info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-18

Дугаар 68

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Н нарыг оролцуулан хийж, ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х, шүүгч Д.С, С.Б нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ГС/2024/0069 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“Өргөдөл гаргагчаас “...шүүх прокурорын түүвэрлэн авчирсан 5 хавтас хэргийн хүрээнд цагдан хорионы асуудлыг шийдвэрлэсэн, ...шүүх хуралдааны дэг, мэтгэлцээний дарааллыг баримталдаггүй, татгалзан гарах эрхийг танилцуулдаггүй, татгалзан гарах эрхийг эдлүүлээгүй, ...шүүгч С.Б шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан шийдвэр байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, ...ажлын бус оройн цагаар хурал зарлаж яллагдагч болон өмгөөлөгчийн эзгүйд хурал хийж цагдан хорьсон” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

“Т” ХХК-ийн захирал А.Г нь бусадтай үйлдлээрээ нэгдэн бүлэглэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан төсөл арга хэмжээнд ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлж оролцон, улмаар “Т” ХХК-аас ирүүлсэн төслийн материал нь тодорхойлолтод заасантай нийцээгүй байхад ажлын хэсгийн гишүүдийн хуралдаанаар дэмжиж, захиалагчаас гэрээ байгуулан, 134,561,367,100 төгрөгийн санхүүжилтийг тус компанид олгох боломжийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт оролцсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хойшлуулшгүйгээр баривчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Г-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “залилах гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруул үйлдсэн”, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэж нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид энэ зүйлд заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж, 14.13 дугаар зүйлийн 1-т “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэж тус тус заасан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3 дугаар зөвлөгөөний тогтоолын 1.2-т “...Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох асуудлыг шүүгч Д.С-р шийдвэрлүүлнэ” гэжээ. /1хх 154-156, 2хх 62-68/

            Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 хэлтсийн хяналтын прокуророос гаргасан эрүүгийн 230200644.... дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан А.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг дээрх зөвлөгөөний тогтоолын дагуу тус шүүхийн шүүгч Д.С анх хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/227-я дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр А.Г-т нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Тус шүүгчийн захирамжид яллагдагчийн өмгөөлөгчөөс гомдол гаргаж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-ны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ЕШЗ/877 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. /1хх 23-27, 181-185/

Мөн яллагдагчийн өмгөөлөгчөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгч Д.С-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1536 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан байна. /1хх 191-193/

Шүүгч Д.С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/227-1, 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/227-2, 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/227-3, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/227-5 дугаар шүүгчийн захирамжуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл мөн тогтоогдсон гэж үзэж яллагдагч А.Г-т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нийт 4 удаа сунгасан байна. Дээрх шүүгчийн захирамжуудад яллагдагчийн өмгөөлөгчөөс гомдол гаргасныг Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ЕШЗ/962, 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ЕШЗ/1031, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЕШЗ/59 дүгээр захирамжуудаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /1хх36-50, 65-68, 127-137, 198-234/

 

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЕШЗ/155 дугаар захирамжаар А.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах саналыг шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.Б-г томилж, мөн өдрийн 2023/ШЗ/227-4 дүгээр захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр А.Г-т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж, тус захирамжид яллагдагчийн өмгөөлөгч гомдол гаргасныг Ерөнхий шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЕШ/171 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. /1хх116-126, 235-245/

Улмаар Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 4/1468 дугаар албан бичгээр 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн яллагдагч А.Г нарын 24 хүнд холбогдох эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хэргийг ....Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ЕШЗ/260 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагчийг томилж, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЕШЗ/330 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг өөрчилжээ. /1хх 69-93, 139-143/

Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/786, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/939 дугаар шүүгчийн захирамжаар хойшилж, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон болох нь ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн bsch-court.gov.mn цахим хаягт нийтэд илэрхий хэлбэрээр байршсан байна. /2хх123,124/

Холбогдох шүүгч нар нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгт цугласан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийн ээдрээ төвөгтэй байдал, цар хүрээ, холбогдсон гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй зэргийг харгалзан үзэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.

Нөгөө талаас, эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авахаар хуульчилсан ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно. Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн гаргасан эрхийн актыг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй болно.

 

Өргөдлийн үндэслэлийг дараах байдлаар авч үзвэл:

Нэг. Шүүх прокурорын түүвэрлэн авчирсан 5 хавтас хэргийн хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар А.Г-т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурорын саналыг хэлэлцсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд:../2хх81-100, /

шүүгч Д.С-ийн даргалсан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд 4 хавтас хэрэг, 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд 4 хавтас хэрэг, 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд 2 хавтас хэрэг, 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд 4 хавтас хэрэг, 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд 5 хавтас хэрэг, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд 61 хавтас хэрэг,

шүүгч С.Б-ын даргалсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 10 минутад эхэлсэн шүүх хуралдаанд 5 хавтас хэрэг, шүүгчээс татгалзсан хүсэлт шийдвэрлэсний дараа үргэлжилсэн 19 цагийн хуралдаанд 6 хайрцаг 50 гаруй хавтас хэрэг прокурор авчирсан болох нь тогтоогдож байна.

Мөн Ерөнхий шүүгч Б.Х-ны даргалсан яллагдагч А.Г-ийн өмгөөлөгчийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянасан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгчийн ширээн дээр хэдэн хавтас хэрэг байгаа нь бичлэгт харагдахгүй байна, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд мөн шүүгчийн ширээн дээр хэдэн хавтас хэрэг байгаа нь харагдахгүй байх боловч өмгөөлөгч Г.Ц прокурор бүх хэргээ авчрах ёстой гэх тайлбар хэлсэн байна.

Энэ талаар гэрч Л.С “...Эхлээд эрүүгийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа эхлээд удаагүй байсан тул хэргийг боогоогүй хар хавчаараар үдэж, 2-3 хавтас хэрэг авч очсон. Хэргийг боосны дараа 4-6 хавтас хэргийг шүүхэд авч очсон. Бүх хэргийг авч очих хуулийн зохицуулалт байхгүй. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагт үргэлжилсэн хэлэлцүүлэгт бүх хавтас хэргийн материалыг авчруулсан. Шүүх рүү шилжүүлэхэд 65 хавтас болсон, мөрдөн шалгах ажиллагаанаас 62 хавтас хэрэг ирсэн. Гомдлын хуралдаанууд дээр мөн адил санал шийдвэрлэхэд авч очсон хэргийн материалуудаа буюу 2-6 хавтас хэрэг авч очсон. Тухайн хэрэг нь шүүхэд шилжих үед 65 хавтас хэрэг байсан, 27 хүнд холбогдуулж шалгасан. Таслан сэргийлэх арга хэмжээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх хуралдаанд гэм буруугийн асуудал шийдвэрлэхгүй бөгөөд А.Г-с бусад яллагдагч нарын үйлдэлтэй холбоотой нотлох баримтыг авч очих шаардлагагүй байсан. Энэ нь хэргийн аюулгүй байдал, мөрдөн шалгах ажиллагааны нууцлал талаасаа бүх хавтаст хэргийг авч очих боломжгүй байдаг. Мөн тухайн хэрэгт бусад оролцогч нараас гомдол гаргасны дагуу дээд шатны прокуророос хянаж байсан. Тус хуралдаан удаа дараа хойшилсон учир хэргийг бүхэлд нь авч очоогүй. Бусад хэргийн хувьд ч мөн адил бүгдийг нь авч очдоггүй. Зөвхөн таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой баримтуудаа авч очдог.” гэж,   

гэрч Б.Л “...Прокуророос эхлээд саналаа ирүүлдэг ба прокурор хурлын цагтаа хэргээ авчирдаг. Тухайн үед хэдэн хавтас ирж байсныг нэг бүрчлэн сайн санахгүй байна. Шүүх дээр хэрэг үлддэггүй. Прокурор өөрөө хэргээ авчраад буцаагаад аваад явчихдаг. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан 14 цагт бүх хэргийг авчраагүй байсан. 19 цагт хурал үргэлжлэхэд бүх хэргээ авчирсан. Өмнө нь хэргийн оролцогч бүх хэргээ авчраагүй гэдэг асуудал ярьж байгаагүй. Бусад хэргийн хувьд ч прокурор саналд бичигдсэн үндэслэлтэй холбоотой хэргүүдийг авчирдаг. Бүх хэргээ авчирдаггүй.” гэж тус тус мэдүүлжээ. /2хх71-72, 78-80/

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн “2.mp4” нэртэй бичлэгийн 0:37:36-0:37:50 минутад, Өмгөөлөгч Г.Ц: Хавтаст хэрэг яагаад байхгүй байгаа юм бэ. Бид нар яримаар байна гэхэд 0:37:56-0:39:08 минутад Прокурор: Нэгэнт гэм буруугийн асуудал шийдвэрлэхгүй учраас цагдан хорих таслан сэргийлэх асуудалтай холбоотой мөн яллагдагчаар татсантай холбоотой хэрэг материалыг авчраад хурлаа хийлгээд явж байгаа. 55 хавтаст хэргийг өдөр болгон нааш цаашаа аваад явах боломжгүй. Хэргийн аюулгүй байдал, нууцлалын асуудал яригдана. Гэм буруугийн асуудал шийдвэрлээгүй, зөвхөн таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх гэж байгаа. Хэргийн бүхий л нөхцөл байдал харагдахаар хавтас хэргүүдийг авчирсан гэж үзэж байна. Дээрээс нь өмнө хурлууд дээр 5-7 хавтас хэрэг нэг хүн авчрах хэмжээгээрээ авчирч байгаа. Нэг хүн 55 хавтас хэрэг авчрах боломжгүй. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхгүй шүү дээ гэж хэлсэн болох нь бичигджээ. /2хх88-89/

Шалгах ажиллагааны явцад, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г нарт холбогдох эрүүгийн 230200644.... дугаартай хэрэгт үзлэг хийхэд 65 хавтас 16056 хуудас хэрэг байсныг тэмдэглэлээр бэхжүүлсэн болно. /1хх16/

 

Ийнхүү шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүдээр прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт хэлэлцсэн шүүх хуралдаануудад прокуророос бүх хавтаст хэргийг авчраагүй гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдож байх боловч энэ үндэслэлээр холбогдох шүүгч нарыг хуулийн илт тодорхой заалт ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэгт зөвхөн прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэнэ. Тус эрүүгийн хэрэгт өргөдөл гаргагчаас гадна 23 хүн холбогдсон болох нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр яллах дүгнэлтээр тогтоогдож байх ба бусад яллагдагч нартай холбоотой болон гэм буруугийн асуудлыг А.Г-т авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг хэлэлцэх хуралдаанаар шийдвэрлэхгүй юм.

Хоёр. Шүүх хуралдааны дэг, мэтгэлцээний дарааллыг баримталдаггүй, татгалзан гарах эрхийг танилцуулдаггүй, татгалзан гарах эрхийг эдлүүлээгүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Шүүгч Д.С нь 2023 оны 10 дугаар сарын 04, 2023 оны 10 дугаар сарын 24, 11 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 29, 12 дугаар сарын 27-ны өдрүүдийн нийт 5 удаагийн шүүх хуралдаан даргалахдаа “Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө тусгайлан шийдвэрлүүлэх хүсэлт, татгалзал байна уу” гэж асуусан болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /2хх81-86/

Шүүгч С.Б нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг даргалахдаа тухайлан татгалзал байгаа эсэхийг асуугаагүй байх боловч хэлэлцүүлгийн явцад яллагдагчийн өмгөөлөгч Д.Д-с шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, мөн өдрийн Ерөнхий шүүгчийн 2024/ЕШЗ/156 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхисон байна. Өөрөөр хэлбэл шүүгчийг татгалзсан, түүнийг шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. /1хх157-158, 2хх87-95/

Ерөнхий шүүгч Б.Х нь яллагдагч А.Г-ийн өмгөөлөгчөөс шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянасан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг асуугаагүй байна. Харин 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийгөө болон нарийн бичгийн даргыг танилцуулж, татгалзах зүйл байна уу гэж асууж, хуралдаанд оролцогч  нар байхгүй гэж хариулжээ. /2хх98-100/

Мөн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд яллагдагч А.Г ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс, түүний өмгөөлөгч Г.Ц шүүгч Д.С, Б.Х нараас татгалзан гаргах хүсэлт гаргасныг ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мөн өдрийн 7 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /2хх118-122/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлд Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийн талаар зохицуулсан ба 5 дахь хэсэгт Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ үндэслэлийг шүүхэд танилцуулна гэжээ. Дээрх шүүх хуралдаануудад прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэж, хүсэлттэй холбоотой тайлбар, нэмэлт тайлбар байгаа эсэхийг асууж, тухай бүр тайлбар хэлүүлж байсан болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, түүнд хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг явуулах дэг, дарааллыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй тул холбогдох шүүгч нар нь шүүх хуралдааныг даргалахдаа хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна. Хуулиар тусгайлан зохицуулсан, өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй заалтыг зөрчсөн үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх нийтлэг эрхийг эдлүүлж байхыг холбогдох шүүгч нар анхаарах нь зүйтэй.

Гурав. Шүүгч С.Б шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан шийдвэр байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Шалгах ажиллагааны явцад Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г нарт холбогдох эрүүгийн 2302006440349 дугаартай хэрэгт үзлэг хийхэд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагчаар шүүгч С.Б-ыг томилсон эрхийн акт авагдаагүй байсан болно. /1хх16/

Тус шүүхийн 2024 оны ерөнхий шүүгчийн захирамжийн өнгөн хувьд үзлэг хийхэд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЕШЗ/155 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар А.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах саналыг шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.Б-ыг томилж, албажуулсан байсныг үзлэгээр бэхжүүлсэн авсан. /1хх148/

Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3 дугаар зөвлөгөөний тогтоолын 1.2-т “Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох асуудлыг шийдвэрлэх, Зөрчлийн хэргийг Д.С, түүний эзгүйд /өвчтэй, чөлөөтэй, томилолт, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай үед/ шүүгч Д.Р-оор шийдвэрлүүлнэ”, 1.3-т “Шүүгч Д.С, Д.Р нарын эзгүйд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох асуудлыг нэр бүхий шүүгч нараас Ерөнхий шүүгчийн томилсноор шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ. /1хх154-156/

Шалгах ажиллагааны явцад, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ГЗБ/2024/0284 дугаар гишүүний захирамжаар тус шүүхийн шүүгч Д.С, Д.Р нар эзгүй байсан эсэхийг тодруулахад шүүгч Д.С 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн тусламж авсан талаарх тайлбарыг, эмчийн үзлэгийн тодорхойлолтын хамт, шүүгч Д.Р 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны хооронд Инфинити эмнэлэгт мундас /пара/ хагалгаанд орсон талаарх тайлбар, эмнэлгийн магадалгааны хамт тус тус ирүүлсэн байна. /2хх101-112/

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүгч Д.С, Д.Р нар эзгүй байсан учир дээрх зөвлөгөөний тогтоолын 1.3-т заасны дагуу 2024/ЕШЗ/155 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар А.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг саналыг шийдвэрлэх хуралдаан даргалагчаар С.Б-ыг томилсныг албажуулсан байна.  Иймд шүүгч С.Б албажуулах захирамжгүй прокурорын саналыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Дөрөв. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлын бус, оройн цагаар хурал зарлаж яллагдагч болон өмгөөлөгчийн эзгүйд хурал хийж цагдан хорьсон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж, 14.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх цагдан хорих хугацааг сунгах тухай прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргана.”  гэж  тус тус заасан.

.... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 229 дугаар албан бичгээр “...санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгддэг тул Тамгын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хуралдааны тов гардаггүй.” гэжээ. /1хх150/

А.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах саналыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон боловч яллагдагчийн өмгөөлөгч Г.Ц хуралдаан давхацсан гэх үндэслэлээр, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад товлосон боловч хүүхдээ яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт товлосон шүүх хуралдааныг тэрээр хувийн шалтгааны улмаас орхин гарсан болох нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/227-4 дүгээр шүүгчийн захирамж, өмгөөлөгч Г.Ц-ээс 2024 оны 01 дүгээр сарын 30,31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт,

гэрч Б.Л-ын “...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн прокурорын саналыг хэлэлцэх хуралдааныг удаа дараа товлосон боловч Ц өмгөөлөгчөөс удаа хойшлуулсан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хугацаа сунгах саналыг хэлэлцэх хуралдааныг товлон зарлах нарийвчилсан зохицуулалт байхгүй бөгөөд программаас дугаар авах боломжгүй байдаг. Иймд хуралдааныг хойшлуулах, товлох эрхийн акт гардаггүй. Хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагаас товлогдсон боловч өмгөөлөгч Г.Ц-ээс хойшлуулж хуралдаан 14 цагт эхэлсэн ” гэх мэдүүлэг,

гэрч Л.С-ын “...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар Цагдан хорих хугацаа сунгуулах тухай саналыг 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хүргүүлсэн. Шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутад хуралдааныг товлосон боловч өмгөөлөгч Ц хурал давхацсан үндэслэлээр хүсэлт гаргаж хойшилсон. Г нь 4 өмгөөлөгчтэй бөгөөд хуралдааны товыг мэдэгдэхэд 3 өмгөөлөгч нь оролцохгүй, Ц өмгөөлөгч оролцоно гэдэг. Ингээд 01 дүгээр сарын 31-ний өдөр хурал дахин зарласан боловч мөн өмгөөлөгч Ц хойшлуулах хүсэлт гаргасан. Улмаар хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт зарлагдсан. 10 цагийн хуралдаан эхлэх гэж байхад миний цахим холболт тасарсан. Шүүгчийн туслахаас асуухад үдээс хойш 13 цаг 30 минутаас хурлаа оръё. Та биечлэн оролцоорой гэсэн. Яасан талаар асуухад өмгөөлөгч Ц хуралдааны танхимыг орхиод гараад явчихсан талаар хэлсэн. Ингээд 14 цагт шүүх хуралдаан эхэлсэн” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1хх94-95, 116-126, 2хх71-72, 78-80/ Өмгөөлөгч Г.Ц-ээс шалтгаалан А.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах саналыг хэлэлцэх хуралдаан 3 удаа хойшилсон байх бөгөөд А.Г-ийг цагдан хорих хугацаа 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буюу тухайн өдөр дуусаж байсан байна.

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 10 минутад эхэлсэн шүүх хуралдаанд яллагдагч А.Г цахимаар, түүний өмгөөлөгч Г.Ц, Н.Т, Д.Д нар биечлэн оролцож, яллагдагчийн өмгөөлөгч Д.Д-ээс шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээр шийдвэрлэхээр шүүх хуралдаан түр завсарлажээ. Тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн 6.mp4 нэртэй бичлэгийн 0:14:50-0:14:56 минутад, Даргалагчаас: Ерөнхий шүүгч асуудлыг шийдвэрлэнэ. Зааландаа суугаад хүлээж байгаарай гэж хэлсэн болох нь бичигджээ. /2хх93/

Энэ талаар гэрч Л.С “...Шүүгч татгалзлын асуудлыг ерөнхий шүүгч шийднэ гээд хурал завсарласан. Тэр үед 17 цаг өнгөрч байсан. Татгалзлын асуудал 18 цаг арай болоогүй байхад ерөнхий шүүгч шийдвэрлэсэн талаар шүүгчийн туслах мэдэгдсэн. Шүүгч хуралдаан завсарлуулахдаа хэргийн оролцогч нарыг татгалзал шийдвэрлэтэл байж байгаарай гэж хэлсэн. Яллагдагчийн өмгөөлөгч нар ажлын цаг дууссан учир хурал хийхгүй юм биш үү гэж хоорондоо ярилцаж байсан. 19 цагт хурал үргэлжилнэ гээд шүүгчийн туслахаас надад мэдэгдсэн. Ингээд 19 цагт хурал үргэлжлэхэд бүх хавтаст хэргийн материалыг шүүхэд авчруулж, прокурорын саналыг шийдвэрлэсэн. 19 цагаас хурал үргэлжлэхэд яллагдагчийн өмгөөлөгч нар оролцоогүй, шүүгчийн туслах хуралдааны товыг мэдэгдэхэд өмгөөлөгч нар ажлын цаг дууссан тул хуралд оролцохгүй гэж хэлсэн байсан. Хурал завсарлахаас өмнө өмгөөлөгч нар прокурорын гаргасан саналтай холбоотой тайлбараа хэлсэн байсан ба шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс харагдана.” гэж,

гэрч Б.Л “...хурал дээр өмгөөлөгч Г.Ц-ээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, ажлын цаг тарах үеэр 17 цагийн үед шүүх хуралдаан завсарласан, хуралдаан хойшлоогүй. Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэж, хуралдаан буцаад 19 цагт орохоор болж А.Г-ийн өмгөөлөгч Г.Ц-ийн утас руу холбогдоход “хурал хойшилчих оо гүй юм уу, шүүхээс холдоод явчихсан. Ажлын цаг дуусчихсан байхад танайх хурал хийж болж байгаа юм уу. Угаасаа очихгүй гэж” хэлсэн. Үүний дараа  Д.Д өмгөөлөгч рүү залгахад утсаа салгасан байсан. Тус хурал хойшлоогүй завсарлаад өдөртөө хийгдсэн учир 19 цагт тов мэдэгдсэн баримт хийгээгүй. Өөрийн 9944.... дугаарын утаснаас өмгөөлөгч рүү залгасан” гэж тус тус мэдүүлжээ. Өргөдөлд “...ажлын цаг дууссаны дараа 19 цагт хурлыг зарлаж байна, хурал ер нь бол завсарласан хойшлоогүй гэж шүүгчийн туслах мэдэгдсэн гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс хуралдааныг шүүгч хойшлуулсан гэж хаасан тул оролцогчид танхимыг орхисон, одоо нэгэнт хойшилсон хурлыг ажлын бус цагаар зарлах нь хуульд нийцэхгүй гэж эсэргүүцсэн, зарим өмгөөлөгч нарт хуралдааны товыг мэдэгдээгүй” гэжээ. /2хх71-72, 78-80/

Шүүгчийн туслах Б.Л нь гэрчийн мэдүүлэг өгсөнтэй холбогдуулан өөрийн эзэмшдэг 9944.... утасны дугаарын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дуудлагын жагсаалтыг ирүүлсэн ба яллагдагч А.Г-ийн өмгөөлөгч А.Ц-ийн 9919.... дугаарын утас руу 17 цаг 39 минутад 0:00:51 секунд, 18 цаг 09 минутад 0:01:43 секунд, 18 цаг 29 минутад 0:03:03 секундэд дуудлага хийсэн болох нь тогтоогдож байна. /2хх73/

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагаас үргэлжилсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн 8.mp4 нэртэй бичлэгийн 0:00:04-0:00:20 минутад Нарийн бичгийн дарга: Шүүх хуралдаанд прокурор Л.С ирсэн байна. Яллагдагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн. Яллагдагч Г цахимаар холбогдсон боловч өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцохгүй гээд тасалсан гэж, 0:00:20-0:03:14 минутад, Прокурор: Сая шүүх хуралдаан шүүгчийн татгалзал шийдвэрлэхтэй холбоотойгоор завсарласан. 19 цагаас хуралдах гэсэн боловч өмгөөлөгч нарын зүгээс ажлын цаг дууссан байна оролцохгүй гэдэг үндэслэл тавьсан. Ганхуягийн зүгээс зоом-ээр холболт хийхэд өмгөөлөгчгүй учир оролцохгүй гэж байгаа юм байна.  Энэ нөхцөл байдал 2,3 дахь удаагаа давтагдаж байна. Цагдан хорионы хурал хэлэлцүүлэх прокурорын саналыг шүүхэд 01 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн. 2 дахь өдөр буюу 01 дүгээр сарын 30-ны өдөр зарлагдахад өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүгчийн туслахад мэдэгдсэн. Ингээд Ц өмгөөлөгчөөс хүсэлт ирүүлж шүүх хуралдаан нэг хоногоор хойшилсон. 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цагийн шүүх хуралдаанд орох гэтэл Ц өмгөөлөгч мөн ар гэрийн шалтгаан гарлаа гэж хүсэлт гаргасан. Мөн түүний хүсэлтийг хүлээн авч 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт шүүх хуралдааныг товлосон. Ингээд хурал эхэлсэн. Г-ийн 3 өмгөөлөгч ирж шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаан эхэлсний дараа нэмэлт тайлбар хэлэх явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой татгалзлын асуудал гаргасан. Татгалзал шийдвэрлэсэнтэй холбоотой шүүх хуралдаан үргэлжилж байна. Тэгэхээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна. Нэгдүгээрт, цагдан хорих таслан сэргийлэх хугацаа сунгах санал гаргасан. Энэ хугацаа өнөөдөр дуусаж байна. Хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах байгууллагаас прокурорын байгууллагаас ямар нэгэн байдлаар өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Өмгөөлөгч нарт 19 цагт хуралдаанд орохыг мэдэгдсэн боловч оролцохгүй гэж буй нь шүүхийн илтэд үл хүндэтгэсэн, санаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явуулах зарчимд нийцүүлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна” гэж хэлсэн болох нь бичигджээ. /2хх94/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасан. Гэвч шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг ерөнхий шүүгч шийдвэрлэхээр шүүх хуралдаан түр завсарласан хугацаанд яллагдагчийн өмгөөлөгч нар танхимыг орхин, шүүгчийн туслахаас өмгөөлөгч Г.Ц-д хуралдааныг үргэлжлүүлэх цагийг мэдэгдсэн боловч хуралдаанд оролцоогүй, яллагдагч А.Г-ийг 19 цагт эхэлсэн хуралдаанд цахимаар холбосон боловч холболтыг тасалсан үйл баримт тогтоогдож байна. Иймд яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын эзгүйд цагдан хорьсон гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй ба 14 цаг 10 минутаас эхэлсэн шүүх хуралдаанд прокурор саналаа танилцуулж, өмгөөлөгч нар саналтай холбоотой тайлбараа хэлсэн байна. Ийнхүү 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2023/ШЗ/227-4 дүгээр шүүгчийн захирамжаар тухайн өдөр дуусаж байсан А.Г-т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан байна.

Нөгөө талаас, яллагдагч А.Г-ийн холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалт, 31.5 дугаар зүйлд заасан асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.” гэж, 1.4 дүгээр зүйлийн 1.30 дахь хэсэгт “шөнийн цаг гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг ойлгоно.” гэж тус тус заасан.

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагаас үргэлжлэн шүүх хуралдаан 19 цаг 50 минутад дууссан байх ба уг хугацаа нь дээрх хуульд заасан шөнийн цагт хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ажлын бус цагаар явуулахыг хуулиар хориглоогүй ба холбогдох шүүгч нар хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах үүргээ хэрэгжүүлсэн байна. /1хх96-115/

            Өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул  ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Б.Х, шүүгч Д.С, С.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч Д.С Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“...Миний бие .... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 22 өдрийн 01 дугаартай тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээ болон зөрчлийн хэргийг дангаар, бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт тойргоор хэрэг хуваарилах журмаар хуваарилагдсан хэргийг хянан шийдвэрлэж байна.  Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан А.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах шүүхийн хэлэлцүүлэг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус болжээ. Эдгээр хуралдаанд Нийслэлийн прокурорын газраас таслан сэргийлэх арга хэмжээ авах, сунгах саналыг шүүхэд хүргүүлж, хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ үндэслэлийг шүүхэд танилцуулсан. Нийслэлийн прокуророос санал гаргаж ирүүлэхдээ хуралдаанд өөрийн саналын үндэслэл болох хэргийн материалаас, өмгөөлөгч өөрийн хүсэлтийн үндэслэл болох бичгийн баримтыг шүүхэд танилцуулж, талууд харилцан мэтгэлцэх журмаар шүүхийн хэлэлцүүлэг болдог. Шүүхийн хэлэлцүүлэг
 талуудын шүүхэд танилцуулах ямар нэгэн материалгүйгээр хийгдэх, үргэлжлэх боломжгүй бөгөөд А.Г-т холбогдох шүүхийн хэлэлцүүлэг ч мөн ийм журмаар явагдсан. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, сунгах санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгддэг. Гомдол дурдагдсан өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болсон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн прокурорын саналыг 2024 оны 01 дүгээр сарын 26-нд тус шүүх хүлээн авсан байх ба тухайн өдөр миний бие нүүрсний гэх тодотголтой Б.Г нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд томилогдож 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүх хурлын бүрэлдэхүүнд байжээ. Иймд тус шүүхийн хэрэг хүлээн авах,
 хуваарилах журмаар тухайн саналыг хэрэлцэх шүүгчид хэрэг хуваарилагдсан
 байна.” гэжээ. 

            Холбогдох шүүгч С.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

            “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б миний бие 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А.Г-т холбогдох эрүүгийн хэргийн цагдан хорионы хугацааг сунгах хуралдаанд шүүгчээр оролцож цагдан хорионы хугацааг сунгаж шийдвэрлэсэн билээ. А.Г-ийн гомдолд дурдаад байгаа: Хэргийн материалгүйгээр 57 хавтаст хэргээс прокурорын түүвэрлэн авчирсан 5 хавтаст хэргийн хүрээнд цагдан хорионы асуудлыг шийдвэрлэж хууль зөрчсөн гэжээ. Би хэргийн материалгүйгээр буюу прокурорын авчирсан 5 хавтаст хэргийн хүрээнд цагдан хорионы асуудлыг шийдвэрлээгүй, харин прокуророос бүх хэргээ авчирч байж цагдан хорионы асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу прокурорын байгууллагаас 57 хавтаст хэргийг авчруулж байж А.Г-ийн цагдан хорионы хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны даргалагчийг албажуулдаггүй, С.Б-ыг албажуулсан шийдвэр байхгүй байхад хэргийг харьяалан авч шийдвэрлэсэн гэжээ. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, мөн ерөнхий шүүгчийн 2024.02.02-ний өдрийн 2024/ЕШЗ/155 дугаартай даргалагчийг томилсон захирамжийн дагуу А.Г-т холбогдох цагдан хорионы хуралдаанд даргалагчаар орж шийдвэрлэсэн. Татгалзах эрхийг танилцуулдаггүй, татгалзах эрхийг эдлүүлдэггүй гэжээ. А.Г-т болон түүний өмгөөлөгч нарт шүүгчээс татгалзан гаргах эрхийг тайлбарлан өгч улмаар А.Г-ийн өмгөөлөгч Ц шүүгч надаас татгалзах хүсэлтийг гаргаж түүний дагуу татгалзлыг ерөнхий шүүгч Б.Х “хүлээн авах боломжгүй байна” гэж шийдвэрлэсний дагуу хуралдааныг 2024.02.02-ний өдрийн 19 цагт зарлаж хуралдуулсан боловч А.Г шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн, мөн түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн байсан. Ингээд цагдан хорионы хугацаа дуусаж байсан учраас шүүх хуралдааныг прокурорыг оролцуулан шийдвэрлэсэн болно. Ерөнхий шүүгч ажлын бус цагаар ирж татгалзлыг шийдвэрлэсэн гэжээ. Ерөнхий шүүгчийг хэзээ ирж шийдвэрлэсэн эсэхийг мэдэхгүй ерөнхий шүүгчийн ажилд миний бие оролцох эрх байхгүй.” гэжээ.

             Холбогдох шүүгч Б.Х Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

            “...Эрүүгийн дугаар бүхий хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа А.Г болон түний өмгөөлөгч нараас ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Хуралдаанд гомдол гаргагч тал гомдлыг хянан шийдвэрлэхэд оролцож, гомдлын үндэслэл, нотолгоо, шаардлагатай баримт бичгийг шүүхэд гаргаж танилцуулсан ба хяналт тавьж байгаа прокурор мөн өөрийн үндэслэл болох хэргийн материалаас шүүхэд танилцуулж, талууд харилцан мэтгэлцэх журмаар шүүхийн хэлэлцүүлэг болсон. Шүүхийн хэлэлцүүлэг талуудын шүүхэд танилцуулах ямар нэгэн материалгүйгээр хийгдэх, үргэлжлэх боломжгүй бөгөөд А.Г-т холбогдох шүүхийн хэлэлцүүлэг ч мөн ийм журмаар явагдсан. А-ийн Г-т авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах саналыг шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.Б-ыг томилж, ерөнхий шүүгчийн 2024/ЕШЗ/155 дугаартай захирамж гарсан байсан ба тус хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ерөнхий шүүгч надад ажлын цагаар танилцуулж шийдвэрлүүлсэн.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч А.Г-аас “...шүүх прокурорын түүвэрлэн авчирсан 5 хавтас хэргийн хүрээнд цагдан хорионы асуудлыг шийдвэрлэсэн, ...шүүх хуралдааны дэг, мэтгэлцээний дарааллыг баримталдаггүй, татгалзан гарах эрхийг танилцуулдаггүй, татгалзан гарах эрхийг эдлүүлээгүй, ...шүүгч С.Б шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан шийдвэр байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, ...ажлын бус оройн цагаар хурал зарлаж яллагдагч болон өмгөөлөгчийн эзгүйд хурал хийж цагдан хорьсон” гэж өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ГЗҮ/2024/0043 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

            Нэг. “... шүүх прокурорын түүвэрлэн авчирсан 5 хавтас хэргийн хүрээнд цагдан хорионы асуудлыг шийдвэрлэсэн, … шүүх хуралдааны дэг, мэтгэлцээний дарааллыг баримталдаггүй, татгалзан гарах эрхийг танилцуулдаггүй, татгалзан гарах эрхийг эдлүүлээгүй ...” гэх тухайд;

1.1.Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 хэлтсийн хяналтын прокуророос гаргасан эрүүгийн 230200644.... дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан А.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.С хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/227-я дугаар захирамжаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн бөгөөд  шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/227-1, 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/227-2, 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/227-3, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/227-5 дугаар захирамжуудаар 4 удаа, харин тус шүүхийн шүүгч С.Б 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/227-4 дүгээр захирамжаар 1 удаа, нийт 5 удаагийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан байна.

Дээрх захирамжуудад яллагдагчийн өмгөөлөгчөөс тухай бүр гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-ны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ЕШЗ/877 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ЕШЗ/962, 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ЕШЗ/1031, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЕШЗ/59 дүгээр, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЕШ/171 дүгээр захирамжуудаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Мөн яллагдагчийн өмгөөлөгчөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгч Д.С-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1536 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан байна.

Илтгэгч гишүүнээс явуулсан шалгах ажиллагаагаар А.Г нарт холбогдох эрүүгийн 230200644.... дугаартай хэрэг нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх үед 65 хавтас болсон боловч дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд прокуророос бүх хавтсыг авч ирдэггүй болох нь тогтоогджээ.

Энэ талаар илтгэгч гишүүн саналдаа “... прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт хэлэлцсэн шүүх хуралдаануудад прокуророос бүх хавтаст хэргийг авчраагүй гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдож байх боловч энэ үндэслэлээр холбогдох шүүгч нарыг хуулийн илт тодорхой заалт ноцтой зөрчсөн гэж үзэхгүй ...” гэж үзсэнийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шүүх хянан шийдвэрлэхэд хэргийг бүхэлд нь шүүхэд шилжүүлэх талаар тухайлан зохицуулсан зохицуулалт байхгүй тул 24 хүнд холбогдуулан мөрдөн байцаалт явуулж буй хэргийн зөвхөн нэг холбогдох этгээд болох А.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хэлэлцэхэд саналын үндэслэлд холбогдох хавтас хэрэгт тулгуурлан шийдвэрлэснийг зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон ба уг үндэслэлүүд нь шүүхээс хэргийн материалтай бүхэлд нь танилцсан эсэхээс үл хамаарах урьдчилсан нөхцөлүүд тул А.Г-т холбогдох хэргийн материалд үндэслэн түүнийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

1.2. Илтгэгч гишүүнээс хийсэн шалгах ажиллагааны хүрээнд А.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хугацааг сунгах, захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ шүүгч нар нь татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг бүрд асуудаггүй болох нь тогтоогдсон байна. 

Гэвч дээрх шүүх хуралдаануудад прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэж, хэрэв шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд тухай бүр шийдвэрлүүлж байсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг явуулах дэг, дарааллыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг авч үзвэл холбогдох шүүгч нарыг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна. 

Харин илтгэгч гишүүний саналд дурдсанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх нийтлэг эрхийг эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөл, дэг, дарааллыг урьдчилсан хэлэлцүүлгийг даргалан явуулахдаа ч мөн адил баримталж байхыг холбогдох шүүгч нарт бүрэлдэхүүний зүгээс анхааруулах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгч С.Б-ын даргалан явуулсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тухайд;

2.1.Өргөдөл гаргагч нь “... шүүгч С.Б шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан шийдвэр байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн …” гэж өргөдөлдөө дурдсан бөгөөд А.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЕШЗ/155 дугаар захирамжаар шүүгч С.Б-ыг даргалагчаар томилсныг албажуулсан байна. 

Шүүгч С.Б-ыг томилсон дээрх Ерөнхий шүүгчийн захирамж нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1.2-т “Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох асуудлыг шийдвэрлэх, Зөрчлийн хэргийг Д.С, түүний эзгүйд /өвчтэй, чөлөөтэй, томилолт, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай үед/ шүүгч Д.Р-р шийдвэрлүүлнэ”, 1.3-т “Шүүгч Д.С, Д.Р нарын эзгүйд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох асуудлыг нэр бүхий шүүгч нараас Ерөнхий шүүгчийн томилсноор шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасантай нийцсэн болох нь тогтоогдсон байх тул холбогдох эрүүгийн хэрэгт даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан захирамж авагдаагүй байсан хэдий ч илтгэгч гишүүний “... шүүгч С.Б албажуулах захирамжгүй прокурорын саналыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй …” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Харин илтгэгч гишүүнээс шалгах ажиллагааны хүрээнд А.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт үзлэг хийхэд шүүгч С.Б-ыг даргалагчаар томилсныг албажуулсан эрхийн акт авагдаагүй байсан болох нь тогтоогдсон бөгөөд хэрэгт хавсаргаагүй шүүгчийн туслахын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.

2.2.Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаартай “Цагдан хорих хугацаа сунгуулах тухай” саналыг 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутад хуралдааныг товлосон байна.

Гэвч яллагдагч А.Г-ийн өмгөөлөгч Г.Ц-ээс гаргасан хүсэлтүүдэд үндэслэн урьдчилсан хэлэлцүүлгийг 3 удаа хойшлуулж, улмаар 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 10 минутад эхэлсэн шүүх хуралдаанд яллагдагч А.Г цахимаар, түүний өмгөөлөгч Г.Ц, Н.Т, Д.Д нар биечлэн оролцож, яллагдагчийн өмгөөлөгч Д.Д-ээс шүүгч С.Б-ыг татгалзан гаргах хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр 17 цагийн үед хэлэлцүүлгийг завсарлуулж, даргалагчаас хүсэлтийг шийдвэрлэтэл хүлээж байхыг хэлсэн боловч яллагдагчийн өмгөөлөгч нар танхимыг орхин явсан байна.

Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул урьдчилсан хэлэлцүүлгийг 19 цагт үргэлжлүүлэн явуулж, шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2023/ШЗ/227-4 дүгээр захирамжаар тухайн өдөр дуусаж байсан А.Г-т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан байна.

Өргөдөлд “... ажлын бус оройн цагаар хурал зарлаж яллагдагч болон өмгөөлөгчийн эзгүйд хурал хийж цагдан хорьсон …” гэж дурджээ.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах саналыг хэлэлцэхээр 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 10 минутад эхэлсэн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд түр завсарлуулж, Ерөнхий шүүгч хүсэлтийг шийдвэрлэсний дараа ажлын бус цагт хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалт, 31.5 дугаар зүйлд заасан асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зарчмыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, хэргийн оролцогчдоос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр завсарлуулсныг хэлэлцүүлэг дууссан эсхүл завсарлаж байх хугацаа нь ажлын цагт багтаагүй тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд гагцхүү шөнийн цаг болох 22.00 цагаас өглөөний 06.00 цагт хүртэлх хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй байх заалттай тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн урьдчилсан хэлэлцүүлгийг 19 цагт үргэлжлүүлэхдээ яллагдагч болон түүний өмгөөлөгч нарыг оролцуулах нөхцөлийг хангаж, шүүгчийн туслахаас холбогдсон боловч “оролцохгүй” гэж мэдэгдсэн, утсаа аваагүй, яллагдагч цахим холболтыг тасалсан зэрэг үйл баримт шалгах ажиллагааны хүрээнд гэрч нараас авсан мэдүүлэг, урьдчилсан хэлэлцүүлгийн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгчийн туслахын гар утасны дуудлагын жагсаалтын лавлагаа зэргээр тогтоогдсон байх тул өмгөөлөгчийн эзгүйд хурал хийж цагдан хорьсон гэж үзэхээргүй байна.

Энэ талаар “... 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагаас үргэлжлэн шүүх хуралдаан 19 цаг 50 минутад дууссан байх ба уг хугацаа нь дээрх хуульд заасан шөнийн цагт хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ажлын бус цагаар явуулахыг хуулиар хориглоогүй ба холбогдох шүүгч нар хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах үүргээ хэрэгжүүлсэн байна ..” гэж үзсэн илтэгч гишүүний санал үндэслэлтэй байна. 

Иймд илтгэгч гишүүний “өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй” гэх үндэслэлээр .... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х, шүүгч Д.С, С.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ГС/2024/0069 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ....йн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х, шүүгч Д.С, С.Б нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

                       

                        ДАРГАЛАГЧ                           Х.ХАШБААТАР

                        ГИШҮҮН                                 Д.АРИУНТУЯА

                                                                         Б.СУГАР