info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-04-09

Дугаар 40

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Н, холбогдох шүүгч Э.Л-г оролцуулж, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг байлцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А нь ...давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Л-д холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2024/...7 дугаар захирамжаар шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ГС/2024/...6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “Шүүгч Э.Л нь “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн ...анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ....3 дугаар шийдвэр, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ...3 дугаар захирамж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ....6 дугаар захирамж, тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ....1 дүгээр шийдвэрт зохигч талуудын гаргасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцсон нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Холбогдох шүүгч дээрх захиргааны хэргүүдийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.  

1. Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтаас үзвэл, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-ын өргөдлөөр ...анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-д 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр сахилгын хэрэг үүсгэсэн.

Тэрээр тус шүүхийн шүүгч Ц.О, ...давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Л нарт холбогдуулан дахин өргөдөл гаргасанд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн ба дээрх сахилгын хэргүүдийг нэгтгэн шалгаж, нотлох дүгнэлт үйлджээ. 

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ...6 дугаар магадлалаар нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч Ц.О, Э.Л нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба магадлалаар тогтоогдсон үйл баримт энэхүү сахилгын хэрэгт хамааралтай тул дурдах нь зүйтэй  гэж үзлээ. Үүнд:

1. “Т” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ...8 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасанд ...анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба уг хэрэгт “Б” ХХК гуравдагч этгээдээр оролцжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ...2 дугаар тогтоолоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай  гуравдагч этгээд “Б” ХХК хүсэлт гаргасныг тус шүүх хэлэлцээд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ...//ШТ2021/...8 дугаар тогтоолоор ...2 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр заасан, уг хэргийг шүүгч Ц.О нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн .../ШШ2021/...01 дүгээр захирамжаар “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч, биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ...5 дугаар захирамжаар 2018 оны ...8 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо шүүхийн 2019 оны .../ШШ2019/...2 дугаар тогтоолыг үндэслэл болгосон байна.

3.“Б” ХХК-ийн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох 4 шаардлага бүхий нэхэмжлэлд ...анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ....3 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасан, ...давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн .../МА2016/...1 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан, энэхүү шүүх хуралдааныг шүүгч О.Н даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Д.Б, Э.Л нар оролцжээ.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ...6 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нийслэлийн Засаг даргын 2006 оны ...8 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ...анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ....6 дугаар захирамжийг ...давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ...50 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Э.Л оролцсон гэжээ.

Шүүгч Э.Л-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Сахилгын хороо “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д зааснаар шүүгч нь бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах бүрэн эрхтэй бөгөөд хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “шүүх хамтын зарчмаар хэрэг маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй. Тухайн хэрэг маргааныг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд шүүгч Э.Л тусгай санал гаргасан бол энэ тухайгаа бичгээр гаргаж хэрэгт хавсаргах бөгөөд тэрээр тусгай саналыг хэргийн оролцогчдод танилцуулах үүрэггүй тул хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.  

...давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ...50 дугаар тогтоолтой холбогдуулан өмнө гаргасан өргөдлөөр шүүгч Э.Л-д сахилгын хэрэг үүсгэн шалгаж, улмаар сахилгыг хэргийг хэрэгсэхгүй болгосон, сахилгын хорооны магадлал хүчин төгөлдөр байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2-т зааснаар энэ асуудлаар дахин дүгнэлт хийх  шаардлагагүй, өргөдлийн 3-т дурдсан гомдол шийдвэрлэсэн гэж үзнэ.

...анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ...3 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн  Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Т” ХХК-д 140.0 га газар нууцаар олгосон 2011 оны ...8 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд нэхэмжлэгч тал гомдол гаргасан.

Гомдлыг ...давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээсэн ба шүүгч Э.Л шүүх бүрэлдэхүүнд оролцсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тул хууль хэрэглээ болон нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагаа нь сахилгын зөрчилд тооцогдохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.

Иймд өргөдлийн 1, 2-т дурдсан буюу хэргийг шийдвэрлэхдээ хийсэн шүүхийн дүгнэлттэй холбоотой асуудал нь сахилгын зөрчилд хамаарахгүй болно.

2. ...анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ....6 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ...8 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан талаар дээр дурдсан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргасан, ...давж заалдах шатны Ерөнхий шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ...3 дугаар захирамжаар гомдлыг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Л, Н.Х /илтгэгч шүүгч/ даргалагчаар шүүгч С.М-ыг томилсон шийдвэрийг албажуулжээ.

...давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцээд ...50 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч тал шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 74 дүгээр зүйлийн 74.3-т “давж заалдах журмаар хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгчийн захирамжид гарсан гомдлыг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн хуульд заасан журмын дагуу томилогдсон байна.

...анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ....1 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ...9 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Б” ХХК, хариуцагчийн өмгөөлөгч А.З нар давж заалдах журмаар гомдол гаргасан, хэргийг  2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж шатны шүүхэд хүргүүлсэн байна.  

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ...2 дугаар захирамжаар давж заалдах гомдол хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Х, Э.Л /илтгэгч шүүгч/ нарыг, даргалагчаар Ерөнхий шүүгч Д.Б-г томилсон шийдвэрийг албажуулжээ.

Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...1 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлож, хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн, мөн өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон байна. 

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг удирдлага болгон Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Х, Э.Л /илтгэгч шүүгч/ нарыг, даргалагчаар А.С-ийг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0083 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Х, Э.Л /илтгэгч шүүгч/ нарыг, даргалагчаар Т.Э-г томилсон шийдвэрийг албажуулжээ.

Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ...9 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан тул 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ....72 дугаар тогтоолоор хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдаан мөн хойшлогджээ.

Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ...09 дүгээр захирамжаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан. 

“Б” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сахилгын хороонд гомдол гаргасан үндэслэлээр шүүгч Э.Л-ээс татгалзсан, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ...8 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, үүнтэй уялдан хэргийг шийдвэрлэх өөр шүүх бүрэлдэхүүн томилогдсоныг албажуулсан байна.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөр хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасан нийтлэг  журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг баталсан.

Дээрх захиргааны хэргүүд ...давж заалдах шатны шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилагдсан бөгөөд хэрэг шүүгч Э.Л-д санамсаргүй, тохиолдлоор тойргийн зарчмаар программаас хуваарилагдсан, ийнхүү хуваарилагдсаныг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр албажуулсан нь тогтоогдож байна.

Аливаа хэрэг маргааныг хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг дээрх журмын дагуу томилох бөгөөд шүүгч өөрийн хүсэлтээр хэрэг хүлээн авах, шүүх бүрэлдэхүүнд оролцох боломжгүй,  ийм байдал тогтоогдоогүй тул өргөдлийн 4-т заасан  “…Э.Л дахин илтгэгч шүүгчээр оролцохоор улайрч байна” гэх гомдол үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай  хуулийн 50 дугаар зүйлийн  50.1.23, 51 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ...давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Л-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

   Шүүгч Э.Л тайлбартаа: “Тус компанийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох 4 шаардлага бүхий захиргааны хэргийг анх ...анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ....3 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг ...давж заалдах шатны шүүхийн мөн оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж ...1 дүгээр магадлал гаргахдаа нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан. Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ...6 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасны дагуу дээрх магадлалыг миний бие дангаараа бус гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар шүүх бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэсэн.

1. Гомдолд илтгэгч шүүгчийн хувьд энэхүү магадлалын төслийг бичсэнтэй холбогдуулан “...илэрхий худал дүгнэлт хийсэн...” гэж буруутгадаг, энэ талаараа ч удаа дараагийн шүүх хуралдаанд хэлдэг.

Гэтэл дээрх магадлал Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны ...6 дугаар тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсноос гадна нэхэмжлэгч “Б” ХХК-д эзэмшүүлсэн 25 га, гуравдагч этгээд “Т” ХХК-д эзэмшүүлсэн 140 га газрын байршил, давхцал, эзэмшүүлсэн цаг хугацаа, хамрах хороодын нутаг дэвсгэрийн хил зэрэгт хийсэн дүгнэлтийг“...буруутгах, үүнээс өөрөөр дүгнэх боломжгүй байна...” гэж Улсын дээд шүүхийн тогтоолд дүгнэсэн.

Мөн тогтоолд “...маргаж буй байршилд нэхэмжлэгчид эрх үүсэхээс өмнө гуравдагч этгээд хууль ёсоор газар эзэмшиж байсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын холбогдох захирамжуудад заагдсан газрын байршил өөр байгааг нотлох баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болно. ...“Б” ХХК нь өөрт заагдсан байршлаас өөр газарт буюу гуравдагч этгээдийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газартай давхцуулан маргаан үүсгэсэн гэж үзэхээр байна. ...цаг хугацааны хамаарлаар маргаан бүхий байршилд газар эзэмших эрх нэхэмжлэгчээс өмнө гуравдагч этгээдэд үүссэн. Газрын мэдээллийн санд нэгж талбар нь түрүүлж бүртгэгдсэн... давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн...” гэх зэргээр дүгнэсэн байдаг.

Иймд магадлалаар биш Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн маргааны тухайд хийсэн дүгнэлттэй холбогдуулж миний биеийг буруутгаж буй нь ойлгомжгүй, эсрэгээрээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” билээ.

З. Процессын хувьд дээрх хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, мөн “Т” ХХК-д 140 га газар анх олгосон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5...8 болон 2011 оны ...8 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцүүлэх, түүнчлэн “Б” ХХК-д 25.0 га газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны ...9 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2023 оны ...1 дүгээр шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд илтгэгч болон бүрэлдэхүүний шүүгчээр томилогдсонд миний бие ямар ч оролцоогүй, оролцох ч боломжгүй. Өөрөөр хэлбэл эдгээр нь нэхэмжлэл, хэрэг, гомдол хуваарилах журмын дагуу санамсаргүй тохиолдлоор тойргийн зарчмаар программаас хуваарилагддаг төдийгүй хуульд заасны дагуу шүүх бүрэлдэхүүн, даргалагч шүүгчийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулдаг болно.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах” нь шүүгчийн нийтлэг бүрэн эрх бөгөөд энэ хүрээнд гаргасан тусгай саналтай холбогдуулан “Б” ХХК-иас өмнө Сахилгын хороонд гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

5. 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.4-т “анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон” тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр журмын дагуу надад хуваарилагдсан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох, анхан шатны шүүхийн мөн оны ...1 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх илтгэгч шүүгчийн хувьд хуульд заасан татгалзах үндэслэл үүсээгүй.

Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3..6 дугаар тогтоолд дээрх хуулийн “уг хэргийг” гэдгийг “өмнө нь тухайн шүүгчийн шийдвэрлэсэн болон шийдвэрлэхэд оролцсон нэг индекстэй хэргийг ойлгоно” гэж тайлбарласан, ийнхүү тайлбарлах болсон дэлгэрэнгүй үндэслэлээ “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “захиргааны хэрэг” гэх ойлголт нь агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тодорхойлогдох, тодорхой этгээдүүдийн хооронд үүссэн нэг маргаан бөгөөд хэлбэрийн хувьд нэхэмжлэлийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэснээр хэргийн индекс авч дугаарлагдсан нэг хэргийг илэрхийлнэ. Иймд нэг индекс бүхий анхан болон давж заалдах, хяналтын шатаар хянан хэлэлцэх тохиолдолд нэг шүүгч шат шатанд оролцож болохгүй буюу “өөрөө өөрийнхөө шийдвэрийг хянахгүй” зарчим үйлчилнэ...” гэж тодорхойлжээ.

2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэгч шүүгч миний биеэс гомдол гаргагч татгалзсан боловч шүүх бүрэлдэхүүний 2 шүүгч дээрх тайлбарт үндэслэж татгалзлыг хүлээн аваагүй, үүнтэй холбогдуулж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаныг Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 209 дүгээр захирамжаар мөн хүлээн аваагүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Миний хувьд журмын дагуу хуваарилагдсан гомдол, шийдвэрийг хуульд заасан хугацаанд товлож шийдвэрлэх үүрэгтэй болохоос бус гомдолд дурдсанчлан хэргийг шийдвэрлэхээр улайрсан зүйлгүй, мөн хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тохиолдол үүсээгүй, харин давж заалдах шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1...8 дугаар тогтоолоор “сахилгын хороонд гомдол гаргасан” гэсэн үндэслэлээр татгалзлыг хүлээн авсан болно” гэжээ.

