info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-04-16

Дугаар 44

Улаанбаатар хот

 Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д., шүүгч Г.Т нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв. 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2024/0043 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... 1. Шүүгч Г.Т-ын тухайд:

Хариуцагч С.О-т 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа шүүх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “... Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” болохыг тайлбарлажээ. Түүнчлэн шүүх нотлох баримтыг хэрхэн цуглуулах, шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэйг, шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах үр дагавар зэргийг тус тус тайлбарлан шүүхийн “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай” баримтад гарын үсэг зуруулсан байна.

Улмаар хариуцагч С.О 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д.С-ыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 12-13 дугаар зүйл, 22 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх буюу өөрийг нь төлөөлөн үйлдэл хийх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно”, мөн зүйлийн 32.2 дахь хэсэгт “төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна”, мөн зүйлийн 32.5 дахь хэсэгт “өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ”, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна”  гэж, мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж тус тус заасан.

Шалгах ажиллагааны явцад иргэний хэрэгт үзлэг хийхэд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “төлөөлөгч өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж зааснаар шүүхэд өгсөн нь иргэний хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан байв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С болон хариуцагч С.О нар шүүхээс товлосон 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай” хүсэлт бичгээр гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/15049 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.

Тухайн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С оролцож, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Хуулийн уг заалт нь хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх, нэхэмжлэгч тал хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байх шаардлагыг хангасан байхыг шаарддаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх  хуралдаан хэзээ болохыг мэдсэн бөгөөд холбогдох баримтад гарын үсгээ зурсан, хүндэтгэн үзэх шалтгаантай ирэх боломжгүй талаар ямар нэгэн баримт, хүсэлт шүүхэд ирүүлээгүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байсан байна.

Шалгах ажиллагааны явцад шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “20230915-101408705” нэртэй бичлэгийн 02 минут 51 секундэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ирцтэй холбоотойгоор тов мэдэгдсэн боловч ирээгүй байна, ингээд явъя...” гэж хэлсэн нь бичигджээ. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж зааснаас үзэхэд мэтгэлцэх зарчим зөвхөн шүүх хуралдааны явцад бус харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих юм.

Хариуцагч С.О нь сайн дурын үндсэн дээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.С-т итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж буй нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж зааснаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрх нь нээлттэй байсан. Уг хүсэлтийг шүүх хязгаарлахгүй бөгөөд хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгч талаас нэгэнт хариуцагчийн эзгүйд  хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авсанд шүүгч Г.Т-ыг “хариуцагчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан” гэж буруутгах үндэслэлгүй байна.

Мөн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/15049 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн оролцогчид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг олгосон байх тул шүүгчийг хариуцагч талын өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

1.2. Шалгах ажиллагааны явцад шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “20230915-101408705” нэртэй бичлэгийн 04 минут 33 секундээс даргалагч шүүгч Г.Т хариуцагч С.О-ийг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг уншиж, бичлэгийн 06 минут 18 секундээс хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж эхэлж байх явцдаа бичлэгийн 09 минут 02 минутаас даргалагч “...хариуцагчийн хариу  тайлбар, .... банк дахь О-ийн 5000930....   дугаар дансны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга байна...” гэж тус тус хэлж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус зааснаар шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу өөрийн дотоод итгэлээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзлээ

     2. Ерөнхий шүүгч Д.Д-гийн тухайд:

2.1. Хариуцагч С.О нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цаг 10 минутад 00002 дугаарт бүртгэн авсан байна.

Хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн хариуцагч С.О-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан 183/ШТ2024/00044 дүгээр тогтоол гарчээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гээд 179.1.1-179.1.3-т заасан үндэслэлүүдийг хуульчилсан байна.

          Монгол Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 35-д “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл" гэдгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх үед зохигч, гуравдагч этгээд буюу тэдний төлөөлөгчид, өмгөөлөгчид мэдээгүй, мэдэх боломжгүй байсны улмаас шүүхэд гаргаж өгөөгүй, түүнийг бүрдүүлэх талаар хүсэлт тавиагүйн улмаас шүүх хуульд заасны дагуу гаргуулж аваагүйгээс шалтгаалан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд мэдэгдээгүй бөгөөд мэдэгдэх боломжгүй байсан, тухайн хэргийн хувьд шинэ нөхцөл байдал тогтоосон нотлох баримт шүүхийн шийдвэр гарсны дараа илэрч мэдэгдсэнийг ойлгоно. Энэ нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, анхан шатны журмаар зайлшгүй дахин хянан хэлэлцэхэд хүргэхээр шинжтэй байна...” гэж тайлбарлажээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүх хуралдаанд биечлэн оролцон “Шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай” баримтад гарын үсэг зурсан боловч тухайн товлогдсон 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй үйл баримт нь Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

          Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхыг саналаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт “хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхын саналаар шийдвэр гаргана” гэж тус  тус зааснаар шүүх бүрэлдэхүүний  шүүгч нар олонхын саналаар хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоол гаргасан байх бөгөөд Ерөнхий шүүгч Д.Д  нь тухайн хүсэлтийг дангаар шийдвэрлээгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна.     

          2.2. Шалгах ажиллагааны явцад дээрх хүсэлт хэлэлцсэн шүүх хуралдааны дуу-дүрсний “20240111-101347887” гэх нэртэй бичлэгийг нээхэд даргалагч “Д.Г-ын нэхэмжлэлтэй, С.О-т холбогдох тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2787 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг хэлэлцэнэ” гэснээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирц танилцуулж байна.

          Бичлэгийн 05 минут 10 секундээс даргалагч шүүх хуралдааны дэгийг танилцуулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар тус бүр “ойлголоо” гэв. Даргалагч шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэрлэн танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч “байхгүй”, харин хариуцагч “татгалзахгүй” гэж тус тус хариулж байна.

          Хариуцагч С.О-ийн хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусан, хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай бөгөөд тухайн хүсэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй тул шүүх хуралдаанаар хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлах шаардлагагүй байдаг.

          Мөн тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон иргэний хавтаст хэргээс үзэхэд хариуцагч С.О нь хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд ...  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д, шүүгч Г.Т нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул тэдэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний ГС/2024/0043 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хуралдаанаар хэлэлцэж, үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн дүгнэн тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч С.О Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан буюу тодруулбал ... эрх, үүрэг эдлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр  Д.С-ыг томилсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Д.С 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд оролцон, өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү хариуцагч тал шүүх хуралд оролцон дараагийн шүүх хуралдааны товыг мэдсэн, тов мэдэгдсэн баримтад гарын үсгээ зурсан байх бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй талаар ямар нэгэн баримт, хүсэлт шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж шүүгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.

100.4.Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ;

100.5.Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно гэж тус тус заасанд нийцсэн байх тул холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн, шүүгч Г.Т  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар Д.Г-ын нэхэмжлэлтэй, С.О-т холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул холбогдох шүүгчийн гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих, түүнд дүгнэлт хийх эрх Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй гэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэв.

          Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхыг саналаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт “хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхын саналаар шийдвэр гаргана” гэж тус тус зааснаар хүсэлтийг хянан хэлэлцэж, шүүхийн тогтоол гаргасан байх бөгөөд Ерөнхий шүүгч Д.Д нь тухайн хүсэлтийг дангаар шийдвэрлээгүй байна.

          Иймд Ерөнхий шүүгч Д.Д-г  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бүрэлдэхүүний нэг шүүгч шүүхийн шийдвэр, тогтоолд нөлөөлсөн гэж тодорхойлох боломжгүй.

          Иймд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д, шүүгч Г.Т нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж бүрэлдэхүүн үзлээ

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д, шүүгч Г.Т нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

         ДАРГАЛАГЧ                          Б.СУГАР

                              ГИШҮҮН                                 Д.АРИУНТУЯА       

                                                                               Д.МЯГМАРЦЭРЭН