info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-04-10

Дугаар 42

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

       болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч “Н” ХХК-ийн захирал Л.Н нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шатны шүүхийн шүүгч Г.Т-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өргөдөлд: “... иргэний хэрэг үүсгэсэн захирамж хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн. ...Хэргийн харьяалал зөрчсөн захирамж гарснаар хариуцагч гэж нэрлэгдэж буй манай компанийн үйл ажиллагаанд маш хохиролтой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан компанийн дансыг 1.191.433.194 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх, үйл ажиллагааг зогсоох хэмжээний ноцтой үр дагавар бүхий захирамж гаргахад хүрсэн. ... Хууль бус нотлох баримттай буюу бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй баримтаар иргэний хэрэг үүсгэсэн. ...Дээрх үндэслэл нөхцөл байдлуудыг дүгнэж, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэжээ.

Шүүгч Г.Т тайлбартаа: “...1. “И” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Түншлэлийн гишүүд ажил гүйцэтгэх хүрээнд тэдгээрийн хооронд үүсэх харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор Хамтран ажиллах гэрээг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулж дараах зүйлийг тохирсон... 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Төмөр замын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу түншлэлийн гишүүн “И” ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл..., нэмэлт ажлыг хөлс..., Хамтран ажиллах гэрээний 4.2-д заасныг дагуу гүйцэтгээгүй үүргийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг..., нийт 1.129.782.649 төгрөгийг... “Н” ХХК-аас гаргуулж... өгнө үү” гэж дурдсан.

Өргөдөлд дурдсанчлан нэхэмжлэлд хавсаргасан “Түншлэлийн гэрээ”-ний 6.1- д “...аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитр... шийдвэрлүүлнэ” гэж заасан хэдий ч мөн нэхэмжлэлд хавсаргасан “Хамтран ажиллах гэрээ”-ний 5.3- т “талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд хариуцагчийн байнга газрын /шүүр, арбитр/-аар шийдвэрлэнэ” гэж заасан. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгон тодорхойлж буй "Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл “Хамтран ажиллах гэрээ”-ний 5.3-т “.../шүүх, арбитр/-аар...” гэж заасан нь тухайн гэрээний талуудын хувьд маргаан үүссэн тохиолдолд тухайн асуудлаар шүүх эсхүл арбитрын алинд нь ч хандаж болох сонгох заалт байх бөгөөд нэхэмжлэгч нь уг заалтыг хүрээнд хариуцагч компанийн ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрыг “...дүүрэг, ...дугаар хороо, ...гудамж, ...оффис 1..6 тоот” гэж тодорхойлон шүүхэд хандсаныг шүүх харьяалал зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар 105.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч гаруй шийдвэрлэх журамтай. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 1.191.433.194 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй болно.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүгч эрх хэмжээнийхээ хүрээнд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээ авч арилжааны банкнууд дахь “Н” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосныг илт хууль бус гэж үзэхгүй.

3. Шүүх нэхэмжлэгч компанийн тодорхойлсон хаягийн дагуу иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр илгээхэд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “хаягт 2 удаа очсон ч эзгүй. Мэдэгдэл үлдээсэн ч хариу өгөөгүй” гэх тайлбар бүхий магадалгааг шуудангаас шүүхэд ирүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч “Н” ХХК-ийн инженер гэх н.Б-той холбогдож нэхэмжлэлийн хувь гардаж авах талаар мэдэгдэхэд “за ойлголоо” гэх хариу өгсөн. Улмаар “Н” ХХК-ийн захирал Л.Н 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувь гардан авч, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Хариу тайлбар, хүсэлт, нотлох баримт гаргах нь” гэх баримтыг шүүхэд ирүүлэхдээ “...дүүрэг, ..дугаар хороо, ...1..6 тоот хаягт түр хугацаагаар түрээсэлсэн боловч үнээ огцом нэмсэн тул түрээсийн гэрээг дуусгавар болгож тэндээс нүүсэн... ...шатны шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж шилжүүлж өгнө үү” гэж дурдсан байна.

Иймд “хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсаар атал шүүх илтэд үндэслэл муутай захирамж гаргасан” гэх агуулга бүхий өргөдөл үндэслэлгүй юм.

4. Нэхэмжлэгч “И” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 27 хуудас баримт гаргасан байна. Тэдгээр баримтуудаас “И” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Түншлэлийн гэрээ, Хамтран ажиллах гэрээ, Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Байгууллагын болон хэрэгжүүлж буй төслийн нууцыг задруулахгүй байх баталгаа, “И” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 022/090, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 022/98, 2022 дугаар сарын 10 дугаар сарын 27-ны өдрийн 022/93 дугаар  албан бичиг зэрэг нийт 22 хуудас бүхий баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувиар байна. Дээрх дурдсан баримтуудын хуулбарыг Нийслэлийн тойргийн нотариатч Л.О 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрчилж, тамга дарж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Иймд иргэний хэрэг үүсгэх үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтыг хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй буюу энэ тухай гомдол үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр Шүүхийн сахилгын хороонд гаргасан “Н” ХХК-ийн өргөдлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “И” ХХК нь “Н” ХХК-д холбогдуулан ...шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэл шүүгч Г.Т-д хуваарилагдаж Ерөнхий шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх болон шүүх хуралдаан даргалагчаар уг шүүгчийг томилсон шийдвэрийг албажуулсан, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1...1 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8.. дугаар захирамжаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон ба мөн өдөр хариуцагч “Н” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, улмаар хэргийг ...хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. 

Хариуцагч захирамжид гомдол гаргасан, ...шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1.. дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн нь тогтоогдож байна.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг “... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... оффис, 1..6 тоот” гэж тодорхойлжээ.

            Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн бол шүүгч хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгөх ажиллагаа явуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасан. Шүүх хариуцагчид мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд заасан хаягаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн боловч эзгүй гэсэн тайлбарыг шуудангаас ирүүлсэн байна. Иймд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч “Н” ХХК-ийн инженер гэх н.Б-той холбогдож нэхэмжлэлийн хувь гардаж авах талаар мэдэгдэхэд “ойлголоо” гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн захирал Л.Н шүүхэд өөрийн биеэр ирсэн, түүнд  2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, нэхэмжлэлд тайлбар гаргах хугацаа тогтоож, эрх үүргийг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа хэргийн харьяалалтай холбоотой хүсэлт гаргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ “...хариуцагчийн ажил хэргээ байнга явуулдаг удирдах байгууллагын хаяг нь ... дүүрэг, ... дүгээр хороо, 1.. тоот ...,  “... дүүрэг, ... дугаар хороо, ... 1.. 6 тоот хаягт түр хугацаагаар түрээсэлсэн боловч үнээ огцом нэмсэн тул түрээсийн гэрээг дуусгавар болгож тэндээс нүүсэн ... хэргийг ... хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү” гээд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргажээ.

Хүсэлтийг шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0...5 дугаар захирамжаар шийдвэрлэсэн талаар дээр дурдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл хэргийг өөр шүүхэд шилжүүлж болно.

“Н” ХХК нь нэхэмжлэлд дурдсан хаягт байрлаж байсныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд хожим үйл ажиллагаа явуулж буй хаягаа ... дүүрэг, .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ... тоот гэж тодорхойлон, улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлжээ. Шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан хэргийг ... дүүргийн шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Төмөр замын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл, алданги гэж тодорхойлж, энэ тухайгаа нэхэмжлэлд тодорхой дурдан, улмаар дээрх гэрээнүүдийг хавсаргажээ.

Түншлэлийн гэрээнд ажлын хөлсний талаар тохиролцоогүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнд ажлын хөлсний талаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Хамтран ажиллах гэрээний 5.3-т “талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд хариуцагчийн байгаа газрын шүүх, арбитраар шийдвэрлүүлнэ”, Төмөр замын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 25.2-т “хэрэв маргаантай асуудлаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс шаардсан, талууд маргааныг шүүх шийдвэрлүүлэхээр гэрээгээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул шүүгч нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн нь үндэслэл бүхий байна. 

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэдэг.

Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхэд урдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлд тусгах зүйлийг нэрлэн заасан ба эдгээрийг бүрдүүлбэр гэж томьёолдог.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэл, хавсаргасан баримтууд хуульд заасан шаардлагыг хангасан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба энэ тохиолдолд шүүгч хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцжээ.  

Шүүх тухайн иргэний хэргийг шийдвэрлээгүй, нотлох баримтыг шинжлэн судалж дүгнэлт гаргаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтыг хууль бус гэж үзэх боломжгүй.

Иймд өргөдөлд дурдсан “... бүрдүүлбэр хангаагүй, хууль бус нотлох баримттай, хариуцагчийн хаяг тодорхойгүй, арбитраар шийдвэрлүүлэх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

2. Иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор “... хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, 1.191.433.164 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулахыг хариуцагчид даалгах” тухай хүсэлт гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүгчийн 1../Ш32024/0...5 дугаар захирамжаар хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар шүүхийн шийдвэрийг баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг урьдчилан бэлтгэхийн тулд нэхэмжлэгч шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. 

Шүүхийн сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    ТОГТООХ НЬ:

1. ...шатны шүүхийн шүүгч Г.Т-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

            ГИШҮҮН                                  Ц.ДАВХАРБАЯР

                                                                                         Х.ХАШБААТАР