info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-05-07

Дугаар 49

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Т.Э, ажиглагчаар өргөдөл гаргагч Г.Н /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

... анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ГС/2024/0054 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Илтгэгч гишүүний саналд: “... Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлахаар хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан.

... анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.1-т “Ээлжийн амралтаа эдлэх шүүгчийг амралтаа эдлэхээс ажлын 5 хоногийн өмнө хэрэг хуваарилалтаас гаргах бөгөөд тухайн шүүгч нь үлдэгдэл хэргээ шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд үлдэгдэл хэргээ шилжүүлэх эсэхийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ. Ээлжийн амралтын дундуур ажилд орохоор болбол 3 хоногийн өмнө мэдэгдэж тойрогт орно” гэж заажээ.

Тус шүүхийн Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудсаар Ерөнхий шүүгч Н.А 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс ажлын 27 хоног, шүүгч Б.Б 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 30 хоног ээлжийн амралт эдлэх болсныг мэдэгджээ. 

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч Н.А-г ээлжийн амралттай байх хугацаанд түүний түр орлон гүйцэтгэгчээр шүүгч Т.Э-ыг томилж, шүүгч Н.А , Б.Б нарт хуваарилагдсан эрүүгийн хэргүүдийг шүүгч Т.Э-д  шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ээлжийн амралт эдлэх болсон тул журмын дагуу Ерөнхий шүүгч Н.А   2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс,  шүүгч Б.Б  2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс тус тус хэрэг хуваарилалтаас гарсан.

... анхан шатны шүүхээс шилжүүлсэн Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг  ... анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан ба программаас шүүгч Т.Э-д  хуваарилагдсан нь эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Тэрээр Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэж байсан тул  хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. 

Энэ үед шүүгч ганцаараа ажиллаж байсан ба Г.Н нарт холбогдох эрүүгийн хэрэг хуульд заасан журмын дагуу хуваарилагдсан, ээлжийн амралттай байсан шүүгч нар амралтын дундуур ажилд орсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл уг эрүүгийн хэрэг хуульд заасан журмын дагуу шүүгчид хуваарилагдсан бөгөөд холбогдох шүүгч нь өөрийн хүсэлтээр хэрэг хүлээн авах, шүүх бүрэлдэхүүнд оролцох боломжгүй, ийм байдал тогтоогдоогүй тул өргөдөлд дурдсан “... шүүгч Т.Э  өөрөө ганцаар тойргийн нэрсэнд байж тус хэргийг өөртөө хуваарилж, хэргийг хянан шийдвэрлэх хурлын даргалагчаар өөрөө өөрийгөө томилсон, Ерөнхий шүүгч Н.А  ажилдаа орсон байсан...” гэх гомдол үндэслэлгүй.

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д заасан асуудлыг шийдвэрлэх учиртай.

Г.Н-н өмгөөлөгч Д.А-н хүсэлтээр шүүх 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг зарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.37-т зааснаар прокурорыг "яллах тал" гэж тодорхойлсон.  Прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ба  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2-т заасан.

Түүнчлэн прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлэх ба дээрх эрүүгийн хэрэгт авагдсан ... Прокурорын газрын ахлах прокурор Н.А-н 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 35А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 2-т  "шүүх хуралдаанд гэрч Б.Э, О.Ц, Б.Л, Ж.Т, Ж.А нарыг оролцуулах саналтай" гэжээ.

Урьдчилсан хэлэлцүүлгийн дуу-дүрсний бичлэгт даргалагч хуралдааныг нээж, ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулж, дэгийг танилцуулж, хэлэлцүүлэг явагдсан байна. 

Даргалагчаас: Өмгөөлөгчөө та урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Хүсэлтээ агуулгын хувьд шүүхээс юу хүсэж байгаа талаараа тодорхой хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:22:52-0:23:01/

Шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Д.А : Нотлох баримтыг буруу цуглуулж хэт нэг талыг баримталж Г.Н-г буруутгаж, нотлох баримтыг орхигдуулсан тул шүүхээс дахин шинжээч томилж өгөөч, “О Ц” ХХК нь 50 вагон баяжмал аваад явсан. Баяжмалын талаар хавтаст хэрэгт байхгүй тул үүнийг аваач, “Т Э”ХХК тухайн үед түрээсэлж байхдаа өчнөөн олон төмрийн хүдрийн баяжмалыг Хятад руу гаргасан. Үүнийг Гаалийн газраас авах, ийм ажлуудыг хийж өгнө үү. Прокуроруудын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэв. /Бичлэгийн 0:23:01-0:26:20/

Даргалагчаас: Хэргийг прокурорт буцааж өгнө үү гэж байна уу гэхэд /Бичлэгийн 0:26:21-0:26:25/

Шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Д.А : Тийм гэв. /Бичлэгийн 0:26:26/

Даргалагчаас: Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б нэмж хэлэх тайлбар, хүсэлт байвал хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:26:55-0:27:01/

Шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Г.Б : Тайлбараа хэлж,  хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв. /Бичлэгийн 0:27:02-0:52:23/

Даргалагчаас: Прокурор тайлбараа хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:55:05-0:55:18/

Прокурор: Өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг сонслоо. Хэргийн үйл баримт дутуу байхад яллах дүгнэлт үйлдсэн гэж ярилаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй гэж хуульчилсан. /Бичлэгийн 0:59:00-1:00:06/

Прокурор: Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар хуулийн заалтыг яаж зөрчсөн бэ? яллах дүгнэлтийг хуульд зааснаар ямар гэмт хэрэгт, яаж холбогдсон тодорхой бичигдсэн байгаа. Өмгөөлөгч нар нь Г.Н-г гэм буруугүй гэж ярьж байгаа нь урьдчилсан хэлэлцүүлэгт ярихгүй асуудлыг ярьж байна. Энэ хэргийг удаан шалгасан. Хэрэгт хуульд зааснаар нотлох баримтууд авагдсан. Яллах дүгнэлтийг хүчингүй болгоно гэж яриад байна. Прокурорын шийдвэрийг хүчингүй болгодог ямар хуулийн заалт байна вэ? хуульд байхгүй зүйл ярьж байна. ...Ерөнхийдөө өмгөөлөгч нарын саналыг дүгнээд хэлэхэд хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх санал гаргаж байна. Зөвхөн өмгөөлөгч нарын гаргасан заалтаар хэргийг прокурорт буцаах үндэслэл байхгүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх бүрэн боломжтой. Өмгөөлөгч нар Г.Н-г буруугүй байхад нь өөрийнх нь эсрэг нотлох баримт бүрдүүлж, өөрт холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй гэж ярьж байна. Энэ асуудлыг яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа гэм буруугийн шүүх хуралдаан дээр яригдах асуудал. Өмгөөлөгч нарт хэлэхэд хэргийн материалаа сайн үзээрэй, та хэд дутуу судалсан байна. Өмгөөлөгчдийн хувьд хэргийн материалыг дутуу судалсан байна. Нотлох баримтуудыг буруу зөрүү тайлбарлаж ойлгуулж байна. Өөр баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хэргийн материалтай танилцаагүй байж дүгнэлт хэлэх хуульд нийцэхгүй асуудал. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хэрэгсэхгүй орхиж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлож өгнө үү гэв. /Бичлэгийн 0:00:01-0:07:40/        

Даргалагчаас:Өмгөөлөгч Д.А  нэмэлт тайлбараа давхцуулахгүйгээр хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:29:51-0:29:58/

Шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Д.А : Нэмэлт тайлбараа хэлж, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв. /Бичлэгийн 0:29:59-0:39:43/

Даргалагчаас: Өмгөөлөгч Г.Б нэмж хэлэх тайлбар байвал давхцуулахгүйгээр хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:39:55-0:40:03/

Шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Г.Б : Нэмэлт тайлбараа хэлж,  өмнөх саналаа дэмжиж байна гэв. /Бичлэгийн 0:40:09-0:47:58/

Даргалагчаас: Өмгөөлөгч Р.Мд нэмэлт тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:48:03-0:48:06/

Хохирогч Ч Г-нөмгөөлөгч Р.М: Нэмэлт тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:48:12-0:51:42/

Даргалагчаас: Өмгөөлөгч Ц.Ц гэхэд /Бичлэгийн 0:51:46/

Хохирогч Ц.С-н өмгөөлөгч Ц.Ц: Нэмэлт тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:51:53-0:54:33/

Даргалагчаас: Прокурорт нэмэлт тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:54:34-0:54:36/

Прокурор: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан өмгөөлөгч нарын тайлбарыг сонслоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэмжээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэе гэж байгаа хүсэлтэд баримтуудаас зөвхөн нэг хэсгийг гаргаж ирээд тодорхойлоод байна. Прокурорын яллах дүгнэлтэд 104 яллах баримтууд авагдсан. Үүнийг нэг бүрчлэн яривал цаг хугацаа их орно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулийн хүрээнд авагдсан баримтууд байна. Хэргийн материалыг бүхэлд нь уншаагүй нөхцөл байдал байна. Г.Н нь 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь Ч Г хилээр хилээр орсон гарсан баримтаар тогтоогдож байна. Ч Г нь 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Монгол улсад байгаагүй гэдэг нь Хил хамгаалах газрын лавлагаагаар тогтоогдож байгаа. Өмгөөлөгч нь Г.Н-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон байдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хаа хамаагүй хүсэлт гаргаж байна. Хуулийн хувьд ямар ч боломжгүй асуудлыг хүчээр тулгаж халдмааргүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон асуудлаа гэм буруугийн хурал дээр шийдвэрлэнэ. Өмгөөлөгчийн гаргаж байгаа хүсэлтүүд нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт үндэслэлгүй байгаа тул хүсэлтийг хүлээн авахгүйгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж өгнө үү гэв. /Бичлэгийн 0:55:01-0:0:59:59/ 

Даргалагчаас: Хохирогчийн өмгөөлөгч Ү.Ч,  Б.М, Б.Х, хохирогч “Т Э”ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, яллагдагч Г.Н, А.Г, А.Т түүний өмгөөлөгч Ж.Д нарын нэмэлт тайлбарыг сонсов. /Бичлэгийн 0:00:04-0:23:47/

Даргалагчаас: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг түр завсарлуулав. /Бичлэгийн 0:23:47-0:23:49/

Даргалагчаас: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн агуулгыг уншиж танилцуулж, шүүх хуралдааныг товлон зарлахтай холбоотой өмгөөлөгч нар болон прокурорын саналуудыг сонсож, шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр хийхээр товлож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дууссан байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10-т зааснаар шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх учиртай.

Прокурор яллах дүгнэлтэд нэр бүхий хүмүүсийг гэрчээр оролцуулах санал гаргасан боловч энэхүү саналаа урьдчилсан хэлэлцүүлэгт дэмжээгүй, мөн шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар гэрч оролцуулах хүсэлт гаргаагүй байна. 

Иймд холбогдох шүүгчийн “...урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон прокурор Н.А нь уг гэрчүүдийг оролцуулах саналаа албан ёсоор гаргаж шийдвэрлүүлээгүй, шүүх хуралдаанд уг гэрчүүдийг оролцуулах нь ямар ач холбогдолтой талаарх тайлбараа гаргаагүй, түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон оролцогч нар болох хохирогч Ч Г-н өмгөөлөгч Р.М, хохирогч Б Ч өмгөөлөгч Д.М, хохирогч Ц.С-н өмгөөлөгч Ц.Ц , хохирогч “Т Э”ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Х , хохирогч Л.Б, Л.У нарын өмгөөлөгч Ү.Ч , шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.А , Г.Б , шүүгдэгч А.Г, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Д нараас гэрч оролцуулах тухай хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй. Тодруулбал, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч нэр бүхий этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй, энэ  тохиолдолд шүүгчийг “... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” гэж үзэхгүй.

3. Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаар захирамжаар шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Д.А-н хүсэлтийг хэсэгчлэн хангаж, 1 дүгээр хавтасны 108 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ч Г-н гарын үсгийн чөлөөт загвар, 27 дугаар хавтас хэргийн 35-36 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Н-н гарын үсгийн чөлөөт загвар шинжилгээнд тэнцэх эсэх, хохирогч Ч Г-н гарын үсгийн чөлөөт загвар нь 6 дугаар хавтас хэргийн 63, 64 дүгээр хуудсанд авагдсан гарын үсэгтэй тохирох эсэх, мөн уг гарын үсгийн чөлөөт загвар нь 26 дугаар хавтас хэргийн 174-1796 дугаар хуудсанд авагдсан баримт дээрх гарын үсэгтэй тохирох эсэх, шүүгдэгч Г.Н-н гарын үсгийн чөлөөт загвар нь 3 дугаар хавтас хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан “С-с авсан мөнгөний тооцоо” гэх нэртэй баримт дээрх Г.Н-н гарын үсэгтэй тохирох эсэхэд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/357 дугаар албан бичгээр шүүгчийн захирамжийг хэргийн хамт шинжээчид хүргүүлсэн, шүүх шинжилгээний хэлтэс буцаан ирүүлсэн тул 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/360 дугаар албан бичгээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын бичиг, баримт судлалын лабораторид хүргүүлсэн.

Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13/8226 дугаар албан бичгээр 6 дугаар хавтаст хэргийн 63, 64, 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан “С-с авсан мөнгө тооцоо” гэсэн шинжлэх баримтуудыг хуулбар хувиар ирүүлсэн, мөн Г.Н, Ч Г нарын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй байх тул дээрх баримтуудыг эх хувиар, тоон шаардлага хангасан байдлаар ирүүлэхийг мэдэгдсэн.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/05 дугаар албан бичгээр “...6 дугаар хавтаст хэргийн 63, 64, 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан “С-с авсан мөнгө тооцоо” гэсэн баримтууд нь хэрэгт эх хувиараа авагдаагүй, Г.Н-н гарын үсгийн чөлөөт загвар нь 27 дугаар хавтаст хэргийн 35-36, Ч Г-н гарын үсгийн чөлөөт загвар 1 дүгээр хавтаст хэргийн 100-109 дүгээр хуудсанд авагдсан болно” гэх хариу өгчээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13/.... дугаар албан бичгээр шинжилгээ хийхээс татгалзаж, ирүүлсэн баримтуудыг буцаан хүргүүлсэн байна. 

Шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгчөөс шинжээч томилох тухай захирамжид нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 16 дугаар захирамжаар шинжээч шинжилгээ хийх боломжгүй талаар хариу ирүүлсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах шаардлагатай гэж үзжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2-т зааснаар шинжилгээний объект нь шинжилгээ хийхэд шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлтийг, мөн эх хувь буюу биет байдлаар эсхүл энэ хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байх бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй бол шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзахаар хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-т зохицуулсан. 

Шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг шүүгч хангасан боловч шинжилгээний объект хуульд заасан шаардлагыг хангаагүй тул шинжээч шинжилгээ хийхээс татгалзсан явдалд шүүгчийг буруутгах боломжгүй. Түүнчлэн дээрх үйл баримтын талаар  шүүгч 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд танилцуулсан байна.

Иймд өргөдлийн 3-т заасан “...хэрэгт авагдсан Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ч Г-н чөлөөт гарын үсгийн загвар авагдсан хавтаснуудыг явуулахгүй үлдээж ач холбогдолгүй хүргүүлснээс тус Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс чөлөөт гарын үсэг авагдсан хавтас байхгүй учир шинжилгээ хийх боломжгүй тус чөлөөт гарын үсгийг ирүүлсэн тохиолдолд тогтоох боломжтой гэсэн хариу ирүүлсэн ба шүүгчийн зүгээс илт худал тайлбарлаж эх хувь баримт биш тул тухайн баримтад шинжилгээ хийх боломжгүй мэтээр тайлбарлаж хангасан захирамжаасаа татгалзсан” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

4. Г.Н 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Г, Б.Э, Д.З, М нарыг, өмгөөлөгч Д.А  2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ОХУ-ын иргэн Р А Х-г гэрчээр асуулгах хүсэлтийг тус тус  гаргажээ.

Дээрх хүсэлтүүдийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн 220 дугаар захирамжаар өмгөөлөгч Д.А-н хүсэлтийг хэсэгчлэн хангаж, шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон ба харин Р А Х нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөөгүй тул түүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах боломжгүй гэж үзэн,  хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9.-т зааснаар  хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөөгүй хүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах үндэслэлгүй,  хүсэлтийг хангаагүй шүүгчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байна. 

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшилсон. Энэхүү хойшилсон хугацаанд шүүгдэгч Г.Н 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Д.З, Б.Э, Б.Г, М.М нарыг оролцуулахаар хүсэлт гаргажээ.

Энэхүү шүүх хуралдааны тэмдэглэлд  шүүгдэгч Г.Н “...би Д.А  өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг дэмжиж байна. ...өмгөөлөгчийн гаргаж байгаа хүсэлтийг хангаж өгөөч ээ гэж хүсэж байгаа юм” гэсэн тайлбар өгчээ. Үүнээс үзвэл, Г.Н нь  шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай өмнө гаргасан хүсэлтээ тайлбарлаагүй, дэмжээгүй байна.

Шүүгдэгч Г.Н 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Б.Э, Д.З, Б.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг хэлэлцээд шүүгчийн 26 дугаар захирамжаар хангахаас татгалзахдаа “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ...нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй...” гэсэн үндэслэл дурджээ.

Шүүх хуралдаанд дуудах гэрчийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талаар дээр дурдсан, нэр бүхий  гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулахаар урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

Дээр дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Г.Н-н гэрч оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй бөгөөд өргөдлийн 4-т заасан гомдол үндэслэлгүй. 

5. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дуу, дүрсний бичлэгт даргалагчаас шүүх хуралдааныг нээж, Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1909......... дугаартай хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулж, шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч н.М-аас ирүүлсэн хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг уншиж танилцуулан, хүсэлттэй холбоотой оролцогч нарт санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулж шүүхийн хэлэлцүүлэг явагдсан байна. 

Даргалагчаас: Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд энэ өмгөөлөгчтэйгөө оролцох уу гэхэд

Шүүгдэгч Г.Н: Тэгнэ. Энэ өмгөөлөгчтэйгөө оролцоно. Шүүхийн аль ч үед хүсэлт гаргах эрхтэй гэх үндэслэлээр миний бие дараах 3 хүсэлтийг гаргаж байна. 1-т төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол дээрх Ч Г-н гарын үсгийг шинжлүүлэхээр нарийн мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлтээ дахин гаргаж байна. Хэрвээ чөлөөт загварын гарын үсгийн хэв байхгүй гэж үзвэл би өөрөө гаргаж өгөх боломжтой. Татгалзсан гэж үзвэл дарагдсан тамгыг хэвлэмэл биш эсэхийг давхар нотлуулъя. Учир нь өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хугацаанд уг ажиллагааг хийх боломж гарах болов уу гэж үзсэний үндсэн дээр уг хүсэлтийг гаргаж байна. Гарын үсэг болон тамгыг тусад нь, тамгыг хэвлэмэл гэж намайг гүтгээд байгаа, энэ тамга надад байгаагүй болохоор надад дарах боломж байгаагүй. Энэ тамгын дардсыг хэвлэмэл, хэвлэмэл биш эсэхийг нотлуулъя. 2-т бусад шүүхүүдэд ямар хэргүүд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар лавлагаа байдлаар гаргаж өгсөн. Хэрэгт ач холбогдолтой баримтуудыг бусад шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нотлох баримтаар бусад шүүхэд хэлэлцэгдэж байгаа хавтаст хэргүүдийг нотлох баримтаар татуулах хүсэлтэй байна. 3-т түрүүчийн хурал дээр би сайн ойлгоогүй. Хүсэлтийг хангахаас татгалзав гэдгийг би гэрчээр оролцуулах этгээдүүдийг оролцуулахгүй татгалзаж байгаа юм байна гэж ойлгосон. Гэрчээр оролцуулах хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж нь байгаа. Энэ захирамжийг хүчингүй болгосон гэж ойлгосон чинь хүчинтэй байгаа юм байна. Гэрчээр оролцуулах хүсэлтийг хангасан захирамжид дурдсан гэрчүүдийг оролцуулах гэв. /Бичлэгийн 0:04:41-0:07:16/

Даргалагчаас: Аль захирамж дээр дурдсан гэрчүүд вэ гэхэд /Бичлэгийн 0:07:17-0:07:20/

Шүүгдэгч Г.Н: 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирамжид 5 хүнийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн байдаг. Өмнөх хуралдаанд гэрчүүдийг дуудаагүй, шүүгч шууд шүүх хурлыг үргэлжлүүлсэн нь ойлгомжгүй санагдсан гэв. /Бичлэгийн 0:07:21-0:07:44/

Даргалагчаас: Шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг хангаад, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзсан байна гэхэд /Бичлэгийн 0:07:45-0:07:52/

Шүүгдэгч Г.Н: Үгүй, хангаад гэрчүүдэд мэдэгдсэн байсан гэв. /Бичлэгийн 0:07:53-0:07:55/

Даргалагчаас: Хэн гэдэг гэрчүүд оролцуулах хүсэлттэй байна вэ гэхэд /Бичлэгийн 0:07:56-0:08:00/

Шүүгдэгч Г.Н: Таван гэрч байгаа. Бичгээр өгсөн байгаа. Бичигт  Б Э, “Т Э” компанийн ерөнхий нягтлан бодогч н.Э, “Я я” компанийн захирал н.Г, н.Р гэх оросыг оролцуулах хүсэлтийн хамт гаргаж байсан. н.Р-г гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаад бусдыг нь оролцуулах хүсэлт гаргасан. Дараагийн хурлыг хойшлуулмааргүй байна. Тэгэхгүй бол миний эрх ашиг хөндөгдөөд, хохирол төлбөр нэмэгдээд байна. Дараагийн хурал дээр гэрчүүдийг оролцуулахаар бол шүүхээс гэрчүүдийг дуудан ирүүлэх ажлыг зохион байгуулна гэж ойлгосон. “Б Ч” гэх компанийн эрх ашиг хөндөгдөөд, дараагийн төсөл хөтөлбөрүүд явагдах гэхээр хэрэг маргаанаас болоод эд хөрөнгө битүүмжлэгдсэн учраас компанийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд дараагийн хуралд гэрч дуудаж хурлаа хиймээр байна. 3 хүсэлтийг гаргаж байна гэв. /Бичлэгийн 0:08:01-0:09:43/

Даргалагчаас: Гаргасан хүсэлттэй нь холбогдуулан оролцогч нарт тайлбар байгаа эсэхийг асууж, тайлбаруудыг сонсов. /Бичлэгийн 0:09:16-0:30:31/

Даргалагчаас: Шүүгдэгч Г.Н нэмж хэлэх тайлбар байна уу? гэхэд /Бичлэгийн 0:30:33-0:30:36/

Шүүгдэгч Г.Н: Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч хэрэгтэй танилцах хугацаанд ийм ажиллагааг хийлгэж болох уу гэдэг байдлаар хүсэлт гаргаж байгаа. Энэ хүсэлт гаргах нь өөрөө хуулийн дагуу гаргаж байгаа хүсэлт болохоос биш би энэ шүүх хурлыг ямар нэгэн байдлаар хойшлуулах юм уу, дахин өмгөөлөгч танилцаад энэнээс хойш хийгдэх ажлын тухай яриагүй. Би хэлсэн хүсэлт дээрээ ч бас давхар хэлсэн. Дараагийн шүүх хурлыг бүх талаас нь хариуцлагатай байгаад бүгдээрээ шүүх хурлыг хийе, бүгдээрээ энэ шүүх хурлыг болгоё, би болгохгүй гэсэн юм биш. Би энэ хэргийг шүүхэд шилжиж ирэхэд нь шүүх хурлыг яаралтай хийж өгөөч гэж хэлсэн. Энэ хохирсон гээд байгаа хүмүүс үнэхээр хохирсон юм уу, үгүй юм гэдгийг нь хавтаст хэргийн хүрээнд хурдан шийдэж өгөөч гэдэг байдлаар хандаж байгаа юм. Ямар нэгэн байдлаар шүүх хуралдааныг хойшлуулахгүй юм уу, надад ямар ч тийм шалтаг шалтгаан байхгүй. Хуулийн дагуу л хүсэлтээ гаргаж байгаа. Тэгээд энэ хуулийн дагуу хүсэлтээ гаргаж байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байгаа юм уу гэв. /Бичлэгийн 0:30:46-0:32:01/

Даргалагчаас: Оролцогч нарт нэмэлт тайлбар байгаа эсэхийг асууж, нэмэлт тайлбарыг нь сонсож, шүүх хуралдааныг түр завсарлуулав. /Бичлэгийн 0:32:03-0:46:50/

Даргалагчаас: Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүгчийн захирамж гарсан талаар танилцуулж, шүүгдэгч Г.Ноос гаргасан “шинжээч томилох, гэрч оролцуулах, иргэний хэргийн анхан шатны шүүх, захиргааны хэргийн анхан шүүхээс хэрэг материал татуулах тухай” хүсэлтийг, улсын яллагчаас гаргасан “шүүгдэгч Г.Н-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” хүсэлтийг, өмгөөлөгч Р.М-аас гаргасан “30-аас доошгүй хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж, шүүх хуралдааны товтой холбоотой оролцогчдын санал, хүсэлтийг сонсож шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, хүсэлтүүдийг яагаад хангахаас татгалзсан талаар тайлбарлав.

