info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-05-29

Дугаар 62

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь, шүүгч З.Г нарыг оролцуулан, ... шатны шүүхийн шүүгч З.Г, Н.Х, Т.Э нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2024/0058 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:

“...1.Шүүгч З.Г-ийн тухайд: Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 231, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор ... шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан, нийт 8 иргэн бүртгүүлэн, сонгон шалгаруулалтад оролцсон болох нь “Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид”-ийн жагсаалтаар тогтоогдоно. “Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн шалгалтын нийлбэр оноо, эрэмбэ” гэх баримтаас үзвэл, 83.6 оноогоор 1-д шүүгч Г.М 82.62 оноогоор 2-т шүүгч Ц.М нар жагссан, шүүгч З.Г нь 81.06 оноогоор 3-т эрэмбэлэгдэж шалгалтын нийлбэр дүнгээр тэнцсэн байх ба тухайн үед 2 орон тоо зарлагдсан тул “... шатны шүүхийн шүүгч”-ийн сул орон тоонд эрэмбэлэгдсэн гэх шүүгчийн тайлбар үндэслэлтэй. Онооны 1, 2 дугаарт эрэмбэлэгдсэн шүүгч Г.М, Ц.М нарыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 55, 56 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч нэр дэвшигч Ц.М-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан ирүүлсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт зааснаар өөр нэр дэвшигчийг санал болгох нөхцөл үүссэн тул гуравдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч З.Г-ийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор ... өргөн мэдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаар зарлигаар томилогдсон... ” байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “... шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг Ерөнхий зөвлөл ... зохион байгуулна”, мөн “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.4-т “Ерөнхий зөвлөл эрэмбийн дагуу ... зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, ... Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж зааснаар, дээрх сонгон шалгаруулалтын эрэмбэлэгдсэн онооны дарааллаар, сул орон тооны эрэмбээр шүүгч З.Г-ийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр ... шатны шүүхийн шүүгчээр томилогдсон байна.

Иймд өргөдлийн “ ... шүүгч З.Г хэний ямар шийдвэрээр тушаал дэвшсэн болохыг тогтоож, хонгилын шүүгч мөн болохыг тогтоолгох шаардлагатай ... ” гэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шалгах ажиллагаагаар тогтоогдсонгүй.

Шүүгч З.Г нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байх зарчмын хүрээнд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан хэргийг шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, өмгөөлөгч Д.А  нь “ ... нотлох баримтыг дутуу бүрдүүлэн, ... буруу шийдвэр гаргасан...”, “Б” ХХК-ийн захирал Б.Ц “...нотлох баримтыг үнэлэлгүйгээр буруу шийдвэр гаргасан...”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н “ ...нэг талд үйлчлэн буруу шийдвэр гаргасан...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийн зарим хэсгийн агуулгатай давхацна. 

Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна” гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байна.

Иймд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбар, мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргаж, үүнийг давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд хянасан нь сахилгын зөрчилд тооцогдохгүй тул өргөдлийн “...Үндэслэх нь хэсгийн 18 дугаарт ... нэхэмжлэлийг хангахаас татгалзсан үндэслэлээ ... буруу тодорхойлсон, ...  аймгийн бүх шүүх хятад иргэнд давуу байдал бий болгодог нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхэд хүргэж байна ...” гэж дурдсанд дүгнэлт өгөх боломжгүй юм.

2. ... шатны шүүхийн шүүгч Т.Э, Н.Х нарын тухайд:

... шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам” батлахдаа шүүгчийг, сугалсан нэрсийн дарааллаар системд байршуулж, системд хэрэг, өргөдөл, хүсэлт бүртгэгдэхэд “санамсаргүй тохиолдлоор” илтгэгч шүүгч томилогдоно.

Харин шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилохдоо 5-6 шүүгчийг нэг хэсэг болгон багцалсан 2 багцтай байх ба илтгэгч шүүгч хамаарагдаж байгаа багцаас дарааллын дагуу бүрэлдэхүүн томилдог журамтай байсан.

Анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2023/0002 дугаар шийдвэрт /шүүгч З.Г-ийн шийдвэрлэсэн хэрэг/ гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс шүүгч Д.О-д хуваарилагдсан нь Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн баримтаар тогтоогдоно.

... шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан журмын, 2 дугаар хэсэгт А.С, Г.Б, О.О, Г.М, С.М, Д.О гэсэн 6 шүүгч багтсан байх ба гомдол шүүгч Д.О-д хуваарилагдсанаар эдгээр шүүгч нараас бүрэлдэхүүнд шүүгч О. болон даргалагчаар Д.Б нар томилогдож, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2023/366 дугаар магадлалаар шийдвэрлэжээ.

Өргөдөлд “Б” ХХК-тай холбоотой гомдол дандаа эдгээр шүүгч нарт хуваарилагддаг гэсэн боловч энэхүү хуралдааныг өргөдөлд дурдаагүй бүрэлдэхүүн хэргийг хянасан байгааг дурдах нь зүйтэй. 

Дээрх шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.С, илтгэгч шүүгч Т.Э, даргалагчаар шүүгч Н.Х нарыг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн захирамжаар  албажуулжээ.

Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах хуваарилах нарийвчилсан журам”-ыг батлахдаа, 2021 оны Нийт шүүгчдийн чуулганы хуралдаанаас баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг удирдлага болгосон байх ба уг журмын 3.2-т “шүүхийн магадлал, тогтоол, шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах дараалал”-ыг сугалаагаар тогтооход, 11-т шүүгч Т.Э бичигдсэн байна.

“Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийг шийдвэрийг хянуулах хэргийн бүртгэлийн дэвтэр №25”-аас харахад, “Б” ХХК-ийн хэрэгт гаргасан хүсэлт 1-р тойргийн 11 дэх шүүгч Т.Энхмаад 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11:53 цагт хуваарилагджээ .

Шүүгчдийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/ЗТ2023/0070 дугаар тогтоолоор баталсан журамд, хэрэг, нэхэмжлэл, маргаан, гомдол хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох дарааллын, 2 дугаар багцад Т.Э, Н.Х, Ц., Н.Д З.Г гэсэн 5 шүүгч багтсан, хүсэлт шүүгч Т.Э-д хуваарилагдсанаар эдгээр шүүгч нараас бүрэлдэхүүн томилогдохоор журамлажээ. Даргалагчаар шүүгч Н.Х, бүрэлдэхүүнд шүүгч Ц.С нар томилогдсон нь шүүгчийн туслахын хөтөлсөн бүрэлдэхүүн томилох хуваариар  нотлогдоно.

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...  аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 0006 дугаар захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд шүүгч Э.Л, илтгэгч шүүгч Т.Э, даргалагчаар шүүгч Н.Х нарыг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн захирамжаар  албажуулжээ.

... шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан журмын 3.5-д “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах дараалал”-ын 12-т шүүгч Т.Э сугалагджээ.

“Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдол хүлээн авсан бүртгэлийн дэвтэр №14”-өөс харахад, “Б” ХХК-ийн захирамжид гаргасан гомдол нь шүүгч Т.Э-д 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10:47 цагт хуваарилагдсан нь тогтоогдоно .

Тус шүүхийн 221/ЗТ2023/0004 дүгээр тогтоолоор баталсан журмын, 2 дугаар хэсэгт  Н.Д, Э.Л, Т.Э, А.С, Н.Х гэсэн 5 шүүгч орсон байх ба шүүх бүрэлдэхүүнд томилох хуваарийн дагуу даргалагчаар Н.Х, бүрэлдэхүүнд шүүгч Э.Л нар томилогдсон нь шүүгчийн туслахын хөтөлсөн бүрэлдэхүүн томилох хуваариар  тогтоогдож байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...  аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...  аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд Т.Э, Н.Х нар нь дагаж мөрдөж буй журам, хуваарийн дагуу томилогдсон байх тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Иймд “...“Б” ХХК-ийн гомдол ... шатны шүүхийн Т.Э болон Н.Х шүүгч нарт хуваарилагдаж энэ хоёр шүүгч гомдлыг дандаа хэрэгсэхгүй болгодог...” гэх өргөдөл үндэслэлгүй.

Нэгтгэвэл, өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримтад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэх заалтыг шүүгч зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч З.Г, Т.Э, Н.Х нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч З.Г Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие ...  аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалыг эрхэлж байхдаа, "Б” ХХК- ийн нэхэмжлэлтэй ...  аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдох ... индекстэй захиргааны хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2023/0002 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн.

Ингэхдээ “маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага, түүнд хамаарах үндэслэлийн хүрээнд нотлох зарчмыг хэрэгжүүлж, эрх зүйн дүгнэлт өгч, хянан шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээснээр хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 231, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор тус тус зарласан ... шатны шүүхийн шүүгч”-ийн албан тушаалд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэрээ дэвшүүлэх өргөдөл гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор, хууль зүйн мэдлэг чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын нийлбэр дүнгээр тэнцэж, “... шатны шүүхийн шүүгч”-ийн сул орон тоонд эрэмбэлэгдсэн. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасны дагуу миний нэрийг өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаар зарлигаар “... шатны шүүхийн шүүгч”-ээр томилогдож, шүүгчийн албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлах, зохион байгуулах, оролцогчдыг үнэлж, шалгалтын дүнг эрэмбэлэх ажиллагаа нь дээрх захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээс өмнө болсон гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад орох нь урт хугацааны мэргэшлийн бэлтгэл, хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжил ур чадвар, ёс зүйн шалгуур хангасан байхыг шаарддаг, мөн хуулиар тогтоосон журмын дагуу олон төрлийн сорил, шалгалт өгөх зэргээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газарт шалгуулж, үнэлүүлэх процесс цогц байдлаар хэрэгждэг. Эцэст нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан болзол, шаардлагуудыг хангасан гэж үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэр гаргадаг билээ.

Ялангуяа хуульч, өмгөөлөгч нарын хувьд илэрхий, нээлттэй байдаг сонгон шалгаруулалтын процесс, уг харилцааг журамласан хуулийн тодорхой зохицуулалтыг үл ойшоож, "бусдад давуу байдал олгосныхоо төлөө ... шатны шүүхийн шүүгчээр дэвшсэн” гэсэн агуулгаар өргөдлийн үндэслэлийг тодорхойлж буй нь бодит байдалд, хуульд, мэргэшлийн ёс зүйд ч үл нийцнэ. Өмгөөллийн мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, өргөн агуулгаараа шүүх эрх мэдлийн тогтолцоонд хамаардаг мэргэшсэн хуульч ийм ойлголт, хандлага гаргах нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх зорилгын үүднээс авч үзвэл эмзэглэл төрүүлж буйг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Шүүгчийн зүгээс хэргийг шийдвэрлэхдээ шударга, хараат бус байх гэх мэт хуульд заасан аливаа зарчмыг бүрэн хангаж, хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Харин бусдад болон өөртөө давуу байдал олгох зорилгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах санаа бодол, үг үйлдэл ямагт гаргаж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлнэ. Өргөсөн тангаргийнхаа үг, агуулга, үнэт зүйлийн илэрхийлэл нэг бүрийг дааж ажиллахын тулд ёс зүйн хэм хэмжээг хичээнгүйлэн сахиж, хоёргүй сэтгэлээр, цаггүй ажиллаж байгаа шүүгчийн нэг болохынхоо хувьд удаа дараалан гаргаж буй ийм  хардалт, буруутгалтай эвлэрэхгүй...” гэжээ.

Шүүгч Т.Э Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг Монгол улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэн шийдвэрлэдэг. Тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр батлагдсан дээрх журмын дагуу хэрэг, гомдол, нэхэмжлэл, хүсэлтүүд хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилагддаг бөгөөд уг журмаар хуваарилагдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдол, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулах тухай хүсэлтийг хүлээн авсан шүүгч илтгэх, шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг Ерөнхий шүүгч захирамж гаргаж албажуулахаар маш тодорхой тусгагдсан.

Шүүгч би аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэнээс ч хараат бус байж, зөвхөн Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хууль болон журмаа зөрчиж иргэн А.Г-ын хүсэлт, гомдлыг “өөртөө дур мэдэн дандаа хуваарилж” болон “хэрэгсэхгүй” болгож шийдвэрлээгүй, “...шүүгчийн эрх мэдлээ урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг гаргаагүй” болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.” гэжээ.

Шүүгч Н.Х Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-д “шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах”, 19.8-д “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 118 дугаар зүйлийн 118.2-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргална” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ... шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг батлан мөрддөг бөгөөд уг нарийвчилсан журмын дагуу хэрэг маргаанд шүүх бүрэлдэхүүнд томилогдон шүүх хуралдаанд оролцсон нь хууль, журмыг зөрчөөгүй, шүүгчийн үйл ажиллагаанд хориглох сахилгын зөрчилд хамаарахгүй.

Гомдол гаргагч өмгөөлөгч Д.А  нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч бөгөөд дээрх “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээд А.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан захирамжийн гомдол болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр магадлалыг дахин хянуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд миний бие Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмын дагуу шүүх бүрэлдэхүүнд оролцсон. Иймд “...  аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргахаар ...“Б” ХХК-ийн гомдол дандаа ... шатны Т.Э болон Н.Х нарт хуваарилагдаж энэ хоёр шүүгч гомдлыг дандаа хэрэгсэхгүй болгодог” гэх гомдол нь үндэслэлгүй байна.

Шүүгч миний бие хууль, журам зөрчиж, өөрийн дур зоргоор уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцоогүй, хууль, журмын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцсон, гомдолд дурдсан шийдвэрүүдийг шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд уг хэргийн оролцогч нартай ямар нэгэн хувийн холбоо харилцаа байхгүй, ашиг сонирхлын зөрчил гаргаагүй тул гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Д.А  нь ... шатны шүүхийн шүүгч З.Г, Н.Х, Т.Э нарт холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “З.Г шүүгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг эрх мэдэл,  албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож шийдвэрлэсний дараа ... шатны шүүгчээр дэвшин ажилласан тул хэний ямар шийдвэрээр тушаал дэвшсэн болохыг шалгаж, хонгилын шүүгч мөн болохыг тогтоолгох, “Б” ХХК-ийн гомдол дандаа Т.Э, Н.Х шүүгч нарт хуваарилагдаж энэ хоёр шүүгч гомдлыг дандаа хэрэгсэхгүй болгодог” гэж тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг баримтлан “Б” ХХК-ийн “...  аймгийн Баянтал сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ... шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 366 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, дээрх шийдвэр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг ... шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 978 дугаар тогтоолоор хангахаас татгалзсан, мөн “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд А.Г-ын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар захирамжид гаргасан гомдлыг ... шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.

Шүүгч Т.Э,  Н.Х нарт холбогдох гомдлын тухайд:

Нийт шүүгчдийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын 2.2-т “Нэгдсэн системд байрших тойрогт шүүгчдийн нэрсийн дарааллыг сугалаагаар тогтоож, нэгдсэн системд байршуулна”, 2.3-д “Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан даруйд нэгдсэн системд оруулан хуваарилалт хийж, дардас даран хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт цаг, минутын дарааллаар бүртгэн, хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө” гэж заажээ.

Дээрх журмын хүрээнд ... шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчдийн нэрсийн дарааллыг сугалаагаар тогтоож, нэгдсэн системд байршуулсны дагуу шүүгч Т.Э нь ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэр, ... шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 366 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хүлээн авсан болох нь “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийг шийдвэрийг хянуулах хэргийн бүртгэлийн дэвтэр” болон системд үзлэг хийсэн тэмдэглэлээр, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар зөвлөгөөний тогтоолоор хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах шүүгчдийн нэрсийн дарааллыг сугалаагаар тогтоож нэгдсэн системд байршуулсны дагуу шүүгч Т.Э нь ...  аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай“ 06 дугаар захирамжид гаргасан гомдлыг хүлээн авсан болох нь “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдол хүлээн авсан бүртгэлийн дэвтэр” болон системд үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Харин шүүгч Н.Х-ийн тухайд ... шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 70, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудын дагуу ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэр, ... шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 366 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт, ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай “ 06 дугаар захирамжид гаргасан гомдлыг тус тус хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. 

Иймд “...“Б” ХХК-ийн гомдол дандаа Т.Э болон Н.Х шүүгч нарт хуваарилагдаж, энэ хоёр шүүгч гомдлыг хэрэгсэхгүй болгодог” гэх өргөдлийн үндэслэл хуулиар нэрлэн заасан зөрчилд хамаарахгүй, зохих хууль, дүрэм журамд нийцсэн байна.

Шүүгч З.Г-т холбогдох гомдлын тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “... шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг Ерөнхий зөвлөл ...зохион байгуулна”, мөн “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.4-т “Ерөнхий зөвлөл эрэмбийн дагуу ... зарлагдсан орон тоогоор ... давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг ...Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ... шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж уг сонгон шалгаруулалтад оролцсон шүүгч З.Г нь дээрх хууль, журамд заасны дагуу ... шатны шүүхийн шүүгчээр томилогдсон байна.

Иймд “З.Г шүүгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг эрх мэдэл,  албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож шийдвэрлэсний дараа ... шатны шүүгчээр дэвшин ажилласан” гэх агуулгаар гаргасан гомдол үгүйсгэгдэх ба Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлах, зохион байгуулах, оролцогчдыг үнэлж, шалгалтын дүнг эрэмбэлэх ажиллагаа нь дээрх захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээс өмнө болсныг дурдах нь зүйтэй.

         Дээр дурдсан болон шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг эс зөвшөөрсөн агуулгаар гаргасан өргөдлийн үндэслэлд илтгэгч гишүүн хуульд нийцсэн зөв дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2024/0058 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шатны шүүхийн шүүгч З.Г, Н.Х, Т.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

                        ДАРГАЛАГЧ                                    О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

                                                                                    Д.МЯГМАРЦЭРЭН