info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-04-09

Дугаар 39

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, өргөдөл гаргагч “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д, сахилгын хэргийн оролцогч Д.Г нарыг оролцуулан ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г, ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.О, Ч.Ц, Н.Б /одоо Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа/ нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ГС/2024/0035 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

1. Иргэн Н.Н-с “Ш” ХХК-д холбогдуулан “7,654,043,350 төгрөг гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2625 дугаар шийдвэрээр “ ... “Ш” ХХК-иас 7.591.565,936,24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62.477.413,76 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож ... ” шийдвэрлэжээ.

Шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, хариуцагчийн төлөөлөгчид 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус тус гардуулжээ.[1]

Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа, “ ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй ... гэх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ... ” гэх агуулга дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид 38.115.780 төгрөг тушаасан баримтыг хавсаргажээ.[2]

Шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, эсхүл шүүхээр хангаж шийдсэн хэсгийг зөвшөөрөхгүй байгаа эсэх нь тодорхой тусгагдаагүй гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэж заасны дагуу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17070 дугаар захирамжаар[3] “ ... шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүсэж байгаа нь шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөөгүй гэж үзнэ. ... тэмдэгтийн хураамжид 38.115.780 төгрөг төлсөн нь дутуу байна. ... тэмдэгтийн хураамж хүлээн авагчийн данс буруу, ... татварын байгууллагын цахим санд үүсгэсэн төлбөрийн даалгавар хавсаргаагүй ... ” гэж дүгнэн “Ш” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.115.780 төгрөгийг хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэсэн шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч тус захирамжид 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасныг[4] шүүгч Д.Г-ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 17553 дугаар захирамжаар “ ... гомдолд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх гэсэн нь үгийн шууд утгаараа тухайн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх юм... шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж ...”  шийдвэрлэжээ.[5]

Үүний дараа уг өмгөөлөгч ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргаж, тус гомдолд Ерөнхий шүүгч Ц.Ц 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3741 дүгээр албан тоотоор “ ... Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг маргаантай холбоотой заавар өгөх ... -ийг хориглоно гэж заасан тул таны гомдолд дурдсанчлан шүүгчид өөрт нь албан ёсны анхааруулга өгөх боломжгүй юм ...”  гэсэн хариу өгчээ.

Ингээд 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэргийн оролцогч анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаж,[6] шүүгч Д.Я 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 18240 дүгээр захирамжаар[7] хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Улмаар хариуцагч 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дахин гаргасан давж заалдах гомдолдоо “ ... 7.591.565.936,24 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ...” гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээ тодруулжээ.[8]

Анхан шатны шүүхээс хэргийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан ... давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 785 дугаар захирамжаар[9] “... хариуцагчийг хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэхгүй...” гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.

Хэрэг анхан шатны шүүхэд буцаж ирсний дараа хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийн туслахтай уулзахад, “хэргийг архивла” гэж хэлсэн талаар өргөдөлд дурджээ.

Үүнийг шалгаж үзвэл, шүүгч Д.Г-ын туслах Б.Ү “ ... Энэ хэргийг давж заалдах шатны шүүх хянаагүй, буцаасан тул хянан шийдвэрлэсэн шүүгчид шилжүүлсэн. ... Магадлал гарсан бол хяналтын гомдол гартал хугацааг хүлээнэ, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болбол хэргийг архивд шилжүүлдэг журамтай. Энэ тохиолдолд манай шүүгчийн ээлжийн амралт 08 дугаар сарын сүүлээр 27-28-ны хооронд дуусаж, ажилдаа орсон. ... Тухайн үед шүүгчийн юу гэж хэлснийг би санахгүй байна. Хэрэгтээ ажиллагаагаа хий л гэж хэлсэн байх ... Өмгөөлөгч Ө ирж уулзсан. Манайх одоо зөрчлөө арилгаад дахин давж заалдах гомдлоо гаргах уу гэж надаас асуусан. Гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах юм байна гэж хэлснийг санаж байна. Хугацаа хэтэрсэн учраас хугацаа сэргээлгэх хүсэлт гарга гэдэг зүйлийг Ө өмгөөлөгч бид 2 ярилцсан, бараг мэтгэлцсэн. ... Хэргийг шийдвэрлээд, хэргийн ажиллагаа дууссан бол архивлана. Энэ тохиолдолд архивлахгүй. ... Шүүгч тэгж хэлсэн эсэхийг би санахгүй байна. ... Би тэгж хэлээгүй. Зөрчлөө арилгах, хүсэлт гаргах талаар ярилцсан. Архивлах тухай хэлээгүй. ... хэрэг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ирсэн байх. Хэргийг буцаагаад 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр давж заалдах шатны шүүх рүү буцаасан. Хоног хугацаа алдаагүй гэж хэлнэ ...” гэж тайлбарласан.[10]

