info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-01-23

Дугаар 3

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Н, холбогдох шүүгч Д.Р нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч, иргэн Д.Э-ийг байлцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Д.Э нь ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Р-д холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр хүлээн авч хянаад, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2023/...5 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ГС/2024/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Илтгэгч гишүүн саналдаа:  ... прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...1 дүгээр тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Ж.Э-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 377 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Ж.Э , Ш.Б, Г.Д нарын хэргийг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тухайн үед яллагдагч Ж.Э-т 3.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байжээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ...7 дугаар захирамжаар Ж.Э  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Б-ыг томилсон боловч ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “хэргийг ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай” 1..6 дугаар захирамж гарч, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8..3 дугаар албан бичгээр хүргүүлжээ.

... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6..8 дугаар захирамжаар тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Р-ыг томилон албажуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг авч үзвэл,

1. Холбогдох шүүгчид хэрэг хуваарилагдсан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс прокурорт буцаах хүртэл буюу 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хийгдсэн ажиллагаа, үүнд:

  • шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1..8 дугаар захирамжаар /2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр/ тогтоосон,
  • яллагдагч Ж.Э  “... өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцоно ...”, түүний өмгөөлөгч “...шүүх хуралдаан давхардсан...” гэх хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1..3 дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон,
  • урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн  1..1 дүгээр захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон,
  • шүүгдэгчийн өмгөөлөгч “... шүүх хуралдаан давхацсан...“ гэх хүсэлтийг  хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан,
  • шүүгдэгч Ж.Э  “... биеийн байдал муу... хэвтэн эмчлүүлж байна...“ түүний өмгөөлөгч “...миний нагац ах... нас барсан...” гэх хүсэлтийг шийдвэрлэн, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4..1 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
  • шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч “...Г.Д-ийн сахар нь ихсэж биеийн байдал муудаж, яаралтай эмчилгээнд орсон...“ гэх хүсэлтийг шийдвэрлэж, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1..6 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
  • хохирогч Д.Э “...миний... биеийн байдал муудсан эмнэлэгт хүргэгдэн ирсэн... өөрийн биеэр хуралд оролцох хүсэлтэй...“ гэх хүсэлт гарган, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1..7 дугаар захирамжаар товлосон шүүх хуралдаан хойшилсон,
  • хохирогч Д.Э “...эмнэлэгт хэвтэж... хүнд хагалгаанд орж байгаа...”, шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгч “шүүх хуралдаан давхацсан”, шүүгдэгч Ж.Э-ийн өмгөөлөгч “...өвчний учир хэвтэж эмчлүүлж байгаа...“ гэх хүсэлтийг шийдвэрлэн, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1..9 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
  • шүүгдэгч Ж.Э-ийн өмгөөлөгчийн “...шүүх хурал давхацсан...“ гэх хүсэлт, мөн ковид-19 цар тахлын улмаас авсан арга хэмжээтэй холбоотой шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0..9 дүгээр захирамжаар,
  • хохирогч Д.Э-ийн өмгөөлөгч “...Д.Э нь хөдөө орон нутгаас шүүх хуралдаанд оролцох гээд ирсэн боловч Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүй байгаа учраас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Миний үйлчлүүлэгч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа...“ гэх хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8..1 дүгээр захирамжаар,
  • шүүгдэгч Ж.Э  нь “...миний биеийн байдал тааруу ...яаралтай хагалгаанд орох болсон...“, шүүгдэгч Ж.Э-ийн өмгөөлөгч  “...шүүх хуралтай давхацсан...“, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж “...шүүх хуралтай давхацсан...“ гэх хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19..6 дугаар захирамжаар,  
  • ковид-19 цар тахалтай холбоотой арга хэмжээний улмаас шүүх хуралдааныг  2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2..5 дугаар захирамжаар,
  • шүүгдэгч Ж.Э-ийн өмгөөлөгч Ч.Б “...ковид-19 цар тахлын... хавьтал гэж үзэн ...14 хоног ...өрхийн эмчийн хяналтад тусгаарлалтад байна...“, шүүгдэгч Г.Д нь “...өвчний улмаас ...эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа...“ гэх хүсэлтээр 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3..5 дугаар захирамжаар,
  • ковид-19 цар тахлын улмаас 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 487, 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5..3 дугаар захирамжаар,
  • хохирогч Д.Э “...эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ... гэрийн тусгаарлалтад байгаа ...өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...“ гэх хүсэлт, мөн шүүгдэгч Ж.Э  нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ...эмнэлэгт хүргэгдсэн талаарх баримтыг ирүүлсэн тул шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7..5 дугаар захирамжаар,

ковид-19 цар тахлын улмаас

    • хохирогч Д.Э “...хагалгаанд орж хавдар авхуулсан... өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй...“, мөн шүүгдэгч Ж.Э  “...шинжилгээний хариу эерэг гарсан...“ гэх хүсэлтийг шийдвэрлэсэн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 9..2 дугаар захирамжаар,
    • хохирогч Д.Э “...хагалгаанд орсон. ...яаралтай дахин хагалгаанд орох гэж байгаа ...шинжилгээ өгч байгаа ...хохирогчийн хувьд өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй...“ гэх хүсэлтийг хүлээн авч 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10..6 дугаар захирамжаар,
    • шүүгдэгч Ж.Э  ковид туссан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1..2 дугаар захирамжаар,
    • Ковид-19 цар тахлын улмаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1..35 дугаар захирамжаар тус тус хойшилсон байна.

Энэ хүртэлх 1 жил, 8 сар, 16 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.Шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1..7 дугаар захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Уг захирамжид шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1..4 дүгээр захирамжаар залруулга оруулсан, тус захирамжид хохирогч Д.Э-ийн өмгөөлөгч 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр давж заалдах гомдол гаргаrч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5..9 дүгээр магадлалаар тус захирамжийн зарим нэмэлт заалт оруулсан хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Тус магадлалыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1..4 дүгээр тогтоолоор гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ..07 тоот албан бичгээр хэргийг ... дүүргийн Прокурорын газарт хүргүүлжээ.

Нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн хэргийг прокурорын газарт хүргүүлэх хүртэл 3 сар 22 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

3.Прокурорт шилжүүлсэн хэрэг нь ... дүүргийн прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7..1 дүгээр яллах дүгнэлтээр, тус шүүхэд шүүхэд шилжин ирж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 8..3 дугаар захирамжаар Ж.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Р-ыг томилон албажуулсан байна.

Холбогдох шүүгч дахин хэрэг хүлээн авснаас хойших хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь:

    • яллагдагчийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргаж, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1..3 дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт товлосон,
    • урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч Ж.Э нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Т.Д болон хохирогчийн өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн тул шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1..4 дүгээр захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, ,
    • шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийж, яллагдагч Ж.Э  нь шүүх хуралдаанд  ирээгүй, тус өдрийн 1..2 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон, тус товлогдсон 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд мөн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай 1..6 дугаар захирамж гарчээ.

Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1..2 дугаар захирамжаар “... эрэн сурвалжлах үйл ажиллагааны талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна...” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Улмаар прокурор болон шүүгдэгч Г.Д болон шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгч нараас эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргаж, шүүгчийн мөн өдрийн 2015 дугаар захирамжаар Ж.Э нарт холбогдох эрүүгийн 18.......6 дугаартай хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба энэхүү, прокуророос хэрэг шүүхэд шилжиж, шүүх хэргийг түдгэлзүүлэх хүртэл 3 сар 7 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Дээрх хэргийг нийтдээ 2 жил, 3 сар, 15 хоногийн хугацаанд шүүх хянан шийдвэрлэсэн байх ба уг ажиллагааг дүгнэвэл:

1. Хэргийг хүлээн авснаас хойш прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах хүртэлх 1 жил 8 сар гаруй хугацаанд

    • хохирогч Д.Э болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 6 удаа,
    • шүүгдэгч Г.Д-ийн хүсэлтээр 1 удаа, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 1 удаа,
    • шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгчийн хүсэлтээр 1 удаа,
    • шүүгдэгч Ж.Э-ийн хүсэлтээр шүүх хуралдаан 5 удаа, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 2 удаа,
    • ковид-19 цар тахлаас шалтгаалан 5 удаа тус тус хойшлон, нийтдээ  хэргийн оролцогч нарын хүсэлт болон бусад шалтгааны улмаас товлосон шүүх хуралдаан 18 удаа хойшилжээ.

Шүүх хуралдааныг хойшлуулсан хүсэлт нэгээс бусад хуралд давхцаж гарсан, нэг удаа дангаараа өмгөөлөгчийн хурал давхардсан шалтгаанаар хойшилсон байна.

Шүүгч нь “... Хохирогч Д.Э нь шүүх хуралдааныг биеийн эрүүл мэндийн байдлаас болж удаа дараа хойшлуулж, заавал биечлэн шүүх хуралдаанд оролцох талаараа өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргаж байсныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан болно...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй”, 15.2 дугаар зүйлийн 1-д “хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно”, 15.3 дугаар зүйлийн 1-д “хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” гэж тус тус заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулсан, түүнчлэн нийтийн хамарсан цар тахалтай холбоотой дэг журам, арга хэмжээ тогтоосонтой холбогдуулж шүүгчийн буруутгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэж үзэхгүй.

2.Эрүүгийн хэргийг хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны 4..7 дугаар захирамжаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-д “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, ...1.2-т “хэргийг прокурорт буцаах” ...гэж зааснаар, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоолгохоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гарснаар хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаа явагдан, хэргийн оролцогч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх гомдол гаргасан, давах шатны шүүх хэргийг хянасан ажиллагаанд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

3.Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Э шүүх хуралдаанд ирээгүй, хэргийг бусад оролцогчийн гаргасан хүсэлт болон шүүгдэгч Ж.Э-ийг эрэн сурвалжлуулах ажиллагааны талаарх баримт шүүхэд ирээгүй гэх үндэслэлээр нийт 3 удаагийн шүүх хуралдаан хойшилжээ.

Таслах сэргийлэх арга хэмжээний талаар: ... дүүргийн Прокурорын газраас хэргийг шилжүүлэх үед “... яллагдагч Ж.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, мөн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 3.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан...” болох нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7..1 дүгээр яллах дүгнэлтээс харагдах ба шүүхэд хэрэг шилжин ирсний дараа 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагч Ж.Э-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1..3 дугаар захирамжаар өөрчлөн, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1..6 дугаар захирамжаар “...шүүгдэгч Ж.Э  нь ...ирээгүй байна... шүүгдэгч Ж.Э-т урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг олж тогтоосон өдрөөс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих үндэслэлтэй байна гэж дүгнэн, ...шүүгдэгч Ж.Э-т барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ  ...2.000.000 төгрөгийг улсын орлого болгож, түүнийг эрэн сурвалжлуулахаар...“ шийдвэрлэж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1259 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтэст захирамжийг хүргүүлжээ.

Гэтэл Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан арга хэмжээг авсан байтал, шүүгдэгч Ж.Э 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хилээр гарсан болох нь шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1..6 дугаар захирамжийн үндэслэх хэсгээс тогтоогдож байна.

Үүнийг шалгавал Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг анх, уг эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байх явцад ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ...Ө дугаартай захирамжаар “...Улаанбаатар хотоос гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах тухай прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж...“ шийдвэрлэж, захирамжлах хэсгийн 3 дахь заалтаар “...яллагдагч Ж.Э-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай шүүгчийн захирамжийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй мэдэгдэхийг ... дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Б-т даалгаж...” шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр хэвээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2-т “... таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийг прокурор, мөрдөгч хяналт тавих байгууллагад даруй мэдэгдэнэ” гэж заажээ.

Гэтэл Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Б нь тус захирамжийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлээгүй гэж үзэхэд хүргэж байгаа үндэслэл бол шүүгдэгч нь хилээр гарсан явдал болно.

Холбогдох шүүгч “... Хурал болгон дээр шүүгдэгч Ж.Э-ийг хориод өгөөч, хилийн хориг тавиад өгөөч, хэргийг шийдээд өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд угаасаа хилийн хоригтой талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байсан, мөн цар тахлын үед хил хорио бүгд хаалттай байсан болно...” гэж тайлбарлажээ.

Мөрдөгчид захирамжийг холбогдох байгууллагад даруй буюу боломжит богино хугацаанд мэдэгдэхийг даалгасаар байтал мэдэгдэх /хүргүүлэх/ ажиллагааг хийгээгүй, мөн шүүгч С.Б нь захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллаагүйд шүүгч Д.Р-ыг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хохирогч Д.Э болон түүний өмгөөлөгч, бусад хэргийн оролцогч нараас ч шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар санал, хүсэлт гаргаж байгаагүй байна.

Энэ талаар шүүгчийн ...Мөрдөн байцаалтад буцаан хэрэг дахин шүүхэд ирэхэд хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс мөн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх, дахин шалгуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан зэргээс уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх талаар гаргаж байсан гэх үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй юм...“ гэх тайлбар үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-д “прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 2-т “шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Хэргийн оролцогчоос шүүгдэгчийн тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргах, шүүх тухайн хүсэлтийг шийдвэрлэхээр хуульд зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөх, хүчингүй болгох, сунгуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн оролцогч санал, хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх санаачилгаараа яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, сунгах, хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгч Д.Р нь шүүгдэгч Ж.Э-ийг цагдан хорилгүй, хилийн хориг тавилгүй улсын хилээр гарч явах давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгч нь удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1-д “Шүүх дараах үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана”, 1.1-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан” бол гэж заасантай нийцсэн байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шүүгчийн захирамж” гаргасан атлаа түүнийг залруулахдаа “шийтгэх тогтоол” гэж гарчиглах, ...яллагдагч Ж.Э-т барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөнгөн дүнг “3.000.000 төгрөгийг 2.000.000 төгрөг” гэх зэрэг үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгч Д.Р-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Д.Р тайлбартаа: “...Гомдол гаргагч Д.Э нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан заалтыг зөрчсөн үйлдлийг шалгаж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн байна. Мөн манай өмгөөлөгч Ж.Э-ийг хэргийг шийдээд өгөөч, цагдан хориод өгөөч, хилээр гарахыг хориг тавиад өгөөч гэж олон удаа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангаагүй гэжээ.

Шүүгч Д.Р над дээр 18.......6 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байдал:

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7..1 дугаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-нд хүлээн авсан болно.

Яллах дүгнэлтэд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр цагдан хориог өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар дурдсан.

Шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг талуудын гаргасан хүсэлтийн дагуу хуулийн хугацаанд нь товлон зарласан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт талууд дараах байр суурьтай хүсэлт гаргасан болно.

          1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э-ийн өмгөөлөгч Б.Э-ын зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт 2022 оны 9 дүгээр сарын 12-нд гаргасан. /өмнөх буцаасан шүүгчийн захирамж биелэгдээгүй, хохирол, хор уршгийг хэмжээг нарийвчлан тогтоох, гэмт хэрэгт бүлэглэн хамтран оролцсон оролцоог тогтоох/

2.Яллагдагч Ж.Э-ийн өмгөөлөгч Т.Д урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх, хэргийг дахин шалгуулах хүсэлт. /шүүгчийн захирамж дутуу үндэслэлээр/

3.Яллагдагч Г.Д-ийн өмгөөлөгч Б.Д урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх /нотолбол зохих байдал нотлогдоогүй үндэслэлээр хүсэлт ирүүлсэн тул шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр товлон зарласан/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э-ийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаан давхацсан, яллагдагч Ж.Э-ийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах, мөн улсын яллагч томилолтоор оролцож байгаа, хавтас хэрэгтэй бүрэн танилцаагүй тул танилцах боломжоор хангах тухай хүсэлт тус тус гаргасныг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх товлосон болно.

Яллагдагч Ж.Э-т барьцаа авах болон хилийн хориг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Дараагийн шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Г.Д, Ж.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.

Уг шүүх хуралдаанд хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс нэмэлт ажиллагаа хийж хэргийг буцаах байр суурьтай оролцсон болно.

Уг шүүх хуралдаанаар таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт гараагүй болно.

Анхан шатны шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуулийн хугацаанд нь товлон зарлаж, уг хуралдаанд шүүгдэгч Ж.Э  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хохирогчийн өмгөөлөгч нар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан болно.

Мөн Ж.Э-ийн өмгөөлөгч Т.Д эмнэлэгт хэвтсэн талаарх хүсэлт, мөн яллагдагчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаан үргэлжилж буй талаарх баримт ирүүлсэн /Ш.Б нарт холбогдох/ байх тул шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 08-н хүртэл хойшлуулж, шүүгдэгч Ж.Э-ийг эрэн сурвалжилж, өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, олж тогтоосон өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, барьцааны 3.000.000 төгрөгийг улсын орлогод оруулж шүүх шийдвэрлэсэн болно.

Уг захирамжтай холбоотойгоор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын эрэн сурвалжлах хэлтэст уг эрэн сурвалжлах ажиллагааг түргэн, шуурхай гүйцэтгэх, ажиллагааны талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг албан тоотоор хүргүүлсэн.

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Э  хүрэлцэн ирээгүй, эрэн сурвалжлах ажиллагаагаар олж тогтоогоогүй байсан болно.

Шүүгдэгч ирээгүй байх тул шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хойшлуулж, өмнөх захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснийг дурдан хуралдааныг хойшлуулсан болно.

2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд улсын яллагч хэргийг түдгэлзүүлэх талаар, хохирогчийн өмгөөлөгч Б.Э хэргийг түдгэлзүүлэхгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах санал, хэргийг тусгаарлан шийдвэрлүүлэх саналууд гарсан болно.

Шүүх хэргийг шүүгдэгч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлж, эрэн сурвалжлах ажиллааг хийлгэх, цагдан хорих 4..1 ангид цагдан хорих талаар өмнөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

Уг шүүгчийн захирамжийн хүрээнд дахин 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын эрэн сурвалжлах хэлтэст уг эрэн сурвалжлах ажиллагааг түргэн, шуурхай гүйцэтгэх, ажиллагааны талаарх баримтыг ирүүлэхийг албан тоотоор хүргүүлсэн.

Албан тоотын хариунд эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа, оргодол олоогүй талаар мэдэгдсэн болно. /баримтаар/

Мөн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 4..7 дугаар албан бичгээр хил хамгаалах ерөнхий газарт хилээр орж гарсан лавлагаа хүргүүлсэн болно.

Уг албан бичгийн хариу 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн. /2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр МУ-ын хилээр гарсан бүртгэл/

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгчийг интерполоор эрэн сурвалжилж, олж тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Интерполын үндэсний төв товчоонд даалгаж, Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах улаан бүсэд зарлах талаар мэдэгдсэн болно.

Уг хэрэгт ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ...Ө дугаартай захирамжаар яллагдагч Ж.Э-т хилийн хориг, мөн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй, мөрдөгчид хил хамгаалах ерөнхий газар хүргүүлэхийг даалгаж, энэ талаар яллах дүгнэлтдээ ч прокурор дурдсан байдаг. Шүүгчийн захирамжид ч уг хилийн хоригийн талаар дурдаж үргэлжлүүлэн авсаар байсан. Шүүх хуралдаан 2020 онд 8 удаа, 2021 онд 13 удаа хойшилсон болно.

2020 онд урьдчилсан хэлэлцүүлэг 1 удаа хойшлогдож 2 дахь шүүх хуралдаанаар хэргийг шүүхэд шилжүүлэн, гэм буруугийн шүүх хуралдаан 6 удаа хойшлогдсон бөгөөд үүнээс 2 шүүх хуралдаанд хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт ирүүлснийг хангаж, 2 шүүх хуралдааныг ковидын нөхцөл байдлын улмаас, 2 шүүх хуралдаан шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч нар хурал давхацсан үндэслэлээр хойшлогдсон болно.

Мөн 2021 онд 6 удаа хохирогч Д.Э-ийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хойшлогдсон болно. Бусад ковид цар тахлын нөхцөл байдал, шүүгдэгч эмнэлэгт хэвтсэн, ковид туссан, өмгөөлөгч хурал давхацсан үндэслэлээр шүүх хуралдаан тус тус хойшлогдсон байна.

2020, 2021 онуудад цар тахлын улмаас маш их шүүх хуралдаан хойшлогдсон болно.

Хурал болгон дээр шүүгдэгч Ж.Э-ийг хориод өгөөч, хилийн хориг тавиад өгөөч, хэргийг шийдээд өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд угаасаа хилийн хоригтой талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байсан, мөн цар тахлын үед хил хорио бүгд хаалттай байсан болно.

Хохирогч Д.Э нь шүүх хуралдааныг биеийн эрүүл мэндийн байдлаас болж удаа дараа хойшлуулж, заавал биечлэн шүүх хуралдаанд оролцох талаараа өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргаж байсныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан болно. Шүүхийн зүгээс ч талуудыг тэгш оролцуулан хохирогчийн эрх, ашгийг нь хамгаалах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байсан.

Мөрдөн байцаалтад буцаан хэрэг дахин шүүхэд ирэхэд хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс мөн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх, дахин шалгуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан зэргээс уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх талаар гаргаж байсан гэх үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй юм.

2022 оны 9 дүгээр сарын сарын 02-ны өдөр хэрэг шүүхэд шилжин ирээд хуулийн хугацаанд нь шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр товлон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар мөрдөн байцаалтад буцаах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авалгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлэн, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан болно.

Шүүх гэм буруугийн эхний шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Э-ийг албадан ирүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар улсын яллагч болон хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн олж тогтоосон өдрөөс эхлэн цагдан хорих тухай шүүхийн захирамж гаргасан байна.

Үүний дараа 2 удаа шүүх хуралдаан зарлагдаж хэргийг түдгэлзүүлэн эрэн сурвалжлах захирамж гаргасан болно.

Харамсалтай нь шүүгдэгч Ж.Э Монгол Улсын хилээр гарч оргон зайлсан нөхцөл байдал 2023 оны 4 дүгээр сарын 19-ний Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон болно.

Шүүх шүүгдэгчийг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний товчоонд хандаж, шүүгдэгчийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, олж тогтоох, улаан бүсэд зарлуулах талаар захирамж гарган хүргүүлэн хуулийн хүрээнд нь боломжит ажиллагааг хийж байгаа болно.

Шүүгч би өргөсөн тангарагтаа үнэнч бөгөөд хэн нэгнээс хараат бусаар хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй тул хэн нэгэн этгээдэд албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгох нөхцөл байдлыг үүсгээгүй, гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааныг нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий хойшлуулж, хуульд заасны дагуу шүүгдэгчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах, хэргийг түдгэлзүүлэн улсын хэмжээнд эрэн сурвалжлах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, интерполоор эрэн сурвалжлах зэрэг ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэн ажилласаар ирсэн болно.

Иймд Шүүхийн Сахилгын хорооны гишүүн та хохирогч Д.Э гаргасан гомдлыг зөрчилд хамаарахгүй үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон дүгнэлт гаргаж өгнө үү...” гэж тайлбараа ирүүлсэн байна.

Эрүүгийн 18.......6 дугаартай шүүгдэгч Ж.Э , Ш.Б, Г.Д нарт холбогдох хэрэгт үзлэг хийж, сахилгын хэрэгт ач холбогдолтой 230 хуудас баримтуудыг хуулбарлан авав” гэжээ.

Шүүгч Д.Р сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: Сахилгын хэрэгтэй холбоотой тайлбараа дэлгэрэнгүй бичгээр гарган өгсөн байгаа. Би тухайн хэргийг 2020 онд хүлээж авсан ба 2021 онд хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан.

Энэ эрүүгийн хэргийг харахаар хохирогч Д.Э нь шүүх хуралдаанд дандаа өөрөө оролцох хүсэлтийг өөрөө ч, өмгөөлөгчөөрөө ч дамжуулан дандаа гаргадаг. Шүүх хуралдаан нь 2020 онд 6 удаа, 2021 онд 13 удаа үндэслэл бүхий, баримтын хүрээнд, талуудын эрх тэгш байдлыг хангахын тулд хойшлогдож байсан ба шүүх хуралдаануудын ихэнх нь хохирогчийн хүсэлтээр хойшлогддог байсан.

Тухайн хэргийн шүүх хуралдааныг явуулахын тулд 10-20 хоногийн хугацаагаар  л хойшлуулдаг байсан бөгөөд нэг ч удаа шүүхийн болон шүүгчийн зүгээс шалтгаалан шүүх хуралдааныг  хойшлуулж байгаагүй.

Сүүлд энэ хэрэг 2022 оны 9 дүгээр сард надад дахин хуваарилагдсан. Эхний шүүх хуралдаанаар талууд хойшлуулах хүсэлт ирүүлсэн бол 2 дахь шүүх хуралдаанаар хэргийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр “манай үйлчлүүлэгч Дарханд явж байгаа, хохирол барагдуулж байгаа” зэргээр хэлж байсан. Гэтэл шүүгдэгч хилээр гараад явчихсан буюу шүүгдэгч шүүх хуралдаанд ирээгүй гэдэг үндэслэлээр шүүгчийн хувьд би боломжит бүхий л арга хэмжээг авч, холбогдох бүх газар руу албан тоот явуулаад, сүүлд нь интерполын цэнхэр буланд зарлуулаад байна. 

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжиж байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч, иргэн Д.Э нь “...шүүгч нь эрүүгийн хэргийг 4 жил гаруй хугацаанд удаашруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа, ...шүүгдэгч Ж.Э-ийг цагдан хорилгүй, хилийн хориг тавилгүй, улсын хилээр гарах давуу байдал бий болгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн” гэх өргөдөл гаргажээ.

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 жил гаруй болж байгаа гэх тухайд:

 Илтгэгч гишүүн нь өргөдлийг хүлээн авч хянаад сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулахдаа Ж.Э, Ш.Б, Г.Д нарт холбогдох эрүүгийн  18.......6 дугаар хэрэгт үзлэг хийж, шаардлагатай гэж үзсэн холбогдох баримтуудыг хуулбарлан авч, сахилгын хэрэгт хавсаргасан байх ба сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа шүүгч уг эрүүгийн хэрэгт явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан эрхийн актуудыг нэг бүрчлэн дурдсан байна.

Дээрх эрүүгийн хэрэгт хийсэн үзлэг, сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ж.Э , Ш.Б, Г.Д нарт ... дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 377 дугаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн, шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/14..7 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаах хүртэл 1 жил, 8 сар, 16 хоногийн хугацаанд шүүгч

  • хохирогч Д.Э, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 6 удаа,
  • шүүгдэгч Г.Д-ийн хүсэлтээр 1 удаа,
  • түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 1 удаа,
  • шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгчийн хүсэлтээр 1 удаа,
  • шүүгдэгч Ж.Э-ийн хүсэлтээр 5 удаа,
  • түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 2 удаа,
  • ковид-9 цар тахлын улмаас 5 удаа шүүх хуралдаануудыг тус тус хойшлуулж байжээ. /1 дүгээр с.х-ийн 44-123 тал/

Улмаар Ж.Э , Ш.Б, Г.Д нарт прокурор 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7..1 дүгээр яллах дүгнэлт үйлдэгдэн, шүүхэд дахин шилжүүлж, шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/...5 дугаар захирамжаар шүүгдэгч Ж.Э-ийг оргон зайлсан гэж үзэн эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх хүртэлх 3 сар 7 хоногийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад

  • шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 1 удаа хойшлогдож,
  • хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд шүүгдэгч Ж.Э хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг эрэн сурвалжлуулахаар 1 удаа,
  • эрэн сурвалжлуулах үйл ажиллагааны талаарх баримт шүүхэд ирээгүй гэх үндэслэлээр 1 удаа шүүх хуралдаан хойшлогдож байсан байна. /1 дүгээр с.х-ийн 163-241 тал/

Дээрхээс үзэхэд эрүүгийн 18.......6 дугаар хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Д.Р нь оролцогч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан шүүхэд хүсэлт, гомдол гаргах эрхийг хангаж, шүүх хуралдаануудыг хойшлуулан товлож, хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг тухай бүр шийдвэрлэж байжээ.

Мөн Монгол Улсад 2020-2022 онуудад корона вирусийн халдвар тархаж, 2020-2021 онуудад улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжин, удаа дараа тодорхой хугацаа заан хөл хорио тогтоож байсан нийтэд илэрхий, тодорхой үйл баримт юм.

Шүүгч 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлохоос 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийг прокурорт буцаах хүртэл 11 хоног ба түүнээс дээш хоногийн хугацаатай шүүх хуралдаануудыг товлон зарлаж байснаас үзэхэд шүүгчээс шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраагүй байх тул түүнийг зөрчил гаргасан гэж үзэхгүй болно.

2.Шүүгдэгч Ж.Э-ийг цагдан хорилгүй, хилийн хориг тавилгүй улсын хилээр гарах давуу байдал бий болгосон гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх явцад ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б-ын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ...Ө дугаар захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Ж.Э-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. /1 дүгээр с.х-ийн 35-36 тал/

Шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх гэсэн боловч шүүгдэгч Ж.Э хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүйг  тул түүнийг “шүүх хуралдаанд удаа дараа саад учруулсан, оргон зайлсан” гэж үзэн шүүгч Д.Р-ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/...5 дугаар захирамжаар уг хэргийг түдгэлзүүлж, Ж.Э-ийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэжээ. /1 дүгээр с.х-ийн 234-236 тал/

Шүүгдэгч Ж.Э нь шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын хилээр гарсан болох нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2....27 дугаар албан бичгээр тогтоогдсон. /1 дүгээр с.х-ийн 237-239 тал/

Улмаар шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/1..6 дугаар захирамжаар Ж.Э-ийг Интерполоор эрэн сурвалжлуулахаар захирамжилсан байна. /1 дүгээр с.х-ийн 237-239 тал/

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/1..2 дугаар захирамж гарахаас өмнө шүүгдэгч Ж.Э 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийг прокурор, мөрдөгч хяналт тавих байгууллагад даруй мэдэгдэнэ” гэж заасан.

Шүүгч С.Б-ын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ...Ө дугаар захирамжийн 3 дахь заалтаар Ж.Э-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг ... дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч дэслэгч Г.Б-т даалгасан байна.

Мөн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь эрүүгийн хэрэгт үзлэг хийхэд хэргийн оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй болох нь үзлэгийн тэмдэглэл, илтгэгч гишүүний саналаар тогтоогдож байна. /1 дүгээр с.х-ийн 10-13, 2 дугаар с.х-ийн 4-15 тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд илтгэгч гишүүний “...яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөх, хүчингүй болгох, сунгуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн оролцогч санал, хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх санаачилгаараа яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, сунгах, хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгч Д.Р нь шүүгдэгч Ж.Э-ийг цагдан хорилгүй, хилийн хориг тавилгүй, улсын хилээр гарч явах давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзлээ.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Д.Р нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт нотлогдож, тогтоогдоогүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ГС/2024/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Р-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                     Д.МЯГМАРЦЭРЭН

                С.ЭНХТӨР