info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-04-16

Дугаар 43

Улаанбаатар хот

 

            Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

                   болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.У-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: Н.Ү нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Н.Ч-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05448 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх болон шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.У-г томилсныг албажуулсан, нэхэмжлэлд мөн өдөр иргэний хэрэг үүсгэсэн.        

        Шүүх, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр товлон зарласан. Гэвч шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас удаа дараа хойшлогджээ.

        Тодруулбал, Covid-19 халдварт өвчний улмаас дээрх шүүх хуралдаан хойшлогдож жич товлон зарлах болсон, шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02997 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан. Хариуцагч өмгөөлөгч авахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 05553 дугаар захирамжаар шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулж, зарим ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн. 

        Хариуцагчийн өмгөөлөгч К.Б шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09397 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

            Шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 12190 дүгээр захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийн оролцогч нарт захирамжид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж олгосон, хариуцагчийн өмгөөлөгч К.Б гомдол гаргасан.

            Тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 00320 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгожээ.

            Хариуцагчийн өмгөөлөгчийн “шинжээч томилж, дүгнэлт гаргуулах” тухай хүсэлтийг шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17391 дүгээр захирамжаар хангаж, шинжээчийн дүгнэлт гартал уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

        “Х” ХХК-аас 01/50 дугаар албан тоотоор дүгнэлт гаргахаас татгалзсан, шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01084 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.

        Хариуцагчийн өмгөөлөгч захирамжид гомдол гаргасан, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00052 дугаар тогтоолоор шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 17391 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, улмаар дүгнэлт гаргуулахаар шинжээчид хүргүүлсэн, шүүх шинжээчээс дүгнэлтээ хугацаанд нь гаргах талаар шаардсан ажиллагаа явуулсан.

        Шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 21511 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 25715 дугаар захирамжаар зохигч талуудын хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

        Шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29933 дугаар захирамжаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

        Шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11189 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 19265 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 20044 дүгээр захирамжаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.           

        Холбогдох шүүгч тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1.23-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.

        1. Н.Ү-гийн нэхэмжлэлтэй хэрэгт шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тул шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11189 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, энэ тухай хариуцагчийн өмгөөлөгчийн 8888..... дугаар утсаар мэдэгдэхэд тэрээр ойлголоо гэсэн, энэ талаар шүүгчийн туслах баримт үйлджээ. Улмаар шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагт хийхээр товлож, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийн 8888....., түүний өмгөөлөгчийн 8888.... дугаарын утас руу нь мэдэгдэж, мессеж илгээсэн, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч “...Б аймагт байгаа, өмгөөлөгчтэйгөө холбогдож чадахгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлжээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэжээ. Шүүх хуралдааны товыг хариуцагч, түүний өмгөөлөгчид утсаар мэдэгдэж, мессеж илгээсэн үйл ажиллагаа хуульд нийцжээ.

            Түүнчлэн Н.Ү-гийн нэхэмжлэлтэй, Н.Ч-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны дууны бичлэгт

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж, Н.Ү-гийн нэхэмжлэлтэй, Н.Ч-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулаад нарийн бичгийн дарга оролцогчдын ирцийг илтгэе гэхэд /Бичлэгийн 0:00:01-0:00:00:10/

Нарийн бичгийн дарга: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, Ц.А нар ирсэн. Хариуцагч Н.Ч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна гэв. /Бичлэгийн 0:00:21-0:00:35/

Даргалагчаас: Шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал байна уу гэхэд /Бичлэгийн 0:00:40-0:00:44/

Зохигчид: Хариу хэлээгүй.

Даргалагчаас: Хариуцагчийн хүсэлтийг уншиж танилцуулав. /Бичлэгийн 0:00:47-0:01:28/

Даргалагчаас: Хүсэлттэй холбогдуулан тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:01:47-0:01:50/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А: Энэ шүүх хуралдаан нэхэмжлэл шүүхэд ирснээс хойш маш удаан хугацаанд үргэлжилж байна. Хариуцагч талын хүсэлтээр удаа дараа хойшлогдож байсан. Хурлын тов мэдэгдсэн байхад хөдөө байна хүрэлцэн ирэх боломжгүй байна гэдэг. Хүндэтгэн үзэх шалтгаан тодорхойгүй тул шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийх хүсэлтэй байна. Хойшлуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв. /Бичлэгийн 0:01:51-0:02:42/

Даргалагчаас: Хариуцагчийн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлая гэв. /Бичлэгийн 0:02:52-0:02:56/

Даргалагчаас: Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагч Н.Ч-гийн хүсэлт үндэслэлгүй учир хүсэлтийг хангахгүй орхиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлж хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх шаардлага байгаа учраас шүүх хуралдааныг хойшлууллаа. Мөн шийтгэвэр гарч байна. Өмгөөлөгч К.Б, хариуцагч Н.Ч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар тус тус 100,000 төгрөгөөр торгож байна. Үндэслэлийг нь танилцуулъя. 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, сэргээсэн талаар мэдэгдсэн. Ойлголоо гэх утсаар ярьсан тэмдэглэл байгаа. Нэхэмжлэгч талыг төлөөлж өмгөөлөгч А ирж хэргийн материалтай танилцсан. Хариуцагч талаас ирээгүй. Хэргийн материал, шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй. Хэргийн материалтай танилцаагүй байдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх талтай хэрвээ хариуцагч талын эсрэг шийдэгдлээ гэж бодоход магадгүй нэхэмжлэгч талын эсрэг шийдэгдлээ гэж бодоход давж заалдах шатны шүүх дүгнэхдээ талууд мэтгэлцэх боломжгүй байсан. Хэрэгтэй танилцаагүй байхад хэргийн шийдвэрлэсэн гэх асуудал яригдана. Өмгөөлөгчид бол ойлгож байгаа байх. Нэхэмжлэгч Н.Ү миний ярьж байгааг ойлгож байгаа юу. Иймд энэ удаа хэргийн материалтай танилцуулах шаардлага бодитой байгаа учраас хуралдааныг хойшлуулж, танилцаагүй удсан учраас ажиллагаанд саад учруулсан гэж үзээд торгож байгаа. Шийтгэвэрт өнөөдрөөс хойш 10 хоногийн хугацаанд гомдол гаргах эрхтэй. Шийтгэвэр гарсан талаар өнөөдөр өмгөөлөгч болон хариуцагч нарт мэдэгдэнэ. Шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 13 цаг 30 минутад товловол болох уу гэхэд /Бичлэгийн 0:03:37-0:04:29/

Нэхэмжлэгч талаас: Болно гэв /Бичлэгийн 0:04:30/ гэсэн нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-т “Зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ”, 22.2.-т “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн” гэж заасан ба хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.3, 25.2.4-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх,  шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. 

Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5.-т зааснаар өмгөөлөгч нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээснийг өмгөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн боловч хэргийн материалтай танилцаагүй, эдгээрт хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр шүүх мөнгөн торгууль оногдуулсан байх ба энэ тухайгаа шүүх хуралдаанд танилцуулжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.-т заасан “Хуульд зааснаар торгууль оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гарган зөрчил гаргасан этгээдийг зуун мянга хүртэл төгрөгөөр торгоно” гэснийг  зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

2. Хариуцагч талд хэргийн материал танилцуулж, эрхийг нь хангах зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгчийн захирамжаар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан, хариуцагч 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “...өмгөөлөгч Хэнтий аймагт шүүх хуралтай” гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргажээ.

Шүүх “өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх хүндэтгэн үзэх шалтгааны талаар тодорхой баримтгүй” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй, харин нэхэмжлэгчийн “...шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 34.4.5.-т зааснаар өмгөөлөгч нь  хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй. Дээр дурдсанаар хариуцагчийн өмгөөлөгч дуудсан хугацаанд шүүхэд ирж, хэргийн материалтай танилцдаггүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй, энэ тохиолдолд шүүгчийг торгууль ногдуулсан шийтгэврийг танилцуулаагүй гэж  үзэх нь учир дутагдалтай. 