 Шинжээч томилж, дүгнэлт гаргах асуудлыг өмнөх шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн учраас дахин шийдвэрлэх шаардлагагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаад шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Гэрч оролцуулах хүсэлтийг яагаад шийдвэрлээгүй гэхээр гэрч, хохирогч, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. Урьдчилсан хэлэлцүүлгээр урьдчилсан байдлаар шийдвэрлээд шүүх хуралдаанд оролцуулах талаар хуулийн зохицуулалт байгаа учраас уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Иргэн, захиргааны хэргийн шүүхээс хэргийн материал татах боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа байсан. Улсын яллагчаас гаргасан хүсэлттэй холбогдуулан Г.Н-н таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасан үндэслэл байхгүй гэж үзлээ. Өмгөөлөгч Р.М-аас гаргасан 30 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай явагдах ёстой. Шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон учраас уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болохыг тайлбарлаж, шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв. /Бичлэгийн 0:00:13-0:11:17/

2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт:

Даргалагчаас: Шүүх хуралдааныг нээж, Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1909......... дугаартай хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулж, нарийн бичгийн дарга ирц илтгэнэ үү гэхэд

Нарийн бичгийн даргаас: Ирц илтгэж, шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Г.Н, Ц.М, шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Д.А , Г.Б нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны ирцтэй холбоотой оролцогчдод санал, хүсэлт байгаа эсэхийг асууж, санал хүсэлтийг сонсов. /Бичлэгийн 0:01:16-0:09:50/

Шүүгдэгч Г.Н: Шүүх хуралдааны тэмдэглэлд үг үсгийн алдаа гарвал утга нь тэр чигээрээ алдагдана. Ярьсан ярианууд протоколд тусгагдахгүй байна. Тусгагдах нь тусгагдаад тусгагдахгүй нь тусгагдахгүй байгаа юм уу. Хэргийн оролцогч хохирогч Н.А ирээд ирцэд ороод бүтэн хуралд сууж байхад түүний талаар дурдаагүй байсан гэхэд /Бичлэгийн 0:09:51-0:10:25/

Даргалагчаас: Хавтаст хэргийн материалд Н.А-ыг хохирогчоор тогтоогоогүй. Энэ хүнийг гэрчээр асуусан харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр н.Б-г тогтоож тайлбар, мэдүүлэг авсан асуудал байгаа. Иймээс уг хүнийг ирцэд оруулаагүй гэхэд /Бичлэгийн 0:10:26-0:10:49/

Шүүгдэгч Г.Н: Оролцоогүй ч гэсэн та гэрчээр оролцож байгаа гэсэн хоорондын яриа болсон. Өмнө нь н.Р-г гэрчээр оролцуулахгүйгээр мөрдөн байцаалтын шатанд байцаалт өгсөн гэрч нарыг оролцуулж болно гэсэн. Шүүгчийн туслах гэрч нар руу яриад ирүүлсэн байсан. Тодорхойгүй байгаа учраас гэрчээр “Я я” компанийн захирал н.Г, “Т Э” компанийн ерөнхий нягтлан бодогч н.Э, “А О” компанийн захирал н.М нарыг дахин гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байна. Энэ гэрч нарыг би дараагийн хурал дээр өөрөө дуудаад авчирч болно. Эдгээр хүмүүс мөрдөн байцаалтын шатанд бүгд гэрчээр мэдүүлэг өгсөн. 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай хууль цаазын шадар зөвлөх н.А-ын гаргасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Үндэслэл нь Н-н прокурорын газрын дарга, ерөнхий прокурор н.А-н 2022 оны 11 дүгээр сарын 29-ний албан тоотоор ...прокурорын газарт эд хөрөнгийн шилжих эрхэд нь хязгаарлалт тавь, Г.Н-н үйл ажиллагаа явуулах эрхэд нь халдахгүйгээр хангаж ажил гэх чиглэл хүргүүлэхэд Б Ч гэх хүнд даалгах ажиллагаа явагдаад дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. Прокурорын тогтоолоор Б Ч-д  хөрөнгийг хариуцуулахдаа ямар нэгэн акт, бичиг баримт үйлдээгүйгээс болж эд хөрөнгө, материалаас хөрөнгө завших боломжийг олгож байна. Энэ хүмүүс бусдын эд хөрөнгөд халдаад яваад байна. “Б Ч” компанийн эд хөрөнгө юу вэ гэдгийг тогтоогоогүй. ... суманд байгаа 8 га газар “Ц Б” компанийн нэр дээр байдаг. 2 боловсруулах шугамын нэг нь “Б” компанийн нэр дээр байдаг. Б Ч прокурорын тогтоолыг бариад энэ надад хариуцуулсан гээд “Б” компани руу оруулахгүй, үйл ажиллагаа явуулах эрхэд халддаг. ...харгалзан үзэж прокурорын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. /Бичлэгийн 0:10:50-0:15:46/

Даргалагчаас: Шүүгдэгч Г.Н-н гаргасан хүсэлттэй холбогдуулан оролцогчдын тайлбарыг сонсож, хүсэлт шийдвэрлэхээр шүүх хуралдааныг түр завсарлуулав. /Бичлэгийн 0:16:47-0:21:15/

Даргалагчаас: Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүгчийн захирамж гарсан талаар танилцуулж, шүүгдэгч Г.Ноос гаргасан “гэрч оролцуулах тухай”, “...прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, хүсэлтүүдийг яагаад хангахаас татгалзсан талаар тайлбарлав.

 Гэрч оролцуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Гэрч оролцуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөвхөн  урьдчилсан хэлэлцүүлэг дээр шийдвэрлэнэ. Урьдчилсан хэлэлцүүлэгт гэрч, шинжээч оролцуулмаар байна гэх үндэслэлээ тайлбарлаж хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж хуульчилсан. Иймд гэрч оролцуулах хүсэлтийг хангах боломжгүй. Прокурорын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр мөн хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр уг асуудлыг шийдвэрлэх ёстой. Одоо бол урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв. /Бичлэгийн 0:00:13-0:04:45/

Энэ нь 2024 оны 01 дүгээр сарын 22,  02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнтэй агуулгын хувьд зөрүүгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна., 2-т “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй.” гэж заасан. Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, хэрвээ тэмдэглэл дутуу, агуулгын хувьд өөр байсан бол засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой бөгөөд ийм хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд шүүгчийн хувьд эрхийг нь хязгаарласан гэх байдал тогтоогдоогүй.

Иймд өргөдлийн 5-т дурдсан “Шүүгч Т.Э  нь хэргийг хянан шийдвэрлэх хуралдаанаар яригдсан асуудал, гэрч хохирогч оролцуулах тухай хурлаар яригдсан яриа бичлэгт үлдсэнээс тэс өөр агуулгатай болгох, протоколд бичиж дурдахгүй үлдээх, үг өгүүлбэр албаар алдаж зөрүүлж бичсэн” гэх гомдол тогтоогдоогүй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог.