Энэ талаар шүүгч Д.Г “ ... Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа дуусгавар болсон ажиллагаатай хэргийг зохих журмын дагуу архивд тухай бүр хүлээлгэн өгөхийг өөрийн туслахад анхааруулдаг. Харин тухайлсан хэрэгт ажиллагаа дуусаагүй байхад энэ талаар өөрийн туслахад ямар нэг байдлаар чиглэл өгөх боломжгүй. Түүнчлэн энэхүү хэрэг нь нэг ч удаа архивд шилжүүлэгдээгүй бөгөөд харин хариуцагч тал хэд хэдэн хүсэлт гаргасныг хянан шийдвэрлэх шүүгчид шилжигдэж байсан болно. Мөн хэрэг архивд шилжинэ гэдэг нь хэргийн оролцогч ямар нэг хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд тухай бүр хуваарилагдсан шүүгч хэргийг татан авч хянан шийдвэрлэдэг журамтай... ” гэж тайлбар ирүүлжээ.[11]

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэргийг архивд шилжүүлэх ажиллагааг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”аар зохицуулах бөгөөд тус аргачлалын 7.9.1-д “шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тухайн хэргийг архив, албан бичиг хэрэг хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө...” гэж зааснаар хэргийг архивлах нь шүүгчийн туслахын албан үүрэгт хамаарч байна.

Дээрх баримтуудад үндэслэн үзвэл, холбогдох шүүгч нь “тус хэргийг архивла” гэж туслахдаа үүрэг даалгавар өгсөн нь тогтоогдохгүй байх тул энэ талаарх өргөдөл үндэслэлгүй.

Дашрамд, хэрэг архивд шилжсэнээр хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр хүсэлт, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь тухайн хэргийн оролцогчдод нээлттэй байдаг.

Хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 38.115.780 төгрөг төлснийг шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17070 дугаар захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Мөн .... давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 785 дугаар захирамжид[12] “ ... шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон, уг захирамж хүчин төгөлдөр. ... хуульд заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй ... ” гэж  дүгнэжээ.

Энэ талаар шүүгч “ ... давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00785 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Үндэслэл нь буцаан олгогдсон улсын тэмдэгтийн хураамжийн баримтыг хавсарган ирүүлсэн тул зохих журмын дагуу хураамж төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байна ... ” гэж тайлбарлажээ.

Иймд “хүсэлт, гомдол гаргах, хугацаа сэргээлгэх хүсэлтийг дахин дахин гаргах, улсын тэмдэгтийн хураамжид 38 сая гаруй төгрөгийг удаа дараа төлөх зэрэг сөрөг үр дагавар үүсгэж бидэнд эдийн засаг, цаг хугацааны болоод хүний эрхийн маш их зөрчил, бухимдал дарамтыг үүсгэсэн” гэж өргөдөл гаргасан боловч энэ үйл баримт нь хуульд нийцсэн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа болох нь тогтоогдох тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

2. Шүүгч Д.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны Иргэн-2014 нэгдсэн систем болон Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан /shuukh.mn/-нд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч, шалгахад ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1846 дугаартай магадлалын оролцогчид гардуулсан болон хэрэгт хавсаргасан хувьтай Иргэн-2014 нэгдсэн систем болон shuukh.mn цахим санд байршуулсантай зөрүүтэй байсан тул тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд сахилгын хэрэг үүсгэн шалгалаа.[13]

