info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-05-07

Дугаар 48

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шатны шүүхийн шүүгч Т.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв. 

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний ГС/2024/0050 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“...Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...шүүгч Т.Б нь хэлэхдээ, өмгөөлөгч Б чинь чиний төлөө явахгүй, уг хэрэг угаасаа шийдэгдсэн, чи ямар ч өмгөөлөгч авчирсан намайг дийлэхгүй, одоо гар хэмээн намайг шүүх танхимаас хөөж гаргасан атлаа хариуцагч Б.Б-г хоёр өмгөөлөгчийн хамт шүүх хурлын танхимд нь авч үлдсэн ...” гэжээ.

Дээрх агуулга бүхий өргөдлийг Ш.З-с 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүгч Т.Б-д холбогдуулан гаргасныг Сахилгын хорооны гишүүн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ГЗҮ/2023/0006 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн СХМ/2023/0037 дугаар магадлалаар саналыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд тус магадлал хүчин төгөлдөр болжээ. 

Шалгах ажиллагааны хүрээнд, дээрх хүчин төгөлдөр магадлал бүхий хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /с.х-ийн 58-59 дэх тал/-ээс үзэхэд, Ш.З-н нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд 11 удаагийн шүүх хуралдаан хийгдсэн байх бөгөөд өргөдөлд хэзээ болсон шүүх хуралдааны үеийн нөхцөл байдлын талаар дурдсан болохоо тодорхойлоогүй тул өргөдөл гаргагчаас энэ талаар тодруулахад “...одоо сайн санахгүй байна, хамгийн эхний шүүх хуралдаан гэж санаж байна” гэх тайлбарыг өгсөн. /с.х-ийн 134 дэх тал/

Үүний дагуу шалгаж үзэхэд, тус иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцүүлэхээр товлосон боловч шүүх хуралдааны тэмдэглэлд Ш.З оролцоогүй байх ба өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдоогүй болно. /с.х-ийн 68-69 дэх тал/

Харин шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШЗ2022/17684 дүгээр захирамжид Ш.З-г танхимаас хөөж гаргасан гэх үйл явдал 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны үеэр болсон гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б хүсэлтдээ дурдсаны дагуу илтгэгч гишүүн тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн байх ба үзлэгийн тэмдэглэл /с.х-ийн 121-122 дахь тал/, болон гишүүний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ГС/2023/0026 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал /с.х-ийн 124-127 дахь тал/-д “... 2022 оны 10 дугаар сарын 6-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.З өмгөөлөгч Л.Д-н хамт оролцсон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Энэхүү шүүх хуралдааны явцад шүүгч нь нэхэмжлэгчид хандан “чи хоёр өмгөөлөгчтэй биз дээ? Чамаас ирэх ямар ч санал хүсэлтийг би хүлээж авахгүй! өмгөөлөгчтэйгөө ярь!” гэж хэлсэн гэх байдал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгт тусгагдаагүй тул дээрэнгүй зан авир гаргасан гэх үзэхгүй ...” гэж дурдсан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар өргөдөлд дурдсан үндэслэлийн талаар шалгах ажиллагаа явуулж, шүүгч Т.Б нь сахилгын зөрчил гаргаагүй болох нь Сахилгын хорооны шийдвэрээр тогтоогдсон байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд, ... шүүхийн шүүгч Т.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Ш.З-с ... шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х, шүүгч Т.Б, Б.Б нарт холбогдуулан ирүүлсэн өргөдлийг хянан үзээд зөвхөн шүүгч Т.Б-д  “...өмгөөлөгч Б чинь чиний төлөө явахгүй, уг хэрэг угаасаа шийдэгдсэн, чи ямар ч өмгөөлөгч авчирсан намайг дийлэхгүй, одоо гар хэмээн намайг шүүх танхимаас хөөж гаргасан атлаа хариуцагч Б.Б-г хоёр өмгөөлөгчийн хамт шүүх хурлын танхимд нь авч үлдсэн...” гэх үндэслэлээр “Зарим шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, зарим шүүгчид сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2024/0045 дугаар захирамжаар 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн байна.

              Тухайн сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад уг иргэнээс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... шүүхийн шүүгч Т.Б-д холбогдуулан адил агуулга бүхий өргөдөл ирүүлснийг үндэслэн сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, улмаар Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн СХМ/2023/0037 дугаар магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ. 

Иймд өргөдөлд дурдсан үйл баримттай холбогдуулан сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, холбогдох шүүгч Т.Б Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргаагүй тухай Сахилгын хорооны шийдвэр гарсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд нийцэж байх тул “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  ГС/2024/0050 дугаар саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Т.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ                           Б.СУГАР

                 ГИШҮҮН                               Ц.ДАВХАРБАЯР

                                                                   Д.МЯГМАРЦЭРЭН