Г.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай.  Шүүгч нь нэр бүхий шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан үндэслэлээ Шийтгэх тогтоолд тодорхой тусгасан бөгөөд Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах эрхгүй болно.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч давж заалдах гомдол гаргах эрхтэй  бөгөөд энэ талаар тогтоолд тодорхой заасан байна. Иймд өргөдлийн 6-д заасан  “...эрүүгийн 1909......... дугаартай хэрэгт илт хууль буруу хэрэглэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн зүгээс гаргасан Г.Н хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн мөн миний эзэмшлийн компаниудын дотоод маргаан болон үл ойлголцох асуудлыг гэмт хэрэг гэж үзэн компанийн эд хөрөнгө үнэ бүхий зүйлүүдийг шууд хохиролд тооцож хувь хүн иргэн болох Хятад улсын иргэнд шилжүүлэн өгөхөөр Шүүхийн шийтгэх тогтоолд дурдан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхэд ноцтой халдаж шийдвэрлэсэн” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

...анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.11.04-ний өдрийн 915 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-г “Б Ч” ХХК-д холбогдох хувьцаа эзэмшигчдийн хурал болон тус хурлын №2 тоот компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай, №3 тоот гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

Шүүгч тайлбартаа “... шүүгдэгч Г.Н нь ... анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04/08 дугаартай албан бичгийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн” талаар  дурдсан.

Эрүүгийн хэрэгт авагдсан дээрх албан бичигт “тус шүүхэд Г.Н-н нэхэмжлэлтэй хариуцагч “Б Ч” ХХК, B C /Б.Ч/, Ч Г Х нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг хэргийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн .../Ш32022/00446 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.8-д зааснаар Г.Н-н нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийг зохицуулсан.

Г.Н-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг түүний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь түүнд холбогдох эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.  

Иймд өргөдлийн 7-т заасан шүүгч Т.Э  нь тус аймаг дахь иргэний хэргийн шүүхээр миний үүсгэн байгуулсан компанийн төлөөлөх эрхийг хууль бусаар авсан болохыг тогтоолгохоор хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаа явагдаж байхад эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоосон эрүүгийн хэргийг яаралтай шийдвэрлэх гэж улайран байсан” гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Т.Э  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...1 ....анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1630 дугаартай захирамжаар Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1909......... дугаартай эрүүгийн хэргийг харьяаллын дагуу ... анхан шатны шүүхэд шилжүүлж, тус хэргийг ...анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 974 дугаартай албан бичгээр ... анхан шатны шүүхэд хүргүүлснийг хүлээн аваад 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ЕШЗ/95 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Т.Э  миний бие нь бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилагдсан шүүгч болох Т.Э  буюу өөрийгөө даргалагч шүүгчээр томилсон шийдвэр гаргасан. Ийнхүү энэ хэрэгт даргалагч томилох болсон шалтгаан нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.А  нь ээлжийн амралтаа авсан, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхийн шүүгч Б.Б нь ээлжийн амралтаа авсан.

... анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.1-т “Ээлжийн амралтаа эдлэх шүүгчийг амралтаа эдлэхээс ажлын 5 хоногийн өмнө хэрэг хуваарилалтаас гаргах бөгөөд тухайн шүүгч нь үлдэгдэл хэргээ шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд үлдэгдэл хэргээ шилжүүлэх эсэхийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ. Ээлжийн амралтын дундуур ажилд орохоор болбол 3 хоногийн өмнө мэдэгдэж тойрогт орно” гэж заасны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.А-г 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс, шүүгч Б.Б-г 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс тус тус хэрэг хуваарилалтаас гаргасан.

Ийнхүү тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.А , Б.Б нар нь ээлжийн амралтаа авч байгаатай холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүгчдийн зөвлөгөөнийг хийж, ... анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Ерөнхий шүүгч Н.А-г ээлжийн амралттай байх хугацаанд түүний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шүүгч Т.Э  намайг томилж, Ерөнхий шүүгч Н.А  шүүгч Б.Б нарын үлдэгдэл хэргийг шүүгч Т.Э  надад шилжүүлж шийдвэрлэсэн.

Ерөнхий шүүгч Н.А  нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс шүүгч Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс тус тус ажилдаа орж хэрэг хуваарилалтад орсон. 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд шүүгч Т.Э  миний бие нь ганцаараа ажиллаж байсан бөгөөд Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1909......... дугаартай 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр программаас хуваарилагдсаны дагуу хүлээн авсан.

Мөн тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/130 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Д.А-н хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан. Гэтэл ...Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Ц-1/332 дугаартай албан бичиг ирүүлсний дагуу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 00 минутад товлогдсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан. Шүүгч Т.Э  миний бие нь Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1909......... дугаартай прокурор урьдчилсан хэлэлцүүлэгт ирээгүйн улмаас 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх боломжгүй болсон тул Ерөнхий шүүгч Н.А д танилцуулж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ЕШЗ/101 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хоногоор сунгуулсан. /уг Ерөнхий шүүгчийн захирамж дээр тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.А  нь гарын үсэг зурж шийдвэрлэсэн болно/

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:” гэж заасан бөгөөд 17 асуудлын талаар хэлэлцэхээр заасан.

Шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Д.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 /нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;/, 6.14 /хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол;/, 6.15 /мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт;/ гэж тус тус зааснаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан. Мөн ... Прокурорын газрын ахлах прокурор Н.А-ын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 35А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 2-т "шүүх хуралдаанд гэрч Б.Э, О.Ц, Б.Л, Ж.Т, Ж.А нарыг оролцуулах саналтай." гэж бичсэн. Гэтэл тус шүүхийн шүүх хуралдааны танхимд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон прокурор Н.А нь уг гэрчүүдийг оролцуулах саналаа албан ёсоор гаргаж шийдвэрлүүлээгүй, шүүх хуралдаанд уг гэрчүүдийг оролцуулах нь ямар ач холбогдолтой талаарх тайлбараа гаргаагүй, түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон оролцогч нар болох хохирогч Ч Г-н өмгөөлөгч Р.М, хохирогч Б Ч өмгөөлөгч Д.М, хохирогч Ц.С-н өмгөөлөгч Ц.Ц , хохирогч “Т Э”ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Х , хохирогч Л.Б, Л.У нарын өмгөөлөгч Ү.Ч , шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.А , Г.Б , шүүгдэгч А.Г, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Д нараас гэрч оролцуулах тухай хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй.

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т “шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт;” гэж заасан ба прокурор Н.А нь яллах дүгнэлтийн хавсралтад заасан гэрч нарыг оролцуулах саналаа гаргаж шийдвэрлүүлээгүй байна. Тус шүүхийн шүүгч Т.Э  миний бие нь талуудаас гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/165 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн болно.

3. ... анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутаас эхэлсэн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Д.А-гаас “26 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч Г-н гарын үсэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 100-109 дүгээр талуудад байгаа гарын үсгийн чөлөөт загвартай тохирох, мөн 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дэх талд байх “С-с авсан мөнгөний тооцоо” гэх нэртэй баримттай Г.Н-н гарын үсэг тохирох эсэх, 6 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр талд байгаа Хятад бичвэр дээрх гарын үсэг нь хохирогч Ч Г-н гарын үсэгтэй тохирох эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах. Мөн ... анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах, ...аймгийн Цагдаагийн хэлтсээс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 27-ны хугацаанд Г.Ноос шуудангаар ирүүлсэн гомдлуудыг хуулбарлан авч нотлох баримтаар хэрэгт хавсаргах, Төрийн банкнаас А.Г 400 000 ам доллар зээлсэн Оросын Холбооны Улсын иргэн Р А Х-ын ...... дугаартай долларын дансны хуулгыг гаргуулах, Оросын Холбооны Улсын иргэн Р А Х-г гэрчээр асууж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан.

 Шүүхээс өмгөөлөгч Д.А-аас гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангаж ...аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст шинжилгээ хийлгүүлэхээр эрүүгийн 1909......... дугаартай хэргийн 1, 3, 6, 26, 27 дугаар хавтаст хэргийг хүргүүлсэн. /өмгөөлөгч Д.А  нь зөвхөн эдгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад гарын үсгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах хүсэлт гаргасан болно/ Ийнхүү өмгөөлөгч Д А-гийн хүсэлтийг хэсэгчлэн хангасантай холбоотой шүүгдэгч Г.Н-оос гарын үсгийн чөлөөт загварыг авч хэргийн хамт хүргүүлсэн.

