МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-05-28
Дугаар 55
Улаанбаатар хот
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн ГС/2024/0062 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Илтгэгч гишүүний саналд: “ ... Шүүгч Х.О нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.О-н “У” ТӨХК хэрэглэгчдэд үйлчлэх төв тоолуурын заалт хариуцсан байцаагч н.Ү-д холбогдуулан гаргасан “1.500.000 төгрөгийг буруутай байгууллагаас гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авчээ. Улмаар шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 03970 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “...хариуцагчийн оршин суух гэрийн хаяг, овог нэрийг дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа...буруутай байгууллагаас бүх зардлыг гаргуулахыг хүсэж байна” гэсэн атал байцаагч н.Ү-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, хэнээс юу шаардаж байгаа нь тодорхойгүй, мөн улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр хүсэлт гаргахдаа төлбөрийн чадваргүй буюу амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготойг тодорхойлсон хорооны Засаг даргын захирамж, түүний хавсралт, нийгмийн халамжийн байгууллагын тодорхойлолт зэргийг хавсаргаж ирүүлэх эсхүл хуульд зааснаар 1.500.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж төлж баримтыг нэхэмжлэлдээ хавсаргах шаардлагатай” гэсэн үндэслэл дурджээ.
Нэхэмжлэлд зайлшгүй тусгах зүйлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т дэлгэрэнгүй заасан бөгөөд эдгээрийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэдэг. Тодруулбал, хуулийн 62.1.3-д хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, оршин байгаа газар, 62.1.4-т нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд заавал тусгах бөгөөд Б.О-н нэхэмжлэл хуулийн дээрх шаардлагыг хангаагүй талаар захирамжид тодорхой дурджээ. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр хуульд заасан бөгөөд хэрэв улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан бол энэхүү нөхцөл байдлыг нотолсон баримтыг нэхэмжлэлд хавсаргах учиртай.
Б.О-н нэхэмжлэл хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй, энэ тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Б.О нэхэмжлэлээ дахин гаргасныг шүүгч Х.О 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05501 дүгээр захирамжаар “шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 03970 дугаартай захирамж хүчин төгөлдөр байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, энэ тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг дурдсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
2. Б.О нь “У” ТӨХК-д холбогдуулан “1.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Үүнд: Хариуцагчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, хариу тайлбар гаргах хугацааг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр тогтоосон, зохигчдод эрх үүргийг тайлбарлан өгч энэ тухай баримт үйлдэж, мөн нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан байна.
Шүүгч нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасан ажиллагааг явуулж, хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлд хариу тайлбар гаргах хугацааг тогтоожээ. Хэрэв хариуцагч энэхүү хугацаанд үүргээ биелүүлээгүй бол шүүгч хуульд заасан ажиллагааг явуулах учиртай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд хугацаа болоогүй байна.
Иймд өргөдөлд дурдсан “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэл шийдвэрлэгдэж, хянагдаж байгаа нь тодорхойгүй” гэх гомдол үндэслэлгүй.
3. Шүүгч хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцахыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д хориглосон. Өөрөөр хэлбэл, шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзах бол шүүхийн туслах ажилтан байлцуулах бөгөөд уулзалтын агуулгын талаар тэмдэглэл хөтлөх учиртай.
Дээр дурдсанаар холбогдох шүүгч нь 2 удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба ийнхүү татгалзсан үндэслэлээ захирамжид тодорхой дурджээ. Нэхэмжлэлд хэрэг үүсгээгүй, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй тохиолдолд шүүгч хэргийн оролцогч болох нэхэмжлэгчтэй уулзах боломжгүй юм.
Харин нэхэмжлэлд хэрэг үүсгэсний дараа шүүгч нэхэмжлэгчид эрх үүргийг тайлбарлан өгөх ажиллагааг явуулсан, ингэснээр нэхэмжлэгч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой болох юм. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагчтай эвлэрэн хэлэлцэн хэлэлцэх, нэхэмжлэлээсээ татгалзах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох гэх мэт.
Шүүгч нэхэмжлэлд хэрэг үүсгэх, үүсгэсний дараа ямар ажиллагаа явуулах, хэргийг ямар хугацаанд шийдвэрлэхийг хуульд тодорхой заасан, энэ хугацаа өнгөрөөгүй, шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул өргөдөлд дурдсан “...эрх мэдлээ хэтрүүлж өргөдөл, мэдээллийн талаар тодорхой хариу өгдөггүй...” гэх гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 50.1.23-т хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Х.О тайлбартаа: “...1.Б.О нь “У” ТӨХК хэрэглэгчдэд үйлчлэх төв тоолуурын заалт хариуцсан байцаагч н.Ү-д холбогдуулан “1,500,000 төгрөгийг буруутай байгууллагаас гаргуулах" тухай нэхэмжлэлийг гаргахдаа 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс залгаж танай тог 1,500,000 төгрөг гарсан тухай хэлсэн. Очиж уулзтал 2021-2023 он хүртэл бичсэн өдрийн заалт байхгүй шөнийн заалт бичигдсэн байсан. 2021 он ковидын үед улсаас мөнгө төлсөн. Илүү гарсан мөнгийг би өгөх ёстой байтал хэрэглэгчдэд үйлчлэх төв багаж уншуулахгүй болохоор өдрийн заалт бичигдээгүй гэж хэлсэн. Миний бие энэ мөнгийг төлөх боломжгүй тул цэглэж өгөхийг хүсэж байна. Буруутай байгууллагаас бүх зардлыг гаргуулах” агуулгатай нэхэмжлэл гаргасныг шүүх 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан байна.
Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн .../Ш32024/03970 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар Б.О-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Үүнд:
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “ хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар” зэргийг нэхэмжлэлд тусгахаар заасан атал нэхэмжлэгч Б.О нь хариуцагчаа тодорхойлохдоо түүний оршин суух гэрийн хаяг, овог нэрийг дурдаагүй гэж,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан байдлаар хавсаргах байтал нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа...жич “Буруутай байгууллагаас бүх зардлыг гаргуулахыг хүсэж байна” гэсэн байж, байцаагч н.Ү-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, хэнээс юу шаардаж байгаа нь тодорхойгүй гэж,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр чөлөөлүүлэх хүсэлт гаргахдаа ...Засаг даргын тодорхойлолтыг нэхэмжлэлд хавсаргасан байгаа нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу нэхэмжлэгчийг төлбөрийн чадваргүй гэж үзэж улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа зөрчлөө хэрхэн арилгах талаар дурдсан. Харин Б.О-н нэхэмжлэлийг шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн аваагүй байна.
Хоёр. Нэхэмжлэгч Б.О нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, хорооны дэргэд байрлах “У” ТӨХК хэрэглэгчдэд үйлчлэх төвийн цахилгааны инженер н.Ү-д холбогдуулан “1,500,000 төгрөгийг буруутай байгууллагаас гаргуулах” тухай нэхэмжлэлийг гаргахдаа ” 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс над руу залгаж танай тог 1,500,000 төгрөг гарсан тухай хэлсэн. Очиж уулзтал 2021-2023 он хүртэл бичсэн өдрийн заалт байхгүй шөнийн заалт бичигдсэн байсан. 2021 он ковидын үе улсаас мөнгө төлсөн. Илүү гарсан мөнгийг би өгөх ёстой байтал хэрэглэгчдэд үйлчлэх төв нь багаж уншуулахгүй болохоор өдрийн заалт бичигдээгүй гэж хэлсэн. Миний бие нь энэ мөнгийг төлөх боломжгүй тул цэглэж өгөхийг хүсэж байна. Буруутай байгууллагаас бүх зардлыг гаргуулахыг хүсэж байна” гэх агуулгатай нэхэмжлэл гаргажээ.
Шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн .../Ш32024/05501 дугаар захирамжаар Б.О-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн .../Ш32024/03970 дугаартай захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа гэсэн байна. Учир нь шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн .../Ш32024/03970 дугаар захирамжид заасан:
Нэгт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 болон 62.1.4-д заасны дагуу хариуцагч гэх н.Ү-н оршин суух гэрийн хаяг, овог нэрийг дурдаагүй тул тодорхой болгох,
Хоёрт: Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй буюу “Буруутай байгууллагаас бүх зардлыг гаргуулахыг хүсэж байна” гэсэн атлаа н.Ү-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байх тул үүнийг тодруулах,
Гуравт: Нэхэмжлэгч Б.О нь төлбөрийн чадваргүй буюу амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготойг тодорхойлсон хорооны Засаг даргын захирамж, түүний хавсралт, нийгмийн халамжийн байгууллагын тодорхойлолт зэргийг хавсаргаж шүүхэд ирүүлэх эсхүл хуульд зааснаар 1,500,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж /38,950 төгрөг/ төлж баримтыг нэхэмжлэлдээ хавсаргах шаардлагатай гэсэн зөрчлүүдийг арилгаагүй буюу зөрчил арилаагүй байхад өмнөх байдлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт зааснаар Б.О-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба тус захирамжид гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй байна.
Үүний дагуу Б.О нь хариуцагч “У” ТӨХК, ...төвд холбогдуулан “1,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-нд шүүхэд гаргасныг хүлээн авч 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Б.О-н шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул шүүгч Х.О би хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Б.О-н 2024 оны 01 сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Гурав: Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч “У” ТӨХК-ийн 7017.... дугаарын утас руу холбогдож шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдэхэд “мэдэгдэх хуудас шуудангаар явуулахаар холбогдох албаны хүнийг томилж явуулна” гэсэн хариу өгсөн, 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлж 04 дүгээр сарын 22-ны 10 цагт 210 тоот хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн, 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлэн 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн дахин 7000... дугаарын утас руу холбогдож шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдэхэд “холбогдох хүнд нь дамжуулъя” гэсэн хариу өгсөн.
Шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.О-н 9121... дугаарын утас руу холбогдож шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэний дагуу ирэхэд нь эрх үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулах ажиллагаа хийсэн. Нэхэмжлэгч Б.О-с шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар тайлбар гаргаж, 6 хуудас баримт өгсөн байна.
Хариуцагч “У” ТӨХК-аас Э.М, Б.Б нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тул 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Б шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, хариу тайлбарыг 05 дугаар сарын 07-ны өдөр ирүүлэх хугацаа олгосон хариу тайлбар ирүүлэх болоогүй байна.
Дөрөв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”-ыг хориглоно гэж заасан.
Шүүгч Х.О би нэхэмжлэгч Б.О-г надтай уулзах гэсэн болон Ерөнхий шүүгчтэй уулзсан талаар юу ч мэдээгүй, сая л гомдолд бичсэнийг танилцаж байна. Мөн шүүгчийн туслах Б.Э-с Б.О-г надтай уулзах гэж байгаа талаар хэлж, мэдэгдэн уулзах эсэх талаар асууж лавлаж байгаагүй. Туслах Б.Э нь миний туслахаар ажиллаад 1 жил болж байгаа. Хэрвээ Б.О нь надтай уулзах талаар хэлсэн бол туслахыг байлцуулан хамт уулзах байсан. Яагаад гэвэл түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаагүй, хүлээн авахаас татгалзсан тул Б.О-г хэргийн оролцогч гэж үзэхгүй болохоор нэхэмжлэлийг татгалзсан захирамжийнхаа талаар тодорхой тайлбарлаж өгөх байсан. Одоо хэрэгт ажиллагаа явагдаж байгаа тул уулзахыг хуулиар хориглосон. Эрх мэдлээ хэтрүүлэн одоо иргэнд өргөдөл мэдээллийн талаар тодорхой хариу өгдөггүй гэсэн гомдол нь илт үндэслэлгүй байна.
Гомдол гаргагч Б.О 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас хойш 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд Ц ТӨХК, ... төвд өргөдөл гаргасны дагуу тус төвөөс 04 дүгээр сарын 02-ны өдөр 24/107 дугаар иргэн Б.О-д “Тайлбар хүргүүлэх” тухай гэсэн албан бичиг хүргүүлсэн баримтаа нэхэмжлэлдээ хавсаргасан байгаа нь “түүний шүүхийн хаалга сахисаар 3 сар боллоо” гэх гомдол үгүйсгэгдэж байна.
Х.О би шүүгчээр ажиллаж байх энэ олон жилийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хуулиа дээдэлж, асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандаж, хараат бусаар хэний ч нөлөөнд автахгүйгээр хэргийг шударгаар хянан шийдвэрлэх зарчим баримтлан ажиллаж ирсэн тул энэ иргэний хэрэгт талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж, хуульд заасан ажиллагаа хийж байгаа гэж үзэж байгаа тул Б.О-н гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн Б.О-н ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.О-д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ГЗҮ/2024/0055 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/0062 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.
1. Өргөдлийн: “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ... төвд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэл шийдвэрлэгдэж, хянагдаж байгаа нь тодорхойгүй” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл иргэн Б.О-с “У” ТӨХК хэрэглэгчдэд үйлчлэх төв тоолуурын заалт хариуцсан байцаагч н.Ү-д холбогдуулан гаргасан “1.500.000 төгрөгийг буруутай байгууллагаас гаргуулах” гэх нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч Х.О 2024 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 184/ШЗ2024/03970 дугаар захирамжаар “...хариуцагчаа тодорхойлохдоо түүний оршин суух гэрийн хаяг, овог нэрийг дурдаагүй, ...буруутай байгууллагаас бүх зардлыг гаргуулахыг хүсэж байна” гэсэн атал байцаагч н.Ү-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, хэнээс юу шаардаж байгаа нь тодорхойгүй, ...мөн улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр хүсэлт гаргахдаа төлбөрийн чадваргүй буюу амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготойг тодорхойлсон хорооны Засаг даргын захирамж, түүний хавсралт, нийгмийн халамжийн байгууллагын тодорхойлолт зэргийг хавсаргаж ирүүлэх эсхүл хуульд зааснаар 1.500.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж төлж баримтыг нэхэмжлэлдээ хавсаргах шаардлагатай” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч Б.О-с дахин 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2024/05501 дугаар захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 03970 дугаартай захирамж хүчин төгөлдөр байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд байхгүй гэж үзвэл мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй байна гэж үзвэл шүүгчид нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхийг хуулиар олгожээ.
Нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэдэгт нэхэмжлэлийн ямар шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгч, хариуцагч хэн болох, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, нэхэмжлэлийн үнэ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг тусгасан байхыг хэлнэ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.О-н шүүхэд гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул шүүгч хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Мөн шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн үндэслэлдээ нэхэмжлэгч нь зөрчлөө арилган шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг тусгасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан.
2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.О нь дахин “У” ТӨХК-д холбогдуулан “1.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 184/ШЗ2024/08468 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Тодруулбал, хариуцагчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, хариу тайлбар гаргах хугацааг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр тогтоосон, зохигчдод эрх үүргийг тайлбарлан өгч энэ тухай баримт үйлдэж, мөн нөлөөллийн мэдүүлэг танилцуулжээ.
Сахилгын хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусаагүй байх бөгөөд шүүгч Х.О-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
2. Өргөдлийн “...эрх мэдлээ хэтрүүлж өргөдөл, мэдээллийн талаар тодорхой хариу өгдөггүй” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгч хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцахыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д зааснаар хориглодог тул нэхэмжлэлд хэрэг үүсгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй тохиолдолд шүүгч хэргийн оролцогч болох нэхэмжлэгчтэй уулзах боломжгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч өөрт хуулиар олгогдсон эрхээ эдлэх бөгөөд шүүх эдгээр эрхийг эдлэх бүхий л боломжоор хангах үүрэгтэй.
Иймд өргөдөл гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас шүүгчтэй уулзах бол шүүхийн туслах ажилтан байлцуулан уулзах боломжтой болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0062 дугаар саналыг хүлээн авч, ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Б.СУГАР