info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-20

Дугаар 76

Улаанбаатар хот

 Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2024/0066 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д

“... 1. Өргөдөл гаргагч Л.М-с “...2023 оны 01 сард А-ний хурал орсны дараа Д.Б шүүгч өрөөндөө намайг дуудаж оруулсан. Би Д.Б шүүгчийн өрөөнд бага охин М.Б-тай хамт орсон. Гэтэл та нар юун мөнгө төгрөг яриад байна тэр хүүхнийг чинь барих гэж байгаа гэсэн. Тэгснээ танай бэр чинь Т.Ц хоёр уяач, уяачийн малчин хоёртой хамт амьдардаг завхайраад хэвтэж байдаг шүү дээ гэж хэлсэн. Би урьд өмнө нь бэрийнхээ талаар огт сонсоогүй байсан зүйлийг албаны, шүүгч хүнээс сонсоод эвгүй байдалд орсон. Угтаа тэр бэрийн асуудал бидэнд Д.Б шүүгчид огт хамаагүй баймаар” гэх агуулга бүхий өргөдлийг гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч М.А-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүгч Д.Б хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.А-ний аав Л.М-тай Т.Ц холбогдон “би шүүгч Д.Б-ийн үеэл, прокурор Б.Б-той найз нөхөд та нарт тусалъя, мөнгө, идэшний үхэр аваад ир” гэж ярьсантай холбоотойгоор шүүгч Д.Б 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүгчийн туслах Б.О-өөр тэмдэглэл хөтлүүлэн шүүгдэгчийн аав Л.М, дүү М.Б, өмгөөлөгч Б.Б, Л.Б, прокурор Б.Б нартай уулзсан байна.

Тус уулзалтын тэмдэглэлд “...Прокурор: Ц нь хэргийг ашигтай байдлаар шийдүүлж, шүүгчтэй найз гээд ашиг сонирхол яригдаад байна. Энэ нь тийм юм байхгүй гэв. Л.М: Намайг хүн гүтгэсэн гээд байцааж байгаа юм уу? гэхэд ...Шүүгч: Ц нь шүүгчтэй найз, прокурортой хамаатан садан талаар ярьсан байна. Тодруулж ярина уу. Бид нарын нэр хүнд яригдаж байна. Ц хэдэн хүн залилсан байгааг мэдэхгүй. Одоогийн байдлаар 150 хүн хохироосон байна. Ц гэдэг хүн ярьсан уу. Тодруулж асууж байна гэв. Л.М: Одоохондоо алга байна. Тэр Ц надаас ирээд битгий хэлээч гэж гуйсан гэв. Өмгөөлөгч Л.Б: Ц гэдэг хүн Л.М-д очиж намайг  битгий хэлээч гээд гуйгаад байсан. Тэгээд шөнө 01 цагт цагдаа дуудна гэсэн чинь явсан байна гэв. М.Б: Ц нь орой 9 цагаас 03 цаг хүртэл аав Л.М-д байж байгаад явсан гэв. ...Л.М: Бодит байдлыг бодохоор Ц-ыг хэрэгт оруулчих гээд байна. Би сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн нь бичигджээ.

Шалгах ажиллагааны хүрээнд тухайн уулзалтын талаар өргөдөл гаргагч Л.М-с тодруулахад “...Танай бэр чинь С уяачийн малчинтай, Ц нь уяачтай нь ханилсан заваарсан юмнууд байдаг юм байна лээ шүү гэж шүүгч хэлсэн. ...Хүү олон хоног өлсгөлөн зарласан гээд гараад ирсэн. Нөгөө яриа хүүгийн чихэнд дуулдаад бөөн юм болсон. Сарын хугацаанд гадуур байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд шалгагдсан. .. Манай бэр С.О н.Ц нар танилууд гэж сүүлд нь мэдсэн. Шүүгч уяачийн туслахынх нь эхнэр болсон гэж хэлж байсан. Бидний ар гэрийн асуудал шүүгчид хамаагүй санагдсан” гэх тайлбарыг,

Холбогдох шүүгч Д.Б “...Туслахаараа дуудуулж /Л.М/ ирлээ гэхээр нь н.Б прокурорыг дуудаад өмгөөлөгчийг нь дуудаад орж ирэхээр нь ...Т.Ц гэдэг хүн мөнгө төгрөг нэхээд яваад байгаа сураг байна. Би танд энэ асуудлыг анхааруулж хэлэх гэсэн юм. Энэ хүн чинь залилангийн хүн шүү. Залилангаар шийтгүүлсэн хүн. Худлаа нэр барьж явж асуудалд оров оо анхааруулж хэлье. ...Би гомдлоо гаргах газар нь гаргалаа шүү гээд хэлсэн. ... бэр О-н талаар заваарсан гэж би яриагүй. Яагаад тийм зүйл ярьсан гэж бичсэн талаар мэдэхгүй байна. ...С.О-тай холбогдуулж юу ч яриагүй” гэх тайлбарыг тус тус өгсөн байна. 

Тухайн уулзалтад байлцсан гэрч Б.Б /прокурор/ 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “..Т.Ц гэдэг эмэгтэй Д.Б шүүгчтэй хамааралтай, Б.Б прокурортой сайн найзууд байгаа юм. 10 сая төгрөг өгчих юм бол хэргийг нааштайгаар шийдүүлнэ гэж хэлсэнтэй холбоотойгоор тодруулж асууж ярьсан. Л.М манайд Т.Ц ирсэн талаар ярьсан. ... М, түүний охинтой уулзахад н.С, С.О. Т.Ц нар найз нөхөд юм байна гэдэг агуулгатай зүйл ярьсан. ...” гэх мэдүүлгийг, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...М гэдэг хүнтэй уулзахад уяач С гэдэг хүний талаар яригдсан гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. М гэдэг хүн өөрөө ярьсан уу, хүүхэд нь ярьсан уу. Охин нь цуг байсан. Ц гэдэг хүнтэй уяач, манай бэр найз нөхдийн холбоотой гэдэг зүйл ярьж байсан санагдаж байна. Шүүгч болохоор шүүгч, прокурорын нэр бариад та нартай юу гэж ярьсан бэ гэдэг зүйлийг ярьж байсан санагдаж байна. М гэдэг хүн нь өөрөө С уяач Ц, бэр нар нь хоорондоо найз нөхдийн холбоотой гэдэг зүйлийг ярьсан. Шүүгч бол тийм зүйл яриагүй. О-тай уулзсан” гэх мэдүүлгийг,

Гэрч Б.О /шүүгчийн туслах/ 2024 оны дүгээр сарын 17-ны өдөр “...Т.Ц нь шүүгч, прокурор нарын нэр бариад мөнгө нэхээд яваад байна. Энэ талаар тодруулж хэлэх гэсэн. Өмнөх өдөр нь Т.Ц Л.М дээр ирээд явахгүй болохоор цагдаа дуудлаа гэж  хэлж байж явуулсан гэж байсан. Битгий хэлээрэй. Надтай холбоотой зүйл битгий хэлээрэй гэж Т.Ц хэлсэн гэсэн. Т.Ц-ын талаар урьдчилсан сануулж байгаа талаар хэлээд байсан. Н.Б өмгөөлөгч нь бас М-ын гэрээс гарахгүй байсан талаар хэлж байсан. ...С.О, Т.Ц нар чинь нийлээд яваад байна. Нийлээд явж болохгүй. Т.Ц гэдэг хүн чинь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. С.О, Т.Ц хамт орж ирсэн гээд ярьсны дараа Т.Ц их аюултай. Хүний нэр хүндэд халдаад яваад байна гэж хэлсэн. ...Танай бэр О Ц-тай холбогдоод яваад байна. Тэгж болохгүй. Мөнгө төгрөг хамт залилаад авсан юм биш биз дээ гэж хэлсэн” гэх мэдүүлгийг, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “..Ц нь шүүгчийн нэрийг бариад мөнгө нэхээд яваад байна. Ц-д залилуулчихваа. С.О-тай нийлээд яваад байна. Ингэж болохгүй. Шүүхийн нэр хүндийн талаар яригдаж байна гэдэг зүйл ярьсан. Уяач гэдэг зүйл огт хэлээгүй” гэх мэдүүлгийг,

