info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-06

Дугаар 11

Улаанбаатар хот

         Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

           болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, өргөдөл гаргагч Ц.Г /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: Иргэн  Ц.Г тус хороонд ирүүлсэн өргөдөлдөө гомдлын хэд хэдэн агуулгыг дурдсан байх бөгөөд агуулга тус бүрээр нь шалгах ажиллагаа явуулж, дүгнэлт хийсэн болно.

1. 2023 оны 10 дугаар сарын 24, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч дахин хэргийн оролцогч нарын ирцийг бүртгэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хэт хувийн мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авсан,  мэдээллийг шууд нэхэмжлэгч талын оролцогч нарын өмнө дахин нэг бүрчлэн зарлах байдлаар уншиж танилцуулсан, дээрх үйлдлийг буруу гэдгийг сануулсан боловч шүүгчийн зүгээс шүүх хуралдааны дэг сахих ёстой гэж хэлэн алхаа цохисон гэх агуулгын тухайд:

Иргэн Ц.Г нь ... шүүхэд хянагдаж байсан иргэн Ц.Б-ийн нэхэмжлэлтэй “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Ш” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхээр 2023 оны 10 дугаар сарын 24, 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд тус тус товлон зарласан шүүх хуралдаанд цахимаар оролцжээ.

Эдгээр шүүх хуралдаануудыг холбогдох шүүгч Н.Б даргалан явуулсан байх бөгөөд тэрээр шүүх хуралдааны явцад зохигчдын хэн алины биеийн байцаалтыг шалгаж, хувийн байдлыг тогтоосон нь шүүх хуралдаан даргалагчид хуулиар олгосон үүрэг болох  шүүх хуралдаанд оролцвол зохих этгээд өөрөө хүрэлцэн ирсэн эсэх, төлөөлж буй этгээд мөн эсэхийг тогтооход чиглэсэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуулийн дагуу үйл ажиллагаа байна. Өргөдөл гаргагч нь өмгөөлөгч гэх боловч энэхүү хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан тул өмгөөлөх эрх, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр биш харин хариуцагч компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан тул түүнийг биеийн байцаалтыг авах, шалгах, шаардлагатай зүйлсийг лавлаж тодруулах нь шүүх хуралдааны даргалагчид хуулиар олгосон бүрэн эрхийн асуудал төдийгүй холбогдох хуульд заасан журмын дагуу үүрэг гэж үзнэ.

Даргалагч шүүгч ийнхүү шүүх хуралдаанд оролцож буй хэргийн оролцогч зохигчдын биеийн байцаалтыг авахдаа ямар нэгэн байдлаар шүүх хуралдаанд оролцож буй аль нэг оролцогчийг, тэд дундаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ялгамжтай хандаагүй болох нь шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /өргөдөл гаргагч/ шүүх хуралдаанд цахимаар оролцож байсан тул давхцаж ярих, даргалагчийн асууж тодруулж буй зүйлд дургүйлхэх цааргалах, асуултад хариулахгүй байх зэрэг байдал гаргаж байсан болох нь шүүх хуралдааны бичлэгээр батлагдаж байсан болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.

Тиймээс шүүх хуралдааны явцад зохигчдын биеийн байцаалт авсан энэхүү үйл баримтыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасныг зөрчсөн, хувийн мэдээллийг нийтэд дэлгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааны дэгийг хуульчилж нарийвчлан журамлан зааж өгч зохицуулсан байна.

Тухайлбал тус хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлан мэдэгдэж, танхимд байгаа хүмүүст суухыг зөвшөөрнө”, 99 дүгээр зүйлийн 99.2-т “Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” гэж хуульд заасны дагуу хийгдсэн ажиллагаа байна.

2. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу шүүх хуралдааны өмнөх орой нь хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь хэргийн материалтай танилцахаар очиход туслах нь чөлөөтэй байгаа гээд өөр шүүгчийн туслах хэргийн материалтай танилцуулсан ба хэргийн материалын бүх зургийг над руу явуулсан тул шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс хавтаст хэрэгт авагдсан баримтын зөрүүтэй байдал, ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор хүсэлтийг гаргасан ч шүүгч хавтаст хэрэгт авагдсан байна гэх тайлбарыг өгсөн.. гэх агуулгын тухайд:

Хэргийн оролцогч болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хэргийн материалтай биечлэн танилцах тухай хүсэлтийг хангаж, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 000/ШЗ2023/03725 дугаар захирамжаар 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлон зарлажээ.

Өргөдөл гаргагчаас ирүүлсэн өргөдөлд хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох З.Г буюу бусад этгээдээр дамжуулан хэрэгт авагдсан баримтын зургийг нь авах байдлаар танилцсан гэсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хоорондоо харилцсан хэргийн материалуудыг бүгдийнх нь зургийг авсан, явуулсан, баримтуудын зургийг дутуу явуулсан гэх энэхүү үйл баримтаар шүүгчийг буруутгаж, улмаар зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгчийн туслах Х.З гэрчийн хувиар мэдүүлэг өгөхдөө “... итгэмжлэгдсэн төлөөлөгч болох  Г ирээд итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ц.Г намайг шаардлагатай баримтын зураг дараад явуул гэсэн гээд хоёр удаа ирсэн. Ингэхдээ өөрөө хэргээсээ зураг дарсан. Ямар баримтын зураг дарсан талаар мэдэхгүй. Хоёр дахь удаагаа ирэхдээ “Би баримтын зураг дутуу дарчихсан байна гэнэ” гээд дахин зураг дараад явсан...”, “...би Улаанбаатар хот руу шалгалт өгөхөөр явахдаа өөр шүүгчийн туслах болох Хуланд хэргээ үлдээгээд явсан. Талууд хэн алинаас хүсэлт гаргаагүй тул хэрэгтэй танилцуулах шаардлага байгаагүй. Мөн талууд ч хүсэлт гаргаагүй байсан...” гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд хэргийн материалтай биечлэн танилцаагүй атал хэрэгт авагдсан баримтыг зөрүүтэй, ойлгомжгүй гэж үзэж байгааг хүлээн авах боломжгүй. Хэргийн оролцогч хэргийн материалтай танилцсан тохиолдолд холбогдох баримтад гарын үсэг зурж баримтжуулах ёстой ба ... шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 000/ШЗ2023/03725 дугаар захирамж болон 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр шүүгчийн туслахын үйлдсэн “Утсаар ярьсан тэмдэглэл” зэрэг баримтуудаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь 24-ний өдрийн байдлаар хэргийн материалтай танилцаагүй байсан болох нь тогтоогдож байна.

3. Тухайн өдрийн шүүх хурал итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж хойшлуулахдаа 2023.10.27-ны өдөр болгож товлосон ба хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусах гээд байна гэж тайлбарлан хоёрхон хоногийн хугацаа өгч хойшлуулсан нь шүүгч хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэх бус хугацаанд баригдах байдлаар хандаж байгаа нь хэтэрхий ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна гэх өргөдлийн тухайд:

... шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 000/ШЗ2023/03725 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хэргийн материалтай биечлэн танилцах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлон зарласан.

Тус шүүх хуралдааны дууны бичлэгт хийсэн үзлэгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг хангаж буй хэргийн материалтай биечлэн танилцах боломжийг олгож шүүх хуралдааныг хойшлуулж дараагийн шүүх хуралдааны товыг тогтоохдоо шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нараас саналыг нь авч дараагийн шүүх хуралдааныг товлон зарласан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэн алин саналаа хэлж байсан байна.

Улмаар шүүх хуралдаан үргэлжилж  “...01:05:24 секундэд: Даргалагч - За шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр хойшлуулж байна ....” гэж хариулснаар шүүх хуралдаан өндөрлөжээ.

 Харин ...шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 000/ШЗ2023/03783 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын шүүх хуралдаан давхацсан тул хурлыг хойшлуулж өгөхийг хүсэж, цаашид товлогдох шүүх хуралдаанд аливаа хэлбэрээр биечлэн оролцоно гэсэн хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшилсон байна.

Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хэлж анхааруулж байсан нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байх бөгөөд шүүгч аливаа хэрэг маргааныг хуульд заасан хугацааны дотор явуулж, хэргийн хөдөлгөөнийг удирдан явуулах үүрэгтэй тул хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хуулийн хугацаанд хэрэг маргааныг шийдвэрлэх талаар шүүх хуралдаанд оролцогчдод сануулж хэлж байгаа байдал нь дараагийн товлон зарлаж буй шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдаан хойшлогдох үндэслэл бий болохоос сэргийлсэн, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа гэж үзэхээр байгаа нь гаргах санал, хүсэлт байвал нэг мөр гаргаарай гэж хэлж байгаагаас болон 25-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарлавал би амжихгүй гэсэн тайлбар хэлж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан үзэж шүүх хуралдааныг 27-ны өдөр товлон зарлаж байгаа байдал зэрэг үйл баримтаар тогтоогдож байгаа болно.

4. Хэргийн зохигч буюу хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан болж дууссаны дараагаар хэргийн материалтай танилцахаар очиход танилцуулдаггүй, тэр тусмаа хэрэг шийдвэрлэгдсэн учраас хэргийг танилцуулж болохгүй гэсэн, эсхүл хэрэг шүүгчийн архивд орсон учраас танилцуулахгүй гэх байдлаар хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг хэд хэдэн удаа гаргасан нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна гэх тухайд:

Хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогч зохигчийн хуульд заасан бүрэн эрхийн асуудал бөгөөд шүүхэд хянагдаж байгаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн материалтай танилцахыг хүссэн хэргийн оролцогчид хэргийн материалыг танилцуулах үүргийг шүүгч бус шүүхийн захиргааны ажилтан болох шүүгчийн туслах хүлээнэ.

Харин хууль журмын дагуу шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн хэрэг шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын гомдол гаргаагүй бол өөрөөр хэлбэл шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхийн архивд шилжих ба ийнхүү архивд орсон хэрэгтэй танилцах бол тухайн шүүхийн Тамгын газарт нь гаргаж, улмаар архивд орсон хэрэгтэй танилцах боломжтой.

... шүүх 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар иргэн Ц.Б-ийн нэхэмжлэлтэй “Ш” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 000/ШШ2023/01005 дугаартай шийдвэр гарч хэргийг шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод журмын дагуу гардуулж, улмаар уг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол хэргийн зохигч талуудын хэн алинаас гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тус хэрэг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр архивд шилжсэн болох нь ... шүүхийн “Иргэний хэргийн архивд хүлээлгэн өгсөн бүртгэл. №8. 2023 он” дэвтрийн 1005 дугаарт бүртгэгдсэнээр нотлогдож байна.

Шүүгчийн туслах Х.З-аас гэрчийн мэдүүлэг авахад шийдвэрийг гардуулснаас хойш  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргээс баримт харья, гомдол гаргах гэсэн юм гэж гэж нэг удаа ирсэн гэсэн байх бөгөөд энэхүү үйл баримттай шүүгч хамааралгүй байх төдийгүй хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах эрх нь шүүгч болон бусад этгээдүүдээс үл хамаарч эдлэх бүрэн эрхийн асуудал болно.

Хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах эсэх нь түүний бүрэн эрхийн асуудал ба хариуцагчийн төлөөлөгч Ц.Г-аас архивд хүлээн авсан хэргийн материалтай танилцах ямар нэгэн хүсэлт тус шүүхийн Тамгын газар гаргаж байгаагүй байна.

Харин нэхэмжлэгч болох иргэн Ц.Б 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуулбар гаргуулах тухай хүсэлт ирүүлсэн нь ... шүүхийн “Ирсэн бичгийн бүртгэл 2023” дэвтрийн 213 дугаарт бүртгэгдсэн байна.

Иймд ... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа “... шүүхийн шүүгч Н.Б миний бие иргэн Ц.Г-ын Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гардан авч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Иргэн Ц.Г-аас гаргасан ... 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цахимаар орсон бөгөөд шүүх хуралдааны ирц бүртгэх хэсэгт шүүгч итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувийн бүх мэдээллийг /төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, гэр бүлийн байдал буюу хэн хэнтэйгээ хаана, ямар тоот хаягт амьдардаг, ямар ажил эрхэлдэг, ургийн овог, овог, нэрийг/ лавлаж асуусан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд оролцогчийн овог, нэр, гэрийн хаягийг л бичнэ гэж заасан байх атал хэт хувийн мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авсан ба үүнийг шүүгчид сануулсан ч “чи шүүгчийн асуултад хариулах ёстой гэж загнасан” учраас арга буюу дээрх мэдээллээ өгсөн. ...гэх гомдлын тухайд:

Ц.Б-ийн “Ш” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан гаргасан ... аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын орон сууцны байрны 7 дугаар давхрын 35 тоот дахь 2 өрөө 56.0 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ‘’Ш’’ хязгаарлагдмал хариуцлагатай компанид  даалгах тухай нэхэмжлэл нь Х ... шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний 02 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүгч Н.Б надад системээс хуваарилагдсан бөгөөд дээрх нэхэмжлэлд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Иргэн Ц.Г нь дээрх иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Ш” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс томилогдож оролцсон ба 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр товлосон шүүх хуралдаанд тэрээр цахимаар оролцсон болно.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан шүүх хуралдааныг даргалах шүүгчийн нийтлэг бүрэн эрхийнхээ дагуу шүүгч миний бие шүүх хуралдааныг даргалж явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх боломж, мэтгэлцэх зарчмыг хангаж, шүүх хуралдааны дэгийг сахиулах үүргээ тус тус хэрэгжүүлсэн.

Оролцогчийн хувийн байдал, биеийн байцаалтыг шалгаж байгаа нь хуульд заасан үндэслэлийн дагуу шүүх хуралдаанд оролцвол зохих этгээд өөрөө хүрэлцэн ирсэн эсэх, төлөөлж буй этгээд мөн эсэхийг тогтооход ач холбогдолтой бөгөөд шүүх хуралдааны оролцогчтой нэг бүрчлэн танилцаж биеийн байцаалт шалгаж, хувийн байдлыг тогтоосон энэхүү ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасны дагуу явагдсан.

Тухайн өдрийн шүүх хуралдаанд өмнөх шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар болох нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын биеийн байцаалтыг даргалагч миний зүгээс уншиж танилцуулж, зөрүүтэй тэмдэглэгдсэн эсэхийг тодруулсан ба харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь анх удаа шүүх хуралдаанд оролцож байгаа тул биеийн байцаалтыг асууж авсан. Ингэхдээ гомдолд бичсэнчлэн “чи шүүгчийн асуултад хариулах ёстой гэж загнасан” үйлдэл гаргаагүй, харин цахим оролцогчийн дуу тасалдаж сонсогдсонтой холбоотойгоор асуултад хариулаарай гэдгийг сануулж байсан болно.

...Тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс хавтаст хэрэгт авагдсан баримтын зөрүүтэй байдал, ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор хүсэлтийг гаргасан ч хавтаст хэрэгт авагдсан байна гэх тайлбарыг өгсөн. Миний зүгээс тэрхүү хүсэлтийг гаргасан шалтгаан нь 2023.10.23-ны өдөр буюу шүүх хуралдааны өмнөх орой нь хариуцагч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь хэргийн материалтай танилцахаар очиход туслах нь чөлөөтэй байгаа гээд өөр шүүгчийн туслах хэргийн материалтай танилцуулсан ба хэргийн материалын бүх зургийг над руу явуулсан. Явуулсан хэргийн материалын зургуудтай миний бие танилцаад шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь ... Улаанбаатар хот   руу ирж явсан учир оролцох боломжгүй байсан. Гэтэл шүүх хуралдаанд миний хэлсэн баримтуудыг шүүгч хэрэгт авагдсан байна гэж тайлбарласан ба орой 5 цагийн алдад танилцахад байхгүй байсан баримт өглөө 9 цагийн хурал гэхэд хэрэгт авагдсан байсан гэхээр арай үнэмшилгүй ч шүүх хуралдааны үед танхимд биечлэн байгаагүй болохоор маргаж чадаагүй. ...гэх гомдлын тухайд: 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын тус шүүхийн цахим хаягаар ирүүлсэн “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ээр дамжуулан хэргийн материалтай танилцахад ...Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамж авагдаагүй хир нээ 2023.09.12-ны өдөр Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсан байна. Мөн тус хэрэг анх Н.Б шүүгчид хуваарилагдаж ажиллагааны явцад ээлжийн амралттай холбоотойгоор Н.Б шүүгчийн ажиллагаанд байсан бүх хэргүүд Г.Д шүүгчид зөвлөгөөний тогтоолоор шилжсэн байх боловч эргээд хэзээ Н.Б шүүгчид хэргүүд шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. ...” гэх агуулга бүхий хүсэлтийг шүүгч миний бие 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс хүлээн авч танилцсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд уг хүсэлтийн талаар танилцуулж, хүсэлтэд дурдагдсан баримтууд хэрэгт авагдсан байгааг тайлбарлаж энэ талаар зохигчийг мэтгэлцэх боломжоор хангаж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас энэхүү хүсэлттэй холбоотой тайлбарыг сонсох ажиллагааг явуулсан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь хүсэлтдээ хэргийн материалтай итгэмжлэгдсэн төлөөлөгч З-ээр дамжуулан танилцахад гэж дурдсан байдаг ба энэ талаар шүүх хуралдаанд тодруулахад шүүгчийн туслахаар дамжуулж хэргийн материалтай танилцаагүй, шүүхийн зүгээс хэргийн материалтай танилцуулахгүй гэсэн асуудлыг гаргаагүй гэх тайлбарыг гаргадаг ба шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай бүрэн танилцаагүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан баримтуудтай биечлэн очиж танилцах шаардлагатай гэх хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутаас хянан хэлэлцэхээр хойшлуулсан болно. 

Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан байсан эсэх талаар хэргийн материалтай тухай бүр биечлэн танилцаж байсан нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Э нараас тодруулах боломжтой. Миний бие 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлэх болсон тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “2023 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 000/ЗТ2023/00035 дугаар тогтоолын 2 дахь заалтын “б”-д заасны дагуу надад хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа 14 иргэний хэрэг, түдгэлзүүлсэн 16 иргэний хэрэг, нийт 30 иргэний хэргийг тус шүүхийн шүүгч Г.Д-д шилжүүлэн өгсөн ба 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа орсон тул дээр дурдсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Г.Д-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 5 иргэний хэрэг, түдгэлзүүлсэн 12 иргэний хэрэг, нийт 17 иргэний хэргийг буцаан шилжүүлж авсан ба тухай бүрд шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, хавсралтыг хүлээн авсан хэргийн тоогоор хувилан хэрэг тус бүрд хавсаргасан. Энэхүү шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, хавсралтууд тус иргэний хэргийн 17-21, 50-52 дугаар хуудсанд авагдсан байгаа болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамж авагдаагүй хир нээ 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсан байсан гэх гомдлын тухайд:

2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч “Ш” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал З.Галмөнхийн “...сумын 8 дугаар баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны 7 давхар 35 тоот дахь 2 өрөө 56 м.кв орон сууц орсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны барилгаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь зээлийн гэрээний барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа үндэслэлээр Ц.Б-ийн нэхэмжлэлтэй энэхүү иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авч 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 000/ШЗ2023/02977 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Энэ шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцсэн ба  гомдлыг хүлээн авч тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймээс энэхүү иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгчийн захирамж гаргах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгч миний бие 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр уг иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан.    

...Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж хойшлуулахдаа 2023 оны 10 сарын 27-ны өдөр болгож товлосон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусах гээд байна гэж тайлбарлан 2-хон хоногийн хугацаа өгч хойшлуулсан нь шүүгч хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэх бус хугацаанд баригдах байдлаар хандаж байгаа нь хэтэрхий ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. ...гэх гомдлын тухайд:  

2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан ба шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 20, 2023 оны 10 дугаар сарын 09, 2023 оны 10 дугаар сарын 24, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус хянан хэлэлцэхээр товлож шүүх хуралдааныг нийт 4 удаа хойшлуулсны 3 удаагийн шүүх хуралдааныг хариуцагч талын гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдаан хойшлогдож байсан ба хэргийг тус шүүх 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хэргийн материалтай биечлэн ирж танилцах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг товлож хойшлуулахдаа хэргийн зохигчоос хуралд ирэх боломжтой цаг хугацаа, шүүх хуралдаан давхацсан эсэхийг тодруулсны үндсэн дээр шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутад буюу 3 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Түүнчлэн энэхүү иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан, шүүгч миний бие 2023 оны 10 дугаар сарын 30, 31, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Иргэний эрх зүйн сургалтад хамрагдах зэрэг нөхцөлийг харгалзан шүүх хуралдааныг 3 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болоод хэргийн хөдөлгөөний журам зөрчөөгүй.

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч дахин хэргийн оролцогч нарын ирцийг бүртгэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч миний дээрх бүх мэдээллийг шууд нэхэмжлэгч талын оролцогч нарын өмнө дахин нэг бүрчлэн зарлах байдлаар уншиж танилцуулсан нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь хэсэгт заасныг, мөн 50.1.20 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Төлөөлөгч миний зүгээс шүүгчид дахин хувийн мэдээллийг олон нийтэд зарласан үйлдлийг буруу гэдгийг сануулсан боловч шүүгчийн зүгээс “та дэг сахих ёстой гэж алхаа цохисон” буюу энэхүү үйлдлээ дахин давтан гаргасан нь шүүгч хүний хувьд хуульд захирагдах үүргээ зөрчсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хувийн мэдээллийг нийтэд дэлгэсэн нь шүүгч хүний ёс зүйд нийцэхгүй үйлдлийг гаргасан гэж үзэж байна гэх гомдлын тухайд:

Дээр бичсэнчлэн шүүгч миний бие шүүх хуралдааныг удирдахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явуулж, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмаар хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах үүргээ хэрэгжүүлсэн. Шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт хуульчилсан анхан шатны шүүх хуралдааны дэгийн дагуу явуулсан.

2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Б, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ө оролцож тус тус хуралдааны тэмдэглэл хөтөлсөн нөхцөлийг харгалзан 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд авагдсан зохигчийн биеийн байцаалтыг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд даргалагч миний бие уншиж танилцуулаад зөрүүтэй тэмдэглэгдсэн байвал залруулах талаар тайлбарласан. Энэ ажиллагаа нь хууль зөрчөөгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнөх шүүх хуралдаанд авагдсан биеийн байцаалттай танилцсаны дараа тэрээр хувийн мэдээллийг олонд зарлалаа гэдэг байдлаар шүүх хуралдаан даргалагчийн үгийг тасалдуулан дэг зөрчсөн учир шүүгч миний бие алх хэрэглэж хуралдааны дэг сахихыг анхааруулсан. Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүх хуралдаанд алх хэрэглэх” журмын 2.1.2-т заасны дагуу шүүх хуралдааны дэгийг сахиулахаар алх хэрэглэсэн. Шүүх хуралдаанд зохигчийн биеийн байцаалт авах ажиллагаа нь хүний хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн ажиллагаа биш бөгөөд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хамаарахгүй, гомдолд бичсэнчлэн зохигчийн биеийн байцаалттай танилцахдаа  болно.

...Хэргийн зохигч буюу хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан болж дууссаны дараагаар хэргийн материалтай танилцахаар очиход танилцуулдаггүй, тэр тусмаа хэрэг шийдвэрлэгдсэн учраас хэргийг танилцуулж болохгүй гэсэн, эсхүл хэрэг шүүгчийн архивд орсон учраас танилцуулахгүй гэх байдлаар хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг хэд хэдэн удаа гаргасан нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. ... гэх гомдлын тухайд:

Шүүх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 000/ШШ2023/01005 дугаартай шүүхийн шийдвэр гарсан ба шийдвэр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ёсчлогдож, шийдвэрийн хувийг хэргийн зохигчдод гардуулах, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхийн хугацаа тоологдож дууссаны дараа хэрэг шүүхийн архивд шилжсэн. Энэ хугацаанд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэргийн материалтай танилцах талаар хүсэлт ирээгүй. Хэрэв шийдвэрлэсэн хэргийн материалтай танилцах хүсэлттэй бол энэ талаар шүүхийн тамгын газарт хүсэлтээ гаргаад танилцах бүрэн боломжтой. Иймээс шүүгч Б.Б миний бие иргэн Ц.Г-ын Монгол улсын Шүүхийн сахилгын хороонд хандаж гаргасан өргөдөлд бичигдсэн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3, 50.1.20, 50.1.35 заасныг тус тус зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн тул иргэн Ц.Г-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Г-аас ... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ГЗҮ/2023/0135 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

1.Өргөдөл гаргагчаас “...2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цахимаар орсон бөгөөд шүүх хуралдааны ирц бүртгэх хэсэгт шүүгч итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувийн бүх мэдээллийг /төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, гэр бүлийн байдал буюу хэн хэнтэйгээ хамт хаана, ямар тоот хаягт амьдардаг, ямар ажил эрхэлдэг, ургийн овог, овог нэрийг/ лавлаж асуусан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд оролцогчийн овог нэр, гэрийн хаягийг л бичнэ гэж заасан байх атал хэт хувийн мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авсан ба үүнийг шүүгчид сануулсан ч "чи шүүгчийн асуултад хариулах ёстой гэж загнасан" учраас арга буюу дээрх мэдээллээ өгсөн. ... 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч дахин хэргийн оролцогч нарын ирцийг бүртгэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч миний дээрх бүх мэдээллийг шууд нэхэмжлэгч талын оролцогч нарын өмнө дахин нэг бүрчлэн зарлах байдлаар уншиж танилцуулсан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь хэсэгт заасныг, мөн 50.1.20 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Төлөөлөгч миний зүгээс шүүгчид дахин хувийн мэдээллийг олон нийтэд зарласан үйлдлийг буруу гэдгийг сануулсан боловч шүүгчийн зүгээс "та шүүх хуралдааны дэг сахих ёстой гэж хэлэн алхаа цохисон" буюу энэхүү үйлдлээ дахин давтан гаргасан нь шүүгч хүний хувьд хуульд захирагдах үүргээ зөрчсөн, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хувийн мэдээллийг нийтэд дэлгэсэн нь шүүгч хүний ёс зүйд нийцэхгүй үйлдлийг гаргасан гэж үзэж байна” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ц.Б-ийн нэхэмжлэлтэй “Ш” ХХК-д холбогдох иргэний хэрэгт шүүгч Н.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

   2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс үзвэл хуралдаанд оролцож буй нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас даргалагч шүүгч биеийн байцаалтыг тодруулж тэмдэглэлд тусгасан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ. Хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ”, 51.5 дахь хэсэгт “Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, ...бичнэ...”, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт “Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна”  гэж заажээ.

   Иймд шүүгч шүүх хуралдааны явцад хуралдаанд оролцогч нарын биеийн байцаалтыг нэг бүрчлэн тодруулж тэмдэглэлд тусгуулж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил хамаарахгүй бөгөөд шүүгчийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хувийн мэдээллийг нийтэд дэлгэсэн гэж үзэх боломжгүй.

   Мөн тухайн шүүх хуралдааны дууны бичлэг, үзлэгийн тэмдэглэлээс үзвэл шүүгч хэргийн оролцогч нартай зүй бус харилцсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

  2.Өргөдөл гаргагч “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу шүүх хуралдааны өмнөх орой нь хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь ... хэргийн материалын бүх зургийг над руу явуулсан. ... Гэтэл шүүх хуралдаанд миний хэлсэн баримтуудыг шүүгч хэрэгт авагдсан байна гэж тайлбарласан ба орой 5 цагийн алдад танилцахад байхгүй байсан баримт өглөө 9 цагийн хурал гэхэд хэрэгт авагдсан байсан гэхээр арай үнэмшилгүй ч шүүх хуралдааны үед танхимд биечлэн байгаагүй болохоор маргаж чадаагүй. Тухайн өдрийн шүүх хуралд нэхэмжлэгч талаас 2 хуудас баримт гаргаж өгсөн учир итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж хойшлуулахдаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болгож товлосон ба хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусах гээд байна гэж тайлбарлан 2-хон хоногийн хугацаа өгч хойшлуулсан нь шүүгч хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэх бус хугацаанд баригдах байдлаар хандаж байгаа нь хэтэрхий ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна” гэжээ.

шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 000/ШЗ2023/03725 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ц.Б-ийн нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хэргийн материалтай биечлэн танилцах хүсэлт болон нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд шинээр гаргасан 2 хуудас баримтай биечлэн танилцах хүсэлтийг тус тус хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

 Шүүгчийн туслах Э.Х 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр утсаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-тай холбогдож хэргийн материалтай яаж танилцах талаар тодруулахад “Би өөрөө биеэр очиж хэргийн материалтай танилцана” гэснийг тэмдэглэл болгон баримтжуулжээ.

 Мөн шүүгчийн туслах Х.З гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...төлөөлөгч болох Г ирээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г намайг шаардлагатай баримтын зургийг дараад явуул гэсэн гээд 2 удаа ирсэн. Ингэхдээ өөрөө хэргээсээ зураг дарсан. 2 дахь удаагаа ирэхдээ “Би баримтын зураг дутуу дарчихсан байна гэнэ гээд дахин зураг дараад явсан” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ”, 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан.

 Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй бөгөөд хэргийн материалтай танилцах боломжоор шүүхээс мөн ханган ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтын зөрүүтэй байдал, ойлгомжгүй байгаа гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй холбогдуулан шүүгч 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хэрэгт холбогдох баримт авагдсан талаар тайлбарлаж, тэмдэглэлд тусгуулжээ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааныг хэд хоногоор хойшлуулах талаар нарийн зохицуулалт байхгүй бөгөөд хэргийн материалтай танилцах боломжоор хангаж хуралдааныг хойшлуулсантай нь холбогдуулж шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

3.Өргөдөл гаргагч “...Үүнээс гадна хэргийн зохигч буюу хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан болж дууссаны дараагаар хэргийн материалтай танилцахаар очиход танилцуулдаггүй, тэр тусмаа хэрэг шийдвэрлэгдсэн учраас хэргийг танилцуулж болохгүй гэсэн, эсхүл хэрэг шүүгчийн архивт орсон учраас танилцуулахгүй гэх байдлаар хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг хэд хэдэн удаа гаргасан нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 120.1.1-т “энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй”, 120.1.2-т “давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1 - 167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гаргасан бол”, 120.1.3-т “давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол” гэж заасан.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.9.1-т “Шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тухайн хэргийн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө...” гэж заажээ.

            Тухайн иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 000/ШШ2023/01005 дугаар шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэсэн бөгөөд хуульд заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болж, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр архивт шилжүүлсэн байх тул тухайн шүүхийн Тамгын газарт хүсэлтээ гарган хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгчийг  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.            

 Дээрхээс үзвэл илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон       ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ГС/2024/0008 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ                                              Д.АРИУНТУЯА

      ГИШҮҮН                                                Х.ХАШБААТАР

                                                                              Г.ЦАГААНЦООЖ