Шүүгч Н.Б, Ч.Ц нар нь “ ... “Иргэн-2014” программ болон Монгол Улсын шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим сан буюу shuukh.mn сайтад дээрх магадлалыг ямар байдлаар байршуулсан эсэхийг шүүх бүрэлдэхүүн хянах боломжгүй болно ...” гэх тайлбар, шүүгч Ш.О нь “ ... Иргэн-2014 нь олон нийтэд хаалттай, дотоодын бүртгэлийн программ хангамж бөгөөд цахим сан гэдэг ойлголтод хамаарахгүй юм. Уг бүртгэлийн программ хангамжид шүүгч, туслах болгон хувь хувийн түлхүүр үг, нэрээр зөвхөн өөрөө нэвтэрч үйлдэл хийдэг. ... туслах Б.Б 2023 оны 10 дугаар сарын 23-нд өөрийн эрхээр бүртгэлийн программд нэвтэрч, шүүгчийн бичсэн төсөл хувийг оруулсан байна. ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс албан ёсоор шийдвэрүүдийг цахим санд байршуулах үеэр бүртгэлийн программд байсан төсөл хувь татагдсан байна ... Б.Б засвар орж дууслаа гэж ойлгоод төслийг бүртгэлийн программд оруулжээ. Гэтэл ёсчилж гарын үсэг зурахын өмнө дахин засвар орсон байна ...” гэх тайлбар гаргажээ.

Энэ талаар шүүгчийн туслах Б.Б-с тодруулахад “ ... Хуулийн хугацаа 14 хоног буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарах байсан. Гэтэл 14 хоногтоо багтаж гараагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Иргэн-2014 систем ашигладаг. Энэ системд шийдвэрийг хуулийн хугацаанд хийгээгүй бол мониторинг хяналт шалгалтаар зөрчилд тооцдог. Ингэж зөрчил тооцуулахгүйн тулд би шүүгчийн бичиж өгсөн төслийг Иргэн-2014 системд оруулж бүрэн хадгалсан. ... Энэ магадлалыг 12 дугаар сар нэлээн гаргаж байж нийтэлсэн гэж санагдаж байна. Тухайн үедээ оруулж чадаагүй. ... Шүүх.мн рүү шийдвэр нийтлэхэд Иргэн-2014 системээс магадлалын дугаарыг дуудаад Шүүх.мн цахим санд хуулагдаад байршдаг. ... Шүүгч бичсэн магадлалын төслийг над руу явуулж, би даргалагч шүүгчид хянуулахаар явуулдаг. Даргалагч шүүгч хянасны дараа би хэвлээд албажуулдаг. Тухайн үед хянагдаж байсан магадлалыг би 14 хоногоо барихын тулд би албажаагүй магадлалыг Иргэн-2014 системд байршуулж, түүнийг цахим санд байршуулсан үйл явдал болсон ... ” гэж тайлбарласан.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журмаар шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах, түүнд хяналт тавих ажиллагааг зохицуулах ба тус журмын 5.1-д “Системийн бүрдүүлэгч[14] шүүхийн шийдвэрийг шүүгч гарын үсэг зурж албажуулснаас хойш ажлын арван өдрийн дотор цахим хуудаст байршуулна”, 7.2-т “Шүүхийн Тамгын газрын дарга энэ журмын хэрэгжилтэд ... хяналт тавина” гэжээ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.1.1-д Шүүгчийн туслах хэргийг хянан шийдвэрлэсэн ... шийдвэрийг албажуулсан өдөрт нь бүрэн эхээр нь нэгдсэн системд тус тус байршуулж, бүрэн хадгална”, 7.1.3-т “Тамгын дарга тухайн шүүхийн шийдвэрийг цахим санд хугацаандаа бүрэн, зөв байршуулж байгаа эсэхэд хяналт тавина” гэжээ.

Дээрхээс үзвэл, албажсан шүүхийн шийдвэрийг цахим сан болон бүртгэлийн системд нийтлэх нь шүүгчийн туслахын үүрэг, харин түүнд хяналт тавих нь шүүхийн Тамгын газрын үүрэг гэж журамласан байх тул үүнд давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнийг буруутгах үндэслэлгүй.

Иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгч нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.“ гэжээ.

 

Холбогдох шүүгч Д.Г Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

...1. Давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан, улмаар гомдол гаргах хугацаа сэргээсэн, давж заалдах шатны шүүхээс буцаагдсан болон дахин гомдол гаргасан үйл баримтын хувьд: ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г би “Ш” ХХК-д холбогдох Н.Н-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан шийдвэрлэсэн. Хариуцагч тал шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасныг 05-ны өдрийн 17090 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Давж заалдах гомдолд “... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн нэхэмжлэлээс хангасан хэсгийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулах гэсэн утгаар давж заалдах гомдол гаргаагүй. Үүнээс үзэхэд хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн бөгөөд хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхийг хүссэн байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргагч нь шийдвэрийн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх журамтай. Гэвч хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт төлсөн байсан тул дээрх 17090 дүгээр захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Учир нь шүүх нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч шаардлагыг орхигдуулахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэдэг.

Үүний дараа хариуцагч талаас давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 18240 дүгээр захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Улмаар шүүх гомдол гаргах хугацаа сэргээгдсэн тул гомдлыг ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4121 дүгээр албан тоотоор хүргүүлжээ. Гэвч ....Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00785 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Үндэслэл нь буцаан олгогдсон улсын тэмдэгтийн хураамжийн баримтыг хавсарган ирүүлсэн тул зохих журмын дагуу хураамж төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Цаашлаад, хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргах хугацаа сэргээх хүсэлт дахин гаргасныг тус шүүхийн шүүгчийн 07-ны өдрийн 20639 дүгээр захирамжаар гомдол гаргах хугацааг дахин сэргээх шаардлагагүй гэсэн агуулга дурдаж хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисугай гэсэн учир гомдлыг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн.

Эдгээр үйл баримтаас үзэхэд хариуцагч нь анхнаасаа давж заалдах гомдлоо буруу гаргасан, мөн хуулийг өөрийн хүссэнээр тайлбарлан ойлгосны улмаас ийнхүү цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байна.

Иймд шүүгч миний хувьд бусдад давуу байдал олгох болон хуулийг илтэд буруу тайлбарласан үйлдэл гаргаагүй.

Харин давж заалдах шүүхээс гомдлыг хүлээн авахаас татгалзахад холбогдох баримтыг хавсаргаж өгсөн байсан гэх тайлбарын хувьд миний бие дээрх 00785 дугаар захирамжийг тайлбарлах боломжгүй. Мөн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх үед шүүгч би хөдөлмөрийн ээлжийн амралттай байсан тул яагаад хураамжийн баримтын талаар хяналгүй давж заалдах шатны шүүхэд хүргүүлснийг мэдэхгүй байна.

          2. Хэргийг архивд шилжүүлэх талаар өөрийн туслахад үүрэг өгсөн гэх тайлбарын хувьд: Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа дуусгавар болсон ажиллагаатай хэргийг зохих журмын дагуу архивд тухай бүр хүлээлгэн өгөхийг өөрийн туслахад анхааруулдаг. Харин тухайлсан хэрэгт ажиллагаа дуусаагүй байхад энэ талаар өөрийн туслахад ямар нэг байдлаар чиглэл өгөх боломжгүй. Түүнчлэн энэхүү хэрэг нь нэг ч удаа архивд шилжүүлэгдээгүй бөгөөд харин хариуцагч тал хэд хэдэн хүсэлт гаргасныг хянан шийдвэрлэх шүүгчид шилжигдэж байсан болно.

Мөн хэрэг архивд шилжинэ гэдэг нь хэргийн оролцогч ямар нэг хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд тухай бүр хуваарилагдсан шүүгч хэргийг татан авч хянан шийдвэрлэдэг журамтай.

