info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-05-08

Дугаар 51

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар С.Б, Д.А нарын өргөдлөөр, Г  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ГС/2024/0051 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:

“... С.Б, А.А нараас Г аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н-д холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ГЗҮ/2024/0028 дүгээр захирамжаар Сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явууллаа.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.Б, Б.Т нар нь хариуцагч М.Б-д холбогдуулан “С.Б болон М.Б нарын хооронд байгуулагдсан Y-хххххххххххх дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-хххххххххххх дугаартай газрын худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б Б.Т нарын өмчлөлд бүртгэхийг Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Дээрх иргэний хэргийг Г аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 135/ШШ2023/0хххх дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасныг Г аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 203/МА2024/ххххх дугаар шийдвэрээр Г аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/0хххх дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өргөдөл гаргагч нараас: “шүүгч  Н-г төрөөс олгосон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023.11.08-ны өдөр 138/Ш32023/ххххх тоот хууль бус захирамж гаргаж, хохирол учруулсан” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.6-д “Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно”, 119.7-д “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй”, 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасан.

Шүүхийн шийдвэр гардуулсан баримтаас үзэхэд Г аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/0хххх дугаартай шийдвэрийг 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-д шуудангаар хүргүүлжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 16 минутад улсын тэмдэгтийн хураамжийг төлж, мөн өдрийн 21 цаг 12 минутад давж заалдах гомдлоо шуудангаар хүргүүлсэн болох нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шуудангийн тэмдэглэгээгээр тус тус тогтоогдож байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хх дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан “гардан авснаас хойш” гэдгийг “шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд шийдвэр, магадлалыг хүлээн авсан бол тухайн өдрөөс, хүлээн аваагүй бол хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн өдрөөс”, ...Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалыг баталгаат шуудангаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн тухай шуудангийн дардсанд тэмдэглэгдсэн өдрөөр, шүүхийн ажилтнаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн талаарх баталгаажилт, тэмдэглэгээ хийсэн өдрөөр хүргүүлсэн хугацааг тогтооно” гэж тайлбарласан байна.

Улсын дээд шүүхийн тайлбараас үзэхэд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахдаа шүүхийн шийдвэр, магадлалыг баталгаат шуудангаар хэзээ хүлээн авсан талаар холбогдох нотлох баримтаа хавсаргах нь гомдол гаргах хугацааг тоолоход ач холбогдолтой талаар тайлбарлажээ.

Гэтэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэзээ авсан талаар холбогдох баримтаа хүргүүлээгүй байсан тул 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 49 минутад шүүгчийн туслах Э.У нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-гаас “Та шуудангийн баримт дээр гарын үсэг зурж хүлээж авсан баримтаа явуулах уу. Яг хэзээ хүлээж авсан нь тодорхой харагдахгүй, мэдэгдэхгүй байна. Энэ баримтаа гаргаж өгөх эсэх талаар” асуухад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Чи муу битгий хуц, чи өөрөө надад хэзээ гомдол гаргах хугацаа дуусаж байгааг хэлэх албагүй биз дээ. Чадахгүй. Чи муу өөрөө олж ав” гэх хариуг өгсөн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэзээ хүлээж авсан талаарх холбогдох нотлох баримтыг хүргүүлээгүй, шүүгчийн туслахаас энэ талаар асуухад эрс татгалзсан зэрэг нөхцөл байдал нь давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах үр дагавар үүсэж шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШЗ2023/ххххх дугаар захирамжаар давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.

Улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэзээ гардаж авсан талаарх “Монгол шуудан” ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18/367 дугаар тодорхойлолтын хамт шүүгчийн 135/ШЗ2023/ххххх дугаар захирамжид өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг шүүгч Н-д гаргаж, хүсэлтийг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШЗ2023/ххххх дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Шүүгч 2023 оны 11 дүгээр 08-ны өдрийн 182/ШЗ2023/ххххх дугаар захирамжийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно гэж заасан зохицуулалтыг баримталсан нь шүүгчид бүрэн эрх олгосон хуулийн заалт байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу гаргасан шүүгчийн захирамжийг хууль зөрчиж үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Шүүгчийн захирамжийг Шүүхийн сахилгын хороо хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээгүй бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан, гомдлыг хуулийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 135/ШТ2023/ххххх шийдвэрлэж байсан байх тул Шүүхийн сахилгын хороо шүүхийн бүрэн эрхэд халдаж, зөв эсхүл буруу шийдвэрлэсэн, хянасан гэх эрх хэмжээгүй, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй болохыг тухайлан тайлбарлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа сэргээлгэх хүсэлтийг дахин гаргасныг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШЗ2023/ххххх дугаар захирамжаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээж, хэргийг давж заалдах шатны шүүх хянасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зохигчоос гаргасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн хүсэлтийг хянан шийдвэрлэж захирамж гаргасан үйл баримтыг “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус захирамж гаргасан” гэж үзэхгүй хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд холбогдох хуульд заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэн захирамж гаргасныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Иймд, дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд Г аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав ...” гэжээ.

 

Г аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н тайлбартаа: “... Өргөдөл гаргагч С.Б, А.А нар нь ".. "... Шүүгч Н төрөөс олгосон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023.11.08-ны өдөр 138/Ш32023/ххххх тоот хууль бус захирамж гаргаж, хохирол учруулсан" гэж үзэж өргөдөл гаргажээ. С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй, М.Б-д холбогдох давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан иргэний хэрэг нь холбогдох хууль тогтоомж, хэрэг хуваарилах журмын дагуу шүүгч надад хуваарилагдан миний бие хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ иргэний хэрэгт өргөдөл гаргагч С.Б нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Өргөдөл гаргагч нарын хууль бус гэж үзэж буй 2023.11.08-ны өдрийн 135/32023/ххххх дугаартай "Хүсэлт шийдвэрлэх тухай" захирамжаар өргөдөл гаргагч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-гийн гаргасан "давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай" хүсэлтийг шийдвэрлэсэн ба тухайн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хангахаас татгалзсан. Тус захирамжид нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 2023.11.28-ны өдрийн 135/ШТ2023/ххххх дугаартай тогтоолоор захирамжийг үндэслэлтэй байна гэж үзэж хэвээр үлдээсэн. Улмаар дараа нь өргөдөл гаргагч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт, холбогдох баримт зэргийг ирүүлсэн тул шүүхээс давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж, хэргийг давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн. Г аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б эс зөвшөөрч Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж, хэргийг Монгол Улсын Дээд шүүх рүү хүргүүлээд байна. Шүүгч миний хувьд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл огт байхгүй, хууль бусаар захирамж гаргаагүй, зөвхөн шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлсэн. Мөн өргөдөл гаргагч нарын зүгээс хэл үгээр дайрах, доромжлох зэрэг зүй бус дарамтыг шүүхэд үзүүлж байсныг дурдах нь зөв болов уу. Тухайлбал: Шүүх шийдвэрээ уншиж сонсгох явцад шүүх хуралдааны танхимыг шууд орхин гарсан, шүүгчийн туслахын зүгээс давж заалдах гомдол шуудангаар шүүхэд ирсэн даруй шүүхийн шийдвэрийг хэзээ хүлээж авсан талаар тодруулан залгахад зүй бус үг хэллэгээр доромжлох зэргээр хүндрэл учруулж байсан. Иймд өргөдөл, мэдээлэл гаргагч С.Б, А.А нарын өргөдөл үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.Б, А.А нараас шүүгч Н-д холбогдуулан “ ... хууль бус захирамж гаргаж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Шүүх 8:30-хх:30 хүртэл ажилладаг ба 21:12 цагт өгсөн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй байх хуулийн заалттай тул хүлээн аваагүй нь зөв байсан гэж хуулийг үндэслэлгүйгээр зөрчиж хохирол учруулсан ... ” гэх агуулга бүхий өргөдлийг Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулан авсан, мөн шүүгч Н нь тайлбараа ирүүлсэн байна.

Өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэргийг хянан үзвэл:

С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох иргэний хэргийг Г аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/0хххх дүгээр шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд ...”, 119.7-д “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж заасан байдаг.

Шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-д 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүргүүлж, С.Б нь уг шийдвэрт давж заалдах гомдлоо гарган 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21:12 цагт монгол шууданд өгсөн болох нь баримтаар[1] тогтоогдож байна.

Давж заалдах гомдлыг шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШЗ02023/ххххх дугаар захирамжаар “... анхан шатны шүүхийн шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь шүүхийн шийдвэр гардуулсан баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-гийн давж заалдах гомдол гаргах хугацаа 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дууссан байна ...” гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.

Уг захирамжид нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 135/ШЗ2023/ххххх дугаар захирамжаар “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ажлын цагийн хугацаанд шүүгчийн туслах шийдвэрийг шууданд хүлээлгэн өгсөн, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21:12 цагт давж заалдах гомдлыг шууданд хүлээлгэн өгсөн болох нь шуудангийн баримтаар тогтоогдсон ...” гэж дүгнэн, хүсэлтийг хангахаас татгалзжээ.

С.Б нь захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хх0 дугаар зүйлд хх0.1-д зааснаар гомдол гаргаж, гомдол шийдвэрлэх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 135/ШТ2023/ххххх дугаар тогтоолоор “... гомдлыг ажлын цаг дууссанаас хойш шууданд хүргүүлсэн байдал тогтоогдож байх тул хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна ...” гэж дүгнэн, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг гарган, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШЗ2023/ххххх дугаар захирамжаар гомдол гаргах хугацааг сэргээж, хэргийг Г аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 209/МА2024/ххххх дугаар магадлалаар хэргийг хянан хэлэлцсэн байна.

Иймд илтгэгч гишүүний “... Шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зохигчоос гаргасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн хүсэлтийг хянан шийдвэрлэж захирамж гаргасан үйл баримтыг “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус захирамж гаргасан” гэж үзэхгүй хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд холбогдох хуульд заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэн захирамж гаргасныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгч Н нь өргөдөлд дурдсанчлан хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0051 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, Г аймаг дахь сумдын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ                                 Ц.ДАВХАРБАЯР

    ГИШҮҮН                                       Б.СУГАР

                                                                     Х.ХАШБААТАР

 

[1] Сахилгын хэргийн 38 дахь тал