info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-03-29

Дугаар 36

Улаанбаатар хот

 

      Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

     болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар өмгөөлөгч Ц.Г-ийн өргөдлөөр, ...  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн О.Номуулины илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0032 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:

“ ... Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/хххх дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ДШМ/ххх дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/хххх дүгээр шийтгэх тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүний даргалагч шүүгч С.С-т холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г гомдол гаргаж, үндэслэлээ “эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд улсын яллагчийн хэлсэн үгийг эрс зөрүүтэй, худлаа үг өгүүлбэр бичсэн байсан тул шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргахад албан бланк дээр хэвлээгүй, дугааргүй бичгээр тэмдэглэлд засвар оруулах шаардлагагүй гэсэн илт хууль бус хариу өгч хүсэлтийг хүлээн аваагүй, тэмдэглэлд улсын яллагчийн хэлсэн үгийг буруу ташаа, худлаа бичсэн нь нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл” гэх агуулгаар тодорхойлсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй”,  3-д “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн ххххххххххххх дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан, шүүх хуралдаан даргалагч С.С 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариу өгөхдөө “...Уг хүсэлтэд “2023 оны 05 дугаар сараас мөн оны 09 дүгээр сар хүртэл, хамгийн сүүлд 2021 онд бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох санал гаргаж байна” гэсэн нь бичлэгт “2013 оны 09 сараас 2021 оны 04 дүгээр сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр охин бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан” гэж тусгагдсан байна. Мөн уг хүсэлтэд “хохирогч ...-г 2013 оны 02 дугаар сард тухайн сургуульд шилжиж ирээд 11 дүгээр сард албан ёсоор шилжсэн гэх агуулгатай зүйл огт яриагүй” гэснийг хурлын бичлэгээс сонсоход “хохирогч ...  2013 оны 02 дугаар сард тухайн сургуульд шилжиж ирээд 11 дүгээр сард албан ёсоор шилжсэн” гэх агуулгыг улсын яллагчийн хэлсний дагуу бичсэн байна. Иймд шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт хийжээ.

Илтгэгч гишүүн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй нэг бүрчлэн тулгаж үзэхэд mainfeed_dual_512-3.mp4 нэртэй бичлэгийн 0:06:21 минутаас 0:06:47 хүртэл

Улсын яллагч: “Гэхдээ хохирогч охины өгсөн мэдүүлэг болон тухайн үед гадаа дулаан байсан хичээлдээ явж байсан гэсэн нөхцөл байдлуудаас дүгнэлт хийгээд үзэхэд 2013 оны 02 сард тухайн сургуульд шилжиж ирээд ээжийнх нь ярьсан болон Н-ийн мэдүүлгээр бол намар болтол Бийнд амьдарч байгаад тэднийхээс шилжиж 11 сард сургуулиасаа албан ёсоор шилжсэн байдаг...” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дугаар хуудсанд “...Гэхдээ хохирогчийн тухайн үед гадаа дулаахан байсан, хичээлдээ явж байсан гэх мэдүүлэг, нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд 2013 оны 02 сард тухайн сургуульд шилжиж ирээд 11 сард албан ёсоор шилжсэн...” гэж бичигдсэн,

mainfeed_dual_512-3.mp4 нэртэй бичлэгийн 0:10:39-0:11:05 хүртэл  

Улсын яллагч: “Б нь насанд хүрээгүй охиныг 2013 оны 05 дугаар сараас 09 сар болтол удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,  2021 оны 04 дүгээр сард дахин хүч хэрэглэж хүчиндсэн үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзээд нэг дэх саналаа дэмжиж оролцож байна” гэж нэмэлт тайлбараа дуусгаж байх ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлийн яг тухайн хэсэгт бичгээр оруулаагүй ч улсын яллагчийн эхний дүгнэлт хэсэг бичигдсэн 12 дугаар хуудсанд “...2013 оны 05 сараас 09 сарын хугацаанд 6 удаагийн үйлдлээр, мөн 2021 оны 04 сард .... хохирогч охинд хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь...” гэж бичигдсэн байгаа нь тогтоогдлоо.

Иймд шүүгчийг шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах шаардлагагүй гэсэн илт хууль бус хариу өгсөн гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн, өмгөөлөгч Ц.Г-ийн өргөдөлд дурдсан улсын яллагчийн хэлсэн үгийг эрс зөрүүтэй, буруу ташаа, худлаа бичсэн гэх тайлбар тус бүрийг шүүх хуралдааны тэмдэглэлтэй тулган үзэхэд шүүх хуралдаанд улсын яллагчийн хэлсэн санал, дүгнэлт, тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд үг нэг бүрээр бус ч агуулгаараа бүхэлдээ тусгагдсан, огт өөр агуулгаар зөрүүтэй тусгагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд маргаан бүхий шүүх хуралдаан хаалттай явагдсан  байх тул бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчингийн гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт, үйлдлийн талаар яригдсан улсын яллагчийн санал дүгнэлт бүрийг тэмдэглэлтэй харьцуулан бичих боломжгүй гэж илтгэгч гишүүн үзсэн болно.

Ийнхүү саналд бичгийн хэлбэрээр оруулаагүй ч шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийж шүүх хуралдааны тэмдэглэлтэй харьцуулсан баримтыг сахилгын хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна”, 2-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж заасныг шүүх хуралдаанд оролцогчдын хэлсэн үг нэг бүрийг тэмдэглэлд бичнэ гэж ойлгохгүй бөгөөд утга агуулгын зөрүүгүйгээр тухайн этгээдийн хүсэл зориг, санаа бодлын илэрхийллийг үг зүйн тохиромжтой нийцлээр бичгийн хэлбэрт оруулах учиртай.

Иймд улсын яллагчийн хэлсэн үгийг шүүх хуралдааны тэмдэглэлд эрс зөрүүтэй, буруу ташаа, худлаа бичсэн гэж үзэхгүй.

Харин шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргахад албан бланк дээр хэвлээгүй, дугааргүй бичгээр хариу өгсөн нь буруу байна. 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг шийдвэрлэхдээ эрх зүйн акт үйлдээгүй, гагцхүү нарийн бичгийн дарга болон өөрөө гарын үсэг зурж шүүхийн тэмдэг дарсан бичгийн баримт үйлдсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй.

Гэвч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн зөрчил шүүхийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээний ноцтой байх, эсхүл олон удаагийн давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд шүүгч С.С-ийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ эрх зүйн актаар бус бичгийн баримтаар шийдвэрлэсэн техникийн шинжтэй алдааг сахилгын шийтгэл оногдуулах хэмжээний ноцтойд тооцох боломжгүй гэж үзлээ.

Иймд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав...” гэжээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С тайлбартаа: “Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Г-ийн гомдлын агуулгатай танилцвал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэх утгаар ерөнхий тусгагдсан байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөх үүргийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээдэг бөгөөд тэмдэглэл хөтлөхдөө оролцогч нарын ярианы хэлийг утга агуулгыг алдагдуулахгүйгээр бичгийн хэл рүү буулгаж бичдэг. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгаж, харин оролцогч нарын ярьж буй зүйл, мэдүүлэг, асуулт хариултыг агуулгаар нь бичиж тэмдэглэдэг онцлогтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үйлдсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгч бүтэц, агуулгаар нь хянаж гарын үсэг зурдаг. Харин шүүх хуралдааны дуу- дүрсний бичлэгтэй тулгаж хянадаггүй болохыг дурдах нь зөв болов уу. Иймд шүүх хуралдааны оролцогч нар шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй байдаг билээ. Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Г-ээс гаргасан засварын саналын дагуу шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгтэй тулгаж үзэхэд агуулгын зөрүү байгаагүй тул шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах шаардлагагүй гэж үзээд тухайн тэмдэглэлийг хөтөлсөн албан тушаалтнаар тэмдэглэл үйлдүүлж, хэрэгт хавсаргуулсан болно. Хэрэв өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлийг агуулгын зөрүүтэй гэж үзсэн бол давж заалдах гомдолдоо тусгах боломжтой бөгөөд уг гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг нягталж үздэг.

Ийм учраас шүүгч С.С миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байгаа тул надад холбогдуулсан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Ц.Г-ээс шүүгч С.С-т холбогдуулан “ ... шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад гэм буруугийн шүүх хуралдааны дүгнэлтийн шатанд улсын яллагчийн хэлсэн үгийг эрс зөрүүтэй, худлаа үг өгүүлбэр бичсэн байсан тул тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан боловч тэмдэглэлд засвар оруулах шаардлагагүй гэсэн илт хууль бус хариу өгсөн... ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд зааснаар хүсэлтийн хариу нь захирамж хэлбэртэй гарах ёстой байсан гэж үзэж байна. ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан ... ” гэх агуулга бүхий өргөдлийг Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий баримтууд болон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг гаргуулан авч, үзлэг хийн, тэмдэглэл үйлдсэн, мөн шүүгч С.С нь тайлбараа ирүүлсэн байна.

Илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэргийг хянан үзвэл:

Шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, 2023/ШЦТ/хххх дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, 2024/ДШМ/ххх дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтэд даргалагч шүүгч С.С “... агуулгыг улсын яллагчийн хэлсний дагуу бичсэн байна. Иймд шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах шаардлагагүй ...” гэж хариу өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж тус тус зааснаас үзвэл, хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх үе шатыг тэмдэглэлд тусгахаар зохицуулсан ба энэ нь хуралдаанд оролцогчийн ярьж буй үг, яриа болгоныг бүхэлд нь нэг бүрчлэн тусгах тухай ойлголт биш юм.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг шүүхийн Тамгын газраас гаргуулан авч шүүх хуралдааны тэмдэглэлтэй тулган үзлэг хийн, тэмдэглэл үйлдэн[1] сахилгын хэрэгт хавсаргасан байх ба үүнээс үзэхэд, шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн тайлбар, дүгнэлт нь шүүх хуралдааны тэмдэглэлд агуулгаараа тусгагдсан байх бөгөөд оролцогчийн ярьж буй яриаг найруулга зүйд нийцүүлэн хөтөлсөн шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулсан даргалагч шүүгч хууль зөрчөөгүй байна.

Иймд илтгэгч гишүүний “ ... шүүгчийг шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах шаардлагагүй гэсэн илт хууль бус хариу өгсөн гэж буруутгах боломжгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Харин шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтэд “Шүүх хуралдааны тэмдэглэлд завсар оруулах хүсэлтийн тухай” гэж гарчиглан, даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж, шүүхийн “тэмдэг” дарж хариу өгсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.

Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-ын 3.2.1-д “анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан бичиг болон бусад баримт бичиг”, 3.2.2-т “ ... захирамжилсан болон албан бичгийн хавсралт, тэдгээрийн хуулбарыг баталгаажуулахад “тэмдэг” ашиглана гэж журамласан байхад өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ байгууллагын хэвлэмэл хуудасгүй, баримт бичгийн дугааргүй бичигт “тэмдэг” дарж хариу өгсөн нь буруу байна.

Үүгээр хариу өгсөн нь хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэвэл, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С нь өргөдөлд дурдсанчлан хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ГС/2024/0032 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ                            Ц.ДАВХАРБАЯР

                   ГИШҮҮН                                 Д.МЯГМАРЦЭРЭН

                                                        С.ЭНХТӨР 

 

 

                                                                                              

 

[1] Сахилгын хэргийн 99-103 дахь тал