info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-05-29

Дугаар 59

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Н нарыг оролцуулан хийж, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/0061 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

““И” ХХК-иас ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-т холбогдуулан гаргасан өргөдлийг гишүүний 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ГЗТ/2024/0029 дугаартай захирамжаар  Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг өргөдөл гаргагч эс зөвшөөрч гомдол гаргасан.

Тус гомдлыг гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцэж 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн СХТ/2024/0036 дугаартай тогтоолоор “...шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас хуульд заасан шийдвэр авах хугацаа өнгөрсөн эсэхийг шалгах шаардлагатай, үгээ хэлэх эрхээр минь хангаагүй, үг дуугарах боломж олгоогүй гэх өргөдлийн үндэслэлийг тогтоохын тулд холбогдох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийх боломжтой” гэж дүгнэн илтгэгч гишүүний 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ГЗТ/2024/0029 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгчид холбогдуулан сахилгын хэрэг үүсгэжээ.

Иймд тогтоолд дурдсан асуудлыг тодруулахаар шалгах ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

1. Өргөдөл гаргагч “...нэхэмжлэлийг шүүх хүлээн авч Д.Б шүүгч дээр хуваарилсан байдаг. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүтэн 3 жилийн хугацаанд хийгдэж ...2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02903 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.” гэжээ.

“И” ХХК-аас “З” ХХК-д холбогдуулан гаргасан 187,193,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүгч С.Х хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2021/09275 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ЗТ2022/00985 дугаар зөвлөгөөний тогтоолоор Д.Б шүүгчээр томилогдсонтой холбоотойгоор тухайн иргэний хэргийг шилжүүлсэн байна.

Шүүгч Д.Б “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй “З” ХХК-д холбогдох иргэний хэргийг шилжүүлэн авснаас хойш дараах ажиллагаа хийжээ. Үүнд:

Шүүхээс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохигч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эрх үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материал танилцуулсан,

2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/10674 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан,

 2022 оны 08 дугаар дугаар 24-ний өдрийн 2877 дугаар албан бичгээр тус захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн,

2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2022/11208 дугаар шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, тус захирамжийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2945 дугаар албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/10674 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гомдол гаргасныг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, 181/ШТ2022/00366 дугаар шүүхийн тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон,

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/13918 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл хойшлуулсан,

 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2022/15051 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг өөрчилсөн, 

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2022/16796 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/00315 шүүгчийн захирамжуудаар  зохигчдын хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан,

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2023/02167 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч талд гардуулсан,

2023 он 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2023/02912 дугаар шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг сольсон,

2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүгчийн туслах гэрч дуудсан тэмдэглэлийг үйлдэж, тус өдрийн 181/ШЗ2023/04384 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,

2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 181/ШЗ2023/06427 дугаар шүүгчийн захирамжаар нотлох баримт шаардаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,

Шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдэж, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2023/13713 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулж,  тухайн өдөр оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, 

2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болж, 181/ШШ2023/02903 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулсан байдаг.

Шүүгч Д.Б нь 01 жил 01 сар 30 хоногийн хугацаанд тухайн иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй боловч ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан нь шүүгчээс шалтгаалсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.  Өргөдөл гаргагч “...Манай компани нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02903 дугаартай шийдвэрт давж заалдах гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталгаат шуудангаар илгээснийг шүүх 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан. Гэвч тус шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 181/Ш32023/19730 дугаартай давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж гарсан байна. ...шийдвэрийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гарсан байхад бидэнд бүтэн сарын дараа гардаж авах тухай мэдэгдсэн бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргасан байхад шүүхээс давж заалдах хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа нь давж заалдах гомдол гаргах хугацаа болон, иргэний процесс шуудангаар явуулах талаарх Дээд шүүхээс гаргасан тайлбар болон бүхий эрх зүйн тайлбаруудыг зөрчиж хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж, иргэд аж ахуй нэгжийг хохироож байна гэж үзэж байна” гэжээ.

Мөн Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн СХТ/2024/0036 дугаартай тогтоолд “...өргөдөл, мэдээлэл гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдлын хуралдаанд ...шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаандаа гараагүй, шийдвэрээ авах гээд очихоор шүүгчийн туслах байдаггүй, нэг бол хуульчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа гээд шийдвэр гардуулж өгөх хүн байдаггүй байсан тул хэд хэдэн удаа очиж байж 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардан авсан гэж тайлбарласан. Иймд шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас хуульд заасан шийдвэр авах хугацаа өнгөрсөн эсэхийг шалгах шаардлагатай” гэж дурдсан.

Тухайн иргэний хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл  “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй “З” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02903 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар оролцжээ.

Шүүгчийн туслах 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг ирж авахыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарт утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна.

2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Л.Э шүүхийн шийдвэрийг гардаж авсан байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах гомдлоо шүүх рүү хүргүүлсэн байна.

Тус гомдлыг шүүгч Д.Б 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2023/19730 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.5 дахь хэсэгт “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ”, 119.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй, 119.8 дахь хэсэгт “Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 119.7 дахь хэсгийн заалт хамаарахгүй. Энэ тохиолдолд шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасан журмын дагуу хүргүүлж, хугацааг энэ хуулийн 119.6-д заасны дагуу тоолно” гэж заасан.

Дээрх хуульд заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02903 дугаартай шийдвэрийг 14 хоногийн дотор буюу 10 дугаар сарын 03-ны өдөр албажуулан гарах ёстой байжээ.

Шүүхийн шийдвэр хуулийн хугацаанд гарсан эсэх талаар шүүгчийн туслах Б.С-с гэрчийн мэдүүлэг авч тодруулахад “...09 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хурал болж шүүхийн шийдвэр 10 дугаар сарын 03-ны өдөр тамга тэмдэг дарж албажиж гарсан. Оролцогч нар шийдвэрийг ирж авахгүй байхаар нь утсаар 10 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн байгаа. Мэдэгдсэн өдрөөсөө хойш дахиад 14 хоног харсан. Хүмүүс нь ирж авахгүй байсаар байгаад “И” ХХК-ийн захирал Л.Э нь 10 дугаар сарын 30-ны өдөр ирж шийдвэрээ гардаж авсан. ...Шүүх хуралд оролцсон хүмүүс 14 хоногийн дотор шүүх дээр ирж шийдвэрээ гардаж авах үүрэгтэй байдаг. Асууж, лавлаж, өөрийн биеэр гардаж авах үүрэгтэй. ...Тэр үед дикритээ авах гээд ажил давхацсан байсан болохоор би мартсан байсан байх. Тэгээд утсаар ярьсан өдрөө л системд хийсэн. Шийдвэр хугацаандаа гарсан. Энэ талаар нотлох баримт байхгүй. ...Би 10 дугаар сарын 25-27-ны хооронд Хуульчийн сонгон шалгаруулалттай байсан. Намайг н.С шүүгчийн туслах орлож байсан. Орой нь ирээд асуухад шүүхийн шийдвэр авахаар хүн ирээгүй гэж хэлсэн. “И” ХХК-аас шийдвэр гардаж авахаар хүн ирээгүй, “З” ХХК-ийн төлөөлөгч хэдэн удаа асууж лавлаж байсан” гэх мэдүүлгийг,

Гэрч Л.Э “...Шийдвэрийг очиж авах гээд очихоор шүүгчийн туслах нь байхгүй. 14 хоног болоод л утасдаад байсан. Шийдвэр нь гараагүй байгаа гэж хэлсэн. Ямар сонин юм бэ 14 хоногт гарахгүй юу гээд асуусан чинь шүүгч маш их хэрэгтээ байгаа. Өчнөөн дөчнөөн их ажилтай байгаа гэсэн. Тэгээд бас хоёр гурван удаа очиход шүүгчийн туслах нь шүүгч болох шалгалтад явсан гээд байхгүй байсан” гэх мэдүүлгийг,

Гэрч Т.М “...Ямар ч байсан 14 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Танайх удаад байна шүү гэхэд, харин тийм ээ манай шүүгч ... шүүхийн хамгийн олон хэрэгтээ байгаа гэж хэлсэн. ... Би тухайн үедээ Б.С-с асууж байсан. Гарсан уу гэхэд гараагүй байна гэсэн” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд буюу 10 дугаар сарын 03-ны өдөр албажуулан гаргасан гэх баримт байхгүй бөгөөд шүүхийн албан хэрэгцээнд ашигладаг Output messenger-ээр 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүгч Д.Б шүүгчийн туслах Б.С руу шүүхийн шийдвэрийн төслийг явуулсан. Мөн иргэн-2014 бүртгэл, хяналтын нэгдсэн системд тухайн шүүхийн шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүгчийн туслах Б.С байршуулж, тухайн өдрөө хэргийн оролцогч нарт шийдвэр ирж гардан авах талаар мэдэгдэж байгаа зэргээс үзвэл шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд бичгээр гаргаагүй гэж үзэхээр байна. 

Хэдийгээр шүүх шийдвэрийг бичгээр албажин гаргах хуулийн хугацаанд гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй боловч шүүгч зохигч, хэргийн оролцогчийн тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг тоолохдоо шүүхийн шийдвэр гарсан гэж оролцогч нарт мэдэгдсэн огнооноос эхлэн тоолж байгаа нь хэргийн оролцогчийг давж заалдах гомдол гаргах эрхээр нь хангасан гэж үзнэ.

Харин шүүгчийн туслах 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гардаж авах талаар хэргийн оролцогч нарт мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч тал шийдвэрийг гардаж авахаар шүүх дээр очиход шүүгчийн туслах удаа дараа байхгүй байсан болох нь гэрч Л.Э-ийн “.. одоо болоо байлгүй дээ гээд очихоор шүүгчийн туслах нь байхгүй байгаа, шалгалт өгөх гээд явсан байгаа, сургалтад сууж байгаа гээд байхгүй байдаг байсан. Ингээд хэд хэдэн удаа очоод гардаж авч чадаагүй” гэх, гэрч Т.М-ын “..Шийдвэр гарчихлаа гэснээс хойш Л.Э захирал 11, 12 хоногийн дараа очиж авсан. Тэр дунд нь хуульчийн сонгон шалгаруулалт болсон. Шүүгчийн туслахууд сургалттай байна гэсэн. Би өөрөө авах гээд очиход сургалтад орсон байна гэсэн би хэзээ ирэх юм бэ гээд мессеж бичсэн. Орой гэсэн тэр оройд нь би очиж чадаагүй” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.2.1-т “Шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулах буюу хүргүүлж, энэ тухай нэгдсэн системд бүртгэн “Шүүхийн шийдвэр гардуулсан, хүргүүлсэн тухай” баримтад нэр гарын үсгийн тайлалтай зуруулж, хэрэгт хавсаргана” гэж заасан. 

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “89.3.Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 89.3.2-т “хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх” гэж заажээ.

  Дээрхээс үзвэл шүүхийн шийдвэр гардуулах, хүргүүлэх нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарах бөгөөд туслахын ажлын зохион байгуулалтгүй байдлын улмаас шүүхийн шийдвэрийг оролцогч нарт гардуулах ажиллагаа удааширчээ.

Иймд шүүгчийн туслахын шууд буруутай үйл ажиллагаанаас үүдэн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх нь учир дутагдалтай байна.

Шүүгч цаашид шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллавал зохино.

Түүнчлэн шүүхийн шийдвэр албажин гарах хуульд заасан хугацаанаас 6 хоног хэтэрсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан сахилгын зөрчилд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж заасан байдаг тул зохигч, хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авах боломжгүй байсан, давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ талаар хүсэлтээ шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

             3. Өргөдөлд “...хуралдааны цагийг санаатайгаар 30 минутын дараа хэлж төөрөгдүүлэн цагийн өмнө ирчхээд хүлээгээд байхад үгээ хэлэх эрхээр минь хангаагүй, үг дугарах боломж олгоогүй” гэжээ.

              Шүүгчийн туслах Б.С дээрх өргөдөлтэй холбогдуулан “... “И” ХХК-ийн захирал нь 09 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын товыг  өмнөх хурлын товтой андуураад хуралдаа хоцорсон. Өмнөх хуралд Л.Э нь өөрөө хуралдаа ороод хурлын товд гарын үсгээ зураад явсан. Гэтэл 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрөө хурлаасаа хоцорч ирээд чи надад хурлын тов буруу мэдэгдсэн байна гэсэн. Би өмнөх хурлын товын мессежийг үзүүлээд та андуураад байна гэж хэлсэн. Л.Э тэгээд ойлгоод явсан. Би бол хурлын тов буруу мэдэгдсэн зүйл байхгүй. ... 09 дүгээр сарын 19-ний өдөр хоцорч ирсэн болохоор Л.Э-ийг хуралд оруулаагүй. Төлөөлөгч Т.М нь хуралд орсон” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ”, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна” гэж заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М оролцсон байх бөгөөд тухайн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуралдаанд нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Л.Э-ийг оролцуулах талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй.

 Мөн шүүх  хуралдаанд оролцогч нарт үг хэлэх, эрх тэгш мэтгэлцэх боломжийг шүүгчээс олгож байсан нь шүүх хуралдааны бичлэг, хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 Иймд дээрх үгээ хэлэх эрхээр минь хангаагүй, үг дуугарах боломж олгоогүй гэх өргөдөл нь үндэслэлгүй байх тул шүүгч Д.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасныг зөрчөөгүй байна.

Дээрхээс нэгтгэн үзвэл шүүгч Д.Б-т холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Холбогдох шүүгч Д.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“1.Гомдолд дурдсан асуудлаар буюу шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас хуульд заасан шийдвэр гардан авах хугацаа өнгөрсөн эсэхийг шалгах шаардлагатай гэсэн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхийн 2023 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/02903 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталгаат шуудангаар илгээснийг шүүх 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-д “Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана” гэж зааснаар гомдлыг хүлээн авахаас татгалзах дараах үндэслэл тогтоогдсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд түүний шүүхийн шийдвэрийг гардаж авах хугацааг тоолбол шүүхийн шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд шийдвэрийг хүрэлцэн ирж гардаж авах үүрэгтэй байна. Ийнхүү аваагүй тохиолдолд гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт заасан.

Нэхэмжлэгч дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй байх бөгөөд шүүхээс шийдвэрийг гардаж авахыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ын 99.... дугаарын утсаар холбогдож мэдэгдэхэд “За, ойлголоо” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардаж авахыг мэдэгдсэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд мөн шүүхэд ирж шийдвэрийг гардаж аваагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид ашигтайгаар буюу шүүхийн шийдвэрийг гардаж авахыг мэдэгдсэн хугацаанаас давж заалдах гомдол гаргах хугацааг тоолбол 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор давж заалдах гомдлоо гаргах байсан ч энэ хугацаанд гаргаагүй, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гомдлоо шуудангаар илгээжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

2.Гомдолд “Үгээ хэлэх эрхээр минь хангаагүй, үг дуугарах боломж олгоогүй” гэсэн тухайд: 2023 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М оролцсон ба шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдох боломжтой.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  “И” ХХК-иас ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-т холбогдуулан “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүтэн 3 жилийн хугацаанд хийгдсэн, ... шийдвэрийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гарсан байхад бидэнд бүтэн сарын дараа гардаж авах тухай мэдэгдсэн бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргасан байхад шүүхээс давж заалдах хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа нь давж заалдах гомдол гаргах хугацаа болон, иргэний процесс шуудангаар явуулах талаарх Дээд шүүхээс гаргасан тайлбар болон бүхий эрх зүйн тайлбаруудыг зөрчиж хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж, иргэд аж ахуй нэгжийг хохироож байна, ... хуралдааны цагийг санаатайгаар 30 минутын дараа хэлж төөрөгдүүлэн цагийн өмнө ирчхээд хүлээгээд байхад үгээ хэлэх эрхээр минь хангаагүй, үг дугарах боломж олгоогүй ...” гэх өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ГЗТ/2024/0029 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан ба үүнд өргөдөл гаргагчаас гомдол гаргажээ.

Гомдлыг Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, СХТ/2024/0036 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэсний дагуу илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “И” ХХК-иас “З” ХХК-д холбогдуулан гаргасан 187,193,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүгч С.Х хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2021/09275 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ЗТ2022/00985 дугаар зөвлөгөөний тогтоолоор Д.Б шүүгчээр томилогдсонтой холбоотойгоор тухайн иргэний хэргийг шилжүүлж, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болж, 181/ШШ2023/02903 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байна.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд шүүгч Д.Б-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтуудыг цуглуулж, саналдаа “... Шүүгч Д.Б нь 01 жил 01 сар 30 хоногийн хугацаанд тухайн иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй боловч ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан нь шүүгчээс шалтгаалсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна ...” гэж дурдсан нь үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан нотлох баримтыг тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байна.

Мөн тус хэргийг хянан шийдвэрлэхээр товлогдсон 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Л.Э өөрөө оролцож, өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан байх ба хүсэлтийг шүүхээс хангаж, дараагийн шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг 00 минутад товлосныг мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байна.

Өргөдөл гаргагч нь “... хуралдааны цагийг санаатайгаар 30 минутын дараа хэлж төөрөгдүүлэн цагийн өмнө ирчхээд хүлээгээд байхад үгээ хэлэх эрхээр минь хангаагүй, үг дугарах боломж олгоогүй ...” гэж өргөдөлдөө дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцсон нь шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон байх тул Л.Э-ийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Улмаар тус иргэний хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02903 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн ба шийдвэрийг бичгээр 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр албажуулсан болох нь шүүгчийн туслахаас өгсөн гэрчийн мэдүүлэг, иргэн-2014 бүртгэл, хяналтын нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгчийн туслах 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг ирж авахыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарт утсаар мэдэгдсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Харин 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Л.Э шүүхийн шийдвэрийг гардаж авсан байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах гомдлоо шүүх рүү хүргүүлснийг шүүгч Д.Б 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2023/19730 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Энэ талаар илтгэгч гишүүнээс саналдаа “... шүүх шийдвэрийг бичгээр албажин гаргах хуулийн хугацаанд гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй боловч шүүгч зохигч, хэргийн оролцогчийн тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг тоолохдоо шүүхийн шийдвэр гарсан гэж оролцогч нарт мэдэгдсэн огнооноос эхлэн тоолж байгаа нь хэргийн оролцогчийг давж заалдах гомдол гаргах эрхээр нь хангасан гэж үзнэ” гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд холбогдох шүүгч нь шийдвэр албажсан талаар мэдэгдсэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш гомдол гаргах хугацааг тоолж, гомдлоо 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор гаргах ёстой байсан гэж дүгнэн татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардаж авсан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хугацааг тоолохоор байх боловч тус хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардаж авах хугацааг тогтоосныг хэргийн оролцогчдоос гомдол гаргах хугацааг тоолох зохицуулалтад мөн адил хамааруулан авч үзнэ.

Хэдийгээр өргөдөл гаргагч нь хэд хэдэн удаа шийдвэрээ гардаж авахаар шүүх дээр очсон боловч шүүгчийн туслах нь эзгүй байсны улмаас гардаж авч чадаагүй гэж өргөдөлдөө дурдсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх боловч шүүгчийн туслахын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Гэвч илтгэгч гишүүний саналд дурдсанчлан шүүгч шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг мөн бүрэлдэхүүний зүгээс тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд илтгэгч гишүүний “шүүгч Д.Б-т холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй” гэх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/0061 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй                                                             

ДАРГАЛАГЧ                                            Х.ХАШБААТАР

              ГИШҮҮН                                                  Ц.ДАВХАРБАЯР

                                                                                            Г.ЦАГААНЦООЖ