info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-28

Дугаар 21

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2024/0016 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ..., ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас санаачлан ажилтнуудаа идэвхжүүлэх, урам зориг өгөх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.А, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д нарыг урилгаар оролцуулан Тамгын газрын ажилтнуудтай Өнөөдрийн өглөө “Coffee time” чөлөөт уулзалтыг “И к” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг М-д 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07.00 цагт зохион байгуулжээ.

           Харин “Т з” ХК-иас “И к” ХХК-д холбогдуулан ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тус шүүхийн шүүгч Х.Э-д хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болох нь нэхэмжлэлийг хүлээн авсан бүртгэлийн дэвтэр /с.х-ийн 28 дахь тал/, нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2022/10722 дугаар захирамж /с.х-ийн 52 дахь тал/, шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/01911 дүгээр шийдвэр /с.х-ийн 74 дэх тал/-ээр тус тус тогтоогдож байна.

Ерөнхий шүүгч Р.А-ийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШТ2023/00537 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 17.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус хэргийг шийдвэрлэх хуралдаан даргалагчаар шүүгч Х.Э-г томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ЕШ2022/02401 дүгээр захирамжаар албажуулсныг тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэхгүй.

 Ерөнхий шүүгч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хуулиар хориглодог тул шүүхийн Тамгын газраас М-д зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсоноороо бусад шүүгчийн хянаж байгаа хэргийн оролцогчид давуу байдал олгосон зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.                 

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8-д заасан “шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах;” зөрчил нь тодорхой нэг хэргийг хянан шийдвэрлэхээр хуваарилагдсан шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаатай илүүтэй холбогдох бөгөөд шүүхийн Ерөнхий шүүгчийн хувиар Тамгын газраас зохион байгуулсан арга хэмжээнд оролцсоныг зөрчил гаргасан гэж үзэж буруутгах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн “Coffee time” чөлөөт уулзалтыг зохион байгуулах төлбөрт шүүхийн Тамгын газраас 950,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зохион байгуулалттай холбоотойгоор аливаа хэлбэрээр хөнгөлөлт, урамшуулал аваагүй болох нь гэрч “И к” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С-ийн “...Тухайн арга хэмжээний төлбөрт 950,000 төгрөгийн төлбөр авсан. Хөнгөлөлт, урамшуулал үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /с.х-ийн 46 дахь тал/, шүүхийн Тамгын газрын дарга Д.Б-ын “...Хөнгөлөлт, урамшуулал аваагүй. Өглөө эрт онгойдог газар цөөхөн учраас ийм газрыг хайж байгаад олсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /с.х-ийн 60 дахь тал/, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Н.Б-ын “...Захиргааны ажилтнуудаас хүн тус бүрээс 6500 төгрөг хурааж авсан. Хөнгөлөлт, урамшуулал аваагүй, авах талаар ч яриагүй...” гэх мэдүүлэг /с.х-ийн 66 дахь тал/ болон тус Тамгын газрын нэр дээр үүсгэсэн үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэх, төрийн санд гүйлгээ хийсэн баримт /с.х-ийн 40-41 дэх тал/-аар тус тус тогтоогдож байна.

Иймд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа хэрэгт хариуцагчаар оролцож байгаа “И к” ХХК-ийн зүгээс тус шүүхийн Тамгын газар болон Ерөнхий шүүгч Р.А-д давуу байдал олгож үйлчилгээ үзүүлээгүй, хөнгөлөлт, урамшуулал олгоогүй байх тул хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй.

Мөн өргөдөлд дурдсан “...Ерөнхий шүүгч бол шүүхийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, аливаа хууль бус явдалтай тэмцэх үүрэгтэй атал өөрөө ийнхүү хууль бус үйл ажиллагааг гардан зохион байгуулж оролцож байгаад маш гомдолтой байна…” гэх үндэслэлээр шалгах ажиллагаа явуулахад “Coffee time” чөлөөт уулзалтыг шүүгч Р.А нь гардан зохион байгуулсан, “И к” ХХК-ийн талтай уулзсан, харилцсан гэх үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар шалгах ажиллагааны явцад шүүгч Р.А нь уулзалтын арга хэмжээг зохион байгуулах үйл явцад оролцоогүй, тус арга хэмжээг М-д зохион байгуулах талаар чиглэл өгөөгүй, зөвхөн уулзалт болох үед захиргааны ажилтнуудад туршлага, мэдлэгээ хуваалцах яриа өрнүүлэх байдлаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д-ийн хамт урилгаар оролцсон болох нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан холбогдох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.

Учир нь, хувийн харилцаа тогтоох гэдгийг хувь хүмүүсийн хооронд хэлхээ холбоо тогтоох гэж Монгол хэлний их тайлбар тольд тайлбарласан бөгөөд шүүгч Р.А нь хувь хүн гэх талаас хэргийн оролцогчтой харилцсан гэж үзэхээргүй байна.

Мөн өргөдөл гаргагч нь “...нэхэмжлэл гаргаад 1 жил 5 сарын нүүрийг үзэж байгаа ч хэргээ шийдвэрлүүлж чадаагүй байна…” гэж өргөдөлдөө дурдсан нь Ерөнхий шүүгч Р.А-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй бөгөөд тэрээр тус хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй тул энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй юм.

Гэвч цаашид шүүхийн Тамгын газраас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд шүүгч нар оролцохдоо шүүх, шүүгчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 50.1.8-д “шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах”, 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”, 50.1.19-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоох” гэж заасан зөрчлийг гаргаагүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Р.А сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “..., ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 7 цагаас зохион байгуулсан “Өнөөдрийн өглөө Coffee time чөлөөт уулзалт” арга хэмжээнд Ерөнхий шүүгч Р.А, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Д нар урилгаар оролцсон. Уулзалтын зорилго нь шүүхийн Тамгын газрын ажилтнууд, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт ажлын туршлага, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа олон жил тогтвортой, тууштай ажиллах, сурч боловсрох мэдлэг чадвараа дээшлүүлэх, ажил амьдралаа тэнцвэртэй байлгах, шүүн таслах ажлын ачааллын ихэнхийг үүрч ажилладаг ажилтнууддаа урам зориг өгөх зорилготой байсан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэл хуульд заасан журам, шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан тогтоолын дагуу нууцаар, санамсаргүй тохиолдлоор хуваарилагддаг зарчимтай. Ерөнхий шүүгчийн хувьд бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй бөгөөд “И к” ХХК-д холбогдох ... дүүргийн 26 дугаар хороо, Энгельсийн гудамж, Нарны гүүрний урд ... хотхоны зүүн талд байрлах өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө болох “М”-ийг албадан чөлөөлүүлэх тухай “Т з” ХК-ийн хэргийн талаар мэдэх боломжгүй.

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох, шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах, хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах, хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоох зэрэг хуулиар хориглосон зөрчлийг гаргаагүй. Дээрх арга хэмжээг Ерөнхий шүүгч зохион байгуулаагүйгээс гадна Тамгын газар тодорхой тайлбар, баримтуудаа гаргах боломжтой” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/01911 дүгээр шийдвэрээр “Т з” ХК-ийн “И к” ХХК-д холбогдуулан гаргасан “үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2023/01473 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С-д хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх бөгөөд ..., ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудыг оролцуулан Өнөөдрийн өглөө “Coffee time” чөлөөт уулзалтыг зохион байгуулж 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07.00 цагт “И к” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг М-д уг арга хэмжээ явагдсан, энэ уулзалтад ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.А, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д нар урилгаар оролцсон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх иргэний хэргийн нэхэмжлэгч “Т з” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ч нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А-д холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 1 жил 5 сарын нүүрийг үзэж байгаа ч хэргээ шийдвэрлүүлж чадаагүй, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж хэргийн оролцогч байгууллага болох “И к” ХХК-тай хувийн харилцаа тогтоож маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг ашиглан “Өнөөдрийн өглөө Coffee time чөлөөт уулзалт” гэх үйл ажиллагааг зохион явуулж, шүүхийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэргийн оролцогч “И к” ХХК-д давуу байдал олгож байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.8, 50.1.18, 50.1.19 дэх заалтыг зөрчсөн” гэж тодорхойлжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг шүүгчийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд Ерөнхий шүүгч Р.А нь тухайн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байгаа “И к” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг М-д тус шүүхийн тамгын газраас зохион байгуулсан уулзалт арга хэмжээнд урилгаар оролцсоныг хэргийн оролцогчид давуу байдал олгосон зөрчил гаргасан гэж үзэхгүй талаар илтгэгч гишүүн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, “Coffee time” чөлөөт уулзалтыг зохион байгуулах төлбөрт шүүхийн Тамгын газраас 950.000 төгрөг шилжүүлсэн, зохион байгуулалттай холбоотойгоор аливаа хөнгөлөлт, урамшуулал аваагүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг, төлбөрийн нэхэмжлэх, төрийн санд гүйлгээ хийсэн баримт, шүүхийн захиргааны ажилтнуудаас тухайн арга хэмжээний кофе цайны мөнгө хураан авсан баримт, дансны хуулга зэргээр тус тус тогтоогдож байх тул “И к” ХХК-ийн зүгээс тус шүүхийн Тамгын газар болон Ерөнхий шүүгч Р.А-д давуу байдал олгож үйлчилгээ үзүүлсэн, хөнгөлөлт, урамшуулал олгосон гэж үзэхээргүй байна.

Дээр дурдсан болон шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар “Coffee time” чөлөөт уулзалтыг шүүгч Р.А нь гардан зохион байгуулсан, “И к” ХХК-тай ганцаарчлан уулзсан, хувийн харилцаа холбоотой гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул илтгэгч гишүүний Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8-д “шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах”, 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”, 50.1.19-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоох” гэж заасан зөрчлийг гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Ийнхүү илтгэгч гишүүний санал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцсэн байх тул хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх дүгнэлт нь гагцхүү хувь шүүгч зөрчил гаргасан эсэх талаарх хууль зүйн дүгнэлт бөгөөд цаашид тухайн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн оролцогчтой холбоотой болон маргааны зүйл болох объектод арга хэмжээ зохион байгуулах нь хэргийн оролцогч нарт хардлага төрүүлэх, шүүгчид болон шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг унагадаг ноцтой үр дагавартай болохыг хатуу анхаарч, дахин ийм дутагдал гаргахгүй байхыг ..., ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт мэдэгдэх нь зүйтэй.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2024/0016 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                           Д.МЯГМАРЦЭРЭН                                                                                   

                                                                                  Д.ЭРДЭНЭЧУЛУУН