Гэрч Б.Б /шүүгдэгчийн өмгөөлөгч/ “..Уяачтай холбоотой асуудлыг өөрсдөө дараа нь хэлсэн. Би гомдол гаргах гэж байгаа талаар дараа мэдсэн. Дараа нь ээж нь над руу ярьсан. Чиний дэргэд уяачтай С.О-г хамт амьдардаг гэж хэлсэн биз дээ гэж яриад байсан. Миний дэргэд тийм юм яриагүй. Тийм яриа болоогүй гэж хэлсэн. Тодорхой хугацааны дараа эхнэр нь над руу залгаж асуусан. .. М ах нээх их зүйл ярихгүй байсан. Охин нь урьд шөнө С.О, Т.Ц-тай ирээд шөнөжингөө надтай холбоотой зүйл битгий хэлээрэй, шүүгч, прокурорын нэрийг бариад ийм зүйл болсон гэж битгий хэлээч гээд уйлаад гуйгаад, сөгдөөд гарахгүй байсан. Цагдаа дуудаад явуулсан гэж ярьсан. Шүүгч Д.Б Т.Ц чинь миний нэрийг бариад залилан хийсэн байна. Бэр С.О чинь болж бүтэхгүй хүнтэй нийлээд байна. Бэрдээ анхааруулж хэлээрэй гэж хэлж байсан” гэх мэдүүлгийг,

Гэрч Л.Б /шүүгдэгчийн өмгөөлөгч/ “...Т.Ц гэдэг хүний талаар ярьсан. Т.Ц надтай ах дүү хамаатан садан байх нь хамаагүй. Т.Ц-тай ярьсан зүйлээ ярь, шалгуул та нар шалгуулахгүй бол би шалгуулна. Миний нэрийг бариад залилан хийгээд байна. Нэг бус удаа ийм асуудал гаргаж байна гэж  шүүгч хэлсэн. Л.М шалгуулахгүй гэсэн. Энэ хүүхдийг хэрэгт хийхгүй гэж байсан. ...Тэр өдөр яах гэж Т.Ц очсон. Яагаад цагдаа дуудсан талаар ярь л гэж хэлсэн. Би өөрөө гомдлоо гаргая гэж л шүүгч хэлсэн. Наад Т.Ц гэдэг хүүхэн чинь өчнөөн хүнийг хуурсан юм мэдэхгүй байна. Бэрдээ сайн хэл битгий Т.Ц-тай сүжрээд, уулзах гээд бай гэж хэлсэн. ...Тэр уяач чинь Т.Ц-ын нөхөр биз дээ. Тийм зүйл яриагүй. Тэр уяачтай сүүлд суусан юм шиг байна лээ. Тийм зүйл шүүгч яриагүй”,  гэх мэдүүлгийг,

Гэрч М.Б /өргөдөл гаргагч Л.М-ын охин/ “...Шүүх хурал болсны дараа манай өрөөнд ороод ир гэсэн. Аав даралт өндөр болохоор би цуг орсон . ...Урьд шөнө болсон процессыг шүүгч, прокурор хоёр яаж мэдээд байгаа юм их гайхсан. Тэр хүнтэй холбоотой байсан болохоор дуудсан гэж би хувьдаа бодож байна. Ц гэдэг хүн шүүгчийн нэрийг бариад яваад байна гэсэн. Залилангийн хэргээр нөгөө хүнийг барих гэж байгаа гэж Б шүүгч хэлсэн. Бүр сүүлд нь Б шүүгч танай бэр чинь Ц хоёр цуг байдаг. Ц нь уяачтай, танай бэр уяачийн малчин бүлтгэнэсэн пөөнийсөн залуутай заваараад байж байдаг гэсэн. Тэрнээс болоод өчнөөн их үр дагавар гарч байна. Манай аав хадам аав нь ийм үг сонсоод эвгүй байсан байх. ... Нэг гэрт байж байдаг. Заваараад, завхайраад л байж байдаг гэж хэлсэн. Тэрнээс болоод манай бэр бид нартай холбогдохоо больсон. Одоо хүүхдүүдтэйгээ холбоо барьдаг. Тэр хүн гарч ирээд эхнэр нөхөр хүүхдийн дунд асуудал болсон. Шүүгч нь тэгж хэлснээс болоод үр уршиг их гарсан. Яагаад хүний гэр бүлийг тэгж хэлж байгаа  юм бэ” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.

Гэрч С.О “...Манай нөхөр хэрэгт орсон талаар Т.Ц-тай ярьсан. ...Эгч нь туслах гэж оролдъё. н.Б прокурор дээр өмнө байсан. Шүүгч нь манай үеэл байгаа юм. Мөнгө төгрөг хэрэг болох л байхдаа гэсэн. Би мөнгө төгрөг мэдэхгүй. Би энэ хүнтэй суугаад 17 жил болж байгаа. Надад мэдэл байхгүй. Та хадмуудаас асуу гэсэн. Тэгсэн эд нар хоорондоо яриад бөөн юм болсон байсан.... Шүүх хурлын дараа бүгд над руу дайрсан. Чи нөхөртэй болсон юм уу. Энэ шүүгч хүмүүс чинь тэглээ гэсэн. Би юу яриад байгаа юм бэ гээд уйлаад гараад явсан. ...Намайг шүүх гэж байгаа юм уу. Яагаад миний хувийн байдалд ороод байгаа юм гээд гараад явсан. ...Тэгээд би нөхөр, хүүхэдтэйгээ уулзаагүй. Дараа нь батлан даалтаар нөхөр гараад ирсэн. Тэгээд шинэ нөхөртэй болсон уу гээд их дарамттай байсан. ...Шүүх прокурор нь ингэж болохгүй. Үнэн зөв шийдэх хэрэгтэй. Хүний амьдралыг ингэж болохгүй” гэж мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдээс үзвэл холбогдох шүүгч Д.Б нь тухайн уулзалтын үеэр шүүгдэгчийн эхнэр С.О-н талаар юу ч яриагүй гэх тайлбарыг гаргасан боловч  “...С.О болж бүтэхгүй хүнтэй нийлээд байна”, “битгий нийлүүл”, “мөнгө төгрөг хамт залилаад авсан юм биш биз дээ” гэх агуулга бүхий зүйл хэлсэн нь гэрч Б.О, Б.Б, Л.Б нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Харин шүүгч шүүгдэгчийн эхнэр С.О-н талаар буюу “танай бэр чинь Т.Ц хоёр уяач, уяачийн малчин хоёртой хамт амьдардаг завхайраад л хэвтэж байдаг шүү дээ” гэж хэлсэн нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдоогүй, зөвхөн өргөдөл гаргагчийн тайлбар болон түүний охин М.Баяржаргалын мэдүүлэгт дурдагдаж байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Хэдийгээр шүүгч нь тухайн уулзалтын үед бусад хүний зан байдал, ёс зүй, нэр төрийн талаар тодорхойлсон гэх үйлдэл нь тогтоогдоогүй боловч шүүгч бусад этгээдтэй харилцахдаа буруу ойлгогдохоор үг хэллэг хэрэглэх, үйлдэл гаргахаас зайлсхийж ажиллавал зохино.

Мөн тогтоолд холбогдох шүүгч нь М.А-ний эхнэр С.О, М.А-ний ээж н.Э-тай ямар зорилгоор уулзсан, энэ үйлдэлд шүүгч буруутай эсэхийг шалгах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Сахилгын хэрэгт шүүгч Д.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр прокурор Б.Б, шүүгчийн туслах Б.О нарыг байлцуулан шүүгдэгч М.А-ний эхнэр С.О-тай уулзсан тэмдэглэл авагджээ.

Тус уулзалтын тэмдэглэлд “..С.О: Ц нь найз зүгээр. Би танилцаж хөдөө байдаг гэж хэлсэн. Ц эгч нь туслаад өгөх үү гээд хэлсэн гэв. Шүүгч: Ц нь мөнгө нэхсэн үү, Таныг буруутгах гэж дуудаагүй. Ц нь бид нарын нэрийг бариад байна. Албан ёсоор бид нар Ц-ыг танихгүй. Ц хахууль авсан гэдэг хэргээр шалгагдаж байгаа. Бид нарыг хэлэн бусдаас мөнгө нэхсэн байна. Ц өмнө нь залилангийн хэргээр ял шийтгэгдэж байсан. Ц-ыг өнөөдрийн байдлаар дахин шалгуулж байгаа. Албан ёсоор танилцуулж байна. Ар гэртээ хэлээрэй. Бид нар ямар ч холбоогүй. Ц өмнө нь шалгагдаж залилангийн хэргээр ял сонссон. Одоо дахин залилан хийсэн байна. Мөнгө эд хөрөнгөөр хохиров оо. Бид нар анхааруулж байна. Одоо авлигын хэргээр шалгагдаж байгаа. Албан ёсоор хэлж байна. Прокурор Б.Б: Эр бүхий албан тушаалтан шийдэх гэж байгаа. Хэргийн талаар шалгагдаж, нөлөөллийн мэдүүлэг тайлбарласан. Өөрийг чинь буруутгах гэж дуудаагүй анхааруулж, дахин залилуулав. Шүүгч: Нөлөөллийн мэдүүлэг тайлбарлав. Ц-д одоогийн байдлаар бид нартай уулзсан талаар ярьж болохгүй өөрсдөө дахин хохиров сайн анхааруулж байна. С.О: Ц-тай хөдөө танилцсан. Өөр юм байхгүй. Шүүгч: Эмзэг сэдвээр нь өөртөө давуу байдал үүсгэж залилан хийгээд яваад байна. Прокурор Б.Б: 150 удаа залилсан хэрэг байна. Шүүгч: Ц худлаа шүү залилан хийгээд яваад байгаа. Бүтэхгүй Ц-ын талаар хадам аавдаа сайн хэл. Анхааруулахгүй бол болохгүй байна” гэж хэлсэн нь бичигдсэн байна.

 Мөн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүгч Д.Б нь шүүгдэгч М.А-ний ээж Л.Э-тай уулзсан. Тус уулзалтад “Л.Э: Өнөөдрийг хүртэл прокурор, шүүгчийг танихгүй явсан байна. Аав, ээж, хүүхэд, хань байхад ганц хүү маань ийм хэрэгт холбогдлоо. Дээд шүүхээр хянуулаад хоёр сар болсон. Мэргэн шүүх, прокурор байна. Шинжээч эмчийн дүгнэлт байна. Тогтоолыг дахин дахин уншсан. Эр хүний нүдээр эргэлзэж үзэх боломж байсан уу. Миний хүүд итгэж А-г батлан даалтад яагаад гаргаж өгөөгүй юм. Хүү А-ний биеийн байдал хэцүү байна. Батлан даалтад гаргаж өгөх боломж байна уу гэхэд Шүүгч: Гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй дахин хүсэлт хэлэлцэнэ. Эргэлзээтэй дүгнэлт гаргасан тул дахин хянан хэлэлцэнэ гэв. Л.Э: Бид нар ял авах хүмүүс биш. Батлан даалтад гаргах хүсэлттэй байна. 10 сая төгрөг байршуулаад батлан даалтад гаргаж өгнө үү. Ц нь эхний удаа 10 сая, дараагийн удаа 20 сая төгрөг нэхсэн” гэж хэлсэн нь тэмдэглэлд бичигджээ.

Энэ уулзалтын талаар гэрч Л.Э /шүүгдэгч М.А-ний ээж/ “...Би өөрөө хүсэж уулзсан. 02 сард байсан. ...Хүү маань өлсгөлөн зарлаад хоол унд идэхгүй байсан. Би өргөдөл гомдол өгч байж хүүгээ хэд хоног сахисан. Хүү маань ганц үгийн зөрүүгүй надтай ийм байдалтай уулзахгүй гэсэн. Тэр хүртэл миний хүүгийн шүүгч, прокурор ямар хүн байдгийг мэдэхгүй байсан. ...Өглөө нь шүүгчтэй уулзсан. Ганц хүүгээ урдаа оруулах боллоо. Одоо яах вэ гэдэг байдлаар асуух гэж уулзсан. ... шүүгч Энхтуяа эгчээ тайван бай. Ээж хүн амгалан тайван байж үнэн зөвөөр шийдэж өгнө гэсэн. За ойлголоо гээд ажилд нь амжилт хүсье гээд гарсан” гэх мэдүүлгийг өгсөн байна.

 Гэрч Б.О /шүүгчийн туслах/  “...Э нь өөрөө шүүгчтэй уулзъя гээд манай өрөөнд ороод ирсэн. Би шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй  шүүгч уулзах хориотой уулзаж болохгүй гэж хэлсэн. Манай өрөөнөөс гараад явсан. Удаагүй шүүгч лангаар хурдан ороод ир гээд бичсэн. Тэгээд шүүгчийн өрөөнд орсон чинь Э уйлаад сууж байсан. Тэгсэн чинь хоёр давхар луу өөрөө шүүгчийн өрөөнд яваад орсон байсан. Хоёр давхрын хаалга кодгүй байдаг болохоор шууд орсон байсан. Э нь уйлаад манай хүүхдийг батлан даалтад гаргаад өгөөч гээд шүүгчийн өрөөнд орсон байсан. Шүүгч үүнийг би дангаар шийдэхгүй. Гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийднэ гэж хэлээд өөр юм хэлээгүй. Би тэгээд та шүүгчийн өрөөнд орж болохгүй шүү дээ гээд аваад гарсан” гэх мэдүүлгийг өгсөн.

Холбогдох шүүгч Д.Б “...Намайг өрөөндөө сууж байхад Э нь уйлаад ороод ирсэн. Би танихгүй юм чинь хэн бэ асуухад А-ний ээж байна гэсэн. Би туслахаа лангаар дуудсан. Манай туслах орж ирээд та чинь яагаад орж ирж байгаа юм бэ гээд хэлсэн. Тэр үед А өлсгөлөн зарласан байсан. Тэгээд даалтад гаргамаар байна гэж хэлсэн. Би энийг ганцаараа шийдэхгүй бүрэлдэхүүнтэй шийдэх асуудал гэж хэлсэн. Тийм л зүйл ярьсан. Өөр юм яриагүй. Тэгээд туслах аваад гарсан. ... О-тай уулзахад прокурор байлцсан. Мөнгө төгрөг нэхсэн асуудалд прокурор, бид хоёрын нэр гараад байхаар нь асуух гээд уулзсан. Өөрөө шүүх дээр явж байхад нь уулзсан. Тэр үед прокурор манай гурван давхарт байсан. Ийм асуудал яригдаад байна. Тийм зүйл байхгүй шүү залилуулчхав гээд хэлсэн. Өөр юм яриагүй” гэх тайлбарыг гаргасан байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч Д.Б нь шүүгдэгч М.А-ний ар гэрийн хүмүүс болох эцэг Л.М, эх Л.Э, эхнэр С.О нартай уулзсан нь тогтоогдож байх боловч ийнхүү шүүгдэгчийн ар гэртээ уулзсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасанд хамаарахгүй.

 Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.13-т "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг”, 1.3-т "бусад оролцогч" гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг ойлгоно” гэж заасан.

Дээрх хуульд заасан хэргийн оролцогч болон бусад оролцогч гэх ойлголтод шүүгдэгчийн ар гэр хамаарахгүй тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй байна.

Мөн шүүгч шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй уулзахдаа шүүгчийн туслах, прокурор, өмгөөлөгч нарыг байлцуулж, уулзалтын үед яригдсан зүйлийг тэмдэглэлээр баталгаажуулан хэрэгт хавсаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн тогтоолд “...Т.Ц-ын талаар ямар тодорхойлолт гаргасан талаар нотлох дүгнэлтэд дурдаагүй” гэжээ.

... шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор Т.Ц-г бусдыг хуурч, итгэлийг эвдэн албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаарх баримтыг сахилгын хэрэгт хавсаргагджээ.

Шүүгч Д.Б  нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ... Прокурорын газарт Т.Ц гэгч нь шүүгч болон прокурорын нэрийг барин иргэнээс мөнгө нэхсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан байна.

 Тухайн гомдол, мэдээлэлд ... Цагдаагийн газраас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 231400063 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар лавлагааг Баянхонгор аймгийн Прокурорын газраас ирүүлжээ.

Сахилгын хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгч Д.Б-ийн тайлбар, шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй уулзсан уулзалтын тэмдэглэлд шүүгч “...Т.Ц  нь залилангийн хүн. Ял шийтгүүлсэн хүн” гэж хэлсэн болох нь тогтоогдож байх боловч дээрх үйлдэл нь шүүгдэгчийн ар гэрт анхааруулга өгөх зорилготой, мөн Т.Ц гэх хүнтэй холбоогүй болохоо тайлбарласан гэж үзэхээр байна.

Иймд шүүгч Д.Б-ийг дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн тухайн өргөдөлд дурдсан Т.Ц нь шүүгч, прокурорын нэрийг барьж бусдаас мөнгө нэхсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул уг асуудалд нэр дурдагдаж буй Т.Ц-ыг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзсэн болно.

2. Өргөдөл гаргагч “...Миний хүү М.А нь ар гэр шүүх прокурор ийм зөрчилдөөнтэй байгаа тул энэ байдал хэрэг шийдэхэд нөлөөлнө гэж үзээд аймгийн шүүгчээс хэрэг шүүх гэж байсан шүүгч Д.Б, прокурор Б.Б нараас удаа дараа татгалзсан боловч шүүх хүлээн аваагүй хэргийг шийдсэн. Ер нь би энэ шүүгчийг ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй хэрэг шийдвэрлэх боломжтой гэж үзээд байгаад үнэхээр их гайхаж байна” гэжээ.

Тухайн эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч М.А-ээс тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг гаргасан байх бөгөөд ... шүүхийн шүүгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар зөвлөгөөний тогтоолоор “М.А-ний шүүх бүрэлдэхүүнийг  татгалзан гаргах хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэн шүүгдэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч М.А нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд прокурор Б-с “...Ц гэх эмэгтэй О-р дамжуулж манай ааваас 15 сая төгрөг, 1 үнээний мах өгчих, прокурор Б.Б миний дотнын найз гэж хэлсэн” гэх үндэслэлээр, мөн шүүгч Д.Б-с “...Т.Ц гэх эмэгтэй манай эхнэр О-р дамжуулж манай ааваас 15 сая төгрөг, 1 үнээний мах өгчих, шүүгч Д.Б нь миний үеэл ах гэж хэлсэн байдаг. ...шүүгч миний хувийн амьдралд оролцож, ...манай аав, ээжтэй уулзахдаа, манай эхнэрийг өөр нөхөртэй болсон талаар хэлсэн байсан. ..хэт нэг талыг барьж, хувийн сонирхлоор хандаж байна” гэх үндэслэлээр тус тус татгалзан гаргах хүсэлт гаргасан байна.

... шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШТ/16, 2023/ШТ/18 дугаар шүүхийн тогтоолуудаар “Т.Ц нь энэ хэргийн оролцогч биш, харин шүүгдэгчийн эхнэр С.О нь тус хэрэгт гэрчээр буюу бусад оролцогчоор оролцсон. ...шүүгдэгчийн татгалзалд дурдсан асуудал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэн М.А-ний хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй”, 1.1-т “оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол”, 1.2-т “тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол”, 1.3-т “өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол”, 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол”, 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурорыг татгалзан гаргахтай холбоотой асуудлыг энэ хуулийн 10.1, 10.3 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна” гэж заасан.

Дээрхээс үзвэл шүүгдэгч М.А-ний гаргасан хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгч, прокурорыг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй байх тул уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

3. Өргөдөлд “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нарийн мэргэжлийн эмч нар М.А-ийг өөрийн биеэр шинжилгээнд оруулсан боловч шинжилгээ оношилгооны хариуг үндэслээгүй энэ хэргийг шийдвэрлэсэн” гэж дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлд тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул тухайн өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

Мөн хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Иймд ... шүүхийн шүүгч Д.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүн нэр бүхий шүүгчид холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2024/0008 дугаартай “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГНД/2024/0007 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох” дүгнэлт гаргасан байна.

Тус нотлох дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцэж, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн СХТ/2024/0041 дүгээр “Сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцаах тухай” тогтоолоор ... шүүхийн шүүгч Д.Б-д холбогдох нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч гишүүн  тогтоолд дурдсан үндэслэлээр сахилгын хэрэг шалгах ажиллагааг явуулж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2024/0066 дугаар “Сахилгын хэрэг хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан байна.

Шүүгдэгч М.А-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүгч Д.Б хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгчийн аав Л.М, дүү М.Б, өмгөөлөгч Б.Б, Л.Б, прокурор Б.Б нартай уулзахдаа нөлөөллийн мэдүүлэг тайлбарлан, шүүгчийн туслах Б.О-р тэмдэглэл хөтлүүлсэн байна.

Тухайн уулзалтаар н.Ц гэх иргэн холбогдох шүүгч болон нэр бүхий прокурорын нэрийг барьж шүүгдэгч М.А-ийн ар гэрээс мөнгө нэхсэн үйлдэл болсон эсэх талаар асууж, залилах гэмт хэргийн хохирогч болж болзошгүйг тайлбарласан байх бөгөөд өргөдөлд бичсэн “шүүгдэгчийн эхнэрийн талаар шүүгч ярьсан” гэх үг тус уулзалтын тэмдэглэлд тусгагдаагүй, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдоогүй, зөвхөн өргөдөл гаргагчийн тайлбар болон түүний охин М.Б-ын мэдүүлэгт дурдагдаж байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.36-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байх учир илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байна.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримт буюу уулзалтын тэмдэглэл, нөлөөллийн мэдүүлэг, шүүгчээс ... Прокурорын газар гаргасан гомдол зэргээс үзэхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шууд хамаарал бүхий асуудлаар бус шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өгсөн мэдээллийн дагуу гэмт хэргийн шинжтэй үйл баримт болсон эсэхийг тодруулахаар хэргийн оролцогч бус этгээд болох шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй уулзсан энэхүү үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасанд хамаарахгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл”, 10.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл”, 10.3 дахь хэсэгт “Шүүгчийг татгалзан гаргах”, 10.4 дэх хэсэгт “Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх” талаар тус тус зохицуулсан заалт, Улсын Дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолд нийцүүлэн хуулиар эрх олгосон субъект “...шүүгч Д.Б-с татгалзах тухай хүсэлт нь хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй байна...” хэмээн шийдвэрлэсэн байна.

            Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэхэд ... шүүхийн шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах бөгөөд харин шүүхийн шийдвэрийг үнэлэх, хүчингүй болгох, өөрчлөлт оруулах эрх хуулиар олгогдоогүй тул шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйл баримтыг дүгнээгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                          Б.СУГАР

                        ГИШҮҮН                               Ц.ДАВХАРБАЯР

                                                                       Х.ХАШБААТАР