МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-01-24
Дугаар 7
Улаанбаатар хот
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ц, өргөдөл гаргагч Т.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ц, О.А, Ц.Н нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0004 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн .../ШШ2023/00699 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Т.А -ийг “ЭТТ” ХК-ийн Барилга дэд бүтцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,859,м Б/402 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .../МА2023/00754 дүгээр магадлалаар хэвээр үлдээжээ. Уг магадлалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М хяналтын журмаар гомдол гаргасныг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .../ШЗ2023/07177 дугаар захирамжаар “гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2023/07522 дугаар захирамжаар хангахаас татгалзсан, дахин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2023/08076 дугаар захирамжаар мөн хангахаас татгалзсан. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс .../ШЗ2023/07522, .../ШЗ2023/08076 дугаар шүүгчийн захирамжуудад өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2023/09060 дугаар захирамжаар хангахаас татгалзсан, уг захирамжид гомдол гаргасныг тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн .../ШТ2023/00239 дүгээр тогтоолоор хангаж .../ШЗ2023/09060 дугаар захирамжийг хүчингүй болгосон, шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн .../ШЗ2023/10130 дугаар захирамжаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээж тус тус шийдвэрлэсэн байх ба Улсын дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2023/00... дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдож байна. Дээрх ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн .../ШТ2023/00239 дүгээр тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүн Б.Ц, О.А, Ц.Н нарт холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А гомдол гаргаж, үндэслэлээ “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байхад гомдлыг хэлэлцсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод 75 хоног өнгөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээх үр дагавар бий болгосон шүүхийн тогтоол гаргасан, төрийн оролцоотой компанид давуу байдал бий болгосон, хуурамч эмнэлгийн магадалгааг мэдсээр байж ямар ч үндэслэлгүйгээр 9060 дугаар захирамжийг хүчингүй болгосон” гэж тодорхойлжээ.
Нэг. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байхад гомдлыг хэлэлцсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод 75 хоног өнгөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээх үр дагавар бий болгосон шүүхийн тогтоол гаргасан” гэх тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно”, 170 дугаар зүйлийн 170.1-д “...124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2023/09060 дугаар захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-н гаргасан гомдлыг шүүгч Б.Ц, О.А, Ц.Н нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн .../ШТ2023/00239 дүгээр тогтоолоор “...гомдол гаргах хугацаа дуусах сүүлийн 2023 оны 05 сарын 22-ны өдөр өвчтэй байсан болох нь эмнэлгийн баримтаар тогтоогдож байгаа ба энэхүү байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан...” гэж дүгнээд хангаж, .../ШЗ2023/09060 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. Өргөдөл, мэдээлэлд дурдагдсан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлийг шалгаж үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2023/09060 дугаар шүүгчийн захирамжийг гардуулсан баримт хэрэгт авагдаагүй байх ба ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэн-2014 бүртгэлийн системд үзлэг хийхэд дээрх захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр албажуулж системд байршуулсан болох нь тогтоогдсон. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцээгүй хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг бичгээр албажиж гарснаас хойш мэдэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд хуулийн хугацааг мэдсэн өдрөөс тооцох тул 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдөр гаргасан гомдлыг хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй. Түүнчлэн, гомдол гаргах хугацааг сэргээх ажиллагаа нь шүүхийн шийдвэр, магадлал хуульд заасан хүчин төгөлдөр болох хугацаанаас хойш хийгддэг ажиллагаа тул өргөдөлд дурдсан “шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод 75 хоног өнгөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээх үр дагавар бий болгосон шүүхийн тогтоол гаргасан” гэх үндэслэл зөрчилд тооцогдохгүй.
Хоёр. “Шүүхэд гаргаж өгсөн хуурамч эмнэлгийн магадалгааг шүүх бүрэлдэхүүн мэдсээр байж үндэслэсэн” гэх тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .../МА2023/00754 дүгээр магадлалыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардан авч, 05 дугаар сарын 23-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .../ШЗ2023/07177 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.6-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах...” заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт болон “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/251 дүгээр “Д.С-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал, “У” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эмнэлгийн магадалгааны хамт гаргаж өгчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул нотлох баримтыг хэрхэн үнэлж шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчил гэж тодорхойлох боломжгүй, Эмнэлгийн магадалгаа хуульд нийцсэн эсэхэд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй. Өөрөөр хэлбэл, Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар шүүгчийн хуульд нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага болохын хувьд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хянах боломжгүй юм. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг шүүгчийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан “шүүхийн шийдвэрийг давж заалдах” иргэний үндсэн эрх, эрх чөлөөг эдлүүлэх үр дагавар үүсгэсэн ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн .../ШТ2023/00239 дүгээр тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэлгүйн зэрэгцээ Улсын дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2023/00... дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг тэмдэглэх нь зүйтэй. Иймд ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ц, О.А, Ц.Н нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Б.Ц, О.А, Ц.Н нар ирүүлсэн тайлбартаа: ... иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн .../Ш32023/09060 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжид хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-н гаргасан гомдлыг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцсэн. Дээрх 09060 тоот захирамжийн агуулга нь Т.А-н нэхэмжлэлтэй “ЭТТ” ХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох” агуулга бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй, хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хангаагүй шүүгчийн 2 захирамж гарсан, мөн тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 “... Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ зүйлийн 167.4 -т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж заасан байна. Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09060 тоот захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргаснаар хянан хэлэлцэхэд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал өөрөө оролцсон байх ба хуульд зааснаар 2023 оын 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд өөрөө ирж магадлалыг гардан авах үүрэгтэй. Тэрээр энэхүү үүргээ биелүүлээгүй ба хуульд зааснаар түүний гомдол гаргах хугацааг тоолоход 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны дотор гомдол гаргах эрхтэй гэж үзнэ. Харин хариуцагч нь хуульд заасан хугацааны дотор буюу 2023.05.22-ны өдөр өвчний учир ажлаас чөлөөлөгдөж 2023 оны 05 дугаар сарын 26 хүртэл хугацаанд өвчтэй байсан талаарх эмнэлгийн магадалгааг хугацаа сэргээх анхны удаа гаргасан гомдлынхоо хамт хавсарган өгсөн байсан. Энэхүү баримтаар хэргийн оролцогчийн өвчтэй байсан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байна. Хариуцагч нь хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 07, 2023 оны 06 дугаар сарын 13, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд гаргаж байсан, тухайн хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэж байсан ба хамгийн сүүлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09060 тоот захирамж гарсныг 2023 оны 07 дугаар сарын 20-нд албажин гарснаар мэдэж 2023 оны 07 дугаар сарын 21-нд гомдол гаргасан гэж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарласан. Шүүгчийн захирамж нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлэн албажсан нь шүүхийн үйл ажиллагаатай холбоотой байх ба нөгөө талаар гомдол гаргах хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийн оролцогчийн гомдол гаргах аливаа эрхийг хязгаарлах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцсэн юм. Хариуцагч нь хугацаа сэргээлгэх тухай анх гаргасан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтдээ эмнэлгийн магадалгааг хавсаргаж өгсөн байдаг бөгөөд тухайн магадалгаа нь эх хувиараа байсан. Энэ тохиолдолд магадалгааг тус бүрэлдэхүүн хуурамч эсэхийг мэдэх боломжгүй бөгөөд Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журамд зааснаар “Эмнэлгийн магадалгааны үнэн магадтай эсэхийг тухайн магадалгааг гаргасан эмч, үүнийг баталгаажуулсан эмнэлгийн байгууллагын эрх баригч /эмчилгээ эрхэлсэн орлогч, амбулатори, поликлиникийн эрхлэгч/ нар хариуцна.” гэж заасан ба нэхэмжлэгч талын гомдолд дурдсан “... өвдсөн өдрөөс нь хожуу хугацаанд олгогдсон байна, өвчилсөн хэсэгт тэмдэглэгээ хийгээгүй байна” гэх үндэслэлээр магадалгааг хуурамч гэж дүгнэх боломжгүй байна. Мөн хэргийн оролцогч шүүхэд үнэн, зөв мэдүүлэг тайлбар гаргах үүрэгтэй ба хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлохоор гаргаж өгсөн баримтын хуурамч эсэхийг шүүх тогтоох боломжгүй юм. Иймд эмнэлгийн магадалгааг хуурамч гэдгийг мэдсээр байж хариуцагчид давуу байдал бий болгохоор албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-д давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-д заасан тогтоол гаргасан тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно гэж заажээ. Хэдийгээр шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч тухайн шийдвэр, магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээх эсэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар явагдаж байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргах, хүндэтгэн үзэх шалтгаантай нь тогтоогдож байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн гэх үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхийг хязгаарлаж болохгүй юм. Иймд хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэсэн тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн Т.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-н ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ц, О.А, Ц.Н нарт холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдийн ГЗҮ/2023/0110 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Илтгэгч гишүүн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2024/0004 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч “ЭТТ” ХК-д холбогдуулан “ЭТТ” ХК-ийн Ёс зүй, ашиг сонирхлын хорооны 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 14-ний өдрийн Б/402 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн .../ШШ2023/00699 дүгээр шийдвэрээр: “...нэхэмжлэгч Т.А -ийг урьд эрхэлж байсан “ЭТТ” ХК-ийн Барилга дэд бүтцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,859,932 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгож, нэхэмжлэлээс “ЭТТ” ХК-ийн Ёс зүй, ашиг сонирхлын хорооны 2022.04.06-ны өдрийн 01 тоот дүгнэлт, гүйцэтгэх захирлын 2022.04.14-ний өдрийн Б/402 тоот тушаалыг тус тус хүчингүй болгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1., 46.2., Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 он/ 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан дээрх цалин хөлстэй тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Т.А-н нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 387,249 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож” шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .../МА2023/00754 дүгээр магадлалаар ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн .../ШШ2023/00699 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг “гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .../ШЗ2023/07177 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.
Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг 2023 оны 06 сарын 07-ны өдөр гаргасныг шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2023/07522 дугаар захирамжаар хангахаас татгалзаж, мөн хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт дахин гаргасныг шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2023/08076 дугаар захирамжаар мөн хангахаас татгалзжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шүүгчийн .../ШЗ2023/07522, .../ШЗ2023/08076 дугаар захирамжуудад өөрчлөлт оруулж, хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 07 дугаар 07-ны өдрийн .../ШЗ2023/09060 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүгчийн ... /ШЗ2023/09060 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргасныг тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн .../ШТ2023/00239 дүгээр тогтоолоор хангаж .../ШЗ2023/09060 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул улмаар шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн .../ШЗ2023/10130 дугаар захирамжаар хариуцагч талын хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээж Улсын дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2023/00... дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэг. Өргөдлийн: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байхад гомдлыг хэлэлцэж, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээх үр дагавар бий болгосон шүүхийн тогтоол гаргасан” гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар 07-ны өдрийн .../ШЗ2023/09060 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг ... Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгч Б.Ц /даргалж/, О.А, Ц.Н нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн .../ШТ2023/00239 дүгээр тогтоолоор “......./ШЗ2023/09060 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2023/09060 дугаар захирамжид 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан журмаар гомдол гаргасан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг баталсан. Тус аргачлалын 4.2.2-т “Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж заасан.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцээгүй шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2023/09060 дугаар захирамжийг гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй тул тус захирамжийг бичгээр гарсан өдрөөс эхлэн гомдол гаргах хугацааг тоолох нь хуульд нийцнэ.
Тодруулбал, илтгэгч гишүүний “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харахад шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2023/09060 дугаар захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр баталгаажуулсныг тус өдөр бичгээр гарсан гэж үзнэ.
“Бичгээр гарсан өдрөөс хойш” гэсэн нь хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч гарын үсэг зурж, тамга дарж ёсчилсон, энэ талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдсэн, түүнийг баримтжуулсан үеэс хойш гэж ойлгох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцсэн нь шүүгч Б.Ц, О.А, Ц.Н нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1 дүгээр зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчилд тооцох үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хоёр. Өргөдлийн: “... Шүүхэд гаргаж өгсөн хуурамч эмнэлгийн магадалгааг үндэслэн гомдол гаргах хугацаа сэргээх үр дагавар бий болгосон шүүхийн тогтоол гаргасан...” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгч Б.Ц, О.А, Ц.Н нар: “...тухайн магадалгаа нь эх хувиараа байсан. Энэ тохиолдолд магадалгааг тус бүрэлдэхүүн хуурамч эсэхийг мэдэх боломжгүй бөгөөд Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журамд зааснаар “Эмнэлгийн магадалгааны үнэн магадтай эсэхийг тухайн магадалгааг гаргасан эмч, үүнийг баталгаажуулсан эмнэлгийн байгууллагын эрх баригч /эмчилгээ эрхэлсэн орлогч, амбулатори, поликлиникийн эрхлэгч/ нар хариуцна.” гэж заасан мөн хэргийн оролцогч шүүхэд үнэн, зөв мэдүүлэг тайлбар гаргах үүрэгтэй ба хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлохоор гаргаж өгсөн баримтын хуурамч эсэхийг шүүх тогтоох боломжгүй юм” гэх тайлбарыг ирүүлсэн.
Гомдол гаргах хугацаа сэргээх ажиллагаа нь шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш хийгддэг ажиллагаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн .../ШШ2023/00699 дугаар шийдвэр, ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .../МА2023/00754 дүгээр магадлалыг эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргажээ.
Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дахин хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт болон “ЭТТ” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/251 дүгээр тушаал, эмчийн магадалгаа хүргүүлэх тухай С.М-н хүсэлт, өрхийн эрүүл мэндийн төсвийн эмнэлгийн магадалгаа гэсэн баримтуудаар тус байгууллагын төлөөлөгч Д.С нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, С.М нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “ходоод өвдсөн” шалтгаанаар чөлөө авч, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл өвчтэй, эмнэлгийн магадалгаатай байсан талаар нотлох баримтыг хамтатган гаргаж шүүхэд өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан хуулийн зохицуулалтаас үзвэл ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн .../ШТ2023/00239 дүгээр тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүн нь хариуцагч талаас гаргаж өгсөн эмнэлгийн магадалгааг хэрхэн үнэлж, хэрхэн шийдвэрлэх нь шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0004 дугаартай саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ц, О.А, Ц.Н нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Б.СУГАР