info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-01-24

Дугаар 5

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан хийж, ... шүүхийн шүүгч Д.М-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ГС/2024/0002 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“Нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй .../2019/038... индекстэй хэрэг, Ц.Б, С.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-н нэхэмжлэлтэй .../2016/1015/з индекстэй хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэжээ. 

1.Өргөдлийн “ ... Д.М ... 2018 оны 11 дүгээр сарын 19-ний дугаар 464 дүгээр тогтоол гаргаж нэг хэрэг дээр хоёр өөр тогтоол гаргасан ... шүүхийн шүүгч Д.М хурлыг даргалж хяналтын журмаар гомдол гаргасан Д.Б-с албан бичгээр шууд 3 хуудас нотлох баримт авч ... Захиргааны хэргийн давах шатны шүүх нь 2018 оны 05 сарын 28-ны 323-р шийдвэрийг Захиргааны хэргийн давах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэвээр үлдээж өгсөн..., шүүгч Д.М нар хэрэгт авагдсан нотлох баримтаар ажиллахгүй шүүхээ шүүх болгосон. ... шүүхийн шүүгч Д.М хурлыг даргалж хяналтын журмаар гомдол гаргасан Д.Б-с албан бичгээр шууд 3 хуудас нотлох баримт авч хэлэлцсэн 5 шүүгч оролцсон бусад нэг ч үг хэлж асуугаагүй идэвхгүй оролцсон ...” гэх тухайд

Иргэн Ц.Б, С.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-н нэхэмжлэлтэй .../2016/1015/з индекстэй хэрэгт үзлэг хийж, өргөдлийн агуулгаар шалгасан болно.

а/ Тус хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ц.Б, С.Л нарт газар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргаж,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг ханган шийдвэрлэж,

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0542 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж,

-Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 439 дугаар тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэн, 

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0323  дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж,

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0458 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж,

-Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 464 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Дээрхээс үзвэл, тус захиргааны хэргийг Улсын дээд шүүх хоёр удаа хяналтын журмаар хянасан байх ба эхний 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 439 дугаар тогтоолоор хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд шүүгч Ч.Т, Д.М, Б.М, П.С Г.Б /илтгэгч шүүгч/ нар оролцжээ. Тус тогтоолоор, “ ... нэхэмжлэгч Ц.Б-н хүсэлт гаргасан гэх ... газар нь ямар нэгэн давхцалгүй, С.Л-н хүсэлт гаргасан гэх ... газар нь гуравдагч этгээд С.Э-н ... газартай, харин гуравдагч этгээд С.Т-н ... газар нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-н ... газартай тус тус давхцалтай байна. Иймээс хэргийг эцэслэн шийдвэрлэхийн тулд дээр дурдсан дөрвөн хэсэг газрын хаяг байршил, эзэмшлийг тогтоох зайлшгүй шаардлагатай ... ” гээд зайлшгүй хийгдэх хянан шийдвэрлэх ажиллагааг нэг бүрчлэн зааж анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ. 

Үүний дараа тухайн хэргийг хэргийн оролцогчийн гомдлоор хоёр дахь удаа  хяналтын журмаар хянах үед, анхан шатны шүүхэд хэргийг Улсын дээд шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлснээс хойш  2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0323 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэх хүртэл 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын алба, Газар зохион байгуулалт,геодези, зураг зүйн газар  зэрэг байгууллагаас гаргуулсан болон хэргийн оролцогчоос шүүхэд өгсөн шинэ нотлох баримт, мөн хүсэлт шийдвэрлэх гэх зэрэг ажиллагаа хийгдсэн, өөрөөр хэлбэл өмнөх дүгнэлт хийгдсэнээс хойш өөр нэмэлт баримт хэрэгт авагдсан, нэмэлт ажиллагаа хийгдсэн байжээ.

Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 464 дүгээр тогтоолоор шүүгч С.Б Д.М /илтгэгч шүүгч/, Г.Б, Ч.Т, Х.Б нарын бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэхдээ “ ... нэхэмжлэгч нарын ... эзэмших хүсэлт гаргасан газартай давхцалтай болох нь тогтоогдож байна ... тодруулбал, нэхэмжлэгч ... нар маргаан бүхий газрыг хашаалах үед ... түүнчлэн 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр уг газрыг эзэмших хүсэлтээ ... гаргах үед, маргаан бүхий газар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны ... 218 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр олгогдсон байх тул ... нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй ... ” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасан хяналтын шатны шүүхийн эрхийн хүрээнд хэргийг хянасан ажиллагааг хоёр өөр шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

б/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0458 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсний дараа 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гомдол гаргажээ. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны 464 дугаар тэмдэглэлээс үзвэл тухайн хуралдаанд Д.Ц, түүний өмгөөлөгч, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцсон байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ямар нэгэн баримт өгсөн гэх зүйл тэмдэглэгдээгүй байна.

Шалгах ажиллагааны хүрээнд, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийг гаргуулах гэсэн боловч зөвхөн дууны бичлэг ирсэн болно. Энэ талаар тодруулахад, Улсын дээд шүүхийн сервер гэмтэж шатсантай холбоотой дуу дүрсний бичлэг өгөх боломжгүй, харин дуу хураагуурт бичигдсэн бичлэгийг ирүүлсэн гэжээ.

Бичлэгийн тэмдэглэл хийсэн ба үүнд “ ... 0:00:01-0:00:30 дахь хэсэгт даргалагчаас: Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох шийдвэр, магадлалыг хянана. Нэхэмжлэгч талаас ирсэн хүн өөрийгөө танилцуулна уу гэв. 0:00:31-0:00:38 дахь хэсэг Би Ц байна. Ц.Б, С.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэв. 0:00:39-0:00:43 дахь хэсэгт Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б. ҮД... гэв. 0:00:45-0:00:54 дахь хэсэгт Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б гэв. 0:00:56-0:01:00 дахь хэсэгт даргалагчаас: Гуравдагч этгээд нар яасан бэ гэхэд. 0:01:01-0:01:03 дахь хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Гуравдагч этгээд нарт тов мэдэгдэхэд ойлголоо гэж мэдэгдсэн байна гэв. 0:01:04-0:01:31 дахь хэсэгт даргалагчаас: Оролцогч нарт эрх, үүрэг тайлбарлав. 0:01:32-0:01:42 дахь хэсэгт даргалагчаас: Талууд гомдлоосоо татгалзах, санал хүсэлт байна уу гэхэд талууд байхгүй гэв. 0:01:44-0:19:04 дахь хэсэгт илтгэгч шүүгч Д.М хэргийг илтгэв. 0:19:04-0:19:35 дахь хэсэгт Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б: Бичгээр гаргасан гомдолд нэмэлт тайлбар байхгүй гэв.

Хэргийн оролцогчийн гомдлыг болон тайлбарыг сонссон дараа ... 0:32:45-0:32:50 дахь хэсэгт даргалагчаас: Илтгэгч шүүгч асуулт байна уу гэхэд 0:32:52-0:32:56 дахь хэсэгт Илтгэгч шүүгч Д.М нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-с асуулт асууж, Д.Ц тайлбар хэлэв. 0:33:30-0:37:53 дахь хэсэгт шүүгч Д.М: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуулт асууж,  өмгөөлөгч тайлбар хэлэв. 0:37:55-0:40:01 дахь хэсэгт шүүгч Д.М: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асуулт асууж, өмгөөлөгч хариулав. 0:40:09-0:40:30 дахь хэсэгт шүүгч Д.М: Тайлбар хэлэв. 0:40:42-0:41:18 дахь хэсэгт Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлэв. 0:41:19-0:42:20 дахь хэсэгт шүүгч Д.М хариуцагчаас тайлбар хэлнэ үү гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлэв. 0:42:28-0:42:44 дахь хэсэгт шүүгч Д.М ярив. 0:42:46-0:43:43 дахь хэсэгт Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц тайлбар хэлэв. 0:43:45-0:45:42 дахь хэсэгт шүүгч Д.М нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц тайлбар хэлэв. 0:45:49-0:53:25 дахь хэсэгт шүүгч Д.М нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуулт асууж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлэв. 0:53:35-0:54:01 дахь хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлэв. 0:54:03-0:54:07 дахь хэсэгт даргалагчаас: Шүүх хуралдааныг завсарлъя гэв. 0:54:25-0:56:41 дахь хэсэгт даргалагчаас: ... шүүх хуралдаан хааж алхаа цохисноор бичлэг дуусах ...” хором хүртэл шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчоос баримт авсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд дээрх өргөдөл үндэслэлгүй байна.

2.Өргөдлийн “ ... Б, Л нарын дээд танхимд давсан материал 2022 оны 08 дугаар сарын 09-нд ирсэн 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дээд шүүхэд ирсэн шүүгч нар зэрэг амарсан шүүгчид хуваарилагдах боломжгүй юм билээ. 2022 оны 09 дүгээр сарын 27-нд дээд шүүхийн лавлах утас 51261698-аас асуусан хуваарилагдаагүй байна бичиг хэрэг 51261544 хуваарилагдаагүй байсан нэхэмжлэгч Ц миний шүүгчид хуваарилагдаагүй өдрийн 27-ны өдөр шүүгч Д.М маргааш нь өөрт нь хуваарилагдаагүй байхад аваад 2022 оны 09 дүгээр сарын 12-нд нийт шүүгчдийн хурлаар хэлэлцсэн 12-ныхоо дугаар 320 тоот тогтоолын он сарыг хуваарилагдаагүй байсан 9 дүгээр сарын 27-ны өдрийн он сараа бичсэн тогтоол гарсан байна ... “ гэх тухайд,

Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй .../2019/038... индекстэй хэрэгт үзлэг хийхэд,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0098 дугаар шийдвэр, 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 344 дүгээр магадлалаар хэргийг шийдвэрлэсэн, эдгээр шийдвэрийг эс зөвшөөрч хянуулахаар иргэн С.Л, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, өмгөөлөгч П.Б нар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан, хэргийг Улсын дээд шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлжээ.

Хэрэг хүлээн авах үед Улсын дээд шүүхийн шүүгч нар ээлжийн амралттай байсан нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар тогтоогдох шүүгч нарын ээлжийн амралтын хугацаа дуусаж, танхимын нийт шүүгчдийн хуралдааныг хийж эхэлсэн нь “Монгол улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 “Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч нь хэргийн бүртгэл хариуцсан мэргэжилтнээс танхимд ирсэн нийт хэргийг Хяналтын журмаар гаргасан гомдлын бүртгэл (цаашид “бүртгэл” гэх)-ийн дагуу хүлээн авч, энэ журмын 2.1-д заасан хуваарийн дагуу хуралдаан хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө”, 2.7 “Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх хуралдааны зар”-ыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга - мэргэжилтэн хуралдаан болохоос 7-оос доошгүй хоногийн өмнө цахим хуудасны тухайн танхимын “шүүх хуралдааны зар, тойм” хэсэгт байршуулна”, 3 дугаар зүйлийн 3.3 “Танхимын шүүгчид хуралдаанаар хэлэлцэх гомдол, холбогдох шийдвэр, магадлал, судалгаа зэрэгтэй бүрэн танилцаж, бэлтгэж оролцоно”, 3.4 “Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар “хэлэлцүүлэхийг дэмжинэ" гэсэн томьёоллоор шүүгч нарын саналыг хураах ба дөрөв, түүнээс олон шүүгч дэмжсэн санал гаргавал энэ тухай тогтоол гаргана”, 4 зүгээр зүйлийн 4.5 “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-мэргэжилтэн нь хуралдаан дуусмагц шийдвэрийн тоймыг тус шүүхийн цахим хуудасны тухайн танхимын “шүүх хуралдааны зар, тойм” хэсэгт байршуулна” гэх зохицуулалт болон холбогдох шүүгчийн “ ... бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн танхимд хүлээлгэн өгсөн, уг гомдол нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр танхимын нийт шүүгчийн хуралдаанд өөр бусад 20 гомдлын хамт танилцуулагдаж ... ” гэх тайлбараар тогтоогдоно.

Мөн энэ талаар Улсын дээд шүүхийн Мэдээлэл лавлагаа хариуцсан ахлах шинжээч Б.Д “ ... Системээс танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас гарсан шийдвэр нь харагдах уу гэсэн асуултад хуралдааны тойм харагдана гэж, танхимын нийт шүүгчдийн хуралдааны зар гарах уу гэхэд зар 7 хоног болгоны 5 дахь өдөр болгон гардаг. Гомдол гаргагч талдаа тов мэдэгдээд, тойм нь сайтдаа байршина ... ” гэж тайлбар өгчээ.

            Үүгээр, хяналтын шатанд гомдол гаргасан этгээд нийт шүүгчдийн хуралдааны талаар мэдээлэл авах бүрэн боломжтой болох нь нотлогдоно.

Түүнчлэн Мэдээлэл лавлагаа хариуцсан ахлах шинжээч “ ... Өмнө нь энэ утас ч байсан, одоо ч байгаа, иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл авахаар лавлахад би хариуг нь өгдөг. ... Хэргийг өмнө нь Мэдээлэл лавлагааны ажилтан авдаг байсан бол хэрэг бүртгэгч хүлээж авдаг болсон. Харин Мэдээлэл лавлагаа хариуцсан чиг үүрэг хэвээрээ байгаа болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолын дагуу хэрэг хүлээн авдаг. Хуучин чиг үүргээр ажиллаж байхдаа ирсэн хэргийг 3 танхимын тэргүүний туслахад ирсэн даруйд нь хүлээлгэн өгдөг байсан. Одоо бол хэрэг бүртгэгч энэ ажлыг хийж байна. Харин хэн нэгэн мэдээлэл лавлагааны утас руу дамжуулан гомдол, хэргийн талаар асуувал мэдээлэл өгдөг чиг үүрэг хэвээр, 3 танхимын хэрэг бүртгэдэг систем рүү нэвтрээд нэрээр нь хайлт хийгээд, тодорхой шүүгчид хуваарилагдсан бол хуваарилагдсан нь тэмдэглэгдсэн байдаг, тэгээд тэрийг хараад хуваарилагдсан үгүйг хэлнэ. Одоо ч ингэж явж байгаа. ... Хуваарилагдсан эсэхийг харж болно. Хуваарилагдаагүй бол танхимын тэргүүний туслахын утсыг хэлж, түүнээс асуу гэж холбож өгдөг ... Танхимын нийт шүүгчдийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх санал гарвал тухайн танхимын тодорхой нэг шүүгчид хуваарилагдахыг хэлж байгаа. ... Зар 7 хоног болгоны 5 дахь өдөр болгон гардаг. Гомдол гаргагч талдаа тов мэдэгдээд, тойм нь сайтдаа байршина. ... Тухайн үед хуваарилагдаагүй гэдэг хариулт өгсөн гэж ойлголоо. Тэгэхээр нийт шүүгчдийн хуралдааны шийдвэрээр энэ хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр тухайлан шүүгчид хуваарилагдаагүй гэсэн агуулгаар л хариулт өгсөн байх ... “ гэж тайлбар өгснийг дүгнэвэл, хэрэг хуваарилагдаагүй гэх ойлголтыг өргөдөл гаргагч буруугаар ойлгосон, мөн мэдээлэл лавлагааны ажилтан тодорхой дарааллаар явагдах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсгийн талаарх мэдээллийг өгсөн нь буруу ойлголт хандлага үүссэн гэж үзэхээр байх ба үүнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримтуудыг шалгахад Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ... шүүхийн шүүгч Д.М-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч Д.М Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“ Иргэн Д.Ц-с гаргасан "... Улсын дээд шүүхийн 2018 оны 464 дүгээр тогтоолд гомдолтой” гэх агуулга бүхий гомдлоор, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2023/0126 дугаар захирамжаар "... “Д.М Б-н 323-ыг хүчингүй болгож эзэн биегүй С.Э, С.Т нар дээр 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 464 дүгээр тогтоол гаргаж нэг хэрэг дээр хоёр өөр тогтоол гаргасан..., Б, Л нарын дээд танхимд давсан материал 2022 оны 08 дугаар сарын 09-нд ирсэн 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дээд шүүхэд ирсэн, шүүгч нар зэрэг амарсан шүүгчид хуваарилагдах боломжгүй юм билээ. 2022 оны 09 дүгээр сарын 27-нд дээд шүүхийн лавлах утас 512616...-аас асуусан хуваарилагдаагүй байсан шүүгч Д.М маргааш нь өөрт нь хуваарилагдаагүй байхад аваад 2022 оны 09 дүгээр сарын 12- нд нийт шүүгчдийн хурлаар хэлэлцсэн 12-ны 320 тоот тогтоолын он сарыг хуваарилагдаагүй байсан 9 дүгээр сарын 27-ны өдрийн он сараар бичсэн тогтоол гарсан байна..., Д.М шүүгч ...Захиргааны хэргийн давах шатны шүүх нь 2018 оны 05 сарын 28-ны 323-р шийдвэрийг Захиргааны хэргийн давах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэвээр үлдээж өгсөн..., шүүгч Д.М нар хэрэгт авагдсан нотлох баримтаар ажиллахгүй шүүхээ шүүх болгосон. ...шүүхийн шүүгч Д.М хурлыг даргалж хяналтын журмаар гомдол гаргасан Д.Б-с албан бичгээр шууд 3 хуудас нотлох баримт авч хэлэлцсэн 5 шүүгч оролцсон бусад нэг ч үг хэлж асуугаагүй идэвхгүй оролцсон" гэх энэхүү үйлдэлд сахилгын хэрэг үүсгэн шалгах”-аар шийдвэрлэжээ.

1.“... “Д.М Б-н 323-ыг хүчингүй болгож эзэн биегүй С.Э, С.Т нар дээр 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 464 дүгээр тогтоол гаргаж нэг хэрэг дээр хоёр өөр тогтоол гаргасан” гэх талаар:

Гомдолд дурдагдсан Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2 удаа хэлэлцэгджээ. Тодруулбал,

а.2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны 439 дүгээр тогтоолоор “шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан”, уг хэргийг хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнд миний бие байсан байна.

б.2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны 464 дүгээр тогтоолоор “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, уг хэргийг хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнд миний бие хэргийг илтгэж оролцсон байна.

Дээд шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр доод шатны шүүхэд буцаадаг, анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд гаргасан шийдвэрт гомдол гаргавал дээд шатны шүүх дахин хянаж шийдвэр гаргахыг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхэд үүрэг болгосон юм. Үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хуулиар хүлээлгэсэн шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлсэн.

Сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийн үндэслэлд дурдагдсан, “... Д.М Б-н 323-ыг хүчингүй болгож эзэн биегүй С.Э, С.Т нар дээр 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 464 дүгээр тогтоол гаргасан” гэсэн нь ямар агуулгатай гомдол болон миний ямар үйлдэлд сахилгын хэрэг үүсгэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул уг “үйлдэл”-д холбогдох тайлбар алга байна.

2.“... шүүгч Д.М маргааш нь өөрт нь хуваарилагдаагүй байхад аваад 2022 оны 09 дүгээр сарын 12-нд нийт шүүгчдийн хурлаар хэлэлцсэн”, “... 12-ны 320 тоот тогтоолын он сарыг хуваарилагдаагүй байсан 9 дүгээр сарын 27-ны өдрийн он сараар бичсэн тогтоол гарсан” гэх талаар:

Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлыг шууд шүүгчид хуваарилдаггүй бөгөөд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т “Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх ...”-ээр заасан байна.

Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0098 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол /хэргийн хамт/ Улсын дээд шүүхэд ирж, бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн танхимд хүлээлгэн өгсөн, уг гомдол нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр танхимын нийт шүүгчийн хуралдаанд өөр бусад 20 гомдлын хамт танилцуулагдаж, мөн өдрийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 320 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч С.Л, Ц.Б нарын өмгөөлөгч П.Б хяналтын журмаар гомдол гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул уг гомдлыг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй” гэж үзэн нэхэмжлэгч С.Л, Ц.Б нарын өмгөөлөгч П.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг буцаажээ. /тогтоолыг хавсаргав/

Уг процессын ажиллагаа нь Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн сугалаагаар томилох журам”-ын 2.1, .2.2-т зааснаар тусгайлан зохицуулагддаг болно.

Өмгөөлөгч П.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээгүй, энэ өдөр Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан зарлагдаагүй, миний бие уг гомдлыг “өөртөө хуваарилан авсан” зүйлгүй.

3.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2023/0126 дугаар захирамжийн үндэслэх хэсгийн 6-д дурдсанаар, “ ... Д.М шүүгч ...Захиргааны хэргийн давах шатны шүүх нь 2018 оны 05 сарын 28-ны 323-р шийдвэрийг Захиргааны хэргийн давах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэвээр үлдээж өгсөн..., шүүгч Д.М нар хэрэгт авагдсан нотлох баримтаар ажиллахгүй шүүхээ шүүх болгосон”... гэх үйлдэлд сахилгын хэрэг үүсгэн шалгах нь зүйтэй” гэсэн нь ямар агуулгатай гомдол болох нь, миний ямар үйлдэлд холбогдуулж сахилгын хэрэг үүсгэсэн болох нь ойлгогдсонгүй.

4.“ ... Дээд шүүхийн шүүгч Д.М хурлыг даргалж хяналтын журмаар гомдол гаргасан Д.Б-с албан бичгээр шууд 3 хуудас нотлох баримт авч хэлэлцсэн” гэх талаар:

Гомдолд дурдагдсан Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхэд миний бие шүүх хуралдаан даргалагчаар оролцож байгаагүй, 2017 оны 439 дүгээр тогтоолд шүүх хуралдааныг шүүгч Ч.Т, 2018 оны 464 дүгээр тогтоолд шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалсан талаар тодорхой тусгажээ.

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааныг Танхимын тэргүүн миний бие даргалсан, тус хуралдаанаас “өмгөөлөгч П.Б хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй” гэх үндэслэлээр түүний гомдлыг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн, тухайн тохиолдолд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гомдол гаргаагүй, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Б гомдол гаргасан байна.

 5.“ ... 5 шүүгч оролцсон бусад нэг ч үг хэлж асуугаагүй идэвхгүй оролцсон " гэх талаар:

Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос асуулт асуух эсэхээ шүүгч нар өөрсдөө мэддэг тул энэ гомдол миний бие тайлбар гаргах боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Иргэн Д.Ц-с ... шүүхийн шүүгч М.Б, Д.Х, Ц.М, ... шүүхийн шүүгч Ц.С, ... шүүхийн шүүгч Д.М нарт холбогдуулан гаргасан өргөдлийг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2023/0126 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч М.Б, Д.Х, Ц.М, ... шүүхийн шүүгч Ц.С нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, харин шүүгч Д.М-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэжээ.

          Өргөдөл гаргагчаас шүүгч Д.М-д холбогдуулан “нэг хэрэгт хоёр өөр тогтоол гаргасан, хяналтын журмаар гомдол гаргасан Д.Б-с албан бичгээр шууд 3 хуудас нотлох баримт авч хэлэлцэж ... шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, хуралдаанд 5 шүүгч оролцсон бөгөөд бусад шүүгч нар нэг ч үг хэлж асуугаагүй идэвхгүй оролцсон, шүүгч Д.М өөрт нь гомдол хуваарилагдаагүй байхад аваад 2022 оны 09 дүгээр сарын 12-ны 320 тоот тогтоолын он сарыг 09 дүгээр сарын 27-ны өдрийн он сараар бичиж гаргасан” гэх өргөдөл гаргасныг сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

          Нэг. Шүүгч нэг хэрэгт хоёр өөр тогтоол гаргасан, хяналтын журмаар гомдол гаргасан Д.Б-с албан бичгээр шууд 3 хуудас нотлох баримт авч хэлэлцэж ... шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, хуралдаанд 5 шүүгч оролцсон бөгөөд бусад шүүгч нар нэг ч үг хэлж асуугаагүй идэвхгүй оролцсон гэх тухайд;

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-с Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Ц.Б-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-т ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоот хашааны газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг ... дүүргийн Засаг даргад даалгах, С.Л-д газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ... дүүргийн ... дугаар хорооны .... гудамжны ...тоот хашааг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг ... дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 357 дугаар шийдвэрээр “Ц.Б-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-т ... дүүргийн ... хороо, ... гудамжны ...тоот хашааны газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг ... дүүргийн Засаг даргад даалгах” тухай шаардлагыг хангаж, “С.Л-д газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ... дүүргийн ... хороо, ... гудамжны ...тоот хашааг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг ... дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 542 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Харин ... шүүхийн шүүгч Ч.Т, Д.М, Б.М, П.С Г.Б /илтгэгч шүүгч/ нарын бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 439 дүгээр тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хүлээн авч, шүүгч М.Б даргалан, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 458 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 464 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 458 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т “Шүүх хяналтын журмаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана: ... 127.2.3.магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх; ... 127.2.5.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах” гэж заасан.

Хяналтын шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох, улмаар ажиллагааг нөхөн гүйцэтгэж алдааг залруулах боломж олгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрхтэй бөгөөд үүний дагуу ... шүүхийн шүүгч М.Б нь тус хэргийг анх шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 357 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 542 дугаар магадлалыг хүчингүй болгосон Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 439 дүгээр тогтоолд заасан ажиллагааг хийж гүйцэтгэн, улмаар хэргийг дахин шийдвэрлэжээ.

Тодруулбал, нэг хэргийг шийдвэрлэсэн 2 өөр дугаар бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл ялгаатай бөгөөд тэдгээрийг хянасан Улсын дээд шүүхийн тогтоолын үндэслэл мөн ялгаатай тул энэ талаар “... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасан хяналтын шатны шүүхийн эрхийн хүрээнд хэргийг хянасан ажиллагааг хоёр өөр шийдвэр гаргасан гэж үзэхгүй” гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

   Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 458 дугаар магадлалд хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцсэн хяналтын шатны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлд илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд үзлэг хийхэд хэргийн оролцогчдоос шинээр нотлох баримт гаргаж өгсөн болох нь тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж шүүх бүрэлдэхүүнийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн, тус хуралдааныг ... шүүхийн шүүгч Д.М-н илтгэснээр шүүгч М.Б даргалан, Г.Б, Х.Б, Ч.Т нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, хэргийн оролцогчдоос илтгэгч шүүгч Д.М, шүүгч Ч.Т нар асуулт асууж тайлбар авсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд бүрэлдэхүүнд оролцож байгаа шүүгч нар асуулт асуух үүрэгтэй талаар хуулийн зохицуулалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Шүүгч Д.М өөрт нь гомдол хуваарилагдаагүй байхад авч, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны 320 тоот тогтоолын он сарыг 09 дүгээр сарын 27-ны өдрийн он сараар бичиж гаргасан гэх тухайд;

Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “Б, Л нарын дээд танхимд давсан материал 2022 оны 08 дугаар сарын 09-нд ирсэн 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дээд шүүхэд ирсэн шүүгч нар зэрэг амарсан шүүгчид хуваарилагдах боломжгүй юм билээ. 2022 оны 09 дүгээр сарын 27-нд дээд шүүхийн лавлах утас 51261698-аас асуусан хуваарилагдаагүй байна бичиг хэрэг 51261544 хуваарилагдаагүй байсан нэхэмжлэгч Ц миний шүүгчид хуваарилагдаагүй өдрийн 27-ны өдөр шүүгч Д.М маргааш нь өөрт нь хуваарилагдаагүй байхад аваад 2022 оны 09 дүгээр сарын 12-нд нийт шүүгчдийн хурлаар хэлэлцсэн 12-ныхоо дугаар 320 тоот тогтоолын он сарыг хуваарилагдаагүй байсан 9 дүгээр сарын 27-ны өдрийн он сараа бичсэн тогтоол гарсан байна” гэж дурджээ.

Илтгэгч гишүүнээс дээрх үндэслэлд шалгах ажиллагаа явуулаад “Хэрэг хүлээн авах үед Улсын дээд шүүхийн шүүгч нар ээлжийн амралттай байсан..., бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн танхимд хүлээлгэн өгсөн, уг гомдол нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр танхимын нийт шүүгчийн хуралдаанд өөр бусад 20 гомдлын хамт танилцуулагдсан нь тогтоогдсон. Хяналтын шатанд гомдол гаргасан этгээд нийт шүүгчдийн хуралдааны талаар мэдээлэл авах бүрэн боломжтой, хэрэг хуваарилагдаагүй гэх ойлголтыг өргөдөл гаргагч буруугаар ойлгосон, мөн мэдээлэл лавлагааны ажилтан тодорхой дарааллаар явагдах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсгийн талаарх мэдээллийг өгсөн нь буруу ойлголт хандлага үүссэн гэж үзэхээр байх ба үүнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь зөв байна.

Тодруулбал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр “ ... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 04/1, 04/2 дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын ... дугаартай Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах, нэгж талбарын ... дугаартай газрыг С.Э- нэр дээр, ... дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын ... дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Эдгээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хянуулахаар иргэн С.Л, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, өмгөөлөгч П.Б нар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан тул хэргийг Улсын дээд шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн боловч Улсын дээд шүүхийн шүүгч нар ээлжийн амралттай байсан тул хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан болох нь шалгах ажиллагааны хүрээнд тогтоогджээ.

Дээрх гомдлыг ... шүүхийн шүүгч Д.М /Танхимын тэргүүн/ 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 320 дугаар тогтоолоор улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр буцаасан ба нийт шүүгчийн хуралдааны мөн өдрийн 335 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар дөрөв, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна гэж үзээд хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т “Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана”, 124.4-т “Энэ хуулийн 124.3-т заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана” гэж заасантай нийцсэн байх тул энэ үндэслэлээр шүүгч Д.М-г сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

Харин өргөдөл гаргагч 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн лавлах утас 51261698-аас асуухад “хуваарилагдаагүй байна” гэж хэлсэн нь гомдол шүүгчид хуваарилагдаагүй гэдэг утгаар бус харин хэлэлцүүлэхээр шийдвэрлээгүй байна гэсэн агуулгаар хэлсэн болохыг тус шүүхийн Мэдээлэл лавлагаа хариуцсан ахлах шинжээчийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

   Иймд илтгэгч гишүүний “өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримтуудыг шалгахад Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон заалтыг шүүгч Д.М нь зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ГС/2024/0002 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                       

ДАРГАЛАГЧ                                          Х.ХАШБААТАР

              ГИШҮҮН                                              Д.АРИУНТУЯА

                                                                                      О.НОМУУЛИН