info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-04-09

Дугаар 38

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарийг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2024/0038 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон саналд: “...1. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар А.У-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцээд 18 дугаар тогтоолоор ... аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаар магадлалыг хүчингүй болгожээ. Ийнхүү шийдвэрлэхдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ...Улсын Их хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон ба уг хууль мөн оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон, ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр А.У-т холбогдох хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэхэд дээр дурдсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад мөн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж хууль зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгов, ...цагаатгах тогтоолын хууль зүйн дүгнэлт, шийдлийн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй,...прокурор бичсэн эсэргүүцлээсээ татгалзаагүй тохиолдолд хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд саад болохгүй....” гэсэн үндэслэл дурджээ. Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хүчингүй болсон хуулийг хэрэглэсэн алдааг хяналтын шатны шүүх залруулж магадлалыг хүчингүй болгосон байна. Прокурор эсэргүүцлээ дэмжсэн тул давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах  тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхээр хуулийн 39.1 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3-т заасан. Дээр дурдсанаар ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх А.У-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор 1, прокурорын эсэргүүцлээр 2 удаа  хянан хэлэлцсэн ба 2024 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А  даргалж, бүрэлдэхүүнд тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.М, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б нар оролцсон байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгохдоо үндэслэлээ 10 дугаар магадлалд тодорхой дурджээ.  Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль хэрэглээ, нотлох баримтыг үнэлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй. Иймд өргөдлийн 1-т дурдсан “...Дээд шүүхийн тогтоолын заалтыг хангах боломжгүй, үндэслэл, шалтгааныг магадлалдаа огт дурдалгүй, тайлбарлалгүй 3 удаа цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон...” гэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй.  2. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч А.А шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар буюу шүүх бүрэлдэхүүн цагаатгах тогтоолыг 2 удаа хүчингүй болгосон нь хэргийг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ бий болгож байна ...гээд татгалзан гаргах хүсэлт гаргасан, хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдаан 9 цаг 52 минутад завсарласан байна. Хүсэлтийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд 06 дугаар тогтоолоор хангахаас татгалзсан, шүүх хуралдаан 10 цаг 46 минутад үргэлжилж зөвлөгөөний тогтоолыг танилцуулан, хуралдаан үргэлжлэн явагджээ.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5-д ” Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, 6-т ”Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ”, 7-т “Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй” гэж заасан. ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 3 шүүгчтэй, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч Б.М, шүүгч З.Т, Ц.А нар оролцсон талаар тэмдэглэлд тусгагдсан тул шүүгчдийн зөвлөгөөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-т зааснаар хүчинтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаар тогтоолын 5.2.1.-т  Хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан “... хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэх заалтын хууль зүйн агуулгыг тодорхойлохдоо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3-т заасантай агуулга, зорилгыг нь уялдуулан авч үзэв. ...дээрх ойлголтын хууль зүйн агуулга, түүнд хамаарах “хувийн харилцаатай”, “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх”, “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй” зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгохоор тодорхойллоо гэжээ. Дээрх 36 дугаар тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 1-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3 дахь заалтын “хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно. Тухайлбал, аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн зэрэг ашгийн төлөө үйл ажиллагаа хамт эрхэлдэг, хөрөнгийн биржээр дамжуулж нийтэд зарагдсан болон төрөөс иргэн бүрд эзэмшүүлснээс бусад тохиолдолд аж ахуйн нэгжийн хувьцааг хамтран эзэмшдэг, аливаа байдлаар ашиг орлого, зардал хуваахад эрх үүрэг харилцан хүлээдэг; найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаатай бол “хувийн харилцаа”-тай гэж үзнэ. Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй. “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүгч дараах үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч мэдсэн бөгөөд энэ талаар баримт байхыг, эсхүл эдгээрийг шүүгч өөрөө тодорхойлсныг ойлгоно. Түүнчлэн, шүүгч тухайн хэргийг шийдвэрлэхэд хэргийн оролцогчийн талаарх хувийн эмзэг мэдээллийг мэдэж байгаа байдал нь нөлөөлөхөөр бол “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ” үүссэн гэж үзнэ. Шүүгч, шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдал болон шийдвэрлэхэд оролцож байсан нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй гэжээ. Тайлбарт дурдсан дээрх нөхцөл байдал нь “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх” гэдэгт хамаарахаас гадна энэ нь  нотлох баримттай байх талаар дурдсан.  Шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэлээс үзвэл шүүгч З.Т “...тайлбарт зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй...”  гэдэгт баримт шаардлагатай, ...хувийн сонирхолтой...” гэж үзэхгүй, шүүгч Ц.А “...36 дугаар тогтоолын 9-д зааснаар шийдвэрлэнэ...”, даргалагч Ерөнхий шүүгч Б.М “...адил шатны өөр шүүхээр шийдүүлбэл яасан юм бэ...” гэсэн саналыг тус тус гаргасан байх ба олонхын саналаар 36 дугаар тогтоолын 9-д зааснаар татгалзлыг хүлээж авахгүй гэж шийдвэрлэжээ. Өмгөөлөгчийн “...шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах” хүсэлт баримтгүй, энэ тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар татгалзал гаргаагүйд тооцож, татгалзлыг хүлээн аваагүй нь  хууль зөрчөөгүй байна. Түүнчлэн “...цагаатгах тогтоолыг 2 удаа хүчингүй болгосон” гэх үндэслэл нь “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх” гэсэнд хамаарахгүй, энэ талаар тайлбарт тодорхой заажээ. Өмгөөлөгч А.А... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот магадлалд хяналтын журмаар гаргасан гомдолдоо  шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2,4, 6, 7 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл дурджээ. Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны /https://supremecourt.mn/ 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Иймд өргөдөлд дурдсан “...татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн...” гэх гомдолд шүүгчийг буруутгах үндэслэлгүй. 3. Давж заалдах шатны шүүх хуралдааны дэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд зохицуулсан. А.У-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 4 удаа хянан хэлэлцсэн байх ба хэрэг хэлэлцэх явцад Ерөнхий шүүгч Б.М “...өмгөөлөгчийг басамжилсан, тохуурхсан,  хуулийн сургуулийн оюутнаас багш нь шалгалт авч байгаа юм шиг асуулт тавьж, жуумалзаж, инээж, бохь зажилж, үг хэл болон биеийн хэлэмжээрээ үл тоомсорлосон, эрх мэдэл давуу болохоо гайхуулсан байдал гаргасан” эсэхийг тодруулан шалгав. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгч Б.М шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс асуусан асуулт нь тухайн хэрэгтэй холбоотой байх ба шүүгдэгч, өмгөөлөгчийг доромжилсон, басамжилсан гэх утга агуулагдаагүй байна. Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг нь хэргийн оролцогч тал руу чиглэж бичигдсэн байх бөгөөд шүүгч Б.М сахрын өвчний улмаас “...олон цаг үргэлжилсэн хурал дээр ам их хатдаг тул шингэн юм уух, аман дахь шүлсээ ихэсгэх зорилгоор жижиг ааруул хүлхдэг /богино хугацаагаар/ аманд ямар ч шүлсгүй болж, хэл хуурай болсноор хэлж байгаа үг ярианы аялга өөрчлөгддөг” гэсэн тайлбар гаргасныг буруутгах боломжгүй энэ нь ... аймгийн Саран Э... эмнэлгийн биохимийн шинжилгээний хариугаар тогтоогдож байна.  4. Шалгах ажиллагааны явцад ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Т-ийг гэрчээр асуусан ба тэрээр “...2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч А.А шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Ийм учраас энэ хүсэлтийг хэлэлцэх шүүгчдийн зөвлөгөөн Ерөнхий шүүгчийн өрөөнд болж миний бие зөвлөгөөний тэмдэглэл хөтөлсөн. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоосон дэг байхгүй. Тухайн үед татгалзлыг хуульд зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх болсон тул зөвлөгөөнийг хийсэн. Зөвлөгөөнд тус шүүхийн нийт шүүгч болох 3 шүүгч оролцсон. Татгалзлыг хүлээн аваагүй, зөвлөгөөний тогтоолыг тэр дор нь бичгээр гаргасан, даргалагч шүүх хуралдаанд хэргийн оролцогч нарт танилцуулсан. Зөвлөгөөн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон. Шүүх хуралдаан дууссаны дараа өмгөөлөгч А.А тогтоолыг авахаар орж ирсэн.  Би тогтоолыг хэргээс нь аваад өмгөөлөгчид өгсөн. Гэтэл  би  тогтоолд огноог 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр гэж андуурч бичсэн байсан. Энэхүү алдаагаа мэдсэн учраас огноог засаад өгий гэтэл өмгөөлөгч “би шүүгч нарыг Сахилгын хороонд өгөх гэж байгаа” гээд авалгүй гарсан” гэж мэдүүлсэн. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгчдийн зөвлөгөөн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон нь тогтоогдож байгаа бөгөөд зөвлөгөөний тогтоолыг албажуулахдаа шүүгчийн туслах огноог 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр гэж бичсэн нь техникийн шинжтэй байсан тул алдааг залруулснаа хүлээн зөвшөөрчээ.  Иймд “...татгалзлыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцсэн атлаа 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хэлэлцсэн гэж шийдвэрлэсэн” гэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй.  Монгол Улсын шүүхийн тухай  хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.23-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.М, шүүгч Ц.А, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч Д.Б тайлбартаа: “...Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамжийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон А.У-т холбогдох хэргийн шүүх хуралд бүрэлдэхүүн шүүгчээр томилогдон ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралд оролцсон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч А.А шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасныг ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан  тогтоол гарсны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан тогтоолоор өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, тухай шүүхийн гаргасан шийдвэрт миний бие хамааралгүй тул хууль бусаар шүүх хуралдаанд оролцсон гэх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгч Б.М тайлбартаа: “...Өмгөөлөгч А.А Сахилгын хороонд гаргасан гомдолдоо 1. ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг хэлэлцээд 3 дахь удаа цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23 дугаар зүйлд заасан “Хуулийн илт тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөн, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” заалтад хамаарч байна гэжээ. Юуны өмнө шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 268, 342 дугаартай 2 цагаатгах тогтоол гаргасныг онцлон дурдмаар байна. Эхний буюу 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 268 дугаартай Цагаатгах тогтоолд “...А.У нь Д.Э-н авто ломбардад ажиллаж байхдаа 144.619.165 төгрөг дутагдуулж, хувьдаа завшсан” нь эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн А.У-ийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч А.У-т холбогдох хэргийг хянахад: “Анхан шатны шүүх, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Д.Э-н авто ломбардаас зээл авсан зээлдэгч нар зээлээ бүрэн төлж дууссан байхад шүүгдэгч А.У зээлийн бүртгэлд “хаагдаагүй” гэж бүртгэж зээлийг завшсан байна. Ийм байдлаар 60 гаруй гэрч буюу зээлдэгч нар зээлээ бүрэн төлж хаасан талаар мэдүүлснийг шүүх анхаарч үзээгүй, эдгээр гэрч нарын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар цагаатгах тогтоолдоо дурдаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзээд 268 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасан. Улсын дээд шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.А-ийн гомдлуудыг үндэслэн хянаад ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Улсын Их хурлаас баталсан 2002 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ашиглаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзээд 47 тоот магадлалыг хүчингүй болгосон. Гэтэл уг магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэсэн, ашигласан тухай нэг ч заалт, бичвэр байхгүй. Магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй зүйл, хэсгээр анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, буцаасан байдаг.  Улсын дээд шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлт хэсэгт “прокурор өөрийн бичсэн эсэргүүцлээ татгалзаагүй тохиолдолд хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй” гэсэн тул прокурор 268 дугаартай цагаатгах тогтоолд дахин эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүх хэргийг хянаж “Анхан шатны шүүх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна” гэх үндэслэлээр 268 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон. Энэ магадлал гаргахдаа урьд буюу 47 дугаартай магадлалд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ шийдвэрт өмгөөлөгч А.А хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн тэнхимийн нийт шүүгчдийн хуралдаанаас “Хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзсан” тухай 454 дугаартай тогтоол гарсан. Цагаатгасан тогтоолыг хүчингүй болгосон 15 дугаартай магадлал хүчин төгөлдөр болсон тул эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд буцаж, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.У холбогдох хэргийг дахин хэлэлцээд 342 дугаартай цагаатгах тогтоол гаргасан. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь “ А.У, хохирогч Д.Э нарын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, хөрөнгө итгэмжлэх гэрээ байхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө зөвших” гэмт хэргийн субъект болж чадахгүй байна” гэх үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч А.У-т холбогдох хэргийг хянаад: Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 446 дугаар тогтоол, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай тогтоолд “Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад шилжихдээ ... зарим тохиолдолд итгэлцэл дээр үндэслэн өмчийг итгэмжлэн хариуцах үүргийг хүлээж болно" гэсэн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч А.У нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектэд хамаарна гэж үзээд шүүгдэгч А.У-т холбогдох эрүүгийн хэрэг дээр гарсан хоёр дахь цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон. Иймд миний бие шүүгдэгч А.У-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд оролцсоны хувьд “Хуулийн илт тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөн, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй” гаргаагүй гэж үзэж бодож байгаа. 2. Хуулийн сургуулийн оюутнаас багш нь шалгалт авч байгаа юм шиг асуулт тавьсан талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон “Хөрөнгө завших” гэмт хэргийн субъект шүүгдэгч яагаад болж чадахгүй талаар давж заалдах гомдлын үндэслэлийг эсэргүүцэл бичсэн прокурорын зүгт хандуулах зорилгоор Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс илүү онолын чанартай тайлбар хэлүүлэх улмаар уг тайлбарт прокурор ямар хариу тайлбар өгөхийг сонсох зорилгоор өмгөөлөгчөөс асуусан асуулт бий. Энэ асуултад хариулсан өмгөөлөгчийн хэлсэн зүйлийг прокурор няцааж чадахгүй бол харин ч өмгөөлөгч талд ашигтай ч байж болох ийм л нөхцөл байдал байсан. Гэвч миний асуултын цаад утга санааг өмгөөлөгч ойлгоогүйгээс ийм гомдол гаргаж байгаа нь харамсалтай. Бохь зажилж, биеийн хэлэмжээрээ үл тоомсорлосон байдал гаргасан талаар: Миний бие сахартай ба олон цаг үргэлжилсэн хурал дээр сахрын хэмжээ ихсэж, ам их хатдаг тул шингэн юм уух, аман дахь шүлсээ ихэсгэх зорилгоор жижиг ааруул хүлхдэг /богино хугацаагаар/. Аманд ямар ч шүлсгүй болж, хэл хуурай болсноор хэлж байгаа үг ярианы аялга өөрчлөгддөг. Хэрвээ ийм байдал гаргавал “Доромжилж хэл ярианы аялгаа өөрчилж ярилаа” гэж бас гомдол гаргах юм байна. Цаашид анхаарч баймаар санагдлаа. 4. Шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан татгалзлыг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд татгалзлыг хүлээж аваагүй талаар: Өмгөөлөгч А.А-аас “Шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан” хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5-д заасан ” Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, Мөн хуулийн 6 дахь хэсэгт заасан “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ" гэсэн заалтыг баримтлан шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж хүсэлтийг шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 04 дугаартай тогтоол, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаартай тогтоолуудыг үндэслэн “...өмгөөлөгч А.А-аас гаргасан хүсэлт үндэслэлгүй, хүсэлтэд дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэж ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс үзсэн. Б.М миний бие шүүгдэгч А.У-т холбогдох эрүүгийн хэргийг 2 удаа үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, гэм буруутай этгээдийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан арга хэлбэрээр, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн эрх хэмжээний дагуу засах үүргээ хэрэгжүүлсний төлөө, мөн эрүүл мэндийн байдлаас болж гаргасан үйлдлийг маань буруутгах шалтаг болгож буйд туйлын их харамсаж байна. Давж заалдах шатны шүүх илтэд хууль бус шийдвэр гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж шүүгдэгч талаас үзэж байгаа бол бидний шийдвэрийг хяналтын журмаар хянуулах эрхтэй. Гэтэл удаа дараа илтэд гэм буруутай этгээдийг цагаатгаж байгаа шийдвэрийг хэвээр үлдээлгэх, өөрт ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор сахилгын хороонд гомдол гаргаж байгааг давж заалдах шатны шүүгч нарт нөлөөлж, дарамт шахалт үзүүлж байгаа хэлбэр гэж миний бие үзэж байна” гэжээ.

Шүүгч Ц.А тайлбартаа: “...Шүүгдэгч А.У-т холбогдох хэргийг ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 2 удаа цагаатгах тогтоол гаргасан. ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр А.У-т холбогдох хэргийг хянаад анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна гэж дүгнээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүх бүрэлдэхүүн бид хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүгчийн ёс зүйг зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгч А.У-ийн өмгөөлөгч А.А нь шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан татгалзлыг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд түүний татгалзлыг хуулийн үндэслэлгүй гэж үзээд хүлээж аваагүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь: Өмгөөлөгч А.А-ийн “Шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан” хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5-д заасан ” Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, мөн хуулийн 6 дахь хэсэгт заасан ”Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсэн заалтыг баримтлан шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж хүсэлтийг шийдвэрлэсэн. Ингэхдээ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоол, Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хуралдааны 36 дугаар тогтоолуудыг үндэслэн “...өмгөөлөгч А.А-аас гаргасан хүсэлт үндэслэлгүй, хүсэлтэд дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс үзсэн. Шүүгч бид шүүгдэгч А.У-т холбогдох эрүүгийн хэргийг 2 удаа үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, гэм буруутай этгээдийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан арга хэлбэрээр, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн эрх хэмжээний хүрээнд засаж зөвтгөсөн үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө буруутгагдах ёсгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх илтэд хууль бус шийдвэр гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл хуулийг зөрүүтэй хэрэглэсэн зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж шүүгдэгч талаас үзэж байгаа бол бидний шийдвэрийг хяналтын журмаар хянуулах эрхтэй. Гэтэл удаа дараа илтэд гэм буруутай этгээдийг цагаатгаж байгаа хууль бус шийдвэрийг хэвээр үлдээлгэх, өөрт ашигтай шийдвэр гаргуулах, гэм буруутай этгээдэд ял завшуулах, хохирсон иргэнийг дахин хохироож түүний эрхийг зөрчиж, нийгэмд буруу хэвшил тогтоох зорилгоор сахилгын хороонд гомдол гаргаж байгаа нь давж заалдах шатны шүүх, шүүгчид нөлөөлж, дарамт шахалт үзүүлж байгаа хэлбэр гэж миний бие үзэж байна. Шүүгч миний бие өргөсөн тангарагтаа үнэнч байж, аливаа хэрэг маргааныг хэний ч нөлөөнд автахгүй хуулийг удирдлага болгон шударгаар шийдвэрлэдэг ёс зүйтэй шүүгч гэдгээ баталж байна. Иймд өмгөөлөгч А.А-гийн гаргасан өргөдөл үндэслэлгүй тул надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Өмгөөлөгч А.А-аас “... цагаатгах тогтоолыг 3 удаа хүчингүй болгосон, татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, шүүгч Б.М өмгөөлөгчийг басамжилж, тохуурхан, бохь зажилж, үг хэл болон биеийн хэлэмжээрээ үл тоомсорлосон” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

Нэг. “...магадлалд үндэслэл огт дурдалгүй 3 удаа цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд

... аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.У-т холбогдох ... дугаартай хэргийг анх ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор А.У-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэснийг ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/... дүгээр магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Улмаар ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоолоор А.У-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.У-ийг цагаатгасныг ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ДШМ/... дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаажээ. Уг магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тогтоолоор хүчингүй болгосноор ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/... дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг дахин хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Ингэснээр  ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоолоор А.У-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг мөн ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/... дугаар магадлалаар  хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.1-т “Давж заалдах шатны шүүх хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.” гэж, 39.5 дугаар зүйлийн 1-т Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлийг хуульчилсан.

            ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлоор 1, прокурорын эсэргүүцлээр 2 удаа  хянан хэлэлцсэн байх ба хуульд заасан эрх хэмжээний хүрээнд цагаатгах тогтоолыг 3 удаа хүчингүй болгож, магадлал бүрд хүчингүй болгосон шүүхийн дүгнэлт, түүний үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.7-д заасны дагуу тусгасан болох нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогджээ.

            Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугласан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг хэрхэн шийдвэрлэх нь бүрэлдэхүүний бүрэн эрх төдийгүй, шүүгчийн хараат бус байдалд хамаардаг тул хэрэг маргааныг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг буруутгах боломжгүй. Хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянах эрхийг зөвхөн дээд шатны шүүх эдлэх бөгөөд Шүүхийн сахилгын хороо шүүхийн гаргасан шийдвэрийг хянах эрхгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

            Хоёр. Татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А  даргалж, шүүгч Б.М, Д.Б нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн байх бөгөөд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.А-аас шүүх бүрэлдэхүүнийг “цагаатгах тогтоолыг 2 удаа хүчингүй болгосон нь хэргийг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ бий болгож байна” гэх үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, 6-т ”Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

Дээрх хүсэлтийг ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, 6 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шүүгчийг татгалзан гарах үндэслэлд тогтоогдохгүй байна гэж үзэж, хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль зөрчөөгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.