Гэтэл ...аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 31/...дугаартай “Тус хэлтэст ирүүлсэн Бичиг баримт, судлалын шинжилгээ нь өндөр нарийвчлалтай техник хэрэгсэл болон мэргэшсэн шинжээчээр шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон тул Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бичиг баримт, судлалын лабораторид хүргүүлнэ үү” гэх агуулга бүхий албан бичгийг тус шүүхэд хэргийн хамт буцаан хүргүүлсэн. Тус шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/360 дугаартай албан бичгээр эрүүгийн 1909......... дугаартай хэргийн 1, 3, 6, 26, 27 дугаар хавтаст хэрэгт шинжилгээ хийлгүүлэхээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Бичиг, баримт судлалын лабораторид хүргүүлсэн.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13/8226 дугаартай албан бичигт “Таны 2023/ШЗ/220 дугаартай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлтийг хэсэгчлэн хангаж, шинжээч томилох тухай” захирамжийг 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч шинжилгээнд ирүүлсэн баримтуудтай танилцахад 6 дугаар хавтаст хэргийн 63, 64 дүгээр хуудсанд авагдсан, 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан “С-с авсан мөнгө тооцоо” гэсэн шинжлэх баримтууд нь хуулбар хувиар ирүүлсэн, мөн Г.Н, Ч Г нарын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй байна.

Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дээрх баримтуудыг эх хувиар, тоон шаардлага хангахуйц байдлаар нэн даруй ирүүлнэ үү” гэж дурдсантай танилцаад тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/05 дугаартай албан бичигт “С-с авсан мөнгө тооцоо” гэх баримт нь хэрэгт эх хувиараа авагдаагүй байсан, харин хохирогч Ч Г-н гарын үсгийн чөлөөт загварыг ... Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Т 1 дүгээр хавтаст хэргийн 100-109 дүгээр хуудсанд бэхжүүлсэн, мөн шүүгдэгч Г.Н-н гарын үсгийн чөлөөт загвар 27 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудсанд авагдсаныг тус тус дурдаад Шүүх шинжилгээний Ерөнхий газарт хүргүүлсэн.

Харин Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13/.... дугаартай албан бичгээр “С-с авсан мөнгө тооцоо” гэх баримт нь хэрэгт эх хувиараа ирээгүй, Ч Г , Г.Н нарын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжилгээ хийхээс татгалзаж буцаасан.

 Шүүгч Т.Э  миний бие нь тухайн болсон процесс ажиллагааны талаар хэргийн оролцогч нарт үнэн зөвөөр нь тайлбарласан. Шүүх шинжилгээний Ерөнхий газраас ирүүлсэн албан бичигтэй холбогдуулан шүүгдэгч Д.Н-н өмгөөлөгч Д.А  нь 2024 оны 01 дүгээр сарын 09-нийн өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдаанд “Шинжээч томилох шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дараах нэмэлт өөрчлөлийг оруулж өгнө үү. Үүнд: Ч Г болон Г.Н нарын гарын үсгийн харьцангуй чөлөөт загварыг шинжлүүлэх үүднээс эрүүгийн 1909......... дугаартай хэрэгт уг этгээдүүдээс мэдүүлэг, хурлын товд зурсан гарын үсгүүд хамаарч байх бөгөөд 26 хавтастай хэрэг овор хэмжээ их тул шинжилгээ хийх эрх бүхий этгээдүүдийг ирүүлэх эсэхийг шийдвэрлэж шинжилгээ хийлгэх, Ч Г болон Г.Н нараас 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө зурж байсан гарын үсэг, гар бичмэлүүдийг нэмэлтээр өгүүлэх, С-с авсан мөнгөний эх баримт эх хувь биш эсэхэд шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасныг хэлэлцээд шүүгч Т.Э  миний бие нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 Татгалзаж шийдвэрлэсэн үндэслэл нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13/.... дугаартай албан бичгээр “С-с авсан мөнгө тооцоо” гэх баримт нь хэрэгт эх хувиараа ирээгүй, Ч Г , Г.Н нарын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжилгээ хийхээс татгалзаж буцаасан байсан тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн болно. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч нарын хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй болно.

4. Тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшилсон. Энэхүү хойшилсон хугацаанд шүүгдэгч Г.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Д.З, Б.Э, Б.Г, М.М нарыг оролцуулахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх ёстой.

Шүүх хуралдаанаас уг хүсэлтийг хангах, хангахаас татгалзах эсэх талаар ямар шийдвэр гарахыг мэдэх боломжгүй байсан тул шүүгч Т.Э  миний бие нь шүүгчийн туслах Б.Ч-д гэрч нартай утсаар холбогдож шүүх хуралдааны тов мэдэгд гэж хэлсэн. Шүүгчийн туслах Б.Ч  нь гэрч нартай утсаар холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Ийнхүү 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаан эхэлж хохирогч Ц.С-н өмгөөлөгч Ц.Ц- ээс шүүхэд ирүүлсэн “шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлтийг танилцуулж, талуудын санал хүсэлтийг сонссон.

Энэ шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгч Д.А  нь “шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах, Оросын Холбооны Улсын иргэн Р А Х-г гэрчээр оролцуулах” хүсэлт гаргасан. Шүүхээс “шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж, “нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах” тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхээс өмнө шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Ноос тайлбар байгаа эсэхийг асуухад “Би Д.А  өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Энэ шүүх хуралдаанд оролцож байгаа өмгөөлөгчдийн түрүүчийн шүүх хуралдаан дээр шүүх хуралдаан хэтэрхий хойшилж байна. Хуралдуулмаар байна гэж яриад байсан хүмүүс одоо ингээд хойшлогдоход татгалзах зүйлгүй болчихсон явж байгаад гайхаж байна. Тэгээд би өмгөөлөгчийнхөө гаргаж байгаа хүсэлт нь өөрөө шүүхийн шатанд энэ шүүх хурлыг хурдан хийх, хурдан шийдвэрлэсэн тохиолдолд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд бас дөхөм болох, цаг хожих асуудлыг ярьж байхад яагаад эсэргүүцээд байгааг бас гайхаж байгаа. За тэгэхээр манай энэ хүсэлтийг дэмжээд хүсэлтийг хангаж өгөөч ээ гэж хүсэж байгаа юм” гэх тайлбар өгсөн. Шүүгдэгч Г.Н-н зүгээс энэ шүүх хуралдаан дээр гэрч оролцуулах хүсэлтээ тайлбарлаж, дэмжиж оролцоогүй ба тус өдрийн шүүх хуралдаан ийнхүү хойшилсон. Өөрөөр хэлбэл шүүхээс гэрч Д.З, Б.Э, Б.Г, М.М нарыг оролцуулахаар шийдвэрлээгүй болно.

Харин шүүгдэгч Г.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдаан дээр “шинжээч томилж гарын үсэг мөн эсэх, тамганы дардас мөн эсэхийг тогтоолгох, гэрч Б.Э, Д.З, Б.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулах, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр байгаа “Б Ч” ХХК-тай холбоотой хэргүүдийг татан авхуулах” хүсэлт гаргасныг талуудын санал болон хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 10 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Н-оос дахин “гэрч Б.Э, Д.З, Б.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулах, ...Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах” тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.Н-оос гаргасан “гэрч Б.Э, Д.З, Б.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулах” тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т “шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт;” гэж заасан ба урьдчилсан хэлэлцүүлгээр гэрч Б.Э, Д.З, Б.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлээгүй байсан юм.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.” гэж заасан. Энэ заалтын дагуу шүүгч Т.Э  миний бие нь тухай бүр хойшилж байсан шүүх хуралдааны тэмдэглэлийг хянаж гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн зүйлүүд нь шүүх хуралдаан дээр яригдсан зүйлтэй тохирч байсан болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй.” гэж заасан. Шүүгдэгч Г.Н нь тухай бүрд нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, хэрвээ тэмдэглэл дутуу, агуулгын хувьд өөр байсан бол засвар оруулах санал, хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан боловч уг эрхээ эдлээгүй. Шүүгч Т.Э  миний зүгээс шүүгдэгч Г.Н-н дээрх эрхийг хязгаарлаагүй, мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн агуулгыг өөрчлөөгүй, албаар алдаж зөрүүлж бичээгүй болно.

6. Шүүгдэгч Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд болсон. Шүүхээс шүүгдэгч Г.Н нь А.Г-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Н-н ...6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Б Ч” ХХК-ний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4 031 187 300 /дөрвөн тэрбум гучин нэгэн сая нэг зуун наян долоон мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Н нь А.Г-тай бүлэглэн “Т Э”ХХК-ний удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2 921 551 560 /хоёр тэрбум есөн зуун хорин нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун жар/ төгрөгийн хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Г.Н нь 2015 оны 07 сараас 2015 оны 12 сарын хооронд “Төмрийн баяжмал худалдаж авах Хятад хүн олж өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 долларыг өгнө, эхлээд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөх шаардлагатай”, “Төмрийн баяжмал Бүгд Найрамдах Хятад Улс руу гаргах гэхээр эргэлтийн хөрөнгөгүй байна, мөнгө өгөөч, баяжмалаа нийлүүлээд мөнгийг чинь өгье”, “Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байна, зээл бүтэхээр урьд авсан мөнгөтэйгөө нийлүүлээд өгье” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.С-с 114 177 136 /нэг зуун арван дөрвөн сая нэг зуун далан долоон мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Н 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд ... аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Б Ч” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа “О Ц” ХХК-ийн захирал Л.У-д тус компанийн захирал мэтээр ойлгуулан, хуурамч бичиг баримт үзүүлэн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэртэй хамтарч ажиллахаар тохиролцон, улмаар үйлдвэр сард 30,000 тонн хүдэр баяжуулан өгнө, ус цахилгаан мэргэжлийн хяналт, цалингийн өр төлбөр барагдуулах шаардлагатай гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Л.У-аас 164 484 000 /нэг зуун жаран дөрвөн сая наян дөрвөн мянга/ төгрөг залилсан,

шүүгдэгч Г.Н нь ... аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Б Ч” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд тус компанийн эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж үйлдвэрийн хашааны хаалгыг эвдэх, харуул хамгаалалтын ажилтан Э.Г, Б.Б нарыг хөөж гаргах зэргээр удаа дараа хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж сүрдүүлсэн,

шүүгдэгч Г.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шөнө ...аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б Ч” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд иргэн Л.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж түүнд баруун доод 1, 2-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний ганхалт, доод уруулын дотор салстын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, хүч хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай;” шийдвэрлэхээр заасан. Энэ хэрэг дээр ... Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Т нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Г- г 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан. /хохирогч Ч Г нь “Б Ч” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга/

Түүнчлэн энэ хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1018 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор ...аймгийн ... сумын 1 дүгээр багт байрлах Улаан гражийн баруун урд талд үйлдвэрлэлийн зориулалттай 1763,5 мкв талбайтай үйлдвэрлэлийн барилга тоног төхөөрөмжийг байршуулсан газарт нь битүүмжилсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар энэ битүүмжилсэн хөрөнгийн асуудлыг заавал шийдвэрлэх ёстой. Ийнхүү 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолын 12 дахь заалтаар битүүмжилсэн эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож уг хөрөнгийг хохирогч Ч Г- д олгохоор шийдвэрлэсэн.

Бусад хохирлын тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Н, А.Г нараас 2.921.551.560 /хоёр тэрбум есөн зуун хорин нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун жар/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1.460.775.780 /нэг тэрбум дөрвөн зуун жаран сая долоон зуун далан таван мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж “Т э”  ХХК-д, шүүгдэгч Г.Н-оос 114.177.136 /нэг зуун арван дөрвөн сая нэг зуун далан долоон мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.С-д, 164.484.000 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж “О Ц” ХХК-ийн захирал Л.У-д тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.

7. Шүүгдэгч Г.Н-оос ...анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04/08 дугаартай албан бичгийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Тус албан бичигт “тус шүүхэд Г.Н-н нэхэмжлэлтэй хариуцагч “Б Ч” ХХК, B C /Б.Ч/, Ч Г Х нарт холбогдох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг хэргийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн .../Ш32022/00446 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.8-д зааснаар Г.Н-н нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна” гэж дурдсан байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар зохицуулсан. Энэхүү хуулийн зохицуулалтад иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийг хуульчлан зохицуулаагүй тул шүүгдэгч Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1909......... дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан. Энэхүү зорилтыг удирдлага болгон шүүгч Т.Э  миний бие нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч нарт шүүх хуралдааныг 14-өөс дээш хоногоор хойшлуулах боломжгүй, энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан олон хойшилсон, шүүх хуралдаан давхардсан бол хүсэлтээ баримтын хамт шүүхэд ирүүлэх талаар хэлж байсан болно.

Түүнчлэн шүүгч Т.Э  миний бие нь шүүгдэгч Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1909......... дугаартай хэргийг шийдвэрлэхдээ хараат бус байж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хуульд захирагдаж шийдвэрлэсэн. Энэхүү хэрэг дээрх бүх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Шүүгдэгч Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1909......... дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасны дагуу хэргийн оролцогч нарт хуулийн хугацаанд гардуулсан ба энэхүү хэрэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй байгаа болно. Иймд  надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар Н-н ...Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Да овогт Г. Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А. Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ...анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1630 дугаар захирамжаар хэргийг харьяаллын дагуу ... анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүх хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 26 дугаар шийтгэх тогтоолоор “...Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж” шийдвэрлэсэн байна.   

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Өргөдлийн: “... шүүгч Т.Э  өөрөө ганцаар тойргийн нэрсэнд байж тус хэргийг өөртөө хуваарилж, хэргийг хянан шийдвэрлэх хурлын даргалагчаар өөрөө өөрийгөө томилсон, Ерөнхий шүүгч Н.А  ажилдаа орсон байсан...” гэх үндэслэлийн тухайд:

... анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.1-т “Ээлжийн амралтаа эдлэх шүүгчийг амралтаа эдлэхээс ажлын 5 хоногийн өмнө хэрэг хуваарилалтаас гаргах бөгөөд тухайн шүүгч нь үлдэгдэл хэргээ шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд үлдэгдэл хэргээ шилжүүлэх эсэхийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ. Ээлжийн амралтын дундуур ажилд орохоор болбол 3 хоногийн өмнө мэдэгдэж тойрогт орно” гэж заажээ.

Тус шүүхийн Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудсаар Ерөнхий шүүгч Н.А 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс ажлын 27 хоног, шүүгч Б.Б 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 30 хоног ээлжийн амралт эдлэх болсонтой холбогдуулан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч Н.А-г ээлжийн амралттай байх хугацаанд түүний түр орлон гүйцэтгэгчээр шүүгч Т.Э-ыг томилжээ.

... анхан шатны шүүх шүүгдэгч Г.Н нарт холбогдох эрүүгийн 190900414282 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авахад шүүгч Т.Э   ганцаараа ажиллаж байсан бөгөөд шүүгч Н.А, Б.Б нар нь хэрэг хуваарилалтаас гарсан болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх эрүүгийн хэрэг нь шүүгч Т.Э-д  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан журмын дагуу хуваарилагдсан, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байх тул тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

2. Өргөдлийн: “... яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан гэрч оролцуулах болон бусад хүсэлтийг хэлэлцээгүй орхигдуулсан, дараагийн хуралд гэрчээр оролцох болсон талаар талуудыг байхад амаар мэдэгдсэн” гэх үндэслэлийн тухайд:

... Прокурорын газрын ахлах прокурор Н.А-ын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 35А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 2-т "шүүх хуралдаанд гэрч Б.Э, О.Ц, Б.Л, Ж.Т, Ж.А нарыг оролцуулах саналтай" гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж шийдвэр гаргана”, 6.10-т шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Н-н өмгөөлөгч Д.А  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасны дагуу ... анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулжээ.

Илтгэгч гишүүн дээрх шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай саналдаа дэлгэрэнгүй тусгасан бөгөөд үзлэгийн тэмдэглэл болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд прокурор яллах дүгнэлтийн хавсралтад  дурдсан хүмүүсийг гэрчээр оролцуулах саналаа урьдчилсан хэлэлцүүлэгт дэмжээгүй, мөн бусад хэргийн оролцогч нараас гэрч оролцуулах хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байх тул шүүгчийг “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” гэж үзэхгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ноос гэрч Б.Э, Д.З, Б.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргажээ.

Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны 2024/ШЗ/26 дугаар захирамжид “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Б.Э, Д.З, Б.Г нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул дээрх нэр бүхий гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй байна” гэж үндэслэлдээ тодорхой дурджээ. 

Иймд өргөдлийн 4-т дурдсан: “... миний зүгээс гаргасан гэрч оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба шүүх хуралд гэрч оролцуулах хүсэлтийг хангасан, эс хангасан эсэхэд эргэлзээтэй байдлыг болгосон” гэх гомдол үндэслэлгүй байна.

3. Өргөдлийн: “... хэрэгт авагдсан Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ч Г-н чөлөөт гарын үсгийн загвар авагдсан хавтаснуудыг явуулахгүй үлдээж ач холбогдолгүй хүргүүлснээс тус Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс чөлөөт гарын үсэг авагдсан хавтас байхгүй учир шинжилгээ хийх боломжгүй тус чөлөөт гарын үсгийг ирүүлсэн тохиолдолд тогтоох боломжтой гэсэн хариу ирүүлсэн ба шүүгчийн зүгээс илт худал тайлбарлаж эх хувь баримт биш тул тухайн баримтад шинжилгээ хийх боломжгүй мэтээр тайлбарлаж хангасан захирамжаасаа татгалзсан” гэх үндэслэлийн тухайд:

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд Г.Н-н өмгөөлөгч Д.А -аас “...шинжээч томилуулах, шүүх хуралдааны тэмдэглэл болон Төрийн банкны лавлагаа гаргуулан авах, Оросын Холбооны улсын иргэн Р А Х-г гэрчээр асуулгах” тухай хүсэлт гаргасныг шинжээч томилох хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

            Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаар захирамжаар ... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, шинжээчид: “... эрүүгийн 1909......... дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 108 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ч Г-н гарын үсгийн чөлөөт загвар, 27 дугаар хавтас хэргийн 35-36 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Н-н гарын үсгийн чөлөөт загвар шинжилгээнд тэнцэх эсэх,

- хохирогч Ч Г-н гарын үсгийн чөлөөт загвар нь 6 дугаар хавтас хэргийн 63, 64 дүгээр хуудсанд авагдсан гарын үсэгтэй тохирох эсэх, мөн уг гарын үсгийн чөлөөт загвар нь 26 дугаар хавтас хэргийн 174-1796 дугаар хуудсанд авагдсан баримт дээрх гарын үсэгтэй тохирох эсэх,

- шүүгдэгч Г.Н-н гарын үсгийн чөлөөт загвар нь 3 дугаар хавтас хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан “С-с авсан мөнгөний тооцоо” гэх нэртэй баримт дээрх Г.Н-н гарын үсэгтэй тохирох эсэх ...”-д дүгнэлт гаргахыг даалгаж, эрүүгийн 1909......... хэргээс 1, 3, 6, 26, 27 дугаар хавтсыг хүргүүлсэн болох нь тус шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/357 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Гэтэл ... аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 31/...дугаар албан бичгээр шинжилгээ хийх боломжгүй талаар мэдэгдсэн тул 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/360 дугаар албан бичгээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын бичиг, баримт судлалын лабораторид хүргүүлжээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13/8226 дугаар албан бичигт “... 6 дугаар хавтаст хэргийн 63, 64, 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан “С-с авсан мөнгө тооцоо” гэсэн шинжлэх баримтуудыг хуулбар хувиар ирүүлсэн, мөн Г.Н, Ч Г нарын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй байх тул дээрх баримтуудыг эх хувиар, тоон шаардлага хангасан байдлаар ирүүлнэ үү” гэжээ.

Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/05 дугаар албан бичгээр “...6 дугаар хавтаст хэргийн 63, 64, 3 дугаар хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан “С-с авсан мөнгө тооцоо” гэсэн баримтууд нь хэрэгт эх хувиараа авагдаагүй, Г.Н-н гарын үсгийн чөлөөт загвар нь 27 дугаар хавтаст хэргийн 35-36, Ч Г-н гарын үсгийн чөлөөт загвар 1 дүгээр хавтаст хэргийн 100-109 дүгээр хуудсанд авагдсан болно” гэх хариу өгчээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13/.... дугаар албан бичгээр “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн шинжилгээ хийхээс татгалзаж” ирүүлсэн баримтуудыг буцаан хүргүүлжээ.

Эрүүгийн хэргийн шүүх нь нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх эрхгүй бөгөөд дээрх үйл баримтыг шүүгч Т.Э  2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцсэн байна.

Иймд илтгэгч гишүүний “Шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг шүүгч хангасан боловч шинжилгээний объект хуульд заасан шаардлагыг хангаагүй тул шинжээч шинжилгээ хийхээс татгалзсан явдалд шүүгчийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бүхий болжээ.

4. Өргөдлийн: “... Шүүгч Т.Э  нь хэргийг хянан шийдвэрлэх хуралдаанаар яригдсан асуудал, гэрч хохирогч оролцуулах тухай хурлаар яригдсан яриа бичлэгт үлдсэнээс тэс өөр агуулгатай болгох, протоколд бичиж дурдахгүй үлдээх, үг өгүүлбэр албаар алдаж зөрүүлж бичсэн” гэх үндэслэлийн тухайд:

... анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ТЭ/.../2024/ШЗ/26, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ТЭ/.../2024/ШЗ/39 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлүүд нь илтгэгч гишүүний дээрх шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгүүдэд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлтэй харьцуулж үзэхэд утга, агуулгын хувьд зөрүүгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна., 2-т “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй.” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хэргийн оролцогч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхтэй бөгөөд хэрэв алдаатай бичигдсэн бол засвар хийхийг шаардах эрхтэй, даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 5 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар Г.Н нь шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй, шүүгч Т.Э  нь хэргийн оролцогчийн санал, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5. Өргөдлийн: “Эрүүгийн 1909......... дугаартай хэрэгт илт хууль буруу хэрэглэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн зүгээс гаргасан Г.Н хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн мөн миний эзэмшлийн компаниудын дотоод маргаан болон үл ойлголцох асуудлыг гэмт хэрэг гэж үзэн компанийн эд хөрөнгө үнэ бүхий зүйлүүдийг шууд хохиролд тооцож хувь хүн иргэн болох Хятад улсын иргэнд шилжүүлэн өгөхөөр Шүүхийн шийтгэх тогтоолд дурдан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхэд ноцтой халдаж шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн  2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан нотлох баримтыг үнэлсэн, хуулийг тайлбарлан, хэрэглэхдээ буруу хэрэглэсэн алдааг дээд шатны шүүх нь залруулдаг онцлогтой.

Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул өргөдөлд дурдсан үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгч хуульд заасан бүрэн эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасантай нь холбогдуулж шүүгчийг ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

            6. Өргөдлийн: “...иргэний хэргийн шүүхээр миний үүсгэн байгуулсан компанийн төлөөлөх эрхийг хууль бусаар авсан болохыг тогтоолгохоор хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаа явагдаж байхад эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоосон эрүүгийн дээр дурдсан хэргийг яаралтай шийдвэрлэх гэж улайран байсан зөрчил гаргасан” гэх үндэслэлийн тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан ...анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04/08 дугаар албан бичигт “...тус шүүхэд Г.Н-н нэхэмжлэлтэй хариуцагч “Б Ч” ХХК, B C /Б.Ч/, Ч Г Х нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг хэргийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн .../Ш32022/00446 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.8-д зааснаар Г.Н-н нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” гэх лавлагаа ирүүлсэн байна.

Харин шүүгдэгч Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Оргон зайлсан, хүндээр өвчилсөн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ”, 4 дэх хэсэг “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж болохгүй гэх заалт байхгүй тул шүүгдэгч Г.Н-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг буруутгах нь үндэслэлгүй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч,  ... анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д  холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0054 дүгээр саналыг хүлээн авч, ... анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д  холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйл ийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

            ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

            ГИШҮҮН                                      Х.ХАШБААТАР

                                                           С.ЭНХТӨР