info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-03-28

Дугаар 35

Улаанбаатар хот

  

    Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч-т холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  ГС/2024/0033 дугаартай саналыг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний ГС/2024/0033 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“ ... таслан сэргийлэх арга хэмжээний хурлын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааны нийтлэг журмыг баримтлаагүй” гэх үндэслэлийн тухайд: Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийн нийтлэг журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлд 5 дахь хэсэгт  “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ үндэслэлийг шүүхэд танилцуулна”, 6 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлгийн явцыг энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэлд тусгаж, танилцуулна”, 9 дэх хэсэгт “Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай шийдвэрт гомдол гаргах эрхтэйг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорт танилцуулна” гэж тус тус зааснаар хуульчилсан байна.

... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ үндэслэлийг шүүхэд танилцуулсан байна.

Иймд шүүгч Д.Ч-н даргалж шийдвэрлэсэн таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг нь дээрх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаан нь хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            “... шүүх хуралдааны явцад прокуророос бичсэн саналыг шүүгчээс яахаараа ерөнхий ангийн заалтыг журамладаг юм гэх зэргээр таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох хурал хэлэлцэж байж гэм буруугийн шүүх хуралдаанд оролцож байгаа мэтээр асуулт асууж прокурортой дээрэнгүй, ёс зүй байхгүй, өндөр дуугаар хандсан...” гэх үндэслэлийн тухайд:

            Прокурор Б.У нь яллагдагч Ц.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналын ОЛСОН нь хэсгийн 2-т яллагдагч З.Б-н холбогдсон хэргийн талаар дурдсан байна. Гэтэл шүүхэд саналаа танилцуулахдаа яллагдагч З.Б-н холбогдсон хэргийг орхигдуулж танилцуулсан болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн хэсгээс тогтоогдож байна.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор шүүхэд саналаа танилцуулахдаа яллагдагч З.Б-н холбогдсон хэргийг танилцуулахгүйгээр буюу шүүхэд бичгээр ирүүлсэн саналыг дутуу танилцуулснаас улбаалан шүүгч прокуророос ирүүлсэн саналын хүрээнд уншиж танилцуулахыг анхааруулсан нь бичлэгт бичигдсэн байх бөгөөд шүүгч зохисгүй үг хэллэг хэрэглээгүй байна.

Мөн шүүх хуралдааны 0:19:58-0:20:18 Даргалагчаас: Улсын яллагчаас асууя. Ц.Б гэдэг хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүх хуралдаан явагдаж байгаа. Б.Б-н үйл баримтыг Ц.Б-тай яагаад бичээд байгаа юм бэ гэхэд.

0:20:25-0:20:51 Прокурор: Холбогдон шалгагдаж байгаа хэрэг дээр та яллагдагчаар татсан тогтоолыг харах юм бол хатгагчаар гээд хамтран оролцсон хэлбэрээр байгаа учраас гүйцэтгэгчээр хэн оролцож байгаа юм хатгагчаар хэн оролцож байгаа юм гэдгийг прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхойлж бичиж байгаа юм. Холбогдсон хэргийн талаар энэ хүрээнд бичсэн шүүгч гэв.

0:20:54-0:21:13 Даргалагчаас: Яллагдагчаар татсан тогтоолыг хөндчих шиг боллоо. Энэ яллагдагчаар татсан тогтоол дээр Ц.Б үргэлжилсэн үйлдэл дээрээс нь хамтран оролцсон хэлбэр, дээрээс нь өөр зүйл заалт журамлаад байгаа юм уу гэхэд

0:21:15-0:22:47 Прокурор: Энэ гэм буруугийн хуралдаан яваад байгаа юм уу. Би тэмдэглэл дээр тусгаасай гэж бодож байна. Шүүгчээ ийм саналтай байна. хуралдааны эхэнд саналын үндэслэлээ танилцуул гэхэд би бусад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд оролцдог шиг хууль зүйн үндэслэлийг уншиж танилцуулах юм байна гэж ойлгож танилцуулсан. Шүүгч бол ямар агуулгаар хэлсэн бэ гэхээр саналаа нэг бүрчлэн уншиж танилцуулж гэж шүүх бүрэлдэхүүний хэлсний дагуу уншиж танилцуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд тухайлсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох бүх зүйл заалтыг буруу зөрүү хэрэглэсэн эсэх энэ асуудал бол одоогоор хөндөх боломжгүй. Энэ бол прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд яллагдагчаар татах тогтоолыг баталсан. Одоо бол хууль хэрэглээний зөрүүтэй асуудал гарах юм бол дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй. Тэгэхээр би таны асуултад ийм тайлбар хэлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саналыг шүүхэд прокурор гаргаж байгаа. Энэ ажиллагаанд тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саадгүй явуулах зорилтыг хангах хүрээнд яллагдагчид энэ хоёр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг гаргаж байгаа юм. Энэ хүрээнд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргана гэж ойлгож байгаа юм. Ингэж ойлгож байна. Хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх саналыг гаргаад байгаа юм. Ийм учраас шүүх бол бүрэн хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргана гэж ойлгож байгаа. Хамтран оролцсон саналын үндэслэлээ танилцуулсан” гэх хэсгээс үзэхэд шүүгч Д.Ч нь прокурор яллагдагч нарын гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг дурдсанаас улбаалан прокуророос яллагдагчаар татсан тогтоолыг талаар тодруулсан байна.

            Шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааны аль ч үе шатанд асуулт асуух эрхтэй бөгөөд шүүгч Д.Ч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, хуульд заасан хүрээнд прокуророос асуулт асуусан байна.

            Шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой.

            “...Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийг прокурорт буцааж өгөхгүйгээр албан өрөө рүү авч явсан. Өвлийн хүйтэнд гадаа хэргийн материалаа авах гэж 3 цаг гаруй хүлээлгэж, шийдвэрээ гаргаж өгөөгүй шүүгчийн дээрэнгүй үйлдэл гаргасан” гэх үндэслэлийн тухайд: Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн хэсгээс үзэхэд шүүгч прокурорын саналыг шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлээ танилцуулж шүүх хуралдааны дууссаны дараа прокурор хэргээ авах талаар хэлсэн байна.

            Мөн холбогдох шүүгчийн “...хурлын танхимаас гараад өрөөндөө шийдвэрээ бичгээр гаргах гэтэл шүүгчийн туслах А.С нь "хяналтын прокурор хэрэг авмаар байна, яагаад өрөөндөө хэрэг аваад орж байгаа юм, хэргийн нууцлалыг би хангаж байгаа, шүүгчтэй чинь уулзъя, яахаараа хэрэг аваад өрөөндөө ордог юм" гэж удаа дараа залгаж шаардсаныг танилцуулсан” гэх тайлбар,

гэрч А.С-ийн: “...таслан сэргийлэх арга хэмжээг хүлээн авахаас татгалзсан бөгөөд шүүгч захирамжаа одоо гаргах тул захирамжийн үндэслэлийг бичихээр хэргээ өрөөндөө аваад орсон. Тэгээд захирамж бичиж байх явцад прокурор нь хэргээ авъя гээд залгасан. Шүүх хурал 16 цаг болж байхад ороод 30-40 минутын хугацаатай болсон байх. Прокурор нь шүүх хурал дуусаад хамгаалалтын цагдаа руу хэрэг аваад ир, ... шүүгчийн өрөө нь хаана байна, туслах нь хаана байна, хэргээ авъя гэж орилсон. Тэгээд цагдаагийн албан хаагч над руу бичээд прокурор нь хэргээ авъя гээд орилоод байна аа та бууж ирээд уулзаач гэсэн. Тэгээд би бууж ирээд уулзаад шүүгч захирамжаа бичиж байгаа хэрэг шүүгчид байгаа гэсэн. Тэгсэн чинь танай шүүгч яахаараа хэрэг авч явдаг юм гэсэн. Би захирамжийнхаа үндэслэлийг бичиж байгаа гэж прокурорт хэлсэн” гэх мэдүүлэг,

... Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа Ц.Б-ны: “...Б.У гэгч нь 16:56 цагт Шүүгчийн туслахаа дуудаад өгөөч уулзах хэрэг байн гэсний дагуу туслах А.С 1 удаа гарч уулзаад өрөөндөө орсон. Тухайн прокурор гарч явж шүүхийн гадна машиндаа байж байгаад 17:20 цагт буцаж орж ирээд дахин шүүгчийн туслахаа дууд гэхэд энэ талаар А.С-т хэлэхэд түр хүлээж байгаарай гэж тайлбар хэлсэн. Тухайн прокурор аль эсвэл шүүгчээ дуудаад өг гэхэд хуулийн дагуу хориглосон байдаг тул шүүгчтэй уулзуулах боломжгүй гэдгийг хэлсэн. Тухайн прокурор шүүгчтэй уулзаж хэргээ авч явах хэрэгтэй байна гэх тайлбар тавьж байсан болно. 17:40 цагт ажлын цаг дууссан тул тухайн прокурорын гарах шаардлага тавьсанд шүүхийн байрнаас гарч явсан” гэх тайлбар,

            Н.Г-ын “Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн байранд үүрэг гүйцэтгэх хугацаанд Эрүүгийн хурал 16:00 цагт эхэлж 16:50 цагийн орчим дууссан. Тухайн хэргийн прокурор Б.У гэгч нь 16:56 цагт шүүгчийн туслахаа дуудаад өгөөч уулзах хэрэг байна гэсний дагуу туслах А.С 1 удаа гарч уулзаад өрөөндөө орсон. Тухайн прокурор гарч явж шүүхийн гадна машиндаа байж байгаад 17.20 цагт буцаж орж ирэхэд дахин шүүгчийн туслах дууд гэхэд энэ талаар А.С-т хэлэхэд түр хүлээж байгаарай гэх тайлбар хэлсэн. Тухайн прокурор аль эсвэл шүүгчээ дуудаад өг гэхэд хуулийн дагуу хориглосон байдаг тул шүүгчтэй уулзуулах боломжгүй гэдгийг хэлсэн. Тухайн прокурор шүүгчтэй уулзаж хэргээ авч явах хэрэгтэй байна гэх тайлбар тавьж байсан болно” гэх тайлбаруудаас үзэхэд шүүх хуралдаан дуусаж шүүх хуралдааны танхимаас прокурор Б.У гарч ирээд шүүхээс удаа дараа хяналт тавьж хэргээ авах талаар шаардсан үйл баримт болсон байна.

            Улмаар прокурор Б.У нь шүүгч Д.Ч-той утсаар холбогдохоор шүүгчийн туслах А.С-с шүүгчийн утасны дугаарыг авч 17 цаг 50 минут, 17 цаг 53 минутад тус тус 2 удаа харилцаж хэргээ авах талаар шүүгчид хэлсэн байна.

Шүүгч тайлбартаа прокурор Б.У-тай утсаар ярьсан дууны бичлэгийг сиди-д буулган хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд энэ нь хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан хэлбэрээр бэхжүүлэгдээгүй гэж үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.10 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй...” гэж зааснаар сиди-г нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Шүүгч Д.Ч нь прокурор Б.У-тай утсаар харилцахад шүүгчийн туслах А.С байлцсан болох нь түүний “... шүүгчийн туслах А.С-ийг байлцуулан утсаар харилцан 2 удаа ярьсан боловч дахин дахин залгаж саад учруулаад байсан” гэх тайлбар,

            Гэрч А.С-ийн “... шүүгчийг прокурортой утсаар ярихад шүүгчтэй хамт байсан” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

            Шүүгч Д.Ч нь прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж, ямар дүгнэлт хийснээ шүүхийн шийдвэрт тусгахаар хэргийг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 8.“шүүхийн шийдвэрт дараах зүйлийг тусгана” 8.4.“зааснаар “шүүх санал, хүсэлтийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт” гэж заасанд нийцсэн байна. 

  Өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул шүүгч Д.Ч-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Б.У: “... таслан сэргийлэх арга хэмжээний хурлын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааны нийтлэг журмыг баримтлаагүй, ... шүүх хуралдааны явцад прокуророос бичсэн саналыг шүүгчээс яахаараа ерөнхий ангийн заалтыг журамладаг юм гэх зэргээр таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох хурал хэлэлцэж байж гэм буруугийн шүүх хуралдаанд оролцож байгаа мэтээр асуулт асууж прокурортой дээрэнгүй, ёс зүй байхгүй, өндөр дуугаар хандсан, ...мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийг прокурорт буцааж өгөхгүйгээр өөрийн албан өрөө рүү авч явсан, ... шүүгч рүү залгаж хэргээ авья гэхэд уурлаж дээрэнгүй үйлдэл гаргасан, ... шүүх хурлын явцад болон хурлын дараа прокурортой ёс зүйгүй өндөр дуугаар хандсан” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад А.С, Н.Г, Ц.Б нараас гэрчийн мэдүүлэг авч, бусад холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн шалгаж, шүүгч Д.Ч сахилгын зөрчил гаргаагүй болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон гэх 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ГС/2024/0033 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргажээ.

Бүрэлдэхүүн сахилгын хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчийн хуралдаанд гаргасан тайлбар зэргийг нэгтгэн дүгнэж саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

            ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ЦХШЗ/54 дугаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр прокурор 

яллагдагч Б, Б нарын гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг дурдсанаас улбаалан прокуророос яллагдагчаар татсан тогтоолыг талаар тодруулж,  шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд уншиж танилцуулахыг анхааруулсан байх бөгөөд шүүгч зохисгүй үг хэллэг хэрэглээгүй, хэргийн оролцогчдод буруу ойлголт төрүүлэхүйц дуу хоолойны өнгө гаргаагүй болох нь тогтоогдож байна.

Үүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, хуульд заасан хүрээнд прокуророос асуулт асуусан үйл баримт гэж үзэх бөгөөд шүүгч шүүх хуралдааны аль ч үе шатанд асуулт асуух, хариулт авах бүрэн эрхтэй.

            Тухайн хуралдаанаар прокурорын саналыг шийдвэрлэж, шийдвэрийн үндэслэлээ талуудад танилцуулсны дараа татгалзсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэлт хийсэн талаар шүүхийн шийдвэрт тусгах зорилгоор хэргийг авч албан өрөөндөө орсон үйл баримтыг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”-ыг шүүгчид шууд хориглосон байдаг тул шүүгчийн хянан шийдвэрлэж буй хэргийн оролцогчид тус шүүгчтэй гар утсаар харилцах, уулзах үйлдэл нь хуульд нийцэхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                     Б.СУГАР

                             ГИШҮҮН                                            Ц.ДАВХАРБАЯР

                                                                                       Х.ХАШБААТАР