info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-01

Дугаар 90

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Л.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...шүүгч Л.А- нь Ж.Б-ын “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.О-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тус компанийн ерөнхий захирал С.М-ыг хамтран хариуцагчаар татах, мөн хариуцагч “Э” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.О-ээс татгалзах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Ж.Б-ын нэхэмжлэлийн хариуцагч нь “Э” ХХК буюу хуулийн этгээд болох нь тогтоогдож байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэснийг зөрчөөгүй байна. Энэхүү хөдөлмөрийн маргаанд “Э” ТӨҮГ болон тус газрын хууль зүйн хэлтсийн даргаар ажилладаг /шүүгчийн нөхөр/ Х.Б оролцоогүй байна. Шүүгч Л.А- нэхэмжлэлийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан хуваарийг зөрчиж хүлээн авсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл тогтоогдоогүй болно. Өргөдөлд дурдсан “...шүүгч нь туслах Ж.Х-аар дамжуулан дарамт шахалт үзүүлэн нэхэмжлэлийг гардаж авахыг шаардсан..” гэсэн нь хэргийн баримтаар үгүйсгэгдэж байна. Шүүгч сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Ч.Г өргөдөлдөө “...Э ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн дарга Х.Б-ын эхнэр шүүгч Л.А- нь шүүхийн харьяаллыг илэрхий зөрчсөн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй. УБ хотод суудаг хүнийг ... аймагт заавал авч ир гэсэн хууль бус ажиллагааг шүүгчийн бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байдлаар явуулсан. ...хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гарган, цагдаагийн байгууллагад даалгаж, дарамт шахалт үзүүлж байна. Шүүгч Л.А-ийн нөхөр Х.Б нь “Э” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн даргаар ажилладаг. Тэрээр хэргийн оролцогч Ж.Б-тай уулзаж зөвлөгөө өгсөн бөгөөд “Э” ТӨҮГ-ын 25 хувийн хувьцааг эзэмшдэг “Э” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлттэй холбоотой хэргийг Л.А- шүүгч шийдвэрлэх нь хуульд харшилж байна. нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар “Э” ХХК-г татаагүй байхад хуулийн этгээдийн хаягаар нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийсэн нь Шүүхийн тухай хуулийн 50.1.23-г зөрчсөн. Мөн татгалзан гарах үүргээ биелүүлэхгүй байгаа нь Шүүхийн тухай хуулийн 50.1.28-г зөрчсөн” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа “Ж.Б- нь “Э” ХХК, ТУЗ-ын дарга Д.О-д холбогдуулан ...тогтоол хууль болон дүрмийг зөрчсөн болохыг тогтоолгох, ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсэн. “Э” ХХК нь ... аймгийн ... суманд үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээд. Ингээд хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа явуулахад ирдэггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилдоггүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагч оролцуулах хариуцагчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарсан. Энэхүү иргэний хэрэг “Э” ТӨҮГ-тай хамааралгүй, хэргийн оролцогч биш. Миний хувьд эрхэлж буй албан тушаалаа гэр бүлийн харилцаанд хамааралтай хэн нэгэнтэй хольж хутгах ёс зүйгүй нэгэн биш” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл,

1. Ж.Б- нь шүүхэд хандан ...тогтоол хууль болон компанийн дүрмийг зөрчсөн болохыг тогтоолгох, “Э” ХХК-ийн ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг ... аймаг, ... сум, ... баг, “Э” ХХК, Төлөөлөн удирдах зөвлөл, дарга Д О- гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлийг ...шүүхийн шүүгч Л.А- хүлээн авч, 2021.10.05-ний өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, улмаар хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагаа явуулахад З.О- нь УБ хотод амьдардаг тухайгаа мэдэгджээ.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч хариуцагчийг албадан ирүүлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасан, шүүгчийн 2021.10.26-ний өдрийн ... дугаар захирамжаар Д.О-г албадан ирүүлэхээр шийдвэрлэж, уг ажиллагааг гүйцэтгэхийг даалгасны дагуу цагдаагийн байгууллага зохих ажиллагаа хийжээ.

Нэхэмжлэгч тал 2021.12.02-ны өдөр нэхэмжлэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтдээ “...ТУЗ, дарга Д.О-” гэснээс татгалзсан, шүүгчийн 2021.12.23-ний өдрийн ... дүгээр захирамжаар нэхэмжлэгч нь хариуцагч Д.О-гээс татгалзсан болохыг баталж шийдвэрлэсэн нь тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг ойлгодог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох бөгөөд шүүх нэхэмжлэлд дурдсан этгээдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Харин тухайн этгээд нэхэмжлэлийг хариуцах эсэхийг хэрэг хянан хэлэлцсэний эцэст шийдвэрлэх бөгөөд тухайн этгээд хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж буй бол энэ талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Түүнчлэн нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан.

Нэхэмжлэгч нь “Э” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.О-д холбогдуулан тус компанийн ТУЗ-ийн 2021.09.22-ний өдрийн ... тоот тогтоол хууль болон дүрмийг зөрчсөн болохыг тогтоолгох, ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан ба хариуцагчийн хаягийг Орхон аймаг, Баян-Өндөр сум... гэжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул шүүгч нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн зөрчилд хамаарахгүй.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дах заалтыг үндэслэн ...шүүхийн шүүгчдийн 2021.03.01-ний өдрийн 7 дугаар тогтоолоор хэрэг, нэхэмжлэл, гомдол хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмыг баталсан бөгөөд Ж.Б-ын нэхэмжлэл энэхүү журмаар шүүгч Л.А-т хуваарилагдсан байна.

Шүүгч Л.А-ийн нөхөр Х.Б “Э” ТӨҮГ-ын хууль зүйн асуудлыг хариуцан ажилладаг болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.

Ж.Б- нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, мөн Х.Б нь Ж.Б- хууль зүйн зөвлөгөө өгсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах боломжгүй тул шүүгч Л.А- нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-г зөрчсөн гэж үзэхгүй.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар шүүгчийн туслах нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүрэгтэй.

Ж.Б-ын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулахыг шүүгчийн туслах Ж.Х-д даалгасан, тэрээр энэхүү захирамжийн дагуу нэхэмжлэл гардуулах зорилгоор нэхэмжлэлд дурдсан Д.О-гийн ... дугаар утсаар холбогдож, шүүхэд ирж нэхэмжлэл гаргаж авах талаар ярилцсан ба энэ тухай баримт үйлдсэн, тэрээр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурджээ. Тодруулбал, шүүгчийн туслах нь хууль болон захирамжаар даалгасан үүргээ гүйцэтгэснийг шүүгч Л.А- туслахаараа дамжуулан дарамт шахалт үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн шүүгч Л.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                           Д.АРИУНТУЯА

Ц.ДАВХАРБАЯР