info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-04-23

Дугаар 46

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан хийж, ... шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2024/0042 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжийн "Ц" ХХК, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах даасан шаардлага гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар тухайн захиргааны хэргийг хянан хэлэлцээд 182/ШШ223/0480 дугаар шийдвэрээр: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 221/МА2023/0571 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “...нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжийн "Ц" ХХК, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож...” нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангажээ.

Дээрх магадлалыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0001/ХТ2024/0007 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2023/0571 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ223/0480 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. 

1.Өргөдлийн: “Анхан шатны шүүхийн 4 өөр шүүгч хуульд заасны дагуу 6 удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хугацаанд шүүгч Д.Б давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж, шүүх бүрэлдэхүүнийг томилсон, ...Аливаа асуудлууд давж заалдах шатанд нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэгдэж байсан бөгөөд энэхүү шийдвэрүүдэд Ерөнхий шүүгчийн оролцоо шууд болон шууд бусаар байсан” гэх өргөдлийн тухайд:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явцад хэргийн оролцогчдоос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан үндэслэлээр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үзвэл:

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3170 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 320 дугаар тогтоолоор “...захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн,

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 5956 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 539 дүгээр тогтоолоор “...захирамжийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн,

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 9385 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 779 дүгээр тогтоолоор “...захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн,

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 1916 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг Захиргааны давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 228 дугаар тогтоолоор “...захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн,

-  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9967 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг Захиргааны давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0011 дүгээр тогтоолоор “...захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн,

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 0823 дугаар захирамжийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0369 дүгээр тогтоолоор “...захирамжийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

Үүнээс ... шүүхийн шүүгч Д.Б нь Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллах хугацаандаа дээрх хэрэгт 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус тус нийт 4 удаа шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан байна.   

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан журмын дагуу хуваарилагдсан, тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу Ерөнхий шүүгч шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байх тул тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 5.3-т “Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэж тус тус заасан.

Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх, мөн нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргээ биелүүлээгүй тохиолдлыг сахилгын зөрчилд тооцохоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7, 50.1.39-т заасан.

Дээрх захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд ... шүүхийн шүүгч Д.Б нөлөөлсөн гэх нөхцөл байдал сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдоогүй бөгөөд шүүгч нар энэ асуудлаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байна.

Иймд өргөдлийн “...шүүгч Д.Б шийдвэр гаргахад нөлөөлсөн...” гэх гомдол үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Мөн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хэрэг, маргааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүн нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т "Давж заалдах журмаар хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ", 87 дугаар зүйлийн 87.3-т “Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж тус тус зааснаар хяналтын шатны шүүх нь олонхын саналаар хэргийг шийдвэрлэдэг болохыг дурдах нь зүйтэй байна.

2.Өргөдлийн: “...2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даргалахдаа гуравдагч этгээдийн төлөөлөгч намайг болон өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр, эрхийг минь ноцтой зөрчиж байсан” гэх үндэслэлийн тухайд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 1916 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.С, шүүгч Д.Б, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Д.Б 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр томилогджээ.

Гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08:30 цагт товлож, товыг гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г болон түүний өмгөөлөгч Б.М нарт 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэхэд “Зүүмээр оролцоно” гэсэн тайлбар тус тус өгсөн боловч шүүх хуралдаанд оролцоогүй байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь хуралдааны ирцийг босоод танилцуулж байх боловч дуу  нь сонсогдохгүй байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчаас: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хуралдааны ирцийг танилцуул гэхэд “Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нар цахимаар оролцож байна, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хэргийн оролцогч байхгүй, биеийн байцаалттай танилцсан болохыг илтгэв” гэж тэмдэглэгджээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М-с шүүх хуралдаанд цахимаар оролцуулаагүй талаар тус шүүхийн Ерөнхий шүүгч болон Тамгын газрын даргад гомдол гаргасанд тус шүүхийн Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/1030 дугаар албан бичгээр “...тухай шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй” гэх хариуг өгчээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 5.3.1-д “Шүүх хуралдааныг товлосон цагт нь хийх, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулах асуудлыг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцна”, 7.5.1-д “хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ аргачлалын 5.2.1-5.2.3-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах хариуцахаар журамласан байна.

Дээрх шүүх хуралдааны бэлтгэл хангасан шүүгчийн туслах Г.О нь: “...шүүх хуралдааны нарийн бичгийн даргад гуравдагч этгээдийн зүгээс оролцогч хуралд оролцохгүй гэж хэлсэн. Тиймээс шүүх хуралдаанд хэргийн оролцогчийг зүүмд холболгүй шүүх хуралдааныг эхлүүлсэн нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын буруутай үйлдэл биш” гэх тайлбарыг өгч байсан байх бөгөөд шүүгчийн туслах нь хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй, гуравдагч этгээдийг цахимаар шүүх хуралдаанд оролцуулаагүй нь сахилгын хэрэгт цугларсан дээрх баримтаар нотлогдож байх бөгөөд энэхүү зөрчлийг шүүгч Д.Б-т хамаатуулан буруутгах  үндэслэлгүй.           

Мөн сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад өргөдөл гаргагчаас өргөдлөөсөө татгалзсан хэдий ч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т “Энэ хуулийн 104.2-т “Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна” гэж зааснаар шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

            Өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул ... шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч Д.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасан.

Хуулийн тухайн заалтын дагуу Шүүгчдийн зөвлөгөөнөөс хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч албажуулах үүрэгтэй.

Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хуульд заасан дээрх үүргийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны “Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3170, “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 5956, “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 9385 дугаар захирамжуудад гаргасан гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг тус тус албажуулжээ.

Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг “албажуулна” гэдэг нь тэдгээрийг томилно” гэсэн агуулгагүй бөгөөд энэ үйл ажиллагаанд Ерөнхий шүүгч болоод бусад этгээдээс шууд болон шууд бусаар оролцох ямар ч боломжгүй.

Харин миний бие дээрх журмын дагуу тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар, шүүгч А.С бүрэлдэхүүнд, Д.Б илтгэгч шүүгчээр тус тус томилогдон оролцож, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 228 дугаар тогтоол гаргаж, “нэхэмжлэгч нараас шаардлагаа “маргаан бүхий захиргааны актын “Ц” ХХК болон Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэмэгдүүлсэн тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалтыг хэрэглэж, хүлээн авахаас татгалзсан нь буруу” гэх дүгнэлт хийж, захирамжийг хүчингүй болгожээ.

Энэ нь шууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.4-д “анхан болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох, татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй.

Тодруулбал, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд оролцсон нь “тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон” гэдэгт хамаарахгүй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолд энэ талаар тодорхой тусгасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдол”-ыг хэлэлцэх шүүх хуралдааны бэлтгэлийг илтгэгч шүүгч, түүний туслах хангадаг бөгөөд намайг тус шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байх хугацаанд хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны зарыг хүргээгүй, эсхүл хуралдаанд оролцох бололцоог нь хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулж байсан тохиолдолд гарч байгаагүй тул дээрх 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан ч хуульд заасан журмын дагуу явагдсан гэдэгт итгэлтэй байна.

Энэ талаарх холбогдох баримтуудыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргуулан авах боломжтой.

Харин хэргийн оролцогч нарт хуралдааны товыг хүргэсэн боловч ирээгүй нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд саад болдоггүй. Хэн нэгний үйлдэлтэй холбогдуулан, эсхүл өөрт төрсөн хардлагыг үндэслэн хуулийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа шүүгчийг “ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гагцхүү хуульд захирагдан шийдвэр гаргасан нь хэн нэгэн этгээдийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн, улмаар тэр нь шүүгчийн ёс зүй буюу хориглосон үйл ажиллагааг зөрчсөн гэх шалтгаан болохгүй гэж бодож байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хянан хэлэлцэхэд хуульд заасан журмын дагуу томилогдон хуралдааны даргалагчаар оролцсон, шүүх бүрэлдэхүүнээс нэхэмжлэгчийн “эвлэрэх боломж олгох”, хариуцагчийн “хэргийг материалтай танилцах” хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж байсныг шүүх хуралдааны даргалагчид хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Шүүх бүрэлдэхүүн хамтаараа зөвлөлдөн гаргаж байгаа шийдвэрийг хуралдааны даргалагч дангаараа гаргадаггүй нь тодорхой билээ. Үүнийг гомдол гаргагч, эрх зүйч, хуульч хүний хувьд мэдэхгүй байх бололцоогүй.

Миний бие хууль тогтоомжид заасан үүргийн дагуу тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй тул иргэн Г.Г-ийн “Ерөнхий шүүгчээр ажиллаж шүүх бүрэлдэхүүнийг томилж байсан, шүүх хуралдааныг даргалж байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг удаа дараа ноцтой зөрчсөн, ёс зүйгүй үйлдлийг шалгаж тогтоож, хариуцлага тооцуулах” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          “М” ХХК болон “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-с ... шүүхийн шүүгч Б-т холбогдуулан “... хууль бус нөлөөлөл орсон байж болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж бүрэлдэхүүнийг томилж байсан, шүүх хуралдааныг даргалж байгаа Д.Б нь гуравдагч этгээд болох эдгээр компаниудын хууль ёсны төрийн өмчийн газраас зарласан дуудлага худалдаагаар худалдаж авсан эд хөрөнгө, газрыг болон хөрөнгө оруулалт хийсэн эрх ашгийг удаа дараа ноцтой зөрчиж байна ...” гэх өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ГЗҮ/2024/0015 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

          Нэг. “... шүүгч Д.Б давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж, шүүх бүрэлдэхүүнийг томилж, хуралдаанд даргалагчаар оролцож байсан болно. Ингэхдээ 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даргалахдаа гуравдагч этгээдийн төлөөлөгч намайг болон өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр, эрхийг маань ноцтой зөрчиж байсан нь энэхүү шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзээ бий болгож, цаашлаад ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй байна. Аливаа асуудлууд давж заалдах шатанд нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэгдэж байсан бөгөөд энэхүү шийдвэрүүдэд Ерөнхий шүүгчийн оролцоо шууд болон шууд бусаар байсан ...” гэх тухайд;

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд “М” ХХК, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Г оролцсон байна.

Илтгэгч гишүүн саналдаа “...шүүхийн шүүгч Д.Б нь Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллах хугацаандаа дээрх хэрэгт 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус тус нийт 4 удаа шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан байна ...” гэж дурдсан боловч хэрэгт авагдсан баримтуудыг нягтлан үзэхэд анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлт болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан 6 удаагийн гомдол гарснаас шүүгч Д.Б нь тухайн үед Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа гомдол шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг 5 удаа албажуулсан байх бөгөөд эдгээр шүүх бүрэлдэхүүнд оролцоогүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 17.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;” гэж заасан эрхээ хэрэгжүүлсэн үйлдэлд холбогдуулан зөрчил гаргасан гэж үзэхгүй юм.

Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1916 дугаар захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А..С, шүүгч Д.Б /илтгэгч шүүгч/, хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Д.Б томилогдсоныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 473 дугаар захирамжаар албажуулжээ.

Улмаар гомдол шийдвэрлэх хуралдааныг илтгэгч шүүгч Д.Б 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минутад хийхээр товлон, шүүгчийн туслах Г.О нь “М” ХХК, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г болон өмгөөлөгч Б.М нарт товыг мэдэгдэж, зүүмээр оролцох талаар тэмдэглэсэн байна.

Холбогдох шүүгч Д.Б сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдол”-ыг хэлэлцэх шүүх хуралдааны бэлтгэлийг илтгэгч шүүгч, түүний туслах хангадаг, ... хэргийн оролцогч нарт хуралдааны товыг хүргэсэн боловч ирээгүй нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд саад болдоггүй ...” гэж дурдсан нь үндэслэл бүхий байх бөгөөд тус хуралдааныг товлосон хугацаанд эхлүүлсэн үйлдэлд хуралдаан даргалагчийг буруутгах боломжгүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6-д зааснаар давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх, өөрчлөх, эсхүл хүчингүй болгох эрхтэй тул Ерөнхий шүүгчийн албажуулсан шүүх бүрэлдэхүүн гомдлыг “... янз бүрээр, тэр дундаа нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн ...” гэж үзэх нь учир дутагдалтай.

Хоёр. “... Улсын дээд шүүхийн хуралдааныг нэхэмжлэгч, хариуцагч нараас өмгөөлөгч авах, эвлэрэх хүсэлт гаргасныг хангаж хойшлуулсан нь бодит бус ...” гэх тухайд;   

Тус хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0480 дугаар шийдвэрээр “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжийн “Ц” ХХК болон Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2023/0571 дүгээр магадлалаар хүчингүй болгожээ.

Магадлалд гомдол гаргасныг ... шүүх хүлээн авч, тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд танхимын тэргүүн Д.М, шүүгч Г.Б, Х.Б, П.С /илтгэгч шүүгч/ нарыг, даргалагчаар шүүгч Д.Б томилогдсоныг Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн з/106 дугаар захирамжаар албажуулсан байна.

Улмаар шүүх хуралдааныг зарлан хуралдуулахад нэхэмжлэгчээс өмгөөлөгч авах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг тус тус хангаж, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулсан бол 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг нэхэмжлэгчээс эвлэрэх хугацаа олгох, хариуцагчаас хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг мөн хангаж хуралдааныг хойшлуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах эрхтэй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэснийг зөвхөн хуралдаан даргалагчид хамаатуулан зөрчил гаргасан гэж үзэж буй өргөдлийн үндэслэл тодорхойгүй төдийгүй шүүх бүрэлдэхүүн хуульд заасан эрхийнхээ дагуу хуралдааныг хойшлуулсан үйлдлийг сахилгын зөрчилд тооцохгүй.

Мөн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан байх бөгөөд өргөдөл гаргагчийн үндэслэлийг үгүйсгэх нөхцөлд хамаарахаар байна.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т зааснаар хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, мөн хуулийн 84.1.5-д ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.

Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 1-д “... Шүүгч шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдал болон шийдвэрлэхэд оролцож байсан нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй” гэж тайлбарласан тул өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

   Иймд илтгэгч гишүүний “өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримтуудыг шалгахад Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон заалтыг шүүгч Д.Б нь зөрчөөгүй гэх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2024/0042 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

         ДАРГАЛАГЧ                           Х.ХАШБААТАР

            ГИШҮҮН                                 Ц.ДАВХАРБАЯР

                                                         О.НОМУУЛИН