info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-03-19

Дугаар 30

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

       болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга А.Намуу, цахимаар өргөдөл гаргагч Д.О нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шатны шүүхийн шүүгч Д.Ч, ... шатны шүүхийн шүүгч Б.Б, Д.О, Т.Ө нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.О өргөдөлдөө: “...шүүгч Д.Ч шинжээчийн дүгнэлтүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2-т заасан эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаж ажиллаагүй, шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг хязгаарласан нь 50 дугаар зүйлийн 50.1.1-д хамаарч байгаа зөрчил гэж үзэж байна.  Хэрэгт голлох ач холбогдол бүхий гэрчийг оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд өмгөөлөгч болон яллагдагч миний эрхийг хууль бусаар хязгаарласан явдал болсон. Энэ гэрч Т.Э эхний хуралд ирээгүй хойшилсон, дахин хурал болоход цахимаар оролцсон ч үг нь сайн сонсогдохгүй тасалдаж, нэвтрэлцэхэд хүндрэлтэй байсан. Эдгээр нь 50.1.1-д заасан албан тушаалын байдлаа урвуулан, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.20-д заасан хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавихгүй байх гэсэн заалтыг зөрчсөн ... Шүүхийн хэлэлцүүлэгт нэр дор гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээс түүвэрлэж бичиж, миний хэлээгүй үгнүүдийг гэрчийг хэлсэн болгож хаана ч байхгүй хэлж яригдаагүй үгсийг миний эсрэг зохион бичиж нотлох баримт болгосон... ...шатны шүүх хурлаар надад ямар ч дүрс өгөөгүй, тэр үед хэн, ямар хүн орж байгаа нь мэдэгдээгүй. Хурал дээр намайг яллах дүгнэлтийг шүүхэд өгсөн өдрийг хэлэхэд “прокурор тайлбар тавих гэж байна” гэж ярихыг хориглоод ахин ярих боломж олгоогүй ... Ц.Ц прокурор “тэр доогуур нь нэг мөсөн салгачхаач ээ” гэж хэлж тасалж байсан. Шийтгэх тогтоол дээр миний үгийг дуустал сонссон мэтээр бүгдийг бичсэн...” гэжээ.

Шүүгч Д.Ч тайлбартаа: “ ...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана.” гэж хуульчлан тогтоосон. Дээрх хуулийн хүрээнд Улсын яллагч хохирогч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэрч Ц.О, Б.М, Х.М, Т.Э, шинжээч эмч С.Т нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн боловч гэрч Т.Э ирээгүй тул тус хурал хойшилж дараагийн хуралд Дарханд буяны ажилтай байгаа тул цахимаар оролцуулан оролцогчийн тэгш эрхийг хангах үүднээс шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүх мэтгэлцэх зарчим хангах үүднээс шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн оролцуулах гэрч, шинжээч нарыг оролцуулсныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдлаа урвуулан, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ...шатны шүүхийн 2022/ДШМ/6.. тоот магадлалаар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/9.. тогтоолыг хэвээр үлдээсэн ба тус хурлын бичлэгт хурлын үйл явц бичигдсэн учир ялтны “хэлээд байгаа зүйл болоогүй учир” тайлбар хийсэнгүй. Иймд уг гомдолд дурдсанчлан шүүгч Д.Ч миний зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон аливаа зөрчлийг үйлдээгүй болохыг тайлбарлан хүргүүлж байна” гэжээ.

Шүүгч Д.О, Б.Б, Т.Ө нар тайлбартаа: “ ... Д.О-д холбогдох хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Б.Б даргалж, шүүгч Д.О, шүүгч Т.Ө нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн. Даргалагч шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц болон шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн даргыг танилцуулж, Д.О-ээс ирцтэй холбоотой санал болон бүрэлдэхүүн, нарийн бичгийн даргаас татгалзах татгалзал бий эсэхийг асуухад ирцтэй холбоотой санал болон татгалзал байхгүй талаар хэлсэн.

Даргалагч шүүгч Б.Б “... Д.О-ээс “Таны өмгөөлөгч давж заалдах гомдлоо танилцууллаа. Уг гаргасан гомдлыг дэмжиж байна уу? нэмж хэлэх тайлбар байна уу? ...” гэж асуухад, Д.О нь “Өнгөрсөн хугацаанд буруу амьдарснаас болж түүнээс гарах үр дагавар, хор уршгийг сайн ойлгож, харамсаж байна. Энэ хэргийг намайг биш бол өөр хэн байж болох талаас нь Налайх дүүргийн хуулийн байгууллага харсангүй гэж бодож байна. Энэ олон гэрч байхад хутгалсан, муудалцсаныг харсан хүн байхгүй байдаг. Энэ хэрэгт сэжигтэн гэж байгаагүй, уг нь би сэжигтнийг хэн гэдгийг нь хэлсэн. н.Э гэдэг хүн гол рольтой хүн. Гэвч н.Э нь хоёр удаагийн шүүх хуралдаанд ирээгүй, цахимаар оролцсон. “Би яагаад хутгалчхав аа, би яах гэж хутга барьчихав аа” гэж хэлээгүй байхад хэрэгт байгаагүй мэдүүлэг нэмэгдэж, шийтгэх тогтоолд миний эсрэг болж ирсэн. Талийгаач хүртэл над руу хандаж орилсон зүйл байхгүй. н.О “Ооёо чи хүн хутгалчихлаа” гэж хэлэхэд миний баруун гар талд зогсож байсан. Тэгээд би гараа харахад миний гарт хутга байсан. Тэрнээс биш талийгаач нэр онож хэлээгүй. Талийгаач намайг хутгалсан байна гээд цээжээ дарж байсныг санаж байна. Би тэр үед айгаад гарч явсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар нэг ч удаа очиж байцаалт явуулаагүй. Хэн, хаана зогсож байсан, би архи уусан үедээ тэрхэн зуур болсон юмаа санадаггүй. Хэргийн газар очсон бол магадгүй би хэн надад хутга бариулсан, эсхүл болсон процессыг санах байсан. Мөрдөн байцаалт дутуу явагдсан гэж бодож байна. Прокурорын яллах дүгнэлт 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд очсон. Энэ өдөр надаас мөрдөгч н.А анхны бөгөөд эцсийн мэдүүлгээ авсан. Орой 16 цаг 20 минутаас 19 цаг хүртэл мөрдөгч н.А, урьдын өмгөөлөгчтэйгөө гурвуулаа байцаалт өгч байхад миний яллах дүгнэлт шүүхэд очсон байдаг. Хэний мэдүүлгээр хэрэг бүрдэж шүүхэд шилжсэнийг гайхаж, бас гомдолтой байна” гэж дэлгэрэнгүй байдлаар тайлбар гаргасан бөгөөд даргалагч шүүгч болон бүрэлдэхүүний шүүгчдээс Д.О-ийн яриаг таслаагүй, дуустал нь тайлбарыг сонсож, уг шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан.

Түүнчлэн, хорих ангиас шүүх хуралдаанд цахимаар /zoom/ оролцуулсан Д.О-ийн цахим холболтын дуу, дүрс хэвийн, ямар нэгэн зөрчилгүй явагдсан болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр нотлогдоно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... дүүргийн прокурорын газраас яллагдагч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ... шатны шүүхэд шилжүүлжээ.

Тухайн эрүүгийн хэрэг тус шүүхийн шүүгч Д.Ч-т хуваарилагдсан, шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1.. дугаар захирамжаар яллагдагчийг  шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарласан боловч тодорхой шалтгаанаар хойшлогджээ.  

Шүүх  хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн  ба  2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 9.. дугаар шийтгэх тогтоолоор Д.О-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулжээ.

... шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцээд 6.. дугаар магадлалаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5.. дүгээр тогтоолоор Д.О-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн  6-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, … дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана, 6.9-д “шүүх хуралдааны товын талаарх санал, хүсэлт”, 6.10.-д “шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт”, 6.13-д “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, 6.14-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол”, 6.15-т “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” гэж заасан.

Яллагдагч Д.О-ийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон шүүгчийн захирамжид шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Гэвч дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын хуралдаанаар хэлэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2-т заасан “Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно” гэсэн эрхийг хязгаарласан гэж үзэх, улмаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” мөн зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэлгүй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ ... гэрч Т.Э, Х.М нарыг шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны товыг гэрч Т.Э-д мэдэгдсэн, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаанаар тухайн өдрийн шүүх хуралдаанд биечлэн ирээгүй тул цахимаар оролцуулах арга хэмжээг авчээ.

Уг гэрч шүүх хуралдааны явцад бусад гэрчүүдийн нэгэн адил оролцогчдын асуусан асуултад хариулж, мэдүүлэг өгсөн, шүүх хуралдааны явцад ямар нэгэн техникийн саатал болон мэдүүлэг тайлбар авах боломжгүй нөхцөл байдал үүсээгүй болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журамд шүүх хуралдаанд цахимаар оролцож байгааг биечлэн оролцсонтой нэгэн адил үзэхээр зохицуулсан, үүний дагуу гэрч Т.Э шүүх хуралдаанд зайнаас оролцсон бөгөөд ийнхүү оролцохдоо техник хэрэгслийн хэвийн ажиллагааг өөрөө хариуцахаар заасан. Иймд өргөдөлд дурдсан “...хэрэгт голлох ач холбогдол бүхий гэрчийг оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй нь ...миний эрхийг хууль бусаар хязгаарласан” гэх гомдол Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэх заалтад хамаарахгүй. 

3. Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч нар тогтоосон хугацаанд багтаан тайлбар, саналаа хэлсэн, даргалагчийн зүгээс шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын тайлбарыг үндэслэлгүйгээр тасалж, үг яриаг нь хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүнчлэн улсын яллагч Ц.Ц нь гэрч Ц.О-аас хөтөлж эсхүл тулгаж асуулт асуусан гэх зүйл бичлэгт тусгагдаагүй, энэ талаар хэргийн оролцогч нараас санал, хүсэлт гаргаагүй байх тул “гэрч гэх Ц.О-д прокурор Ц.Ц миний эсрэг мэдүүлэг өгөхийг чиглүүлж удирдаж үг зааж өгсөн, үүнийг шүүгч таслан зогсоогоогүй” гэх өргөдөл үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх ... нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 35.8 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүгч, ... нотлох баримтыг шинжлэн судлахад оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй” гэж заасан тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

4. Өргөдөлд “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих саналтай байна гэсэн. Миний  бие хэрэг гарсан өдөр ... дүүргийн саатуулах байранд хонож маргааш нь цагдан хориход хоригдсоноос одоог хүртэл хоригдож байна ...” гэжээ.

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шатанд “ ... шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх санал гаргаж байна... ” гэсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэл болон тогтоолд “ ... Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна ...” гэж тусгасан нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна. Тодруулбал, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 9.. дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  “ ... Д.О нь энэ хэрэгт ... цагдан хоригдсон 118 хоногтой, ...” тогтоох хэсгийн 3 дахь заалтад “ ... Д.О-ийн цагдан хоригдсон 118 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай ...” 6 дахь заалтад “ ... шүүгдэгч Д.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй ...” гэж дурдсан, шийтгэх тогтоол танилцуулахад энэ агуулгаар тайлбарласан байна. 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол боловсруулах аргачлал”-ын 3.1.10-д “шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдож байсан бол түүний урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулж тооцохоор шүүх шийдвэрлэнэ” гэж заасан, цагдан хоригдсон хоног болон түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар дурдсан шийтгэх тогтоолын заалт хууль зөрчөөгүй байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, тэдгээрт тулгуурлан хэргийн үйл баримтыг дүгнэх учиртай.

Анхан шатны шүүхийн 9... дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан шүүгдэгчийн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт дурдсантай утга, агуулгын хувьд зөрүүгүй болох нь тогтоогдсон байна. 

Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол боловсруулах аргачлал”-ын 2.1.1-д шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь “ ... Шүүхээс нотлогдсон гэж үзсэн гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гарсан газар, цаг, хугацаа, гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болон учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж бүрээр эргэлзээгүй тодорхойлж бичнэ ...”, “ ... шүүх хэргийг хянан хэлэлцээд тогтоосон үйл баримтыг дүгнэж бичихдээ прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсаныг эсхүл нотлох баримтын агуулгыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хуулбарлах, нотлох баримтын жагсаалтыг бичих байдлаар бус, харин тэдгээрт түшиглэн харьцуулах, нягтлах, батлах, үгүйсгэх зэрэг танин мэдэхүйн аргуудыг хэрэглэн сэргээн тогтоосон үйл явдлыг шүүгч өөрийн үг, өгүүлэмжээр ойлгомжтой байдлаар дүрслэн илэрхийлж бичих ёстой ...” гэснийг зөрчөөгүй байна.

6. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор Ц.Ц, шүүгдэгч Д.О нар цахимаар оролцсон нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дуу-дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Шүүх хуралдаанд цахимаар оролцсон шүүгдэгч Д.О-ийг тайлбар, мэдүүлэг өгөхөд саад болсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

Шүүх хуралдааны явцад танхимын гэрэл хурц байгаа тул унтраая гэж ярилцсан бүрэлдэхүүний яриа дуу, дүрсний бичлэгт тусгагдсан бөгөөд харин прокурор “тэр доогуур нь нэгмөсөн салгачхаач” гэх үг хэлсэн нь тогтоогдоогүй байна. Иймд өргөдөлд дурдсан “... давж заалдах шатны шүүх хурлаар надад ямар ч дүрс өгөөгүй, тэр үед хэн, ямар хүн орж байгаа нь мэдэгдээгүй, хурал дээр ярих боломж олгоогүй” гэх гомдол үндэслэлгүй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон             ТОГТООХ НЬ:

1. ... шатны шүүхийн шүүгч Д.Ч, ... шатны шүүхийн шүүгч Б.Б, Д.О, Т.Ө нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                      Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                         Д.АРИУНТУЯА

                                                                                        Д.МЯГМАРЦЭРЭН