МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-09
Дугаар 103
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч А.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгч А.А- тайлбартаа “..Шүүгдэгч Б.Ч-т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан /Биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг мөн хуулийн 2.1 дэх хэсэгт заасан хүүхэд гэдгийг мэдсээр байж, 2.2 дах хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад заасан /Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг мөн хуулийн 2.6 хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж, 2.7 урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэргүүдэд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн билээ. “... 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт Б.Ч- намайг өмгөөлөгчгүй оролцуулж миний санал хүсэлт хэлэх эрхийг хаан боогдуулж хууль зүйн туслалцаа авах хуулиар хамгаалуулах эрхийг маань ноцтойгоор зөрчсөн” гэжээ. Тухайн үед яллагдагч Б.Ч-ын өмгөөлөгч нь Ж.Н байсан бөгөөд түүнд шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн боловч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Өмгөөлөгч Ж.Н- болон яллагдагч Б.Ч- нар нь шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт “ ... өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан болон яллагдагч Б.Ч- нь өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаагүй тул шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг явуулсан болно. Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэхийг хориглосон тул зөвхөн хүсэлт гаргасан оролцогчийн хүсэлтийг хэлэлцсэн болно. Иймд яллагдагч Б.Ч-ын эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Б.Ч- нь шүүгч намайг “төрсөн ахынхаа тушаалаар заавал ял өгч явуулах ашиг сонирхолдоо хөтлөгдөн ялласан”, шүүгч миний төрсөн ахыг “... биеэ үнэлэгч нартай холбогдсон нь нийтэд ил болсон” гэх мэтээр нэр төр, алдар хүндийг нь гутаах зорилготой үндэслэлгүй гүтгэж, шүүгчид нөлөөлөх гэсэн үйлдэл гаргаж байна гэж ойлгож байна. Олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч оролцсон дүрс бичлэг гарсан боловч шүүгч А.А- би болон миний ах тэр үйл явдалтай ямар ч холбоогүй байхад шүүгдэгч нь үндэслэлгүйгээр гүтгэж, санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх зорилготой гэж үзэж байна. Б.Ч- нарт холбогдох эрүүгийн хэрэг нь шүүгчид хуваарилагдахдаа тусгай программаар шүүгч нь тохиолдлын журмаар сонгогдож хэрэг хуваарилагдсан болно. Б.Ч- нь шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд энэ асуудлыг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ дагуу хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнд шүүгч А.А- миний оролцоо байхгүй..” гэжээ.
Илтгэгч гишүүний саналд: “Өргөдлийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ирүүлсэн байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэнэ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон /-ийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан. Шүүгчийн талаарх өргөдөлд дурдсан үйл баримтуудад Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч А.А-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.Ч- нь ...шүүгч А.А-т холбогдуулан өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 63 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Б.Ч-ын өргөдөлд “... 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгчгүй хуралдаанд оруулсан миний санал, хүсэлт хэлэх эрхийг хаан боогдуулж хууль зүйн туслалцаа авах хуулиар хамгаалуулах эрхийг маань ноцтойгоор зөрчсөн...” гэсэн үндэслэлийн тухайд ... прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, .... Б.Ч- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж танилцуулсан” тухай баримтын 2 дах хуудасны 17 дугаар хүснэгтэд Б.Ч-ын өмгөөлөгч Ж.Н-гийн ... дугаар утсанд холбогдож хуралдааны тов мэдэгдэхэд “за ойлголоо гэв” гэж тэмдэглэгдсэн байна. Эндээс үзвэл өмгөөлөгч Ж.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байгаа нь өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох буюу Б.Ч-ын өмгөөлүүлэх эрхийг шүүхээс хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд ирэх боломжгүй талаар шүүхэд хүсэлт, баримтыг ирүүлээгүй, энэ талаар өргөдөлд дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зохицуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй учир хуулийн зохицуулалтын дагуу шүүх хуралдааныг явуулсан байна.
“......шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг даргалж орсон шүүгч А.А- нь илтээр яллах талыг баримтлан яллагдагч нарын хуульд заасан эрх тэгш, үнэн зөв шударга шүүхээр шийдүүлэх зарчмыг зөрчиж өөрийн нэр төр, төрийн албан хаагчийн ёс суртахууныг уландаа гишгэсэн шийдвэр гаргасан юм...”, мөн “... хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтад тулгуурлан яллагдагчийн хэрэгт дүн шинжилгээ хийх ёстой атал эсрэгээр нь нотлох баримтын аль ч хавтаст хэргээс татан авч хэлэлцээгүй зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн комиссар гэгдэх өөрийн төрсөн ах А.Г-ийн тушаалаар заавал ял өгч явуулах ашиг сонирхолдоо хөтлөгдөн шүүх хуралд оролцон ялтан талаас нь дүгнэж ялласан байдаг ...” гэсэн үндэслэлийн тухайд ...шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолд тусгагдсан хохирогч нарын мэдүүлэг, холбогдох хэргийн газрын үзлэг, гэрэл зураг, үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, бусад холбогдох нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа нь шүүхийн тогтоолд бичигдсэн байна
Мөн ...шүүхийн тамгын газраас авсан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолтой шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг шинжлэн судлахад тус шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах ажиллагааны үед өргөдөл гаргагч Б.Ч-т холбогдох эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын талаар Улсын яллагч болон өмгөөлөгчийн тайлбар, санал дүгнэлтээ өгөх, нотлох баримт шинжлэн судлуулахад эрх тэгш оролцох эрхийг хангасан болох нь шинжлэн судалсан үйл баримтаар нотлогдож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дэх зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зохицуулсанд нийцэж байна.
“...шүүгчийг ах А.Г-ийн тушаалаар заавал ял өгч явуулах ашиг сонирхолдоо хөтлөгдөн шүүх хуралд оролцон, ялтан талаас нь дүгнэж ялласан” гэх үндэслэлийн хувьд энэ талаар баримтыг ирүүлээгүй, сахилгын хэргийг шалгах явцад шүүгчид ах нь нөлөөлсөн, шүүгч хэрэгт хувийн сонирхолтой гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, ... мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ” гэж заасанд харш, сөрөг үйлдэл шүүгчийн зүгээс хийсэн гэх баримт тогтоогдоогүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.19 дүгээр зүйлд заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн гаргасан алдаа, хууль хэрэглээний талаар давах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хуулиар олгосон. Тус хэргийг ... шүүх 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байх ба тухайн тогтоолд өргөдөл гаргагч бус харин насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан учир дараагийн шатны шүүхэд хэрэг шилжсэн байна.
“...намайг гүтгээд байгаа 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 23 өдөр хүртэл ... жолоочоор явсан гэх тухайн өдрүүдэд нь миний бие нь ... дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн ахлах мөрдөгч ....-т шалгагдаж байсан, ... 2018 оны 07 дугаар сарын 10-аас 2018 оны 07 дугаар сарын 27-ныг хүртэл ... аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг эмч ажилчид ар гэрийнхэн маань гэрчилнэ...” гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч шалгах талаар дурдаагүй гэх үндэслэлийн тухайд шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт, Б.Ч-ын өмгөөлөгч нь 2018 оны 07 дугаар сарын 10-аас 2018 оны 07 дугаар сарын 27-ныг хүртэл ... аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан үйл баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлуулсан, хохирогчийн өмгөөлөгч тус хугацаанд Улаанбаатар хотод ирсэн эсэх хугацааны талаар асуухад Б.Ч-аас хувийн ажлаар хэд хоног ирсэн гэж хариулсан, мөн энэхүү үйл баримтын талаар Б.Ч- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны явцад хүсэлт гаргаагүй үйл баримтууд тогтоогдож байгаагаас дээрх үйл баримтын талаар хүсэлт гаргасан боловч шалгах талаар дурдаагүй гэх үндэслэл нотлогдохгүй байна.
...шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаар тогтоолын хавсралт болох “Шүүгчид эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах журам”-ийн 2.8-д “давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг урьд шийдвэрлэсэн шүүгчид хуваарилна” гэж зааснаар, ...шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг давах шатны шүүхээр хянан, дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг шүүгч А.А- нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан нь урьд шийдвэрлэсэн шүүгчид хэрэг дахин хуваарилагдсан үндэслэлээр шүүгчийг буруутгах шалтгаан болохгүй.
“...шүүгч А.А-аас удаа дараалан бүрэлдэхүүнээр нь татгалзах санал хүсэлт Ерөнхий шүүгчид гаргасан боловч хүлээж авдаггүй...” гэх үндэслэлийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, 8-д “Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргасан шийдвэр эцсийн байна” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах хэргийн оролцогчийн хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн байх тул гэж шүүгчийг буруутгасан дээрх үндэслэл нотлогдохгүй байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас шүүгч А.А- сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл нотлогдохгүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1....шүүхийн шүүгч А.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Б.СУГАР