info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-04-18

Дугаар 45

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь, сахилгын хэргийн оролцогч З.Г, Г.М, ажиглагчаар өргөдөл гаргагч Б.Ц, өмгөөлөгч Д.А нарыг оролцуулан, ... шатны шүүхийн шүүгч З.Г, Г.М нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ГС/2024/0044 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...... шатны шүүхийн шүүгч З.Г, Г.М нар дурдсан захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тухайн хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч нь хэргийн талаар илтгэж танилцуулна”, 118.6-д “Шүүх хуралдааны дэг нь илтгэгч шүүгчээс хэргийн талаар танилцуулах хүртэл энэ хуулийн 89, 90, 94, 96.1-д заасан журмаар зохицуулагдана, 118.7-д “Илтгэгч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, тодруулсны дараа нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно” гэж заасан.

Өргөдөлд  дурдсан “...хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийг яриулахгүй яриаг тасалж, хариуцагч шүүхийн шийдвэр биелүүлэх гэхээр хууль зөрчих гээд байна гэж гаргасан гомдлыг туйлын тодорхой гаргасан гомдол гэх мэтээр хариуцагчийн талд байгаагаа нуулгүйгээр тайлбарлаж хариуцагчид давуу байдал олгосон, хариуцагчийн төлөөлөгч Д нь нас залуу байсан бөгөөд нэр бүхий шүүгч нар түүнтэй харьцахдаа дууныхаа өнгийг эелдэг наалинхайтуулан Д-өө гэж энхрий хонгор дуугаар харьцаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц болон түүний өмгөөлөгч нар 60 гаруй насны хүмүүстэй харьцахдаа зандрангуй маягаар харьцсан” эсэхийг тодруулан шалгав.

/...... шатны шүүх хуралдааны 26 минут 57 секундын дуу, дүрсний бичлэгт илтгэгч гишүүн үзлэг хийн бичгийн хэлбэрт буулгасан тэмдэглэлийг нэг бүрчлэн саналдаа дурдсан/

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авахаар хуульд заасан. 

Давж заалдах шатны шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд  даргалагч, илтгэгч шүүгчийн хувьд хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, оролцогчдын хэн алинд нь давуу байдал олгосон, ёс зүйгүй  харилцсан гэх байдал тогтоогдоогүй тул өргөдлийн “...шүүгч З.Г, Г.М нар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийг яриулахгүй яриаг тасалж, хариуцагчийн төлөөлөгч Д-тэй харьцахдаа дууныхаа өнгийг эелдэг наалинхайтуулан энхрий хонгор дуугаар харьцаж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц болон түүний өмгөөлөгч  60 гаруй насны хүмүүстэй харьцахдаа зандрангуй маягаар харьцсан, хариуцагчид давуу байдал  олгосон” гэх гомдол үндэслэлгүй байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 88.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно. Тэмдэглэлтэй холбогдон гарсан саналыг шүүгч шийдвэрлэнэ”, 88.5-д “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаар захирамжаар шүүх хуралдааны тэмдэглэлд хавсралтаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, улмаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд хүргүүлжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Д.А нараас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт дахин гаргасныг шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0352 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид 2024 оны 02 сарын 19-ний өдөр гардуулж, холбогдох баримтыг ... шатны шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн өдөр нэхэмжлэгч тал дахин хүсэлт гаргасан, уг хүсэлтийг шийдвэрлэсэн баримтаа сүүлд анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Энэ тохиолдолд “...зориудаар шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахгүйн тулд яаралтайгаар хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлээд захирамжийн огноог зориуд худал бичсэн”  гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хуралдаан даргалагч хүлээн авч, тэмдэглэлд холбогдох засварыг оруулсан, харин 2 дахь удаа гаргасан хүсэлтийг  “...хуульд заасан хугацааг хэтрүүлсэн...” гэх үндэслэлээр хангахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал тэмдэглэлд засвар оруулах хүсэлтээ дахин гаргахдаа хуульд заасан хугацаанд гаргаагүй, энэ тохиолдолд шүүгчийг буруутгах боломжгүй.

Хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцэхэд иргэдийн төлөөлөгч оролцохоор хуульд заасан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцохгүй тул шүүгч нарыг  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.7-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа үндэслэлийг магадлалд тодорхой заасан байх ба хууль хэрэглээ болон нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагаа нь сахилгын зөрчилд тооцогдохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.

Дээр дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.31, 50.1.40-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... шатны шүүхийн шүүгч З.Г, Г.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Г.М сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/ЕШ2024/0020 дугаар захирамжаар, Д.Н-ын нэхэмжлэлтэй, Б... дүүргийн Засаг даргад холбогдох, ... шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 594 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд даргалагчаар томилогдсон.

2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан шүүх хуралдаанаар шүүгч Д.О, илтгэгч шүүгч З.Г нарын бүрэлдэхүүнтэй, иргэн Д.Н-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

...Хуулийн заалтын дагуу тухайн шүүх хуралдааны даргалагчийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй хэргийн оролцогч болох нэхэмжлэгч талд давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүрээ хязгаар нь анхан шатны шүүх хуралдаанаас онцлог болохыг тайлбарлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг Газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн тухайлан дурдсантай холбогдуулан тайлбараа хэлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой болохыг сануулж байсан. Мөн хуралдааны явцад нэхэмжлэгч нь шүүгч нараас асуусан асуултад тодорхой хариулт өгөлгүй өнгөрөх, өөр үйл баримтыг ярих зэрэг асуудал удаа дараа гаргасантай холбогдуулан хуралдаан даргалагч болон асуулт асуусан шүүгчид нэхэмжлэгчээс тодруулах, лавлаж асуух шаардлага гарч байсан.

Үүнийг иргэн Б.Ц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.31-т заасан зөрчил хэмээн үзэж, гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гомдолд дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дэх хэсэг “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэх заалт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах хуулийн заалт болохыг анхаарч үзэхийг хүсэж байна.

...Тус шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А-аас 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд хандан гаргасныг хуралдаан даргалагчийн хувьд бүрэлдэхүүний шүүгч нарт танилцуулж, шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгтэй тулган, ... шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай” 221/Ш32024/0298 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Д.А нараас 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр дахин тус шүүхэд хандан шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 221/Ш32024/0352 дугаар захирамжаар шийдвэрлэж, хуульд зааснаар ... шатны шүүх хуралдаан дуу-дүрсний бичлэгээр баталгааждаг болох, Д.Н-ын нэхэмжлэлтэй, Б... дүүргийн Засаг даргад холбогдох, ... шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 594 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн болохыг тус тус хүсэлт гаргагчид мэдэгдсэн.

         ...Одоо тус хэрэг ... шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа болно. Тус хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй болно” гэжээ.

 

Шүүгч З.Г сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Д.Н-ын нэхэмжлэлтэй, Б... дүүргийн Засаг даргад холбогдох, ... шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 594 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4,121.3.3, 121.3.4-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2024/0077 дугаар тогтоолоор, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

...Өргөдөл гаргагч нь ямар үндэслэл, баримт нотолгоо бүхий сэжиг таамагт үндэслэж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан мэтээр гомдолд дурдсаныг гайхлаа. Өргөсөн тангаргийнхаа үг, агуулга, үнэт зүйлийн илэрхийлэл нэг бүрийг дааж ажиллахын тулд ёс зүйн хэм хэмжээг хичээнгүйлэн сахиж, цаг наргүй ажиллаж байгаа шүүгчийн нэг болохынхоо хувьд ийм буруутгалтай эвлэрэхгүй гэдгийг эхлээд хэлье.

...Даргалагчаас “хариуцагчийн гомдол туйлын тодорхой гарсан” гэсэн нь хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан “шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” гэсэн гомдлын шаардлагыг тодотгон хэлсэн явдал гэж ойлгосон. Түүнээс биш хариуцагчид давуу байдал олгох үг үйлдэл гаргаагүй, шүүгчид тийм бодол хандлага ч байх боломжгүй, миний хувьд тийм санаа зорилго байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

...Өргөдөл гаргагч нь гомдолдоо “албан тушаал, нас, хүйс, боловсролын байдлаар ялгаварлан гадуурхсан” гэж тодотгожээ. Шүүгчийн хувьд, албаны болон хувийн харилцаанд хэзээд баримталбал зохих “тэгш, шударга хандах” зарчмыг зөрчлөө хэмээн буруутгаж байгаа энэ тохиолдолд болсон фактын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, үндэслэл бүхий хариу тайлбар гаргахдаа хариуцлагатай хандах үүднээс давж заалдах шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны бичлэг, тэмдэглэл зэрэгтэй танилцлаа.

...Миний хувьд хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нас, хүйсийг үл харгалзан харагдах байдлаар насаар бага байсан ч шүүх хуралдаанд “Та” гэж, мэргэшлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчийн хувьд “өмгөөлөгч” гэж, харин ахмад настай хүнийг “Гуай” гэж хүндэтгэн дуудаж тогтсон. Үүнийг би ёс заншил талаасаа ч, шүүгчийн ёс зүйн зарчим талаасаа ч хэргийн оролцогчдод тэгш, хүндэтгэлтэй хандаж байгаа нэг хэлбэр гэж ойлгодог.

Тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.А нарыг зандарсан, ялгаварласан шинжтэй үг, үйлдэл гаргаагүй болохоо хариуцлагатайгаар хэлэх нь зүйтэй гэж бодож байна, ахмад хүнтэй түүний гомдолд дурдсан шиг харьцахгүй байх хүмүүжил, ёс зүйн төлөвшил надад бий.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь “юунд чиглэж ингэж асууж байгааг ойлгохгүй байна, асуултад дурдсан баримт хэрэгт байгаа, байх ёстой, тухайн асуудлаар маргаагүй” гэх зэргээр шүүгчийн асуултад хариулахдаа цааргалангүй хандахад нь анхаарлыг нь хандуулах зорилгоор “нэхэмжлэгч ээ”, “өмгөөлөгч өө” гэж тодотгон дуудаж, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах, ингэхдээ хэргийн материалыг бүрэн судалсны үндсэн дээр, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үйл баримтын талаар асуулт асууж байгаа тухайгаа тайлбарласан. Зандарсан, загнасан аястай хэлээгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс асуусан асуулт дээр нэхэмжлэгч талд ч нэмж хариулах боломж олгох зэргээр хэргийн оролцогчдын хэн алинд нь асуултад хариулах, тайлбар гаргах тэгш боломж олгосон.

...Хэргийн оролцогчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасан анхан шатны шүүхээс шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн дүгнээгүй, тус хуулийг зөрчсөн нь шийдвэр гаргахад нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдсон учир шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

...Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын талаарх шүүхийн шийдвэрийн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй /иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх хэрхэн дүгнэсэн эсэхэд үнэлэлт өгөх ч үүнд хамаарна/ зарчимтай, мөн давж заалдах гомдлыг хангасан эсэхийг ч дурдах шаардлагагүй.

         ...Тус шүүх хуралдааны тэмдэглэл 7 хоногийн дотор, магадлал 14 хоногийн дотор буюу хуульд заасан хугацаанд албажиж гарсан болох нь магадлалыг гардан авах талаар хэргийн оролцогчдод мэдэгдсэн буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-д 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр магадлалыг гардуулсан баримтаар нотлогдоно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5-д зааснаар шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр 3 хоногийн дотор тэмдэглэлд засвар оруулж болно, энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Агийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтийг харгалзан, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 221/Ш32024/0298 дугаар захирамжаар шүүх хуралдааны тэмдэглэлд холбогдох засварыг оруулж, хэрэгт хавсаргажээ.

Гэтэл 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр дахин тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй гэж үзэж байна. Даргалагч шүүгчийн хувьд ч энэ үндэслэлээр 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 221/Ш32024/0352 дугаар шүүгчийн захирамжийг гаргасан гэж ойлгож байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5 дахь хэсгийн зохицуулалт бол 3 хоногт багтааж, нэг л удаа засвар оруулах хүсэлт гаргах эрхийг олгосноос бус хугацаа үл харгалзан, хэдэн ч удаа тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах эрх олгосон агуулгагүй болно.

          Магадлалыг эс зөвшөөрсөн тал хуульд зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хувьд 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр магадлал гардаж авснаас нь тооцоход гомдол гаргах хугацаа 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр дуусах байсан тул хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.У-д даалгасан.

Магадлал гардуулсан баримт нь хэрэгт хавсаргагддаг тул хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас өмнө хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх нь хэргийн хөдөлгөөний стандартын дагуу хийгдэх ажиллагаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад чиглэсэн зарчмын шаардлага юм.

...Холбогдох баримтаас үзэхэд, Д.Н-ын нэхэмжлэлтэй 2 хавтас захиргааны хэргийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1/0338 дугаар албан бичгээр ... шатны шүүхэд хүргүүлсэн байх ба шүүхийн бичиг хүргэгч “2024.02.08-ны өдөр явуулсан”, ... шатны шүүх “2024.02.09 өдрийн 10:00 цагт хүлээн авсан” гэж бүртгэл хөтөлжээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-оос гаргасан, тэмдэглэл хоёр дахь удаа засвар оруулах тухай хүсэлтийг тус шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгчээс “2024.02.08-ны өдрийн 10:00 цагт” гэж бүртгэж хүлээн авчээ.

