info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-03-20

Дугаар 31

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч Н.А-г оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2024/0027 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд                         ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... Иргэн Н.А-ээс ... анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж өргөдөл гаргасан. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Т” СӨХ-оос М.Т-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг ... анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгч Д.Э даргалж, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд .../ШШ2023/00862 дугаар шийдвэрээр М.Т-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг ... дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ. Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...энэхүү шийдвэрийг бичгээр албажин гарсны дараа ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, ... дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрэн сурвалжлах шийдвэр хариуцсан байцаагчтай нь очиж уулзахад “манайд ийм шийдвэр ирээгүй байна” гэдэг, миний бие 2023 оны 05 дугаар сар,  06 дугаар сар, 08 дугаар саруудад очиж уулзаж лавласан...” гэжээ. Шалгах ажиллагааны хүрээнд холбогдох иргэний хэрэг, ... анхан шатны шүүхийн 2023 оны явсан бичгийн бүртгэл, бичиг хүргэгчийн бүртгэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл /с.х-ийн 18-19 дэх тал/, гэрч Б.П-ийн “...Бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурж хүлээн аваагүй боловч би тэр бичгийг шүүгчийн туслахаас авсан. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ... дүүрэг дэх Цагдаагийн газарт М гэж бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгсөн. Мөн утасны дугаарыг нь бичүүлээд гарын үсгийг нь зуруулж өгсөн...” гэх мэдүүлэг /с.х-ийн 35 дахь тал/ зэргээр М.Т-ийг эрэн сурвалжлах шийдвэрийг тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн .../АБ2023/02489 дүгээр албан бичгээр ... дүүргийн Цагдаагийн газарт хүргүүлэхээр шүүхийн “Явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэр”-ийн 2489 дугаарт, “Бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтэр”-ийн 388 дугаарт тус тус бүртгэсэн байх бөгөөд хүлээн авсан хүний гарын үсэг гэсэн хэсэгт “05/04 ... М” гэж тэмдэглэж Цагдаагийн газрын холбогдох ажилтан хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Харин өргөдөл гаргагчийг ... дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст очиж шийдвэр ирсэн талаар лавлахад ирээгүй гэж хэлсэн учраас шүүгчийн туслахтай уулзсан боловч хариу өгөөгүй талаар өргөдөлдөө дурджээ. Энэ талаар гэрч Б.Л-ээс “...Нэхэмжлэгчийн төлөөлөгч манай эрэн сурвалжлуулах шийдвэр хүргэгдээгүй талаар 2023 оны 11 дүгээр сард ирж уулзсан. Үүний дагуу би хэргээ үзэхэд 2023 оны 05 дугаар сард явсан бичигт ... дүүргийн Цагдаагийн аль хэлтэст хүргүүлсэн нь тодорхойгүй буюу газарт нь гээд явуулсан байсан. Ер нь эрэн сурвалжлуулах шийдвэрийг хорооны харьяа цагдаагийн хэлтэст нь албан бичгээр хүргүүлдэг. Гэтэл уг албан бичиг нь буруу газарт хаяглагдсан байсан. Энэ талаар шүүгчид танилцуулсны дагуу М.Т ... дүүргийн 4-р хороонд харьяалалтай байсан учраас тус дүүргийн 2 дугаар хэлтэст гэж хаягийг зөвтгөж дахин хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /с.х-ийн 39-40 дэх тал/  өгсөн бөгөөд шийдвэрийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн .../АБ2023/06576 дугаар албан бичгээр ... дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүргүүлсэн байна. Дээрхээс үзэхэд эрэн сурвалжлах тухай шийдвэрийг дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлэх ёстой байсан гэж ойлгохоор байх боловч тухайн шийдвэр гарах үед шүүгч Д.Э-ийн туслахаар ажиллаж байсан Б.С-аас өгсөн гэрчийн мэдүүлэгт “...Хариуцагчийн хамгийн сүүлд оршин сууж байсан гэх газрын хаягийн дагуу харьяалах дүүргийн цагдаагийн хэлтэс рүү нь явуулдаг. Гэхдээ тухайн үед цагдаагийн хэлтэс гээд явуулахаар цагдаагаас холбогдоод “..албан бичгээ Цагдаагийн газарт нь явуул, тэгээд тухайн газраас нь хэлтэс рүүгээ шилжүүлнэ...” гэдэг байсныг Ерөнхий шүүгчийн туслахаас шүүгчийн туслахуудад хэлж байсан. Энэ нь дүүргийн хороод солигдоод өмнө нь явуулж байснаараа цагдаагийн хэлтэс рүү нь явуулахаа болиод газарт нь явуулдаг байсантай холбоотой байх. Тэгээд Цагдаагийн газарт гэж шийдвэрээ явуулсан байх...” гэж дурдсан болно. Үүнийг тодруулахын тулд ... дүүргийн Цагдаагийн газарт “Нотлох баримт гаргуулах тухай” захирамж хүргүүлэхэд тус газрын 1 дүгээр хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 30ё1/880 дугаар албан бичгээр ирүүлсэн хариундаа “...шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн албан бичгийг хүлээн авч, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг руу шилжүүлсэн ба шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн хаягийг олж тогтоосон боловч нэхэмжлэгчид энэ талаараа мэдэгдээгүй ...” талаар дурдсанаас үзэхэд цагдаагийн байгууллагын албан хаагчийнхаа үйл ажиллагаанд тавих хяналт сул, мэдээлэл солилцох байдал дутагдалтайн улмаас иргэдэд хүндрэл учруулсан гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрийг холбогдох газарт нь хүргүүлэх, шүүхийг хэвийн ажиллах зохион байгуулалтын нөхцөлөөр хангах чиг үүргийг шүүхийн Тамгын газар хэрэгжүүлэх үүрэгтэй ба энэ тохиолдолд цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх тул энэ үндэслэлээр шүүгч Д.Э-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Иймд, өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ... анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. гэжээ.

Шүүгч Д.Э тайлбартаа: “...Миний бие тус шүүхийн хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмын дагуу Иргэн-2014 программаас тойрог дотор санамсаргүй байдлаар хуваарилагдсан нэхэмжлэгч “Т” СӨХ-ны М.Т-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр .../Ш32023/04553 дугаар шүүгчийн иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” заасан. Улмаар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхийн .../ШШ2023/00862 дугаар шийдвэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Т-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг ... дүүргийн Цагдаагийн газарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Шүүгч миний бие 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уг иргэний хэргийг архивд хүлээлгэн өгөхөөр хянах үед хэргийн 17 дугаар талд ... дүүргийн Цагдаагийн газарт шийдвэрийг хүргүүлэх тухай 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн .../АБ2023/02489 дугаар албан тоотоор тоот авагдсан байсан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул Н.А-ийн гомдлоор үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн Н.А-ээс ... анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан “...эрэн сурвалжлах шийдвэрээ цагдаагийн байгууллага руу хүргүүлээгүйгээс олон сар хохирч байна” гэх агуулгаар өргөдөл гаргаж, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГЗҮ/2024/0005 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2024/0027 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, ... анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Э даргалж, “Т СӨХ”-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Т-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, .../ШШ2023/00862 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар М.Т-ийг эрэн сурвалжлуулж, мөн зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг ... дүүрэг дэх Цагдаагийн газарт даалган шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шийдвэрийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн .../АБ2023/02489 дугаар албан бичгээр ... дүүрэг дэх цагдаагийн газарт, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн .../АБ2023/06576 дугаар албан бичгээр ... дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус тус хүргүүлсэн талаарх баримт иргэний хэрэгт авагджээ.

Цагдаагийн байгууллагад дээрх шийдвэр хүргэгдсэн эсэхийг тодруулахаар  илтгэгч гишүүнээс “Нотлох баримт гаргуулах тухай” 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ГЗБ/2024/0076 дугаар захирамжийг ... дүүргийн Цагдаагийн газарт хүргүүлсний хариуд тус газрын нэгдүгээр хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 30ё/880 дугаар албан бичгээр “...тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн .../АБ2023/02489 дугаар албан бичгээр шийдвэрийг ... дүүргийн Цагдаагийн газарт хүргүүлснийг тус цагдаагийн газрын бичиг хэргийн ажилтан, цагдаагийн дэд ахлагч Б.М хүлээн авч, цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах тасагт шилжүүлснийг тус тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Г хүлээн авч бүртгэн, хариуцагчийг эрэн сурвалжилж хариу хүргүүлэхийг хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Л-т даалгасан байна. Ч.Л шийдвэрийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжилж оршин сууж байгаа хаягийг олж тогтоосон боловч нэхэмжлэгчид хариу хүргүүлээгүй байсныг 30ё/876 албан бичгээр хүргүүлсэн” болохыг мэдэгджээ.

Иймд ... анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн .../ШШ2023/00862 дугаар шийдвэрийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн .../АБ2023/02489 дүгээр албан бичгээр ... дүүргийн Цагдаагийн газарт хүргүүлсэн болох нь дээр дурдсан албан бичгүүд, шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.П, Б.Л, Б.С нарын мэдүүлгүүд, тус шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон байна.

Гэвч Цагдаагийн байгууллагаас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулсан байдлаа нэхэмжлэгчид цаг тухайд нь мэдэгдээгүй нь шүүгчийн үйл ажиллагаатай холбоогүй.

Нөгөө талаас, шүүхийн шийдвэрийг холбогдох газарт нь хүргүүлэх, шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үүрэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн Тамгын газрын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарна.

Мөн өргөдөлд, эрэн сурвалжлах ажиллагааг ... дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх байхад ... дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн нь буруу гэх агуулгыг дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс эрэн сурвалжлах ажиллагааг ... дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, тухайн газраас харьяалах хэлтэс рүү шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд өргөдөлд дурдсан үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон         

 ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2024/0027 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Н.А-ээс ирүүлсэн өргөдлийн дагуу ... анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                                        Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН