МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-05-29
Дугаар 60
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Ж-д холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2024/0060 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:
“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.3-т “илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэсний дараа сахилгын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагааг явуулах ажиллагаа явуулна”, мөн зүйлийн 105.5 дахь хэсэгт “сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шаардсан нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээд илтгэгч гишүүнд гаргаж өгөх үүрэгтэй”, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй”, мөн зүйлийн 106.2 дахь хэсэгт “Сахилгын хороо сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргуулан авах эрхтэй бөгөөд холбогдох этгээд гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Илтгэгч гишүүн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ГЗҮ/2024/0049 дүгээр захирамжаар шүүгч Д.Ж, хариуцагч Б.О нарыг төрөл садангийн холбоотой эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулах зорилгоор тус шүүхийн Тамгын газраас шүүгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байгаа болно.
Дээрх баримтын хүрээнд гишүүний 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ГЗБ/2024/0263 дугаар захирамжаар шүүгч Д.Ж, хариуцагч Б.О нар төрөл, садангийн холбоотой эсэх талаарх лавлагаагаар гаргуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхэд, тус газрын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 9/6189 дүгээр албан бичгээр “... нэр дурдагдсан иргэдийн төрөл садангийн лавлагаа нь нотлогдохгүй. 1951 оноос өмнө төрсөн, 1988 оноос өмнө нас барсан иргэдийн төрөл садан нотлох боломжгүй” гэх хариу ирүүлжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтууд, шүүгч Д.Ж-ийн хариу тайлбар болон өргөдөл гаргагч Б.Б, түүний нөхөр Д.Б, нутгийн иргэн Ц.С, Ж.Н, Ц.О нарын гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд өргөдөл гаргагч буюу иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Б-ын гэр бүлийн хүн болох нөхөр Д.Б-ын эх Төрийн Я-ийн төрсөн эгч болох Т.Р нь хариуцагч Б.О-ийн эх буюу нэхэмжлэгчийн нөхөр нь хариуцагчтай хамаатан ажээ.
Харин хариуцагчийн эх Т.Р нь шүүгч Д.Ж-ийн аав Б.Д-ын эх Д.А буюу Ө-гийн төрсөн ах Д.Д-ийн охин Д.Д-ийн төрсөн охин байна.
Өөрөөр хэлбэл, шүүгч Д.Ж-ийн аавынх нь ээж Д.А буюу Ө, хариуцагч Б.О-ийн нагац өвөө буюу Д.Ө-ийн төрсөн ах Д.Д нар нь нэгдүгээр үе, Д.Д-ийн охин буюу хариуцагч Б.О-ийн нагац эмээ Д.Д, шүүгч Д.Ж-ийн аав Б.Д нар нь хоёрдугаар үе, хариуцагч Б.О-ийн ээж Т.Р, шүүгч Д.Ж нар нь гуравдугаар үе, харин хариуцагч Б.О нь дөрөвдүгээр үе нь байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, 3.1.5-д “төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг”; 3.1.6-д “садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” хэлнэ гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгч Д.Ж-ийн хувьд эцэг гэдэгт Б.Д, эмэг эх гэдэгт Д.А буюу Ө хамаарч байгаа бол харин иргэний хэргийн хариуцагч Б.О-ийн хувьд эх гэдэгт Т.Р, эмэг эх гэдэгт Д.Д нар хамаарч байна.
Харин хариуцагч Б.О-ийн нагац эмээ Д.Д-ийн аав болох Д.Д нь шүүгч Д.Ж-ийн аавын эх буюу авга хөгшин ээж Д.А буюу Ө-гийн төрсөн ах байх тул энэ нь дээрх хуулийн нэр томьёонд тодорхойлсон төрөл, садангийн хүн гэдэгт шүүгч Д.Ж, иргэний хэргийн хариуцагч Б.О нар хамаарахгүй гэж үзэхээр байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” хэлнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд хариуцагч Б.О нь шүүгч Д.Ж-тэй Гэр бүлийн тухай хуульд заасан төрөл, садангийн хүн гэдэгт хамааралгүй байх тул түүнийг шүүгчийн хамаарал бүхий эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэхгүй.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д "ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал гэж тухайн нийтийн албан тушаалтан ...нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” хэлнэ гэж заажээ.
Гэрч Б.Б-ын “Б.О-ийг маргаан гарахаас өмнө 2 сар гэртээ байлгаж байсан. Дараа нь найз нөхдийнхөө гэрээр бас байр түрээсэлж байсан юм шиг байна билээ. Гэр бүл нь гээд нөхөр, нэг хүүхэд нь Эрдэнэт хотод байдаг...”, гэрч Ц.С-ын “Би Д.Ж шүүгчтэй хамаатан садан биш. Харин бид ...Тэс сумын нэг баг, нэг голын хүмүүс байсан. Бид бүгд 2 дугаар багт хамт байж байгаад сүүлд нь Д.Ж-ийн аав н.Д 10 дугаар баг руу нүүсэн” гэх мэдүүлгүүд, шүүгч Д.Ж-ийн тайлбарт “...хариуцагч Б.О-ийн нагац эмэг Д.Д, миний эцэг Б.Д, эх Б.Х нарын үеийн насны хүмүүс байжээ. Намайг хүүхэд байх үед Д.Д гэдэг настай эмэгтэй хүн байсныг санаж байна. Д.Д-ийн охин Д.Р-г би таньж мэдэхгүй, ах дүүс гэж нэгнийхээрээ орж гарч байгаагүй, ойр дотно харилцаа холбоогүй хүмүүс юм. Энэ хүн хаана амьдарч, хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн, хүүхдүүд нь ямар хүмүүс, хаана байдаг талаар би мэдэхгүй юм...” гэх тайлбар зэргээс үзэхэд Б.О нь ...гарал үүсэлтэй хэдий ч Эрдэнэт хотод буюу Орхон аймагт амьдардаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, ...энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй”, 91 дүгээр зүйлийн 91.1.2-т “уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал”, 91.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 91.1.4-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” гэж тус тус заасан.
Өргөдөл гаргагч Б.Б-ын “төрөл садны холбоотой гэдгийг нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны дараа гэртээ очиход манай гэр бүлийн хүн болох нөхөр Д.Б “хэн гэдэг шүүгч нар байсан бэ” гэж асуусан. Тухайн үед шүүгчийн нэрийг мэдэхгүй байж байгаад, дараа нь шүүгч нарыг нэрийг шүүгчийн туслахаас асууж мэдсэн. Тэгтэл “шүүгч Д.Ж нь хариуцагч Б.О-ийн ээж н.Р-ийн хамаатан” гэж миний нөхөр Д.Б хэлсэн. Ингээд бид хадам тал, нутаг усны хүмүүсээсээ асууж судалтал ...Тэс сумын 2 дугаар багт айл хөрш, нэгнийхээрээ орж гардаг болж таарсан... Эхний хойшлогдсон шүүх хуралдаанаар “гурван шүүгч ордог юм байна” гэж нөхөртэйгөө ярилцаж байсан. Дараа нь магадлал гарсан шүүх хуралдааны дараа төрөл садан гэдгийг нь мэдсэн юм...” гэх мэдүүлэг, шүүгч Д.Ж-ийн “...Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орж хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Б.О-ийг хаанахын, хэний охин болох талаар огт мэдээгүй. Энэ хэргийн нэхэмжлэгч Б.Б-аас Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой танилцаад энэ хүнтэй ураг, төрлийн хамааралтай эсэх талаараа судалж, өөрийн хамаатны болон нутгийн өндөр настай, ураг төрөл, удам судар сайн мэддэг хүмүүсээс Б.О-ийн эцэг эх, өвөг дээдсийн талаар судлахад ...” гэх тайлбараас дүгнэвэл давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад шүүгч Д.Ж, хариуцагч Б.О нар нь өргөдөлд дурдагдсан үндэслэлийн талаар хэн аль нь мэдээгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “хувийн харилцаатай” гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д зааснаар шүүгч болон хариуцагч нар нь төрөл, садангийн хүн биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасан “төрөл, садан” гэх үндэслэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээдэд Б.О хамаарагдахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасан үндэслэл нь тус тус үгүйсгэгдэж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасныг шүүгч Д.Ж зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.
Өргөдөл гаргагч Б.Б нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “шүүгч Д.Ж-г шүүх хуралдааны явцад гар утас оролдсон” гэж хэлсэн.
Шалгах ажиллагааны явцад дээрх үндэслэлийг тодруулахаар ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.А, шүүгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.А нараас гэрчийн мэдүүлэг авч, тус шүүхийн серверт үзлэг хийв.
Ерөнхий шүүгч Л.А “энэ хэргийн тухайд ч, өөр бусад хэргийн шүүх хуралдаанд ч шүүгч Д.Ж нь гар утас авч ордоггүй. Би гар утас оролдож байхыг нь харж байгаагүй юм байна. Ер нь шүүгч Д.Ж нь гар утас ашиглахдаа тааруухан шүүгч байгаа юм...”, шүүгч Н.М “шүүгч Д.Ж нь тэгж байгаагүй дээ. Бодит байдал дээр шүүгч Д.Ж нь утас ашиглахдаа муу хүн. Хүнтэй утсаар ярихдаа чанга яригч дээр тавьж ярьдаг. Тэгээд тэрийгээ болиулж чаддаггүй хүн, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр утас ашигласан гэж бодохгүй байна” гэх мэдүүлгүүд өгсөн.
Мөн тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүх бүрэлдэхүүн рүү харсан камер холбогдоогүй, зөвхөн хэргийн оролцогч нар луу харсан камерт дүрс бичигдсэн байсан нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /с.х-ийн 138-139 тал/
Дээрх бичлэгийг тодруулахаар тус шүүхийн серверийн өрөөнд үзлэг хийхэд шүүх бүрэлдэхүүн рүү харсан камерыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга холболгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь тогтоогдсон бөгөөд энэ тухай тус шүүхийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн Д.Ц-оос тайлбар авахад “...шүүх хуралдааны танхимд байрлах хоёр камерын нэгийг нь салгаж компьютерт холбож онлайн шүүх хуралдаан хийдэг. Өмнөх шүүх хуралдаан нь онлайн шүүх хуралдаан байсан байна. Иймд нарийн бичгийн дарга онлайн шүүх хуралдааны дараа камерыг сольж холбох ёстой байсан боловч холбоогүй байна...” гэх тайлбар өгсөн.
Түүнчлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.А “2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны өмнө захиргааны хэргийн шүүх хуралдаан цахимаар орсон. Тэгээд иргэний хэргийн шүүх хуралдааныг эхлүүлэхдээ цахим камераа салгаад шүүгч нар луу харуулсан камерыг холбох ёстой байсан боловч холбоогүй нь миний алдаа байна” гэх мэдүүлэг өгсөн болно.
Иймд шүүгч Д.Ж нь шүүх хуралдааны явцад гар утас оролдсон эсэх нь баримтаар тогтоогдоогүй тул уг үндэслэлд сахилгын хэрэг үүсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Ж нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав. ” гэжээ.
Шүүгч Д.Ж сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Б-ын нэхэмжлэлтэй, “М Ж” ХХК-ийн Л С эмнэлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд хууль болон хэрэг хуваарилах журмын дагуу томилогдон оролцсон болно. Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орж хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Б.О-ийг хаанахын, хэний охин болох талаар огт мэдээгүй. Энэ хэргийн нэхэмжлэгч Б.Б-аас Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой танилцаад энэ хүнтэй ураг, төрлийн хамааралтай эсэх талаараа судалж, өөрийн хамаатны болон нутгийн өндөр настай, ураг төрөл, улам судар сайн мэддэг хүмүүсээс Б.О-ийн эцэг эх, өвөг дээдсийн талаар судлахад Б.О-ийн эх Т.Р нь миний эцэг Б.Д-ын төрүүлсэн эх н.А /Ө/-ийн төрсөн ах Д-ийн охин Д-ийн төрсөн охин юм байна.
Өөрөөр хэлбэл, Б.О-ийн нагац эмэг эх нь Д, Д нь миний эцэг Б.Д-ын нагац ах болох н.Д-ийн охин ажээ. Миний аавын нагац ах н.Д-ийн охин н.Д, Д-ийн охин н.Р, н.Р-ийн охин нь хариуцагч Б.О юм байна.
Хариуцагч Б.О-ийн нагац эцэг н.Төр, нагац эмэг н.Д нар нь миний эцэг Б.Д, эх Б.Х нарын үеийн насны хүмүүс байжээ.
Намайг хүүхэд байх үед н.Д гэдэг настай эмэгтэй хүн байсныг санаж байна. н.Т н.Д нарын охин н.Р-г би таньж мэдэхгүй, ах дүүс гэж нэгнийхээрээ орж гарч байгаагүй, ойр дотно харилцаа холбоогүй хүмүүс юм. Энэ хүн хаана амьдарч, хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн, хүүхдүүд нь ямар хүмүүс, хаана байдаг талаар би мэдэхгүй.
Хариуцагч Б.О нь надтай төрөл, садангийн холбоогүй буюу Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д заасанд аль алинд хамаарахгүй байгаа болно. Учир нь миний эцэг Б.Д-ын төрсөн ах, эгч, дүү нар миний авга тал, миний эх Б.Х-ийн төрсөн ах, эгч, дүү нар миний нагац тал, тэдгээрийн хүүхдүүд надтай үеэл, бөлүүд болох учир хариуцагч Б.О нь миний үеэл, бөлд хамаарахгүй юм. Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч миний зүгээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болоогүй гэж үзэж байна. Иймд надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дээрх иргэний хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний шүүгч Д.Ж-д холбогдуулан нэхэмжлэгч Б.Б гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүгч Д.Ж нь хариуцагч Б.О-тэй төрөл садны холбоотой гэдгээ нууж, хэргийг шийдвэрлэхэд оролцсон байна. Хэрэв шүүгч нь өөрийгөө хариуцагчтай төрөл садны холбоотой гэдгээ шүүх хуралдаан эхлэхээс өмнө танилцуулсан бол би шүүгчээс татгалзах байсан. Шүүгч Д.Ж-ийн өвөө нь болох н.Ө нь хариуцагч Б.О-ийн нагац өвөө болох н.Д-тэй ах дүүс юм байна” гэж тодорхойлсон.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Д.Ж-ийн эмэг эх Д.А буюу Ө нь хариуцагч Б.О-ийн эмэг эх Д.Д-ийн эцэг Д.Д-ийн төрсөн дүү болох нь нотлогдож байх ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, 3.1.5-д “төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг” 3.1.6-д “садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” хэлнэ гэж заасанд хамаарахгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, ...энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй”, 91 дүгээр зүйлийн 91.1.2-т “уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэг үүсээгүй гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” хэлнэ гэж тус тус заасан ба шүүгч Д.Ж-г хариуцагч Б.О-тэй нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэхгүй.
Хэдийгээр ёс заншлын хувьд Монголчууд удам судраа мэддэг байх, угийн бичиг хөтлөх зэрэг бичигдээгүй заншлын хэм хэмжээ тогтсон улс үндэстэн боловч хуульд заасан “төрөл садангийн холбоотой” гэдэгт хамаарахгүй тохиолдолд шүүгчийг буруутгах боломжгүй билээ.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасныг нэр бүхий шүүгч зөрчөөгүй.
Түүнчлэн, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар зарлигаар Д.Ж-г ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байх тул түүнийг “шүүгч” гэж үзэх боломжгүй, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдэд холбогдуулан сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2024/0060 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Д.Ж-д холбогдох сахилгын хэргийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.Ариунтуяа
Д.МЯГМАРЦЭРЭН