Шүүгчийн туслахын тайлбарласнаар, дээрх хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 221/Ш32024/0352 дугаар захирамжаар, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч талд утсан харилцааны хэрэгслээр мэдэгдэж, “Цагаан сар” баярын дараа буюу 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, түүнийг гардуулсан баримтыг хэрэгт нь хавсаргуулахаар Ерөнхий шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/395 дугаар албан бичгээр анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Хэргийн хөдөлгөөний менежменттэй холбоотой буюу хэрэг, хүсэлт хүлээн авч бүртгэх, программаас эрх зүйн актын дугаар авах, албажуулах, хэрэг, эрх зүйн баримт бичгийг хэргийг оролцогч, эсхүл өөр шатны шүүхэд хүргүүлэхтэй холбоотой эдгээр харилцаанд шүүгчийг хамаатуулах, хууль бус үйл ажиллагаа явуулсан мэтээр хардах нь зохисгүй гэж үзэж байна. Шүүгчийн зүгээс хэргийг шийдвэрлэхдээ шударга, хараат бус байх гэх мэт хуульд заасан аливаа зарчмыг бүрэн хангаж, хэрэгжүүлж ажилласан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ... шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б... дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дугаар захирамжаар Б... дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 1055 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Д.Н-д Б... дүүрэг, 19 дүгээр хороо, 2-р байрны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 м.кв талбай дээр 329 м.кв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 м.кв газар дээр нэмж, 329 м.кв газар Д.Н-д зохих журмын дагуу эзэмшүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг ... шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2024/0077 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.

Дээрх захиргааны хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний даргалагч шүүгч Г.М, илтгэгч шүүгч З.Г нарт холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц гомдол гаргаж, үндэслэлээ “...нэхэмжлэгчийг яриулахгүй яриаг тасалж хариуцагчийн талд байгаагаа нуулгүйгээр тайлбарлан давуу байдал олгосон, хариуцагчийн төлөөлөгчтэй харьцахдаа дууныхаа өнгийг эелдэг наалинхайтуулан энхрий хонгор дуугаар харьцаж байсан бөгөөд бидний 60 гаруй насны хүмүүстэй харьцахдаа зандрангуй маягаар харьцсан, ...шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахгүйн тулд яаралтайгаар хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлээд захирамжийн огноог зориуд худал бичсэн” гэх агуулгаар тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тухайн хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч нь хэргийн талаар илтгэж танилцуулна”, 118.6-д “Шүүх хуралдааны дэг нь илтгэгч шүүгчээс хэргийн талаар танилцуулах хүртэл энэ хуулийн 89, 90, 94, 96.1-д заасан журмаар зохицуулагдана, 118.7-д “Илтгэгч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, тодруулсны дараа нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно” гэж зааснаар ... шатны шүүх хуралдаан анхан шатны шүүх хуралдаанаас өөр дэгээр явагддаг.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны даргалагчийн эрх, үүрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т зааснаар адил тодорхойлогдох бөгөөд шүүх хуралдаан даргалагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй.

Дээрх эрхээ хэрэгжүүлж хэргийн оролцогчдоос асуулт асуух, хуулийн зохицуулалтыг тайлбарлаж таниулах, давж заалдах гомдлын үндэслэлд гаргах тайлбарыг тодруулах зэрэг нь даргалагч шүүгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаа байх тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тухайн шүүх хуралдааны бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хуралдаанд шинжлэн судалсан дуу, дүрсний бичлэгээс үзэхэд өргөдөлд дурдсан “нэхэмжлэгчийг яриулахгүй яриаг тасалж хариуцагчийн талд байгаагаа нуулгүйгээр тайлбарлан давуу байдал олгосон, хариуцагчийн төлөөлөгчтэй харьцахдаа дууныхаа өнгийг эелдэг наалинхайтуулан Д-өө гэж энхрий хонгор дуугаар харьцсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц болон түүний өмгөөлөгч нарын 60 гаруй насны хүмүүстэй харьцахдаа зандрангуй маягаар харьцсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хуралдаан эхэлсэнээс хойш шүүгчийн дуу хоолойны өнгө өөрчлөгдөөгүй, асуусан асуултаа тодруулж асуух, асуултад хариулж буй тайлбарыг зөвтгөж чиглүүлэх зэргээр харьцсан шүүгчийн харилцааг буруутгах боломжгүй, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5-д “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А-аас 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааны тэмдэглэлд хавсралтаар өөрчлөлт оруулсан, улмаар хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д “Магадлалд энэ хуулийн 123.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж заасан хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц магадлалыг гардан авсан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс тооцоход 02 дугаар сарын 08-ны өдөр дуусч байх тул хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд хүргүүлсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Д.А нараас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт дахин гаргасныг шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0352 дугаар захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5-д заасан хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, холбогдох баримтыг ... шатны шүүхэд хүргүүлснийг сахилгын зөрчилд тооцох үндэслэлгүй.

Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрхгүй талаар, давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцохгүй тул шүүгч нарыг  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй талаар илтгэгч гишүүн үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

          Ийнхүү илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ГС/2024/0044 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шатны шүүхийн шүүгч З.Г, Г.М нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

                        ДАРГАЛАГЧ                                        О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                                Х.Хашбаатар                                                                                   

                                                                                   Д.Эрдэнэчулуун