МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-02-14
Дугаар 15
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Н нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Өмгөөлөгч Д.Ч нь ...шүүхийн шүүгч Б.Б-т холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн С.Энхтөр хүлээн авч хянаад, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ГЗТ/2023/...0 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Өргөдөл гаргагч нь захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцэн СХТ/2023/...9 дүгээр тогтоолоор шүүгч Б.Б-т сахилгын хэрэг үүсгэсэн.
Гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2023/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн СХТ/2023/...40 дүгээр тогтоолоор саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна.
Илтгэгч гишүүн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд гишүүний 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ГЗҮ/2023/...4 дүгээр захирамжаар шүүгч Ц.А, М.М нарт сахилгын хэрэг үүсгэн, гишүүний 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ГЗБ/2023/...7 дугаар захирамжаар СХТ/2023/...9 дүгээр тогтоолоор үүсгэсэн сахилгын хэргийг ГЗҮ/2023/...4 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт нэгтгэжээ.
Улмаар илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГС/2024/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал дахин гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: Өргөдөл гаргагч Д.Ч-оос шүүгч Б.Б-т холбогдуулан “...урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Т.М-ийн өмгөөлөгчийг оролцуулаагүй, ...өмгөөлөгчийн мэтгэлцэх, шүүхэд сонсгох эрхийг хязгаарласан, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг даргалахдаа шүүхийн тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй” гэх үндэслэлээр өргөдөл гаргасан...
Сахилгын хэрэгт цугласан баримтаар, ...прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3..3 дугаар яллах дүгнэлтээр Т.М, Э.Ө-тай бүлэглэж үйлдсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйчлэхээр тогтоож, хэргийн харьяаллын дагуу ...шүүхэд шилжүүлсэн байна. /Сахилгын хэргийн 41-48/
Улмаар ...шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ЕШЗ/...5 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Б-ыг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.А, М.М нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ.
Нэг. Урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Т.М-ийн өмгөөлөгчийг оролцуулаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Шүүгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/...8 дугаар шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хийхээр товложээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10-т заасны дагуу шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийг дангаар удирдан явуулж, шүүх хуралдаанд яллагдагч Т.М-ийн өмгөөлөгч Б.Э-аас хойшлуулах хүсэлт ирүүлснийг мөн өдрийн 2023/ШЗ/...5 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. /Сахилгын хэргийн 52,53/
...прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн тус хэрэг нь арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх зохицуулалтай байна. Мөн шүүх хуралдаанд хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой байж болох яллагдагч Э.Ө нь өмгөөлөгчтэй оролцсон байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дүгээр зүйлийн 1-т Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж, 1.4-т “бүх насаар хорих ял оногдуулж болох сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж, 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж илт тодорхой заасан байгааг шүүгч зөрчжээ. Илт тодорхой заалт гэдэг нь тухайн ажиллагааг зохицуулсан, өөрөөр тайлбарлан, сонгож хэрэглэх боломжгүй хэм хэмжээг ойлгох юм. Иймээс дээрх хориглосон хэм хэмжээг шүүгч зөрчсөн буруутай гэж үзнэ.
Харин шүүгч Б.Б-ын гаргасан дээрх зөрчлийг ноцтой гэж дүгнэх байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-аас хойшлуулах хүсэлт гаргахдаа холбогдох баримтыг хавсаргаж ирүүлээгүй болон шүүгдэгч Т.М нь өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан зэрэг нь урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг үргэлжлүүлэхэд нөлөөлсөн байна. Шүүгч хуулийг санаатай зөрчсөн үйлдлийг гаргасан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Нөгөө талаар, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Э нараас гаргаагүй буюу тэдний хүсэлтийг тухайн хуралдаанаар шийдвэрлээгүй байна. Мөн шүүгч Б.Б нь 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчээр томилогдсон байх бөгөөд тэрээр томилогдсоноос хойш 3 сарын дараа дээрх хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийг хийжээ. Эдгээр нөхцөл байдлуудаар тухайн шүүгчийн гаргасан зөрчлийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Мөн дараагийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгдэгч нарын өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж, хойшлуулсан байх бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцоогүй нь хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.
Хэдийгээр энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй боловч шүүгч Б.Б нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж явуулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчихгүй байхад анхаарч ажиллавал зохино.
Хоёр. Өмгөөлөгчийн мэтгэлцэх, шүүхэд сонсгох эрхийг хязгаарласан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Дээрх өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт тэмдэглэл хийхэд mainfeed_dual_512(10).mp4 нэртэй бичлэгийн
0:15:38-0:16:13 минутад, Даргалагчаас: Алхаа гартаа барьж, өмгөөлөгч Д.Ч-ийн яриаг тасалж улсын дээд шүүхийн тогтоол, хэргийн үйл баримтын талаар ярихгүй. Мөрдөн байцаах шатанд буцааж өгнө үү гэх хүсэлттэйгээ холбоотой ярина уу. Тайлбарлаж байгаа хүрээ хэмжээ нь хэргийн үйл баримт руу орж байгаа учраас хүсэлттэйгээ холбоотой ярина уу гэж,
0:16:14-0:16:16 минутад, Өмгөөлөгч Д.Ч: Яах аргагүй хэргийн үйл баримт руу орохгүй болохоор гэж,
0:16:17-0:16:18 минутад, Даргалагчаас: Алхаа гартаа барьсан чигтээ урьдчилсан хэлэлцүүлэг дээр гэм буруу ярихгүй гэж,
0:16:18-0:16:24 минутад, Өмгөөлөгч Д.Ч: Гэм буруу ярихгүй ч гэсэн үйл баримт нь юу болсон, гэрч юу гэж мэдүүлээд байгаа, юуг шалгаж тогтоох вэ гэж,
0:16:24-0:16:47 минутад, Даргалагчаас: Алхаа гартаа барьсан чигтээ өмгөөлөгчийн хувьд болохгүй. Шүүх ийм нөхцөл байдал гаргуулж болохгүй. Хэргийн үйл баримт руу огт орохгүй хатуу заалттай. Тэгэхээр одоо хүсэлттэй холбоотой ямар ажиллагаа хийлгэх талаараа ярья гэж,
0:26:04-0:28:08 минутад, Өмгөөлөгч Д.Ч: Яллагдагчаар татаагүй гэж прокурор яриад байна. Цагдаагийн байгууллага зохих ёсны ажиллагаа явуулсан бол тодорхой болчих байсан. Материалжуулан шалгаж байгаа гээд мөрдөгчийн нэрийг биччихсэн байсан. Тэгэхээр шалгасан бол үнэхээр тэр шөнө 4 хэрэг болжээ гэдэг тодорхой байсан. Энэ шалгуулах ажиллагаа бол өмгөөлөгчийн үүрэг биш. Эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүйн тулд зарим нэгийг гаргаагүй, эсхүл хөөн хэлэлцэх хугацааг хүлээсэн байж болно. Үүнийг тогтоох ёстой ажиллагаа бол прокурор, мөрдөгчид үүрэг болгосон. Үүнийг шүүх хуралдаанд удаа дараа ярьж байсан. Прокурор байхгүй гэж худлаа ярьдаг. Өнөөдөр прокурорыг татгалзан гаргах хүсэлттэй холбоотой баримтууд ч байгаа. Харин шүүх хурлаа хойшлуулахгүйн тулд татгалзал хэлсэнгүй. Учир нь анхан шатны шүүх хуралдаан болоод давах дээр ороход прокурорыг энэ ажиллагааг хийсэн үү гэхэд хийсэн боловч байгаагүй, тэгсэн боловч ингээгүй гэдэг. Шүүх хуралдаан дээр хийсэн, шалгасан гэж хэлдэг. Нэг ч шалгасан баримт байхгүй. Анхны шийтгэл тогтоол 2 удаа хүчингүй болж байсан. Бас прокурор түүн дээр худлаа ярьдаг. Нэгдүгээрт иргэдийн төлөөлөгч оролцуулсан уу, тангараг өргүүлсэн үү гэдэг асуудал яригддаг. Тангараг өргүүлсэн гэж худлаа хэлдэг гэж,
0:28:30-0:28:31 Прокурор: Та над руу дайрахгүй шүү дээ гэж,
0:28:31-0:29:03 Даргалагчаас: Алхаа гартаа барьж. Ч өмгөөлөгчөө би танд нэг санууллаа. Хүсэлтээ та танилцуулна. Шүүх хуралдааны дэг танилцуулсан. Худлаа ярьсан бол худлаа ярьсан баримт, гэм буруугийн хурал дээрээ ярина. Та нэг удаа биш 3, 4 удаа ярилаа. Ажил үүрэгтэй нь холбогдуулж ийм тайлбар илэрхийлэхгүй. Би танд санууллаа. Саяны үгийг зохимжгүй байдлаар илэрхийлбэл, дэгийн дагуу явна. Нэг удаа санууллаа гэж хэлээд алхаа нэг удаа цохисон болох нь бичигджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар энэ зүйлд заасан хүсэлт, гомдлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, мөн зүйлийн 11-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж, 34.5 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтын хүрээнд шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг даргалах явцдаа яллагдагчийн өмгөөлөгч Д.Ч-т гаргасан хүсэлттэйгээ холбоотой тайлбар хэлэхийг сануулж, урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар ярихгүй талаар тайлбарласан байх бөгөөд өмгөөлөгчийн мэтгэлцэх, шүүхэд сонсгох эрхийг хязгаарласан гэх байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд шүүгчийн нийтлэг бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд 16.1.1-т “шүүх хуралдааныг даргалах гэж, 16.1.8-т шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг, журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдааны дэг зөрчсөн хэргийн оролцогч болон бусад этгээдэд хуульд заасан арга хэмжээ авах, шийтгэл оногдуулах” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана” гэж, 34.21 дүгээр зүйлийн 1-т “Шүүх хуралдааны дэг зөрчсөн, шүүх хуралдаан даргалагчийн шийдвэр, дэг сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас гаргах тухай сануулж, дахин зөрчил гаргавал шүүх хуралдааны танхимаас гаргаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоход шүүх хуралдааны танхимд байлцуулна” гэж тус тус заасан.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам”-ын 2.1-т “шүүх хуралдаан даргалагч алхыг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: Шүүх хуралдааныг нээх, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх хуралдааныг завсарлуулах, шүүхийн шийдвэр уншиж сонсгох, шүүх хуралдааныг хаах” гэжээ.
Шүүгч Б.Б нь дээрх хууль, журамд заасны дагуу шүүх хуралдааныг даргалж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ч-ийн хэлсэн тайлбартай нь холбогдуулан сануулж, дэг сахиулах хүрээнд нэг удаа алх хэрэглэсэн байна. Мөн шүүгч алхаа гартаа барьж, урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар ярихгүй талаар тайлбарласан нь бичлэгт бичигдсэн байх боловч уг үйлдлийг хуулиар хориглосон үйлдэл гэж үзэхгүй. Дэг сахиулахдаа зүй бус авирласан, хэн нэгэнд давуу байдал олгосон /үг хэллэг, дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөн, царайны төрх/ гэх байдал уг бичлэгээс ажиглагдсангүй.
Гурав. Шүүхийн тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж, шүүгч Ц.А, М.М нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Л.Д-оос ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцэж, шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж, хуралдааныг хойшлуулсан байна.
Дээрх шүүх хуралдааны дуу-дүрсний “mainfeed_dual_512(19).mp4” нэртэй бичлэгт бичигдсэнээр шүүх бүрэлдэхүүн тус хүсэлтийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцээгүй болох нь тогтоогдож байна.
Зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.27 дугаар зүйлийн 1-т “Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ.” гэж, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана”, 5 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ, 5.1-т шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, 5.2-т тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, 5.3-т шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, 5.4-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” гэж тус тус заажээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж, 22.4 дэх хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна, 22.4.1.анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр, 22.4.2.давж заалдах шатны шүүх магадлал, 22.4.3-т “хяналтын шатны шүүх тогтоол” гэж тус тус зааснаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр байх бөгөөд энэхүү шийдвэрийг гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргахаар хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч нарыг өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан тогтоол нь дээрх ойлголтод хамаарахгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.”, 2 дахь хэсэгт “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Уг зохицуулалтаас үзвэл хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаар заавал хэлэлцэж, зөвлөлдөх тасалгаанд гаргахыг үүрэг болгоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн ,,,,,,,,,,,,,,,,,,, гэж тодорхойлсон ба энэ үе шатанд хэргийн болон шүүх хуралдааны шатанд оролцогч нараас гаргасан хүсэлтүүдээс аль хэсгийг нь шүүгч дангаар, шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаагаас хамаарч зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэх эсэхийг тусгайлан зохицуулсан заалт байхгүй.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар бүлэгт шүүх хуралдааны ерөнхий нөхцөлийг хуульчлан зохицуулж байсан ба 250 дугаар зүйлийн 250.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хаалттай явуулах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох, таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, шүүх хуралдаанд оролцогчийг татгалзан гаргах, шинжилгээ хийлгэх тухай асуудлыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ”, 250.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 250.2-т зааснаас бусад асуудлыг шүүгчид зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө шийдвэрлэх ба түүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэнэ” гэж заан, мөн хуулийн 36 дугаар бүлэгт тогтоол гаргах буюу шийтгэх, цагаатгах тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд гаргахаар хуульчилж хуралдааныг завсарлан хэлэлцэн шийдвэрлэх, хуралдааныг танхимд шууд шийдвэрлээд явах боломжтой нөхцөл байдлыг зааглан ялгаж хуульчилсан байжээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэхийг хуулиар үүрэг болгоогүй тул холбогдох шүүгч нарыг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхгүй. Дээр дурдсан шүүх хуралдааны явцад болсон үйл баримтын хувьд буюу шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэхийг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд тухайн шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй гэж үзсэн болно.
Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад дээрх эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/...1 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.М, Э.Ө нарыг хүнийг алах гэмт хэргийг өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
Өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул шүүгч Б.Б, Ц.А, М.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Б.Б тайлбартаа: “...Б.Б миний бие тус ...шүүхийн шүүгчээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр томилогдон ажиллаж байгаа бөгөөд Т.М, Э.Ө нарт холбогдох эрүүгийн 1...30 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Мэдээлэл гаргагчийн 1 дэх үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Т.М, Э.Ө нарт холбогдох шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт Т.М-ийн өмгөөлөгч Б.Э-г оролцуулаагүй, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх үйл баримтын тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтооход прокурор болон яллагдагч, хохирогч нарын өмгөөлөгчийн саналыг харгалзан 3-аас доошгүй хоногийн өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоодог хууль зүйн зохицуулалттай. Т.М-ийн өмгөөлөгч Б.Э нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “...энэ цаг хугацаанд өмгөөлөгч миний ...шүүхийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг давхцаж байх тул хойшлуулж өгнө үү...” гэж дурдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүх хуралдаан буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд өмгөөлөгч нь ямар шалтгааны улмаас оролцох боломжгүй. Түүнчлэн ...шүүх хуралдаанд хэнд холбогдох хэдэн цагт эхэлсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орсон эсэх нь тодорхойгүй хүсэлт ирүүлсэн, цаашилбал Т.М нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд “...өмгөөлөгч маань сая хойшлуулах хүсэлт өгсөн, урьдчилсан хэлэлцүүлэг тул өмгөөлөгчгүй оролцох боломжтой...” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл яллагдагч Т.М-ийн эрхийг хангаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3-т зааснаар яллагдагч нь хэргээ шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх эрхтэй тул Т.М-ийн эрхийг хязгаарлаагүй, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, гомдлыг хэлэлцэх үе шат бөгөөд Б.Э өмгөөлөгч нь урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй болно.
Өмгөөлөгчийн мэтгэлцэх, шүүхэд сонсгох эрхийг хязгаарласан гэх үйл баримтын тухайд:
Мэдээлэл гаргагч нь өмгөөлөгчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлах, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг тус тус зөрчиж мэтгэлцэх эрхийг тэгш олгоогүй, хязгаарласан гэж дурджээ. Яллагдагч нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33, 34, 35 дугаар бүлэгт зааснаар хэргийн оролцогч нарыг мэтгэлцэх боломжийг тэгш олгосон.
Тодруулбал 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан талаас буюу Э.Ө-ын өмгөөлөгчийн хүсэлтийг танилцуулж эхэлж, мөн шүүх хуралдаанд оролцоогүй н.Д өмгөөлөгчийн хүсэлтийг шүүгч сонсгосноор улсын яллагчаас тайлбар, яллагдагч нараас хүсэлттэй холбоотой тайлбар, мөн хэргийн оролцогч нараас нэмэлт тайлбар авч шүүх хуралдаанд оролцогч нарт тэгш боломжийг олгосон.
Өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хэргийн оролцогч нарын хэн алинд нь давуу байдал бий болгож нэмэлт тайлбар хэлэх эрхийг илүү, эсхүл бусад оролцогчийн хүсэлт, тайлбар гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гаргаагүй байна. Мөн Э.Ө-ын өмгөөлөгч Б.Ч нь хүсэлтийн нэмэлт тайлбар хэлэхдээ “...Прокурор шалгасан гэсэн худлаа...анхны 2 шийтгэх тогтоол байдаг...прокурор худлаа ярьдаг...иргэдийн төлөөлөгчийг тангараг өргүүлсэн үү гэхэд өргүүлсэн гэж худлаа ярьдаг...” гэж дурджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д зааснаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч Б.Ч нь улсын яллагч н.О-г ажил үүргийн хувьд харьцахдаа зүй бус авирлаж, шүүх хуралдааны дэг зөрчсөн буюу 4 удаа худлаа ярьсан гэж хэлсэн үйлдлийг таслан зогсоож, хэргийн оролцогчийн худлаа ярьсан гэж зүй бус авирлах үйлдлийг хуралдааны дэг зөрчсөн үндэслэлээр таслан зогсоосон. Хэрвээ тус үйлдлийг таслан зогсоогоогүй тохиолдолд улсын яллагчийн зүгээс надад шаардлага тавих нөхцөл үүсэх нь зүйн хэрэг.
Түүнчлэн хэргийн үйл баримтыг хэлэлцэхгүй, зөвхөн хүсэлтийг тайлбарлах замаар хурал явагдах учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-т яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээ, хэмжээ, хязгаарыг хуульчилсан. Сахилгын хэргийн оролцогч би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш эрхийг хангаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг яллагдагч нарын гэм бурууг хэлэлцэхгүй гэж сануулсны адил яллагдагчийн өмгөөлөгчийг хэргийн үйл баримтыг хэлэлцэхгүй талаар сануулсан байна” гэжээ.
Шүүгч Б.Б нэмэлт тайлбартаа: “...миний бие тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр томилогдон ажиллах бөгөөд Т.М, Э.Ө нарт холбогдох эрүүгийн 1...30 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.
Шүүхийн Сахилгын хорооны тогтоолын 1 дэх хэсгийн “...өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй ...хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж заасныг зөрчсөн гэх дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтооход прокурор болон яллагдагч, хохирогч нарын өмгөөлөгчийн саналыг харгалзан 3-аас доошгүй хоногийн өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоодог хууль зүйн зохицуулалттай. Т.М-ийн өмгөөлөгч Б.Э нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “...энэ цаг хугацаанд өмгөөлөгч миний ...шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг давхцаж байх тул хойшлуулж өгнө үү...” гэж дурдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх хуралдаан буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд өмгөөлөгч нь ямар шалтгааны улмаас оролцох боломжгүй.
Түүнчлэн ...шүүх хуралдаанд хэнд холбогдох, хэдэн цагт эхэлсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орсон эсэх нь тодорхойгүй хүсэлт ирүүлсэн. Цаашилбал Т.М нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд “...өмгөөлөгч маань сая хойшлуулах хүсэлт өгсөн, урьдчилсан хэлэлцүүлэг тул өмгөөлөгчгүй оролцох боломжтой...” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл яллагдагч Т.М-ийн эрхийг хангаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагч нь хэргээ шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх эрхтэй тул Т.М-ийн эрхийг хязгаарлаагүй, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, гомдлыг хэлэлцэх үе шат бөгөөд Б.Э өмгөөлөгч нь урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчийг 15 хоногийн дотор, шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд тус эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш 15, мөн 30 хоногоор сунгаж, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 45 дахь өдөр байсан. Шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоохдоо оролцогч нарын саналыг харгалзан 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгчөөс саналыг тодруулж товлосон.
Түүнчлэн яллагдагч нарыг харилцан эсрэг сонирхолтой гэж урьдчилан дүгнэх боломжгүй. Тухайлбал, н.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь анхан шатны шүүхээр 6 удаа, давж заалдах шатны шүүх 5 удаа, Улсын дээд шүүх 1 удаа шийдвэрлэгдсэн бөгөөд холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрүүд хүчингүй болж, анхан шатны шүүхээр дахин гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд байгаа нь таамаглах боломжгүй нөхцөл үүсэн. Харин урьдчилсан хэлэлцүүлэгт бүх насаар хорих ялтай хэрэгт яллагдагчийг өмгөөлөгчгүй оролцуулсан нь хуулийн тодорхой заалтыг зөрчсөн зөрчил үүссэн байхыг үгүйсгэхгүй.
Дээрх зөрчил нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн эсэх нь эргэлзээтэй. Хуулийн агуулгаас үзвэл хуулийн илт тодорхой заалт, түүнийг ноцтой зөрчсөн байхыг шаардах ба “ноцтой” зөрчил мөн эсэх, яллагдагч Т.М-ийн өөрийнх нь хүсэлтийг харгалзсан зэрэг нь зөрчлийн шинжийг тодорхойлоход ач холбогдолтой. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэр гаргаагүй гэх үйл баримтын тухайд, Шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэх 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн даргаас танилцуулсан ба шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Б.Б, Л.Д, шүүгдэгч Т.М-ийн өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Ирцтэй холбоотойгоор улсын яллагчаас шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул тусгайлан гаргах саналгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ч-оос шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэсэн. Талууд, оролцогч нараас ямар нэгэн зөрүүтэй санал гаргаагүй болно.
Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргасан хүсэлттэй танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж заасан. Хуулийн заалтаас үзвэл улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд “шүүх хуралдааныг хойшлуулна” гэсэн нь шүүхэд эрх хэмжээ олгоогүй, уг заалтын диспоцизид заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна гэж шүүхэд үүрэг болгосон заалт байна.
Сахилгын хэрэг үүсгэсэн гишүүний захирамжид “...хүсэлтийг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлээгүй...” талаар дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах нь шүүхэд үүрэг болгосон заалт буюу урьдчилсан нөхцөл хангагдсан бол шүүхээс өөр шийдвэр гаргах боломжгүй заалт юм.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл байдал хангагдсан ба шүүх хуралдаанд оролцсон талууд, оролцогч нараас саналын зөрүүтэй хүсэлт гараагүй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ”, 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно”, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, 22.4 дэх хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна: 22.4.1.анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр; 22.4.2.давж заалдах шатны шүүх магадлал; 22.4.3.хяналтын шатны шүүх тогтоол” гэж тус тус зааснаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр байх бөгөөд энэхүү шийдвэрийг гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргахаар хуульчилсан байна.
Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн буруутай эсэхээс бусад талууд, оролцогчоос гаргасан хүсэлт, ямарваа нэгэн асуудал бүрийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх талаар тусгайлан хуульчлаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт Хүсэлт, гомдол гарах талаар нийтлэг зохицуулалтыг хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.”, 2 дахь хэсэгт “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийн үндэслэл тодорхой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдсан, шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулахаас өөр шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй, талууд оролцогч нараас зөрүүтэй санал гаргаагүй болно.
Иймд шүүх хуралдааныг хойшлуулах тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлээгүй нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр тайлбар гаргалаа” гэжээ.
Шүүгч Ц.А тайлбартаа: “...миний бие эрүүгийн 1...30 дугаартай хэргийн шүүх бүрэлдэхүүний шүүгчээр Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс томилогдож, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ЕШЗ/...5 дугаар захирамжаар албажсан. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн даргаас танилцуулсан ба шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Б.Б, Л.Д, шүүгдэгч Т.М-ийн өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Ирцтэй холбоотойгоор улсын яллагчаас шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул тусгайлан гаргах саналгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ч-оос шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэсэн. Талууд, оролцогч нараас ямар нэгэн зөрүүтэй санал гаргаагүй болно. Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргасан хүсэлттэй танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж заасан. Хуулийн заалтаас үзвэл улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд “шүүх хуралдааныг хойшлуулна” гэсэн нь шүүхэд эрх хэмжээ олгоогүй, уг заалтын диспоцизид заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна гэж шүүхэд үүрэг болгосон заалт байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, шүүдэгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,1.5 дахь заалтад зааснаар заавал өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тул шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл илэрхий бүрдсэн. Сахилгын хэрэг үүсгэсэн гишүүний захирамжид “...хүсэлтийг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлээгүй...” талаар дурдсан.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах нь шүүхэд үүрэг болгосон заалт буюу урьдчилсан нөхцөл хангадсан бол шүүхээс өөр шийдвэр гаргах боломжгүй заалт юм.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл байдал хангагдсан ба шүүх хуралдаанд оролцсон талууд, оролцогч нараас саналын зөрүүтэй хүсэлт гараагүй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ”, 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно”, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, 22.4 дэх хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна: 22.4.1.анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр; 22.4.2.давж заалдах шатны шүүх магадлал; 22.4.3.хяналтын шатны шүүх тогтоол." гэж тус тус зааснаас үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр байх бөгөөд энэхүү шийдвэрийг гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргахаар хуульчилсан байна. Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн буруутай эсэхээс бусад талууд, оролцогчоос гаргасан хүсэлт, ямарваа нэгэн асуудал бүрийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх талаар талаар тусгайлан хуульчлаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт Хүсэлт, гомдол гарах талаар нийтлэг зохицуулалтыг хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.”, 2 дахь хэсэгт “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийн үндэслэл тодорхой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдсан, шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулахаас өөр шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй, талууд оролцогч нараас зөрүүтэй санал гаргаагүй тул өмгөөлөгч нарын хүсэлтийг зөвлөлдөх тасалгаанд оролгүйгээр хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Иймд шүүх хуралдааныг хойшлуулах тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлээгүй нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэж энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Сахилгын хорооны гишүүний сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж, Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0140 дугаартай тогтоолд дурдсан үндэслэлийг шүүн таслах ажиллагаандаа анхаарч ажиллана” гэжээ.
Шүүгч М.М тайлбартаа: “...Сахилгын хэрэг үүсгэсэн захирамжид “...өмгөөлөгч Д.Ч-оос ирүүлсэн өргөдөлд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд ...оролцогчоос гаргасан хүсэлтийг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлээгүй...” гэжээ.
Тус эрүүгийн 1...30 дугаартай хэргийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Б, Л.Д, Б.Э нар нь хүндэтгэн үзэх шалтгаан болох шүүх хуралдаан давхацсан, өмнөх хуралдаан үргэлжилж байгаа, их сургуулийн элсэлтийн шалгалтын комиссоор орон нутагт томилолтоор ажиллаж байгаагаа бичгээр болон холбооны хэрэгслээр мэдэгдсэн байсан. Үүнтэй холбоотойгоор талуудаас өмгөөлөгч нар хүндэтгэх шалтгаантайгаар ирээгүй шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бүрдсэн талаар тайлбар гарган, өмгөөлөгч Л.Д нарын гаргасан хүсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэр дундаа өмгөөлөгч Д.Ч нь хуралдаан хойшлох үндэслэл бүрдсэн, шүүгдэгч нар заавал өмгөөлөгчтэй байх хүнд гэмт хэрэгт холбогдсон талаар тайлбарлан, хойшлуулахыг дэмжсэн байна. Миний бие тус шүүх хуралдаанд бүрэлдэхүүний шүүгчээр оролцож, шүүх хуралдаан нь ирцтэй холбоотой үргэлжлэн явагдах боломжгүй буюу хуульд заасан шүүх хуралдаан хойшлуулах хууль зүйн үндэслэл илэрхий үүссэн, талуудаас хойшлуулахаас өөр хүсэлт гаргаагүй, шүүгдэгч нар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй, тэдний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүйд үндэслэн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлуулах, дараагийн шүүх хуралдааны товыг талуудтай харилцан шууд тогтоох боломжтой гэсэн саналыг бүрэлдэхүүн шүүгч нарт илэрхийлэн, улмаар шүүх бүрэлдэхүүн хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.
Энэ тохиолдолд бүрэлдэхүүний шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон сахилгын зөрчил гаргасан, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж, эсвэл танхимаас хэргийн оролцогчдыг гаргаж байж шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргах ёстой байсан гэж өмгөөлөгч Д.Ч өргөдөл гаргасан нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, Шүүх хуралдааны мэтгэлцэгч тал болох өмгөөлөгч хүндэтгэх шалтгаантай хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдаан хойшлуулах шууд үндэслэл болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр бүлэгт шүүх хуралдааны ерөнхий нөхцөл, журмыг хуульчилсан бөгөөд 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна”, улмаар мөн хуулийн 34.16 дугаар зүйлд “...шүүх хуралдаанд оролцвол зохих тал,... ирээгүй, өмгөөлөгч нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон, бусад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон... бол шүүх хуралдааныг хойшлуулж болох, шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна...” гэж заасан.
Хуулийн энэ зохицуулалтаас өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай ирээгүй, оролцогч сонгон авсан өмгөөлөгчтэйгөө хуралдаан оролцох хүсэлтэй байхад хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулах нь туйлын тодорхой зүйл болж байна. Манай тохиолдолд шүүх хуралдааны ирц бүрдээгүй, өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо бичгээр мэдэгдсэн, өөр хэлэлцэн шийдвэрлэх нөхцөл байдал үүсээгүй, хуралдааныг хойшлуулах нь тодорхой байхад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, хойшилж байгаа үндэслэлээ талуудад тайлбарлан, дараагийн хуралдаанаа талуудын саналыг харгалзан товлосон.
Ийнхүү шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, талууд, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, хууль бус шийдвэр гаргасан гэх үндэслэл үүсээгүй, цаашлаад шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бууруулсан гэж үзэх боломжгүй юм.
Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэхээр хатуу тогтоон хуульчлаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.27 дугаар зүйлд шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлд ийнхүү зөвлөлдөхдөө буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэж, шийтгэх, цагаатгах тогтоол гаргахдаа шийдвэрлэх асуудлыг нэг бүрчлэн заан хуульчилжээ. Энэ нь гэм буруугийн асуудал шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэхээр хатуу тогтоож бусад тохиолдлуудад нөхцөл байдалд тохируулан шүүх шийдвэрлэх боломжтойгоор хуульчилсан гэж үзэж байна.
Тухайлбал таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох санал, хүсэлт, оролцогч болон бүрэлдэхүүний нэг шүүгчийг татгалзсан татгалзлыг хэлэлцэх, талуудын харилцан эсрэг санал, хүсэлттэй холбоотой хэрэгт авагдсан баримтыг судлан үзэж хэлэлцэн шийдвэрлэх шаардлага бий болсон тохиолдолд зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргах нь зүйн хэрэг. Харин хуралдааны дэг зөрчсөн хүнд хариуцлага хүлээлгэх, хуралдааныг түр хугацаагаар завсарлуулах талуудын хүсэлт, шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах хүсэлт, ажлын цаг дууссан үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах, хохирол төлөх завсарлага авах хүсэлт, хуралдааны оролцогчийн эрүүл мэндийн байдал зэрэгтэй холбоотой хойшлуулах хүсэлт, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахад шүүгдэгчийг танхимаас түр гаргах талаарх хүсэлт зэргийг тухай бүр зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиас өмнө хэрэгжиж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар бүлэгт шүүх хуралдааны ерөнхий нөхцөлийг хуульчлан зохицуулж байсан ба 250.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хаалттай явуулах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох, таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, шүүх хуралдаанд оролцогчийг татгалзан гаргах, шинжилгээ хийлгэх тухай асуудлыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ”, 250.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 250.2-т зааснаас бусад асуудлыг шүүгчид зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө шийдвэрлэх ба түүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэнэ” гэж заан, мөн хуулийн 36 дугаар бүлэгт тогтоол гаргах буюу шийтгэх, цагаатгах тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд гаргахаар хуульчилж хуралдааныг завсарлан хэлэлцэн шийдвэрлэх, хуралдааныг танхимд шууд шийдвэрлээд явах боломжтой нөхцөл байдлыг зааглан ялгаж хуульчилж байсан байна.
Одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хууль тогтоогчоос хуралдааны бүхий л асуудлыг зөвлөлдөх тасалгаанд шийдвэр гаргахаар хуульчлаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гардаг олон хүсэлтийг тухай бүр зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэх шаардлагагүй, харин талуудын санал, хүсэлтийн үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх суурь зарчим, хууль ёсны, зохимжтой, үр нөлөөтэй байдалд тохируулан шууд шийдвэрээ танилцуулан, тэмдэглэлд тусгуулан явах боломжийг олгосон гэж үзэж байна.
Мөн үүнтэй төстэй нөхцөл байдалд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан талаарх өргөдлийг Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаар магадлалаар шийдвэрлэхдээ “...Эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.27 дугаар зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүн шийтгэх, цагаатгах тогтоол гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно. Мөн зүйлийн 1-д “Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл шүүх шийтгэх, цагаатгах тогтоол гаргах буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах, хохирол болон иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэж, шийтгэх, цагаатгах тогтоолын аль нэгийг гаргахаар зөвлөлдөх тасалгаанд зөвлөхөөр хуульчилсан байна.
Иймд илтгэгч гишүүний шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээс өмнөх үе шатанд буюу шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлээгүй байхад оролцогчоос гаргасан санал, хүсэлтийг шууд хангах эсэх талаар захирамж, тогтоол гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрлэх тухай хуульчлаагүй тул шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй байна гэх дүгнэлт үндэслэл бүхий байна...” гэж дүгнэж байсныг харгалзан үзэхийг хүсэж байна.
Мөн Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим, түүний тайлбарын удиртгал хэсгийн Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах дэд хэсэгт “...Дүрмийн зөрчил бүр сахилгын шийтгэл хүлээх нөхцөл болохгүй гээд ...Шүүгчийн ёс зүйн зарчмаар шүүгчдэд үүрэг хүлээлгэсэн явдал нь тэдгээр зарчмыг зөрчсөн тохиолдол бүрд сахилгын арга хэмжээ авхуулах зорилгыг агуулаагүй. Тухайн нэг шүүгчийн алдаа бүр ёс зүйн зарчмуудын зөрчлийн хэмжээнд хамаарахгүй буюу ёс зүйгүй үйлдэлд тооцогдохгүй. Сахилгын арга хэмжээг зөвхөн ноцтой зөрчилд авах бөгөөд, бусад хүчин зүйлээс хамаарч болохгүй. Иймд ноцтой зөрчилд, зохисгүй үйлдлийн хэв маягаас үл хамааран, бусдад буюу шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдлийг ойлгоно...” гэжээ. Иймд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч, өмгөөлөгч Д.Ч нь “...урьдчилсан хэлэлцүүлгийг өмгөөлөгчгүйгээр явуулсан,
...шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч би ямар учир шалтгааны улмаас нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байгаа талаар тайлбарлан, прокурортой мэтгэлцэх явцад шүүгч Б.Б нь “хэргийн талаар ярихгүй, сануулсан шүү, дахин нэг удаа л энэ талаар ярих юм бол арга хэмжээ авна” хэмээн алхаа далайн, цохихоор зангасан,
...шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүний шүүгч Б.Б, Ц.А, М.М нар шүүхийн тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд гаргах журмыг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна.
1. Урьдчилсан хэлэлцүүлгийг өмгөөлөгчгүйгээр явуулсан гэх тухайд:
Өргөдөлд “...яллагдагч Т.М-ийн өмгөөлөгч Б.Э “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасан боловч шүүгч Б.Б хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн” гэж дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.Ө, Т.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, 2.11-д “бүлэглэж” хүнийг алах гэмт хэрэгт холбогдон эрүүгийн 1...30 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан, шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/...5 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, ...шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/...1 дүгээр шийтгэх тогтоолоор Т.М, Э.Ө нарыг гэм буруутайд тооцон, 16 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн байна. /с.х-ийн 41-48, 61-62, 163-182 тал/
...шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/...8 дугаар захирамжаар товлосон 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч Т.М-ийн өмгөөлөгч Б.Э “......шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргажээ.
