info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-23

Дугаар 80

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Д.Р-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрэмд шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хууль хэрэглээтэй холбоотой үйл ажиллагаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж заасан, ...шүүгч хууль болон ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ НЬ:

Өмгөөлөгч Н.М- өргөдөлдөө “...шүүгч Д.Р- нь 2020.05.28-ний өдрийн 10 цагт товлогдсон Н.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг даргалсан, хуралдааны явцад прокуророос урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаагүй байхад, мөн сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлсэн баримтыг гаргаж өгсөн атал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүйгээр авсан,...шүүх хурлын төгсгөлд буюу шүүгчийн захирамжийг танилцуулж байх үедээ шалтгаангүйгээр шүүх хурлыг орхин гарч, тодорхой хугацааны дараа эргэн орж ирж гаргасан шийдвэрээ үргэлжлүүлэн танилцуулсан нь шүүх хараат бус байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх боломжгүй,...анхан шатны шүүх хуульд тайлбар хийх эрхгүй атлаа Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах зохицуулалтыг дур мэдэн тайлбарласан ...Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн агуулга дурджээ.

Шүүгч Д.Р- тайлбартаа “...өмгөөлөгч өргөдөлдөө прокурор Д.П- мөрдөгчийг дарамталсан гэх 1 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн гэсэн нь прокурор таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт гаргасан гэдэг нь тогтоогдож байна. Улсын яллагчийн гаргасан баримт, хүсэлттэй холбогдуулан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд Н.Н-аас тайлбар, мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.12-т таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлтийг талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар заасан. Улсын яллагчийн зүгээс таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гаргасан хүсэлтийг баримтлан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсон. Эдгээр ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явагдсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс сонгуулийн бүртгэлтэй холбоотой ямар нэгэн бичгийн баримт гаргаж өгөөгүй, харин яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх захирамж танилцуулсны дараа Н.Н- нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгүүлсэн талаарх баримтыг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн болно. Би шүүх хуралдааны төгсгөлд шүүгчийн захирамж танилцуулж байхдаа шалтгаангүйгээр хурлыг орхин гараагүй, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх захирамж зөвлөлдөх тасалгаанд гарсан, шүүх хуралдаанд танилцуулж, дуусгасан болно.

Харин яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж танилцуулсны дараа Н.Н-ын өмгөөлөгчөөс сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлсэн талаарх баримт гаргаж таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өг гэсэн байдлаар хандсан, шүүх нэгэнт шийдвэр гарсан тул хэлэлцэх боломжгүй талаар дурдаж, энэ талаар Сонгуулийн ерөнхий хороонд хандаж албан бичиг хүргүүлэх талаар хэлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал хүсэлтийг дараагийн шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн тайлбарыг хэлсэн. Шүүх шийдвэрээ гаргасны дараа өмгөөлөгчийн зүгээс эдгээр асуудлыг тавьсан бөгөөд цагдан хорих шийдвэр гаргахаасаа өмнө, мөн шийдвэрээ танилцуулж байхдаа хурлыг орхин гарсан үйлдэл байхгүй. ...нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд аливаа таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шүүх хэн нэгнээс зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй болно. Сонгуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан ажиллагааны талаар шийтгэх тогтоолд тодорхой бичсэн, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар уг эрүүгийн хэрэг хянан хэлэлцэгдсэн болно...” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:

1. ...шүүхийн шүүгч Д.Р-ын 2020.05.28-ний өдрийн ... дугаар захирамжаар Н.Н- нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, улмаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг тогтоож, шүүгдэгч Н.Н-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү хуралдааны явцад улсын яллагч 1 хуудас баримт гарган өгч, мөрдөгчийг дарамталсан, нөлөөлсөн гэх үндэслэлээр Н.Н-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөх хүсэлт гаргасныг шүүгч тодруулан, улмаар энэ баримттай танилцах, тайлбар байгаа эсэх талаар шүүгдэгчээс асууж тодруулжээ.

Түүнчлэн шүүгч захирамж танилцуулахдаа “...9 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Н.Н-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн дараагийн шүүх хуралдаан болох хүртэл цагдан хорих болсон гээд захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, шүүх хуралдаан товлох талаар санал асуусан байна. Энэ үед өмгөөлөгч М.Б “...СЕХ-ны ... дүгээр тогтоолоор ... дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэсэн тул нэр дэвшигчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь Сонгуулийн хуулиар хориглосон...гэсэн тайлбар гаргаж, шүүх хуралдааныг 6 сарын 24-ний өдрөөс хойш товлох хүсэлт, баримт гаргасан байна.

Шүүгч уг хүсэлтийг авч, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлаар үдээс хойш 15 цагийн үед хуралдья, хуралдааныг түр завсарлаж байна гэжээ. Хуралдаан үргэлжилж, шүүгч СЕХ-нд албан бичиг хүргүүлэхээр болсон, хариу удахгүй ирэх байх, тэр болтол гаргасан шийдвэр хэвээр байна, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг дараагийн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой гээд шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт товлож, уг хуралдаан хаасныг мэдэгдсэн нь мөн өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

2. ...шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн.

3. ... шүүх хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд 2020 оны 9 дүгээр сарын 8-ний өдөр ... дүгээр магадлал гаргахдаа анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хэлэлцэх хэмжээ, хязгаарын хүрээнд шийдвэрээ гаргасан гэжээ.

4. Дээрх хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн ... дугаар тогтоолд “...сонгуульд нэр дэвшсэн байхад Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорьж нэр дэвшигчийн эрхийг зөрчсөн гэсэн өмгөөлөгчийн гомдолд дараах тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, журам болон түүнд оролцогч нарын эдлэх эрх, хүлээх үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлж, гагцхүү түүнд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх дээрх гомдлын талаар дүгнэлт хийхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ, хязгаар түүнд хэрэглэгдэх нийтлэг зарчмуудын агуулга, уг ажиллагааны зорилгод нийцүүлэн, холбогдох хуулийн хэм хэмжээг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлд тулгуурлан тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна...” гэж дүгнэжээ.

Дээр дурдсанаас үзвэл, шүүгч Д.Р- нь “...Н.Н-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүй хууль зөрчиж авсан, шүүх хуралдааны журам зөрчсөн, ...хуулийг дур мэдэн тайлбарласан...” гэх байдал тогтоогдоогүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.

Холбогдох шүүгч хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй талаарх илтгэгч гишүүний  санал хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Иймд саналыг хүлээн авч, холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн шүүгч Д.Р-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

            ДАРГАЛАГЧ                                               Г.ЦАГААНЦООЖ

 ГИШҮҮН                                                       Д.МЯГМАРЦЭРЭН 

Х.ХАШБААТАР