Шүүгч мөнгөн торгууль оногдуулах болсон үндэслэл, гомдол гаргах хугацааг шүүх хуралдааны танхимд танилцуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэснээс үзвэл шийтгэврийг гардан авснаар гомдол гаргах хугацааг тоолохоор хуульд тусгайлан зохицуулаагүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шийтгэврийг бичгээр албажуулах хугацааг нарийвчлан заагаагүй байна.

Өмгөөлөгч шийтгэврийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн гэх гомдол гаргасныг шүүх хянан шийдвэрлэсэн байх тул шүүгч “…хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэхгүй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар торгууль оногдуулсан шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргаж болох ба өмгөөлөгч К.Б 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан, шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 25300 дугаар захирамжаар гомдол гаргах хугацааг сэргээсэн. 

... шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолоор мөнгөн торгууль оногдуулах тухай шийтгэврийг хэвээр үлдээхдээ “...хариуцагч, түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүйгээс шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болсон, ...торгуулийн арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй” гэж үзсэн ба шийтгэвэр хүчин төгөлдөр болжээ.  

4. Хариуцагч, түүний өмгөөлөгчид мөнгөн торгууль оногдуулах шийтгэврийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, танилцуулсан нь шүүх хуралдааны дууны бичлэгээр тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т зааснаар шүүгчийн туслах нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүрэгтэй ба шийтгэврийн тогтоох хэсгийн 3-т “шийтгэврийг хариуцагч, түүний өмгөөлөгчид танилцуулахыг шүүгчийн туслах Э.А-т даалгасан, тэрээр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгджээ. Иймд шүүгчийг шийтгэврийг танилцуулаагүй гэж буруутгах боломжгүй.

Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... шүүхийн  Б.У-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа “...“...Н.Ү-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ч-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутад хэлэлцэхээр товлосон бөгөөд хариуцагч талаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.З-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Талуудын маргааны зүйлийн талаар дүгнэлт гаргуулахаар “А” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилснаар, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 03-ы өдрийн 000/Ш32023/11189 дүгээр захирамжаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчид мөн өдөр 8882.... дугаарын утас руу холбогдож мэдэгдсэн.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилж, ажиллагаа сэргээснийг мэдсэн боловч хэргийн материалтай танилцаагүй бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгааныг илэрхийлсэн баримт авагдаагүй.

Улмаар, хариуцагч талд хэргийн материал танилцуулах буюу эрх, үүрэг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлахгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах нөхцөл байдал үүссэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Хуульд зааснаар торгууль оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гарган зөрчил гаргасан этгээдийг зуун мянга хүртэл төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан, хариуцагч Н.Ч, түүний өмгөөлөгч К.Б нарыг тус тус 100,000 төгрөгөөр торгож, шийтгэвэр ногдуулсан.

Шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч болон өмгөөлөгчийг торгосон бус хэргийн материалтай танилцаагүйгээс шүүх хуралдаан хойшлоход хүрэх нөхцөл байдал бий болсон, уг үйл явдал шүүх хуралдаан дээр илэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг баримтлан, хариуцагч болон өмгөөлөгчийг торгох үндэслэл тогтоогдсон гэж үзсэн.

Ийнхүү хариуцагч тал хэргийн материал танилцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамж гарахын сацуу хариуцагч, түүний өмгөөлөгчийг торгосон шийтгэврийг шүүхийн танхимд уншиж танилцуулсан.

Өмгөөлөгч К.Б хэргийн материалтай танилцах үед 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 000/ШВ2023/00044 дугаартай шийтгэвэр хэрэгт авагдаагүй байсан талаар үгүйсгэхгүй. Тухайн үед ажиллаж байсан шүүгчийн туслах Э.А болон шүүгч миний хувьд ачааллаас шалтгаалж ийм байдалд хүрсэн билээ.

Шийтгэврийг хариуцагч болон өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргах эрхээр хангагдсан буюу гомдол гаргах хугацааг шүүх сэргээж, шийтгэвэрт гаргасан гомдлыг тус шүүх хэлэлцэж, шийтгэврийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Тус шүүх дээр хянагдаж буй хэрэг, нэхэмжлэл ихэссэн ачаалалтай байгаа цаг үеийг харгалзан үзэхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч К.Б-аас ... шүүхийн шүүгч Б.У-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ГЗҮ/2024/0019 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

1. Өргөдөл гаргагчаас “... Н.Ү нь Н.Ч-д холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасныг ... шүүх хүлээн авч, шүүгч Б.У иргэний хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг хийсээр өнөөдрийг хүрсэн” гэжээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулсан байдаг.

Иргэн Н.Ү-гээс Н.Ч-д холбогдуулан гаргасан “...41,523,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүгч Б.У хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШЗ2020/19051 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч тухайн иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зохигчдын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зэрэг хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх ба шүүгчээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

2. Өргөдөл гаргагч “...Өмгөөлөгч миний бие болон хариуцагч Н.Ч нарын хувьд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, (миний хувьд хурлын товийг мэдэх боломжгүй байсан) шүүх хуралдааны явцад торгууль оногдуулж болох ямар нэг зөрчил гаргаагүй байхад шүүгч Б.У нь үндэслэлгүйгээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг зөрчиж шүүх хуралдааны явцад зөрчил гаргасан мэтээр 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, улмаар өмгөөлөгчөөс гомдол гаргасан хойно шийтгэврийг нөхөж бичсэн зэрэг зөрчлийг гаргаад байна” гэжээ.

 Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 000/ШЗ2022/25715 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  түдгэлзүүлсэн байх бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШЗ2023/11189 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, энэ талаар 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхээс зохигч нарт мэдэгдсэний дагуу тухайн өдөр  нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан байна. 

Шүүхээс тухайн хэргийг хянан шийдвэрлэх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутад явуулахаар товлон хуралдааны товыг хариуцагч Н.Ч-д утсаар мэдэгдэхэд “за ойлголоо” гэх хариуг өгсөн болон түүний өмгөөлөгч К.Б-ы утас руу тов мэдэгдсэн мессеж бичсэн тухай тэмдэглэлийг шүүгчийн туслах үйлдэж баримтжуулсан байна.

2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүгчийн туслахын мэйл хаягт хариуцагч Н.Ч-гээс... хөдөө Б... аймагт байгаа, өмгөөлөгчтэйгөө холбогдож чадахгүй байгаа тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ.   

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, Ц.А нар оролцож, хариуцагч Н.Ч, түүний өмгөөлөгч  К.Б нар оролцоогүй байх бөгөөд тухайн өдрийн 000/ШЗ2023/19265 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 000/ШВ2023/00044 дугаартай шийтгэврээр хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарыг тус тус 100.000 төгрөгөөр торгожээ. 

Тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...хариуцагч Н.Ч-гийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулан, шүүгчийн шийтгэврээр хариуцагч Н.Ч болон хариуцагчийн өмгөөлөгч К.Б нарыг тус тус 100,000 төгрөгөөр торгож, эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй” гэж дурдсан байна.

Мөн шүүх хуралдааны бичлэгт даргалагч шүүгчээс “..хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх шаардлага байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулж байгаа болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарт 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаар болон тухайн шийтгэврийн үндэслэлээ ...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, сэргээсэн талаар мэдэгдсэн. Ойлголоо гэх утсаар ярьсан тэмдэглэл байгаа. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Г.А ирж хэргийн материалтай танилцсан. Хариуцагч талаас ирээгүй. Хэргийн материал, шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй. Хэргийн материалтай танилцаагүй байдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй” гэж хэлсэн нь бичигджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар торгууль оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гарган зөрчил гаргасан этгээдийг зуун мянга хүртэл төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шүүгч хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарыг шүүхээс мэдэгдэхэд хэргийн материал, шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй гэж дүгнэн торгох шийтгэл оногдуулсан нь шүүгчийг сахилгын шийтгэл гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Тодруулбал, шүүгч зохигч, хэргийн оролцогчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзвэл торгох шийтгэл оногдуулах нь түүнд хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах тул дээрх шийтгэвэрт Сахилгын хороо үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй.

Түүнчлэн тухайн шийтгэврийг үндэслэлгүйгээр оногдуулсан гэж үзвэл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байдаг бөгөөд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар дээрх шийтгэвэрт гомдол гаргаж шийдвэрлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

3. Өргөдөл гаргагч “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэргийн материалтай танилцах үед шүүх хуралдааны тэмдэглэлд 100,000 төгрөгөөр торгох тухай бичигдсэн байснаас бус шүүгчийн шийтгэвэр бичгээр гараагүй, ямар үндэслэлээр шийтгэвэр ногдуулж байгаа нь тодорхойгүй байсан болно.” гэжээ.

Энэ талаар холбогдох шүүгч “...Өмгөөлөгч К.Б хэргийн материалтай танилцах үед 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 000/ШВ2023/00044 дугаартай шийтгэвэр хэрэгт авагдаагүй байсан талаар үгүйсгэхгүй. Тухайн үед ажиллаж байсан шүүгчийн туслах Э.А болон шүүгч миний хувьд ачааллаас шалтгаалж ийм байдалд хүрсэн билээ. Шийтгэврийг хариуцагч болон өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргах эрхээр хангагдсан буюу гомдол гаргах хугацааг шүүх сэргээж, шийтгэвэрт гаргасан гомдлыг тус шүүх хэлэлцэж, шийтгэврийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн” гэх тайлбарыг гаргасан. 

Дээрх тайлбараас үзвэл хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарт торгох шийтгэл оногдуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 000/ШВ2023/00044 дугаартай шийтгэвэр нь хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэргийн материалтай танилцахад хэрэгт авагдаагүй гэх өргөдөл нь үндэслэлтэй хэдий ч дээрх үйл баримтаар шүүгчийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 89.3.2-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх” гэж заасан. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 000/ШВ2023/00044 дугаартай шийтгэврийн 3 дахь хэсэгт шийтгэврийг хариуцагч, түүний өмгөөлөгчид танилцуулахыг шүүгчийн туслах Э.А-т даалгасан байх ба тухайн шийтгэврийн танилцуулах үүргээ шүүгчийн туслах хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 Мөн шүүгчийн туслах Э.А нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

4. Өргөдөл гаргагч “... Шүүгчийн шийтгэврийг эс зөвшөөрч холбогдох баримтууд болох гадаад паспортын хуулбар, хилээр орсон гарсан талаарх баримтыг хавсарган гомдол гаргасныг Б... дүүргийн Ерөнхий шүүгч тэргүүтэй шүүгч нар 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн гаргасан шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. ...өмгөөлөгч миний бие шүүгч Б.У-гийн гаргасан гэх 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 000/ШВ2023/00044 дугаартай шийтгэврийг огт хараагүй, танилцаагүй ...хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилж, ажиллагаа сэргээснийг мэдсэн боловч хэргийн материалтай танилцаагүйгээс шүүх хуралдаан хойшилсонд хүндэтгэх шалтгаан тогтоогдсонгүй гэж тодорхойлон улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар торгосон тухай шийтгэврийг өөрийн дураар нөхөж хийсэн байна. (Энэ нөхцөл байдлыг гомдлыг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй, шүүгчийн оногдуулсан шийтгэвэр хуульд нийцэж байгаа эсэхийг харгалзан үзсэнгүй)” гэж дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

Хариуцагчийн өмгөөлөгч К.Б-аас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус шийтгэврийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байх бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний дүгээр сарын 000/ШЗ2023/25300 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн шийтгэвэрт гомдол гаргах хугацааг сэргээж, тус гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, 000/ШТ2024/00032 дугаар шүүхийн тогтоолоор 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 000/ШВ223/00044 дүгээр шийтгэврийг хэвээр үлдээн өмгөөлөгч К.Б-ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн тогтоол нь эцсийн шийдвэр бөгөөд Сахилгын хороонд шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, тогтоолд хууль зүйн дүгнэлт өгөх эрх хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

                 Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Б.У-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ГС/2024/0041 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Б.У-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

    

 ДАРГАЛАГЧ                                         Д.АРИУНТУЯА

  ГИШҮҮД                                                   Б.СУГАР  

Д.ЭРДЭНЭЧУЛУУН