МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-01-31
Дугаар 10
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ГС/2024/0006 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дурдагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэлийн зүйл болсон Д.Ж, Б.С нарын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилготой бөгөөд энэхүү гэрээ хэлцлээр халхавчлагдсан эрүүгийн гэмт хэрэг болохыг шүүх тогтоож, маргааны зүйл болсон 124.5 м.кв, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хохиролд тооцон, гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Тус иргэний хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ж-ийн хамтран хариуцагчаар З.Б-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШЗ2019/02355 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М, өмгөөлөгч Ц.Ж нар 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Б-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасныг 182/ШЗ2019/05396 дугаар захирамжаар хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Тус захирамждаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтыг шийдвэрлэсэн ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үйл баримтыг үндэслэл болгосон байна.
Дээрх захирамжид гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж, захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШЗ2019/07737 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар З.Б-ийг татан оролцуулжээ.
Тус баримтуудыг нэгтгэн дүгнэхэд гомдлын үндэслэлд дурдагдаж буй шүүгч Э нь өөрийн гаргах шийдвэртээ нийцүүлэн иргэний хариуцагч С-г Б гэгчээр орлуулан оролцуулж шүүхийн мэтгэлцээнээс зайлсхийх боломж олгосон гэсэн агуулга үгүйсгэгдэж байна.
Холбогдох шүүгч Т.Э нь зохигчдоос гаргасан удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, тухай бүрд нь талуудаас гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцүүлэн шийдвэрлэж, талуудыг мэтгэлцэх зарчмаар хангахын тулд хуралдааныг хойшлуулж байсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд захирамждаа хууль зүйн үндэслэлээ тодорхой дурдан тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар зохицуулсан байх бөгөөд талуудаас гаргасан хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн хуульд нийцүүлэн шийдвэрлэж байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар анхан шатны шүүхийн шүүгч өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэн, шийдвэр гаргасан гэж үзнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан гаргасан шүүхийн тогтоол, шүүгч захирамж нь тоо тооцооллын алдаатай, илт үндэслэл муутай гэж үзэж байгаа бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болох хуулийн зохицуулалттай бөгөөд Шүүхийн сахилгын хороо энэ талаарх гомдлыг шалган шийдвэрлэх эрхгүй.
Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзвэл Д.Ж-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, хэргийг түдгэлзүүлэх гэх мэт ажиллагаанууд хийгдэж цаг хугацааны хувьд үргэлжлэн явагдсан байх бөгөөд шүүгчийн хүсэл зоригоор хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан гэх баримт тогтоогдохгүй байна.
Гомдолд дурдсан болон сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэний хэргийн хариуцагч болох Б.С нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо согтуурсан байдалтай байсан тул дэг сахиулагч цагдаагаар согтуурлын зэрэг тогтоолгон, шүүх хуралдааны танхимаас гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.Иргэний эрх зүйн чадамжгүй, согтуурсан буюу мансуурсан, хэргийн оролцогч биш бол 18 насанд хүрээгүй этгээдийг шүүх хуралдааны танхимд байлгаж болохгүй гэж заасан бөгөөд даргалагч шүүгч удирдан явуулж буй шүүх хуралдааны дэгийг сахиулах, шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй. Иймд хэргийн оролцогчийн гаргасан үйлдэлтэй холбоотой үйл баримтыг шүүгчид хамаатуулан үзэхгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасны дагуу Нийт шүүгчдийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг баталсан бөгөөд шүүх бүр өөрийн нарийвчилсан журмыг тус нийтлэг журамд нийцүүлэн батлан, мөрдөж ажилладаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилдог.
... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөгөөний 908 дугаар тогтоолын хавсралтаар тус шүүхэд баримтлах журмыг баталсан байх бөгөөд тус журмын 6 дугаар хэсэгт нэгэнт хуваарилагдсаны дагуу болон хуульд зааснаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг тухайн шүүгчид нь буцаан өгөх талаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэлээ татан авсан тохиолдолд иргэний хэрэг үүсэхээс өмнө сүүлд хянан шийдвэрлэсэн шүүгчид өгөхөөр заасан байна.
Шүүхийн мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Иргэн-2014 системээс санамсаргүй тохиолдлоор хуваарилсан эсхүл дээр дурдсан тохиолдолд шүүгчийг гараар хуваарилан нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, хэргийг “Анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол хүсэлт, хэрэг хүлээн авсан бүртгэл”-д бүртгэн, хуваарилагдсан шүүгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү зохицуулалтын хүрээнд тухайн нэхэмжлэл шүүгч Т.Э-д хуваарилагдсан байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэж заасан байх бөгөөд энэ зохицуулалтын "анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх" гэдэгт энэ хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 167 дугаар зүйлийн 167.1, 176 дугаар зүйлийн 176.2-т тус тус зааснаар шийдвэр, магадлал, тогтоолыг гаргасан гэж ойлгохыг тайлбарласнаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зэрэг шийдвэр гаргасан шүүгч хамаарахгүй.
Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэрэг маргааныг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэх үүрэгтэй. Нэгэнт хуваарилагдан ирсэн нэхэмжлэл, хүсэлтийг шүүх хуульд заасан хугацааны дотор хянан шийдвэрлэх бөгөөд хуульд заасан үндэслэл байхгүй бол татгалзах эрхгүй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт шүүгч өөрөө татгалзах үндэслэлийг, мөн хуулийн 84 дүгээр зүйлд шүүгчээс татгалзах үндэслэлийг тус тус хуульчлан заасан байх бөгөөд бусад тохиолдолд хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэлийг шүүгч хараат бусаар хуульд нийцүүлэн заавал шийдвэрлэх үүрэгтэй.
Иймд шүүгч хуульд заасан журмаар нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн байх тул татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө”, 45.8-д “Шүүгч энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгээс гадна энэ хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн Ерөнхий зөвлөлд ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгч болон шүүх бүрэлдэхүүн шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх эрхэд хөндлөнгийн ямар нэг этгээд халдаж, ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлсэн, нөлөөлөхийг оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэж ойлгоно. Иймд шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлгүй. Иймд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Т.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч Т.Э сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Шүүгч Т.Э миний бие Д.Ж-ийн нэхэмжлэлтэй Б.С, З.Б нарт холбогдох бэлэглэлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохиролд 520,641,196 төгрөг гаргуулах тухай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 8329 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийг тус шүүхийн архиваас татан авч танилцлаа.
Д.Ж-ийн гомдлын агуулга нь “...2021 оны хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжтай хэргийн процесс ажиллагаа болон 2023 оны 05 сард гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан ажиллагаа, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжуудтай холбоотой, шүүгч уг захирамжуудыг гаргахдаа Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн...” гэжээ.
Энэхүү хэрэг нь 3 хавтас байх ба Д.Ж нь нэхэмжлэлийг анх 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүх 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11066 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14659 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг харьяаллын дагуу ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Энэ хэрэг нь шүүгч надад 2019.01.02-ны өдөр журмын дагуу хуваарилагдан ирж, 2019.01.25-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласнаас хойш 2019.01.31 -ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр, 2019.02.14-ний өдрийн шүүх хуралдаан зохигчдын хэн алины гаргасан хүсэлтээр хойшилсон байх бөгөөд дурдсан хурлуудад нэхэмжлэгч Д.Ж өөрөө оролцож байжээ.
Нэхэмжлэгч Д.Ж нь 2019.03.05-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгчөөр Ч.М-ыг 2 жилийн хугацаатай томилсон байх ба 2019.03.05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М, хариуцагч Б.С нар ирсэн байх боловч шүүгч Б.С-ын согтуурлын зэргийг цагдаагийн ажилтнаар шалгуулж, шүүх хуралдааны танхимаас гаргасан, шүүх хуралдааныг зохигчдын гаргасан хүсэлтээр хойшлуулж, шүүгчийн захирамжид нь "...Б.С шүүх хуралдаанд согтуу ирсэн.., хариуцлага тооцох үндэслэлд хамаарч байгааг..." дурдсан байна. Энэ мэтчилэн шүүх хуралдаан зохигчдын гаргасан хүсэлтийг хангаснаар удаа дараа хойшилсон байна.
2019.06.25-ны өдрийн шүүх хуралдаанаар, 5396 дугаар шүүгчийн захирамжаар "...нэхэмжлэгч талын гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар З.Б-ийг оролцуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл..."-ээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг тус шүүхийн 2019.07.22-ны өдрийн 246 дугаар тогтоолоор хүчингүй болгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байна.
2019.09.26-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Б-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, холбогдох ажиллагааг хийхээр шүүх хуралдааныг хойшлуулсан.
2019.10.10-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагч талын гаргасан хүсэлтээр буюу "...хариуцагч Б.С тархины цус харвалт, ойлгох ярихын хэлгүйдэл, зүрхний шигдээс үүсгээгүй титмийн бүлэн өвчний учир бусдын асаргаанд, хэвтрийн байдалтай, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болсон нь ...баримтаар тогтоогдож байна..." гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг "...хариуцагч Б.С-ын биеийн байдал сайжрах /өөрөө хуралд биечлэн оролцох эсхүл бусдад итгэмжлэл олгох боломжтой болох, түүнд харгалзан дэмжигчээр хэн нэгнийг тогтоох гэх мэт/ хүртэл түдгэлзүүлсэн байна.
Улмаар шүүх 2020.03.18-ны өдрийн 2741 дүгээр шүүгчийн захирамжаар "...Б.С-ын биеийн байдал сайжирсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт болон мэдээллээ хариуцагч талаас шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэнээс хойш 5 сар гаруй хугацаа өнгөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзнэ..." гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, шүүх хуралдааныг товлосон.
Харин 2020.04.09-ний өдрийн 96 дугаар тогтоолоор "...хариуцагч Б.С нь артерийн даралт ихсэх өвчин хүнд хэлбэр, 3-р зэргийн суурин дээр тархины зүүн бөмбөлөгт цус харвалт, баруун гар, хөлийн саажилттай, ойлгох, ярихын хэлгүйдэл, зүрхний шигдээс үүсгээгүй титмийн бүлэн өвчний учир хүний асаргаанд байдаг. 2020.01.09-ний өдөр дахин харвалт өгч ...эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, ... эмчилгээ хийгдэж байгаа болох нь ...баримтаар тогтоогдсон..." гэсэн үндэслэлээр сэргээсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байх ба, 2020.04.16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин түдгэлзүүлжээ.
Нэхэмжлэгч Д.Ж нь 2021.01.21-ний өдрийн итгэмжлэлээр Т.З-ыг төлөөлөгчөөр, 3 жилийн хугацаатай томилсон байх ба төлөөлөгч Т.З нь 2021.02.23-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, шүүх хуралдааныг товложээ.
2021.03.25-ны өдрийн шүүх хуралдаан нь зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу хойшилсон, 2021.04.06, 2021.04.29-ний өдрийн шүүх хуралдааны тов нь ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор өөрчлөгдсөн, 2021.05.14-ний өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгч Д.Ж-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлтээр хойшилсон гэх мэтээр шүүх хуралдаан зохигчдын хүсэлтээр удаа дараа хойшилсон байна.
Харин 2021.09.27-ны өдрийн 8329 дүгээр шүүгчийн захирамжаар "...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байгаа, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, энэхүү шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Д.Ж-ийн өмчлөлд байсан ....... дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, ХБ..../1 тоотод байрлах 124.5 м.кв ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг залилан авсан гэм буруутай этгээд нь А.Р.М, Ц.Ц нар болохыг, мөн энэхүү ажиллагаанд хариуцагч Б.С идэвхтэй оролцсон боловч Д.Ж-ийн нэгэн адил хохирогч болох нь тогтоогдсон тул энэ асуудлыг иргэний журмаар дахин шийдвэрлэх боломжгүй..." гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг тус шүүхийн 2021.10.08-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн талаар: Иргэн-2014 программын мэдээллээс үзвэл, шүүх Д.Ж-ийн нэхэмжлэлтэй Б.С-д холбогдох 2014.07.30-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2014.08.01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, ....... дүүргийн .... дүгээр хороо, Ар Зайсан гудамж, ХБ...../1 хаягт байрлах, 124.5 м.кв талбай бүхий, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023.05.11-ний өдөр хүлээн авч хянаад 2023.05.18-ны өдрийн 6326 дугаар шүүгчийн захирамжаар "...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байна..." гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Улмаар тус шүүхийн 2023.06.07-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохигчдын хүсэлтээр явагддаг онцлогтой бөгөөд дээр дурдсан байдлаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож, шүүхээс тэдний эрхийг хангаж, гомдол гаргах болон мэтгэлцэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаанд түдгэлзүүлсэн, Ковид-19 цар тахал өвчний тархалттай холбоотой онц байдлын үед шүүхээс хуралдааны товыг 2 удаа өөрчилсөн, улмаар шүүгч 2021.09.07-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүгчийн захирамжийг гомдлын дагуу тухайн шатны шүүхээс хянаад хэвээр үлдээж шийдвэрлэснээр дурдсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.
Мөн шүүх 2023 оны 05 сард гаргасан Д.Ж-ийн нэхэмжлэлийг хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авсан байх ба шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг гаргасан, уг шүүгчийн захирамжийг гомдлын дагуу тухайн шатны шүүхээс хянаад хэвээр үлдээснээр шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагджээ. Иймд Д.Ж-ийн гаргасан гомдол нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй, үндэслэлгүй байх тул түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг: Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2021/08329 дүгээр захирамжаар Д.Ж-ийн нэхэмжлэлтэй Б.С, З.Б нарт холбогдох “2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, удалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохиролд 520,641,196 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШТ2021/00194 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.
Дээрх 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 182/ШЗ2021/08329 дүгээр шүүгчийн захирамжтай холбогдуулан нэхэмжлэгч Д.Ж гомдол гаргасныг Сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн СХҮТ/2023/0016 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, Сахилгын хорооны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн СХТ/2023/0030 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Илтгэгч гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана”, 104.1.2 “өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа” гэж заасан тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2021/08329 дүгээр захирамжтай холбоотой өргөдлийн үндэслэлд дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.
Хоёр: Нэхэмжлэгч Д.Ж 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, ...... дүүргийн .... дүгээр хороо, Ар Зайсан гудамж, ХБ.../1 хаягт байрлах, 124.5 м.кв талбай бүхий, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2023/06326 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан, тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШТ2023/00169 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дээрх ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2023/06326 дугаар захирамжийг гаргасан шүүгч Т.Э-д холбогдуулан нэхэмжлэгч Д.Ж гомдол гаргаж, үндэслэлээ “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон Шүүхийн тухай хуулийн холбогдох хэд хэдэн заалтыг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүргээ биелүүлээгүй” гэх агуулгаар тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”: 65.1.6 “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ...шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасан бөгөөд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2021/08329 дүгээр захирамж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШТ2021/00194 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 908 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 6 дугаар хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэлээ татан авсан тохиолдолд дахин ирсэн нэхэмжлэлийг тухайн шүүгчид буцаан өгөхөөр зохицуулсан байх тул шүүгч Т.Э-д Д.Ж-ийн нэхэмжлэл дахин хуваарилагдсан нь хууль зөрчөөгүй, энэ талаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл бий болоогүй талаар илтгэгч гишүүн хуульд нийцсэн зөв дүгнэлт хийжээ.
Гурав: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20-д “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх...” гэж заасан.
... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 182/ШЗ2021/08329 дүгээр захирамж болон 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 182/ШЗ2023/06326 дугаар захирамжид “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байгаа” гэх үндэслэл заасан, шүүхийн энэхүү үйл ажиллагаанд удаа дараа гомдол гаргаж байгаагаас үзвэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шүүхэд гомдол гаргах үндсэн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт өгөх нь Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ гэж бүрэлдэхүүн үзлээ.
... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Америкийн нэгдсэн улсын иргэн М.Р.А-ийг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан, шүүгдэгч Ц.Ц-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р.А-ийг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ...хохирогч Д.Ж-д 1.257.413.196 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор шийтгэх тогтоол болон магадлалд зарим өөрчлөлт оруулсан ч хохирогч Д.Ж-д учирсан хохирол төлбөртэй холбоотой хэсэгт өөрчлөлт ороогүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзвэл хохирогч Д.Ж-д олгохоор шийдвэрлэсэн 1.257.413.196 төгрөгийг тодорхой гэмт үйлдэл тус бүрээр ялгаж дүгнээгүй байх боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаар магадлалд улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийг тодорхой зааж, “...Иргэн Д.Ж-д 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Саудын Рамка компанитай байгуулсан 170.000.000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ гэх зүйлийг үзүүлж, уг мөнгийг Монголд татан оруулж ирэх үйл ажиллагааны зардалд туслалцаа үзүүлээч гэж Д.Ж-ийн эзэмшлийн ..... дүүргийн ... дүгээр хороо, “Могул таун” хотхоны ХБ-.../01 тоот үйлчилгээний зориулалттай 2 давхар, 124.5 м.кв талбай бүхий барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг худалдах эрхгүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихаар Б.С-ын нэр дээр шилжүүлэн авч иргэн Ю.Д-ээс 94.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж авахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ю.Д-ийн нэр дээр шилжүүлж 520.641.196 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 400.000 ам.доллар буюу 736.772.000 төгрөгийг дээрх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан” гэжээ.
Иймд дээрх гэмт хэргийг нэр бүхий шүүгдэгч нар үйлдсэн гэм буруутайд тооцож учирсан хохиролд 520.641.196+736.772.000=1.257.413.196 төгрөгийг хохирогч Д.Ж-д олгохоор шийтгэх тогтоолд заасан гэж ойлгох бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл болох .... дүүргийн .... дүгээр хороо, “Могул таун” хотхоны ХБ-...01 тоот үйлчилгээний зориулалттай 2 давхар, 124.5 м.кв талбай бүхий барилгатай холбоотойгоор гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг эрүүгийн хэрэгт тогтоосон дүнгээр тооцож хохирол шаардах зэргээр нэхэмжлэл гаргасныг хуульд заасан үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан шүүгчийн захирамж Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг зөрчөөгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Т.Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ГС/2024/0006 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН