info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-22

Дугаар 72

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

...шатны шүүгч Б.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгч Б.М- тайлбартаа “..Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, “П” ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3.925.788.082 төгрөг гаргуулахьг хүссэн нэхэмжлэл 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүгч Б.М- надад иргэний хэргийн нэгдсэн программын дагуу хуваарилагдан ирсэн бөгөөд нэхэмжлэлийг хянан үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй дутуу буюу 4.500.000 төгрөг төлж, үлдэх хэсгийг хойшлуулах хүсэлт гаргасан байсан. Улмаар уг хүсэлтэд хавсаргасан баримтуудьг шалган үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь нэр бүхий байгууллагуудад төлбөрийн тооцоотой, “Н” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн санхүүгийн тайлангаар нийт 1.856.542.513 төгрөгийн өр төлбөртэй, 778.309.505 төгрөгийн алдагдалтай байгаа болох нь тогтоогдсон учир улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохихоос үлдсэн 15.286.890 төгрөгийг төлөх хугацааг хэргийг шийдвэрлэх хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа хий гэж шүүгчийн туслахад шилжүүлэн өгсөн. Үүний дагуу шүүгчийн туслах нь хариуцагчийг дуудаж, нзхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийж, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч Д.Д-д нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байна. Тус нэхэмжлэлд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ...  дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба тус шүүгчийн захирамжийн төслийг шүүгчийн туслах Б.С боловсруулан миний бие гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд шүүгчийн туслахаас шүүгчийн захирамжийн төслийг боловсруулахдаа хавтаст хэргийг үзэлгүйгээр иргэний хэргийн нэгдсэн программаас хэргийн мэдээллийг авч нэхэмжлэгч Б ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамжид 19.786.890 төгрөг төлсөн мэтээр иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид тусгаж төсөл боловсруулсан байсныг тухайн цагт миний бие мэдэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг баталгаажуулж гарын үсэг зурсан байсныг сүүлд олж мэдээд засуулж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 4.500.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 15.286.890 төгрөгийг төлөх хугацааг хэргийг шийдвэрлэх хүртэл хойшлуулсан өөрчлөлт бүхий шүүгчийн захирамжийг гаргаж хэрэгт хавсаргуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл  хэсэгчлэн төлүүлж болно гэж заасан тул уг заалтын дагуу нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эд хөрөнгийн болон бусад этгээдэд их хэмжээний өр төлбөртэй, алдагдалтай ажиллаж байгаа байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэл гаргахдаа төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг хойшлуулж шийдвэрлэсэн, төлөгдөөгүй улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийг хангасан, эсхүл бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс үл шалтгаалан нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарахад төлөх зохицуулалттай болно. Энэхүү иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг өөр өөр байдлаар гаргасан байдал нь шүүгч өөрийн алдааг залруулсан хэрэг болохоос хэргийн аль нэг талд үйлчилж, давуу байдал олгосон хэрэг огтоос бишээс гадна миний тус хэргийн хариуцагчийн төлөөлөгч Д.Д-ыг шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байсан хүн гэдгээр танихаас өөрөөр нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг танихгүй, найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй болно. Иймд иргэн Г.Ц-с гаргасан гомдол нь шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой, техникийн шинжтэй алдаа тул ёс зүйн зөрчил гэж үзэхгүй тул сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “...шатны шүүхийн шүүгч Б.М- нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан эсэх, улсын тэмдэгтийн хураамжид хэдэн төгрөг төлсөн буюу зарим хэсгийг хойшлуулах хүсэлт гаргасан эсэхийг хяналгүй алдаатай иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасныг дараа нь мэдсэн атлаа уг захирамжид хуульд заасан журмын дагуу өөрчлөлт оруулалгүйгээр мөн сар өдөр, дугаартай дахин өөр захирамжийг гаргаж сольсон үйлдэл нь Монгол Улсын Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэсныг зөрчсөн нь өргөдөл, тайлбар, иргэний хэрэг үүсгэх тухай захирамжуудаар тогтоогдсон гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл, шүүгч иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн бүрдүүлбэр, гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэх хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлэхдээ хайнга хандаж үндэслэл муутай захирамж гаргасныг хожим зөвтгөхдөө хуулиар зохицуулсан журмыг зөрчсөн нь сахилгын хэрэгт тооцогдох үндэслэл болно. Гэвч Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасны дагуу шүүгч сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул  түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байх тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав. Харин шүүхээс гарах шийдэрийн биелэлтийг баталгаажуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгч хангасан захирамж гаргасанд, хариуцагч гомдол гаргасныг шүүхийн тогтоолоор хэвээр үлдээсэн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх тул шүүгчийн сахилгын хэрэг гэж үзэх үндэслэл болохгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Иргэн Г.Ц нь ...шатны шүүгч Б.М-т холбогдуулан өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүний  2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 111 дүгээр захирамжаар холбогдох шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “П” ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3.925.788.082 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ...шатны шүүхэд гаргасан байх ба шүүгч Б.М-т хуваарилагдан шүүгч 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид гардуулсан захирамжид “...нэхэмжлэл нь...нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлсөн...” хэмээн үндэслэсэн байсан бол хэрэгт хавсаргасан ... захирамжид “...нэхэмжлэгч “Б” ХХК-ийн  эд хөрөнгийн байдлыг харгалзан үзээд улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 15.286.890 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулах нь зүйтэй...” гэсэн үндэслэл бүхий засвар оруулжээ.

...шатны шүүхийн шүүгч Б.М- нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан эсэх, улсын тэмдэгтийн хураамжид хэдэн төгрөг төлсөн буюу зарим хэсгийг хойшлуулах хүсэлт гаргасан эсэхийг хяналгүй ийнхүү алдаатай иргэний хэрэг үүсгэх захирамж гаргаснаа дараа нь мэдсэн атлаа уг захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан журмын дагуу өөрчлөлт оруулалгүйгээр захирамжийг мөн он, сар, өдөр, дугаартайгаар дахин өөрчлөн гаргаж, сольсон үйлдэл нь Монгол Улсын Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Харин “...Шүүгч Б.М- нь “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээж авсан өдрөөс эхлээд л хэт нэг талыг бариад байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн... Шүүгч Б.М- нь “Б” ХХК-ийн нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй ... улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөгдөөгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг үүсгэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон...” гэх үндэслэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.” гэж, улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хураамжаас чөлөөлөх талаар, 58 дугаар зүйлийн 58.4-т “Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно” гэж тус тус заасанчлан иргэний хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжийг төлөх хугацааг хойшлуулах зэрэг нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх ба хэт нэг талыг барьсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасны дагуу шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж үзэж, шүүгч Б.М-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ...шатны шүүгч Б.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Д.МЯГМАРЦЭРЭН

 ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

Б.СУГАР