info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-03-14

Дугаар 29

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан хийж, ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ГС/2024/0024 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“Мэдээлэлд дурдагдаж буй иргэн болох С овогтой Н нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэгт холбогдон 180805..... дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан мөрдөн байцаалтын шатанд шалгагджээ.

... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗТ/04 тоот “Журам батлах тухай” тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.2, 13.4, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.9, 14.10, 18.8, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 31.4, 31.12 дугаар зүйлд заасан асуудлыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хариуцан ажиллах шүүгч хүлээн авч шийдвэрлэхээр тусгасан байх бөгөөд тус дурдсан асуудлыг шүүгч Ц.А шүүхэд ирэхэд нь хүлээн авч, шийдвэрлэхээр журамласан байна.

Шүүгч Ц.А нь тус захирамждаа прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ тодорхой дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно гэж шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн захирамжид гомдол, эсэргүүцэл гараагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

- ... Прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн  “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 143 дугаар саналыг мөн шүүгч хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэж, 2023/ЦХШЗ/196А тоот захирамжаар тус саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаас хойших цаг хугацаанд гаргасан цагдан хорих үндэслэл бүхий үйл баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллагдсан яллагдагчид урьд нь цагдан хоригдсон үндэслэлээр дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно гэж заасныг үндэслэн шийдвэрлэсэн байна. 

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу дээрх захирамжид прокурор гомдол гаргаж, уг прокурорын гомдлыг  тус шүүхийн Ерөнхий шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу хянаж 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1883 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж, шүүгчийн дээрх 2023/ЦХШЗ/196А захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

          Яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн холбогдох шүүгч Ц.А-ын 2023/ЦХШЗ/196, 2023/ЦХШЗ/196А дугаар захирамжууд нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагыг хангасан байх бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийг хуульд заагаагүй, хууль бус үндэслэлээр, эсхүл хуульд заагаагүй хугацаагаар хязгаарлаж цагдан хорих эрх хэмжээ шүүх, шүүгчид байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэл, журам, хугацааг маш тодорхой хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлээс 14.11 дүгээр зүйлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг журамласан байх бөгөөд 14.10.11 дэх хэсэгт Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж тодорхойлсон байна.

Энэ нь хүний эрхийг хязгаарлах үндэслэл болох цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг заавал авахаар заасан хуулийн илт тодорхой зохицуулалт биш бөгөөд шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрт хуваарилагдан ирсэн хэргийг гагцхүү өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хуулийг тайлбарлан, хэрэглэж прокуророос ирүүлсэн саналыг шийдвэрлэсэн үйл баримттай нь холбогдуулан шүүгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Сахилгын хэрэгт авагдсан баримт болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн цахим сайтад  2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг 12 минутад нийтэд нээлттэй байршуулсан “Шүүгчид нэр дэвшигчдийн талаар олон нийтээс мэдээлэл авах тухай” мэдээллээс үзэхэд холбогдох шүүгч Ц.А нь 2017 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийг бүртгэх тухай” тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээр бүртгэгдэж, шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар зарлигаар ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон байна.

Тиймээс тус хороонд ирүүлсэн өргөдлийн үндэслэлд дурдсан 2018 оноос хойш нэр бүхий яллагдагчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч Ц.А оролцсон, давуу байдал олгосон гэх мэдээлэл үндэслэлгүй байна.

Иймд ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Холбогдох шүүгч Ц.А Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“...... эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А миний бие 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Миний бие 2023 оны тайлант хугацаанд шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүхийн зөвшөөрлөөр шийдвэрлэх асуудал буюу таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг хариуцсан шүүгчээр ажиллаж байсан.

... прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн 180805.... дугаартай хэрэгт яллагдагч С.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал ирүүлж, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийг явуулж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэхүү захирамжид прокуророос хуульд зааснаар гомдол гаргаагүй.

Улмаар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин яллагдагч С.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийг явуулж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжид прокуророос хуульд зааснаар тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1883 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар прокурорын гомдлыг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Өргөдөл гомдлын утгад "... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А 2018 оноос хойш С.Н гэх хүнд хүнийг удаа дараа гэмт хэрэг үйлдэж байхад арга хэмжээ авахгүй, түүнд давуу байдал олгосны улмаас олон хүн хохирч байна..." гэжээ.

Дээр дурдсанчлан миний 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шүүгчээр томилогдон ажиллаж байгаа, С.Н гэх хүнд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж байгаагүй болно.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүхийн зөвшөөрлөөр шийдвэрлэх асуудал буюу таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн зөвшөөрөл нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар шийдвэр гаргахгүй, прокурорын таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, сунгах зэрэг саналын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хянан үзэж шийдвэрлэдэг.

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 196А дугаартай шүүгчийн захирамжид тус тус прокурорын саналыг хүлээн авахаас татгалзан үндэслэлийг тодорхой дурдсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналын хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгосон хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Иргэн Э.О-с ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А нь С.Н гэх хүнийг удаа дараа гэмт хэрэг үйлдэж байхад арга хэмжээ авахгүй, түүнд давуу байдал олгосны улмаас олон хүн хохирч байна гэх өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ГЗҮ/2024/0012 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгч Ц.А нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар зарлигаар ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон бөгөөд тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗТ/04 дүгээр тогтоол, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хариуцсан шүүгчээр ажиллахаар хуваарилагдсан байна.

... прокурорын газрын хяналтын прокуророос 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  яллагдагч С.Н-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;” гэж заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг шүүгч Ц.А 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, 2023/ЦХШЗ/196 дугаар захирамжаар прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Үүний дараа 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин яллагдагч С.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ЦХШЗ/196А дугаар захирамжаар “...саналын үндэслэл болсон урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа гэх үндэслэлийг нотолсон үйл баримтыг 2023/ЦХШЗ/196 дугаар захирамжаар дүгнэсэн...” гэж үзээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжид прокуророос гомдол гаргасныг Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1883 дугаар захирамжаар хангахгүй орхисон байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-т “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 8-д “Шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана: ... 8.4.шүүх санал, хүсэлтийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт;” гэж заасантай нийцсэн байх тул яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүдийг заасан бол 14.11 дүгээр зүйлд тус арга хэмжээг авахыг хориглох нөхцөлийг мөн тодорхойлон заасан бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах тул прокуророос яллагдагчийг цагдан хорих шаардлагатай гэж үзсэн саналынхаа үндэслэлийг нотлон гаргасан баримт болон яллагдагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, баримтуудад тулгуурлан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэх нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх, нөгөө талаараа харгалзан үзэх нөхцөл байдал байгаа бол цагдан хорихгүй байхаар хуульд заасныг үндэслэл болгожээ.

Энэ талаар илтгэгч гишүүнээс “...шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрт хуваарилагдан ирсэн хэргийг гагцхүү өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хуулийг тайлбарлан, хэрэглэж прокуророос ирүүлсэн саналыг шийдвэрлэсэн үйл баримттай нь холбогдуулан шүүгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй...” гэж үзэж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, шүүхээс яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэхгүй байгаа нь түүний үйлдсэн хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж байгаа шийдвэр биш бөгөөд зөвхөн прокуророос гаргасан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой саналын хууль зүйн үндэслэлийг шийдвэрлэж байгаа тул энэ үндэслэлээр шүүгчийг яллагдагчид давуу байдал олгосон гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

   Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ГС/2024/0024  дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                

       ДАРГАЛАГЧ                                     Х.ХАШБААТАР

              ГИШҮҮН                                           С.ЭНХТӨР

                                                                                                 Д.ЭРДЭНЭЧУЛУУН