Иймд шүүгч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад хэргийг архивд шилжүүлэхийг үүрэг болгосон гэх, мөн энэ нь хариуцагч талын эрхийг зөрчсөн гэх агуулгаар гаргаж буй тайлбар үндэслэлгүй.

          3. .... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон гэх тайлбарын хувьд: Зохигчид анхан шатны шүүх дээр иргэн, хуулийн этгээд нарын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргасан. Гэвч давж заалдах шатны шүүх дээр анхан шатны шүүх дээр маргаагүй үндэслэл буюу тухайн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар маргаж улмаар давж заалдах шатны шүүх хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдтэй харилцаанд орсон эсэх талаар шалгах шаардлагатай гэж үзсэн. Тодруулбал, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэсэн дүгнэлт хийгээгүй бөгөөд харин анхан шатны шүүхэд маргаагүй боловч зарим нэг үйл баримтыг дахин шалгах шаардлагатай гэж дүгнэсэн. Энд Иргэн-2014 системд болон хэрэгт бичмэл хэлбэрээр байгаа магадлалын хянавал хэсэг өөр өөр байх тул хэрэгт байгаа бичмэл магадлалыг үндэслэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн тухайн хэргийн хариуцагч нь эхний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг татварын байгууллагаас авах эрхтэй байх тул хураамж давхардуулан төлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шүүгч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд хэн нэгэнд давуу байдал үүсгээгүй, хуулийг үндэслэлгүйгээр тайлбарлан хэрэглэсэн тул гомдлыг хангахгүй орхиж, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Холбогдох шүүгч Ш.О Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“ ... Уг хэргийг шүүгч Ш.О миний бие 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 28-нд товлосон боловч шүүх хуралдаан хойшилж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, 1846 дугаартай магадлал гаргасан байна.

Хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцсон даргалагч шүүгч Н.Б нь 2023 оны 10 дугаар сарын 17-нд буюу шүүхийн шийдвэрийг ёсчлох ёстой хуулийн хугацаанд Улсын дээд шүүхийн шүүгчээр дэвшин ажилласантай холбоотойгоор дотоод сүлжээнээс хасагдаж, дотоод сүлжээ буюу цахимаар магадлалыг харилцан шилжүүлж шуурхай засварлах боломжгүй байдал үүссэн. Энэ үед илтгэгч шүүгчийн хувьд магадлалын төслийг боловсруулж, шүүгчийн туслах Б.Б-д төслийг өгч, цаасан хэлбэрээр яаралтай Улсын дээд шүүх дээр Н.Б шүүгчид хүргүүлж хянуулахыг үүрэг болгосон.

          Шүүгчийн хувьд цаасан төслийг яаралтай хянуулж авч ирэхийг удаа дараа Б.Б-д сануулж шаардаж байсан. Ингээд шийдвэр гаргаснаас хойш 14 дэх хоног дээрээ буюу 2023 оны 10 дугаар сарын 23-нд ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн бүх шүүгч нар шүүн таслах ажлаас чөлөөлөгдөж, албан ёсоор сургалтад хамрагдаж Шүүхийн ерөнхий зөвлөл дээр 3 хоног ажилласан.

          Улсын дээд шүүхийн шүүгч Н.Б уг сургалтад хичээл зааж байсан. Төслийг хянаад хүргүүлсэн гэдгээ надад хэлж байсан.

          Иргэн-2014 нь олон нийтэд хаалттай, дотоодын бүртгэлийн программ хангамж бөгөөд цахим сан гэдэг ойлголтод хамаарахгүй юм. Уг бүртгэлийн программ хангамжид шүүгч, туслах болгон хувь хувийн түлхүүр үг, нэрээр зөвхөн өөрөө нэвтэрч үйлдэл хийдэг. Шүүгч Ш.О-ыг албан ёсоор шүүн таслах ажлаас чөлөөлөгдсөн, шүүхээс гадуур ажилтай байх үед туслах Б.Б 2023 оны 10 дугаар сарын 23-нд өөрийн эрхээр бүртгэлийн программд нэвтэрч, шүүгчийн бичсэн төсөл хувийг оруулсан байна.

