info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-04-09

Дугаар 37

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Н нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч Ш.Ч-г байлцуулж, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Ш.Ч нь ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х-д холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн Х.Хашбаатар хүлээн авч хянаад, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ГЗҮ/2024/...4 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2024/...7 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Б-ийн нэхэмжлэлтэй, У.З-д холбогдох “...тоот хаягт байрлах 7,4 м.кв хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан 14,73 м.кв болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, нийтийн эзэмшлийн талбайгаас 7,33 м.кв талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг чөлөөлүүлэх, тухайн хөрөнгийн орох гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өргөдөл гаргагч Ш.Ч нь нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон байна.

Дээрх иргэний хэргийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х даргалж, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 102/ШШ2024/...8 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “... Шүүх хуралдааны явцад шүүгч Н.Х нь шүүх хуралдаан эхэлсэн цагаас Ш.Ч намайг нэхэмжлэлээ тайлбарлах, мэтгэлцэх эрхийг шууд хязгаарлаж зөвхөн хариуцагч У.З, түүний өмгөөлөгч хоёрын тайлбарыг сонсож, хариуцагч нарт илт давуу байдал олгож байсан...” гэжээ.

Шалгах ажиллагааны хүрээнд ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Б-ийн нэхэмжлэлтэй, У.З-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны дууны бичлэгт үзлэг хийхэд хуралдаан даргалагчаас хариуцагч талд давуу байдал олгосон гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, дээрх шүүх хуралдааны дууны бичлэгийг 20240116-164342480 /хүсэлт шийдвэрлэсэн/, 20240116-170211546 /хэргийг хэлэлцсэн/, 20240116-180124361 /шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулсан/ гэсэн бичиглэл бүхий 3 хэсэг файл болгон бичсэн байх ба 20240116-164342480 гэсэн бичиглэл бүхий бичлэгээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө даргалагчаас зохигч нарт хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн өмгөөлөгчөөс “гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах, нэхэмжлэгчийн эцгийг нас барсан эсэхтэй холбоотой баримт гаргуулах, гэрч асуулгах тухай” хүсэлтүүдийг гаргасан бөгөөд бичлэгийн 00:02:39 секунд болон 00:07:34 секундээс эхлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, 00:09:46 секундээс эхлэн нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч болох Ш.Ч нар хүсэлттэй холбоотой тайлбарыг хэлсэн байна.

Даргалагчаас хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хэргийг хэлэлцэж эхлэхэд буюу 20240116-170211546 гэсэн бичиглэл бүхий бичлэгийн 00:00:26 секундээс эхлэн Ш.Ч нэхэмжлэлийн шаардлагаа ярьсан нь бичигдсэн байх бөгөөд цааш хуралдаан үргэлжилж, 00:20:43 секундэд нэхэмжлэгч талд гэрчээс асуух асуулт байгаа эсэхийг тодруулсан, 00:20:59 секундээс эхлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч талаас асуулт асууж хариулт авсан, 00:33:26 секундэд даргалагч хуралдаан завсарлахаас өмнө нэмэлт тайлбар хэлэх талаар Ш.Ч-ээс асуусан, 00:34:01 секундээс эхлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэмэлт тайлбар хэлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр даргалагч нь нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг нэхэмжлэлийн шаардлагынхаа талаар ярьж байхад “Танайх үүнийг тодорхой ярьсан. Одоо юу хүсэж байгаа талаараа ярь”, “За байж байгаарай. Хэдэн онд байрны өмчлөгчөөр тогтоогдсон бэ”, “Ш.Ч гуай, би тодруулаад явчихъя”, “Та нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээнд л ярина шүү дээ” гэж яриаг нь тасалж байгаа нь бичигдсэн байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч болон түүний эхнэртэй харилцдаг харилцааны талаар ярьж байсан тул даргалагчаас нэхэмжлэлийнхээ үндэслэлийн талаар ярихыг сануулж тасалсныг зөрчилд тооцохгүй.

Тодруулбал, хуульд заасан мэтгэлцэх зарчим нь зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримтын талаар нотлох буюу үгүйсгэх замаар шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох агуулгаар илэрхийлэгдэх ба шүүх хуралдааны тэмдэглэл болон дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд хуралдаан даргалагч нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбарыг сонсож, асуулт асуусан байх бөгөөд аливаа хэлбэрээр нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн асуулт асуух, үг хэлэх, тайлбар өгөх зэрэг эрхийг хязгаарласан болон хориглосон үйлдэл гаргаагүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.

Мөн хариуцагч нь “...маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийнх мөн эсэх, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулах нь зүйтэй...” гэсэн агуулга бүхий тайлбар хэлсэн бөгөөд шүүгч Н.Х нь холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг даргалахдаа асуулт, хариултын шатанд нэхэмжлэгчээс энэ талаар тодруулан асуухад зээлийн гэрээтэй холбоотой асуудлын талаар яригджээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна.” гэж заасантай нийцсэн байх тул өргөдөл гаргагчийн “...хэрэгт огт хамааралгүй Худалдаа хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг өөрөө мэдэн ярьж, хариуцагч нараас асуун намайг зээлтэй гэдгээр минь илтэд гадуурхаж байсан...” гэж өргөдөлд дурдсан нь үндэслэлгүй бөгөөд шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д заасан зөрчлийг гаргаагүй байна.

Өргөдөл гаргагч нь шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэсэн зөрчлийг гаргасан гэж дурдсан байна.

“Зүй бус авирлах” гэдэг нь энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж илтэд бүдүүлэг, догшин зан ааш гаргах, өндөр чанга дуугаар загнах зэргээр ойлгохоор байх бөгөөд шүүх хуралдааныг шүүгч Н.Х даргалж явуулахдаа зүй бус авирласан, эсхүл хэргийн оролцогчоос гаргасан зүй бус үйлдлийг таслан зогсоогоогүй гэх үндэслэл шалгах ажиллагааны хүрээнд баримтаар тогтоогдоогүй болно.

Мөн шүүгч Н.Х-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, шүүгч зохигчдын тайлбар, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд, тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг тул шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хяналт тавих, түүнд  дүгнэлт хийх эрх Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй болно.

Түүнчлэн, шүүгч Н.Х нь шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан нь шүүх хуралдааны бичлэгт бичигдсэн ба Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтийг бүрэн уншиж танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийн план зургууд дээр үндэслэн нэхэмжлэлийн болон татгалзлын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн болох нь шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон болохыг тэмдэглэв.

Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгч Н.Х тайлбартаа “...Нэг. 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч У.З-д холбогдуулж “...давхарт байршилтай нийтийн эзэмшлийн хэсгийн талбайг тогтоолгох, холбогдох дүрэм, журмын дагуу бусдын эрх ашгийг зөрчихгүйгээр ашиглахыг даалгах” тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан ба уг нэхэмжлэлд 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: ...тоот хаягт байрлах, 7,4 м.кв хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан 14,73 м.кв болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, нийтийн эзэмшлийн талбайгаас 7,33 м.кв талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг чөлөөлүүлэх, тухайн хөрөнгийн орох гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгах.

...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/...8 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч У.З-ын өмчлөлийн ...тоот хаягт байрлах, 7,4 м.кв хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан 14,73 м.кв болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, нийтийн эзэмшлийн талбайгаас 7,33 м.кв талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг чөлөөлүүлэх, тухайн хөрөнгийн орох -арах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгах тухай Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрт 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Хоёр. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч-ээс Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Ш.Ч гомдолдоо “...Шүүх хуралдааны явцад шүүгч Н.Х нь шүүх хуралдаан эхэлсэн цагаас Ш.Ч намайг нэхэмжлэлээ тайлбарлах, мэтгэлцэх эрхийг шууд хязгаарласан, ...зөвхөн хариуцагч У.З, түүний өмгөөлөгч хоёрын тайлбарыг сонсож, хариуцагч нарт илт давуу байдал олгож байсан” гэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэлгэрэнгүй ярьсан ба шүүхийн зүгээс нэхэмжлэлээ тайлбарлах, мэтгэлцэх эрхийг нь ямар нэг байдлаар хязгаарлаагүй. Шүүхээс хэрэгт хамааралтай, шаардлагатай гэж үзсэн зүйлсийн талаар дэлгэрүүлж асууж, нэмж тодруулсан.

Ш.Ч гомдолдоо “...Мөн хэрэгт огт хамааралгүй Худалдаа хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг өөрөө мэдэн ярьж, хариуцагч нараас асуун намайг зээлтэй гэдгээр минь илтэд гадуурхаж байсан” гэжээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлыг тодруулах үүднээс шүүгч хэргийн оролцогчоос асуулт асуух, тодруулах зайлшгүй шаардлагатай.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн шаардлагын хууль зүйн нэг үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр тодорхойлсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой, энэ талаар шүүхийн шийдвэрт дурдсан.

Шүүх хуралдаанд хариуцагч талаас “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүс ирж нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан” агуулга бүхий тайлбар хэлсэн. Иймд нэхэмжлэгч 6 тоот үл хөдлөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэвээр байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулах үүднээс асуулт асуусан явдлыг хууль зөрчсөн, нэхэмжлэгчийг банкны зээлтэй гэдгээр нь гадуурхсан, хэрэгт хамааралгүй зүйлийг өөрийн санаачилгаар ярьсан гэж үзэх боломжгүй гэж ойлгож байна.

Ш.Ч гомдолдоо “...хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтууд болох манай үл хөдлөх хөрөнгийн план зураг /үл хөдлөх хөрөнгийн газраас ирсэн/, У.З-ын дэлгүүрийн план зураг/ үл хөдлөх хөрөнгийн газраас ирсэн/-ууд, нийтийн эзэмшлийн хэсэг рүү давхардан орсон эсэх тухай шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлж дүгнэлтгүйгээр шийдвэр гаргасан” гэжээ.

Шүүхийн шийдвэрт хэрэгт цугларсан баримтуудыг жагсаан бичсэн. Мөн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримт, нотлох баримтуудын талаар шаардлагатай дүгнэлтүүдийг хийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, эсхүл үндэслэл бүхий болсон эсэхийг дээд шатны шүүхээс хянан шийдвэрлэх учир энэ талаарх гомдлыг зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч, иргэн Ш.Ч нь “шүүгч Н.Х нь шүүх хуралдааны явцад миний нэхэмжлэлээ тайлбарлах, мэтгэлцэх эрхийг шууд хязгаарлаж, зөвхөн хариуцагч, түүний өмгөөлөгч хоёрын тайлбарыг сонсож, илт давуу байдал олгосон; хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.23, 50.1.31-д заасныг тус тус зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна.

  1. Хариуцагч талд илт  давуу байдал бий болгосон гэх тухайд:

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй, У.З-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай саналдаа дэлгэрэнгүй тусгасан байна. /с.х-ийн 22-27, 30-35 тал/

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд “20240116-164342480” нэртэй бичлэгийн 00 минут 35 секундээс 02 минут 32 секунд хүртэл хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргаж буй хүсэлтээ, 03 минут 39 секундээс 07 минут 27 секунд хүртэл нэмэлт тайлбар, мөн хүсэлттэй холбоотойгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч 02 минут 38 секундээс 03 минут 31 секунд хүртэл тайлбар, 07 минут 36 секундээс 09 минут 42 секунд хүртэл нэмэлт тайлбараа тус тус хэлж, харин нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч 09 минут 46 секундээс 10 минут 21 секунд хүртэл тайлбар хэлжээ.

Мөн “20240116-170211546” нэртэй бичлэгийн 00 минут 26 секундээс эхлэн нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч нэхэмжлэлийн шаардлагаа ярьж байх явцад даргалагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуултууд асууж, хариулт авч байна.

Тодруулбал, даргалагчаас бичлэгийн 00 минут 32 секундээс “танайх үүнийг тодорхой ярьсан, одоо юу хүсэж байгаа, хэдэн м.кв талбайг яахыг хүсэж байгаа талаараа ярь”, бичлэгийн 00 минут 45 секундээс “за байж байгаарай, хэдэн онд байрны өмчлөгчөөр тогтоогдсон бэ” гэж, 01 минут 33 секундээс “Ш.Ч гуай би тодруулаад явчихъя даа, хариуцагч хэзээнээс ханаа тэлж эхэлсэн бэ” гэж, бичлэгийн 02 минут 25 секундээс даргалагч “таны шаардлага дээр тийм юм хаана байгаа юм бэ”, бичлэгийн 02 минут 32 секундэд “нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээнд л ярина ш дээ та”, бичлэгийн 03 минут 16 секундэд “та нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээнд ярина шүү, хариуцагч чимээгүй байгаарай”, бичлэгийн 04 минут 00 секундэд “анх нийтийн эзэмшлийн талбайг тогтоож, дүрэм журмын дагуу бусдын эрх ашгийг зөрчихгүйгээр ашиглахыг даалгах тухай шаардлага гаргасан, зөв үү. Тэгээд шинжээчийн дүгнэлт гарангуут шаардлагаа өөрчлөөд 9 тоот, 7,4 м.кв талбайтай үйлчилгээний талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан 14,73 м.кв болгон тэлж, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалганы барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нийтийн эзэмшлийн талбайгаас 7,33 м.кв талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг албадан чөлөөлүүлэх, тухайн үл хөдлөх хөрөнгийн орох гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгах, мөн үү. За хариуцагч хариулъя” гэж хэлсэн тус тус  нь бичигджээ.

Мөн даргалагч нотлох баримтыг шинжлэн судлах явцдаа бичлэгийн 08 минут 12 секундээс эхлэн нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч-ээс асуулт асууж, хариулт авч байна.

Улмаар 20 минут 43 секундэд даргалагч “нэхэмжлэгч тал гэрчээс асуух асуулт байна уу” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “байхгүй” гэв. Бичлэгийн 20 минут 59 секундэд даргалагч “нэхэмжлэгч талд хариуцагчаас асуух асуулт байна уу” гэснээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч талаас асуулт асууж, хариулт авч, бичлэгийн 26 минут 23 секундэд даргалагч нэхэмжлэгч талаас асуулт асууж, хариулт авч байна. Мөн бичлэгийн 33 минут 26 секундэд даргалагч “Ш.Ч гуай шүүх хуралдаан өндөрлөх шат руугаа орж байна. Давхардуулахгүйгээр нэмж хэлэх тайлбар байна уу” гэхэд “байхгүй” гэж хариулахад даргалагч “нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь яръя” гэж хэлсэн нь бичигджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт шүүх хуралдааны дэг, дарааллыг хуульчилсан. Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч Н.Х нь хуульд заасан дарааллын дагуу шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2 дахь хэсэгт “мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3 дахь хэсэгт “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.4 дэх хэсэгт “зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт “зохигч, хэргийн бусад оролцогч мэтгэлцэх, тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна”, 107.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасныг хэрэгжүүлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч талуудын мэтгэлцэх зарчмыг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч нь тайлбараа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярихгүй байсан тул шүүгч Н.Х нь асуулт асууж тодруулах, чиглүүлэх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярихыг сануулсныг өргөдөлд дурдсанчлан “...нэхэмжлэлээ тайлбарлах, мэтгэлцэх эрхийг шууд хязгаарлаж зөвхөн хариуцагч, түүний өмгөөлөгч хоёрын тайлбарыг сонсож, хариуцагчид илт давуу байдал олгосон” гэж үзэхгүй.

Харин шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих” гэж заасан үүргийг хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээнэ”, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь  хэсэгт “шүүх хуралдаан даргалагч ...шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж тус тус заасныг хэрэгжүүлж, хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэж үзнэ.

Иймд илтгэгч гишүүн саналдаа “...нэхэмжлэгч хариуцагч болон түүний эхнэртэй харилцдаг харилцааны талаар ярьж байсан тул даргалагч нэхэмжлэлийнхээ үндэслэлийн талаар ярихыг сануулж тасалсныг зөрчилд тооцохгүй” гэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэн Ш.Ч нь өргөдөлдөө шүүгч Н.Х-ын Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.31-д заасныг тус тус зөрчсөн гэжээ.

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр шүүгч Н.Х нь хариуцагч талд давуу байдал олгосон гэх, нэхэмжлэгч тал болох нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу өргөдөл гаргагч Ш.Ч-г ямар нэгэн зүй бус үг хэллэг, үйл хөдлөлөөр ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн гэх, мөн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид зүй бус авир гаргаж, шүүх хуралдааны дэгийг зөрчөөгүй тул шүүгч шаардлага тавих нөхцөл байдал үүсээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгч Н.Х-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.31-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

  1. Нотлох баримт, шинжээчийг дүгнэлтийг үнэлж дүгнэлтгүйгээр шийдвэр гаргасан гэх тухайд:

          Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд болох манай үл хөдлөх хөрөнгийн план зураг, У.З-ын дэлгүүрийн план зургууд, нийтийн эзэмшлийн хэсэг рүү давхардан орсон эсэх тухай шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан...” гэж дурджээ. /с.х-ийн 1 тал/

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.15-д “нотлох баримтыг шинжлэн судлуулах” эрхийг өмгөөлөгч эдэлнэ, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “шүүх гэрч, шинжээчээс мэдүүлэг авах цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг энэ хуулийн 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна” гэж тус тус заасан.

          Сахилгын хэрэгт авагдсан баримтууд болон шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд “20240116-170211546” нэртэй бичлэгийн 06 минут 54 секундэд даргалагч “хэрэгт авагдсан нотлох баримттай бүгд танилцсан, тийм ээ. Би дурдаад явъя нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа баримтуудаа энийг судлуулъя гээд хэлээд яваарай” гэж хэлээд, 07 минут 04 секундээс 15 минут 52 секунд хүртэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнээс бичлэгийн 08 минут 47 секундээс 11 минут 35 секунд хүртэл даргалагч шинжээчийн дүгнэлтийн талаар танилцуулж, тодруулга асуулт асууж, хариулт авч байгаа нь бичигджээ.

          Дээрхээс үзэхэд шүүх хуралдааны нотлох баримтыг шинжлэн судлах шатанд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц нар нэхэмжлэлийн шаардлагын үндэс гэж үзсэн баримтуудаа тухайлан судлуулах бүрэн боломжтой байсан боловч хуульд заасан уг эрхээ эдлээгүй болох нь шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ТМ2024/...10 дугаар тэмдэглэл, тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

          Шүүгч нь шүүхийн шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” 40.3 дахь хэсэгт “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заажээ.

          Түүнчлэн шүүхийн шийдвэр хуульд нийцсэн эсэх, тус хэрэгт авагдсан план зургууд, шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлэх эсэхэд дүгнэлт өгөх эрхийг Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

          Харин хэргийн оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй юм.

          Өргөдөл гаргагч Ш.Ч нь шүүгч Н.Х-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.

          Гэвч дээрх зохицуулалт нь хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн ноцтой үйлдлийг ойлгох юм.

          Шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргасан байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Н.Х нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2024/...7 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                     Д.АРИУНТУЯА

                                                   С.ЭНХТӨР