Учир нь, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх” гэх ойлголтод хамаарах асуудлыг тодорхойлсон бөгөөд шүүгч, шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдал болон шийдвэрлэхэд оролцож байсан нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй гэж, "татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч гаргах" гэдгийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэлээ тодорхойлж, бичгээр гаргасан хүсэлтийг, уг үндэслэлийн талаарх баримтын хамт гаргаж өгөхийг ойлгоно. Хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгд хамаарахгүй асуудлаар, эсхүл үндэслэл дурдаагүй, үндэслэлдээ хамаарах баримт гаргаагүй, түүнчлэн бичгээр гаргаагүй хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр гаргасан хүсэлт гэж үзэхгүй, уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй бөгөөд, татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж тайлбарласан. Иймд дээрх “цагаатгах тогтоолыг 2 удаа хүчингүй болгосон нь хэргийг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ бий болгосон” гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан татгалзлыг хуульд заасан үндэслэлээр гаргасан хүсэлт гэж үзэхгүй бөгөөд татгалзал гаргаагүйд тооцогдох юм.

Дээрх тайлбарт татгалзан гарах хүсэлт нь нотлох баримттай байх талаар тайлбарласан бөгөөд өмгөөлөгчийн гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт нь баримтгүй байх тул тухай шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар татгалзал гаргаагүйд тооцсон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Өмгөөлөгч А.А-аас дээрх 2024/ДШМ/... дугаар магадлалд “...шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, гомдлыг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзсан болох нь Улсын дээд шүүхийн /https://supremecourt.mn/ цахим хаягт  нийтэд илэрхий байдлаар тавигдсан болохыг илтгэгч гишүүн саналдаа дурджээ.

Мөн өргөдөлд “...шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан татгалзлыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцсэн атлаа зөвлөгөөний тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолсон” гэх агуулгыг дурджээ.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.А-аас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах хүсэлтийг тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан 2024/ШЗТ/... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, тэмдэглэл, ТЭ/2019/2024/ДШМ/... дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч Ц.Т-ийн “...2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч А.А шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Татгалзлыг хүлээн аваагүй, зөвлөгөөний тогтоолыг тэр дор нь бичгээр гаргасан, даргалагч шүүх хуралдаанд хэргийн оролцогч нарт танилцуулсан. Гэтэл би  тогтоолд огноог 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэж андуурч бичсэн байсан. Энэхүү алдаагаа мэдсэн учраас огноог засаад өгий гэтэл өмгөөлөгч би шүүгч нарыг Сахилгын хороонд өгөх гэж байгаа гээд авалгүй гарсан” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Сахилгын хэрэгт цугласан баримтаар 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон зөвлөгөөний тогтоолын огноог шүүгчийн туслах бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэж бичсэн нь тогтоогдож байх боловч энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.

Гурав. Шүүгч Б.М өмгөөлөгчийг басамжилсан, тохуурхсан, бохь зажилж, үг хэл болон биеийн хэлэмжээрээ үл тоомсорлосон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

              Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан дээрх үйл баримтыг тодруулахаар 2022 оны 6 дугаар сарын 20, 2023 оны 4 дүгээр сарын 05, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгч Б.М цагаатгагдсан этгээд болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 12-т заасны дагуу асуулт асууж, тодруулсан байна. Харин шүүгч асуулт асуухдаа хэргийн оролцогчийг басамжилсан, тохуурхсан, зүй бус үг хэллэг хэрэглэсэн гэх байдал тогтоогдоогүй байна.

Гэвч шүүгч Б.М нь цаашид шүүх хуралдаан даргалахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, бусадтай харилцахдаа үг хэллэг болон биеийн хэлэмжийн хувьд таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхад анхаарах нь зүйтэй. Шүүгч шүүх хуралдааныг зохистой, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой.

              Мөн шүүх хуралдааны явцад бохь зажилсан, биеийн хэлэмжээрээ үл тоомсорлосон гэх байдал тогтоогдохгүй байх ба энэ талаар шүүгч Б.М сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа “...сахрын өвчний улмаас олон цаг үргэлжилсэн хурал дээр ам их хатдаг тул шингэн юм уух, аман дахь шүлсээ ихэсгэх зорилгоор жижиг ааруул хүлхдэг /богино хугацаагаар/ аманд ямар ч шүлсгүй болж, хэл хуурай болсноор хэлж байгаа үг ярианы аялга өөрчлөгддөг” гэж тайлбарлаж, ... аймгийн Саран Э... эмнэлгийн биохимийн шинжилгээний хариуны хамт ирүүлсэн байна.

  Иймд өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2024/0038 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, өмгөөлөгч А.А-аас ирүүлсэн өргөдлийн дагуу ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.М, шүүгч Ц.А, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ                                               С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                                       Д.АРИУНТУЯА

                                                                                                    Д.МЯГМАРЦЭРЭН