info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-03-20

Дугаар 32

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, холбогдох шүүгч Б.М /цахим/, өргөдөл гаргагч Г.А /ажиглагчаар цахим/, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: Өргөдөл гаргагчаас “...шүүгч шүүх хуралдааны тэмдэглэлээс холбогдох хэсгийг хасаж бусдад давуу байдал бий болгосон” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

            Сахилгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн СХТ/2024/0007 дугаар тогтоолд, дээд шатны шүүхийн шийдвэрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх зөрчилд хамаарах эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай талаар дурджээ.

            Сахилгын хэрэгт цугласан баримтаар, Н.Э-с Р.О-д холбогдуулан 35,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ...шүүхийн шүүгч Д.М хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн 1311 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

            Тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр “Иргэний хэрэг шилжүүлэх, хэрэг, нэхэмжлэл хуваарилах тухай” зөвлөгөөний тогтоолоор дээрх иргэний хэргийг шүүгч Б.М-д шилжүүлжээ.

            Шүүгч Б.М нь тус хэргийг шилжүүлэн авснаас 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад доорх эрхийн актууд гарсан байна.

Үүнд:

            - ...шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 704 дүгээр даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж,

            - 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1174 дүгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай шүүгчийн захирамж,

            - 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1391 дүгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж,

- Хариуцагч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1368 дугаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж,

            - Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1426 дугаар нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж,

            - Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0009 дугаар нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж,

            - 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1545 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж,

            - 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар гомдол хэлэлцсэн тухай шүүхийн тогтоол,

            - 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1982 дугаар шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүгчийн захирамж,

            - 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 658 дугаар шүүхийн шийдвэр,

            - ...шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000/МА2022/00044 дүгээр магадлал,

            - Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШХТ2023/00025 дугаар тогтоол,

            - Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/219 дүгээр хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн албан бичиг,

            - ...шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар иргэний хэргийн хугацаа сунгах тухай зөвлөгөөний тогтоол,

- 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүгчийн захирамж,

- Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 000/ШЗ2023/00527 дугаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж,

- Хариуцагчийн шүүгчийн татгалзах гарах тухай хүсэлтийг ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараагаар товлон зарлахаар шүүх хуралдааныг хойшлуулсан 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 000/ШЗ2023/00603 дугаар шүүгчийн захирамж,

- 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 90 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамж,

- Хариуцагч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 000/ШЗ2023/00886 дугаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж тус тус гарсан болох нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдож байна. Дээрхээс үзвэл, шүүгч Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн нь шүүгч ажил үүргээ гүйцэтгээгүй буюу түүний буруугаас шалтгаалсан зүйл тогтоогдсонгүй.

Тус хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 000/ШШ2023/00233 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 35,070,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргаж, ...шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 000/МА/0030 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

            Өргөдөлд дурдсан “...шүүгч шүүх хуралдааны тэмдэглэлээс холбогдох хэсгийг хасаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үйл баримтыг тодруулахаар 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг тус өдрийн 211 дүгээр тэмдэглэлтэй тулган үзэхэд “mainfeed_dual_512-1.mp4” нэртэй бичлэгийн 0:13:25-0:14:23 минутад, Даргалагчаас: Сая хариуцагчийн өмгөөлөгч ярилаа. Нэхэмжлэл дээр хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх ч хөндсөн. Тэгэхээр яг энэ хоёрын хооронд ямар харилцаа үүссэн. Яг ямар зорилготой 30 гаруй сая төгрөг өгсөн. Энэ талаар мэдэх зүйл байна уу. Энэ хоёр ямар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Ашиг орлогын талаар тохиролцсон зүйл байгаа юу. Үнэхээр нэхэмжлэл дээр дурдсан хөрөнгө оруулалт бол ашиг орлого, татвар хураамжаа яадаг байсан дээр товчхон тайлбар хэлнэ үү гэж, 0:36:29-0:36:39 минутад, Даргалагчаас: Нэхэмжлэгчээс асууя. Хөрөнгө оруулсан мөнгөө авах гээд байгаа юм уу, зээлсэн мөнгөө авах гээд байгаа юм уу гэж сая өмгөөлөгч асуулаа. Энэ хоёрын аль нь вэ гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөрөнгө оруулсан гэдгээр нь, өөрийнх нь гаргаснаар тайлбарлаж байна гэж хариулсан, 0:37:00-0:37:39 минутад, Даргалагчаас: Одоогийн нөхцөл байдлаас харахад аль алиндаа мөнгө шилжүүлсэн асуудал гарч ирж байна. Үүнийг шинжээч томилоод тогтоочих боломж байсан гэдэг асуудал гарч ирээд байна. Үнэхээр ийм асуудал байсан юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аль аль нь хүсэлт гаргаагүй. Одоо шаардлагатай гэж үзээд байгаа юм уу. Энэ тал дээр ямар байр суурьтай байна гэж хэлсэн болох нь бичигдсэн байх ба шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байна.

            ...дахь шүүхийн Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 242 дугаар албан бичгээр дээрх тэмдэглэлийг 3 удаа шүүгчээр хянуулсан  нооргийг ирүүлсэн бөгөөд сахилгын хэргийн 77, 79 дүгээр талд авагдсан баримтад ноорогт бичигдсэн асуулт, хариултыг шүүгч хянахдаа хассан болох нь тогтоогдож байна.  Энэ талаар тус шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч хариу тайлбараа хэлсний дараа шүүгч хөрөнгө оруулалтын гэрээ юу, зээлийн гэрээ юу гэж асуусан асуулт болон хариултыг ноорог дээр бичсэн байсныг дарсан. Иймд шүүх хуралдааны тэмдэглэлээс хасаж албажуулсан, ...шүүгч тэмдэглэлийг хянахдаа хэргийн оролцогчийн хэлсэн үгийн утга, найруулгын хувьд бусдаар өөрчлөөгүй, ...шүүгч тэмдэглэлийн нийт 3 удаа зассан, тухайн үед уг тэмдэглэлийн нооргийг устгаагүй өөртөө хадгалж байсан учир Тамгын газарт гаргаж өгсөн” гэж, шүүгч Б.М тайлбартаа “...шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн гэж үзэж байвал шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулах талаар хуульд зохицуулсан. Энэ талаар оролцогч хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл миний бие бэлэн болсон шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулсан зүйл байхгүй гэж үзэж байна.” гэж тайлбарлажээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ. Хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ.” гэж, 96 дугаар зүйлийн 96.1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.” гэж тус тус заасан.

            Шүүгч Б.М нь шүүх хуралдааны тэмдэглэлийг хянахдаа нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаас тодруулсан асуулт болон хариултыг хассан нь буруу боловч түүнийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

            Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг нийт 1 цаг 43 минут 03 секундийн хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд дээрх дурдсан асуулт хариултаас бусад шүүх хуралдааны явцад яригдсан бүхий л үйл явцыг утга агуулгын зөрүүгүйгээр бичжээ. Мөн хэргийн оролцогчийн хэлсэн тайлбарыг буруу, ташаа бичсэн, хэлээгүй зүйлийг хэлсэн болгож шүүх хуралдааны тэмдэглэлийг бичүүлж, шүүгч гарын үсэг зурж албажуулсан гэх байдал тогтоогдоогүй болно. 

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ танилцуулахдаа “...хөрөнгө оруулсан 35 сая төгрөгөө нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дэмжиж байна” гэж хэлсэн болох нь сахилгын хэргийн 31 дүгээр талд авагдсан тэмдэглэлийн 41, 42 дугаар мөрөнд бичигджээ.

            ...шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 000/МА/0030 дугаар магадлалд шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага тодруулах ажиллагаа хийгдсэн байхад энэ талаар хуралдааны тэмдэглэлд бүрэн бичигдээгүй орхигдуулсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх боловч энэ үндэслэлээр шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх ойлголт нь давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянаж буй ажиллагаа юм. Шүүгч шүүх хуралдааны тэмдэглэлийг хянаж, албажуулах хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хөрөнгө оруулалт гэж тайлбарласныг тодруулж асуухад мөн адил байдлаар хариулсныг тэмдэглэлээс хассан үйлдэл нь хуулийн илт тодорхой ямар заалтыг зөрчсөн нь тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн илт тодорхой заалт гэдэг нь хуульд тодорхой тусгагдсан, өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй байх ба хэргийн оролцогч бусад этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчсөн шинжийг агуулсан, хохирол хор уршгийг бий болгохыг ойлгоно. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх хуулийн үндэслэл нь дээд шатны шүүх хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрийг хянах явцад дүгнэлт хийснээр шүүх тухайн ажиллагааг зөвтгөж залруулах боломжтой байдгаараа ялгагдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн бүхнийг сахилгын зөрчилд тооцох үндэслэлгүй.

            Нөгөө талаас, шүүгч Б.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-т заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэг маргааныг хэрэгт цугласан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн дотоод итгэлээр үнэлж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй юм. Монгол улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжид, нэхэмжлэгч өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлдээ дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр нь биш харин өөр үндэслэл тогтоогдвол шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэдэг. Хариуцагч тал маргаантай харилцааны төрлийг нэхэмжлэгчээс өөрөөр тодорхойлсон боловч нэхэмжлэгч, хариуцагч хоёрын алиных нь ч үндэслэл маргаантай харилцаанд хамааралгүй байх боломжтой юм. Гагцхүү шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг эрх зүйн хувьд алдаа мадаггүй, үндэслэл бүхий тайлбарласан байх учиртай гэж тайлбарласан.

            Дээрх хэргийг тус шүүхийн шүүгч Б.Б 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000/ШШ2023/00654 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагчаас 19,120,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,951,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ...шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 000/МА2024/00008 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна.

            Нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан байхад шүүгч дахин тодруулж асууж, мөн адил хариулт хэлсэн хэсгийг шүүгч шүүх хуралдааны тэмдэглэл хянах явцдаа хассан нь хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн буюу хуулийн ямар нэг илт тодорхой зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзлээ. Нэг утга, агуулгатай зүйлийг дахин хэлснийг хассанаар тухайн зүйлийн утга агуулга өөрчлөгдөхгүй буюу шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй.

            Гэсэн хэдий ч шүүгч Б.М нь аливаа хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан журмыг чанд баримталж, хэргийн оролцогчид  сөрөг сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийж ажиллах нь зүйтэй.

            Дээрх дурдсан үндэслэлээр шүүгч Б.М-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

Холбогдох шүүгч Б.М Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:            “...Р.О, түүний өмгөөлөгч нар гомдлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.Үүнд: 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж үзэж сахилгын хэрэг үүсгүүлэхээр өргөдөл гаргаж байна. 2. Н.Э-ын нэхэмжлэлтэй С.О-д холбогдох “Хөрөнгө оруулсан 35,000,000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэрэгт тус шүүхэд 2021 оны 8 сард ирснээс хойш 2 удаа анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн боловч давж заалдах шатны шүүхээр 2 удаа хүчингүй болж одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй. Хэргийг анх 2022 оны 9 сарын 12-ны өдөр шийдвэрлэсэн боловч талуудын хоорондын маргааны харилцааг зөв тодорхойлоогүй гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон. 3. Дахин 2023 оны 4 сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Б.М-ын зүгээс нэхэмжлэгчээс... нэхэмжлэлийн шаардлагын талаар асууж тодруулахдаа “хөрөнгө оруулсан мөнгө нэхэмжилж байна уу, эсхүл зээлсэн мөнгө нэхэмжилж байна уу” гэхэд нэхэмжлэгчээс “хөрөнгө оруулсан гэдгээр нэхэмжилж байна гэсэн. Гэтэл хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж “ зээлийн гэрээ” гэж шийдсэн. Хамгийн гол асуудал нь шүүгч шүүх хуралдааны тэмдэглэлээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусан асуулт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өгсөн хариултыг санаатайгаар хассан гэжээ. Иймд дээрх үндэслэл тус бүр дээр тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. 1.Гомдол гаргагч Шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар өргөдөл мэдээлэл гаргах эрхтэй. Энэ эрхийг нь миний бие хүндэтгэнэ. 2.Н.Э-ын нэхэмжлэлтэй Р.О-д холбогдох 35,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл нь тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ирж улмаар тус шүүхийн шүүгч Д.Мт хуваарилагдсан байх ба ...шүүхийн 2021 оны 09 сарын 17-ны өдрийн 90 дугаартай “ Иргэний хэрэг шилжүүлэн шийдвэрлүүлэх тухай" шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор уг хэргийг Ерөнхий шүүгч Л.Эд хавсралтаар шилжүүлсэн байна. Дээрх хугацаанд миний бие 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт авч, үргэлжлүүлэн жирэмсний амралтаа авсан байх ба 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрж, хүүхэд асрах чөлөөг авсан байна. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажилд орж, мөн өдрийн 11 дугаартай “иргэний хэрэг шилжүүлэх, нэхэмжлэх хуваарилах тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор ерөнхий шүүгч Л.Э гар дээрх ажиллагаанд байгаа хэргээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 14, түдгэлзүүлсэн 15 нийт 29 хэргийг хавсралт жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдсэн Н.Э-ын нэхэмжлэлтэй Р.О-д холбогдох хэргийг надад шилжүүлэн шийдвэрлүүлэхээр өгсөн байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдааныг оролцогчдын хүсэлтээр нийт 8 удаа хойшлуулж, тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1545 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Э-ын нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байх ба энэхүү захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаснаар тус шүүх 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 000/ШТ2022/00042 дугаартай тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингээд Н.Э-ын нэхэмжлэлтэй Р.О-д холбогдох хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 658 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000/МА2022/00044 дугаартай магадлалаар уг шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. З.Анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлосон байх бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хангаж, хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлосон ч хариуцагч Р.О нь шүүгчээс “... өмнө гарсан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй учраас дахин хэргээ шийдүүлмээргүй байна...” гэх үндэслэлээр татгалзсан тул энэхүү хуралдааныг хойшлуулж, татгалзлыг шийдвэрлүүлэхээр ерөнхий шүүгчид хүргүүлсэн байна. Тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай захирамжаар Р.О-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингээд Н.Э-ын нэхэмжлэлтэй Р.О-д холбогдох 35,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн ба мөн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна. ...шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 000/МА2023/00030 дугаартай магадлалын үндэслэл болгосон “...хуралдаан даргалагчаас -шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан шүүх хуралдааны оролцогчийн тайлбар мэдүүлгийг өөрчлөх, мэдүүлгийг хасах зэрэг засвар оруулсан гэх дүгнэлт нь гомдол гаргагч нарын гомдолд дурдсан “...хамгийн гол асуудал нь шүүгч шүүх хуралдааны тэмдэглэлээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусан асуулт, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өгсөн хариултыг санаатайгаар хассан гэх тайлбараар үгүйсгэгдэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгслийн нэг ч гэлээ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад түүний учир холбогдол оршино. Тухайлбал хэрэгт цугларсан нотлох баримтаар зөвхөн бодит нөхцөл байдлыг тогтоож болохоос гомдол гаргагчийн хэлээд байгаа шиг эрх зүйн дүгнэлт үзэл санаа нотлох баримт болохгүй. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна, 51 дүгээр зүйлийн 51.1-д анхан шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ, 51.3-т тэмдэглэлийг энэ хуулийн 7.1-д заасан шаардлагад нийцүүлэн үйлдэнэ,  51.4-т тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,... үйлдэнэ, 96 дугаар зүйлийн 96.1-д шүүх хуралдааны тэмдэглэлд ... шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ, 96.2-т шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна, 96.3-т шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна хэмээн тус тус хуульчилсан ба тэмдэглэлийг нарийн бичиг үйлдэнэ, ингэхдээ нэг бүрчлэн бичих талаар үүрэг болгосон зүйл байхгүйгээс гадна, агуулгыг алдагдуулахгүй бичиж болно. Тухайлбал гомдол гаргагч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, зөрүүтэй гэж үзэж буй тохиолдолд тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй явдалд бусдыг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч хэн ч бай шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхтэй, энэхүү эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Хэрэв алдаатай бичигдсэн гэж үзэж байсан бол шүүх хуралдаан даргалагчид танилцуулж засвар хийхийг шаардах боломжтой байсан ч энэ талаар танилцуулсан зүйл байхгүй. Хэргийн шийдвэрлэлтийн тухайд шүүгч хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэн, хэргийг шийдвэрлэсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгч Б.М 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “... 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар хуралдааны тэмдэглэлд засвар оруулах нь гагцхүү шүүх хуралдаанд оролцогчийн санал хүсэлт гаргаснаар бус мөн шүүх хуралдаан даргалагч мөн адил засвар оруулж болох боловч засвар хийсэн аль ч тохиолдолд энэ талаар тэмдэглэлд зайлшгүй тусгасан байхыг шаардана. Энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр магадлалд тодорхой дүгнэсэн, мөн гомдол гаргагч энэ талаар уг үндэслэлээр гомдол гаргасан байхад тэмдэглэл хассан шалтгаан нөхцөлийн талаар шүүгчээс тодруулаагүй талаар: Анхан шатны шүүх хуралдаан болон хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах, хяналтын шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэхээр, тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга үйлдэхээр, тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлан өгөхөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд, Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичихээр, Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгохоор, тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаар, хэрэв тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулахаар мөн хуулийн 96 дугаар зүйлд зохицуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөтлөх тэмдэглэлийн талаар 51 дүгээр зүйлд, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх талаар 96 дугаар зүйлд зохицуулсан байгаа байдлаас шүүх хуралдааны тэмдэглэл бичих талаар илүү нарийвчилсан зохицуулалтыг 96 дугаар зүйлд зааж өгсөн байх тул энэ заалтыг баримтална гэж ойлгож хэрэглэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгохоор, тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаар заасны дагуу миний бие шүүх хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгосон. Харин шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн гэж үзэж байвал шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулах талаар хуульд зохицуулсан. Энэ талаар оролцогч хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл миний бие бэлэн болсон шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулсан зүйл байхгүй гэж үзэж байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх залруулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж авах боломжгүй буюу үндэслэлгүй бол түүнийг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрх нь энэ хуулиар олгогдсон. Харин давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ Шүүхийн тухай хуульд зааснаар холбогдох байгууллагад нь өгч шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дурдсаныг бусдад чиглэл өгсөн төдийгүй, хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлсэн эсэх тухайд, Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн зүйл байхгүй, энэ талаараа өмнө нь өгсөн тайлбартаа өгсөн байгаа болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл, удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчилд хамаарах эсэх талаар дүгнэлт хийгээгүй тухайд, нэхэмжлэгч өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлдээ дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр нь биш харин өөр үндэслэл тогтоогдвол шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл заалтын дагуу маргааныг шийдвэрлэдэг... гэх гишүүний дүгнэлттэй санал нэг байна. Энэ талаараа мөн өмнө өгсөн тайлбартаа дурдсан. Миний бие хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэн, хэргийг шийдвэрлэсэн ба Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл, удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Р.О, Г.А нараас ...шүүхийн шүүгч Б.М-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ГЗҮ/2023/0109 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ГС/2023/0133 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг  2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн СХТ/2024/0007 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна. Илтгэгч гишүүн сахилгын хэрэгт дахин шалгах ажиллагаа явуулан 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2024/0028 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэв.

1. Өргөдөл гаргагчаас “...Н.Э-ын нэхэмжлэлтэй Р.О-д холбогдох “хөрөнгө оруулсан 35.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэг тус шүүхэд 2021 оны 8 дугаар сард ирснээс хойш 2 удаа анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн боловч давж заалдах шатны шүүхээр удаа дараа хүчингүй болж одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Н.Э-оос Р.О-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл шүүгч Д.М-т хуваарилагдан, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1311 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.  ...шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу тухайн иргэний хэрэг шүүгч Б.М-д хуваарилагдсан байна.

Шүүгч Б.М нь тус иргэний хэргийг хүлээн авснаас хойш хуульд заасны дагуу ажиллагаа явуулж, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000/ШШ2023/00233 дугаар шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэж, ...дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 000/МА2023/00030 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”  гэж зааснаас үзвэл тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй боловч энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа шүүгчээс шалтгаалж хэтэрсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Иймд дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

2. Өргөдөл гаргагч “...2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч Б.М-ын зүгээс нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын талаар асууж тодруулахдаа “хөрөнгө оруулсан мөнгө нэхэмжилж байна уу, эсхүл зээлсэн мөнгө нэхэмжилж байна уу” гэхэд нэхэмжлэгчээс “хөрөнгө оруулсан гэдгээр” нэхэмжилж байна гэсэн. Гэтэл Шүүгч Б.М нь хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж “зээлийн гэрээ” гэж шийдвэрлэсэн. ...шүүгч Б.М нь шүүх хуралдааны тэмдэглэлээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусан асуулт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өгсөн хариултыг санаатайгаар хассан байна. ... шүүгчид шүүх хуралдааны тэмдэглэлд алдаатай бичигдсэн асуудлаар засвар хийх эрхийг олгосон болохоос “хасах” эрхийг олгоогүй байна. Шүүгч Б.М нь өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээ давж заалдах шатны шүүхэд хамгаалах үүднээс санаатайгаар нотлох баримтын хэсгээс хасаж нэхэмжлэгчид давуу талыг үүсгэсэн байна.” гэжээ.

            Иргэн Н.Э-ын нэхэмжлэлтэй Р.О-д холбогдох иргэний хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан шийдвэрлэсэн.

Тус өдрийн шүүх хуралдааны бичлэгт 0:13:25-0:14:23 минутад, Даргалагчаас: Сая хариуцагчийн өмгөөлөгч ярилаа. Нэхэмжлэл дээр хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх ч хөндсөн. Тэгэхээр яг энэ хоёрын хооронд ямар харилцаа үүссэн. Яг ямар зорилготой 30 гаруй сая төгрөг өгсөн. Энэ талаар мэдэх зүйл байна уу. Энэ хоёр ямар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Ашиг орлогын талаар тохиролцсон зүйл байгаа юу. Үнэхээр нэхэмжлэл дээр дурдсан хөрөнгө оруулалт бол ашиг орлого, татвар хураамжаа яадаг байсан дээр товчхон тайлбар хэлнэ үү гэж, 0:36:29-0:36:39 минутад, Даргалагчаас: Нэхэмжлэгчээс асууя. Хөрөнгө оруулсан мөнгөө авах гээд байгаа юм уу, зээлсэн мөнгөө авах гээд байгаа юм уу гэж сая өмгөөлөгч асуулаа. Энэ хоёрын аль нь вэ гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөрөнгө оруулсан гэдгээр нь, өөрийнх нь гаргаснаар тайлбарлаж байна гэж хариулсан, 0:37:00-0:37:39 минутад, Даргалагчаас: Одоогийн нөхцөл байдлаас харахад аль алиндаа мөнгө шилжүүлсэн асуудал гарч ирж байна. Үүнийг шинжээч томилоод тогтоочих боломж байсан гэдэг асуудал гарч ирээд байна. Үнэхээр ийм асуудал байсан юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аль аль нь хүсэлт гаргаагүй. Одоо шаардлагатай гэж үзээд байгаа юм уу. Энэ тал дээр ямар байр суурьтай байна” гэж хэлсэн болох нь бичигдсэн байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байна.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Ш “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагчийн хариу тайлбараа хэлсний дараа шүүгч хөрөнгө оруулалтын гэрээ юу, зээлийн гэрээ юу гэж асуусан асуулт болон хариултыг ноорог дээр бичсэн байсныг дарсан. Иймд шүүх хуралдааны тэмдэглэлээс хасаж албажуулсан” гэх гэрчийн мэдүүлгийг өгсөн.

            Тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 нооргийг сахилгын хэрэгт хавсаргасан байх ба тус нооргуудаас “..Даргалагч: Хөрөнгө оруулсан мөнгө гэж нэхэмжилж байна уу, зээлсэн мөнгө гэж нэхэмжилж байна уу? гэхэд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөрөнгө оруулсан гэдгээр”, Даргалагч: Одоогийн нөхцөл байдлаас харахад нь аль алиндаа олон удаа мөнгө шилжүүлсэн байна. Үүний шинжээч томилуулаад тогтоох байсан. Үнэхээр ийм асуудал байсан юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаагүй. Одоо шаардлагатай гэж үзэж байна уу? Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ гэхэд, ...Даргалагч: Хавтаст хэргийн 6-10 дугаар талд авагдсан баримтуудыг шинжлэн  судлууллаа. Эдгээр мөнгийг машинтай нийлээд 25 сая төгрөг гэж хэллээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нотариатын зардал ороогүй. Б-ын мэдүүлэгт Н.Э-ын өөрийнх нь унаж байсан экстралл, маркийн автомашиныг 10 сая төгрөгөөр тооцож авсан гэж мэдүүлэг байдаг, эрэн сурвалжлуулсан зардал 70.200 төгрөг...” гэх хэсгүүдийг шүүгч хасаж, тэмдэглэлийг албажуулсан байна.

            Энэ талаар холбогдох шүүгч “...гомдол гаргагч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, зөрүүтэй гэж үзэж буюу тохиолдолд тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй явдалд бусдыг буруутгах боломжгүй” гэх тайлбарыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ”, 96.2 дах хэсэгт “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж заасан.

Дээрхээс үзвэл шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, ... шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал зэргийг бичихээр заасан. Гэтэл шүүгч тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуусан асуулт, хариултыг тэмдэглэлээс хассаныг дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй боловч тухайн зөрчил нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлийг даргалагч шүүгч Б.М хянаж, засвар оруулахдаа “..Даргалагч: Хөрөнгө оруулсан мөнгө гэж нэхэмжилж байна уу, зээлсэн мөнгө гэж нэхэмжилж байна уу? гэхэд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөрөнгө оруулсан гэдгээр” гэх хэсгийг хассан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хөрөнгө оруулсан 35 сая төгрөгөө нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

            Түүнчлэн ...шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 000/МА2023/00030 дугаар магадлалд "...хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдаан даргалагчаас үг, үсэг буруу бичигдсэн техникийн шинжтэй хэсэгт засвар оруулах ойлголт бөгөөд ийнхүү засвар хийсэн талаараа тэмдэглэлд зайлшгүй тусгасан байхыг шаарддаг. Гэтэл хуралдаан даргалагчаас шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан шүүх хуралдааны оролцогчийн тайлбар мэдүүлгийг өөрчлөх, мэдүүлгийг хасах зэрэг засвар оруулсан байх ба энэ тухай тэмдэглэлд тусгаж гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж дурдсан нь шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

            Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй юм.

            Энэ талаар илтгэгч гишүүн саналдаа “.....шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 000/МА2023/0030 дугаар магадлалд шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага тодруулах ажиллагаа хийгдсэн байхад энэ талаар хуралдааны тэмдэглэлд бүрэн бичигдээгүй орхигдуулсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх боловч энэ үндэслэлээр шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

           

Мөн өргөдөлд “...Шүүгч Б.М нь хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж зээлийн гэрээ гэж шийдвэрлэсэн” гэж дурдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх өргөдлийн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2024/0028 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

  

                                    ДАРГАЛАГЧ                    Д.АРИУНТУЯА

                              ГИШҮҮН                     Б.СУГАР

                                                                                   Д.ЭРДЭНЭЧУЛУУН