          Иргэний шүүгчдийн сургалт 2023 оны 10 дугаар сарын 23-аас 2023 оны 10 дугаар сарын 26-нд үргэлжилж дууссан.

          Хэргийн баримтаас үзэхэд магадлалыг ёсчилж, 3 шүүгч гарын үсгээ зурж, хуулийн хугацаанд хэргийн оролцогчдод гардуулсан байна.

          Шүүгч миний хувьд 36 жил ажиллахдаа шүүхийн бичиг баримт дээр худал мэдээлэл нэг ч бичсэн удаагүй. Шүүгч Ш.О би шийдвэр бичих шинжлэх ухааны үндэслэл бүхий тогтсон хууль зүйн техниктэй. Үүнд:

          Шийдвэрийн төсөл дээр ч, албан ёсны хувь дээр ч үргэлж хэрэгт байгаа тогтоогдсон, талуудын маргахгүй байгаа үйл баримтыг тоочиж, эх сурвалж, хавтаст хэрэг хуудасны дугаараа зааж бичдэг.

          Мөн маргаж байгаа үйл баримтыг тусад нь ялгаж бичдэг хууль зүйн техниктэй. Ингэж ажилладаг учраас ч миний шийдвэрлэсэн хэргүүд дээр ялангуяа үйл баримтаар маргаан гарах нь ховор байдаг. Шүүгч миний хувьд худал төөрөгдүүлсэн эргэлзээтэй мэдээлэл хэргийн оролцогчдод болоод бусдад өгөөгүй.

          Шүүгчийн туслах Б.Б өөрөө тайлбараа тусдаа бичсэн. Өөрийнх нь тайлбараас үзэхэд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс албан ёсоор шийдвэрүүдийг цахим санд байршуулах үеэр бүртгэлийн программд байсан төсөл хувь татагдсан байна.

          Цахим санд шүүхийн шийдвэр оруулах нь хуулийн илт тодорхой заалт бишээр тогтохгүй, давхар журмаар зохицуулагддаг асуудал байна. Журмаас үзэхэд цахим санд шийдвэр оруулах ажлыг сан бүрдүүлэгч гүйцэтгэж, Тамгын газрын дарга хяналт тавих заалттай юм байна. Мөн давхар мэдээллийн технологийн ажилтан ажиллах ёстой юм байна.

          Дээрх төсөл хувийг шийдвэр сангаас татаж, албан ёсны хувийг оруулсан байгаа.

          Б.Б-ийн хувьд ажилдаа их түргэн шуурхай, ёс зүй сайтай, хувийн төлөвшил хүмүүжил их сайн. Монголын шүүхэд байвал зохих ажилтны нэг юмаа. Өөрийнх нь тайлбараас үзэхэд магадлалд засвар ороод дууссан, маш түргэн шуурхай ажилтны хувьд Б.Б засвар орж дууслаа гэж ойлгоод төслийг бүртгэлийн программд оруулжээ. Гэтэл ёсчилж гарын үсэг зурахын өмнө дахин засвар орсон байна. Бид цаасаар хянасан хувиа устгасан байна. Устгах болсон шалтгаан нь шүүгч Ш.О миний бие 2023 оны 12 дугаар сарын 27-оос судалгааны ажлын чөлөө авч, бүх шүүн таслах ажлаа цэгцэлж хүлээлгэн өгч Шүүгч-судлаачийн ажилд шилжсэн байна” гэжээ.

 

Холбогдох шүүгч Н.Б, Ч.Ц нар Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“ ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02625 дугаар шийдвэртэй, Н.Н-ийн нэхэмжлэлтэй, “Ш” ХХК-д холбогдох иргэний хэрэг Иргэн-2014 программаар шүүгч Ш.О-д хуваарилагдсан байна.

Давж заалдах журмаар дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Н.Б, бүрэлдэхүүнд шүүгч Ч.Ц, илтгэгч шүүгчээр Ш.О нарыг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон сугалаагаар томилох журмын дагуу томилогдсоныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 210/ЕШ20231959 дугаартай захирамжаар албажуулсан.

Шүүх бүрэлдэхүүн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус зааснаар 210/МА202/01846 дугаартай магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Илтгэгч шүүгч Ш.О магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэн даргалагч шүүгч, бүрэлдэхүүний шүүгчээр хянуулсан бөгөөд магадлалд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, шүүхийн тамга дарж баталгаажуулсан болно. Давж заалдах шатны шүүхийн архивд хадгалагдаж буй 210/МА202/01846 дугаартай магадлалын өнгөн хувь нь хэрэгт байгаа хувьтай таарч байна.

“Иргэн-2014” программ болон Монгол Улсын шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим сан буюу shuukh.mn сайтад дээрх магадлалыг ямар байдлаар байршуулсан эсэхийг шүүх бүрэлдэхүүн хянах боломжгүй болно.

Шүүх бүрэлдэхүүн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шүүгч хараат бус байж, хууль дээдлэх зарчмыг баримталсан бөгөөд шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болно.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

   Иргэн “Ш” ХХК-иас ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-д холбогдуулан “... иргэн Н Н-ийн нэхэмжлэлтэй "Ш” ХХК-д холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ илтэд үндэслэлгүйгээр манай компаниас 7.591.565.936,24 төгрөг гаргуулан шийдвэрлэж, энэхүү үндэслэлгүй шийдвэрээ хэвээр хадгалж үлдэхийн тулд манай компанийн давж заалдах гомдол гаргах хуулиар олгогдсон эрхийг хязгаарлан үндэслэлгүйгээр “Давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж гарган шүүгч хүнд байж боломгүй муйхар аргаар шүүхийн нэр хүнд, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулан ажил, албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж, дур зоргоороо авирлаж байгаа ..., улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчийн нийт шаардсан үнийн дүнгээс тооцох ёстой гэж хуулийг илтэд буруу хэрэглэж хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн үндэслэлээр давж заалдах гомдлыг хүлээн авахгүй, бидний шударга шүүхээр шүүлгэх эрхэд ноцтой халдсан ба энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна...” гэх өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ГЗҮ/2024/0016 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Шалгах ажиллагааны явцад “оролцогчид гардуулсан болон хэрэгт хавсаргасан магадлалын “Хянавал” хэсэг нь “Иргэн-2014” систем болон “shuukh.mn” цахим санд байршуулсан магадлалын “Хянавал” хэсгээс зөрүүтэй” гэх зөрчлийн шинжтэй үйл баримт илэрсэн тул ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.О, Ч.Ц, Н.Б /одоо Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа/ нарт холбогдуулан гишүүний 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ГЗҮ/2024/0029 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Нэг. Шүүгч Д.Г-ын тухайд;

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгч Д.Г нь Н.Н-ийн нэхэмжлэлтэй, “Ш” ХХК-д холбогдох “7,654,043,350 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02625 дугаар шийдвэрээр “Ш” ХХК-иас 7,591,565,936.24 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Ш” ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “...шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 38,115,780 төгрөгийг төлсөн боловч шүүгч Д.Г нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2023/17070 дугаар захирамжаар “...шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүсэж байгаа нь шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөөгүй гэж үзэх тул 38,428,166 төгрөг төлөх ёстой байсан, ... тэмдэгтийн хураамж хүлээн авагчийн данс буруу, ... татварын байгууллагын цахим санд үүсгэсэн төлбөрийн даалгавар хавсаргаагүй ...” гэж хүлээн авахаас татгалзаж, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Тус захирамжийг хүчингүй болгуулахаар 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчаас хүсэлт гаргахад Д.Г шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2023/17553 дугаар захирамжаар хангахаас татгалзсан байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө”, 162 дугаар зүйлийн 162.4-т “Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ”, 164.3-т “Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана” гэж заасантай нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах хуулийн зохицуулалттай бөгөөд хэрэв давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тохиолдолд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгохоос бус нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсгийг л дахин хэлэлцүүлэхээр буцаах гэсэн агуулгаар шийдвэрлэхгүй тул энэ талаар илтгэгч гишүүнээс “...Шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, эсхүл шүүхээр хангаж шийдсэн хэсгийг зөвшөөрөхгүй байгаа эсэх нь тодорхой тусгагдаагүй гэж үзэхээр байна ...” гээд “...энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах үндэслэлгүй” гэж үзэж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.

