info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-26

Дугаар 13

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Б.М холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “А.Б нь Шүүхийн ёс зүйн хороонд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан өргөдөлдөө “...Н а” ХХК-ийн гомдол гаргах хугацаа дууссан байхад шүүх Б.М нь захиргааны хэрэг нээж... шийтгэлийн хүчингүй болгосон, шүүх хуралдаанд өмгөөлөгч шүүгч рүү хэл амаар дайрч, шүүгчийг чиглүүлсэн...” гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Н а” ХХК-ийн гаргасан А.Б 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0066117 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг шүүгч Б.М хүлээн авч зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлийг захирамжид дурджээ.

Шүүгч хэргийн оролцогчид нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж баримт үйлдсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрийг хариуцагчид гардуулан өгсөн байх ба давж заалдах гомдол гаргаагүй талаар өргөдөлд дурджээ.

Монгол Улсын шүүхийн тухай хууль дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийг эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан ба энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэжээ.

Нэр бүхий шүүгч дээрх ёс зүйн дүрмийн ямар заалтыг, эсхүл хуульд тусгайлан ёс зүйн зөрчил байхаар ямар зөрчил гаргасан талаар өргөдөлд дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой гомдол гаргасан байх ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаарх хууль хэрэглээ болон нотлох баримт үнэлэхтэй холбоотой шүүгчийн ажиллагааг ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй, Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба А.Б өргөдлийн үндэслэл хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 50.1.23-т заасан зөрчлийн алинд ч хамаарахгүй байх тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Хэргийн оролцогч өгсөн тайлбартаа: “....”Н а” ХХК нь шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, гомдлын шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн, шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, өмгөөлөгч шүүгчид нөлөөлсөн үйлдэл гаргаагүй, шүүх хуралдааны дэгийг сахиулж хэргийн оролцогчид хууль ёсны шаардлага тавьсан, ёс зүйн зөрчил гаргаагүй” гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

А.Б нь Б.М холбогдуулан өргөдөл гаргасан, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 59 дүгээр захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Н а” ХХК нь А.Б 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0066114 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргасны шүүгч Б.М хүлээн аваад захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Н а” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Б 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0066114 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба А.Б нь давж заалдах гомдол гаргаагүй байна.

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Монгол Улсын шүүхийн тухай хууль дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийг эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан ба энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэжээ.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө: “...”Н а” ХХК-ийн гомдол гаргах хугацаа дууссан байхад шүүх Б.М нь захиргааны хэрэг нээж... шийтгэлийг хүчингүй болгосон” гэсэн агуулга дурдсан байх ба энэ нь  хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гомдол байх бөгөөд үүнийг ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй байна. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороонд хуулиар шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх эрх хэмжээг олгоогүй бөгөөд гомдлын үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б.М холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ                                           Д.АРИУНТУЯА

       ГИШҮҮН                                                 Б.СУГАР

                                                                                   Х.ХАШБААТАР