info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-04-10

Дугаар 41

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ГС/2024/0034 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Сахилгын хэрэгт цугласан баримтаар, О.Ш-аас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан 2,600,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Б.Б хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/12597 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж,   2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийг шийдвэрлэх хүртэл дараах ажиллагааг явуулсан байна. Үүнд:

-2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2022/14361 дүгээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, хүсэлт шийдвэрлэж нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж,

-2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2022/15030 дугаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,

-2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/15178 дугаар нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж,

-2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ЗТ2022/01767 дугаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол,

-2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2023/00385 дугаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн хангахгүй орхисон шүүгчийн захирамж,

-2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 592 дугаар Ерөнхий шүүгчийн албан бичиг,

-2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2023/14563 дугаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангасан нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж,

-2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2022/18235 дугаар нэхэмжлэгчийн гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж,

-2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4715, 4716 дугаар Ерөнхий шүүгчийн албан бичиг,

-2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ЕШ2023/03374 дүгээр шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж,

-2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2023/20662 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж тус тус гаргажээ.

Холбогдох шүүгч Б.Б нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаар зарлигаар шүүгчээр томилогдож, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ЗТ2022/00985 дугаар зөвлөгөөний тогтоолоор түүнд 126 хэрэг хуваарилагдаж, дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 941 нэхэмжлэл хүлээн авч, 2934 эрхийн акт буюу 507 шийдвэр, 2417 шүүгчийн захирамж, 10 шүүхийн тогтоол гарган албажуулж, шүүх бүрэлдэхүүнд 76 удаа оролцсон болох нь ..., ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 297 дугаар албан бичгээр, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл ажлын 9 өдрийн чөлөөтэй, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд ээлжийн амралттай байсан болох нь холбогдох зөвлөгөөний тогтоолуудаар тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгчийн ажлын ачаалал, ээлжийн амралттай, чөлөөтэй байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзвэл шүүгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж байжээ.

Нэг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Тус шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.Т, Г.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр дээрх хэргийг хянан хэлэлцэж, 181/ШШ2023/04096 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т анхан шатны шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 115.2.3-т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасан. Шүүгч хэрэгт цугласан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг хэрхэн шийдвэрлэх нь түүний бүрэн эрх төдийгүй, хараат бус байдалд хамаардаг тул хэрэг маргааныг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг буруутгах боломжгүй.

Хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянах эрхийг зөвхөн дээд шатны шүүх эдлэх бөгөөд нэхэмжлэгч О.Ш нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр давж заалдах гомдол гаргасан байна. Энэ саналыг бичих үед давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй байсан болно. Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхийг хуулиар олгоогүй.

Хоёр. Нотлох баримт устгасан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Дээрх өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар О.Ш-ын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох иргэний хэрэгт үзлэг хийхэд өргөдөлд хавсарган ирүүлсэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 23/61 дугаар Эрүүл мэндийн тодорхойлолт тус иргэний хэрэгт авагдаагүй байв. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчийн тухайн бичиг хэрэгт байгаа эсэх талаар асуухад, нэхэмжлэгчээс уг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн бичиг хэрэгт байхгүй гэж хариулсан нь “20231218-15075515990(1).mp4 нэртэй бичлэгийн 0:31:42-0:31:38 минутад, тэмдэглэлийн 23 дугаар хуудсанд бичигдсэн байна.

Энэ талаар шүүгчийн туслах Б.Б гэрчийн мэдүүлэгтээ “...Тус хэрэг 12 дугаар сард шийдвэрлэгдсэн бөгөөд 11 дүгээр сард нэхэмжлэгчээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн эмнэлгийн баримт өгөөгүй. Хэрэг шийдсэний дараа ийм баримт өгсөн талаар ярьж байсан. Шүүгчийн туслах хэргийн оролцогчоос ирүүлсэн баримтыг тухай бүр хүлээж аваад хэрэгт үддэг. Хэрэгт авагдсанаас өөр баримтыг хэргийн оролцогчоос өгөөгүй. Шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчээс Хүний эрхийн үндэсний комиссын хариу өгөх тухай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж, Өрхийн эмнэлгийн төвийн 2 тодорхойлолтыг баримтаар өгсөн нь хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч О.Ш 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр /шүүх хуралдааны өмнө/ хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан бөгөөд материалтай танилцахдаа баримт алга болгосон талаар юу ч яриагүй. Энэ талаар шүүх хуралдаанд ч яриагүй байсан. Би хэргийн оролцогчийн гаргасан баримтыг цаг тухайд нь хэрэгт нь үддэг бөгөөд устгах, үдэхгүй үлдээх үйлдэл гаргаж байгаагүй. Тийм шаардлага, зорилго байхгүй.” гэжээ.

Нэхэмжлэгч О.Ш нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцсан болох нь хэрэг танилцуулсан тухай баримт №6-аар тогтоогдож байна. Даргалагч шүүх хуралдаанд хэрэгт авагдсан баримтыг нэг бүрчлэн нэрлэн зааж уншиж танилцуулсан болох нь 20231218-164146338(1).mp4 бичлэгийн 0:02:58-0:12:11, “20231218-16757135(1).mp4 бичлэгийн 0:00:00-0:42:46 минутад бичигдсэн байх бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт шинжлэн судлагдаагүй байна. О.Ш нь шүүх хуралдаанд дээрх баримтыг шинжлэн судлуулах болон алга болсон талаар тайлбар хэлээгүй байна. Иймд хэргээс нотлох баримт устгасан гэх өргөдөлд дурдсан үйл баримт 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дууны бичлэг, шүүгчийн туслах Б.Б-ийн гэрчийн мэдүүлэг, шалгах ажиллагааны явцад тус иргэний хэрэгт хийсэн үзлэг, бичгийн баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна.

Гурав.  Хурлын өдөр дахин баримт авч хурал хойшлуулах гээд байсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч О.Ш-аас Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТГ-С5/1081 дүгээр албан бичиг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/486 дугаар захирамж, ... дүүргийн “Дотны туслагч” өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр тодорхойлолтуудыг тус тус хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Энэ талаар холбогдох шүүгч Б.Б “... Хэрэгт авагдсан зарим баримтууд нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй байсан тул  талуудад мэдэгдэж байсан ба шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчээс нотлох баримт өгсөн. Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг оролцогчдоос сайтар тодруулсны эцэст шүүх хуралдааны ажиллагааг цааш үргэлжлүүлсэн” гэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй.” гэж заасан.

Шүүхээс дээрх хуульд заасны дагуу хэргийн оролцогчид шаардлага хангасан нотлох баримт ирүүлэхийг мэдэгдэж, нэхэмжлэгчээс шүүх хуралдааны өмнө шинээр нотлох баримт гаргасантай холбогдуулан хариуцагчаас тухайн баримтуудтай танилцах шаардлагатай эсэхийг тодруулж асуусан нь тэгш эрхийн зарчмын хүрээнд явагдсан ажиллагаа байна. Энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.

