info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-21

Дугаар 22

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

... шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2024/0019 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Илтгэгч гишүүний саналд: “...Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар: ... шүүхийн шүүгч С.О нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ... /ШЗ2019/0016 дугаар захирамжаар ... аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Б.Н-н нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... /ШЗ2019/0038 дугаар захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, уг захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасныг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар албан бичгээр дээд шатны шүүхдээ хүргүүлсэн, ... давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... /ШТ2019/0351 дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгож 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2/1236 дугаар албан бичгээр хэргийг буцаан хүргүүлсэн, ... шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн .../ЗТ2019/0041 дүгээр тогтоолоор ерөнхий шүүгч С.О ээлжийн амралтаа авсан тул хэргийг шүүгч Ч.Б-д шилжүүлсэн. Шүүгч Ч.Б-д хэрэг шилжсэнээс хойш тэрээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн .../ШЗ2019/0116 дугаар захирамжаар хариуцагчийн гаргасан “...гэр бүлийн хүн Б.Д  нь амаржихаар “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д эмчийн хяналтад орсон тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн .../ШЗ2019/0121 дүгээр захирамжаар хариуцагчийн “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг хүртэл хойшлуулсан, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн .../ШЗ2019/0126 дугаар захирамжаар хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт хасуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулсан, тус захирамжид хариуцагч давж заалдах гомдол гаргасныг ерөнхий шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128 дугаар албан бичгээр дээд шатны шүүхдээ хүргүүлсэн, ... давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .../ШТ2019/0660 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/1800 дугаар албан бичгээр хэргийг буцаан хүргүүлсэн, дээд шатны шүүхэд гомдол хянагдах хугацаанд ... шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн .../ЗТ2019/0046 дугаар тогтоолоор шүүгч Ч.Б  ээлжийн амралт авсан тул хэргийг ерөнхий шүүгч С.О-т эгүүлэн шилжүүлсэн. Ерөнхий шүүгч С.О-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .../ШЗ2019/0156 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн “...шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтээ холбогдох баримтын хамт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн .../ШЗ2019/0165 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулах боломжит хугацаагаар хангаж шүүх хуралдааныг 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг хүртэл хойшлуулсан, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн .../ШЗ2019/0173 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн “...шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтээ холбогдох баримтын хамт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг хүртэл хойшлуулсан, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2019/0181 дүгээр захирамжаар хариуцагчийн  “...сургалтад оролцох болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтээ холбогдох баримтын хамт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг хүртэл хойшлуулсан, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2019/0190 дүгээр захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, ... шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн .../ЗТ2020/001 дүгээр тогтоолоор ерөнхий шүүгч С.О-т 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал чөлөө олгож, үргэлжлүүлэн хагалгаанд орох шаардлагатай болсон гэх үндэслэлээр мөн өдрийн .../ЗТ2020/0002 дугаар Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийг шүүгч Ч.Б-д шилжүүлсэн. Шүүгч Ч.Б  хэргийг хүлээж аваад ... шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн .../ШШ2020/0003 дугаар шийдвэрээр Б.Н-н ...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “...аймгийн  Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр,  2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалуудыг хүчингүй болгох, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, ... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 240 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдож байна. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч Ч.Б-д холбогдуулан нэхэмжлэгч Б.Н гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр 20 шахам удаа хойшлуулсан, бараг 1 жилийн дараа хариуцагчийн талд шийдвэрлэсэн, хариуцагч Ө.Б  тендерт шүүгч Ч.Б-гийн төрсөн ахын компанийг шалгаруулсантай холбоотойгоор шүүгч нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, шүүхийн зүгээс нотлох баримтуудыг хариуцагчаас бүрэн гаргуулж чадаагүй, хариуцагч шүүхэд хууль бус хуурамч нотлох баримтууд гаргаж өгснийг шүүх хуралдааны явцад шүүгчид мэдэгдсэн ч  эс тоон хүлээж аваагүй” гэж тодорхойлжээ.

Нэг. “Шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр 20 шахам удаа хойшлуулсан, бараг 1 жилийн дараа хариуцагчийн талд шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд: 

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ... шүүхийн шүүгч С.О-ийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн .../ШЗ2019/0016 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргасан тул 1 удаа, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 5 удаа, гуравдагч этгээдийн хүсэлтээр 2 удаа, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт хасуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамжид гомдол гаргасан тул 1 удаа тус тус шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Шүүгч Ч.Б  2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба шүүгч нь хэргийн оролцогчдын гаргасан хүсэлт болон хүсэлтэд хавсаргасан баримтыг үнэлж хүндэтгэн үзэх шалтгаанд тооцон шүүх хуралдааныг хойшлуулсныг илтэд хууль бус ажиллагаа гэж үзэхгүй, шүүгчийн бүрэн эрхэд хамаардаг болно. Иймд шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчил гэж үзэхгүй.

Хоёр. “Шүүхийн зүгээс нотлох баримтуудыг хариуцагчаас бүрэн гаргуулж чадаагүй, хариуцагч шүүхэд хууль бус хуурамч нотлох баримтууд гаргаж өгснийг шүүх хуралдааны явцад шүүгчид мэдэгдсэн ч  эс тоон хүлээж аваагүй” гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “... шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг ... шүүх гүйцэтгэнэ” гэж зааснаар ... шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийдэг бөгөөд шүүх хангалттай нотлох баримт цуглуулсан эсэх, захиргааны шүүхийн нотлох зарчмаа бүрэн хэрэгжүүлсэнтэй холбоотой гомдолд дээд шатны шүүхийн хяналт хэрэгжих учиртай. Харин хариуцагч хуурамч нотлох баримт гаргаж өгсөн эсэхийг цагдаагийн байгууллага шалган тогтоох эрхтэй. Түүнчлэн, ... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 240 дүгээр магадлалаар “...анхан шатны шүүх нотлох баримт дутуу цуглуулсан” гэж дүгнэж ... шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн .../ШШ2020/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон ч Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 259 дүгээр тогтоолоор “...анхан шатны шүүх, маргааны үйл баримтыг албан тушаалтны “ХАСХОМ” гаргах үүрэгтэй нь холбогдуулж зөв тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх, дээрх хуулиудад заасан тусгайлсан зохицуулалтыг анхаараагүй, уг маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй бөгөөд ач холбогдолгүй “цахим системд нээлгэх хүсэлт хэзээ гаргасан, хэзээ нээгдэж, хэзээ хаагдсан, нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, үүргээ биелүүлээгүй нь өөрөөс нь шалтгаалсан эсэх, эрх бүхий албан тушаалтны буруугаас ...эсэх” зэргийг  тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь буруу” гээд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр өргөдөлд дурдсан нотлох баримт дутуу цуглуулсантай холбоотой гомдол үгүйсгэгдэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-д  зааснаар Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг билээ.

Гурав. “Хариуцагч Ө.Б  тендерт шүүгч Ч.Б-гийн төрсөн ахын компанийг шалгаруулсантай холбоотойгоор шүүгч нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлын тухайд:

Дээрх тендертэй холбоотой үйл ажиллагаа нь шүүгч Ч.Б-гийн иргэн Б.Н-н нэхэмжлэлтэй ...аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох маргааны хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулсан /2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл/ цаг хугацаатай давхцалгүй, хамааралгүй мэт боловч ... шүүхээр хэрэг маргаан нь хянан шийдвэрлэгдэж буй цаг хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээдийн эдийн ашиг сонирхолтой холбоотой шийдвэр гаргасан албан тушаалтанд холбогдох хэргийг хүлээн авч шийдвэрлэх нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдоно. Тодруулбал, Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны үүргээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгодог бол нийтийн ашиг сонирхол гэж албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэсэн олон нийтийн итгэлийг хэлдэг билээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” хэлнэ гэж заасан бөгөөд өөрийн төрсөн ах Ч.Б-н эзэмшдэг “Э”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон, захиалагчийг төлөөлж гэрээ байгуулсан албан тушаалтанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид, тэгш шударгаар хэрэгжүүлнэ гэсэн олон нийтийн итгэлд эргэлзээ төрүүлж, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж ойлгогдох нөхцөл байдлыг бий болгожээ. Хэдийгээр шүүгчийн тайлбарт “...миний төрсөн ах “Э”  ХХК-ийн захирал Ч.Б  нь аймаг, сумаас зарлагдсан тендерүүдэд бусад орон нутгийн компаниудын нэгэн адилаар оролцоод ялж, ялагдаад л явдаг юм байна гэдгийг ерөнхийд нь мэдэх төдий болохоос яг ямар тендерт оролцож шалгарсан, шалгараагүй гэдгийг мэдэхгүй” гэж, гэрч Ч.Б  мэдүүлэгтээ “...Олон тендерт оролцдог нь үнэн. Ялах тендер олон байдаг ч ялагдсан тохиолдолд дүү маань шүүгч юм чинь гээд гомдол гаргахгүй л явдаг. Урьд нь орж байсан тендерийн талаар ч дүүдээ хэлж байгаагүй” гэж тус тус тайлбарлаж байгаа боловч шүүгч хүн өөрийн хамаарал бүхий этгээдийн санхүүгийн ашиг сонирхлыг ухамсарладаг байх, санхүүгийн ашиг сонирхлын талаарх мэдээллийг өөртөө авах боломжтой арга хэмжээ авах үүрэгтэй болно. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон/ 29 дүгээр зүйлийн 29.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол оролцохоос татгалзах, эсхүл уг болзошгүй нөхцөл байдал үүсэж болохыг шүүх ажиллагаанд оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийн татгалзан гаргах санал тавих боломжийг хангах үүрэгтэй” гэж заасныг шүүгч Ч.Б  зөрчсөн гэж үзнэ. Гэвч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар зарлигаар батлагдсан “Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм”-ийн Тавдугаар бүлгийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж зааснаар дээрх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Дээр дурдсан “зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн”, “зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн” гэдгийг зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сар болон 1 жилийн хугацаанд уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгох бөгөөд зөрчлийг илрүүлснээс хойш тоологдох хугацаа нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчлийг олж мэдсэн үеэс эхлэн тоологдох ч зөрчил үйлдэгдсэн өдрөөс хойш тоолох хугацаанд багтана. Шүүгч Ч.Б -гийн тухайд зөрчил гаргасан хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн .../ШШ2020/0003 дугаар шийдвэр гаргасан өдрөөр тооцвол  Шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 07 дугаар 10-ны өдөр, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмээр тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр тус тус дууссан байх тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон/ 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан зөрчилд буруутгах боломжгүй. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг төдийгүй дээд шатны шүүхүүд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул “хууль бусаар шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэх өргөдлийн үндэслэлийг зөрчилд тооцохгүй, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй болно. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд ... шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Ч.Б  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн Тамгын газарт хүсэлт гарган хэргээс болон бусад нотлох баримтыг гаргуулан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тоймловол: Б.Н-н гаргасан нэхэмжлэлийг шүүгч С.О хүлээн авч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч Б.Н-н гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гарган, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг ... давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгон, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хүргүүлсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн .../ЗТ2019/0041 дугаар Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч С.О ээлжийн амралт авч байгаа тул түүний хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан Б.Н-н нэхэмжлэлтэй болон бусад хоёр хэргийг шүүгч Ч.Б-д шилжүүлжээ. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хэргийн анхны шүүх хуралдаан товлогдож, хариуцагч Ө.Б ийн эхнэр Улаанбаатар хотод амаржиж байгаа шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан, мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр 2 дахь удаагаа хойшилсон. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт хасуулах хүсэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах үндэслэлээр хуралдаан хойшилсон байх ба 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... давж заалдах шатны шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэргийг ирүүлжээ. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн .../ЗТ2019/0045 дугаар Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Ч.Б  ээлжийн амралтаа авсан тул шүүгч С.О-т хэргүүдийг буцаан шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан гуравдагч этгээдийн хүсэлтээр, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаан хариуцагчийн хүсэлтээр, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаан хариуцагч болон гуравдагч этгээдийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүгчийн захирамжид гомдол гаргах үндэслэлээр тус тус хойшилжээ. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн .../ЗТ2020/002 дугаар Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Ерөнхий шүүгч С.О-т ажлын 5 хоногийн чөлөө олгож, мөн Ерөнхий шүүгч С.О нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орохоор урт хугацааны эмнэлгийн чөлөө авч буй тул хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан Б.Н-н хэргийг шүүгч Ч.Б-д шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулахаар хариуцагч Ө.Б өөс хүсэлт ирсэн байх бөгөөд хариуцагчийн сонгуульт ажлын хувиар ажил давхацсан, нотлох баримтгүй хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийжээ. Нэхэмжлэгч Б.Н-н зүгээс хариуцагч Ө.Б ийг шүүх хуралдаанд биеэр оролцох хүсэлтийг зөвшөөрөөгүй, мөн шүүгчээс татгалзах татгалзал байхгүй тухай шүүх хуралдаанд илэрхийлсэн байна. Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч Б.Н-н хүсэлтээр дутуу, алдаатай бичигдсэн хэсэгт өөрчлөлт оруулж, засвар хийсэн. ... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн .../МА2020/0240 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, УДШ-ийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 259 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг “...шүүхийн тогтоолыг хуульд харшилсан гэж үзэж дүгнэлт гаргах үндэслэлгүй, хэргийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй...” гэж шийдвэрлэсэн байна.  Хоёр. Гомдолд дурдсан зөрчлүүд нь үндэслэлгүй талаар нотлох баримттай холбон тайлбарлавал: Гомдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил үргэлжилсэн, 20 гаруй удаа хойшилсон гэх гомдлын дагуу дээрх түүврийг хийхэд товлогдсон шүүх хуралдаан 8 удаа хойшилж, үүнээс шүүгчийн захирамжид давж заалдах гомдол 2 удаа гарган, анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэх хугацаа 1 жил орчим үргэлжилжээ. Тайлбарын 1 дэх хэсэгт дурдагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд оролцсон бөгөөд гомдол гаргагчийн гомдолд хавсарган ирүүлсэн баримт болох 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зарлагдсан тендер шалгаруулалтын үйл явц, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл, аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Э” ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, тендер шалгаруулалтын үйл ажиллагаа дууссан үйл баримттай цаг хугацааны хувьд миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан хугацаатай хамааралгүй байна. Хэрэв гомдол гаргагчийн тодорхойлж буй нөхцөл байдлыг бий болсон гэж үзэхээр илэрхий нөхцөл байдал болох, шүүхэд 2 шүүгч ажиллаж байгаа тохиолдолд, нэг шүүгч нь ээлжийн амралттай байх цаг хугацаанд хариуцагчийн талд ашигтайгаар шийдвэрлэхээр давуу байдал олгосон гэж хардаж болох боловч миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцан явуулсан дээрх ажиллагаанд хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан 3 удаа хойшлогдон, 1 удаа хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэ захирамжийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэж байсан зэрэг нь дурдаж буй тендер шалгаруулалтын ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хооронд аливаа ашиг сонирхлын хамаарал байхгүй болохыг нотолж байгаа гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг шүүх бүхэлд нь ханган шийдвэрлэж байсан ба Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоол нь Б.Н-г ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн Ёс зүйн дүгнэлтийг хэлэлцсэн (хэлэлцэх эрх хэмжээгүй) төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгосноос биш хэрэгт хамааралтай Ёс зүйн  зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгосон тогтоол биш гэдгийг Б.Н мэдэж байгаа, тогтоолд ч тодорхой дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгт хамааралгүй нотлох баримтыг гомдолд хавсарган, намайг буруутгажээ. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн үг, өгүүлбэр бүрийг шүүх хуралдааны видео бичлэгтэй тулган нягтлаагүй гаргасан нь шүүгчийн буруу байсан тул нэхэмжлэгчийн шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг ханган шийдвэрлэж байсан. Б.Н нь хариуцагчаас хууль бус хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж шүүхэд мэдэгдсэн ч шүүхээс тоож, хүлээж аваагүй талаар гомдолд дурджээ. Миний төрсөн ах “Э” ХХК-ийн захирал Ч.Б  нь аймаг, сумаас зарлагдсан тендерүүдэд бусад орон нутгийн компаниудын нэгэн адилаар оролцоод ялж, ялагдаад л явдаг юм байна гэдгийг ерөнхийд нь мэдэх төдий болохоос яг ямар тендерт оролцож шалгарсан, шалгараагүй гэдгийг миний бие мэдэхгүй тул гомдолд дурдаад байгаа тендерт хэрхэн оролцож шалгарсан талаар тайлбар баримт гаргаж өгөх боломжгүй байна. Дээрх үндэслэлүүдээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Б.Н-н ... шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдуулан гаргасан өргөдөлд шүүхийн сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн СХТ/2023/0098 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2023/0116 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гарган Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Уг саналыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээд СХТ/2023/0143 дугаар тогтоолоор саналыг хүчингүй болгож, илтгэгч гишүүнд буцаасан байх ба илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2024/0019 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл “Иргэн Б.Н нь ...аймгийн Засаг даргын говь аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан “...аймгийн  Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр,  2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалуудыг хүчингүй болгох, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг ... шүүхэд гаргасныг шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн .../ШЗ2019/0016 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Улмаар ... шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн .../ШШ2020/0003 дугаар шийдвэрээр Б.Н-н ...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 240 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

1.Өргөдлийн: “Шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр 20 шахам удаа хойшлуулсан, бараг 1 жилийн дараа хариуцагчийн талд шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд: 

... шүүхийн шүүгч С.О-ийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн .../ШЗ2019/0016 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргасан тул 1 удаа, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 5 удаа, гуравдагч этгээдийн хүсэлтээр 2 удаа, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт хасуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамжид гомдол гаргаж 1 удаа тус тус шүүх хуралдааныг хойшлуулсан нь сахилгын хэргийн 90-91, 92-93, 94-95, 104-105, 106-107, 108-110, 111-112, 113-114, 115-118, 174, 178-203 талуудад авагдсан баримтаар тогтоогдож байна

Харин шүүгч Ч.Б  2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “...хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно”, 96 дугаар зүйлийн 96.1-д “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ...”, 96.2-т “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж тус тус заасны дагуу хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулсанд шүүгчийг буруутгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэж үзэхгүй.

2. Өргөдлийн “Шүүхийн зүгээс нотлох баримтуудыг хариуцагчаас бүрэн гаргуулж чадаагүй, хариуцагч шүүхэд хууль бус хуурамч нотлох баримтууд гаргаж өгснийг шүүх хуралдааны явцад шүүгчид мэдэгдсэн ч  эс тоон хүлээж аваагүй” гэх үндэслэлийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “... шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг ... шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. ... шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн эсэхэд дээд шатны шүүхийн хяналт хэрэгждэг болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан.

            Тодруулбал, шүүгч хэргийн оролцогчдын тайлбар, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд, тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.

            Ямар ч нотлох баримт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогддоггүй бөгөөд зөвхөн шүүгч нотлох баримтад агуулагдаж буй мэдээлэлд дүгнэлт хийх эрхтэй байдаг тул хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг шууд хуурамч гэж үзэх боломжгүй.

            Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг тул хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх эрх Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй болно.

3. “Хариуцагч Ө.Б  тендерт шүүгч Ч.Б-гийн төрсөн ахын компанийг шалгаруулсантай холбоотойгоор шүүгч нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлын тухайд:

Өргөдөлд дурдсан ... шүүхэд иргэн Б.Н-н нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох маргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2019 оноос эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл явагдсан байх тул  2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар тухайн үйл баримттай холбоотой сахилгын хэрэгт 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дээрх хугацаанд ...аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/124 дүгээр тушаалаар ...аймгийн “Хөгжимт жүжгийн театрын тайзны засал, шаардагдах тоног төхөөрөмжийн угсралт, нийлүүлэлт”-ийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах “Үнэлгээний хороо”-г байгуулсан, Үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Э”  ХХК-г тендерээр шалгаруулж, аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/832 дугаар захирамжаар “Хөгжимт жүжгийн театрын тайзны засал, шаардагдах тоног төхөөрөмжийн угсралт, нийлүүлэлт”-ийн ажлыг “Э”  ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг аймгийн Засаг дарын тамгын газрын даргад үүрэг болгосны дагуу 07 дугаар сарын 25-ны өдөр №ӨМАОНӨГ/201901015 дугаартай “Хөгжимт жүжгийн театрын тайзны засал, шаардагдах тоног төхөөрөмжийн угсралт, нийлүүлэлт”-ийн ажлын гэрээг “Э”  ХХК-тай байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар тухайн нийтийн албан тушаалтны “...төрсөн ах...”-г хамаарал бүхий этгээдэд авч үзэх бөгөөд шүүгч Ч.Б гийн төрсөн ах нь “Э”  ХХК-ийн захирал Ч.Б болох нь тэдгээрийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-д ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно.

Шүүгч Ч.Б  нь өөрийн төрсөн ах Ч.Б-н эзэмшдэг “Э”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон, захиалагчийг төлөөлж гэрээ байгуулсан албан тушаалтанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

Иймд шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах үүрэгтэй бөгөөд шүүгч Ч.Б  нь дээрх үүргээ биелүүлээгүй нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна. 

Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж зааснаар шүүгч Ч.Б гийн гаргасан сахилгын зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0019 дугаар саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

         ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

               ГИШҮҮН                                   Ц.ДАВХАРБАЯР

                                                         С.ЭНХТӨР