Шүүгч Э.Л сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийн зүгээс 2014 оноос маргаан нь захиргааны шүүхээр хянагдаж байгаа. Энэ хүрээнд би давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээр, илтгэгч шүүгчээр, шүүх хуралдаан даргалагчаар оролцож байсан...

Ер нь бол нөгөө талд үйлчлээд байна, өмнө нь маргааныг шийдвэрлэсэн учраас одоогийн хэрэг маргаанд татгалзах үүрэгтэй байтал татгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэх гээд улайраад байна гэж хардах эрхийнхээ дагуу гомдол гаргадгийг би ойлгож байна.

Гэвч хуульд татгалзах үндэслэлийг хуульчилсан бөгөөд шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэлийг Улсын дээд шүүхээс тайлбарлачихсан байгаа. Хуульд анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон тохиолдолд татгалзана гэж заасан байдаг. Би хуулийн дагуу татгалзахгүй тохиолдолд хэрэв би татгалзах юм бол сахилгын зөрчил гаргасан тооцогдох юм...

Хуулийн холбогдох заалтууд, Улсын дээд шүүхийн тайлбараас үзэхэд би өөрөө “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргүүдэд татгалзах үүрэг хүлээнэ гэсэн ойлголт байхгүй байна.

Мөн шийдлийн тухай яригддаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг би дангаараа гаргадаггүй, хуулиараа гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хамтын шийдвэр гаргадаг. Харин илтгэгч шүүгчээр оролцсоны хувьд хуулийн дагуу магадлалын төсөл бичсэнийг бүрэлдэхүүн хянаж, албажуулж байсан. Өмнө ч гэсэн Сахилгын хороонд гаргаж байсан өргөдөл, шат шатны хуралдаанд тайлбарлаж байсан...

Давж заалдах шатны шүүхийн 2016 оны ...1 дүгээр магадлалыг Улсын дээд шүүхийн 2016 оны 216  дугаар тогтоолоор хянасан ба энэ нь хуульд зааснаар эцсийн шийдвэр юм. Уг шийдвэрээр намайг буруутгаад байгаа “зохиомлоор бичсэн” гэх үндэслэлийг үндэслэлтэй, үүнээс өөрөөр шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байдаг...

Хуулиар татгалзан гарах үүрэг хүлээгээгүй, шүүгчийн зүгээс боломж байхгүй, мөн шүүх бүрэлдэхүүнд оролцсон, илтгэсэн, даргалсан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй газрын маргааны хувьд би захиалаад оролцсон зүйл байхгүй. Хэрэг, нэхэмжлэл, гомдол хуваарилах журмын дагуу санамсаргүй байдлаар хуваарилагддаг бөгөөд тухайн программд би уг газрын маргааныг авах, захиалах ямар ч нөхцөл боломж байхгүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүний 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ГС/2024/...6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,

  1. ...давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0...1 дүгээр магадлалаар нэхэмжлэлд байхгүй, хурал дээр яригдаагүй “Т” ХХК-д 140.0 га газрыг олгох шийдвэр гаргасан, уг 140.0 га газрын Яармагийн замын урд тал руу зөөхийн тулд нэхэмжлэл, тайлбарт байхгүй, хурал дээр яригдаагүй, нотлох баримтгүй зүйлийг зохиож бичсэн гэх тухайд:

... давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Н, Д.Б, Э.Л нарын бүрэлдэхүүн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0...1 дүгээр магадлалаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг ...анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ....3 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг ...давж заалдах шатны шүүхийн мөн оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, ...1 дүгээр магадлал гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж шийдвэрлэжээ.

Харин ...давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0...1 дүгээр магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, ...6 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А нь “...221/МА2016/0...1 дүгээр магадлалаар нэхэмжлэл, тайлбарт байхгүй, хурал дээр яригдаагүй, нотлох баримтгүй зүйлийг зохиож бичсэн” гэх үндэслэлээр шүүгч Э.Л-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасанд сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал үйлдсэн байна. Илтгэгч гишүүний саналыг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд ...6 дугаар магадлалаар хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

  1. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох ...газар олгосон 2006 оны ...8 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүний шүүгч Э.Л тусгай санал өгөхөөр шийдвэрлэсэн гэх тухайд:

“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А нь дээрх үндэслэлээр мөн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасныг сахилгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д зааснаар шүүгч нь бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах бүрэн эрхтэй бөгөөд хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “шүүх хамтын зарчмаар хэрэг маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэжээ. Тухайн хэрэг маргааныг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд шүүгч Э.Л тусгай санал гаргасан бол энэ тухайгаа бичгээр гаргаж хэрэгт хавсаргах бөгөөд тэрээр тусгай саналыг хэргийн оролцогчдод танилцуулах үүрэггүй тул хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно” гэж дүгнэн ...6 дугаар магадлалаар түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-ын дээрх хоёр үндэслэл буюу “...магадлалд нэхэмжлэл, тайлбарт байхгүй, хурал дээр яригдаагүй, нотлох баримтгүй зүйлийг зохиож бичсэн”, “...тусгай санал өгсөн” гэх үндэслэлүүдээр шүүгч Э.Л-д холбогдуулан урьд нь өргөдөл гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ...6 дугаар магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар  нэгэнт хянан хэлэлцэж шийдвэрлэгдсэн байх тул илтгэгч гишүүн саналдаа “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2-т “өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа” гэж зааснаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй...” гэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзнэ.

  1. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газар олгосон 2011 оны ...8 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах тухай захиргааны хэрэгт шүүгч Э.Л илтгэгч шүүгчээр оролцсон 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШТ2019/....9 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэхгүй орхисон гэх тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт “шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ”, 87.5 дахь хэсэгт “зөвлөлдөх тасалгаанд шүүгч саналаа өгөхөөс татгалзах эрхгүй” гэж тус тус заасан.

Сахилгын хэрэг болон илтгэгч гишүүний саналаас үзэхэд “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газар олгосон 2011 оны ...8 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг ...анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ...3 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзvсан байна.

Тухайн захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШТ2019/....9 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хуульд заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэн олонхын саналаар шийдвэрлэжээ.

Иймд илтгэгч гишүүний “...хууль хэрэглээ болон нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагаа нь сахилгын зөрчилд тооцогдохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй” гэснийг бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

  1. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газар олгосон 2021 оны ...9 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хэлэлцсэн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд дахин илтгэгчээр оролцсон нь “Т” ХХК-д илт давуу байдал үүсгэсэн гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх захиргааны хэргийн ...анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн .../ШШ2023/....1 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Тухайн шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч талууд аль аль нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргажээ. Давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх бүрэлдэхүүний шүүгч Т.Э, Н.Х, Э.Л /илтгэгч шүүгч/ нараас татгалзсаныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 221/ЕШ2024/...09 дүгээр захирамжаар хангахаас татгалзсан.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд “шүүгч Э.Л-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасныг шүүхийн мөн өдрийн 221/ШТ2024/...8 дугаар тогтоолоор хүлээн авчээ.

Тухайн тогтоолыг эс зөвшөөрч хариуцагчийг өмгөөлөгч А.З хүсэлт гаргасанд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ...88  дугаар албан бичгээр “...хүсэлтэд дурдсан үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэх хариуг шүүх бүрэлдэхүүний шүүгч Т.Э, Н.Х нар хүргүүлсэн байна.

Иймд илтгэгч гишүүний саналдаа “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөр хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасан нийтлэг  журамд үндэслэн “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг баталсан. Дээрх захиргааны хэргүүд ...давж заалдах шатны шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилагдсан бөгөөд хэрэг шүүгч Э.Л-д санамсаргүй, тохиолдлоор тойргийн зарчмаар программаас хуваарилагдсан. Ийнхүү хуваарилагдсаныг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр албажуулсан нь тогтоогдож байна. Аливаа хэрэг маргааныг хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг дээрх журмын дагуу томилох бөгөөд шүүгч өөрийн хүсэлтээр хэрэг хүлээн авах, шүүх бүрэлдэхүүнд оролцох боломжгүй. Ийм байдал тогтоогдоогүй тул өргөдлийн 4-т заасан  “…Э.Л дахин илтгэгч шүүгчээр оролцохоор улайрч байна” гэх гомдол үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

  1. Шүүгч Э.Л Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.4, 84.1.6-д зааснаар өөрөө татгалзан гарахын оронд хэргийг шийдвэрлэхэд оролцоход улайран зүтгэж байгаа нь албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж “Т” ХХК-д давуу байдал бий болгон, хуулийн илт тодорхой  заалтыг ноцтойгоор удаа дараа зөрчсөн гэх тухайд:

Дээр дурдагдсан ...анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн .../ШШ2023/....1 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг ...давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан байна.

...давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар “Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах нарийвчилсан журам батлах тухай” тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдолтой захиргааны хэргийг шийдвэрлэх шүүгчдийн нэрсийг сугалаагаар тогтоосон нэрсийн жагсаалтын дагуу “Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д байршуулжээ.

Дээрх нарийвчилсан журмын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газар олгосон 2021 оны ...9 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай анхан шатны шүүхийн 2023 оны  .../ШШ2023/....1 дүгээр шийдвэртэй захиргааны хэрэг нь шүүгч Э.Л-д санамсаргүй байдлаар хуваарилагдсан болох нь илтгэгч гишүүний шалгах ажиллагааны явцад “Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-д хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Харин тус шүүх улирал бүр шүүгчдийн зөвлөгөөнөөрөө “Хэрэг, нэхэмжлэл, маргаан, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилох журам”, болон “Шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн томилох хүснэгт ашиглах заавар”-ын тус тус баталдаг байх бөгөөд уг журам, зааврын дагуу шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар тогтоосны дагуу шүүгч Э.Л нь “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогддог байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т зааснаар Нийт шүүгчийн чуулганаас баталсан “Нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын хүрээнд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар  тухайн шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан “Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах нарийвчилсан журам”-ыг баталж, мөн зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар программ хангамжийг ашиглаж байна.

Энэхүү “Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ээр санамсаргүй, тохиолдлоор “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргүүд нь шүүгч Э.Л-д хуваарилагдах, журмын дагуу шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагч, илтгэгч шүүгчээр томилогддог болох нь сахилгын хэргийг шалтгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө: “шүүгч Э.Л-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.4-т “анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон”, 84.1.6-д “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэж зааснаар өөрөө татгалзан гарах үүргээ биелүүлээгүй.” гэжээ.

Улсын дээд шүүхийн 2022 оны 3..6 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1.3-т “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан аль ч нөхцөлийг шүүх шалгахдаа түүний объектив байдлыг харгалзан үзэх, тухайн нөхцөлд, хүсэлтэд дурдсан үндэслэл нь бодитой байх шаардлагыг хангах ёстой…”, 5 дугаар зүйлийн 5.2.2-т “…Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "захиргааны хэрэг" гэх ойлголт нь агуулгын хувьд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тодорхойлогдох, тодорхой этгээдүүдийн хооронд үүссэн нэг маргаан бөгөөд, хэлбэрийн хувьд нэхэмжлэлийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэснээр хэргийн индекс авч дугаарлагдсан нэг хэргийг илэрхийлнэ. Иймд, нэг индекс бүхий хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатаар хянан хэлэлцэх тохиолдолд нэг шүүгч шат шатанд оролцож болохгүй буюу "өөрөө өөрийнхөө шийдвэрийг хянахгүй" зарчим үйлчилнэ; үүнд, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргасан, түүнчлэн, уг захирамж, тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгчийг "тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч" гэж үзэхгүй”, ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 2-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.4 дэх заалтын “уг хэргийг” гэж өмнө нь тухайн шүүгчийн шийдвэрлэсэн болон шийдвэрлэхэд оролцсон нэг индекстэй хэргийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн дээрх тайлбараас үзэхэд “Б” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргүүдийн нэхэмжлэлийн шаардлага нь өөр өөр эрхийн актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай байх ба эдгээр нь тус тусдаа индекстэй тусдаа хэргүүд байх тул өргөдөлд дурдсанчлан “шүүгчийг хуульд заасан үүргээ биелүүлж татгалзан гараагүй” гэж үзэхгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Э.Л нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ГС/2024/...6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Л-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

  ГИШҮҮН                                    Д.МЯГМАРЦЭРЭН

                                                    С.ЭНХТӨР