Тухайн хүсэлтийг шүүх хуралдаан даргалагч Б.Б 2023/ШЗ/...5 дугаар захирамжаар “...өмгөөлөгч Б.Э-ийн саналыг харгалзан урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн боловч урьдчилсан хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хэдийгээр өмгөөлөгч Б.Э-аас ...холбогдох баримтыг хавсаргаагүй, ямар хуралд оролцож байгаа болох нь тодорхойгүй хүсэлтийг шүүх үнэлэх боломжгүй юм...” гэж дүгнээд хүсэлтийг хангахаас татгалзаж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байна. /с.х-ийн 60-52, 60-61 тал/
Шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд ...прокурорын газрын хяналтын прокурор Р.О-гийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3..3 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Э.Ө, Т.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд тухайн эрүүгийн хэрэг нь 12-20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулж болох хуулийн зохицуулалттай гэмт хэрэг байна.
Шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн “mainfeed_dual_512(9).mp4” нэртэй дуу-дүрсний бичлэгийн 01 минут 26 секундээс прокурор Р.О “М-ийн өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, өнөөдрийн байдлаар шүүхэд ирээгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна”, 01 минут 56 секундээс яллагдагч Э.Ө-ын өмгөөлөгч Д.Ч “...энэ хурлыг дахин хойшлуулахгүй байх саналтай байна”, 03 минут 36 секундээс яллагдагч Т.М “өмгөөлөгч маань сая хойшлуулах хүсэлтээ өгсөн, урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчгүй оролцох боломжтой” гэх тайлбарууд хэлжээ. /с.х-ийн 82-85 тал/
Шүүгч Б.Б нь өмгөөлөгч Б.Э шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй холбоотой шүүх хуралдаан давхардсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна түүний үйлчлүүлэгч, яллагдагч Т.М, прокурор Р.О, яллагдагч Э.Ө-ийн өмгөөлөгч Д.Ч нарын дээрх тайлбар зэргийг дүгнэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн байна. /с.х-ийн 54-60 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “бүх насаар нь хорих ял оногдуулж болох”, 1.5 дах хэсэгт “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч Э.Ө, Т.М нар нь эсрэг сонирхолтой этгээдүүд байх бөгөөд шүүгч Б.Б нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн буюу 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Э.Ө-ийн өмгөөлөгч Д.Ч ирсэн, харин яллагдагч Т.М-ийн өмгөөлөгч Б.Э-г ирээгүй байхад “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг хангаагүй байна.
Гэвч дараагийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.М-ийн өмгөөлөгч Б.Э Үндэсний их сургуулийн Элсэлтийн ерөнхий шалгалтын комиссын ажлаар томилолтоор орон нутагт явж байгаа шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй ба шүүхийн тухайн өдрийн 2023/ШТ/..8 дугаар тогтоолоор шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг эдлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. /с.х-ийн 64-67 тал/
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчид хориглосон зүйл нь шүүгчид хориглох заалтыг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байх, мөн зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагавар, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан.
Хэдийгээр шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дах хэсэгт заасныг зөрчсөн байх боловч мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...өмгөөлөгч, ...шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасныг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “шүүх,... нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар өмгөөлөгч Б.Э шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр ирүүлсэн боловч тухайн хүсэлтээ нотлох холбогдох баримтыг ирүүлээгүй тул шүүгч шүүх хуралдаанд оролцогчдын саналыг харгалзан хүсэлтийг хангаагүй байна.
Иймд шүүгч яллагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй үйлдэл нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагаврын хувьд ноцтой биш, мөн бусдад буюу шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдэл биш байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэж үзэхгүй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Гэвч илтгэгч гишүүний саналдаа “шүүгч Б.Б нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж явуулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчихгүй байхад анхаарч ажиллавал зохино” гэснийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч Б.Б нь “хэргийн талаар ярихгүй, сануулсан шүү, дахин нэг удаа л энэ талаар ярих юм бол арга хэмжээ авна” хэмээн алхаа далайн, цохихоор зангасан гэх тухайд:
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүний 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ГЗБ/2023/...1 дүгээр “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар өргөдөлд дурдагдсан ...шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05 болон 19-ний өдрүүдийн шүүх хуралдаануудын дуу-дүрсний бичлэгүүдийг авч, үзлэг хийн бэхжүүлсэн байна.
Шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн дуу-дүрсний бичлэгт илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулжээ. /с.х-ийн 54-59, 82-85 тал/
Уг “mainfeed_dual_512(9)”, “mainfeed_dual_512(10)”, “mainfeed_dual_512(19)” гэх нэртэй бичлэгүүд байна. Тухайн “mainfeed_dual_512(10)” гэх нэртэй дуу-дүрсний бичлэгүүд, илтгэгч гишүүний үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад:
бичлэгийн 06 минут 19 секундээс яллагдагч Э.Ө-ын өмгөөлөгч Д.Ч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасантай холбоотой тайлбараа хэлж байгаа нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1..5 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талын 16 дугаар догол мөрөөс эхлэн тэмдэглэгдсэн байна.
Бичлэгийн 15 минут 38 секундээс даргалагч “хэргийн үйл баримтын тухай ярихгүй” талаар, 16 минут 17 секундэд даргалагч “урьдчилсан хэлэлцүүлэгт гэм буруу ярихгүй”, 16 минут 24 секундэд “даргалагч “өмгөөлөгчийн хувьд огт болохгүй. Шүүх ийм нөхцөл байдал огт гаргаж болохгүй, Хэргийн үйл баримт руу огт орохгүй хатуу заалттай. Тэгэхээр одоо хүсэлттэй холбоотой ямар ажиллагаа хийлгэх талаараа яръя” гэж байгаа нь бичигдсэн байна.
Мөн бичлэгийн 26 минут 04 секундээс өмгөөлөгч Д.Ч нэмэлт тайлбараа хэлж байгаа нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1..5 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар талын 1 дэх догол мөрөөс эхлэн тэмдэглэгдсэн,
бичлэгийн 28 минут 31 секундээс даргалагч “Ч өмгөөлөгчөө би танд нэг санууллаа. Хүсэлтээ та танилцуулна. Шүүх хуралдааны дэг танилцуулсан. Худлаа ярьсан бол худлаа ярьсан баримт, гэм буруугийн хурал дээрээ ярина. Та нэг удаа биш 3, 4 удаа ярилаа. Ажил үүрэгтэй нь холбогдуулж ийм тайлбар илэрхийлэхгүй. Би танд санууллаа. Саяны үгийг зохимжгүй байдлаар илэрхийлбэл дэгийн дагуу явна. Нэг удаа санууллаа” гэж хэлээд алхаа цохиж байгаа нь бичигдсэн байна.
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Б нь дээрх яриаг хэлж байхдаа гартаа алх барьж үе үе алхаа хөдөлгөх, эргүүлэх үйлдэл хийж байх боловч түүний хоолойн өнгө уурлаж уцаарласан шинжгүй, зүй бус үг хэллэг хэрэглээгүй, биеийн хэлэмж хэвийн байлаа.
Шүүгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, мөн зүйлийн 2 дах хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам”-ын 2.1-д “шүүх хуралдаан даргалагч алхыг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд ...шүүх хуралдааныг дэг сахиулах,...” гэж заасныг тус тус хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана”, мөн зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж тус тус заажээ.
Иймд яллагдагч Э.Ө-ийн өмгөөлөгч Д.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.15-д зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” гаргасныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж байсан тул шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Б нь хууль, журамд зааснаар өмгөөлөгчийн хүсэлт, тайлбартай нь холбогдуулан “гэм буруугийн талаар ярихгүй” гэж тайлбарлаж, шүүх хуралдааны дэгийг сахиулсан, алх хэрэглэсэн шүүгчийн үйлдлийг “алхаа далайн, цохихоор зангасан” гэж үзэхгүй.
Түүнчлэн шүүгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд дээрх үйлдлийг гаргаагүй болохыг дурдаж байна.
3. Шүүх бүрэлдэхүүний шүүгч Б.Б, Ц.А, М.М нар шүүхийн тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд гаргах журмыг зөрчсөн гэх тухайд:
...шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ЕШЗ/...5 дугаар захирамжаар Э.Ө, Т.М нарт холбогдох эрүүгийн 1...30 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Б, бүрэлдэхүүнд шүүгч Ц.А, М.М нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ. /с.х-ийн 49 тал/
Улмаар 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг дээрх шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Л.Д-ын “шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах тухай” хүсэлтийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “бүх насаар нь хорих ял оногдуулж болох”, 1.5 дах хэсэгт “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасныг хэрэгжүүлэн, эсрэг сонирхолтой шүүгдэгч нарыг өмгөөлөгчтэй оролцох хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэхээр шүүхийн мөн өдрийн 2023/ШТ/..8 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /с.х-ийн 66-67 тал/
Тус өдрийн “mainfeed_dual_5129(19).mp4” нэртэй шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд 01 минут 05 секундээс шүүгдэгч Э.Ө-ийн өмгөөлөгч Д.Ч “Ө-ийн 2 өмгөөлөгч Хөгжлийн банкны шүүх хуралдаанд оролцож байгаа. Д өмгөөлөгч хүсэлт гаргасан, нотлох баримтыг ирүүлсэн байна... Энэ хэргийн хувьд хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой, бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг. Заавал өмгөөлөгчтэй оролцуулахаар хуульчилсан. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсний дараа даргалагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Х, шүүгдэгч Т.М, Э.Ө нараас тайлбар бий эсэхийг тодруулж байна. Бичлэгийн 02 минут 56 секундээс 03 минут 20 секундийн хооронд бүрэлдэхүүний шүүгч нар хоорондоо ярилцаж байгаа ба бичлэгийн 03 минут 20 секундээс даргалагч шүүх хуралдааныг хойшлуулж байгаа нь тус тус бичигдсэн байна.
Өөрөөр хэлбэл сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүний үзлэг хийсэн тэмдэглэл, “mainfeed_dual_5129(19).mp4” нэртэй шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн хүсэлт шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг завсарлуулж, зөвлөлдөлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулсан болох нь тогтоогдож байна. /с.х-ийн 82-85 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана...”, мөн зүйлийн 5 дах хэсэгт “шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ” гээд хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах гэсэн 4 асуудлыг тус бүр хэлэлцэхээр хуульчилжээ.
Шүүхийн шийдвэрийг Монгол Улсны шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж заасан ба мөн зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар үзэхэд шүүхийн шийдвэр нь анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр, давж заалдах шатны шүүх магадлал, хяналтын шатны шүүх тогтоол гэсэн гурван хэлбэртэй байхаар заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар шүүгч дангаар эсхүл бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хэлэлцэн шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргахаар хуульчилснаас хүсэлт шийдвэрлэн шүүх хуралдааныг хойшлуулахад шүүхийн тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд гаргах эсэх талаар хуульд нарийвчлан тодорхой заагаагүй байна.
Мөн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарт Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхийг нь олгон шүүх хуралдааныг хойшлуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд илтгэгч гишүүний “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр байх ба энэхүү шийдвэрийг гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргахаар хуульчилсан байна. Иймд шүүгдэгч нарыг өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан тогтоол дээрх ойлголтод хамаарахгүй... хэргийн болон шүүх хуралдааны шатанд оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүгч дангаар эсхүл бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаагаас хамаарч зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэх эсэхийг тусгайлан зохицуулаагүй... Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд... шийдвэрлэж буй асуудлын шинж байдал үр дагавраас шалтгаалан зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэх эсэхийг тусгайлан зохицуулсан, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэхийг хуулиар үүрэг болгоогүй... Энэ тохиолдолд тухайн шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй гэж үзсэн болно” гэх саналыг бүрэлдэхүүн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Б.Б, Ц.А, М.М нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГС/2024/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Б.Б, Ц.А, М.М нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР