг, 103 таслан сэргийлэх арга хэмжээ, 18 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд тус хороонд ирүүлсэн өргөдөлд холбогдох цаг хугацаа буюу 2023 оны 04 дүгээр сард 155 зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэн, шийтгэвэр гаргасан байна. Дээрх 155 зөрчлийн хэргийн 134  зөрчилд баривчлах шийтгэл оногдуулж, 18 зөрчилд торгуулийн шийтгэл оногдуулж, 2 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, 1 эрх бүхий албан тушаалтны шийдвэрт гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тус зөрчлийн хэргүүдийг хянан хэлэлцэж шүүхийн шийтгэвэр гаргахдаа нэгээс бусдад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Харин өргөдөлд дурдагдсан зөрчлийн хэрэг буюу эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн шийдвэрт хэргийн холбогдогч /өргөдөл гаргагч/ А.О-аас гаргасан гомдлыг хуралдаанаар хянан хэлэлцэж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ЗШ/803 дугаар шийтгэвэр гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 4, 14, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтад шийтгэврийн хувийг оролцогч нарт гардуулах, прокурорт даруй хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, 4 дэх хэсэгт шийтгэвэрт оролцогч нар гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн байна.

Шүүгч Г.М хуулийг тайлбарлан хэрэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ЗШ/803 дугаар шийтгэвэрт гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус шийтгэврийг хянаж хүчингүй болгохдоо оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан нь буруу гэж дүгнэн шийтгэврийг хүчингүй болгож, хууль хэрэглээний алдаа засагдаж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эсэхийг хянасан дээд шатны шүүхийн шийдвэр гарч алдааг залруулсан байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн алдаа мөн боловч гомдол гаргах эрхийг нь олгоогүй алдааг дээд шатны шүүх хуульд заасны дагуу залруулж алдаа засагджээ.  Харин давж заалдах шатны шүүх шийтгэврийн агуулгыг хянаагүй байна.  Улмаар тухайн шийтгэвэрт гомдол гаргах эрхийг нээсэн байх ба тус шийтгэврийг мөн эс зөвшөөрч гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаж шийтгэвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэн, зөрчлийн хэргийн эцсийн шийдвэр болох магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Мөн тус шийтгэвэрт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид гардуулан өгнө гэсэн хуулийн заалтыг удирдлага болгосон, түүнчлэн шийтгэврийн хувийг оролцогч нарт гардуулах, прокурорт даруй хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн зэргээс үзэхэд хуулийн хугацаанд хүргүүлэх ажиллагаа нь шүүгчийн туслахын үүрэгт хамаарч байх бөгөөд туслахын мэдүүлэг, холбогдох шүүгчийн тайлбар зэргээс шийтгэврийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж үзэх боломжгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид тусгаснаар аливаа хэрэг, зөрчилд буруутгагдаж буй этгээдийн гэм буруу нь шалгах ажиллагааны явцад тогтоогдохгүй байгаа тохиолдолд гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолсны үндсэн дээр сахилгын зөрчил гарсан эсэх тухай дүгнэлт өгч шийдвэрлэх зохицуулалт үйлчилдэг. Иймд тус шийтгэврийг зөрчлийн хэргийн оролцогчдод хуульд заасан хугацаанд гардуулаагүй үйл баримтыг шүүгч шийтгэврийг хуулийн хугацаанд албажуулаагүйгээс болсон хэмээн таамгаар холбож дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Холбогдох шүүгч өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, дээрх алдааг удаа дараа гаргаагүй болох нь баримтаар тогтоогдож байна. Мөн түүнчлэн гомдол гаргах эрхийг олгоогүй алдаа зөрчил гаргасан байх хэдий боловч энэхүү алдаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад засагдсан, гомдол гаргах эрхийг нь сэргээн эдлүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байх тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээд шатны шүүх нь шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан эсэхийг хянаж хууль хэрэглээний алдаа гаргасан болохыг залруулсан үйл баримт тогтоогдсон болно.

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд холбогдох шүүгч хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчил бий болсон хэдий ч тухайн шийтгэврээс улбаалан хэргийн оролцогчид сөрөг үр дагавар бий болоогүй, түүнчлэн удаа дараа хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул шүүгчид хориглосон 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил “ноцтой”, эсхүл “удаа дараа” гаргасан гэж үзэхгүй.

 Иймд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Г.М сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ГЗҮ/2024/0032 дугаартай сахилгын хэрэг үүсгэх тухай захирамжийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардан авч Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэгт зааснаар дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Зөрчилд холбогдогч А.О-д холбогдох хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт холбогдогч нь хуульд заасны дагуу гомдол гаргасан бөгөөд түүнд холбогдох шийтгэврийг хуульд заасан ажлын өдөрт гаргаж гарын үсэг зуран шүүгчийн туслахад өгсөн болно. Харин шийтгэврийн тогтоох хэсэгт гомдол гаргах эрхгүй гэж хууль хэрэглээний алдаа гаргасныг шүүгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Учир нь 2023 оны 03 дугаар сар хүртэл зөрчлийн хэрэг, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хэрэг, материалыг миний бие дангаар хүлээн авч байсан ба 2023 оны 03 дугаар сараас зөрчлийн хэргийг дангаар, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хэрэг, материалыг орлон шүүгчийн хувиар хүлээн авч байна. Өмнө нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт оролцогч гомдол гаргасан хэрэг шийдвэрлэж байгаагүй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд..." гэх хуулийг буруу ойлгон холбогдогч А.О-ийн шийтгэвэрт гомдол гаргах эрхгүй гэж шийтгэврийг гаргасан. Хэдийгээр шийдвэртээ гомдол гаргах эрхгүй гэж дурдсан боловч А.О-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлж шийдвэрийг хянуулсан. Энэ нь зөрчилд холбогдогч А.О-ийн давж заалдах эрхийг хязгаарлаагүй болохыг илтгэж байна. Шүүгч Г.М миний бие 2023 онд нийт зөрчлийн 2748 хэргийг хянан шийдвэрлэсэн ба хэргийн ачаалал ихтэй байснаас шалтгаалж шийтгэврийн тогтоох хэсэгт гомдол гаргах эрхгүй гэж хууль хэрэглээний алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү алдаа нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38, 50.1.23 дахь заалтад заасан зөрчилд хамаарахгүй гэж үзэж энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Мөн цаашид шүүн таслан ажиллагаанд хууль хэрэглээний алдаа гаргасан нөхцөл байдлыг дахин гаргахгүй байж, анхаарч ажиллах болно” гэжээ.

Шүүгч Г.М нэмэлт тайлбартаа: “...Миний бие 2023 оны 04 дүгээр сард нийт 155 зөрчлийн шүүх хуралдаан хийж, 155 шүүхийн шийтгэвэр гаргасан байна. Тухайн үед зөрчлийн шүүх хуралдаанд долоо хоног бүрийн гурав дахь өдөр хийгдэж байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх зөрчлийн хэргүүд нь баривчлах шийтгэл оногдуулж болохоор заасан зөрчлийн хэргүүд байдаг. 2023 оны 04 дүгээр сард шийдвэрлэсэн 155 зөрчлийн хэргээс 134 зөрчлийн хэрэгт баривчлах шийтгэл оногдуулсан. Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэврийг тэргүүн ээлжид албажуулах шаардлагатай байдаг болно. Учир нь хүний үндсэн эрхийг шүүхээс хязгаарладаг. Түүнчлэн баривчлах шийтгэл нь 7-30 хоногийн хугацаатай байдаг тул ажлын 5 өдөрт багтааж шийтгэврийг гаргадаг.

Шүүгч шийтгэврийг боловсруулж гарын үсэг зуран албажуулсныг шүүгчийн туслах тамга тэмдэг дарж оролцогч нарт мэдэгдэх гардуулах ажиллагааг гүйцэтгэдэг ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд Шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтны эрх үүрэгт хамаардаг. Нөгөө талаар шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийн төслийг боловсруулж дуусаад шүүгчид танилцуулах, шүүгч шүүхийн шийдвэрийг бэлэн болгож албажуулсан талаар бүртгэл хөтлөх зэргийг дээрх аргачлалд нарийвчилж зохицуулаагүй болно. Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 208 дугаар тогтоолын хавсралтаар 2023 онд шүүгчийн зөрчлийн хэргийн зохист дээд ачааллыг жилд 731 хэрэг буюу сард 60.9 хэрэг шийдвэрлэсэн байхаар тогтоосон. Гэтэл шүүгч миний бие 2023 оны эхний хагас жилд 1203, сүүлийн хагас жилд 1014 хэрэг буюу бүтэн жилд 2217 хэрэг шийдвэрлэсэн нь бүтэн жилээр тооцвол шүүгчийн зөрчлийн хэргийн зохист ачаалал 303.2 хувиар хэтэрсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 803 дугаар шийтгэврээр ... дүүргийн Цагдаагийн газрын цагдаагийн гуравдугаар хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0007075 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч А.Ог 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийтгэврийг гаргасан шүүгч Г.М-д холбогдуулан зөрчилд холбогдогч А.О гомдол гаргаж, үндэслэлээ “...миний давж заалдах гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж тодорхойлсон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 1.1 “шийтгэлийг хэвээр үлдээх”, 5-д “Шүүхээс гарах шийдвэр нь шийтгэвэр хэлбэртэй байна”, 6-д “Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болно” 7-д “Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасан журмаар гаргана” гэж тус тус зааснаас үзвэл зөрчлийн хэргийн оролцогч нь шийтгэвэрт гомдол гаргах эрхтэй байх бөгөөд шүүгч Г.М нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ЗШ/803 дугаар шийтгэвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Гэвч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг, тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан байх тул шүүгчийн гаргасан зөрчилд “ноцтой” болон “удаа дараа” гэх тухайлсан шаардлага хангагдаагүй байна.

Тодруулбал, шийтгэвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасан ч зөрчилд холбогдогч А.О-ийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад “...хуулиар тогтоосон хугацааны дотор гомдол гаргах эрх хангагдаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 8.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцээгүй” гэж дүгнэн шийтгэврийг хүчингүй болгосныг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин шийдвэрлэж 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2018 дугаар шийтгэврээр А.О-д шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0007075 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн, уг шийтгэврийг зөрчил гаргагчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хянаад, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн зэрэг үйл баримтыг дүгнэж үзвэл “дээд шатны шүүхээс алдааг залруулж зөрчилд холбогдогч нь давж заалдах журмаар гомдол гаргах эрхээ эдэлсэн, хэргийн оролцогчид сөрөг үр дагавар бий болоогүй” талаар илтгэгч гишүүний хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн өргөдлийн “шүүхийн шийдвэр гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлийг шалгаж үзвэл ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 803 дугаар шийтгэврийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эрх бүхий албан тушаалтанд, 06 дугаар сарын 14-ний өдөр прокурор, хохирогч, зөрчил гаргагч А.О нарт гардуулсан байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасныг зөрчсөн байна.

Ийнхүү хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн нь шүүгчийн туслахын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой болох нь  гэрч Д.М-ын /шүүгчийн туслах/ “...шүүгч хугацаандаа өгсөн боловч ажлын ачааллаас шалтгаалаад мартсан байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан зөрчилд нэр бүхий шүүгчийг буруутгаагүй болно.

Харин цаашид шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний давж заалдах гомдол гаргах үндсэн эрхийг зөрчихгүй байхад хатуу анхаарч ажиллахыг сануулах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2024/0074 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

 

            ДАРГАЛАГЧ                                    О.НОМУУЛИН

            ГИШҮҮН                                          Х.ХАШБААТАР

                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН