МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-14
Дугаар 62
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Н.Б-, ... шүүгч О.О-, ... шүүхийн шүүгч Г.С- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгч Н.Б- Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа: “... шүүхийн шүүгч Н.Б- миний бие Авлигатай тэмцэх газраас Шүүхийн Ёс зүйн Хороонд хүргүүлсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай мэдээлэлтэй танилцан үл зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус мэдээлэлд “... Мэдүүлэг гаргагч Н.Б- нь гэр бүлийн гишүүн болох нөхөр Х.Г-н төрсөн ах Х.Г нарын дундын өмчлөлийн ... дүүргийн .. дугаар хороо ... дүгээр байрны ... тоотын орон сууцыг мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт ... мэдүүлээгүй зөрчил гаргасан гэжээ. ... манай гэр бүлийн аль нэг гишүүн тус байрны хувьд өмчлөгчийн ашиг сонирхолгүй, хууль ёсны болон эдийн засгийн хувьд жинхэнэ өмчлөгч /бенефициар өмчлөгч/ хэмээн тооцогдох этгээдүүд биш. Энэ ч агуулгаар миний бие тус орон сууцыг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийн “төлөөлөл хэрэгжүүлсэн байдал” гэх хэсэгт тогтмол мэдүүлж ирсэн. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээлэлд “... Мэдүүлэг гаргагч Н.Б- нь ... нөхөр Х.Г-н үүсгэн байгуулж, хувь эзэмшиж буй Д ХХК, МБМ Х ХХК, Б ХХК, Ж ХХК, Г ХХК, К ХХК-иудын талаар мэдүүлгийн “Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт” хэсэгт мэдүүлээгүй зөрчил гаргасан гэжээ. Эдгээр компаниудын талаар Авлигатай тэмцэх газраас 2019 оны 07 дугаар сард утсаар холбогдоход анх удаа сонсож нөхөр Х.Г-с лавлан зарим мэдээллийг олж авсан. Тэрээр түүний байгуулсан гэх компаниуд нь бүгд X тайлан гаргадаг, үйл ажиллагаа явуулж байгаагүй, өнгөрсөн хугацаанд огт ашиг олж байгаагүй учир надад мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн, түүнчлэн зарим компанийн хувьд 10 жилийн өмнө байгуулсан тул мартсан, санахгүй байгаа талаараа надад тайлбарласан...” гэжээ.
Шүүгч О.О- Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа: ... дүүрэг,... дүгээр хороо, ... байрны ... тоот ... өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр 1998 оноос хойш нөхөр Г.Г бүртгэлтэй болохыг миний бие Авлигатай тэмцэх газраас ярьснаар анх олж мэдсэн. Уг орон сууцанд хадам эцэг, эх амьдардаг. Дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг би огт үзэж байгаагүй бөгөөд “Нэг хүний буюу хадам эцэг Д.Г-ын өмчлөлд байдаг, нөхрийн дүү болох Г.Г-т өвлүүлнэ” гэж намайг анх 2002 онд бэр болж орж ирэхээс авхуулаад хадам эцэг, эх ярьдаг байсан. Үүнийг нөхөр Г.Г мөн дэмжиж тайлбарладаг байсан. Энэ хугацаанд уг орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаагүй тул улсын бүртгэлээс өмчлөгчтэй холбоотой лавлагаа авч байгаагүй юм. Миний хувьд хөрөнгийг худал мэдээлэх, нуух ямар нэг санаа зорилго байгаагүйг анхаарч үзэхийг хүсье гэжээ.
Шүүгч Г.С- Шүүхийн ёс зүйн хороо болон Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: Өөрийн эцэг Д.Г, эгч Г.С нартай хамтран өмчилж буй ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот орон сууц 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүртгэлтэй байгааг мэдүүлээгүй нь тухайн үед хувийн орон сууцны зээл авах зорилгоор хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд энэ асуудал нааштайгаар шийдэгдээгүй юм. Иймд хамтран өмчлөгчөөс хасуулсан гэж бодоод хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй алдаа гаргажээ. Энэ орон сууц надад хамааралгүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасуулсан баримтаа хүргүүлсэн байгаа болно. Нөхөр С.Ц-ын нэр дээр ... улсын дугаартай ... маркийн суудлын автомашиныг 2015-2016 онуудад мэдүүлсэн боловч 2017-2018 мэдүүлээгүй гэжээ. Уг автомашиныг 2017 онд худалдан борлуулсан учир хөрөнгө орлогын мэдүүлэгт худалдан борлуулсан талаар мэдүүлсэн байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн нэр шилжээгүй байсныг мэдээгүй, худалдан борлуулсан орлоготоо мэдүүлсэн болно. Нөхөр С.Ц-ын үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа "И х т" ХХК /аялал жуулчлал, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа эрхэлдэг/, мөн үүсгэн байгуулж 24 хувийг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг "Ш ц" ХХК /гадаад худалдаа, цэцэрлэгжүүлэлт, аялал жуулчлалын чиглэлтэй/ тус тус бүртгэлтэй байгааг мэдүүлээгүй шалтгаан нь нөхрийгөө ийм хуулийн этгээдийн бүртгэлтэйг мэдээгүй бөгөөд тэрээр энэ талаар надад хэлээгүй болно. Уг компаниуд нь сүүлийн 3 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй талаар компанийн тайлангуудыг хүргүүлсэн болно. Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогоо санаатай нуун дарагдуулсан асуудалд байхгүй тул та бүхэн анхаарч үзнэ үү” гэжээ.
Илтгэгч гишүүний саналд: “...Шүүгч Н.Б- нь гэр бүлийн гишүүн болох нөхөр Х.Г-ын төрсөн ах Х.Г нарын дундын өмчлөлийн ... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотын орон сууцыг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийн “төлөөлөл хэрэгжүүлсэн байдал” гэх хэсэгт мэдүүлж байсан нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн шүүгч Н.Б-гийн Хөрөнгө орлогын мэдүүлэг-ээр /нууц/ тогтоогдсон. Харин нөхөр Х.Г-ын үүсгэн байгуулж, хувь эзэмшиж буй Д ХХК, Б ХХК, Ж ХХК, Г ХХК, К ХХК-уудын талаар мэдүүлгийн “Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт” хэсэгт мэдүүлээгүй нь шүүгчийн өөрийн тайлбар болон Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн баримтаар тогтоогдсон...Мөн Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн шүүгчдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг болон тайлбар, мөн Шүүхийн ёс зүйн хороо /хуучнаар/, Шүүхийн сахилгын хороонд гаргасан шүүгчдийн тайлбар, бусад баримтаар шүүгч О.О-, Г.С- нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Дээр дурдсан үндэслэлээр шүүгч Н.Б-, О.О-, Г.С- нарыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шүүгч нь Авлигын эсрэг хууль болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй”-г, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзлээ. Зөрчил гарснаас хойш 3 жил болсон байх ба Шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг баримтлан шүүгч Н.Б-, О.О-, Г.С- нарын холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Иймд ... шүүхийн шүүгч Н.Б-, ... шүүхийн шүүгч О.О-, ... шүүхийн шүүгч Г.С- нарт Сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож, холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Д ... шүүхийн шүүгч Н.Б-, ... шүүхийн шүүгч О.О-, ... шүүхийн шүүгч Г.С- нарт холбогдуулан “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” албан бичиг хүргүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Б албан бичгээр шилжүүлж, Шүүхийн ёс зүйн хороо 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авчээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолоор холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх тогтоолд гаргасан гомдлыг Шүүхийн сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний 03 дугаар тогтоолоор Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай дээрх 47 дугаар тогтоолыг хүчингүй болгож, холбогдох шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас шүүгч Н.Б- нь гэр бүлийн гишүүн болох нөхөр Х.Г, түүний төрсөн ах Х.Г нарын дундын өмчлөлийн ... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотын орон сууцыг мэдүүлээгүй, нөхөр болох Х.Г-н үүсгэн байгуулж, хувь эзэмшиж буй Д ХХК, Б ХХК, Ж ХХК, Г ХХК, К ХХК-уудын талаар мэдүүлгийн “Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт” хэсэгт мэдүүлээгүй, шүүгч О.О- нь нөхөр Г.Ганбатын Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат, 2 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр 1998 оноос хойш бүртгэлтэй байгааг мэдүүлээгүй, шүүгч Г.С- нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байрны 31 тоот орон сууц 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүртгэлтэй байгааг мэдүүлээгүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 4.1 дэх заалтыг зөрчиж, шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.
Гэхдээ Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заасан байх ба шүүгч нарт холбогдох зөрчил нь 2018 онд гарсан, түүнээс хойш 3 жил өнгөрсөн байх тул шүүгч Н.Б-, О.О-, Г.С- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сахилгын хорооны гишүүний санал үндэслэлтэй байна.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч Н.Б-, ... шүүхийн шүүгч О.О-, ... шүүхийн шүүгч Г.С- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР