info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-04

Дугаар 63

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Н нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Д.Я нь ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч-д холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох журмын дагуу илтгэгч гишүүн О.Номуулин хүлээн авч хянаад, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ГЗҮ/2024/...6 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ГС/2024/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл С.Ч-ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын байцаагч Г.Ө нарт холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

  • Нэхэмжлэгч С.Ч-ын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ...8 дугаар тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Г.Ө-ын 2017 оны 7 дугаар 04-ний өдрийн Ү-....4 дүгээр улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон 0...2 дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлд шүүгч Ц.О захиргааны хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгч С.Ч шүүгч Ц.О-аас татгалзсаныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ...2 дугаар захирамжаар татгалзлыг хүлээн авсан тул хэргийг шүүгч У.Б-д шилжүүлсэн,
  • ....хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ...5 дугаар захирамжаар Д.Я, Ц.Ү, Ц.Ц, Ц.Э нарыг гуравдагч этгээдээр татсан, шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ...9 дүгээр захирамжаар С.О-ийн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1...9 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон, ....хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3...9 дүгээр захирамжаар С.О-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 9..4 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8, 109 дүгээр 109.2-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ..3 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд С.О нар шүүгч У.Б-г татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1..9 дүгээр захирамжаар хангаж хэргийг шүүгч Т.Г-д шилжүүлсэн,
  • Нэхэмжлэгч  С.Ч-аас  Улсын  бүртгэлийн  ерөнхий  газрын даргад холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Г.Ө-ын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0...9 дугаартай, С.Ц-ыг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0...7 дугаартай, Д.Я, Ц.Ц, Ц.Ү, Ц.Э нарыг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0...6 дугаартай Д.Я, Ц.Ц, Ц.Ү, Ц.Э нарыг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл болон 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0...5 дугаартай, Д.Я, Ц.Ц, Ц.Ү, Ц.Э нарыг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлд шүүгч Л.Б захиргааны хэрэг үүсгэж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2...2 дугаар захирамжаар дээрх Улсын бүртгэлийн ерөнхий газар болон улсын байцаагч Г.Ө-т холбогдох хэрэгт нэгтгэсэн, шүүгч Т.Г жирэмсний амралтаа авсан тул хэргийг Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1...8 дугаар тогтоолоор шүүгч Д.Ч-д шилжүүлсэн,
  • Шүүгч Д.Ч-ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9559 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8..6 дугаар шүүгчийн захирамжаар “шаардсан нотлох баримтууд ирээгүй” үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2...6 дугаар захирамжаар “хариуцагч Г.Ө, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ...4 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Я шүүгч Д.Ч-аас татгалзсан татгалзлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1...2 дугаар захирамжаар татгалзлыг хүлээн авсан тул Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2...6 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Л.Б-т шилжүүлсэн, одоо тус хэрэг шүүгч Л.Б-ын хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Дээрх захиргааны хэргийн гуравдагч этгээд Д.Я нь шүүгч Д.Ч-д холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад тогтоолоо хуулбарлаж ирүүл, би захиргааны хэргээ түдгэлзүүлж шийдвэрлэх гээд байна гэсэн албан тоотыг шүүгч удаа дараа Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, шүүхийн зүгээс нөлөөлсөн, ...шүүгч нь гуравдагч этгээд С.О-ийг илтэд хөтөлж, чиглүүлж, түүнд үйлчлэх байдлыг харуулсан, ...илтэд увайгүй үйлдлүүд ар араас нь гаргаад, өөрөөс нь татгалзсаны төлөө гуравдагч этгээд надтай хэрэлдэж, мэтгэлцэж, маш ёс зүйгүй үйлдэл гаргасан, тухайн өдрийн хуралдааныг дэгийн дагуу огт явуулаагүй” гэж тодорхойлжээ.

Илтгэгч гишүүний 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ..6 дугаар захирамжаар “...шүүгч нь гуравдагч этгээд С.О-ийг илтэд хөтөлж, чиглүүлж, түүнд үйлчлэх байдлыг харуулсан, ...илтэд увайгүй үйлдлүүд ар араас нь гаргаад, өөрөөс нь татгалзсаны төлөө гуравдагч этгээд надтай хэрэлдэж, мэтгэлцэж, маш ёс зүйгүй үйлдэл гаргасан, тухайн өдрийн хуралдааныг дэгийн дагуу огт явуулаагүй” гэх гомдлыг шалгах шаардлагатай гэж үзээд сахилгын хэрэг үүсгэсэн болно.

Нэг. “... Шүүгч нь гуравдагч этгээд С.О-ийг илтэд хөтөлж, чиглүүлж, түүнд үйлчлэх байдлыг харуулсан” гэх гомдлын тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 00:42:40 минутаас:

Даргалагч: Гуравдагч этгээдэд тайлбар, хүсэлт байна уу гэхэд

Гуравдагч этгээд С.О: Өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж байна гэв.

Даргалагч: Өмгөөлөгчөө сонгосон юм уу гэхэд

Гуравдагч этгээд С.О: Сонгосон, гадаа байгаа, хараахан гэрээ байгуулаагүй байна гэв.

Даргалагч: Өмнө нь өмгөөлөгч авсан юм уу гэхэд

Гуравдагч этгээд С.О: Авсан гэхэд

Даргалагч: Тэр өмгөөлөгч нь яасан юм бэ гэхэд

Гуравдагч этгээд С.О: Гэрээ дуусгавар болсон гэв.

Даргалагч: Өөр хүсэл сонирхолтой гуравдагч этгээдүүд байна.  Нэхэмжлэгчтэй нэг саналтай гуравдагч этгээд, бараг нэхэмжлэгч юм биш үү гэхэд

Гуравдагч этгээд С.О: Ер нь бол миний ээжийн өмч, нас барсных нь дараа миний өв явж байгаа. Тэр утгаараа гуравдагч этгээдээр явж байгаа. ...Энэ үл хөдлөх хөрөнгөөс гадна миний дангаараа эзэмшиж байсан хөрөнгө байгаа, ээжээсээ авсан ах нарт хамаагүй, төрсөн өдрөөр минь бэлэглэсэн хөрөнгийг Д.Я эгч өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авсныг ахыгаа нас барсны дараа мэдсэн гэхэд

Даргалагч: Та бие даасан шаардлага гаргасан юм уу, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд биш байсан, танд ямар хүсэл байна, таны ямар эрх ашиг яригдах юм бэ, тусдаа хөрөнгийн асуудал яригдах юм уу нэхэмжлэгчийн яриад байгаа хөрөнгө яригдах юм уу гэхэд

Гуравдагч этгээд С.О: Нэхэмжлэгчийн ярьж байгаа хөрөнгө дээр л ярина гэхэд

Даргалагч: Таныг гуравдагч этгээдээр татахдаа тусдаа байсан хөрөнгө дээр нэр орсон гэдэг асуудал яригдаад давж заалдах шатны шүүх таныг гуравдагч этгээдээр тат гэсэн байдаг. Тэгэхээр таны хүсэл зориг тусдаа таны нэр байх ёстой хөрөнгөтэй холбоотой яригдаж байна уу эсхүл нэхэмжлэгчийн ярьж байгаа авах ёсгүй байсан хөрөнгийг Д.Я хүүхдүүдтэйгээ авсан гэдэг дээр нэгтгэгдэж явж байгаа юу, таны хүсэл зориг юу вэ гэхэд 

Гуравдагч этгээд С.О: Нэхэмжлэгчтэй хамт л явж байгаа гэв.

Даргалагч: Таны статусыг сайн ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд таны эрх ашиг хөндөгдөх юм бол хуульд зааснаар та гуравдагч этгээд болно. Гэтэл гуравдагч этгээдийн эсрэг байр суурьтай нэхэмжлэгчтэй нэг байр суурьтай хүнийг шүүх оруулж ирээд таны ямар эрх ашиг зөрчигдсөн бэ, энэ хэргийн улмаас таны ямар эрх ашиг зөрчигдөх вэ, нэхэмжлэгчийн эрх хангагдвал таны эрх хангагдах юм уу гэхэд

Гуравдагч этгээд С.О: Тэгж л ойлгоод байгаа гэв.

Даргалагч: Та нэхэмжлэгчээр оролцмоор байна уу, гуравдагч этгээдээр оролцмоор байна уу гэхэд

Гуравдагч этгээд С.О: Харин би яг ойлголоо. Өмгөөлөгчтэйгөө энэ талаар сайн ярилцъя гэв.

Даргалагч: Практикт юм уу онолын хувьд гуравдагч этгээд хариуцагчтай нэг үзэл бодолтой байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл таны эсрэг байдаг. Нэхэмжлэгчтэй нэг гуравдагч этгээд гэдгийг 17 жил шүүгч хийхдээ анх удаа харж байна. Таны байр суурийг харахаар мэдээж энэ хэрэгт оролцохгүй бол болохгүй байна. Өмгөөлөгчтэйгөө яриад өөрийн статусаа тодорхой болгоорой. Бүр болохгүй бол бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох боломжтой юм болов уу гэж харж байна. Яг энэ хэрэг дээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцвол таныг эрх ашиг зөрчигдсөн гэж шүүх дүгнэх хэцүү, зөрчигдөөгүй байна гэж дүгнэх онолын хувьд боломжгүй байна гэж хэлсэн нь бичигдэн үлджээ.

Даргалагч шүүгчийн гуравдагч этгээд С.О-тэй харилцсан дээрх яриа мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд агуулгаараа туссан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 81 дүгээр зүйлийн 81.2-т “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан бөгөөд шүүгч гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын талаар лавлаж, шүүхээс гарах шийдвэр гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эсэх, зөрчигдсөн гэх эрх ашгийг сэргээх эсэх болон хүсэл зоригийн илэрхийллийг тодруулах ажиллагаа хийсэн нь хуульд нийцсэн байна.

Учир нь ...хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8...0 дугаар шийдвэрээр С.О-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгчийн олгосон 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0...5 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1..3 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1..4 дүгээр тогтоолоор магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байх ба маргаан бүхий ...дугаартай барилгын тодорхой хэсгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн энэ тохиолдолд шүүгч гуравдагч этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг тодруулах нь зайлшгүй бөгөөд гуравдагч этгээд С.О-т үйлчилсэн, давуу байдал олгосон гэж үзэхгүй.

 Хоёр. “...Илтэд увайгүй үйлдлүүд ар араас нь гаргаад, өөрөөс нь татгалзсаны төлөө гуравдагч этгээд надтай хэрэлдэж, мэтгэлцэж, маш ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэх гомдлын тухайд:

С.Ч-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын байцаагч Г.Ө нарт холбогдох захиргааны хэргийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 00:09:10 минутаас

Даргалагч: Хэргийн оролцогч нарт татгалзал байна уу гэхэд

Нэхэмжлэгч, хариуцагч: Байхгүй гэв.

Гуравдагч этгээд Д.Я: Татгалзал байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ надад бий болсон. Хэргийн оролцогчийн хувьд нэгэнт ийм эргэлзээ бий болчхоод байгаа учраас шүүгчийг татгалзан гаргах эрхээ эдэлж бичгээр гаргаж өгч байна.

Нэгдүгээрт, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шүүх хуралдааны аудио бичлэг эх хувиараа байж байгаа. Би хүсэлт гаргаад тулгаж сонссон. 6 дугаар хавтаст хэргийн 177-178 дугаар талд авагдсанаар шүүгч гуравдагч этгээд С.О-ийг илтэд хөтлөн чиглүүлсэн, түүнд үйлчлэх байдлыг удаа дараа харуулсан. Ганцхан жишээ дурдъя. Даргалагч хэлэхдээ С.О та бараг нэхэмжлэгч юм биш үү, та бие даасан шаардлага гаргах уу, та одоо ерөөсөө юу ч үгүй хоцрох гээд байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэхэд таны эрх ашгийг би яаж сэргээх вэ, Би бол таныг нэхэмжлэгч л гэж хараад байна. Энэ бүгдийг тэмдэглэлдээ та тусгаагүй. Энэ зөвхөн нэг хэсэг нь. Хуудас болгон дээр өөрчилж тусгасан олон тооны алдаа байна. Манай хүсэлтээр бид нар гэрч н.Б-г асуулгая гэж байсан. Түүний нэрийг яагаад ч юм гэрч Батсүх гээд бичээд яваад байдаг юм. Одоо ямар төөрөгдөл үүсгэгдээд байдгийг нь би мэдэхгүй байна. С.О-ийн хувьд энэ хүн өөрөө нэхэмжлэгчээр нэмэгдэж орох хүсэлтээ гаргасан. Тус шүүхийн шүүгч нэхэмжлэгчээр нэмэгдэж орох боломжгүй, харин гуравдагч этгээдийн хувьд оролцох боломжтой гээд захирамж гарсан. Энэ захирамжид одоогийн гуравдагч этгээд С.О гомдол гаргадаг. Давж заалдах шатын шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой. Нэгэнт шүүхээр өмнө шийдчихсэн асуудлыг дахин нотлохгүй гэх зарчим хаачив.

Дараагийн үндэслэл бүхэн эргэлзээ. За энэ бүгдийг нь бол дурдах үнэхээр боломжгүй. Гэхдээ нэмэлт тайлбар бас бичгээр нэмж өгнө. Шүүгч дурдсан өдрийн хуралдаандаа яасан бэ гэхээр би хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэх гээд байна аа гэдэг байр сууриа бол маш ойлгомжтой илэрхийлж байсан, урьдчилаад. Тодруулбал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар Д.Я-г татсан тогтоолыг гаргуулж авна гээд шийдсэн. Гэтэл тухайн өдрийн хуралдаан дээр бол эсрэгээрээ юу яригдаад байдаг вэ гэхээр улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар улсын бүртгэгч н.Ө, н.А, н.У нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн эсхүл хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн асуудал огт байхгүй. Харин С.Ч-ын гомдлоор энэ улсын бүртгэгч нарт холбогдуулаад 2017 оны 7 дугаар сарын 04, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрүүдэд С.Л-ийн нэр дээр үрэгдүүлсэн гэрчилгээг өв залгамжлагч С.Ц агсан амьд сэрүүн байхдаа дахин бичүүлж авсан. Түүнийг нь С.Ч аваад алга болсон байсан. Мөн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэгч лавлагааг үндэслээд 7 дугаар сарын 27-ны өдөр Д.Я надад биш, С.Ц агсанд өвлөх гэрчилгээг нь бичиж өгсөн байдаг. С.Ц-ын нэр дээр. Бүрдүүлэх ёстой баримт бичгийг бүрэн бүрдүүлж авчээ. Бүртгэл хууль ёсны байна, Д.Я-оос ямарваа нэгэн давуу байдал олж авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг байдал тогтоогдохгүй учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаад Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 30-ны тогтоол, дараа нь Улсын Ерөнхий Прокурорын газрын эрх бүхий албан тушаалтан энэ хэргийг батлаад шийдээд дуусчихсан үйл баримт хэрэгт олон удаа авагдсан, шүүхийн журмаар авсан.

Гэтэл яагаад ч юм шүүгч Авлигатай тэмцэх газарт Д.Я-д эрүүгийн хэрэг үүсгэчихсэн гэх хатуу бат итгэл үүсчхээд байгаа. Авлигатай тэмцэх газарт шүүгч хандаад Д.Я-д эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх биш шүү, үүсгээд яллагдагчаар татчихсан тогтоолоо хуулбарлаж өг гэж удаа дараа албан бичиг явуулсан байдаг. Авлигатай тэмцэх газар нь хариугаа өгдөг. Байхгүй учраас Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Д.Я-г ч юм уу, Г.Ө-ыг одоо н.С гэдэг хүн нэмэгдсэн, аль нэгийг нь ч яллагдагчаар татсан тогтоол ирүүлэх боломжгүй байгаад байдаг. Зохих хариугаа бичээд ирүүлэхээр зөрүүлээд үгүй ээ эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолоо өг гээд нэхээд байгаа. Шүүхийн зүгээс хэрэг үүсгээгүй хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгүүлэх гэж шүүхийн журмаар дарамт үзүүлээд байгаа хэлбэр гэж харагдаж байгаа шүү. Тэгэхээр 2020 оноос хойш ингээд явж байгаа энэ хэрэг дээр бүхэлд нь хүсэлтээ тодруулаад нэмэлт тайлбар гаргах бололцоотой. Хуульд заасны дагуу хэргийн оролцогчийн эрхийг эдлээд шүүгчийн татгалзлаа эхлээд шийдүүлмээр байна. Яагаад гэхээр хатуу урьдчилсан байр суурьтай, олон тооны нөхцөл байдлуудыг дурдлаа. Үүнийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна.

Даргалагч: Татгалзагдаж байгаа шүүгч тайлбар хэлэх эрхтэй байдаг. Би Авлигатай тэмцэх газарт 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ганц удаа л албан бичиг явуулсан байна. Өөр ямар албан бичиг байгаа юм бэ. Тэр албан бичиг дээр таны нэр төр ямар ч байдлаар дурдагдаагүй, хаана тийм юм байгаа юм бэ гэхэд

Гуравдагч этгээд Д.Я: Би заагаад өгье гэв.

Даргалагч: Би андуураад бичсэн байвал би өөрөө татгалзан гарна. Та үнэн зөв татгалзах ёстой шүү. Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн гэж байгаа бол та үүнийгээ нотлох ёстой, тэгэх юм бол надад холбогдох эрүүгийн хэрэг болно. Би ямар нэгэн байдлаар тантай холбоотой ямар ч лавлагаа шаардаагүй, хариуцагчтай холбоотой лавлагаа шаардсан. Нэг удаа л явуулсан. Тэмдэглэлд тусгасан биз, эрүүгийн хэрэг үүсгүүлэх гэж Авлигатай тэмцэх газар дарамт шахалт үзүүлсэн гэж, яаж тэгж хэлж чадаж байна, тэгэх юм бол би өөрөө энэ хэргээс гарна гэв.

Гуравдагч этгээд Д.Я: 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 9...8 дугаартай албан бичиг дотор байна. Тус шүүх С.Ч-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэгч Г.Ө нарт холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Танай газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 1....8 дугаартай хэргээс хэрэг үүсгэсэн тогтоол нь захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байгаа учраас /Даргалагч: Үүсгэсэн эсэх нь шүү гэхэд Гуравдагч этгээд: Үгүй шүү хэрэг үүсгэсэн тогтоол гэж байна/ гэв.

Даргалагч: Тийн, хэрэг үүсгэсэн эсэх нь, та албан бичгээ дахиад унш. Таны нэр, таны ярьсан шиг юм байхгүй шүү, байвал би өөрөө татгалзаад гарна, таны татгалзлыг Ерөнхий шүүгч шийднэ. Гэхдээ би бас тайлбар өгөх ёстой юм байна. Би нэг удаа Авлигатай тэмцэх газарт Г.Ө-т холбогдуулан хандсан. Та нар үүнийг ахиад тодруулъя гээд шүүх хуралдаан хойшилсон, би явуулаагүй байгаа. 

Гуравдагч этгээд Д.Я: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үүсгэсэн мэтээр удаа дараа тайлбарладаг л даа гэхэд

Даргалагч: Та одоо татгалзалтай холбоотой ярина, та уншаад өгье гэсэн хаана байна гэхэд

Гуравдагч этгээд Д.Я: Энэ бичиг дотор үүсгэсэн тогтоол гэж байна. Үүсгэсэн эсэх гэдэг үг байхгүй байна.

Даргалагч: Татгалзлаа бодитой гаргаарай Д.Я гэхэд

Гуравдагч этгээд Д.Я: Би бодитой гаргасан гэж ойлгоод байгаа шүү гэв.

Даргалагч: Шүүгчийг илт гүтгэх нь танд эрүүгийн хэрэг хүлээлгэх үндэслэл болно. Цааш нь уншчих, энэ хүмүүс бас сонсог, таны татгалзалд тайлбар хэлэх эрхтэй гэхэд

Гуравдагч этгээд Д.Я: Би үндэслэл бүхий эргэлзээ 1, 2, 3 гээд тайлбарласан. Гэрчээс татгалзсан. Яагаад гэрчийн нэрийг Ба болгоод байгаа юм, өмгөөлөгч миний гэрч юм уу гэсний дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч татгалзалтай холбоотой тайлбар хэлж эхэлснээр хуралдаан үргэлжилж байгаа нь бичигдсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасан.

Дээрх 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд гуравдагч этгээд Д.Я шүүгчээс татгалзаж, татгалзлын үндэслэлээ тайлбарласантай холбоотой шүүгч Д.Ч тайлбар гаргахдаа бухимдсан, мэтгэлцсэн, дургүйцсэн өнгө аясаар илэрхийлсэн нь зохисгүй байгаа боловч энэхүү нөхцөл байдлыг “зүй бус авирласан” зөрчилд тооцох боломжгүй, сахилгын шийтгэл оногдуулах хэмжээний  ноцтой биш байна.

 Харин цаашид шүүгч хэргийн оролцогч нартай харилцахдаа эелдэг, хүндэтгэлтэй харилцах нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хадгалж хамгаалах гол хүчин зүйл болохыг сайтар анхаарч ажиллах шаардлагатай бөгөөд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэт эмзгээр хүлээн авах ёсгүй.

Шүүгч нь нэн тэргүүнд татгалзан гаргах хүсэлт гаргаж байгаа этгээдийн үндэслэлд илүү анхаарал хандуулж, шүүх хуралдааныг ямар нэгэн урьдчилсан дүгнэлтгүйгээр, төвийг сахиж, шударгаар явуулж чадна гэдгээ ойлгуулж байх нь чухал гэдгийг ухамсарлах нь зүйтэй. 

Гурав. “Тухайн өдрийн хуралдааныг дэгийн дагуу огт явуулаагүй” гэх гомдлын тухайд:

 С.Ч-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын байцаагч Г.Ө нарт холбогдох захиргааны хэргийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгээс үзвэл

Даргалагч: Нэхэмжлэгч талд гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байна уу гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 00:01:45 минутаас эхлэн хүсэлтээ танилцуулж байхад

Гуравдагч этгээд Д.Я-ийн өмгөөлөгч Д.Б 00:06:43 минутаас: Дэгтэй холбоотой санал байна гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааны дэг, шүүхийн шийдвэртэй холбоотой харилцааг зохицуулсан. Энэ бүлэгт заасан зүйлийн дарааллын дагуу шүүх хуралдаан явагдах ёстой. Эндээс 92, 93 дугаар зүйлд заасан нөхцөл байдал энэ хэрэг дээр алга. 94, 95 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдаад дараа нь 96 дугаар зүйл буюу одоо энэ яригдаад байгаа хүсэлтийг шийдвэрлэх дараалалтай. Энэ хуралдааны дэгийн дагуу явуулж өгөхийг хүсэж байна гэхэд

Даргалагч: За, ойлголоо гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч үргэлжлүүлэн ярьж дууссаны дараа бичлэгийн 00:09:10 минутаас

Даргалагч: Хэргийн оролцогч нарт татгалзал байна уу гэж асууж байна.

Шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүнийг зарлаж татгалзан гаргах эрхийг тайлбарлаагүй байхдаа хуулийн 96 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг сонссон нь шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлээр нотлогдож байгаа ч гуравдагч этгээд Д.Я-ийн өмгөөлөгч Д.Б-ийн хүсэлтээр хуульд заасан дэгийн дагуу татгалзал асууж алдаагаа залруулсан энэ тохиолдолд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гэж үзэх боломжгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Д.Ч тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг..., шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж зааснаар гуравдагч этгээд С.О-ийн хэрэгт ач холбогдолтой тодруулах зүйлийг асуусан. Шүүх хуралдаан дарааллын дагуу явагдаж байгаад гуравдагч этгээд С.О-ээс өмгөөлөгч авах хүсэлттэй нь холбогдуулан тайлбар сонсож, ярилцсан.

Энэ хэргийн тухайд шүүх дээр 4 жил болж, гурван ч шүүгчээс татгалзсаны дараа надад сугалаагаар ирсэн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд өмнө өөрт холбогдох хэргээ гурван шатны шүүхээр шийдвэрлүүлж дууссан байсан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэсэн тул тийм боломжгүй тул асууж тодруулсан, шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг болон гуравдагч этгээдийн шаардлагын талаар асууж тодруулах үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан үүргээ биелүүлсэн.

Илтэд увайгүй үйлдлүүд ар араас нь гаргаад, өөрөөс нь татгалзсаны төлөө гуравдагч этгээд Д.Я надтай хэрэлдэж, мэтгэлцэж, маш ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлийн тухайд: увайгүй [тэмдэг нэр] юманд салан задгай хайхрамжгүй, биеэ үгүйсгэдэггүй, хуншгүй увайгүй амьтан (муушаасан утга) (ичгүүргүй хүнийг үл таашаасан хэллэг), увайгүй зантай хүн (өөдгүй, хуншгүй зан гаргадаг хүн) царай алдсан, доожоогүй, унхиагүй увайгүй харамч амьтан (царай алдсан харамч) энэ үгийн утга ийм байна.

Харин Д.Я шүүх хуралдаан дээр өөрийгөө шүүгчтэй хэрэлдэж байна гэж бодсонд гайхаж байна. Харин миний зүгээс хэргийн оролцогч нартай хэрэлдэх ямар ч үндэслэл байхгүй юм. Ийм байдал гаргаагүй гэдэгтээ итгэлтэй байна.

Гуравдагч этгээд Д.Я-оос гаргасан шүүгчийг татгалзах үндэслэлээ миний талаар хуулийн байгууллагаас лавлагаа шаардаж, хэрэг үүсгэ гэж тулгаж дарамталж байна гэсэн тул энэ үндэслэл нь шүүгчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа гэж үзсэн.

Шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтантай холбогдох эрүүгийн хэрэг байгаа эсэх талаар Авлигатай тэмцэх газар явуулсан болохоос гуравдагч этгээд иргэн Д.Я-д холбогдуулан ямар захирамж албан бичиг хуулийн байгууллага руу явуулаагүй гэдгээ тайлбарлаж хавтаст хэрэгт байгаа албан бичгээ үзүүлж, тэмдэглэлд тусгуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох ба энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно” гэж зааснаар тайлбар хэлж тэмдэглэлд тусгуулсан.

Нөгөөтэйгүүр гомдол гаргагч шүүгчийг нотлох баримт цуглуулсантай холбогдуулан татгалзах хүсэлт гаргасан тул шүүгчийг шүүх хуралдааны явцад асуусан асуулт хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, харилцаа хандлагын байдал зэрэг нь шүүгчийг татгалзах үндэслэл болохгүй, эдгээр үндэслэлээр гаргасан татгалзах хүсэлтийг хуульд нийцээгүй гэж үзэж, хэлэлцэх үндэслэлгүй, энэ тохиолдолд хүсэлт гаргаагүйд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх ёстой тул татгалзах хүсэлтийнх нь үндэслэлийг тодруулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно”, 84 дүгээр зүйлд шүүгчийг татгалзах зургаан үндэслэлийг заасан бөгөөд үүнээс яг ямар үндэслэлээр татгалзаж байгааг тогтоох шаардлагатай болохыг дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан тул шүүгчийг татгалзаж байгаа үндэслэлийг тогтоох шаардлага үүссэн.

Учир нь дээд шүүхийг тогтоолд шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглох болон хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаатай холбогдуулан татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглосон.

Иймд татгалзлын үндэслэлийг сонсож, тайлбарлах эрхийг хуулиар олгосон тул гомдол гаргагчийн бичсэн шиг увайгүй гэх нэр авах хүртэл хэрэлдэж, ёс зүйгүй аашилсан зүйл огт байхгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч, иргэн Д.Я нь “захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй энэ маргааныг шүүх хүлээн авч хянаад 4 дэх жилдээ анхан шатандаа байгаа хэрэгт шүүгч Д.Ч шүүх хуралдаанаар гуравдагч этгээд С.О-ийг илтэд хөтөлж, чиглүүлж, түүнд үйлчлэх байдлыг харуулсан;

шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулаагүй, надтай хэрэлдэж, мэтгэлцэж, маш ёс зүйгүй үйлдэл гаргасан;

эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад тогтоолоо хуулбарлаж ирүүл, би захиргааны хэргээ түдгэлзүүлж шийдвэрлэх гээд байна гэсэн албан тоотыг удаа дараа Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, шүүхийн зүгээс нөлөөлсөн” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна.

Илтгэгч гишүүн саналдаа “...шүүгч гуравдагч этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг тодруулах нь зайлшгүй бөгөөд гуравдагч этгээд С.О-т үйлчилсэн, давуу байдал олгосон гэж үзэхгүй, ...шүүгч тайлбар гаргахдаа бухимдсан, мэтгэлцсэн, дургүйцсэн өнгө аясаар илэрхийлсэн нь зохисгүй байгаа болов энэ нөхцөл байдлыг “зүй бус авирласан” зөрчилд тооцох боломжгүй, сахилгын шийтгэл оногдуулах хэмжээний ноцтой биш, ...шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүнийг зарлаж татгалзан гаргах эрхийг тайлбарлаагүй байхдаа хуулийн 96 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг сонссон нь нотлогдож байгаа ч гуравдагч этгээд Д.Я-ийн өмгөөлөгч Д.Б-ийн хүсэлтээр хуульд заасан дэгийн дагуу татгалзал асууж алдаагаа залруулсан энэ тохиолдолд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэжээ.

  1. Гуравдагч этгээд С.О-т үйлчлэх байдал харуулсан гэх тухайд:

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад С.Ч-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын байцаагч Г.Ө-т холбогдох захиргааны хэргийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа дэлгэрэнгүй тусгасан байна. /1 дүгээр с.х-ийн 231-236, 237-249 тал/

....хэргийн анхан шатны шүүхийн дээрх өдрийн .../ТМ2023/...4 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл болон тухайн өдрийн дуу-дүрсний бичлэгээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж-ийн “хариуцагч Г.Ө-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, С.Ц-ын гарын үсэгт шинжээч томилуулах, “Хаан банк” ХХК-аас лавлагаа гаргуулах”, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б-ийн “шүүх хуралдаан давхардсан тул хуралдааныг хойшлуулах”, гуравдагч этгээд Д.Я-ийн “гэрчээр н.Б-ийг асуулгах тухай хүсэлтээсээ татгалзаж байгаа болон гуравдагч этгээд Ц.Ц-ны өмгөөлөгчөөр н.А-ыг оролцуулах”, гуравдагч этгээд С.О-ийн “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” гэсэн хүсэлтүүдийг тус тус хэлэлцжээ. /1 дүгээр с.х-ийн 131-145 тал/ 

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 42 минут 40 секундээс даргалагч шүүгч “гуравдагч этгээдэд тайлбар байна уу? Хүсэлт байна уу?” гэж асуусан байх ба

  • бичлэгийн 43 минут 20 секундээс даргалагч “гуравдагч этгээдээр орчиж байгаа тэ, гуравдагч этгээдээр ороод, өөр хүсэл сонирхолтой гуравдагч этгээдүүд байгаа тэ? Нэхэмжлэгчтэй нэг санаатай гуравдагч этгээд тэ, бараг нэхэмжлэгч юм биш үү?”,
  • бичлэгийн 45 минут 08 секундээс гуравдагч этгээд С.О-ийг ярьж байх явцад  даргалагч “та бие даасан шаардлага гаргасан юм уу? Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд биш л байх байсан. Танд одоо ер нь ямар хүсэл байгаа юм бэ? Таны ямар эрх ашиг энд ер нь яригдах юм бэ? Тусдаа хөрөнгө чинь яригдах юм уу, нэхэмжлэгчийн яриад байгаа хөрөнгийн асуудал яригдах юм уу?”,
  • бичлэгийн 45 минут 33 секундээс даргалагч “таныг гуравдагч этгээдээр татахдаа тусдаа байсан ээжийн чинь өгсөн хөрөнгө дээр нэр орсон гэх нэг асуудал яригдаад давж заалдах шатны шүүх таныг гуравдагч этгээдээр тат гэсэн байдаг. Тэгэхээр таны яг хүсэл зориг тусдаа таны нэр дээр байгаа хөрөнгөтэй холбоотой яригдаж байна уу, эсхүл нэхэмжлэгчийн яриад байгаа авах ёсгүй байсан хөрөнгийг Д.Я хүүхдүүдтэйгээ авсан гэдэг асуудал дээр нэгтгэгдэж явж байгаа юу? Таны хүсэл зориг яг юу вэ?”,
  • бичлэгийн 46 минут 15 секундээс даргалагч “таны статусыг би бас сайн ойлгохгүй байгаа байхгүй юу? Гуравдагч этгээг гээд бодохоор эрх ашиг нь нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд таны эрх ашиг зөрчигдөхийн бол хуульд зааснаар та гуравдагч этгээд байхгүй юу? Гэтэл та нэхэмжлэгчтэй гуравдагч этгээдийн эсрэг байр суурьтай, нэхэмжлэгчтэй нэг байр суурьтай хүнийг шүүх гуравдагч этгээдээр оруулж ирээд таны ямар эрх ашиг зөрчигдсөн бэ? Энэ хэргийн улмаас таны ямар эрх ашиг зөрчигдөх вэ гэдэг талаасаа. Одоо энэ хүний нэхэмжлэлийн шаардлага хангагдах юм бол таных хангагдчих юм уу?”,
  • бичлэгийн 47 минут 05 секундээс даргалагч “та нэхэмжлэгчээр оролцмоор байна уу, гуравдагчаар оролцмоор байна уу? Ер нь бол практик юм уу, онолын асуудал яригдахад гуравдагч этгээд хариуцагчтай нэг үзэл бодолтой байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага таны эсрэг байдаг. Нэхэмжлэгчтэй нэг гуравдагч этгээд гэдгийг би 17 жил шүүгч хийхдээ тан дээр харж байна... Таны байр суурийг харахад мэдээжийн энэ хэрэгт оролцохгүй бол бас болохгүй. Тэгэхээр та өмгөөлөгчтэйгөө ярилцаад энэ хэрэг дээр оролцох статусаа сайн тодорхой болгоорой. Болохгүй бол бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд байх боломжтой юм болов уу гэж харж байна. Тэрнээс яг энэ хэрэг дээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр орох юм бол таны эрх ашиг зөрчигдсөн гэж шүүх дүгнэх хэцүү, зөрчигдөөгүй байна гэж бас дүгнэх хэцүү. Таны эрх зүйн байдал онолын хувьд хэцүү байгаад байна” гэж тус тус хэлж байгаа нь тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна”, мөн зүйлийн 22.3 дахь хэсэгт “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 22.4 дэх хэсэгт “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд үүссэн маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалж ямар нэгэн этгээдийн эрх, ашиг сонирхолд муугаар нөлөөлөх тохиолдолд, тухайн хэргийн шийдвэрлэлтэд сонирхол бүхий этгээдийг гуравдагч этгээдээр, эсхүл бие даасан шаардлагыг гаргасан гуравдагч этгээд нь шүүхэд үүсгэгдсэн захиргааны хэрэгт маргааны зүйлийн талаар шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус оролцуулахаар ойлгогдож байна.

Захиргааны хэргийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.Ч-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын байцаагч Г.Ө-т холбогдох захиргааны хэрэгт С.О-ийг шүүгч У.Б-ийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3...9 дүгээр захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх бөгөөд шүүгч Д.Ч-ын дээрх яриаг шүүх хуралдааны явцад тухайн захиргааны хэрэгт уг гуравдагч этгээдийн ямар эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэх, түүний эрх зүйн байдал, хүсэл зоригийг тодруулсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл илтгэгч гишүүний “шүүгч Д.Ч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, ...үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, ...шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасныг хэрэгжүүлсэн...” гэж үзсэн санал үндэслэл бүхий байна.

  1. Шүүх хуралдааныг дэгийг дагуу явуулаагүй, гуравдагч этгээд Д.Я-тай мэтгэлцэж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх тухайд:

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн  С.Ч-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын байцаагч Г.Ө-т холбогдох захиргааны хэргийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн байна. /1 дүгээр с.х-ийн 231-236 тал/

Илтгэгч гишүүний дээрх үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний “2024....3” нэртэй бичлэгийг нээхэд даргалагч шүүгч Д.Ч шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирцийг илтгэсний дараа хариуцагч Г.Ө-ын “шүүх хуралдаанд оролцохгүй, байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах тухай” бичгийн хүсэлттэй холбоотой буюу ирцтэй холбоотой хүсэлт хэлэлцэж, талуудаас тайлбар авч, хүсэлт шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж байгаа нь бичигджээ.

Харин “2024....90” нэртэй бичлэгийг нээхэд шүүх хуралдаан даргалагч Д.Ч “хүсэлтийг хүлээн авч, тухайн өдрийн шүүх хуралдаанд Г.Ө-ыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах тухай” шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна. Бичлэгийн 01 минут 03 секундээс даргалагч “...нэмэгдэж ирсэн нотлох баримттай холбоотойгоор гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэнэ, хүсэлтүүдийг хойшлуулсан байгаа. Шинжээч томилох, мөн Авлигатай тэмцэх газраас ирсэн бичгийг үндэслээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зэрэг хүсэлтүүд байгааг өнөөдөр шийдвэрлэнэ. Г.Ө-ын хүндэтгэн үзэх шалтгаантай байгааг харгалзан үзэж түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж байна” гээд бичлэгийн 01 минут 26 секундээс үргэлжлүүлэн “нэхэмжлэгч талд шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байна уу?” гэснээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлтээ хэлж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг тайлбар хэлж байх явцад бичлэгийн 06 минут 43 секундэд гуравдагч этгээд Д.Я-ийн өмгөөлөгч шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулахыг хүссэн хүсэлтээ хэлж байна.

Улмаар шүүгч Д.Ч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хүсэлтээ хэлж дууссаны дараа бичлэгийн 08 минут 53 секундээс “гуравдагч этгээдийн өмгөөлөгч дэгийн дагуу явуулахыг ярьж байна” гээд шүүх хуралдааны даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэрлэн танилцуулаад, “хэргийн оролцогчдод хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааны бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт татгалзал байна уу?” гэж асуухад нэхэмжлэгч, хариуцагч нар болон гуравдагч этгээд С.О нар “байхгүй” гэж, мөн бичлэгийн 09 минут 26 секундээс гуравдагч этгээд Д.Я “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтээ хэлж байгаа нь бэхжүүлэгджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт шүүх хуралдааны дэгийг хуульчилсан. Уг зохицуулалтаар даргалагч мөн хуулийн 90, 91 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааны ирцийг тодруулж, хүсэлт шийдвэрлэсэн байх ба зүй нь мөн хуулийн 94 дүгээр зүйлд заасан шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэрлэн танилцуулж, хэргийн оролцогчдоос хуульд заасан үндэслэлээр татгалзал бий эсэхийг шийдвэрлэн, мөн хуулийн 95 дугаар зүйлд заасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид эрх, үүргийг тайлбарлаад, мөн хуулийн 96 дугаар зүйлд заасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх юм.

Гэтэл шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч Д.Ч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “шүүх бүрэлдэхүүнээс хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт бий эсэхийг тодруулахгүйгээр хүсэлт шийдвэрлэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг сонсож байгаа нь нотлогдож байгаа хэдий ч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу алдаагаа залруулсан байх тул уг үйлдлээр нь түүнийг зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Иймд  илтгэгч гишүүний “...алдаагаа залруулсан энэ тохиолдолд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гэж үзэх боломжгүй” гэх санал үндэслэл бүхий гэж үзлээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтууд болон 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний “2024....90” нэртэй бичлэгийн 09 минут 26 секундээс гуравдагч этгээд Д.Я “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтээ хэлж байх ба  тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн холбогдох хэсгийг илтгэгч гишүүн саналдаа нэг бүрчлэн тусгасан байна. /1 дүгээр с.х-ийн 236-249 тал/

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч Д.Ч гуравдагч этгээд Д.Я-ийн татгалзалтай холбоотой тайлбар хэлэхдээ бухимдсан, дургүйцсэн өнгө аястай байгаа нь хэргийн оролцогчид сөрөг сэтгэгдэл төрүүлсэн байх боловч уг үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн, сахилгын шийтгэл оногдуулах хэмжээний ноцтой биш гэж үзсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Гэхдээ шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, дэгтэй, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй  хандах, эелдэг дөлгөөн, хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой билээ.

Иймд шүүгчийн харьцаа хандлагын зохисгүй байдал нь бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлж, шүүхийн талаар таагүй үнэлэмжийг бий болгодог тул цаашид шүүх хуралдааныг удирдан явуулахдаа шүүгчийн ёс зүйн зарчмаа чандлан баримталж, төвийг сахисан, хэргийн оролцогчдод хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж ажиллахыг шүүгч Д.Ч-д хатуу анхааруулж байна.

  1. Албан бичгийг удаа дараа явуулж шүүхийн зүгээс Авлигатай тэмцэх газарт нөлөөлсөн гэх тухайд:

Захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Д.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/....8 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газраас 1....8 дугаар хэргийн дэлгэрэнгүй лавлагаа, хэрэг үүсгэсэн тогтоол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаан бусад тогтоол болон ажиллагаа ямар шатандаа явагдаж байгаа талаарх баримтыг гаргуулах, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/9...8 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газраас 1....8 дугаар хэргээс хэрэг үүсгэсэн тогтоолыг гаргуулахаар албан бичгийг хүргүүлж байжээ.

Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, ...ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, мөн зүйлийн 7.2 дахь хэсэгт “шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг өөрийн санаачилга, хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэхээр хуульчилжээ.

Иймд захиргааны хэрэг үүсгэсэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах нь тухайн шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх нь байх тул уг үндэслэлээр шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй болно.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Д.Ч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ГС/2024/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ....хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                            Х.ХАШБААТАР

                                                            С.ЭНХТӨР