info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-05-21

Дугаар 54

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн  Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяаг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2024/0056 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд                      ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон саналд: “... Өргөдөл гаргагч А Б нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил гаран хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уг хэргийн шүүгч Г.С-ын уг хэрэгт санаа тавьж ажилдаа хариуцлагатай хандаж хуулийн шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажиллаагүйгээс энэ бүтэн жил гаран хугацаанд банкны хүү, алданги өсөж 300 сая гаран байсан зээл 500 гаран болон өсөж иргэн миний бие болоод, ах эгч, аав, ээж барьцаанд тавьсан орон гэрээ алдаж гудамд гарахад хүрээд байна. Маш их хохирч байна. Иймд иргэн миний бие шүүгч Г.С-ыг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар албан тушаал эрх мэдлээ ашиглах, бусдад давуу байдал бий болгосон гэж хардаж байна гэжээ. “А Б” ХХК-аас Г.Б, Г.Г, Ц.Ч нарт холбогдуулан “Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг шүүхээр цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 424,261,200.17 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасныг шүүгч Г.С хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн .../ШЗ2023/03758 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүхээс дараах ажиллагааг хийсэн байна. Үүнд:  2023 оны 03 дугаар арын 13-ны өдөр хариуцагч нарыг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч шуудангийн “эзэнгүй удаа дараа очсон” гэх тэмдэглэлээр мэдэгдэх хуудас буцан ирсэн, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгчийн  туслахаас нэхэмжлэлийн шаардлага гардуулахаар хариуцагч Г.Г-ын утас руу залгасан тухай тэмдэглэлийг үйлдсэн, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Ц.Ч-д нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг тайлбарласан, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулсан баримт дээр гарын үсэг зуруулсан, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .../ЗТ2023/01060 дугаар зөвлөгөөний тогтоолоор тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн .../ШЗ2023/07882 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Б, Г.Г нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, тус захирамжийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн .../АБ2023/02556 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлсэн, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Г.Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .../ЗТ2023/01419 дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч Г.С-д чөлөө олгосонтой холбогдуулан түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг шүүгч нарын нэрсийн дарааллаар өөр шүүгчид шилжүүлсэн, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн .../ЗТ2023/02146 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Г.С-ын ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа эргэн орох болсонтой холбогдуулан түүний ажиллагаанд байсан хэргүүдийг буцаан шилжүүлсэн, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд шүүгчийн туслахаас хариуцагч Г.Г-ын  99070091 дугаартай утас руу нэхэмжлэлийн шаардлага гардаж авах талаар нь мэдэгдэх ажиллагаа хийхээр залгасан байх ба утсаа авахгүй, холбогдох боломжгүй байсан гэх тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн .../ШЗ2023/20773 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Г-ыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Ц.Ч-аас “... Г-ыг яаралтай олж энэ хэргийг шийдвэрлэх тал дээр анхаарч өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Г.С-д чөлөө олгосонтой холбогдуулан түүний ажиллагаанд байгаа хэргийг шүүгч нарт нэрсийн дарааллаар хуваарилж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн .../ЕШ2023/08087 дугаар захирамжаар “А Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б, Г.Г, Ц.Ч нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар Д.Э-ийг томилсон, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Г.Г-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөгөөний тогтоолоор тухайн иргэний хэрэг шүүгч Г.С-д буцаж шилжсэн, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ... /ШЗ2024/01255 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хуралдааны товыг оролцогч нарт утсаар мэдэгдэж, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн .../ШЗ2024/01783 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нар шүүх хуралдаанд ирээгүй учир мэтгэлцэх боломжоор хангаж хуралдааныг хойшлуулсан, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/04155 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Г.Б, Г.Г нарт гардуулах ажиллагаа  хийгдээгүй, тэднийг шүүхэд дуудсан боловч ирээгүй учир хариуцагч Г.Б, Г.Г нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа Г.Г-ээс хариуцагч Г.Г, Г.Б нар хаяг дээрээ оршин суудаггүй, хариуцагч Г.Б ... дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс яллагдагчаар эрэн сурвалжлагдаж байна гэх илтгэх хуудсыг үйлдэж, хэрэгт хавсаргасан,  2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн .../ШЗ2024/05309 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Б, Г.Г нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаанд түдгэлзүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь зааснаас үзвэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулсан байдаг. Дээрхээс үзвэл шүүгч Г.С нь тухайн хэрэгт 01 жил гаруй хугацаанд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй боловч шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагааг тухай бүр хийж гүйцэтгэсэн, ийнхүү удааширсан үйл баримт нь шүүгчээс шууд шалтгаалаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул уг өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.                

Өргөдөл гаргагч “... А Б нэхэмжлэлээ шүүхэд 2023 оны 02 дугаар сард өгснөөс хойш хариуцагч Г.Г-д 10 сар гаран хугацааны дараа гэртээ байна гэж гардуулсан. Хуулийн дагуу нэхэмжлэл гадуулахдаа маш их хугацаа алдсан, олдохгүй байсаар байтал эрэн сурвалжлуулах гэх мэт арга хэмжээ авч ажиллаагүй. Ингээд шүүх хурал зарлагдаж хуралдтал мөн Г.Г ирээгүй. Эрэн сурвалжлах талаар санал гаргахад хаягт байгаа эрэн сурвалжлахгүй гээд албадан ирүүлнэ гэж шийдвэрлэсэн. ... хариуцагч Г.Б-д нь шүүхийн нэхэмжлэл гардуулж өгөхгүй 6 сар гаран хугацаа өнгөрөөх нь аргаа барсандаа ... дүүргийн цагдаагийн газар шалгагдаж буй цагдаагаас нь гуйж Г.Б-ийг ... дүүргийн шүүх дээр дагуулж ирж шүүхийн нэхэмжлэлийг гардуулж байх жишээтэй” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна” гэж заасан. Тус иргэний хэрэгт хийсэн үзлэгээр 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахаар холбогдох ажиллагаа хийсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, харин 2023 оны 03 дугаар арын 13-ны өдрөөс эхлэн хариуцагч нарыг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлж, утсаар ярьсан тэмдэглэлийг үйлдэж хэрэгт хавсаргасан байна. Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар шүүгчийн туслах Ч.О-ээс гэрчийн мэдүүлэг авахад “..тухайн үед ажиллагаа хийж утсаар ярьсан би баримтуудаа хэрэгт хийгээгүй байна” гэх мэдүүлгийг өгсөн. Мөн холбогдох шүүгч энэ талаар “... Утсаар ярьсан тэмдэглэлийг үйлдэж хэрэгт хийдэг. Олон хүнтэй харилцдаг учир орхисон байх. ... Шүүгчийн туслах утсаар ярьсан тэмдэглэлээ хийгээгүй байна. Хариуцагч Ц.Ч-д мэдэгдэх хуудас хүргүүлээгүй байтал хариуцагч Ц.Ч нь 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардаад авсан. Тэгэхээр утсаар ярьсан тэмдэглэлээ туслах хийгээгүй байна. Энэ дээр хяналт тавиагүй нь миний буруу байна” гэх тайлбарыг гаргасан. Тухайн иргэний хэрэгт хариуцагч Ц.Ч-ыг шүүхэд дуудсан талаар баримт байхгүй боловч тэрээр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байна. Үүнээс үзвэл хариуцагч нарыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийж байсан ч холбогдох баримтаа хэрэгт хавсаргаагүй гэх шүүгчийн туслахын мэдүүлэг нь үндэслэлтэй байна гэж үзлээ.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т зааснаар шүүгчийн туслах нь хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүйн улмаас нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа хийгдээгүй гэж ойлгогдох нөхцөл байдлыг бий болгосон байх тул энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй юм. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна”, 77.9 дэх хэсэгт “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Дээрх хуульд заасны дагуу шүүхээс хариуцагч Г.Б, Г.Г нарыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр албадан ирүүлэхээр, дахин 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Г.Г-ыг албадан ирүүлэхээр тус тус шийдвэрлэж байсан. Мөн нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүхээс хариуцагч Г.Г, Г.Б нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийгдээгүй, тэднийг шүүхэд дуудсан боловч ирээгүй гэх үндэслэлээр 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/04155 дугаар захирамжаар албадан ирүүлэхээр, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн .../ШЗ2024/05309 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Б, Г.Г нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн байна. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахын тулд тэднийг албадан ирүүлэх болон эрэн сурвалжлах зэрэг хуульд заасан шаардлагатай ажиллагааг хийж гүйцэтгэсэн, нөгөө талаар хариуцагч Г.Б, Г.Г нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т заасан шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхээс хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг хуулийн хугацаанд гардуулж чадаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.С-д холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.гэжээ.

Шүүгч Г.С тайлбартаа: “... А Б ХХК 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хуульд заасны дагуу хариуцагч нарт мэдэгдэх хуудас хүргүүлж, хариуцагч Ц.Ч-д 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч Г.Б, Г.Г нарын оршин суугаа хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолт, Монгол шуудангийн магадалгаагаар “удаа дараа очиход эзгүй” гэх баримттай байсан. Шүүх хариуцагч нарын утсаар холбогдоход “холбогдох боломжгүй” байдаг. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нарыг албадан ирүүлэхээр шүүгчийн захирамж гарч, хариуцагч Г.Б-д 2023 оны 06 дугаар арын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Миний аав 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тархины хүнд хагалгаанд орж, хүнд өвчтэй аавыгаа асрахын тулд тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд хүсэлтээ гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хуульд заасны дагуу нэг сарын чөлөө авсан, чөлөөний хугацаа дуусаж, үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралтаа эдэлж, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа орсон. Үүнээс хойш хариуцагч Г.Г-ыг ирүүлэх арга хэмжээг авч байсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г.Г-ыг шүүхэд албадан ирүүлэх захирамж гаргасан. Хүнд өвчтэй байсан аавыгаа асрахын зэрэгцээ шүүн таслах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байсан бөгөөд аав минь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр таалал төгсөж, аавынхаа буян номын ажлыг гүйцэлдүүлэхээр нэг сарын чөлөө аваад 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа орсон. Шүүгч намайг чөлөөтэй байх хугацаанд хэрэг өөр шүүгчид хуваарилагдсан бөгөөд хариуцагч Г.Г-д 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг зарлахад хариуцагч нарт хурлын тов мэдэгдэхэд бүгд хаягтаа байхгүй гэх баримттай, холбогдох утасны дугаарууд нь холбогдох боломжгүй, авахгүй байсны улмаас тус хэргийн хариуцагч Г.Б, Г.Г, Ц.Ч аль ч ирээгүй. Шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмын хүрээнд явагддаг тул хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13:30 минут хүртэл хойшлуулсан. Нэхэмжлэгч “А Б” ХХК 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хариуцагч Ц.Ч-д 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гардуулсан байна. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Г.Б шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, хариуцагч Ц.Ч Г.Г-ыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасан, хариуцагчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт баримтаар тогтоогдоогүй тул “А Б” ХХК-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулахаар хариуцагч Г.Б, Г.Г нарыг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа оршин суугаа хаягийг тодорхойлсон байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэл тогтоогдоогүй болно. Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлийн хамгаалалтын цагдаа албан тушаалтай дэд ахлагч Г.Г-ийн “Хариуцагч Г.Б, Г.Г нарын ... хаягийг 2024 оны 02 дугаар сарын 26, 2024 оны 02 дугаар сарын 28, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд удаа дараа шалгахад эзгүй байв. Захирамжид дурдсан дугаарууд холбогдох боломжгүй гэх, ... 15-р хорооны зохион байгуулагчаас тодруулахад Г.Г, Г.Б нар хороонд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж тодорхойлсон. Хариуцагч Г.Б нь 2023.08.31-ний өдрөөс Э.С ... дугаараар ... дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс яллагдагч ангиллаар эрэн сурвалжлагдаж байна. Иймд хариуцагч нь оршин суух хаяг тодорхойгүй, эрэн сурвалжилж олдсонгүй тул албадан ирүүлэх боломжгүй байна” гэх илтгэх хуудсыг, ... дүүргийн 15-р хорооны Засаг даргын тодорхойлолт, фото зургуудын хамт ирүүлсэн байна. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн .../Ш32024/05309 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Б, Г.Г нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн болно. Шүүгч Г.С миний бие Шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д заасан Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны алдаа зөрчил гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа тул иргэн Ц.Ч-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллаж байгаа бөгөөд тус шүүхийн ажлын ачаалал хэтэрсэн, нэг шүүгч дунджаар 250 хэрэгтэй байгааг дурдах нь зүйтэй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Өргөдөл гаргагчаас “... шүүгч Г.С нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийхгүй удаасан, иргэний хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж хохироож байна” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, “А Б” ХХК-аас Г.Б, Г.Г, Ц.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 424,261,200.17 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасныг шүүгч Г.С хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн .../ШЗ2023/03758 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахаар 2023 оны 3 дугаар арын 13-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч Монгол шуудангийн “эзэнгүй, удаа дараа очсон” гэх тэмдэглэлээр мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлсэн, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүгчийн  туслах  Ч.О хариуцагч Г.Г-ын утас руу залгахад холбогдоогүй талаарх тэмдэглэлийг үйлдсэн байна.

Тухайн иргэний хэрэгт хариуцагч Ц.Ч-ыг шүүхэд дуудсан баримт авагдаагүй байх боловч тэрээр 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан байна. Энэ талаар шүүгчийн туслах Ч.О гэрчийн мэдүүлэгтээ “..иргэний хэрэг үүсгэсний дараа ажиллагаа хийж утсаар ярьсан, би баримтуудаа хэрэгт хийгээгүй байна” гэж,  холбогдох шүүгч “... Шүүгчийн туслах утсаар ярьсан тэмдэглэлээ хийгээгүй байна. Хариуцагч Ц.Ч-д мэдэгдэх хуудас хүргүүлээгүй байтал хариуцагч Ц.Ч нь 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардаад авсан. Тэгэхээр утсаар ярьсан тэмдэглэлээ туслах хийгээгүй байна. Энэ дээр хяналт тавиагүй нь миний буруу байна” гэж тайлбарлажээ. Дээрхээс үзвэл, шүүгчийн туслах Ч.О нь иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчийг шүүхэд дуудах ажиллагаа хийсэн боловч баримтаа хэрэгт хавсаргаагүй байна.

Тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн .../ШЗ2023/07882 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлнэ” гэж зааснаар хариуцагч Г.Б, Г.Г нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Г.Б нэхэмжлэлийн хувийг гардан авсан байна.

2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .../ЗТ2023/01419 дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч Г.С-д чөлөө олгосонтой холбогдуулан түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг шүүгч нарын нэрсийн дарааллаар өөр шүүгчид шилжүүлж, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн .../ЗТ2023/02146 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Г.С-ын ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа эргэн орох болсонтой холбогдуулан түүний ажиллагаанд байсан хэргүүдийг буцаан шилжүүлсэн байна. Иймд энэ хугацаанд ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр шүүгч Г.С-ыг буруутгах боломжгүй.

Шүүхээс хариуцагч Г.Г-д нэхэмжлэлийн хувь гардуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд залгасан боловч тэрээр утсаа аваагүй, холбогдох боломжгүй байсан гэх тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан байна.  Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... /ШЗ2023/20773 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Г-ыг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Г.Гад нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.

 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Г.С-д чөлөө олгосонтой холбогдуулан тус хэргийг өөр шүүгчид хуваарилж, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Г.С-д буцаан шилжүүлжээ.

Дээрхээс үзвэл, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т заасан шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг хуульд заасан хугацаанд гардуулж чадаагүй байна. Иймд шүүгч нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхгүй удаасан гэх өргөдөлд дурдсан үндэслэл тогтоогдоогүй байна.   

Тус иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШЗ2024/01255 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нар ирээгүй учир мэтгэлцэх боломжоор хангаж ... /ШЗ2024/01783 дугаар шүүгчийн захирамжаар хуралдааныг хойшлуулжээ.

Улмаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн хувийг хариуцагч Г.Б, Г.Г нарт гардуулахаар шүүхэд дуудсан боловч ирээгүй учир 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ... /ШЗ2024/04155 дугаар шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.  2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа албан тушаалтай дэд ахлагч Г.Г-ийн илтгэх хуудаст “...хариуцагч Г.Б-ийг ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “яллагдагч” ангиллаар эрэн сурвалжилж байна. Иймд албадан ирүүлэх боломжгүй байна” гэжээ. Мөн иргэн Ц.Ч-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтдээ Г.Б, Г.Г нар гэр бүлийн хүмүүс талаар дурдсан байна.

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн .../ШЗ2024/05309 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Б, Г.Г нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаанд түдгэлзүүлжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “... хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногт шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан боловч энэ хугацаанд хэргийг шийдвэрлээгүй нь шүүгчээс шалтгаалсан буруутай үйл ажиллагаа байхгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ. Шүүгч Г.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулсан байна. Дээрх баримтуудаас үзвэл, тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд шийдвэрлэгдээгүй удааширсан нь өргөдөл гаргагчийн иргэний хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байгаа гэр бүлийн гишүүдийн шүүхэд дуудсан цагт хүрэлцэн ирээгүй үйл баримттай холбоотой байна.

Мөн өргөдөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширснаас хохирол учирсан талаар дурджээ.

Өргөдөл гаргагч нь бусдын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл зохих журмын дагуу нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний дагуу хүү, алданги тооцогдож буй нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Иймд өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2024/0056 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Ц.Ч-аас ирүүлсэн өргөдлийн дагуу ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.С-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч  болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                ДАРГАЛАГЧ                                  С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                          Х.ХАШБААТАР

                                                                                          Д.ЭРДЭНЭЧУЛУУН