info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-03-28

Дугаар 34

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Т.М нь ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Д-д холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн Б.Сугар хүлээн авч хянаад, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ГЗТ/2024/...8 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/...1 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

          Илтгэгч гишүүн саналдаа: “...1. Яллагдагч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн гэх гомдлын үндэслэлийн тухайд:

          Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр товлон зарласан байх бөгөөд тухайн өдрийн хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Тухайн хүсэлтийн үндэслэл болсон магадалгаа нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хоорондох хугацаанд хамаарч байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй хэмээн хуралдааныг үргэлжлүүлэн явуулах санал, хүсэлтийг хэргийн оролцогч болох хохирогч тал болон улсын яллагчаас гаргасан байна.

          Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой тухайлбал, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх зэрэг асуудлыг шүүгч талуудаас гаргасан санал хүсэлтийг үндэслэн хуульд зааснаар хараат бусаар бие даан шийдвэрлэх учиртай.

          Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримталж шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцжээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан хүсэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэн, 02 дугаар сарын 01-ны өдөр хэргийг хэлэлцэхээр хуралдааны товыг тогтоосон байна.

          Дээрх үйл баримтуудаас үзэхэд холбогдох шүүгч нь шүүгдэгч /өргөдөл гаргагч/-ийн эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй байна.

          2. Шүүгч шүүх хуралдаан хойшлуулсан талаар шийдвэрээ танилцуулсны дараа хуруугаар зааж, за яллагдагч минь чи одоо шүүгдэгч болсон, ... 02-01-ний хурал ямар нэгэн байдлаар хойшлоход би чамайг заавал хорино шүү, хүмүүс хоригдоод ирэхээрээ сонин болдог юм даа гэж заналхийлсэн шинжтэй ёс бус үгээр дарамталж, хүнлэг бус хүндэтгэлгүй хандсан гэсэн гомдлын үндэслэлийн тухайд:

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр тухайн өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хуралдаан даргалагч бусдад буруу ойлгогдох үг хэллэг хэрэглээгүй, дууны өнгө гаргаагүй байна.

Холбогдох шүүгч хуульд заасан дэгийн дагуу хуралдааныг даргалан явуулсан байх төдийгүй өмгөөлөгчгүйгээр урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон нөхцөл байдалтай нь холбоотойгоор яллагдагчид  хэрэглэж буй хуулийн зүйл заалт болон талуудаас гаргасан санал, хүсэлтийг тайлбарлан өгч байсан нь тухайн бичлэгээр тогтоогдож байна.

Энэ нь оролцогчид хүндэтгэлгүй хандсан, дарамталсан гэхээс илүүтэй оролцогчийн эрхийг хангахад чиглэсэн үйлдэл гэж үзэхээр байх бөгөөд өргөдөл гаргагч Т.М шүүгчийн дээрх үйлдлийг буруу ойлгосон байна хэмээн өргөдлөөсөө татгалзах хүсэлтийг Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шүүгч энэхүү хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд түүнд сахилгын шийтгэл ногдуулах учиртай бөгөөд сахилгын хэрэгт авагдсан баримтыг нэгтгэн дүгнэхэд шүүгч нь нэр бүхий шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ сахилгын зөрчилд хамаарах үйлдэл гаргаагүй байна.

Иймд ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Д.Д тайлбартаа: “... ...прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч Т.М-ийн өмгөөлөгч Б.З-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунган, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад өмгөөлөгч Б.З-аас шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын эмнэлгийн магадалгааны хуулбарын хамт ирүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор болон хохирогчийн өмгөөлөгч нараас яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт нь хугацааны хувьд хэзээ гэдэг нь тодорхойгүй, мөн эмнэлгийн магадалгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй нотлох баримтын шаардлага   хангахгүй байх тул урьдчилсан хэлэлцүүлгийг  хойшлуулах үндэслэл болохгүй, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх гэсэн агуулга бүхий санал, тайлбар гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй гэж заасан.

Шүүх яллагдагчийн өмгөөлөгч Б.З-ын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлуулах хүсэлттэй танилцахад хэзээ бичсэн өдөр тодорхойгүй, мөн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгааг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан ба, нөгөө талаас хуульд зааснаар өмгөөлөгч ирээгүй үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй гэж заасныг баримтлан өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан.

Мөн гомдол гаргагч Т.М-ий өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх гомдлын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч заавал оролцуулах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан өмгөөлөгч өөрөө ирээгүй нь хэлэлцүүлгийн ажиллагааг хойшлуулах үндэслэл болохгүй тул үргэлжлүүлэн явуулж яллагдагч Т.М-ий гаргасан хүсэлтийг хэлэлцүүлж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон, гэм буруугийн шүүх хуралдааныг явуулахдаа шүүгдэгчийн эрхийг хангаж шинээр авсан өмгөөлөгчид нь хэргийн материал танилцах боломжит хугацааг олгож шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэргийг шүүгдэгч Т.М-ий сонгон авсан 2 өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.

Түүнчлэн гомдол гаргагч Т.М гомдолдоо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн зарим заалтыг зөрчсөн гэсэн байх ба үүнийг огт үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гомдол гаргагч Т.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацаанд түүний эрхийг хязгаарласан, цагдан хорьсон, зүй бусаар хандсан зөрчил гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч Т.М-ий гаргасан гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа шүүгчид нөлөөлөх оролдлого гэж ойлгож байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч, иргэн Т.М нь “шүүгч Д.Д нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг тус тус хангахаас татгалзан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн;

мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх  хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны дараа над руу хуруугаараа зааж “за яллагдагч минь чи одоо шүүгдэгч болсон, шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хурал ямар нэгэн байдлаар хойшлоход би чамайг заавал хорино шүү, хүмүүс хоригдоод ирэхээрээ сонин болдог юм даа” гэж заналхийлсэн шинжтэй, ёс бус үгээр дарамталж, хүнлэг бус хүндлэлгүй хандсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.19, 50.1.20, 50.1.31-д заасныг тус тус зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна.

1. Урьдчилсан хэлэлцүүлгийг өмгөөлөгчгүйгээр явуулсан гэх  тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Т.М нь эрүүгийн 2...7 дугаартай хэрэгт ...прокурорын газрын хяналтын прокурор Б.Э-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6..1 дүгээр яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх залилах гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагджээ. /с.х-ийн 14-18 тал/

Шүүгчийн 2024  оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/..8 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж,  ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/...7 дугаар шийтгэх тогтоолоор Т.М-ийг гэм буруутайд тооцон, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. /с.х-ийн 34-49 тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч Т.М, түүний өмгөөлөгч Б.З нар нь “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлт гаргасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр товлон явуулж, тухайн хүсэлтийг шүүх шийдвэрлэжээ.

Урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч Т.М “прокурор Б.Э-аас татгалзах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай”, мөн түүний өмгөөлөгч Б.З “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг тус тус гаргасан байна.

Тухайн хүсэлтүүдийг даргалагч шүүгч Д.Д 2024  оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/..8 дугаар захирамжаар “...өмгөөлөгч ирээгүй нь урьдчилсан хэлэлцүүлэг хойшлуулах үндэслэл болохгүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулах үндэслэл яллагдагч Т.М-д тогтоогдоогүй тул хэлэлцүүлгийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй...” гэж дүгнээд “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзахаас гадна “...зарим хүмүүсээс шинээр мэдүүлэг авхуулах, үүрэн холбооны нэр бүхий компаниас лавлагаа гаргуулах агуулга бүхий хүсэлт гаргасныг хянахад хүсэлтэд дурдсан асуудлаар буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэл тогтоогдоогүй...”, мөн “...тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор Б.А нь тус хэрэгт хувийн сонирхолтой гэх нөхцөл тогтоогдоогүй. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас прокурор Б.Э-г татгалзан гаргах тухай яллагдагч Т.М-ий гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй” гэж  үзэн  тэдний гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанаар  хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 25-28 тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан.

Шүүгч Д.Д хариу тайлбартаа “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад өмгөөлөгч Б.З-аас шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын эмнэлгийн магадалгааны хуулбарын хамт ирүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор болон хохирогчийн өмгөөлөгч нараас яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт нь хугацааны хувьд хэзээ гэдэг нь тодорхойгүй, мөн эмнэлгийн магадалгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй нотлох баримтын шаардлага   хангахгүй байх тул урьдчилсан хэлэлцүүлгийг  хойшлуулах үндэслэл болохгүй, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх гэсэн агуулга бүхий санал, тайлбар гаргасан.... Шүүх яллагдагчийн өмгөөлөгч Б.З-ын хүсэлттэй танилцахад хэзээ бичсэн өдөр тодорхойгүй, мөн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгааг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан ба нөгөө талаас хуульд зааснаар өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй гэж заасныг баримтлан өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан...” гэх тайлбар, шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/..8 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр талын доороосоо 12 дахь догол мөрт “прокурор: өнөөдрийн ирүүлсэн өмгөөлөгчийн хүсэлт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өмнө нь хагалгаанд орсон талаарх баримт байгаа боловч өнөөдөр дахин хагалгаанд орж байгаа талаарх баримт байхгүй байна...” гэх, 14 дэх догол мөрт “хохирогчийн өмгөөлөгч: яллагдагчийн өмгөөлөгч хүсэлт баримттай байх ёстой. Гэвч тухайн хүсэлтэд хавсаргасан баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байна...” гэх тайлбарууд зэргээс үзэхэд шүүгч яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтэд хавсаргасан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэжээ. 

Илтгэгч гишүүн саналдаа “...холбогдох шүүгч нь шүүгдэгчийн эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй” гэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүгч Д.Д-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

2. Шүүгч Д.Д нь шүүх хуралдаан хаасны дараа заналхийлсэн шинжтэй, ёс бус үгээр дарамталж, хүнлэг бус хүндлэлгүй хандсан гэх тухайд:

Иргэн Т.М өргөдөлдөө “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх  хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны дараа над руу хуруугаараа зааж “за яллагдагч минь чи одоо шүүгдэгч болсон, шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хурал ямар нэгэн байдлаар хойшлоход би чамайг заавал хорино шүү, хүмүүс хоригдоод ирэхээрээ сонин болдог юм даа” гэж заналхийлсэн шинжтэй, ёс бус үгээр дарамталж, хүнлэг бус хүндлэлгүй хандсан” гэж дурджээ.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийн, гишүүний 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/...1 дүгээр саналдаа “...өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хуралдаан даргалагч бусдад буруу ойлгогдох үг хэллэг хэрэглээгүй, тийм дууны өнгө гаргаагүй байна” гэж дүгнэсэн байна. /с.х-ийн 55-59 тал/

Тодруулбал, шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/...6 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон илтгэгч гишүүний үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгч Д.Д нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 01 минут 51 секундээс 03 минут 50 секунд хүртэл шүүгдэгч Т.М-ий өмгөөлөгч Б.З яагаад ирээгүй шалтгааныг болон шүүгдэгч хэргийн материалтай танилцсан эсэхийг тодруулж, мөн  шүүгдэгчид хандан дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгч нараа ирүүлэхэд анхаарах талаар ярьжээ. /с.х-ийн 29, 51-53 тал/

Иймд сахилгын хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг зэргээр өргөдөл гаргагч Т.М-ий “...шүүгч Д.Д нь заналхийлсэн шинжтэй, ёс бус үгээр дарамталж, хүнлэг бус хүндлэлгүй хандсан” гэсэн нь  үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч Т.М нь Шүүхийн сахилгын хороонд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хандан “...шүүгч Д.Д-д бухимдлаас болоод буруу ойлгож гомдол гаргасан байна...” гээд өөрийн гаргасан өргөдлөөсөө татгалзсан хүсэлтээ бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. /с.х-ийн 4 тал/

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Д.Д Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/...1 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                 Д.АРИУНТУЯА

                                                        Г.ЦАГААНЦООЖ