Үүний дараа хариуцагчаас давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2023/18240 дүгээр захирамжаар ханган тус иргэний хэргийг ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/ШЗ2023/00785 дугаар захирамжаар “... шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон, уг захирамж хүчин төгөлдөр, ... хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төрийн сангийн данснаас гараагүй байгаа нь давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд хуульд заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй ...” гэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байна.

Өргөдөлд “... хэрэг анхан шатны шүүхэд буцаж ирсний дараа хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийн туслахтай уулзахад, “хэргийг архивла” гэж шүүгч хэлсэн” талаар дурдсан боловч илтгэгч гишүүний хийсэн шалгах ажиллагааны хүрээнд уг асуудал нь баримтаар тогтоогдоогүй байна.

Хэдийгээр хариуцагчаас давж заалдах гомдол гаргаж, түүнийгээ шийдвэрлүүлэхээр их цаг хугацаа зарцуулсан байж болохоор харагдаж байгаа боловч үүнд шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн асуудал биш бөгөөд хуульд нийцсэн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа байх тул энэ үндэслэлээр шүүгчийг нэхэмжлэгчид давуу байдал олгосон, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Хоёр. ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.О, Ч.Ц, Н.Б /одоо Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа/  нарын тухайд;

Шүүгч Д.Г-оос гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” нэгдсэн систем болон Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан /shuukh.mn/-нд үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авч, шалгахад ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1846 дугаартай магадлалын оролцогчид гардуулсан болон хэрэгт хавсаргасан хувьтай Иргэн-2014 нэгдсэн систем болон shuukh.mn цахим санд байршуулсантай зөрүүтэй байсан болох нь шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ын 2.1.5-д ““системийн бүрдүүлэгч” гэдэг нь цахим санд шүүхийн шийдвэр оруулах үүрэг бүхий шүүгчийн туслахыг” хэлнэ, 5.1-д “Системийн бүрдүүлэгч шүүхийн шийдвэрийг шүүгч гарын үсэг зурж албажуулснаас хойш ажлын арван өдрийн дотор цахим хуудаст байршуулна”, 7.2-т “Шүүхийн Тамгын газрын дарга энэ журмын хэрэгжилтэд ... хяналт тавина”, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.1.1-д “Шүүгчийн туслах хэргийг ... шийдвэрийг албажуулсан өдөрт нь бүрэн эхээр нь нэгдсэн системд тус тус байршуулж, бүрэн хадгална”, 7.1.3-т “Тамгын дарга тухайн шүүхийн шийдвэрийг цахим санд хугацаандаа бүрэн, зөв байршуулж байгаа эсэхэд хяналт тавина” гэж тус тус заажээ.

Дээрхээс үзэхэд шүүгчийн туслах нь албажсан шүүхийн шийдвэрийг журамд нийцүүлэн нэгдсэн систем болон шийдвэрийн цахим санд байршуулах, түүнд Тамгын газрын дарга хяналт тавих үүрэгтэй бөгөөд тус хэргийн илтгэгч шүүгч Ш.О-ын туслах Б.Б нь албажаагүй магадлалыг Иргэн-2014 системд байршуулж, түүнийг цахим санд байршуулсан болохоо хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байх тул энэ үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг буруутгах үндэслэлгүй байна.

   Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ГС/2024/0035  дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г, ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.О, Ч.Ц, Н.Б /одоо Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа/  нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.                                                                                             

ДАРГАЛАГЧ                                 Х.ХАШБААТАР

ГИШҮҮН                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                            Д.ЭРДЭНЭЧУЛУУН