Шүүгч Б.Б нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч Б.Б сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...тус шүүхийн танхимд хийсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар О.Ш-ын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох гэм хорын хохиролд 2,600,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд, 181/ШШ2023/03992 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч О.Ш нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд гомдлын үндэслэлдээ “...Б.Д-ий өвчний оноштой холбоотой баримт буюу Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн баримтыг ... тус тус шүүгчийн туслах Б-д хүлээлгэн өгсөн. Гэвч анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулах явцад уг баримт авагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл шүүгчийн туслахын хариуцлагагүйн улмаас хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт алга болсон байсан...” гэжээ. Одоо тус хэрэг нэхэмжлэгч О.Ш-ын өргөдөлд дурдсан үндэслэлтэй адил гомдлоор давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаагаас гадна, анхан шатны шүүх хуралдааны үед бүрэлдэхүүний шүүгчээс “ач хүү Б.Д-ийг гадаад улсад шинжилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатайг дэмжих баримт нотолгоо байгаа эсэх” талаар тодруулахад, нэхэмжлэгчээс “...тэр картад нь байгаа, хэрэгт байхгүй. Тэр картыг нь нэгтгээд би энд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн бичгийг хийчихсэн байгаа. ... 2023 оны 10 дугаар сарын хэдэнд билээ, эх нялхсын төвийн эмчийн бичиг...” хэмээн хариулсан байдаг. Түүнчлэн шүүх хуралдаанд хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалж, тухайлан судлуулахыг хүссэн баримтуудыг тэдгээрийн хүсэлтээр уншиж сонсгосон. Үүний дараа нэхэмжлэгчээс түүний гаргаж өгсөн “...Эх нялхсын эрдэм шинжилгээний онош...” гэх баримт нь хэрэгт авагдаагүй байгаа эсхүл шинжлэн судлагдаагүй орхигдсон талаар огт илэрхийлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдод эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгсний сацуу хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх хуралдаанд шинээр гаргах нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт байгаа эсэхийг хэн алинаас нь тодруулж, анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд үнэлэхгүй болохыг сануулсан. Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлохыг нэхэмжлэгчээс шаардах боломжгүй юм. Иймээс дээр дурдсан баримтыг үгүй хийсэн гэх асуудал нь үндэслэлгүй болно. Харин өргөдөлд дурдсан “...эх хувийг нотлох баримтыг хурлын өдөр дахин авсан албаар хурал хойшлуулах гээд байсан...” гэх асуудлын тухайд, Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим баримтууд нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудад мэдэгдэж байсан бөгөөд улмаар шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчээс Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад хүргүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/17 дугаар шаардлага, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/486 дугаар захирамжийн хуулбарыг тус тус хэрэгт гаргаж өгсөн. Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг оролцогчдоос сайтар тодруулсны эцэст шүүх хуралдааны ажиллагааг цааш үргэлжлүүлсэн ба оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хасаж, хязгаарласан аливаа зөрчил гаргаагүй болно. Иймд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/04096 дугаар шийдвэрээр иргэн О.Ш-ын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “гэм хорын хохиролд 2,600,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний даргалагч шүүгч Б.Б-д холбогдуулан нэхэмжлэгч О.Ш гомдол гаргаж, үндэслэлээ “...хууль бус шийдвэр гаргасан, Эх нялхсын эрдэм шинжилгээний онош гаргасан бичгийг устгасан, хурлын өдөр дахин баримт авч хурал хойшлуулах гээд байсан” гэх агуулгаар тодорхойлжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээгүй болно. 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд хэрэгт цугласан нотлох баримтыг хэрхэн үнэлж, хэргийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдалд хамаардаг тул хэрэг маргааныг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг буруутгах боломжгүй, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд өргөдөлд дурдсан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолтыг шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч О.Ш баримтыг шинжлэн судлуулах болон алга болсон талаар тайлбар хэлээгүй мөн, гэрч Б.Б “...11 дүгээр сард нэхэмжлэгчээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн эмнэлгийн баримт өгөөгүй. Хэрэг шийдсэний дараа ийм баримт өгсөн талаар ярьж байсан. ...Энэ талаар шүүх хуралдаанд ч яриагүй...” гэх мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд шүүгчийг нотлох баримт устгасан гэж буруутгах үндэслэлгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй.” гэж заасан эрхээ хэрэгжүүлж шаардлага хангасан нотлох баримт ирүүлэхийг мэдэгдсэн, нэхэмжлэгчээс шүүх хуралдааны өмнө шинээр нотлох баримт гаргасантай холбогдуулан хариуцагчаас тухайн баримтуудтай танилцах шаардлагатай эсэхийг тодруулж асуусан нь тэгш эрхийн зарчмын хүрээнд явагдсан ажиллагаа болохыг илтгэгч гишүүн зөв дүгнэсэн байна.

          Ийнхүү илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ГС/2024/0034 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

                        ДАРГАЛАГЧ                          О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                             Д.АРИУНТУЯА

                                                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН