МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-01-10
Дугаар 2
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Номин нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2023/0135 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Өргөдөл гаргагч, буюу иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь “...шүүгч Д.Б нь албажуулах захирамж гараагүй байхад удаа дараа талуудын хүсэлтийг шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг 17 цаг 00 минутад товлосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүлээж байгаад ажлын цаг дууссаны дараа 17 цаг 35 минутад эхлүүлсэн, шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргахад хуульчийн эрхтэй чинь ярина шүү гэж сүрдүүлсэн, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгчийн ... дугаар захирамжаар гомдол гаргах эрхийг маань хязгаарласан болон шүүгчийн мөн өдрийн ... дугаар захирамжаар үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулсан гэх тухайд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.23, 50.1.26-д заасныг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
1. Албажуулах захирамж гараагүй байхад удаа дараа талуудын хүсэлтийг шийдвэрлэсэн гэх тухайд: “К С Э Ү Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, “А П Л” ХХК-д холбогдох нэхэмжлэлд тухайн үед тус шүүхэд томилолтоор ажиллаж байсан шүүгч Ж.Л 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар зарлигаар Д.Б-ийг тус шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор дээрх иргэний хэрэг нь шүүгч Д.Б-т шилжсэн бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжаар уг иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Б-ийг томилсон шийдвэрийг албажуулжээ. Шалгах ажиллагааны явцад дээрх иргэний хэрэгт үзлэг хийхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах хүртэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгч Ж.Л 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ... дүгээр захирамжаар хангасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “дээрх шүүгчийн ... дүгээр захирамжид өөрчлөлт оруулах тухай” хүсэлт гаргасныг шүүгч Ж.Л 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар захирамжаар хангахаас татгалзсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... дугаар захирамж нь гомдол гаргах эрхгүй гарсан байна. Иймд уг захирамжид өөрчлөлт оруулж, гомдол гаргах хуулиар олгогдсон эрхээр хангаж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүгч Д.Б 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, уг захирамжид өөрчлөлт оруулжээ. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг шүүгч Д.Б 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ... дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “үзлэг хийлгэх тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжаар хангаагүй орхиж шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох”, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Ерөнхий шүүгчийн бүрэн эрх”, 17.1.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарах албажуулах захирамж нь иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах гэж ойлгогдож байна. Түүнчлэн тухайн иргэний хэрэг шүүгч Д.Б-т шилжсэнийг иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мэдсэн болох нь шүүгч Д.Б-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжийг гардуулсан тухай баримт болон Б.А-ийн “2022 оны 9 дүгээр сарын дундаас шүүгчийн туслах Б.С утасдаад манай шүүгч Д.Б-т танай хэрэг шилжиж ирсэн талаар хэлэхэд би мэдсэн” гэх гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үзэхэд шүүгч Д.Б нь иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчийг албажуулах хүртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” хүсэлт 1, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх болон үзлэг хийлгэх тухай” гэх 2 хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор дээрх иргэний хэрэг нь шүүгч Д.Б-т шилжсэн тул уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан буюу дээрх 3 хүсэлт шийдвэрлэсэнд түүнийг буруутай гэж үзээгүй болно. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгчийг Ерөнхий шүүгч нь хэзээ албажуулах талаарх зохицуулалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулагдаагүй байх тул уг үндэслэлээр шүүгчийг буруутгаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
2. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг 17 цаг 00 минутад товлосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүлээж байгаад, ажлын цаг дууссаны дараа 17 цаг 35 минутад эхлүүлсэн гэх тухайд: Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд өргөдөлд дурдагдсан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны ... дүгээр тэмдэглэлд шүүх хуралдааныг 17 цаг 35 минутаас 20 цаг 25 минут хүртэл үргэлжилсэн гэж тэмдэглэсэн бол харин шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг үзэхэд шүүх хуралдаан нь 17 цаг 25 минутаас эхэлж, 20 цаг 26 минут 47 секунд хүртэл үргэлжилсэн гэж бичигджээ. Мөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А-ийн “өмнөх шүүх хуралдаанууд хойшилсоор байгаад хожигдож эхэлсэн. Гэхдээ шүүх хуралдаан нь товлосон цагаасаа хойш эхэлсэн ч ажлын цаг дуусахын өмнө эхэлсэн”, “хэрэв ажлын цаг тарах юм бол шүүх хурал орохгүй гэж ойлгоод шүүгчийн туслахаас асуухад ажлын цаг арай дуусаагүй байна, орчих байх аа гэж хэлж байсныг санаж байна. ” гэх мэдүүлэг, шүүгч Д.Б-ийн “...Шүүгч би дээрх өдөр 6 шүүх хуралдаан зарласан байсан. 16 цаг 00 минутад зарласан “П С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б Ж Э К” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 17 цаг 15 минутад дууссан. “К С Э Ү Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, “А П Л” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг өмнөх хурал дууссанаас хойш 10 минутын дараа буюу 17 цаг 25 минутад эхлүүлсэн...” гэх тайлбар. Мөн ..., ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1568 дугаар албан бичгээр “шүүгч Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нийт 6 шүүх хуралдаан товлон зарласан бөгөөд өргөдөлд дурдагдсан “К С Э Ү Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, “А П Л” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны өмнө нь “П С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б Ж Э К” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан товлогдсон байсан болох нь нотлогдож байна. Тухайн “П С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б Ж Э К” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан нь 17 цаг 15 минутад дууссан, харин “К С Э Ү Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, “А П Л” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 17 цаг 25 минутаас эхэлсэн болох нь мөн өдрийн дуу-дүрсний бичлэг, гэрчийн мэдүүлэг, тус шүүхийн Тамгын газрын албан бичиг зэргээр тогтоогдож байна. Иймд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг 17 цаг 35 минутаас эхэлсэн бус, харин ажлын цаг дуусахаас өмнө буюу 17 цаг 25 минутаас эхэлсэн байх тул шүүгчийг ажлын цаг дууссаны дараа шүүх хуралдааныг эхлүүлсэн гэж үзэхгүй.
3. Шүүх хуралдааны явцад “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргахад хуульчийн эрхтэй чинь ярина шүү гэж сүрдүүлсэн гэх тухайд: Шалгах ажиллагааны хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг тус шүүхийн Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар албан бичгээр авсан бөгөөд тухайн дуу-дүрсний бичлэг нь нийт 1 цаг 05 минут 06 секунд үргэлжилсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг байна. Дээрх шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “NVR_ch4_main_20221006180232_20221006190000” гэх нэртэй бичлэгийн 18 цаг 07 минут 19 секундээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ярьж байгаагаар бичлэг дуусаж байхад харин “NVR_ch4_main_20221006190000_20221006194322” гэх нэртэй дараагийн бичлэг нь даргалагч нотлох баримт шинжлэн судалж байгаар эхэлж байсан болно. Уг нөхцөл байдлыг тодруулахаар тус шүүхийн Тамгын газрын мэдээлэл, технологийн мэргэжилтэн Б.Т-с гэрчийн мэдүүлэг авахад “бичлэгийг бүрэн үзээгүй болохоор мэдэхгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид байгаа эсэхийг хараад л хуулбарладаг”, “бичлэг хийх төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг мэдээлэл, технологийн мэргэжилтэн хянах бол, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг бүрэн бүтэн бичих нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хийх үүрэгт ажил” гэсэн бол шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А гэрчийн мэдүүлэгтээ “би заасан журмынх нь дагуу бичлэгээ хийсэн. Гэхдээ багтаамж нь дүүрээд бичээгүй юм болов уу, мэдэхгүй байна”, “...Тухайн үед шүүх хуралдааныг нээхэд бичлэгийг эхлүүлээд завсарлахад унтраасан байх ёстой” гэх мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдааны “NVR_ch4_main_20221006180232_20221006190000” нэртэй 5 минут 27 секундийн дуу-дүрсний бичлэгийг үзэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь дуу-дүрсний бичлэгийг компьютерын хулганаар эхлүүлж байна. Тэрээр тухайн бичлэгийг дундаас нь зогсоосон гэхээр үйл хөдлөл гаргаагүй буюу дуу-дүрсний камерын дэлгэц рүү харалгүй, шүүх хуралдааны тэмдэглэл бичиж байгаагаар бичлэг дуусаж байна. Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр шүүгч Д.Б-ийн зүй бус авирласан буюу дээрэнгүй харьцаж, хуульчийн чинь эрхтэй ярина шүү гэж сүрдүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй болсон тул уг шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас тодруулж, тайлбар, мэдүүлэг авлаа. Гэрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У мэдүүлэгтээ: “энэ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан эсэхийг нь санахгүй байна. Энэ хэргийн хойшлогдож байсан шүүх хуралдаануудад Б.А нь “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг хэд хэдэн удаа гаргаж байсан санагдаж байна. Гэхдээ яг дээрх өдрийн шүүх хуралдаанаар уг хүсэлтийг гаргасан эсэхийг тодорхой санахгүй байна” гэх, гэрч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А мэдүүлэгтээ: “шүүгч “хуульчийн эрхтэй чинь ярина шүү” гэж хэлж байгаагүй. Шүүх хуралдаан эхлэхэд талуудаас “татгалзал байна уу” гэж асуухад “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг Б.А гаргахад даргалагч “түрүүн танаас асуухад та татгалзал байхгүй гэж байсан. Шүүх хуралдаанаа цааш үргэлжлүүлье” гэсэн. Харин гэрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А мэдүүлэгтээ: “Шүүх хуралдааны дарааллын дагуу даргалагч “татгалзан гаргах үндэслэл бий эсэхийг” асуухад би “одоогоор байхгүй” гэж хариулсан. Ингээд шүүх хуралдааны явцад би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирэхгүй байхад хүлээж байгаад шүүх хуралдааныг эхлүүлсэн тул үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учраас шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч Д.Б татгалзах шат өнгөрсөн гээд цааш шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Би уул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “аль ч шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж болно” гэж зааснаар хариуцагчийн хариу тайлбар ярих шатанд “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтээ гаргасан. Гэтэл шүүгч татгалзлын шат өнгөрсөн гээд хүлээж аваагүй. Тухайн үед 2023 оны Улсын дээд шүүхийн тайлбар гараагүй байсан үе юм”, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор би “татгалзлаа шийдвэрлүүлсний дараа нь хуралдааныг үргэлжлүүлье” гэж удаа дараа хэлсэн боловч шүүгч хүлээж аваагүй харин “Хуульчдын холбоонд хандана, эрхтэй чинь ярина шүү” гэж хэлээд хурлыг үргэлжлүүлсэн” гэх мэдүүлэг өгсөн. Мөн өргөдөл гаргагч нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “шүүх хуралдааны дарааллын дагуу даргалагч татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг асуухад би одоогоор байхгүй гэж хариулсан. Ингээд шүүх хуралдааны явцад би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирэхгүй байхад хүлээж байгаад шүүх хуралдааныг эхлүүлсэн тул үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учраас шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан” гэх мэдүүлэг өгсөн. Шалгах ажиллагааны явцад үзлэг хийсэн шүүх хуралдааны дуу-дүрсний “NVR_ch4_main_20221006172507_20221006173626” гэх нэртэй бичлэгийн 17 цаг 26 минут 12 секундээс даргалагч “шүүх хуралдааны даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэрлэн танилцуулаад талуудаас татгалзал бий эсэхийг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У “татгалзал байхгүй”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “байхгүй” гэж хариулж байна. Тодруулбал шүүх хуралдаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой дарааллын дагуу, шүүх хуралдааны даргалагчийн удирдлага дор явагддаг бөгөөд шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон ... дүгээр тэмдэглэлээр Б.А нь “одоогоор байхгүй” гэж хэлээгүй болох нь тогтоогдсон болно. Шүүгч Д.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн гэх үйл баримтыг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоох боломжгүй болсон, мөн гэрч П.У, А.А, Б.А нарын мэдүүлгүүд нь зөрүүтэй байх тул шүүгчийг дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн өргөдөл гаргагч Б.А “шүүгч татгалзлыг шийдүүлэх гэхээр шийдэхгүй, Хуульчдын холбоотой чинь ярина шүү” гэж байгаа үйлдэл нь хэргийн оролцогчтой зүй бус харилцаж байгаа үйлдэл, мөн шүүгч нь дээрэнгүй, би шүүгч гэсэн байр сууринаас харьцдаг байсан” гэх мэдүүлэг өгсөн боловч шүүх хуралдааны бичигдсэн байгаа дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч нь шүүх хуралдааныг даргалан явуулахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй илт дээрэнгүй харьцсан” гэхээр үг, хэл, үйлдэл гаргаагүй байх тул шүүгч Т.Б-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.
4. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгчийн ... дугаар захирамжаар гомдол гаргах эрхийг маань хязгаарласан болон шүүгчийн мөн өдрийн ... дугаар захирамжаар үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулсан гэх тухайд: Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, шүүгчийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмгөөлөгч авах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргуулах”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлтүүд гаргасныг хангахаас татгалзаж, харин шүүгчийн ... дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан “шүүх шинээр ...тоотод байрлах 205 м.кв талбайтай орон сууц болон зоорийн давхарт байрлах 6 тоот авто зогсоолын эрх бүхий этгээдээс олгосон хаяг, байршлын тодорхойлолт, түүнийг бүртгэсэн бүртгэлийн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулах шаардлагатай гэж үзэн” шүүх хуралдааныг хойшлуулжээ. Шүүгчийн ... дугаар захирамжийн талаар: Тухайн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “хэргийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт гаргасанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...түдгэлзүүлэх үндэслэлгүй байна” гэх тайлбар хэлж, хүсэлтийг хэлэлцэн хангахаас татгалзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...80, ...дүгээр зүйлд заасан ...шүүгчийн захирамж, ...-т гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. Шүүх хуралдааны “NVR_ch4_main_20221006180232_20221006190000” гэх нэртэй бичлэгийн 18 цаг 04 минут 13 секундээс даргалагч “хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангаагүй үндэслэлээ тайлбарлаж, 18 цаг 05 минут 45 секундээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гомдол гаргах эрхтэй тул захирамжид өөрчлөлт оруулна уу” гэх тайлбар хэлжээ. Дээрхээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй орхисон нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй байна. Шүүгчийн ... дугаар захирамжийн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2014 оны дэлгэрэнгүй тайлбарт 38 дугаар зүйлийн 38.9 хэсгийг “шүүх хуралдааны явцад болон шүүх хуралдаанаар зохигчдын мэтгэлцээний явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүхийн журмаар өөрийн санаачилгаар нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах зохицуулалт билээ. Эсхүл шүүхэд нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх явцад цугларсан нотлох баримтуудыг шүүх судал, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасар эрх байдаг. Мөн дээрх үндэслэлээр зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх, түүнийг шаардан авахаас татгалзах эрхтэй юм. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ шүүгч захирамж гаргана, захирамжид үндэслэлээ нэн тодорхой заах ёстой” гэж тайлбарласан байна. Шүүгчийн ... дугаар захирамжаас үзэхэд шүүгч Д.Б нь ямар баримт, ямар үндэслэлээр тухайн хавтаст хэрэгт шаардлагатай байгааг захирамжийн үндэслэх нь хэсэгтээ тодорхой тайлбарласан буюу нэхэмжлэгчийн “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай” ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан тухайн шаардсан авто зогсоолын албан ёсны хаяг, байршил тодорхой бус байх тул ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, хариуцагч “А П Л” ХХК-иас гаргуулахаар захирамжилжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн, ... дүгээр тогтоолоор шүүгчийн ... дугаар захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон байна. Иймд шүүгч Д.Б нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжийг гаргасан байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
5.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй гэх тухайд: Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хэлэлцэн, шүүгчийн ... дүгээр захирамжийн 3 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Шүүгч Д.Б ... дүгээр захирамждаа “...талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-тэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд тус гэрээг буюу 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг цуцалж, ийнхүү цуцалсны үр дагаврыг гэрээнд заасны дагуу арилгахыг хариуцагч БНСУ-ын “К С Н И Д” ХХК-д даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “үндсэн нэхэмжлэлтэй хат шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан эсэхийг, 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулдаг. Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм. Түүнчлэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасныг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ... дугаар тогтоолоор “шүүгчийн ... дүгээр захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 3 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д гэснийг 65.1.11-д гэж өөрчилж, бусад хэсэг заалтыг хэвээр үлдээн” өөрчлөлт оруулжээ. Иймд шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаж, тухайн захирамжийн үндэслэлийг гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “65.1.6 гэснийг 65.1.11 гэж өөрчлөлт оруулсан” байх тул шүүгчийг уг үндэслэлээр буруутгаж хууль зөрчсөн гэж үзэхгүй.
6. Шүүгч хууль заасан хугацааг хэтрүүлсэн гэх тухайд: Тухайн иргэний хэрэг нь шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэснээс хойш 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар шийдвэрээр шийдвэрлэх хүртэл 573 хоног болжээ. Үүнээс шүүгч Д.Б 499 хоногт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, ...дотор ...шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан тул шүүгч Д.Б нь хуульд заасан хугацааг 483 хоног хэтрүүлсэн байна. Гэхдээ шүүгч Д.Б нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 992 нэхэмжлэл хүлээн авч, 2598 шүүгчийн захирамж, 18 шүүхийн тогтоол, 471 шийдвэр гаргаж, 927 шүүх хуралдаан даргалж, 113 шүүх хуралдаанд бүрэлдэхүүнээр оролцсон, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүгч Д.Б нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар тогтоолоор шүүгч нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сургалтад хамрагдахаар ажлын 9 өдөр чөлөөтэй байсан болох нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна. Дээрхээс үзэхэд Д.Б нь шинээр томилогдсон шүүгчийн хувьд албан ажлын ачаалал өндөртэй ажилласан, мөн бусад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасныг зөрчсөн санаатай гэж үзэх боломжгүй юм. Дээрхийг нэгтгэн дүгнээд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.23, 50.1.26-д заасныг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэж үзсэн тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.” гэжээ.
Шүүгч Д.Б тайлбартаа: “...Гомдолд шүүх хуралдаан даргалагчийг томилж, албажуулсан захирамж гараагүй байхад удаа дараа талуудын хүсэлтийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэсэн тухайд: “К С Э Ү Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, “А П Л” ХХК-д холбогдох иргэний хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор шүүгч надад хуваарилагдсаны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 00 минутад товлосон. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжаар дээрх иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Б-ийг томилсон шийдвэрийг албажуулсан. Иймд хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх агуулгатай гомдол үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. Гомдолд “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 00 минутад хийхээр товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь товлосон цагтаа ирээгүй, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийг хүлээж байгаад 17 цаг 35 минутад шүүх хуралдааныг эхлүүлсэн” гэсэн тухайд: Шүүгч би дээрх өдөр 6 шүүх хуралдаан зарласан ба 16 цаг 00 минутад зарласан “П С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б Ж Э К” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 17 цаг 15 минутад дууссан. “К С Э Ү Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, “А П Л” ХХК-д холбогдох иргэний хэргийн 17 цаг 25 минутад эхлүүлсэн. Шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын төлөөлөгч ирцтэй байсан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийг буцаалгах ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иймд “шүүх хуралдаан 17 цаг 35 минутад шүүх хуралдааныг эхлүүлсэн” гэх гомдол үндэслэлгүй. Гомдолд “нэхэмжлэгчийн төлөөлөгчийг хүлээж байгаад 17 цаг 35 минутад шүүх хуралдааныг эхлүүлж, үүнтэй холбоотойгоор шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзсан боловч хуульчийн эрхтэй чинь ярина шүү гэж сүрдүүлсэн” гэсэн тухайд: Шүүх хуралдааныг 17 цаг 25 минутад эхэлсэн болохыг дээр дурдсан бөгөөд нэхэмжлэгчийг хүлээсэнтэй холбоотойгоор шүүгчээс татгалзсан татгалзал гаргаагүй. Шүүх хуралдааны дэгийн дагуу талуудаас хуульд заасан үндэслэлээр татгалзал байгаа эсэхийг асуухад зохигч талууд байхгүй гэж хариулсан. Шүүгч би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид “хуульчийн эрхтэй чинь ярих болно шүү” гэсэн зүйл хэлээгүй. Гомдолд “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг үндэслэлгүй хойшлуулсан” гэсэн тухайд: Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт шүүх хуралдааны явцад шинээр шаардлагатай болсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамжид гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дүгээр тогтоолоор хянан хэлэлцэж, захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон. Иймд шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулсан гэх гомдол үндэслэлгүй. Гомдолд “сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан” гэсэн тухайд: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзсан. Тухайн захирамжийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гомдлыг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар тогтоолоор ... дүгээр захирамжийн захирамжлах нь хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д гэснийг 65.1.11-д гэж өөрчилж, бусад хэсэг заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хийхээр 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр товлосон. Нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн огноотойгоор ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гардуулсан. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасантай холбоотойгоор хойшлуулсан. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ... дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж орхиж шийдвэрлэсэн. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар захирамжаар “сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус буюу сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өмнөх үндэслэл арилаагүй, мөн хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүгчийг татгалзан гаргах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, үзлэг хийлгэх, шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлтийг тус тус гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны ... дүгээр захирамжаар шийдвэрлэсэн байх тул урьд гаргасан үндэслэлээр дахин гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож, үзлэг хийлгэх хүсэлтийн үндэслэл, шалтгаан тодорхойгүй буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах зорилгоор үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхойгүй үндэслэлээр хангахгүй орхиж, хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авч, өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, хойшлуулсан. Гомдолд “2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргах эрхийг олгоогүй” гэсэн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хэргийн оролцогчид олгоогүй. Б.А-ийн гомдолд дурдсан асуудлыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “П С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б Ж Э К” ХХК-д холбогдох хэргийн “К С Э Ү Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, “А П Л” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааны бичлэгээс тодруулах боломжтой” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагчаас “...шүүгч Д.Б нь албажуулах захирамж гараагүй байхад удаа дараа талуудын хүсэлтийг шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг ажлын цаг дууссаны дараа 17 цаг 35 минутад эхлүүлсэн, шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргахад хуульчийн эрхтэй чинь ярина шүү гэж сүрдүүлсэн, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар гомдол гаргах эрх хязгаарласан, мөн өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулсан, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэх агуулгаар буюу шүүгчийн явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, “К С Э Ү Х” ХК-аас “А П Л” ХХК-д холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үүрэг гүйцэтгэх хугацааг хожимдуулсны алдангид 278.760 америк доллар буюу 858.826.109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Л хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар зарлигаар Д.Б-ийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, мөн сарын 19-ний өдрийн ... дугаар “Хэрэг, нэхэмжлэл хуваарилах тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор дээрх иргэний хэргийг шүүгч Д.Б-т хуваарилсан байна.
Улмаар тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Б-ийг томилсон шийдвэрийг албажуулжээ. /сахилгын хэргийн 31, 179/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгч албажуулна” гэж тус тус заасан.
Шүүгч Д.Б нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тус хэргийг шилжүүлж авснаас хойш хуралдаан даргалагчийг албажуулах захирамж гарах хүртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” 1 хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх болон үзлэг хийлгэх тухай” 2 хүсэлтийг тус тус шийдвэрлэсэн байна. Ийнхүү шүүгч өөрт хуваарилагдсан хэрэгт хуульд заасан бүрэн эрх хэмжээний хүрээнд ажиллагаа явуулсан нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ. Учир нь даргалагчаар томилсон шийдвэр хэдийд албажсанаас үл хамаарч шүүгч өөрт хуваарилагдсан хэрэгтээ хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй.
Хоёр. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг ажлын цаг дууссаны дараа 17 цаг 35 минутад эхлүүлсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 00 минутад хийхээр товлосон байна. /сахилгын хэргийн 47/
2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан 17 цаг 35 минутад эхэлж, 20 цаг 25 минутад дууссан гэж, харин тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хуралдаан 17 цаг 25 минутад эхэлж, 20 цаг 26 минутад дууссан гэж бичигджээ. Энэ талаар нарийн бичгийн дарга А.А “өмнөх шүүх хуралдаанууд хойшилсоор байгаад хожигдож эхэлсэн. Гэхдээ шүүх хуралдаан нь товлосон цагаасаа хойш эхэлсэн ч ажлын цаг дуусахын өмнө эхэлсэн”, “хэрэв ажлын цаг тарах юм бол шүүх хурал орохгүй гэж ойлгоод шүүгчийн туслахаас асуухад ажлын цаг арай дуусаагүй байна, орчих байх аа гэж хэлж байсныг санаж байна. ” гэж мэдүүлжээ.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар албан бичгээр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны зарыг хавсралтаар ирүүлсэн байх бөгөөд шүүгч Д.Б-ийн даргалсан “П С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б Ж Э К” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 17 цаг 15 минутад дуусаж, “К С Э Ү Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, “А П Л” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 17 цаг 25 минутад эхэлсэн талаар бичигджээ. Иймд шүүх хуралдаан 17 цаг 25 минутад эхэлсэн болох нь тогтоогдож байна. /сахилгын хэргийн 155-156/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т “Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно.” гэж зааснаас үзвэл өдрийн цагийг 06 цагаас 22 цаг хүртэлх хугацааг ойлгохоор байна. Иймд шүүгч шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулсан байх тул өргөдөлд дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй.
Гурав. Шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргахад хуульчийн эрхтэй чинь ярина шүү гэж сүрдүүлсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд бичлэг дутуу бичигдсэн байсан тул өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Гэрч П.У “... 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан эсэхийг нь санахгүй байна. Энэ хэргийн хойшлогдож байсан шүүх хуралдаануудад Б.А нь шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэд хэдэн удаа гаргаж байсан санагдаж байна. Гэхдээ яг дээрх өдрийн шүүх хуралдаанаар уг хүсэлтийг гаргасан эсэхийг тодорхой санахгүй байна...” гэж, гэрч А.А “... шүүгч хуульчийн эрхтэй чинь ярина шүү гэж хэлж байгаагүй. Шүүх хуралдаан эхлэхэд талуудаас татгалзал байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Б.А гаргахад даргалагч түрүүн танаас асуухад та татгалзал байхгүй гэж байсан...” гэж, гэрч Б.А “...Шүүх хуралдааны дарааллын дагуу даргалагч татгалзан гаргах үндэслэл бий эсэхийг асуухад би одоогоор байхгүй гэж хариулсан. Ингээд шүүх хуралдааны явцад би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирэхгүй байхад хүлээж байгаад шүүх хуралдааныг эхлүүлсэн тул үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учраас шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч Д.Б татгалзах шат өнгөрсөн гээд цааш шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Би уул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд аль ч шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж болно гэж зааснаар хариуцагчийн хариу тайлбар ярих шатанд шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтээ гаргасан. Гэтэл шүүгч татгалзлын шат өнгөрсөн гээд хүлээж аваагүй. Тухайн үед 2023 оны Улсын дээд шүүхийн тайлбар гараагүй байсан үе юм, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор би татгалзлаа шийдвэрлүүлсний дараа нь хуралдааныг үргэлжлүүлье гэж удаа дараа хэлсэн боловч шүүгч хүлээж аваагүй харин Хуульчдын холбоонд хандана, эрхтэй чинь ярина шүү гэж хэлээд хурлыг үргэлжлүүлсэн...” гэж тус тус мэдүүлжээ. Иймд гэрч П.У, А.А нарын мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгч хэргийн оролцогчтой зүй бус харьцсан гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Дөрөв. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар гомдол гаргах эрх хязгаарласан, мөн өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгч авах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг тус тус ... дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ.” гэж заасан.
Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах эсэх нь шүүгчийн бүрэн эрх хэмжээний асуудал бөгөөд хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасан гомдол гаргах зохицуулалтад хамаарахгүй тул хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.
Шүүгч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулах шаардлага гэж үзэж, шүүх хуралдааныг 181/ШЗ2022/13298 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /сахилгын хэргийн 61-68/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ээс дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, ... дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /сахилгын хэргийн 69-72/
Иймд шүүгч Д.Б нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон, нотлох баримт гаргуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.
Тав. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг ... дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзжээ. /сахилгын хэргийн 76-81/
Тус захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар тогтоолоор “шүүгчийн ... дүгээр захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 3 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д гэснийг 65.1.11-д гэж өөрчилж, бусад хэсэг заалтыг хэвээр үлдээн” шийдвэрлэжээ. /сахилгын хэргийн 82-86/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ заасан ба дээрх шүүгчийн захирамжид хариуцагч тал гомдол гаргаж, хуульд заасны дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүн захирамжийг хянасан байна. Шүүхийн сахилгын хороо шүүгчийн гаргасан эрхийн актыг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхийг хуулиар олгоогүй.
Зургаа. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн гэх тухайд:
Дээр дурдсанчлан, тус иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар үүсгэж, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Д.Б-т шилжүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүгч Д.Б нь хэргийг хүлээн авснаас хойш шийдвэрлэх хүртэл хугацаанд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай”, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ... дүгээр “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай”, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай”, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай”, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай”, мөн өдрийн ... дугаар “Нотлох баримт гаргуулж, шүүх хуралдаан хойшлуулах тухай”, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай”, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай”, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар “Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай”, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай”, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжуудыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулсан байна.
Түүнчлэн, шүүгч Д.Б нь дээрх хугацаанд 992 нэхэмжлэл хүлээн авч, 2598 шүүгчийн захирамж, 18 шүүхийн тогтоол, 471 шийдвэр гаргаж, 927 шүүх хуралдаан даргалж, 113 шүүх хуралдаанд бүрэлдэхүүнээр оролцсон, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан, мөн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл сургалтад хамрагдахаар ажлын 9 өдөр чөлөөтэй байсан болох нь сахилгын хэрэгт цугласан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, ...дотор ...шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь заалт, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2023/0135 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Б.А-ийн өргөдлөөр ... анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
Х.ХАШБААТАР